Skip to content

Гарчиг руу орох

Бурхны зарчмыг удирдлага болгогтун

Бурхны зарчмыг удирдлага болгогтун

Бурхны зарчмыг удирдлага болгогтун

«[Ехова] чамд тустайг заадаг» (ИСАИА 48:17, ШЕ).

1. Бүтээгч хүмүүсийг хэрхэн удирддаг вэ?

 ОРЧЛОНТ ертөнцийн нууцыг тайлахаар хичээн хөдөлмөрлөж байгаа эрдэмтэд биднийг хүрээлэн буй ертөнцөд асар их энерги байдгийг хараад гайхан шагшдаг. Нар бол дунд зэргийн хэмжээтэй од бөгөөд «100 тэрбум устөрөгчийн бөмбөг» дэлбэрэхэд үүсэх хэмжээний энергийг хором тутам ялгаруулдаг. Бүтээгч агуу хүчээ ашиглан, тийм асар том тэнгэрийн эрхсийг удирдан залж байдаг (Иов 38:32; Исаиа 40:26). Тэгвэл сонгох эрх чөлөөтэй, ёс суртахууны мэдрэмжтэй, оюун ухаантай, сүнслэг зүйлийг ойлгох чадвартай хүмүүс биднийг хэрхэн удирддаг вэ? Тэрбээр сайн хүмүүжсэн мөс чанартай маань уялдуулан төгс хууль, өндөр зарчмуудаараа хайрын сэтгэлээсээ удирддаг (2 Самуел 22:31; Ром 2:14, 15).

2, 3. Ямар байдлаар дуулгавартай байвал Бурхан баярладаг вэ?

2 Оюун ухаант бүтээлүүд нь өөрт нь сайн дураараа дуулгавартай байвал Бурхан баярладаг (Сургаалт үгс 27:11). Ехова биднийг мухар сохроор захирагддаг робот шиг программчлаагүй, харин сонгох эрх чөлөөтэй бүтээсэн. Үүний ачаар бид мэдлэгтээ тулгуурлан зөв шийдвэр гаргаж чаддаг (Еврей 5:14).

3 Эцгийнхээ чанарыг төгс тусгасан Есүс Христ шавь нартаа: «Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн. Би та нарыг „боолууд“ хэмээн дахиж дуудахгүй» гэж хэлсэн (Иохан 15:14, 15). Дээр үед боол бараг сонгох эрхгүй, харин эзнийхээ тушаалыг заавал биелүүлэх үүрэгтэй байлаа. Нөгөө талаас хүмүүс бие биеийнхээ зүрх сэтгэлд хүрэхүйц зан чанартай байсан цагт л өөр хоорондоо найзалж нөхөрлөдөг. Бид Еховатай ч гэсэн анд нөхөд болж болно (Иаков 2:23). Энэ нөхөрлөл харилцан бие биеэ хайрласны үндсэн дээр бэхэждэг. Есүс: «Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана» хэмээн хэлснээрээ Бурханд дуулгавартай байх, түүнийг хайрлах хайр хоёрын хооронд харилцан уялдаа холбоо байдгийг илэрхийлсэн (Иохан 14:23). Ехова бидэнд хайртай бөгөөд найдвартай удирдлага өгөхийг хүсдэг учраас зарчмынх нь дагуу амьдрахыг уриалдаг.

Бурхны зарчим

4. Зарчим гэж юу вэ?

