Skip to content

Гарчиг руу орох

Еховад «бат зүрхээр» үйлчлэгтүн

Еховад «бат зүрхээр» үйлчлэгтүн

Еховад «бат зүрхээр» үйлчлэгтүн

«Зүрх минь бат байна. Өө, Бурхан, зүрх минь бат байна» (ДУУЛАЛ 57:7).

1. Ямар учраас бид Давидынх шиг итгэлтэй байж болох вэ?

 ЕХОВА итгэлийг маань бэхжүүлдгийн ачаар бид түүнд өөрийгөө зориулсан үйлчлэгч, жинхэнэ христиан байж чадна (Ром 14:4). Тийм ч учраас «Өө, Бурхан, зүрх минь бат байна» хэмээн дуулсан Давидынх шиг итгэлтэй байж болно (Дуулал 108:1). Зүрх бат байвал Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах урам зориг дүүрэн байна. Мөн, түүнээс удирдлага заавар, хүч тэнхээ аваад гэм зэмгүй байдлаа хадгалдгаа, итгэл үнэмшилдээ тууштай, гуйвшгүйгээ, «Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан байдгаа» харуулж чадна (1 Коринт 15:58).

2, 3. Элч Паулын 1 Коринт 16:13-т бичсэн сануулга ямар утгатай вэ?

2 Элч Паул эртний Коринт хотын Есүсийн дагалдагчдад: «Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун» гэж сануулсан нь өнөөгийн христиануудад ч гэсэн хамаатай (1 Коринт 16:13). Библийн энэ зүйлийн үйл үгс грек хэлээр бүгдээрээ захирах хүсэх төлөвт байдаг ба одоо цаг дээр байгаа нь үйл хэргээ тасралтгүй явуулахыг уриалдаг. Тэгвэл энэ сануулга ямар утгатай вэ?

3 Бид Бурханд ойр байж, Диаволыг эсэргүүцвэл сүнслэгээр «сэрэмжтэй байна» (Иаков 4:7, 8). Еховад найдвал нэгдмэл байж, христиан «итгэл дотроо бат зогсож» чадна. Бид бүгдээрээ, түүний дотор бидний дунд байдаг олон эмэгтэй «эр хүн шиг байж», Хаанчлалын мэдээ тунхаглан Бурханд зоригтой үйлчилдэг (Дуулал 68:11). Тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхдээ түүнээс байнга хүч авбал бид «хүчтэй байна» (Филиппой 4:13).

4. Баптисм хүртэхэд юу нөлөөлсөн бэ?

4 Бид Еховад чин сэтгэлээсээ өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ Библийн үнэнийг хүлээн авснаа харуулсан билээ. Гэхдээ баптисм хүртэхэд юу нөлөөлсөн бэ? Нэгдүгээрт, бид Бурхны Үгийн тухай нарийн зөв мэдлэгтэй болсон (Иохан 17:3). Мэдлэг бидэнд итгэл төрүүлсэн. Мөн урьдын буруу хэрэгтээ үнэн голоосоо харамсаж, нүглээ гэмшсэн (Үйлс 3:19; Еврей 11:6). Дараа нь Бурхны хүсэл тааллын дагуу амьдрахын тулд буруу үйл хэргээсээ эргэсэн буюу өөрчлөгдсөн (Ром 12:2; Ефес 4:23, 24). Үүний дараа бид залбирлаараа Еховад үнэн зүрхнээсээ өөрийгөө зориулсан (Матай 16:24; 1 Петр 2:21). Бурхнаас «сайн мөс чанар» гуйж, түүнд өөрийгөө зориулсныхаа бэлэгдэл болгон баптисм хүртсэн (1 Петр 3:21). Энэ алхмуудыг санаж явбал Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, Еховад үргэлж «бат зүрхээр» үйлчлэхийн тулд байнга чармайх хэрэгтэй гэдгийг анхаарахад тус болно.

Нарийн зөв мэдлэгийг үргэлж хайгтун

5. Библийн мэдлэгээ гүнзгийрүүлж байх ёстойн учир юу вэ?

5 Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд Библийн мэдлэгээ ямагт гүнзгийрүүлж итгэлээ бэхжүүлэх ёстой. Бурхны үнэнийг анх мэддэг болоод сүнслэг хоол хүртэхдээ бид хэчнээн их баярлаж байлаа! (Матай 24:45–47). Тэр «хоол унд» сүнслэг шим тэжээл сайтай, бас их амттай байж билээ. Одоо ч гэсэн сүнслэг шим тэжээл сайтай хоолоо байнга «идэж» байх нь амин чухал юм. Ингэж гэмээнэ л Еховад өөрийгөө зориулсан үйлчлэгч нь байж, зүрхээ бат байлгана.

