Skip to content

Гарчиг руу орох

Бурхны хууль тустай

Бурхны хууль тустай

Бурхны хууль тустай

«Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!» (ДУУЛАЛ 119:97).

1. Хүмүүс Бурхны хуулинд захирагдах талаар ерөнхийдөө ямар үзэл бодолтой байдаг вэ?

 ӨНӨӨДӨР Бурхны хуулинд үл захирагдах явдал газар авчээ. Үл үзэгдэх эрх мэдэлд захирагдах гэдэг тэнэг хэрэг гэж үздэг хүн олон бий. Бид өнөөдөр ёс суртахууны хувьд харьцангуй ойлголт бүхий, зөв буруугийн хоорондох зааг арилсан, өөх ч биш булчирхай ч биш эрин зуунд амьдарч байна (Сургаалт үгс 17:15; Исаиа 5:20). Саяхны нэгэн санал асуулгын дүн шашныг чухалчлан үзэхээ больсон улс оронд хүмүүс ямар үзэл бодолтой байдгийг тодорхой харуулжээ. Тэнд: «Америкчуудын ихэнх нь тэдний хувьд юу нь сайн, юу нь зөв, юу нь чухал болохыг өөрсдөө шийдэхийг хүсдэг» хэмээн тэмдэглэжээ. Тэдэнд «хатуу Бурхан, хатуу дүрэм, мөн өндөр ёс суртахуунтай, эсвэл өөр хатуу зарчим баримталдаг удирдагч» таалагддаггүй. Өнөөдөр «сайн сайхан, цэвэр ариун амьдрах гэж юу болохыг хүмүүс өөрсдөө шийдэх ёстой болжээ» гэж нэгэн нийгэм судлаач тэмдэглэжээ. Тэрээр цааш нь: «Ямар ч эрх мэдэл хуулиа хүмүүсийн бодит хэрэгцээ шаардлагад зохицуулах ёстой» хэмээн хэлсэн байна.

2. Хуулийн талаар Библид анх дурдсан тэр зүйл Бурхны ивээл болон сайшаалтай ямар холбоотой вэ?

2 Еховагийн хуулийн үнэ цэнд төчнөөн олон хүн эргэлздэг болохоор бид Бурхны хэм хэмжээ тустай гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй. Библид байдаг, хуулийн талаар анх дурдсан тэр зүйлд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эхлэл 26:5-д: «Абрахам... Миний тушаал, Миний захирамж, Миний зарлиг, Миний хуулийг сахисан билээ» гэсэн Бурхны үг байдаг. Ехова энэ үгийг Абрахамын үр удамд тодорхой багц хууль өгөхөөсөө олон зууны өмнө хэлсэн. Бурхан Абрахамыг дуулгавартай байсных нь төлөө, тэр дундаа хуулийг нь биелүүлснийх нь төлөө хэрхэн шагнасан бэ? Ехова Бурхан түүнд: «Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрээр дамжуулан ерөөгдөх [«ивээгдэх», ШЕ] болно» гэж амласан (Эхлэл 22:18). Тэгэхлээр Бурхны ивээлийг хүртэж, түүнд сайшаагдахын тулд хуульд нь захирагдах хэрэгтэй.

3. а) Нэгэн дуулалчид Еховагийн хууль ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? б) Ямар ямар асуулт тавьж болох вэ?

3 Иудагийн жонон бөгөөд ирээдүйн хаан байж болох, нэгэн дуулалчид хуультай холбоход тийм ч амаргүй сэтгэгдэл төрсөн. Тэрээр Бурханд хандан: «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!» хэмээн дуун алджээ (Дуулал 119:97). Дуулалч дан ганц сэтгэл хөдлөлдөө автан ийн хэлээгүй ээ. Хуулиар нь илэрсэн Бурхны хүсэл таалал түүнийг эзэмдсэн аж. Бурхны төгс Хүү, Есүс Христ ч мөн адил сэтгэгдэлтэй байсан. Түүний тухай: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэж зөгнөсөн байдаг (Дуулал 40:8; Еврей 10:9). Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Бид Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ баярладаг уу? Еховагийн хууль өнөөдөр ашигтай, тустай гэдэгт итгэл төгс байдаг уу? Еховаг шүтэхтэй холбоотой асуудалдаа, өдөр тутмын амьдралдаа, аливаа шийдвэр гаргахдаа, бусадтай харьцахдаа Бурхны хуульд захирагдахыг хир хичээдэг вэ? Бурхны хуулийг хайрлахын тулд Еховагийн хууль тогтоох хийгээд түүнийг сахиж мөрдөхийг шаардах эрхтэйн учрыг сайн ойлгох хэрэгтэй.

