Skip to content

Гарчиг руу орох

Баптисм хүртэхийн учир юу вэ?

Баптисм хүртэхийн учир юу вэ?

Баптисм хүртэхийн учир юу вэ?

«Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Тэдэнд баптисм хүртээ» (МАТАЙ 28:19).

1, 2. а) Зарим хүн ямар нөхцөлд баптисм хүртсэн бэ? б) Баптисмтай холбоотой ямар ямар асуулт урган гарч болох вэ?

 ФРАНКУУДЫН хаан Их Карл саксуудыг эзлэн аваад МЭ 775—777 онд тэднийг албадан бүх нийтээр нь баптисм хүртээжээ. «Тэрээр тэднийг нэр төдий христ шашинд хүчээр оруулав» хэмээн түүхч Жон Лорд бичжээ. Үүнтэй адилхан өөр нэг явдал гарсан нь МЭ 987 онд Оросын захирагч І Владимир Грекийн үнэн алдартны шашин шүтдэг гүнжтэй гэрлэмэгцээ харьяат албатуудаа христ шашныг шүтэх ёстой гэсэн тушаал буулгажээ. Тэрээр илдээр далайлган хүмүүст бөөнөөр нь баптисм хүртээж байжээ!

2 Ингэж баптисм хүртээх нь зөв үү? Ингэх нь баптисмийн жинхэнэ утга учиртай тохирдог уу? Хүн болгонд баптисм хүртээж болно гэж үү?

Баптисмыг зохих ёсоор яаж хүртээдэг вэ?

3, 4. Хүн уруу ус цацах, толгой дээр нь ус асган баптисм хүртээх яагаад буруу вэ?

3 Их Карл, І Владимир нар хүмүүст хүчээр баптисм хүртээж байсан нь Бурхны Үгээс зөрдөг юм. Библийн сургаалыг сурч мэдээгүй хүн уруу ус цацах, толгой дээр нь ус асгах, эсвэл усанд шумбууллаа гээд нэмэргүй ээ.

4 МЭ 29 онд Назар хотын Есүс Баптисм хүртээгч Иохан уруу баптисм хүртэхээр очиход юу болсныг авч үзье. Иохан хүмүүст Иордан голд баптисм хүртээдэг байв. Хүмүүс түүн дээр сайн дураараа ирдэг байлаа. Иохан тэднийг гол дотор зогсоож байгаад тэдэн уруу ус цацаад эсвэл толгой дээр нь ус асгаад л болчихдог байсан уу? Түүнийг Есүст баптисм хүртээхэд юу болсон бэ? Матай, Есүсийг баптисм хүртээд «голын уснаас тэр даруй гарав» гэж бичжээ (Матай 3:16). Есүсийг Иордан голын усанд бүх биеэр нь шумбуулсан. Түүнчлэн Этиопын тайган амбан ч гэсэн тийм л байдлаар «усны санд» баптисм хүртсэн. Есүс болон түүний шавь нар бүх биеэрээ шумбан баптисм хүртдэг байсан болохоор усны сан хэрэгтэй байсан (Үйлс 8:36, ШЕ).

5. Эртний христианууд хэрхэн баптисм хүртдэг байсан бэ?