6. Библийн үнэний төлөө талархах сэтгэл хөгжүүлэхэд тань хэрхэн тусалсан бэ?

6 Хичээж чармайхгүй л бол Библийг нэвтэрхий мэддэг болж чадахгүй. Зүйрлэн хэлбэл нуугдмал эрдэнэсийг олохын тулд уйгагүй хайхтай адил билээ. Гэхдээ «Бурхны [тухай] мэдлэгийг олж авна» гэдэг юутай том шагнал бэ! (Сургаалт үгс 2:1–6). Танд Библийн хичээл заадаг байсан Гэрч «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номыг ашигладаг байсан байж магадгүй. Уг номоос нэг бүлэг үзэхдээ тодорхой хугацаа зарцуулж, эсвэл заримдаа хэд хуваагаад үздэг байсан байж болох юм. Хичээлд дурдсан Библийн зүйлийг уншаад ярилцах нь танд тустай байсан биз ээ. Ойлгоход амаргүй зүйлийг багш тань тайлбарладаг байсан. Тэрээр хичээлдээ сайн бэлдэж, Бурхны сүнс гуйн залбирч, үнэний төлөө талархах сэтгэл хөгжүүлэхэд тань тусалсан.

7. Хүн хэрхэн Бурхны үнэнийг бусдад заах чадвартай болдог вэ?

7 Элч Паул: «Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг» хэмээн бичсэн болохоор ийн хичээж чармайх нь ч зөв юм (Галат 6:6). Грек эхэд энэ зүйл «суралцагчийн» оюун санаа, зүрх сэтгэлд Бурхны сургаалыг шингээх гэсэн санаа илэрхийлдэг. Ийнхүү та Бурхны үгийг шингээж авсан болохоор сурч мэдсэн зүйлээ бусдад ч гэсэн заах чадвартай болсон (Үйлс 18:25). Өөрийгөө зориулсандаа үнэнч байхын тулд Бурхны Үгийг тогтмол судлан, сүнслэг эрүүл мэнд, гуйвшгүй байдлаа тэтгэх ёстой (1 Тимот 4:13; Тит 1:13; 2:2)

Нүглээ гэмшиж өөрчлөгдсөнөө санагтун

8. Яаж Бурханд таалагддаг зан чанартай болж болох вэ?

8 Та Библийн үнэнийг таньж мэдэн, нүглээ гэмшээд, Есүсийн золих тахилд итгэж, Бурхны өршөөлийг хүртэн сэтгэл амарснаа санаж байна уу? (Дуулал 32:1–5; Ром 5:8; 1 Петр 3:18). Та нүгэлт амьдралдаа буцаж орохыг лав хүсэхгүй байгаа (2 Петр 2:20–22). Еховад тогтмол залбирвал Бурханд таалагддаг зан чанартай болж, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, түүнд үнэнчээр үйлчлэхэд тус дэм болно (2 Петр 3:11, 12).

9. Буруу үйл хэргээсээ эргээд ямар замаар замнах хэрэгтэй вэ?

9 Урьдын буруу үйл хэргээсээ эргэж өөрчлөгдөөд зүрхээ бат байлгахын тулд Бурхнаас тусламж авахыг үргэлж эрмэлзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та буруу замаар явж байгаагаа газрын зургаас үзээд одоо зөв зам дээр гарчихаад байгаа билээ. Иймд энэ замаасаа битгий гараарай. Бурхны удирдлагад найдан, амь уруу хөтлөх замаар үргэлж замнахаар эргэлт буцалтгүй шийдэгтүн (Исаиа 30:20, 21; Матай 7:13, 14)

Өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээ хэзээ ч бүү мартагтун

10. Бурханд өөрийгөө зориулсантайгаа холбон юу санаж явах ёстой вэ?