4 Зарчим гэж юу вэ? «Зарчим» гэдэг үгийг нэгэн толь бичигт: «Удирдлага болох санаа, дагаж мөрдөх үндсэн дүрэм, эх үндэс юм» хэмээн тодорхойлжээ («Философийн толь», Улаанбаатар, 1990 он). Библийг нямбай судалсны ачаар бид тэнгэрийн Эцэг маань амьдралын янз бүрийн асуудал, олон талд хамаатай үндсэн зарчмууд өгснийг ойлгодог. Тэрбээр бидний мөнхийн сайн сайхны төлөө үүнийг өгдөг нь ойлгомжтой. Энэ нь мэргэн ухаант Соломон хааны: «Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамд мэргэн ухааны зам заана. Би чамайг цэх шулуун жимээр явуулна» хэмээн хэлсэнтэй тохирдог юм (Сургаалт үгс 4:10, 11, ШЕ). Еховагийн өгсөн үндсэн зарчим өөртэй нь болон бусадтай харьцах бидний харьцаанд, мөн түүнчлэн шүтлэг болоод өдөр тутмын амьдралд маань хамаатай юм (Дуулал 1:1). Эдгээрээс заримыг нь авч үзье.

5. Зарим үндсэн зарчмаас дурдана уу.

5 Еховатай харьцах бидний харьцааны тухайд Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ [«Еховагаа», ШЕ] хайрла» гэж хэлсэн (Матай 22:37). Түүнээс гадна, Бурхан бидэнд хүмүүстэй хэрхэн харьцах талаар үндсэн зарчим өгсөн. Жишээ нь: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» гэсэн «Алтан дүрэм» байдаг (Матай 7:12; Галат 6:10; Тит 3:2). Бидний шүтлэг ямар байх талаар Библи: «Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодож... хамтран цуглахаа бүү умарт» хэмээн уриалдаг (Еврей 10:24, 25). Өдөр тутмын амьдралын тухайд Паул: «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» гэж бичжээ (1 Коринт 10:31). Ер нь Бурхны Үгэнд тоолж баршгүй өөр олон зарчим бий.

6. Зарчим хуулиас юугаараа ялгаатай вэ?

6 Зарчим бол амьдралын үндсэн дүрэм бөгөөд ухаалаг христианууд түүнийг эрхэмлэдэг болдог. Ехова Соломонд ариун сүнсээрээ онгод оруулан: «Миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг минь чих тавин сонс. Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд тэр хүний бүх биед эрүүл мэнд юм» хэмээн бичүүлсэн (Сургаалт үгс 4:20–22). Зарчим хуулиас юугаараа ялгаатай вэ? Зарчим нь хуулийн үндэс болдог. Хууль дүрэм гол төлөв нарийн тодорхой байдаг бөгөөд тодорхой цаг үед буюу нөхцөлд хэрэглэгддэг. Харин зарчимд цаг хугацааны хязгаар байдаггүй (Дуулал 119:111). Бурхны зарчим хуучирч, алга болдоггүй. Бурхны, онгод оруулан Исаиагаар хэлүүлсэн үг үүнийг баталдаг. Тэнд: «Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурхны үг мөнхөд тогтоно» гэж байдаг (Исаиа 40:8).

Бодол санаа, үйл хэрэгтээ Бурхны зарчмыг удирдлага болгогтун

7. Бодол санаа, үйл хэрэгтээ Бурхны зарчмыг удирдлага болгохыг Библи хэрхэн сануулдаг вэ?

7 Бодол санаа, үйл хэрэгтээ Бурхны зарчмыг удирдлага болгохыг «бидний Бурхны үг» нэг биш удаа сануулдаг. Мосегийн хуулийг нэгтгэн дүгнээд хэлэхийг хүсэхэд нь Есүс Христ хоёр тушаал онцолсон. Нэг нь Еховаг, нөгөө нь бусдыг хайрлах тухай байсан (Матай 22:37–40). Есүс эхнийхийг нь Хуулийн хураангуй болох «Дэд хууль» номоос бага зэрэг өөрчлөн иш татсан. Тэнд: «ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» гэж байдаг (Дэд хууль 6:4, 5). Харин хоёрдахь нь гэвэл Есүс Левит 19:18-д байдаг Бурхны тушаалыг санаж байсан байж болох юм. Соломон хаан «Номлогчийн үгс» номынхоо төгсгөлд Бурхны олон хуулийг товч, тодорхой дүгнэсэн байдаг. Тэрээр: «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлийг шүүлтэд аваачих болно» хэмээн бичсэн (Номлогчийн үгс 12:13, 14; Мика 6:8).