5 «Баптисм хүртээх», «баптисм» гэх мэтээр орчуулсан грек үгс нь усанд шумбуулах, дүрээд гаргах гэсэн утга илэрхийлдэг үгтэй холбоотой ажээ. Библийн нэгэн тольд: «Нарийн яривал, баптисм гэдэг нь шумбах гэсэн утгатай» гэжээ («Smith’s Bible Dictionary»). Библийн зарим орчуулгад «Шумбуулагч Иохан», «Дүрээд гаргагч Иохан» гэж орчуулсан байдаг (Матай 3:1, «Rotherham»; «Diaglott interlinear»). Август Неандер эхний гурван зууны христ шашны түүхийн тухай бүтээлдээ: «Уг нь баптисм хүртэхдээ усанд бүх биеэрээ шумбадаг байжээ» гэж тэмдэглэжээ («History of the Christian Religion and Church, During the Three First Centuries»). Франц хэлээр туурвисан нэгэн алдартай бүтээлд: «Эртний христианууд усны сан байсан газар бүхэнд бүх биеэрээ шумбан баптисм хүртдэг байсан» хэмээн тайлбарлажээ («Larousse du XXe Siècle», Парис, 1928 он). «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-д: «[Христ шашны] сүм хийдийн түүхийн эхэн үед хүн усанд бүх биеэрээ шумбаж баптисм хүртдэг байсан нь тодорхой байна» гэж тэмдэглэжээ («New Catholic Encyclopedia», 1967 он, 2-р боть, 56-р хуудас). Тиймээс өнөөдөр Еховагийн Гэрчүүд усанд бүх биеэрээ шумбаж баптисм хүртэхээр сайн дураараа шийддэг.

Баптисмийн шинэ утга

6, 7. а) Иохан ямар зорилгоор баптисм хүртээж байсан бэ? б) Есүсийн дагалдагчдын баптисм юугаараа шинэ байсан бэ?

6 Иоханы хүртээж байсан баптисм, Есүсийн дагалдагчдын хүртээж байсан баптисмаас өөр зорилготой байлаа (Иохан 4:1, 2). Хүмүүс Мосегийн хуулийг зөрчин нүгэл үйлдсэндээ гэмшин, үүнийхээ бэлэгдэл болгон олны өмнө Иоханаас баптисм хүртдэг байв * (Лук 3:3). Харин Есүсийн дагалдагчдын хүртээж байсан баптисм шинэ утгатай байлаа. МЭ 33 оны Пентекостын өдөр элч Петр цугласан хүмүүсийг уриалан: «Гэмшигтүн, хүн бүр өөрийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ» хэмээн хэлсэн (Үйлс 2:37–41). Тэрээр иудей хүмүүс болон пролезитүүдэд хандан дээрх үгийг хэлэхдээ Хуулийг зөрчин нүгэл үйлдсэнээ гэмшиж байгаагаа бэлэгдэн баптисм хүртэх тухай огт дурдаагүй юм. Мөн Есүсийн нэрээр баптисм хүртэх нь нүглийг цайруулж буй хэрэг мөн гэж бас хэлээгүй (Үйлс 2:10).

7 Тэр үед Петр «хаанчлалын түлхүүрүүдийн» эхнийхийг ашигласан. Ямар зорилгоор? Өөрийг нь сонсож байсан хүмүүст тэнгэрийн Хаанчлалд орох завшаан байгааг илчлэхийн тулд ашигласан (Матай 16:19, ШЕ). Нэгэнт иудейчүүд Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй тул үүнийгээ гэмшиж, түүнийг Бурхны Хүү мөн гэж итгэх нь Бурхнаас өршөөл хүртэхэд зайлшгүй шаардлагатай шинэ бөгөөд амин чухал хүчин зүйл байлаа. Тэд тийн итгэдэг болсноо нийтэд батлахын тулд Есүс Христийн нэрээр баптисм хүртэж болох байв. Өөрөөр хэлбэл, тэд Христээр дамжуулан Бурханд өөрийгөө зориулснаа тийнхүү бэлэгдэн харуулдаг байсан. Иймээс өнөөдөр Бурхны сайшаалыг хүртэх хүсэлтэй хэн бүхэн мөн адил Есүст итгэж, Хамгийн дээд Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулан, үүнийхээ бэлэгдэл болгон христиан ёсоор баптисм хүртэх ёстой.

Нарийн зөв мэдлэг зайлшгүй хэрэгтэй

8. Хүн болгон христиан ёсоор баптисм хүртдэггүйн учир юу вэ?

8 Хүн болгон л христиан ёсоор баптисм хүртчихдэг юм биш ээ. Есүс: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж дагалдагчдадаа тушаасан билээ (Матай 28:19, 20). Хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө «Есүсийн шавь нартаа тушаасан бүгдийг сахин биелүүлж» сурах учиртай. Ийм болохоор Бурхны Үгийн тухай нарийн зөв мэдлэггүй хүнийг албадан баптисм хүртээх нь огт тусгүй бөгөөд Есүсийн жинхэнэ дагалдагчдадаа өгсөн тушаалыг зөрчсөн хэрэг болно (Еврей 11:6).

