Skip to content

Гарчиг руу орох

Бурхны шаардлагыг биелүүлснээр Еховаг өргөмжилдөг

Бурхны шаардлагыг биелүүлснээр Еховаг өргөмжилдөг

Бурхны шаардлагыг биелүүлснээр Еховаг өргөмжилдөг

«Би... Түүнийг талархлаар өргөмжилнө» (ДУУЛАЛ 69:30).

1. а) Ехова өргөмжлөгдөх нь яагаад зүйн хэрэг вэ? б) Бид түүнийг хэрхэн талархлаар өргөмжилж болох вэ?

 ЕХОВА бол төгс хүчит Бурхан, орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн бөгөөд Бүтээгч билээ. Тийм учраас нэр болоод санаа зорилго нь өргөмжлөгдөх ёстой. Еховаг өргөмжлөх гэдэг бол түүнийг гүн хүндэтгэхийн зэрэгцээ үг ба үйл хэргээрээ магтан алдаршуулна гэсэн үг юм. Үүнийг «талархлаар» гүйцэтгэхийн тулд бидний төлөө Бурхны эдүгээ хийж байгаа болон ирээдүйд хийх зүйлд цаг ямагт талархах сэтгэлээр хандах шаардлагатай. Тэнгэрийн үнэнч сүнсэн бүтээлүүд: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн тунхагласныг Илчлэлт 4:11-д бичсэн байдаг бөгөөд бид ч гэсэн тийм сэтгэлгээтэй байх учиртай. Бид Еховаг хэрхэн өргөмжилж болох вэ? Түүний тухай мэдээд, дараа нь шаарддаг зүйлийг нь биелүүлэх хэрэгтэй. Бид дуулалчийн: «Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач» гэж хэлсэн шиг тийм сэтгэлтэй байх ёстой (Дуулал 143:10).

2. Ехова өөрийг нь өргөмжилдөг болон өргөмжилдөггүй хүнд яаж ханддаг вэ?

2 Ехова өөрийг нь өргөмжилдөг хүмүүсийг өндөр үнэлдэг учраас «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» (Еврей 11:6). Тэр нь ямар шагнал байх вэ? Есүс Христ тэнгэрийн Эцэгтээ хандан: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээн залбирсан (Иохан 17:3). Тийм ээ, «[Еховаг] талархлаар өргөмжилдөг» хүмүүс «газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29). Харин «хорон муу хүн ирээдүйгүй» (Сургаалт үгс 24:20). Ехова удахгүй ёс бус хүмүүсийг устгаж, зөвт хүмүүсийг хамгаалах учраас энэхүү эцсийн өдрүүдэд бид Бурхныг өргөмжлөх нь онцгой чухал. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 Иохан 2:17; Сургаалт үгс 2:21, 22).

3. «Малахи» номд анхаарлаа хандуулах хэрэгтэйн учир юу вэ?

3 «Судар бүр Бурхны амьсгалснаар байдаг» учраас Еховагийн хүслийг Библиэс мэдэж болно (2 Тимот 3:16). Бурхныг өргөмжилдөг хүмүүсийг Ехова хэрхэн ивээж, харин өргөмжилдөггүй хүмүүст юу тохиолдож байсан тухай олон жишээ Библид байдаг. Эдгээрийн нэг нь зөнч Малахийн үед Израильд болсон үйл явдлын тухай өгүүлдэг. Малахи, МЭӨ 443 оны орчим, Иудаг Нехемиа захирч байх үед номоо бичжээ. Энэхүү гайхамшигтай, сэтгэл догдлуулам номд «энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичсэн» мэдээлэл, зөгнөлүүд байдаг (1 Коринт 10:11). Малахийн үгийг анхаарч үзвэл энэхүү ёс бус тогтолцоог устгах «ЭЗЭНий аугаа, аймшигт өдөрт» бэлдэхэд бидэнд тустай (Малахи 4:5).

4. «Малахи» номын 1-р бүлэгт анхаарвал зохих ямар зургаан санаа байдаг вэ?

4 2 400 гаруй жилийн тэртээ бичигдсэн «Малахи» ном Еховагийн аугаа, аймшигт өдөрт бэлдэхэд ХХІ зуунд амьдарч байгаа бидэнд хэрхэн тусалж болох вэ? Бурхныг талархлаар өргөмжилж, улмаар түүний тааллыг олж, мөнх аминд хүрэхэд чухал нөлөөтэй зургаан санаа эл номын 1-р бүлэгт байдаг. Үүнд: 1) Ехова ард түмнээ хайрладаг; 2) бид ариун юмыг эрхэмлэдгээ харуулах ёстой; 3) Ехова биднийг хамгийн сайн юмаа өгөөсэй гэж хүсэн хүлээдэг; 4) жинхэнэ шүтлэг шунахай сэтгэлд бус, хувиа хичээддэггүй хайранд үндэслэдэг; 5) Бурханд зүй зохистойгоор үйлчилнэ гэдэг бол ядаргаатай, хүнд дарамттай ажил биш; 6) хүн бүр Бурханд тайлагнах ёстой зэрэг юм. Ингээд «Малахи» номд үндэслэсэн гурван өгүүллийн эхнийхийг хэлэлцье. Тэгэхдээ уг номын 1-р бүлэгт онцолсон дээрх зургаан санааг нэг бүрчлэн авч үзье.