Ехова бол хууль ёсны Хууль Тогтоогч мөн

4. Ехова орчлонт ертөнцөд хамгийн дээд Хууль Тогтоогч байх хууль ёсны эрхтэйн учир юу вэ?

4 Ехова бүгдийг бүтээсэн учраас орчлонт ертөнцөд хамгийн дээд Хууль Тогтоогч байх хууль ёсны эрхтэй (Илчлэлт 4:11). Зөнч Исаиа: «ЭЗЭН бол бидний хууль тогтоогч» хэмээн бичжээ (Исаиа 33:22). Амьд болоод амьгүй байгалийг удирдаж байдаг физикийн хуулиудыг Бурхан тогтоосон (Иов 38:4–38; 39:1–12; Дуулал 104:5–19). Хүн нэгэнт Бурхны бүтээл учраас Еховагийн тогтоосон физикийн хуулиудад бас захирагддаг. Хүн сонгох эрхтэй, сэтгэн бодох чадвартай ч Бурхны, ёс суртахууны болоод сүнслэг хуулинд захирагдсан цагт л жаргалтай амьдарна (Ром 12:1; 1 Коринт 2:14–16).

5. Галат 6:7-д байдаг зарчим Бурхны хуулиудын тухайд зөв болох нь хэрхэн батлагддаг вэ?

5 Еховагийн тогтоосон физикийн хуулиуд дархан гэдэг нь ойлгомжтой (Иеремиа 33:20, 21). Хэрэв хүн эдгээр хуулийн, тухайлбал, таталцлын хуулийн эсрэг юм хийвэл тэр дороо сөрөг үр дагаварыг нь амсана. Түүнтэй адил Бурхны ёс суртахууны хуулиуд өөрчлөгдөшгүй бөгөөд тэдгээрийг зөрчсөн хүн шийтгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Тэдгээрийг зөрчсөн хүн тэр бүр шууд л гашуун үр амсах нь байдаггүй ч уг хуулиуд байгалийн хуулиудтай адил хүчтэй билээ. «Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг» (Галат 6:7; 1 Тимот 5:24).

Еховагийн хуулийн цар хүрээ

6. Бурхны хуулийн цар хүрээ нь ямар вэ?

6 Мосегийн хууль Бурхны хуулийн гайхамшигтай илэрхийлэл байсан (Ром 7:12). Ехова Бурхан хожим зохих цагт нь уг хуулийг «Христийн хуулиар» сольсон * (Галат 6:2; 1 Коринт 9:21). «Эрх чөлөөний... төгс хуулийн» доор байдаг христианууд бид Бурхны заавар бол зөвхөн итгэл үнэмшил хийгээд шашны зан үйл сахих зэрэг амьдралын тодорхой хэсэгт хамаатай зүйл биш гэдгийг ойлгодог. Түүний хэм хэмжээ нь гэр бүлийн амьдрал, бизнес худалдаа болон эсрэг хүйсийн хүнд хэрхэн хандах, итгэл нэгтнүүдтэйгээ харьцах, жинхэнэ шүтлэгийн асуудал зэрэг амьдралын бүх л хүрээнд хамаатай (Иаков 1:25, 27).

7. Бурхны зарим чухал хуулиас дурдана уу.

7 Жишээлбэл: Библид «Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж байдаг (1 Коринт 6:9, 10). Тийм ээ, садар самуун болон завхай явдал бол зүгээр нэг «янаг амрагийн холбоо» биш ээ. Ижил хүйстэнтэйгээ нөхцөхийг ч мөн адил «хэвийн бус амьдрал» гэж үзэж болохгүй. Энэ бүгд Еховагийн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Хулгай хийх, худал хэлэх, бусдыг муулах зэрэг нь мөн адил хуулийг зөрчиж байгаа хэрэг мөн (Дуулал 101:5; Колоссай 3:9; 1 Петр 4:15). Иаков сайрхан гайхуулахыг шүүмжилсэн бол Паул мунхаг үг яриа, зохимжгүй тоглоом тохуугаас зайлсхийж байхыг зөвлөсөн (Ефес 5:4; Иаков 4:16). Биеэ авч явахтай холбоотой энэ бүх хэм хэмжээ бол христиануудын хувьд Бурхны төгс хуулийн хэсэг нь юм (Дуулал 19:7).