9. «Эцгийн нэрээр» баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ?

9 «Эцгийн нэрээр» баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь баптисм хүртэх хүн тэнгэрийн Эцгийнхээ байр суурь, эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Иймээс баптисм хүртэх хүн Ехова Бурхныг Бүтээгч, «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн», орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн хэмээн үздэг (Дуулал 83:18; Исаиа 40:28; Үйлс 4:24, ШЕ).

10. «Хүүгийн нэрээр» баптисм хүртэх гэдэг юу гэсэн утгатай вэ?

10 «Хүүгийн нэрээр» баптисм хүртэх гэдэг нь «Бурхны цорын ганц Хүүгийнх» хувьд нь Есүсийн байр суурийг болоод эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ (1 Иохан 4:9). Үүний зэрэгцээ, Бурхан Есүсийг «олны төлөө золиос болгон» өгсөн гэж ойлгодог (Матай 20:28; 1 Тимот 2:5, 6). Тэрчлэн, Бурхан Хүүгээ «үлэмжийн дээдээр өргөмжилснийг» хүлээн зөвшөөрөх ёстой (Филиппой 2:8–11; Илчлэлт 19:16).

11. «Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэнэ гэдэг ямар учиртай вэ?

11 «Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэнэ гэдэг ямар учиртай вэ? Энэ нь ариун сүнсийг Еховагийн үйлдэх хүч бөгөөд Бурхан энэхүү хүчээ санаа зорилгоо биелүүлэхийн тулд олон янзаар ашигладаг гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг (Эхлэл 1:2; 2 Самуел 23:1, 2; 2 Петр 1:21). Баптисм хүртэх хүн «Бурхны гүн юмсыг» ойлгож, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх хийгээд «сүнсний үр жимс» болсон «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг» илэрхийлэхэд ариун сүнс тусалдаг гэж үздэг (1 Коринт 2:10; Галат 5:22, 23; Иоел 2:28, 29).

Гэмших хийгээд өөрчлөгдөхийн ач холбогдол

12. Христиан ёсоор баптисм хүртэх нь гэмшихтэй ямар холбоотой вэ?

12 Нүгэлгүй хүн Есүсийнхээс бусад тохиолдолд баптисм бол Бурхнаас сайшаасан, гэмшихтэй холбоотой бэлэгдэл юм. Бид хийчихсэн эсвэл хийж чадаагүй зүйлийнхээ хойноос гүнээ харамсан гэмшдэг. Нэгдүгээр зууны иудейчүүд Бурхны тааллыг олохын тулд Христийн эсрэг үйлдсэн нүглээ гэмших ёстой байсан (Үйлс 3:11–19). Коринт хотод байсан иудей биш зарим итгэгч садар самуун үйлдэх, шүтээн шүтэх, хулгай хийх болон өөр бусад ноцтой нүглээ гэмшсэн. Тэд тийнхүү гэмшсэнийхээ ачаар Есүсийн цусаар «угаагдсан» бөгөөд Христийн нэрээр болон Бурхны сүнсээр «ариусгагдсан» буюу Бурханд үйлчлэхийн тулд тусгаарлагдаж, «зөвтгөгдсөн» (1 Коринт 6:9–11). «Сайн мөс чанартай» болж, нүглээ Бурхнаар уучлуулахад гэмших маш чухал юм (1 Петр 3:21).

13. Баптисм хүртэхийн өмнөх алхам болсон өөрчлөгдөх гэдэгт юу юу ордог вэ?