8. Библийн үндсэн зарчмыг гүнзгий ойлгох нь яагаад хамгаалалт болдог вэ?

8 Хэрэв үндсэн зарчмыг сайн ойлгочихвол илүү нарийн хуулиудыг ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар байх болно. Харин бүрэн ойлгон, өөрийн болгож аваагүй бол бэрхшээлийг ухаалаг шийдвэрлэж, сорилттой тулгарахдаа итгэлээ бат хадгалж чадахгүйд хүрнэ (Ефес 4:14). Бурхны зарчмуудыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ шингээх аваас шийдвэр гаргахдаа тэдгээрийг төвөггүй ашиглах болно. Бурхны зарчмыг ойлгоод, хэрэгжүүлбэл ажил үйлс бүтэмжтэй байна (Иошуа 1:8; Сургаалт үгс 4:1–9).

9. Библийн зарчмыг ойлгож, хэрэгжүүлэхэд тэр болгон амар байдаггүйн учир юу вэ?

9 Библийн зарчмыг ойлгож, хэрэгжүүлэх нь хууль тогтоомжийг сахиж мөрдөхөөс хэцүү. Төгс бус хүмүүс бид Бурхны зарчмыг эргэцүүлэн бодоход хүчин чармайлт гаргахаасаа зайлсхийдэг байж болох юм. Шийдвэр гаргах хэрэгтэй болох юм уу хэцүү нөхцөл байдалтай тулгарахдаа бид ямар нэгэн тодорхой дүрэм журмыг эрхэмлэдэг байж болно. Заримдаа, бид тулгараад байгаа нөхцөл байдлыг маань шийдвэрлэхэд яг тохирсон дүрэм хэлж өгнө гэж найдан төлөвшсөн христиануудад, эсвэл ахлагч нарт ханддаг. Библи болон Библид үндэслэсэн хэвлэлүүдэд бидэнд тохирох нарийн тодорхой хууль дүрэм байхгүй байж болох юм. Тийм юм байлаа ч тэр нь өргөн хүрээтэй, хаана ч, хэзээ ч хэрэглэх боломжтой байх нь юу л бол. Нэг хүн Есүсээс: «Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч» гэж гуйсныг та лав санаж байгаа байх. Есүс ах дүүсийн хоорондох маргааныг зохицуулах хууль яаран хэлэхийн оронд илүү ерөнхий зарчмын зөвлөгөө өгсөн. Тэрбээр: «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил» гэж хэлсэн. Есүсийн тэр зөвлөгөө тэр үед ашиг тустай байсан төдийгүй өнөөдөр ч мөн тэр хэвээрээ байгаа (Лук 12:13–15).

10. Бурхны зарчимд захирагдах нь зүрхний хандлагыг хэрхэн нээн илчилдэг вэ?

10 Хүмүүс зөвхөн шийтгэлээс айдагтаа л хуулинд захирагддагийг та мэддэг байх. Бурхны зарчимд хүндэтгэлтэй хандах нь тийм сэтгэлгээнээс хамгаалдаг. Зарчмын мөн чанар нь уг зарчмыг удирдлага болгож байгаа хүмүүсийг түүнд зүрх сэтгэлээсээ захирагдахад хүргэдэг. Үнэн хэрэгтээ, зарчмыг зөрчлөө ч ихэнх тохиолдолд тэр дороо шийтгэл хүлээдэггүй. Энэ нь Еховад захирагддагийнхаа учир шалтгааныг болон зүрхнийхээ хандлагыг нээн илчлэх таатай боломж олгодог. Садар самуунд уруу татах гэсэн Потифарын эхнэрийн саналаас татгалзсан Иосефийн жишээг авч үзье. Тэр үед завхайрлын талаар бичигдсэн Бурхны хууль болон бусдын эхнэртэй энгэр зөрүүлсэн хүнийг шийтгэх тухай ямар нэгэн журам байгаагүй ч Иосеф ханьдаа үнэнч байхтай холбоотой Бурхны зарчмыг мэддэг байсан (Эхлэл 2:24; 12:18–20). Иосефийн: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хариулснаас нь уг зарчим түүнд ямар хүчтэй нөлөөлсөн нь харагддаг (Эхлэл 39:9).