10 Та Еховад өөрийгөө зориулан, үүрд үнэнчээр үйлчилнэ хэмээн залбирснаа санаж яваарай (Иуда 20, 21). «Бурханд зориулах» гэдэг ариун зорилгын төлөө тусгаар, ангид байхыг хэлдэг (Левит 15:31; 22:2). Өөрийгөө зориулах гэдэг нь хүнтэй түр зуурын гэрээ байгуулан, түүний өмнө үүрэг амлалт авах гэсэн үг биш ээ. Харин орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнд өөрийгөө нэгмөсөн зориулаад үүнийхээ дагуу бүх насаараа Бурханд үнэнч байдлаа хадгалахыг хэлнэ. Тийм ээ, «амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзнийх [«Еховагийнх», ШЕ]» (Ром 14:7, 8). Хүсэл таалалд нь захирагдан, үргэлж «бат зүрхээр» үйлчилбэл бид жаргана.

11. Баптисм хүртсэнээ болон баптисмын утга учрыг санаж явах ёстойн учир юу вэ?

11 Бурханд өөрийгөө үнэн зүрхнээсээ зориулснаа бэлэгдэн баптисм хүртсэн гэдгээ ямагт санаарай. Та өөрөө ийн шийдсэн болохоос албан шахалтаар баптисм хүртээгүй. Одоо та амьдралынхаа үлдсэн бүх хугацаанд Бурхны хүсэл тааллын дагуу амьдрах хүсэлтэй юү? Та Бурхнаас сайн мөс чанар гуйж, түүнд өөрийгөө зориулсныхаа бэлэгдэл болгон баптисм хүртсэн билээ. Өөрийгөө зориулсныхаа дагуу сайн мөс чанараа хадгалбал Еховагийн ивээлийг арвин ихээр хүртэнэ (Сургаалт үгс 10:22).

Таны хүсэл үүрэгтэй

12, 13. Өөрийгөө зориулж, баптисм хүртэхтэй бидний хүсэл ямар холбоотой вэ?

12 Олон сая хүн Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртээд Еховагаас их ивээл авдаг. Бид усаар баптисм хүртэхдээ урьдын амьдралынхаа хувьд «үхсэн» ч, хүсэж эрмэлзэх чадвараа алдаагүй билээ. Бид Библийн нарийн зөв мэдлэгтэй итгэгч болоод сайн дураараа Бурханд өөрийгөө зориулан залбирч, баптисм хүртсэн. Үүний тулд Бурхны хүсэл таалал чухам юу болохыг таньж мэдээд, түүнийг биелүүлэхээр ухамсартайгаар сонгох хэрэгтэй (Ефес 5:17). Есүс сайн дураараа мужааны ажлаа орхиод баптисм хүртэж, тэнгэрийн Эцгийнхээ хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийн тулд өөрийгөө тэр чигээр нь өгснийг бид бас дуурайдаг (Дуулал 40:7, 8; Иохан 6:38–40).

13 Ехова Бурхан Хүүгээ «зовлонгоор дамжуулан төгс болгох» санаа зорилготой байжээ. Тийм ч учраас Есүс тийм зовлонг үнэнчээр тэсвэрлэн давах хүсэлтэй байх ёстой байсан. «Тэрээр... чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй [«Бурхнаас эмээдэг», ШЕ] байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ» (Еврей 2:10, 18; 5:7, 8). Хэрэв бид түүн шиг, Бурхнаас сүсэглэн эмээдэг бол «Бурхан сонсоно» гэдэгт, мөн өөрийгөө зориулсан Гэрчүүд биднийг бат болгоно гэдэгт эргэлзэхгүй байж болно (Исаиа 43:10).

Та «бат зүрхтэй» байж чадна

14. Библи өдөр бүр унших ёстойн учир юу вэ?

14 «Бат зүрхтэй» байж, Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад юу туслах вэ? Бурхны Үгийн мэдлэгээ улам гүнзгийрүүлэх зорилгоор Библийг өдөр бүр унших ёстой. «Итгэмжит ухаалаг боол» ч үүнийг бидэнд байнга уриалдаг билээ. Ингэж зөвлөдгийн учир гэвэл, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд үргэлж Бурхны үнэн дотор явах шаардлагатайд байгаа юм. Хэрэв Еховагийн байгууллага зориуд хуурамч сургаал номлодог байсан бол Еховагийн Гэрчүүд болоод тэдний дэлгэрүүлдэг хүмүүст Библи уншихыг хэзээ ч зөвлөхгүй байсан.

15. а) Шийдвэр гаргахдаа юун тухай бодох хэрэгтэй вэ? б) Еховагийн Гэрчүүдэд ажил хөдөлмөр яагаад хоёрдугаар зэргийн ач холбогдолтой вэ?