13 Еховагийн Гэрч болж баптисм хүртэхээсээ өмнө өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөх гэдэг нь Есүс Христийг дагахаар бүх зүрхнээсээ шийдсэн хүний сайн дураараа хийдэг алхам юм. Ингэж шийдсэн хүн урьд өмнө үйлддэг байсан буруу үйл хэргээсээ татгалзан, Бурхны мэлмийд зөвд тооцогдох зүйлийг хийхээр сэтгэл шулууддаг. Өөрчлөгдөх гэдэг санаа гаргахаар Библид ашигласан еврей болон грек хэлний үйл үг нь буцаж эргэх, эргэх гэсэн утга илэрхийлдэг. Энэ нь буруу замаасаа Бурхан уруу буцаж эргэхийг заасан санаа юм (Хаадын дээд 8:33, 34). Хүн Бурхан уруу эргэхээрээ «гэмшилд дүйцэх үйлс бүтээх» ёстой (Үйлс 26:20). Үүнд хуурамч шашнаа орхин, үйл хэргээ Бурхны тушаалын дагуу явуулж, Еховад чин үнэнч байх явдал ордог (Дэд хууль 30:2, 8–10; 1 Самуел 7:3). Хүн өөрчлөгдөхөөр санаа бодол, зорилго эрмэлзэл, зан чанар нь ч өөр болдог (Езекиел 18:31). Бид Бурханд таалагддаггүй муу зан чанарынхаа оронд «шинэ хүнийг өөртөө өмсөн» «эргэцгээдэг» (Үйлс 3:19; Ефес 4:20–24; Колоссай 3:5–14).

Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах нь чухал

14. Есүсийн дагалдагчийн хувьд Бурханд өөрийгөө зориулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

14 Баптисм хүртэхээсээ өмнө Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулсан байх ёстой. Өөрийгөө зориулах гэдэг нь ариун зорилгын төлөө тусгаар байх гэсэн утгатай юм. Энэ бол их чухал алхам билээ. Учир нь бид Еховад үүрд үнэнч байдлаа хадгалахаар шийдсэнээ илэрхийлэн залбирдаг (Дэд хууль 5:9, ШЕ). Мэдээж бид өөрсдийгөө хэн нэг хүнд юм уу, ямар нэг ажилд биш, харин Бурханд өөрт нь зориулдаг.

15. Яагаад баптисм хүртэх шаардлагатай вэ?

15 Бид Христээр дамжуулан Бурханд өөрийгөө зориулахдаа Библид бичсэн хүсэл тааллыг нь гүйцэлдүүлэхийн төлөө амьдрахаар сэтгэл шулуудсанаа илэрхийлдэг. Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн байгаагаа бэлэгдэн Иордан голд баптисм хүртсэн шиг баптисм хүртэх хүн ч өөрийгөө зориулсныхаа бэлэгдэл болгон усаар баптисм хүртдэг (Матай 3:13). Есүс тэр чухал үйл явдлын үеэр залбирсныг анхаарах хэрэгтэй (Лук 3:21, 22).

16. Бусдыг баптисм хүртэхэд бид баяр хөөрөө хэрхэн зөв зохистой илэрхийлж болох вэ?

16 Есүс баптисм хүртсэн нь их чухал бөгөөд баяр хөөртэй үйл явдал байлаа. Одоо ч мөн ялгаагүй тийм л байдаг. Баптисм хүртэж байгаа хүнийг бусад нь хараад хүндэтгэн алга ташиж, баяр хүргэсэн үг хэлж болно. Харин хашгирч, исгэрэх зэрэг өөр бусад зохисгүй үйлдэл хийх учиргүй. Бид энэ ариун үйл явдлыг хүндэтгэх ёстой учраас баяр хөөрөө ч зөв зохистой илэрхийлэх хэрэгтэй.

17, 18. Баптисм хүртэх шаардлага хангаж байгаа эсэхийг хэрхэн тогтоодог вэ?