8. а) Еховагийн хуулийн мөн чанар юу вэ? б) «Хууль» гэж орчуулсан еврей үгийн үндсэн утга нь юу вэ?

8 Библид байдаг энэ мэт үндсэн дүрмүүд нь Бурхны хууль бол болох, болохгүй зүйлүүдийг тоочин бичсэн хууль дүрмийн зүгээр нэг эмхтгэл биш гэдгийг гэрчилдэг. Бурхны хуулийг сахин мөрдвөл дүн нуруутай байж, үр бүтээлтэй амьдрахын зэрэгцээ бүх зүйлд зөв зохистой ханддаг болдог. Бурхны хууль нь ухааруулан босгодог бөгөөд ёс зүйтэй, сургамжтай (Дуулал 119:72). Дуулалчийн хэрэглэсэн тора гэдэг еврей үгийг «хууль» хэмээн орчуулжээ. Нэгэн Библи судлаач: «Энэ үг нь чиглүүлэх, хөтлөх, онилох, харвах зэргийг тэмдэглэсэн үйл үгээс үүссэн юм. Тэр нь... биеэ хэрхэн авч явах тухай дүрэм журам гэсэн утгатай» хэмээн бичжээ. Дуулалч хуулийг Бурхны бэлэг хэмээн үздэг байсан. Бид ч гэсэн түүнийг тийн үнэлж, түүгээр амьдралын хэв маягаа удирдуулж болохгүй гэж үү?

9, 10. а) Бидэнд яагаад найдвартай удирдлага хэрэгтэй вэ? б) Зөвхөн ямар тохиолдолд аз жаргалтай, сайн сайхан амьдарч болох вэ?

9 Бүх бүтээлд найдвартай удирдлага, заавар хэрэгтэй. Есүс болон тэнгэр элчүүд хүнээс хавьгүй дээгүүр байр суурьтай ч тэдэнд ялгаагүй удирдлага хэрэгтэй (Дуулал 8:5; Иохан 5:30, 6:38; Еврей 2:7; Илчлэлт 22:8, 9). Эдгээр төгс бүтээлд Бурхны удирдлага тустай, хэрэгтэй байдаг юм бол төгс бус хүмүүст бүр ч илүү хэрэгтэй нь ойлгомжтой! Хүн төрөлхтний түүх болоод бидний хувийн туршлага зөнч Иеремиагийн үг үнэн болохыг баталдаг. Тэрээр: «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийн нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» хэмээн хэлжээ (Иеремиа 10:23, ШЕ).

10 Аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа хүнд Бурхны удирдлага хэрэгтэй. Хүн Бурхны удирдлагаас гадуур, дур зоргоороо амьдрах аюултайг Соломон хаан ойлгосон. Тэрээр: «Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» гэж бичжээ (Сургаалт үгс 14:12).

Еховагийн хуулийг эрхэмлэдгийн учир

11. Бурхны хуулийг ойлгох хүслтэй байхын учир юу вэ?

11 Дуулалч: «Таны хуулиас гайхамшигт зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нээгээч» хэмээн дуулсан шиг Еховагийн хуулийг ойлгох гэсэн ирмүүн хүслийг өөртөө хөгжүүлэх нь ашигтай (Дуулал 119:18). Бид Бурхан болон түүний замыг хэдийчинээ сайн таньж мэднэ, «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал...» гэж хэлсэн Исаиагийн үг зөв болохыг төдийчинээ ойлгох болно (Исаиа 48:17, 18). Ехова өөрийнхөө ард түмнийг гай зовлонгоос хол байж, жаргалтай сайхан амьдраасай, үүний тулд тушаалыг минь анхаараасай гэж маш их хүсдэг. Одоо Бурхны хуулийг эрхэмлэх шаардлагатайн үндсэн шалтгаануудыг авч үзье.

12. Бидний тухай мэдлэг нь Еховаг хэрхэн хамгийн сайн Хууль Тогтоогч болгодог вэ?