15 Алив шийдвэр гаргахдаа ч Бурханд өөрийгөө зориулснаа бодож байгаарай. Жишээлбэл: Танд ажилтайгаа холбоотой шийдвэр гаргах хэрэг гарч болох юм. Жинхэнэ шүтлэгийг өргөжүүлэхэд ажил тань саад болохгүй шийдвэр гаргахыг хичээдэг үү? Еховагийн Гэрчүүд найдвартай, ажлаа сайн хийдэг хүмүүс гэдгийг ажил олгогчид анзаардгийн зэрэгцээ ахиж дэвших гэсэн амин хувиа хичээсэн зорилго өвөртөлж, өндөр цалинтай ажлын хойноос бусадтай өрсөлддөггүйг нь бас ойлгодог. Учир нь Еховагийн Гэрчүүд эд хөрөнгө, алдар хүнд, нэр төр, эрх мэдэлтэй болохыг зорилгоо болгодоггүй. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахыг хүсдэг хүмүүсийн хувьд Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь хамгаас чухал байдаг. Тэд хэрэгцээ шаардлагаа хангахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой. Элч Паулын адилаар тэдний гол ажил нь христиан үйлчлэл юм (Үйлс 18:3, 4; 2 Тесалоник 3:7, 8; 1 Тимот 5:8). Та Хаанчлалыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьдаг уу? (Матай 6:25–33).

16. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад хэт их зовнил саад болбол яах хэрэгтэй вэ?

16 Зарим хүн Библийн үнэнийг таньж мэдэхээсээ өмнө элдэв бэрхшээлээс болоод хэт их зовдог байсан байж болох юм. Тэгвэл одоо Хаанчлалын тухай мэдэж, ирээдүйн найдвартай болсноор зүрх сэтгэл нь баяр хөөр, талархал, Бурхныг хайрлах хайраар бялхжээ! Тэр цагаас хойш ямар ивээл хүртсэнээ эргэцүүлэн бодох нь Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад тус болно. Үр, хогийн ургамалд бариулчихвал соёолон ургаж, жимс өгч чадахгүйд хүрдгийн адилаар энэхүү тогтолцоонд амьдрахад алхам тутамд тулгардаг бэрхшээлээс үүсдэг хэт их зовнил «[Бурхны] үгийг шахан зайлуулбал» яах вэ? (Лук 8:7, 11, 14; Матай 13:22; Марк 4:18, 19). Хэрэв тийм юм танд эсвэл танай гэрийнхэнд тохиолдох гэж байгааг мэдэрвэл зовнилоо Еховад даатган, түүнийг хайрлаж, талархах сэтгэлээ гүнзгийрүүлэхэд туслахыг гуйн залбираарай. Түүнд «ачаагаа даатгавал» таныг «өмгөөлөн», үргэлж «бат зүрхээр», баяр хөөртэй үйлчлэх хүч өгнө (Дуулал 55:22; Филиппой 4:6, 7; Илчлэлт 2:4).

17. Хүнд сорилтыг хэрхэн тэвчиж болох вэ?

17 Та өөрийгөө зориулан залбирахдаа буурь суурьтай, чин сэтгэлээсээ залбирсан шигээ Ехова Бурханд тогтмол залбирч байгаарай (Дуулал 65:2). Хорхой хүрэм зүйлтэй, хэцүү сорилттой тулгарвал Бурхнаас удирдлага заавар хайж, удирдлага зааврыг нь дагахын тулд тусламж аваарай. Шавь Иаков: «Та нарын хэн нэгэн нь [сорилтыг тэвчих] мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзнээс [«Еховагаас», ШЕ] юм авна гэж бүү найдаг. Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм» гэж бичсэн байдаг болохоор итгэл хэрэгтэй гэдгийг санаарай (Иаков 1:5–8). Хэрэв сорилт дааж давшгүй мэт санагдвал «Танд учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр таныг хэрээс тань хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг» гэдэгт эргэлзэхгүй байж болно (1 Коринт 10:13).

18. Үйлдсэн ноцтой нүглээ нууснаас болоод өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах зүрх зориг алдарвал яах хэрэгтэй вэ?