17 Заримдаа нялх балчир хүүхдийн толгой уруу ус цацах эсвэл Библийн мэдлэггүй хүмүүст бөөнөөр нь албадан баптисм хүртээх зэрэг тохиолдол байдаг бол Еховагийн Гэрчүүд баптисм хүртэхийг хэнд ч тулгадаггүй. Түүнээс гадна, Библийн шаардлага хангаагүй хүмүүст баптисм хүртээдэггүй. Хэн нэг хүнийг баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болохоос нь өмнө хурлын ахлагч нар Библийн үндсэн сургаалыг хэр ойлгосныг нь, мөн сурч мэдсэнийхээ дагуу амьдардаг эсэхийг нь магадалж, Еховагийн Гэрч үнэхээр болох хүсэлтэй эсэхийг нь лавладаг.

18 Ихэнх тохиолдолд хүн Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцож, баптисм хүртэх чин хүслээ илэрхийлбэл ахлагч нар түүнтэй ярилцаж, жинхэнэ итгэгч болж, Еховад өөрийгөө зориулсан хийгээд баптисм хүртэх шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулдаг (Үйлс 4:4; 18:8). Библийн сургаалтай холбоотой 100 гаруй асуултад хэрхэн хариулж байгаагаар нь ахлагч нар хүнийг баптисм хүртэх шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоодог. Зарим хүн шаардлага хангадаггүй учраас баптисм хүртэх эрх өгдөггүй.

Ямар нэг саад байна уу?

19. Иохан 6:44-ийн дагуу хэн Христийн хамтран залгамжлагч болох вэ?

19 Албан шахалтаар бөөнөөрөө баптисм хүртсэн хүмүүст нас эцэслээд тэнгэрт очно гэж хэлдэг байсан байж магадгүй. Гэхдээ Есүс үнэнч дагалдагчдынхаа талаар: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44). Ехова 144 000 хүнийг Христ уруу татсан бөгөөд тэд тэнгэрийн Хаанчлалд Есүсийн хамтран залгамжлагчид болно. Харин хүчээр баптисм хүртээх нь хэнийг ч ариусгаж, Бурхны байгууламжийн тэр алдарт байр сууринд хүргэж чадахгүй (Ром 8:14–17; 2 Тесалоник 2:13; Илчлэлт 14:1).

20. Баптисм хараахан хүртээгүй байгаа хүнд юу тусалж болох вэ?

20 «Үлэмж их зовлонг» давж, дэлхий дээр мөнх амьдрах найдвартай олон хүн 1930-аад оны дунд үеэс Есүсийн «өөр хонинуудад» нэгдэж эхэлжээ (Илчлэлт 7:9, 14; Иохан 10:16, МБОХ, 1996). Тэд амьдралаа Бурхны Үгтэй нийцүүлэн өөрчилж, Еховаг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрладаг» тул баптисм хүртэх шаардлага хангадаг (Лук 10:25–28). Зарим хүн, Еховагийн Гэрчүүд Бурхныг «сүнс ба үнэнээр шүтдэгийг» мэддэг атлаа Есүсийн жишээг дуурайн, Еховаг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд үнэнч байхаа олны өмнө баталгаа болгож баптисм хүртдэггүй (Иохан 4:23, 24, ШЕ; Дэд хууль 4:24, ШЕ; Марк 1:9–11). Энэхүү чухал алхмын талаар чин сэтгэлээсээ тодорхой залбирвал Бурхны Үгэнд бүрэн дуулгавартай байж, Ехова Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх зүрх зориг, хүсэл эрмэлзэлтэй болж болох юм.

21, 22. Зарим хүн ямар ямар шалтгаанаар Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртэхээс цааргалдаг вэ?

21 Зарим хүн ертөнцийн үйл хэрэгт хэт оролцож, эд хөрөнгөний хойноос улайрсаар сүнслэг асуудалд цаг бага гаргадаг нь Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд саад болдог (Матай 13:22; 1 Иохан 2:15–17). Хэрэв тэд үзэл бодол, зорилго эрмэлзлээ өөрчлөх юм бол хэчнээн жаргал эдэлнэ гээч! Тэд Еховад ойртох аваас сүнслэгээр баяжин, санаа зовоосон асуудал нь багасаж, Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэн, үүндээ сэтгэл хангалуун, амар тайван болно (Дуулал 16:11; 40:8; Сургаалт үгс 10:22; Филиппой 4:6, 7).