11. Христианууд ямар ямар салбарт Еховагийн зарчмыг удирдлага болгодог вэ?

11 Өнөөдөр христианууд нөхөрлөх найз нөхөд, наргиж цэнгэх зугаа наадам, сонсох дуу хөгжим, унших ном зохиолоо сонгох зэрэг хувийн асуудалдаа ч Еховагийн зарчмыг удирдлага болгодог (1 Коринт 15:33; Филиппой 4:8). Хэрэв бид мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлж, Еховаг болон түүний хэм хэмжээг зүрх сэтгэлдээ үргэлж нандигнан хадгалж явах аваас мөс чанар буюу ёс суртахууны хариуцлагын мэдрэмж маань ямар ч нөхцөл байдалд, тэр байтугай хувийн чанартай асуудлуудад ч гэсэн Бурхны зарчмыг хэрэгжүүлэхэд бидэнд тусална. Хэрэв бид Библийн зарчмыг удирдлага болгодог бол Бурхны хуулиас «цоорхой» хайхгүй буюу ямар нэгэн хууль зөрчихгүйгээр аль хир хол явахаа үзэхийг оролддог хүмүүсийг дуурайхгүй байж болно. Тийм бодол санаа тэнэг бөгөөд хор хөнөөлтэй гэдгийг бид ойлгодог (Иаков 1:22–25).

12. Бурхны зарчмыг баримтлахад хамгийн гол нь яах хэрэгтэй вэ?

12 Бурхны зарчмыг баримтлахад хамгийн гол нь тухайн асуудлыг Бурхан юу гэж үздэгийг мэдэх хүсэлтэй болох явдал гэдгийг төлөвшсөн христианууд мэддэг. Дуулалч: «ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд» хэмээн уриалсан (Дуулал 97:10). Сургаалт үгс 6:16–19-д Бурхны бузар муу гэж үздэг зүйлсийг тоочсон буй. Тэнд: «ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөл, худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой» гэж байдаг (Сургаалт үгс 6:16–19). Тиймэрхүү үндсэн асуудлуудад Ехова хэрхэн ханддагийг эргэцүүлэн бодох хүсэл амьдралд маань ноёлж байвал Бурхны зарчмын дагуу амьдрах хэвшилтэй болно (Иеремиа 22:16).

Зөв сэдэл хэрэгтэй

13. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо бодол санааны ямар маягийг онцлон тэмдэглэсэн бэ?

13 Библийн зарчмыг мэдэж, хэрэгжүүлэх нь биднийг бас өнгөцхөн, хэлбэр төдий шүтэх явдлаас хамгаалдаг. Зарчмыг баримтлах нь дүрэм журмыг ягштал сахин мөрдөхтэй адилгүй. Есүс үүнийг «Ууланд айлдсан номлол»-доо онцлон тэмдэглэсэн (Матай 5:17–48). Тэр үед түүний үгийг Мосегийн хуулиар амьдрах ёстой гэдгээ мэддэг иудейчүүд сонсож байсан. Гэхдээ тэд үнэн хэрэгтээ Хуулийн талаар буруу ойлголттой байжээ. Тэд Хуулийн санаанд бус, харин үг үсэгт их анхаардаг байв. Тэрчлэн, ёс заншлаа Бурхны сургаалаас дээгүүр тавин, ихэд чухалчилдаг байлаа (Матай 12:9–12; 15:1–9). Үүний улмаас хүмүүс бүхэлдээ Бурхны зарчмын үндсэн дээр бодож сураагүй байжээ.