18 Ноцтой нүглээ нууснаас болоод сэтгэл тань шаналж, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах зүрх зориг алдарвал яах вэ? Хэрэв та нүглээ гэмшиж байгаа бол «эмтэрсэн, гэмшдэг зүрхийг [Бурхан] жигшихгүй» гэдгийг санаарай (Дуулал 51:17). Хурлын ахлагч нар Еховаг дуурайдаг гэдгийг бид мэддэг. Иймд тэднээс тусламж аваарай. Тэнгэрийн Эцэгтэйгээ сайн харьцаагаа сэргээх гэсэн таны хүслийг тэд ойлгоно (Дуулал 103:10–14; Иаков 5:13–15). Тэгээд сүнслэг хүчээ сэлбэн, зүрхээ батжуулаад, «хөлдөө зориулан шулуун зам тавьж», үргэлж өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах болно (Еврей 12:12, 13).

Үргэлж «бат зүрхээр» үйлчлэгтүн

19, 20. Өдөр болгон Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь яагаад амин чухал бэ?

19 Бид их хэцүү цагт амьдардаг болохоор үргэлж «бат зүрхээр» Бурханд үйлчилж, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын төлөө чамгүй хичээх хэрэгтэй болдог. Есүс: «Төгсгөл хүртэл тэвчсэн хүн аврагдана» гэж хэлсэн (Матай 24:13, ШЕ). Нэгэнт бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа болохоор «төгсгөл» хэзээ ч ирж мэднэ (2 Тимот 3:1). Түүнээс гадна, маргааш амьд байх эсэхээ хэн маань ч мэдэхгүй (Иаков 4:13, 14). Тиймээс өдөр бүр өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь амин чухал юм!

20 Элч Петр ч үүний чухлыг хоёр дахь захидалдаа онцлон тэмдэглэжээ. Ёс бус хүмүүс Усан галаваар устсан шиг «өнөөгийн газар» буюу ёс бус хүний нийгэм «Еховагийн өдрөөр» (ШЕ) устахыг тэмдэглэжээ. Тийм ч учраас Петр: «Ариун байдал ба бурханлаг [«Бурханд үнэнч», ШЕ] байдал дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?» хэмээн анхааруулаад, тэдэнд: «Хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар [хуурамч багш нар болон Бурхныг шүтдэггүй хүмүүсийн] төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий» хэмээн болгоомжлуулжээ (2 Петр 3:5–17). Хэрэв баптисм хүртсэн хүн эцсээ хүртэл зүрхээ бат байлгаж чадалгүй, христиан замаасаа хазайвал хичнээн эмгэнэлтэй вэ!

21, 22. Дуулал 57:7-д бичсэн үг Давид дээр хэрхэн биелсэн бэ? Жинхэнэ христианууд дээр хэрхэн биелж байна вэ?

21 Хэрэв та баптисм хүртсэн тэр баярт өдрөө санаж, Бурхнаас тусламж авч байвал өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах шийдвэр тань улам бэхжиж, улмаар та үгээрээ болон үйлээрээ Еховагийн зүрхийг баярлуулна (Сургаалт үгс 27:11). Ехова ард түмнээ хэзээ ч хөсөр хаядаггүй болохоор бид ч бас түүнд үнэнч байх ёстой (Дуулал 94:14). Бурхан Давидыг аварч, дайснуудынх нь төлөвлөгөөг тасалж, түүнийг энэрч өрөвдсөн. Давид үүнд талархан, Аврагчаа хайрлах хувиршгүй хайраа илэрхийлж: «Зүрх минь бат байна. Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна» хэмээн чин сэтгэлээсээ дуулжээ (Дуулал 57:7).

22 Жинхэнэ христианууд Давидын адилаар Бурханд үнэнч байдлаа хадгалдаг. Тэд «бат зүрхээр» Еховаг Аврагчаа, Хамгаалагчаа хэмээн үзэж, баяртайгаар магтан дуулдаг. Хэрэв та «бат зүрхтэй» бол Бурханд найдаж, түүний тусламжтайгаар өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадна. Тийм ээ, та дуулалчийн дуулснаар «зөв шударга хүн» байж чадах бөгөөд тийм хүн «муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм» (Дуулал 112:6, 7). Бурханд итгэн, бүрэн найдвал, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч, Еховад үргэлж «бат зүрхээр» үйлчилж чадна.

Та санаж байна уу?

• Библийн нарийн зөв мэдлэгээ гүнзгийрүүлэх хэрэгтэйн учир юу вэ?

• Нүглээ гэмшиж, өөрчлөгдсөнөө санаж явах ёстойн учир юу вэ?

• Өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээ санаж явах нь ямар ач холбогдолтой вэ?

• Үргэлж «бат зүрхээр» Еховад үйлчлэхэд юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]