12 Бурхны хууль бол биднийг хамгийн сайн мэддэг Нэгнээс гардаг. Ехова хүнийг бүтээсэн болохоор зөвхөн тэр л биднийг төгс сайн мэднэ гэж үзэх нь зүйд нийцнэ (Дуулал 139:1, 2; Үйлс 17:24–28). Биднийг ойр дотны найз нөхөд, төрөл садангууд, тэр байтугай эцэг эх маань хүртэл Ехова шиг сайн мэдэхгүй. Учир нь Бурхан биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг шүү дээ! Биднийг Бүтээгч Бурхан бидний сүнслэг болоод сэтгэл санааны, оюуны болоод бие махбодын хэрэгцээг хэнээс ч илүү ойлгодог. Түүний бидэнтэй харьцдаг байдал нь биеийн бүтэц, хүсэл зорилго, тэмүүллийг маань яг таг мэддэгийг нь харуулдаг. Бидний боломж хязгаарлагдмал гэдгийг ч, сайн үйл хийх чадвартайг маань ч Ехова ойлгодог. Дуулалч: «Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» гэж дуулжээ (Дуулал 103:14). Тэгэхлээр бид Еховагийн хуулийн дагуу амьдарч, удирдлагад нь дуртайяа захирагдах аваас сүнслэг аюулгүй байдлыг мэдрэх болно (Сургаалт үгс 3:19–26).

13. Ехова бидний сайн сайхны төлөө үнэхээр санаа тавьдаг гэдэгт яагаад итгэж болох вэ?

13 Бурхны хууль биднийг хайрладаг Нэгнээс гардаг. Бурхан бидний мөнхийн сайн сайхны төлөө их санаа тавьдаг. Тийм ч учраас Ехова өөрт нь маш хэцүү байсан ч Хүүгээ «олны төлөө золиос болгон» өгч, «хэрээс маань хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрөхгүй» гэдгээ амлаагүй гэж үү? (Матай 20:28; 1 Коринт 10:13). Тэр «бидний төлөө санаа зовдгийг» Библид бичээгүй гэж үү? (1 Петр 5:7). Еховагаас илүү ашиг тустай удирдамж өгдөг, биднийг түүнээс илүү хайрладаг хэн ч байхгүй. Бидэнд юу сайн сайхан, аз жаргал, юу уй гашуу авчирдгийг тэр мэддэг. Бид төгс бус, алдаа эндэгдэл гаргадаг ч гэсэн зөвт байдлаар амьдарвал Бурхан биднийг хайрлаж, үүний ачаар бид мөнх амьтай болж ивээл хүртэнэ (Езекиел 33:11).

14. Бурхны хууль ямар чухал зүйлээрээ хүний үзэл бодлоос ялгаатай вэ?

14 Бурхны хууль бол найдвартай бөгөөд өөрчлөгдөшгүй. Мөнх оршин байдаг Ехова өнөөгийн хэцүү цагт ч бидэнд өмөг түшиг болдог (Дуулал 90:2). Тэр өөрийнхөө тухай «Би өөрчлөгдөшгүй» гэж хэлсэн (Малахи 3:6). Библид бичигдсэн Бурхны хэм хэмжээнүүд нь байнга өөрчлөгдөж байдаг хүний үзэл бодлыг бодвол огт өөрчлөгдөшгүй билээ (Иаков 1:17). Жишээ нь: Сэтгэл зүйчид хүүхэд хүмүүжүүлэхдээ дураар нь байлгахыг олон жилийн турш зөвлөж ирсэн. Гэтэл одоо тэдний зарим нь дээрх аргыг алдаатай гэж хүлээн зөвшөөрөн, үзэл бодлоо өөрчилжээ. Энэ асуудалтай холбоотой хүний хэм хэмжээ, дүрэм журам салхины аясаар байгаа мэт байнга өөрчлөгддөг. Тэгвэл Еховагийн Үг хэзээ ч өөрчлөгддөггүй. Хүүхдийг яаж хүмүүжүүлэхийг Библи олон зууны турш зөвлөж байна. Элч Паул: «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» хэмээн бичсэн (Ефес 6:4). Еховагийн хэм хэмжээ өөрчлөгдөшгүй гэдэгт найдаж болохоо мэдэх нь юутай тайвшрам бэ!

Бурхны хуулинд захирагддаг хүмүүсийн хүртдэг ивээл

15, 16. а) Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарвал ямар үр дүнд хүрэх вэ? б) Бурхны хууль гэр бүлд сайн удирдлага болдгийн учир юу вэ?

15 Бурхан зөнч Исаиагаараа дамжуулан: «Миний амнаас гарсан үг... заавал бүтээнэ» хэмээн хэлжээ (Исаиа 55:11, ШЕ). Хэрэв бид Бурхны Үгийн хэм хэмжээний дагуу явах гэж хамаг хүчээрээ чармайх аваас үйл хэрэг маань бас бүтэмжтэй байж, жаргалтай амьдарна.