14. Есүс сонсогчдодоо зарчмын үндсэн дээр боддог болоход нь хэрхэн тусалсан бэ?

14 Есүс «Ууланд айлдсан номлол»-доо уур хилэн, гэрлэлт ба салалт, амлалт, өс хонзон, хайр ба үзэн ядалт зэрэг ёс суртахууны таван салбарт хамаатай зарчим оруулсан. Есүс Библийн зарчим мөрдөхийн ач холбогдлыг салбар тус бүрээр тайлбарласан бөгөөд дагалдагчдадаа ёс суртахууны өндөр хэм хэмжээг тийнхүү тогтоож өгсөн. Жишээ нь: Завхайрлын талаар «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэж хэлэхдээ биднийг буруу үйл хэргээс төдийгүй буруу бодол, хүсэл тачаалаас хамгаалах зарчмыг тогтоож өгсөн (Матай 5:28).

15. Хэлбэрдэхээс хэрхэн зайлсхийж болох вэ?

15 Энэ жишээ Еховагийн зарчмын зорилго болон санааг хэзээ ч огоорч болохгүйг харуулж байна. Бид Бурхны сайшаал хүртэхийн тулд ёс суртахууны асуудалд хэлбэр төдий хандаж хэрхэвч болохгүй. Есүс Бурхны энэрэл ба хайрыг онцолж, тийм бодол санаа буруу болохыг зааж хэлсэн (Матай 12:7; Лук 6:1–11). Бурхны зарчим мөрдсөнөөр бид Библийн сургаалаас хальсан, хатуу дүрэм журмын урт жагсаалтын дагуу амьдрах гэж хичээхээ (эсвэл бусдыг тийн амьдар гэж шаардахаа) болино. Бид Бурхныг хэлбэр төдий шүтэхийн оронд түүнийг хайрлаж, түүнд захирагдах зарчмыг илүүд үзэх болно (Лук 11:42).

Библийн зарчим хэрэглэсний ашиг тус

16. Библийн зарим хуулийн үндэс болдог зарчмуудын жишээ дурдана уу.

16 Еховад захирагдахыг хичээдэг хүмүүс, Бурхны хууль үндсэн зарчим дээр тулгуурладаг гэдгийг ойлгох нь чухал. Жишээ нь: Христианууд шүтээн шүтэх, садар самуун үйлдэх, цусыг зүй бусаар хэрэглэх зэргээс зайлсхийх ёстойг бид мэддэг (Үйлс 15:28, 29). Эдгээр асуудлаар христиануудын баримтлах байр суурийн үндэс юу вэ? 1) Ехова бол өөрт нь үнэнч байхыг шаарддаг Бурхан учраас бид шүтээн шүтдэггүй. 2) Бид амьдралын ханьдаа үнэнч байх ёстой учраас садар самуун үйлддэггүй. 3) Ехова бол Амь Өгөгч учраас цусыг зүй бусаар хэрэглэдэггүй (Эхлэл 2:24; Египетээс гарсан нь 20:5, ШЕ; Дуулал 36:9). Тийм үндсэн зарчмыг ойлгодог бол уг зарчимд үндэслэсэн хуулийг хүлээн авч, сахихад амархан.

17. Библийн зарчмыг ойлгож, хэрэглэснээр ямар ашиг тусыг хүртэж болох вэ?