22 Зарим хүн Бурханд хайртай гэдэг боловч өөрийгөө зориулж, баптисм хүртдэггүй. Ингэснээрээ Бурхны өмнө хариуцлага хүлээхээс мултарна гэж санадаг. Гэтэл хүн бүр Бурханд тайлагнах ёстой. Еховагийн үгийг сонссон тэр цагаасаа л хариуцлага хүлээх болсон (Езекиел 33:7–9; Ром 14:12). Эртний израильчууд «сонгогдсон» ард түмэн байсан учир төрсөн цагаасаа Еховад өөрийгөө зориулсан ард түмэн болж тушаалынх нь дагуу үнэнчээр үйлчлэх үүрэг хүлээдэг байжээ (Дэд хууль 7:6, 11). Эдүгээ тийм сонгосон үндэстэн гэж байхгүй билээ. Харин бид Библийн нарийн зөв мэдлэгтэй болсон бол мэдлэгийнхээ дагуу итгэлээрээ үйл хэргээ явуулах шаардлагатай.

23, 24. Хүмүүс юунаас айгаад баптисм хүртэхээс цааргалдаг вэ?

23 Бас хангалттай мэдлэгтэй болоогүй гэж эмээсэндээ зарим хүн баптисм хүртэхээ хойшлуулдаг. Нэгэнт «хүн Бурхны үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл [«хэзээ ч», ШЕ] ойлгохгүй» тул бид бүгдэд сурч мэдэх юм их бий (Номлогчийн үгс 3:11). Этиопын тайган амбаны жишээг санацгаая. Тэрээр прозелит байсан болохоор Библийг тодорхой хэмжээгээр мэддэг байсан. Гэлээ ч Бурхны санаа зорилгын тухай бүхнийг мэддэг байгаагүй. Ехова Есүсийн золих тахилаар дамжуулан аврах тухай ойлгож мэдээд тэр даруй баптисм хүртсэн (Үйлс 8:26–38).

24 Зарим хүн Бурханд өөрийгөө зориулах эсэхдээ эргэлздэг. Тэд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадахгүй хожим бүтэлгүйтэх вий гэж айдаг. 17 настай Моник охин: «Би Бурханд өөрийгөө зориулчихаад дараа нь үүнийхээ дагуу амьдарч чадахгүй бол яана аа гэж айгаад баптисм хүртэхээ хойшлуулаад байсан юм» гэж хэлжээ. Хэрэв бид бүх зүрхээрээ Еховад итгэвэл «Тэрээр [бидний] замыг шулуун болгоно». Өөрийгөө зориулсан үнэнч үйлчлэгч нь байж, «үнэн дотор явахад» маань тусална (Сургаалт үгс 3:5, 6; 3 Иохан 4).

25. Ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?

25 Жил бүр олон мянган хүн Еховад бүрэн найдаж, түүнийг зүрхнээсээ хайрладаг болсноор өөрийгөө зориулж, баптисм хүртдэг. Бурханд өөрийгөө зориулсан үйлчлэгч болгон үнэнч байхыг хүсдэг нь дамжиггүй. Гэхдээ бид «хэцүү цагт» амьдарч байгаа болохоор итгэлийн сорилт олонтаа тулгардаг (2 Тимот 3:1–5). Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ тухай дараагийн өгүүллээс үзье.

[Зүүлт]

^ Есүс нүгэлгүй байсан болохоор гэмшсэнээ харуулах гэж баптисм хүртээгүй. Харин Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийн тулд Бурханд үйлчлэхэд бэлэн байгаагаа харуулан баптисм хүртсэн юм (Еврей 7:26; 10:5–10).

Та санаж байна уу?

• Жинхэнэ христианууд баптисм яаж хүртээдэг вэ?

• Баптисм хүртэхэд ямар мэдлэг хэрэгтэй вэ?

• Баптисм хүртэхийн өмнө ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

• Зарим хүн яагаад баптисм хүртэхээс цааргалдаг вэ? Тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]