16 Гэр бүл аз жаргалтай амьдрахад Бурхны хууль хэрхэн сайн удирдлага болдогт анхаарлаа хандуулъя. «Гэр бүл олны дунд нэр хүндтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» хэмээн Паул бичжээ (Еврей 13:4, ШЕ). Нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлаж, хүндэтгэх ёстой. Библид: «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Харин эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой» гэж байдаг (Ефес 5:33, ШЕ). 1 Коринт 13:4–8-д дүрслэн бичсэн шиг хайр гэр бүлд ноёлж байх ёстой. Тэнд: «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» гэж бичжээ. Тийм хайр ноёлдог гэр бүлд аз жаргал бялхаж байдаг.

17. Согтууруулах ундааг хэрэглэхтэй холбоотой Еховагийн хэм хэмжээг сахих нь ямар тустай вэ?

17 Еховагийн хэм хэмжээний тустайн өөр нэг нотолгоо бол Бурхан архидан согтуурахыг зэмлэн буруушаадаг явдал юм. Тэрбээр «дарсанд шунахайрдаг» хүнд дургүй (1 Тимот 3:3, 8; Ром 13:13). Энэ талаар Бурхны тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлодог хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэснээс үүддэг буюу сэдэрдэг өвчнөөр зовж шаналах нь олонтаа байдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэхгүй байх талаарх Библийн зөвлөгөөг үл ойшоодог зарим хүн «алжаалаа тайлах» гэсээр байгаад архинд орчихдог. Архидах нь нэр хүндээ алдах, гэр бүлийн харьцааг хурцатгах буюу салж сарних, ядуурах, ажилгүй болох зэрэг гунигт үр дагаварт хүргэдэг (Сургаалт үгс 23:19–21, 29–35). Тэгэхлээр согтууруулах ундааг хэрэглэх талаар тогтоосон Еховагийн хэм хэмжээ биднийг хамгаалдаг хэрэг биш үү?

18. Эдийн засгийн хувьд Бурхны хэм хэмжээ ашиг тустай юу? Тайлбарлана уу.

18 Бурхны хэм хэмжээ эдийн засгийн асуудалд ч бас тустай. Библи христиануудыг шударга үнэнч, хичээл зүтгэлтэй байхыг уриалдаг (Лук 16:10; Ефес 4:28; Колоссай 3:23). Энэ зөвлөгөөг хэрэгжүүлсний ачаар олон Гэрч тушаал дэвшдэг буюу цомхотголын үед ажилдаа үлдэн хоцордог. Мөрийтэй тоглоом тоглох, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг Библийн зарчимтай зөрчилддөг зуршил, хандлагаас татгалзсанаар бас эдийн засгийн байдлаа сайжруулж болно. Таныг эдийн засгийн хувьд тустай Бурхны хэм хэмжээний өөр олон жишээ мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна.

19, 20. Бурхны хуулийг хүлээн зөвшөөрч, сахиж мөрдөх нь яагаад мэргэн ухаалаг хэрэг вэ?

19 Төгс бус хүмүүс Бурхны хууль болон хэм хэмжээг амархан гажуудуулдаг. Эртний израильчууд Синаи уулын бэлд байхдаа яасныг санацгаая. Бурхан тэдэнд: «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно» хэмээн хэлсэн. Тэд хариуд нь: «ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ» гэсэн. Гэтэл тэдний ам, ажил нь ямар их зөрлөө дөө! (Египетээс гарсан нь 19:5, 8; Дуулал 106:12–43). Тэдэн шиг байлгүй, харин Бурхны хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, сахин биелүүлцгээе.

20 Еховагийн удирдлага болгон өгсөн хосгүй хуулийг хэлбэрэлтгүй сахиж мөрдөх нь мэргэн ухаалаг хэрэг бөгөөд аз жаргал авчирна (Дуулал 19:7–11). Энэ талаар урагштай байхын тулд Бурхны зарчмын үнэ цэнийг ойлгож, эрхэмлэх хэрэгтэй. Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцана.

[Зүүлт]

^ «Христийн хуулийг» дэлгэрэнгүй үзье гэвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1996 оны 9-р сарын 1-ний дугаарын 14—24-р хуудсыг үзнэ үү (англи).

Та санаж байна уу?

• Бурхны хууль тустай гэдэгт итгэж болохын учир юу вэ?

• Ямар ямар шалтгаанаар бид Еховагийн хуулийг эрхэмлэн үзэх ёстой вэ?

• Бурхны хууль ямар ямар асуудалд тустай вэ?

[Догол мөрийн асуулт]