17 Библийн үндсэн зарчмыг ойлгож, хэрэглэх нь ач тустай. Бурхны ард түмний хүртдэг сүнслэг ивээл нь цаг ямагт бодитой ашиг өгдөг. Жишээ нь: Тамхи татдаггүй, ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдардаг, цусыг ариун гэж хүндэтгэн үздэг хүмүүс янз бүрийн өвчнөөр өвдөх нь ховор байдаг. Тэрчлэн Бурхны сургаалын дагуу амьдарснаар бид нийгэм, эдийн засгийн байдлаа болон гэр бүлийн амьдралаа сайжруулж болно. Тиймэрхүү бодитой ашиг тус Еховагийн хэм хэмжээний үнэ цэн, ач холбогдлыг харуулдаг. Гэхдээ зөвхөн эдгээр сайн тал Бурхны зарчмыг дагаж мөрдөх гол шалтгаан болдог юм биш ээ. Жинхэнэ христианууд Бурхныг хайрладаг учраас, Ехова өөрөө шүтүүлэх зохистой учраас, түүний зарчмыг дагаж мөрдөх нь зөв учраас бид Еховад захирагддаг юм (Илчлэлт 4:11).

18. Амьдралдаа амжилт гаргахыг хүсвэл юуг удирдлага болгох хэрэгтэй вэ?

18 Библийн зарчмыг удирдлага болговол амьдрал сайжирдаг. Үүнийг хараад хүмүүс Бурхны зам уруу татагдаж болох юм. Хамгийн гол нь бидний амьдралын хэв маяг Еховаг алдаршуулдаг. Ехова бол бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг үнэхээрийн халамжтай Бурхан гэдгийг бид сайн мэддэг. Библийн зарчмын дагуу шийдвэр гаргахдаа, мөн Еховагийн ивээлийг хүртэхдээ бид түүнд улам ойр байгаагаа мэдэрдэг. Тийнхүү бид тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон дотно харьцаагаа улам хөгжүүлдэг.

Та санаж байна уу?

• Зарчим гэж юу вэ?

• Зарчим, хуулиас юугаараа ялгаатай вэ?

• Бодол санаа, үйл хэрэгтээ зарчмыг удирдлага болгох нь яагаад ашиг тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны хавсралт]

Гана улсад болсон хэрэг. Уилсон гэдэг Еховагийн Гэрчид хэд хоногийн дараа ажлаас нь халах тухай мэдэгдлийг өгчээ. Ажлынх нь сүүлчийн өдөр түүнд компанийн ерөнхий захирлын хувийн автомашиныг угаах үүрэг өгсөн байна. Уилсоныг машин дотроос мөнгө олоход ээлжийн ахлагч нь уг мөнгийг Бурхан чамд илгээжээ гэж хэлсэн гэнэ. Учир нь Уилсон тэр өдөр ажлаасаа халагдах ёстой байлаа. Гэвч Уилсон шударга байх зарчмын дагуу мөнгийг захиралд буцааж өгсөн аж. Энэ нь захиралд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэрээр Уилсоныг байнгын ажилтай болгосон төдийгүй компанийн удирдах албан тушаалд дэвшүүлжээ (Ефес 4:28).

[18-р хуудасны хавсралт]

Рукиа бол Албанид амьдардаг 60 гарсан эмэгтэй юм. Тэр эмэгтэй гэр бүлийн санал зөрөлдөөнөөс болоод ахтайгаа 17 жил огт дугараагүй аж. Рукиа Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн ба жинхэнэ христианууд бусад хүмүүстэй эв найртай, муу юм санахгүй амьдрах ёстой гэдгийг мэдсэн байна. Тэр эмэгтэй шөнөжин залбираад маргааш нь ихэд догдолсоор ахынх уруугаа алхжээ. Ач охин нь хаалгаа тайлж өгөхдөө түүнийг хараад учиргүй гайхан: «Юу болоо вэ? Хэн нэг нь нас бараа юу? Та яагаад нааш ирэв?» хэмээн асуужээ. Рукиа ахтайгаа уулзахаар ирснээ хэлжээ. Эмэгтэй Библийн зарчим болон Еховагийн тухай мэдлэгийн ачаар ахтайгаа эвлэрэхээр шийдсэнээ тайвнаар тайлбарласан байна. Тэгээд тэд баярын нулимс унаган тэврэлдэж, эвлэрч найрамдсанаа тэмдэглэн, баярлацгаажээ (Ром 12:17, 18).