Ехова ард түмнээ хайрладаг

5, 6. а) Ехова ямар учраас Иаковыг хайрласан бэ? б) Иаковын итгэлийг дуурайвал юунд хүрч болох вэ?

5 Еховагийн хайр «Малахи» номын эхний зүйлүүдээс л тодорхой харагддаг. Эл ном «Израильд хандсан ЭЗЭНий үгийн зөн» гэсэн үгээр эхэлдэг. Цааш нь Бурхан: «Би та нарыг хайрласан» гэж хэлжээ. Мөнхүү зүйлд Ехова жишээ болгон: «Би Иаковыг хайрласан» хэмээн тунхагласан. Иаков бол Еховад итгэдэг хүн байсан. Хожим Ехова Иаковын нэрийг Израиль гэдэг нэрээр сольсон бөгөөд тэрээр Израиль үндэстний дээд өвөг болсон. Учир нь Иаков итгэлийн хүн байсан бөгөөд Ехова түүнийг хайрласан юм. Өөрт нь Иаков шиг хандсан израильчуудыг Ехова бас хайрласан (Малахи 1:1, 2).

6 Хэрэв бид Еховаг хайрлаж, ард түмэнтэй нь бат нэгдэлтэй байх аваас 1 Самуел 12:22-т: «Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй» хэмээн зарлан тунхагласныг санан, тайван амгалан байж болно. Ехова ард түмнээ хайрлаж, шагнадаг бөгөөд эцэст нь мөнхийн амь өгнө. Тийм ч учраас Дуулал 37:3, 4-т: «ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» гэж байдаг. Бидний Еховаг хайрлах хайр «Малахи» номын 1-р бүлэгт байгаа хоёр дахь санааг өөртөө багтаадаг юм.

Ариун юмыг эрхэмлэдгээ харуулагтун

7. Ехова Есавыг яагаад үзэн ядах болсон бэ?

7 Малахи 1:2, 3-т бичсэнээр Ехова «Иаковыг хайрлаж, харин Есавыг үзэн ядсан». Ямар учраас тэгж ялгаатай хандах болсон бэ? Иаков Еховаг өргөмжилдөг, харин түүний ихэр Есав өргөмжилдөггүй байсан. Есавыг бас Едом гэдэг. Малахи 1:4-т Едом нутгийг «хорон муу нутаг» гэж дуудах болсон, харин оршин суугчид нь Еховагийн зэвүүцлийг төрүүлсэн гэж бичсэн буй. Есав Иаковд ууган хүү байх үнэтэй эрхээ улаан шөлөөр худалдсанаас Едом («Улаан» гэсэн утгатай) гэдэг нэрийг авчээ. Эхлэл 25:34-т: «Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов» гэж байдаг. Элч Паул итгэл нэгтнүүдээ «садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй [«ариун юмыг эрхэмлэдэггүй», ШЕ] хүн болчихгүйн тулд сэрэмжтэй» байхыг уриалсан (Еврей 12:14–16).

8. Паул Есавыг садар самуун үйлдэгч хүнтэй зүйрлэсний учир юу вэ?

8 Паул Есавын үйлсийг садар самуунтай холбосны учир юу вэ? Есавынх шиг сэтгэлгээтэй хүн ариун юмыг эрхэмлэхээ больж болох бөгөөд энэ нь садар самуун гэх мэтийн ноцтой нүгэл үйлдэхэд хүргэж болно. Тийм учраас хүн бүр өөртөө: «Би христиан өв болох мөнхийн амиа ганц таваг эрс буурцагтай шөл мэтийн түр зуурын юмаар сольчихмоор сорилтод хааяа ордог уу? Бодлогогүй ханддагаасаа болоод ариун юмыг би үл хайхардаг уу?» зэрэг асуулт тавьж болно. Есав махан биеийн хүслээ тэвчиж үл чадсан. Тэрээр Иаковд: «Улаан шөлнөөсөө ганц балгыг түргэхэн өгөөрэй» гэж хэлжээ (Эхлэл 25:30, ШЕ). Үнэн чанартаа Бурхны зарим үйлчлэгч: «Түргэлье! Заавал хууль ёсоор гэрлэх хүртлээ хүлээх хэрэг юу байна вэ?» гэж хэлсэнтэй ижил юм хийсэн байдаг нь тун тоогүй. Тэдний хувьд, сексийн хүсэл тачаалаа ямар ч үнээр хамаагүй хангах гэсэн эрмэлзэл нь «ганц таваг эрс буурцагны шөлтэй» адил болжээ.

9. Бид Еховагаас сүсэглэн эмээхээ хэрхэн хадгалж болох вэ?

9 Цэвэр ариун, гэм зэмгүй байдал болон сүнслэг өвөө үл хүндэтгэх байдлаар ариун юмыг тоомсорлохгүй байж хэрхэвч болохгүй. Есав шиг байхын оронд үнэнч Иаков шиг Бурхнаас сүсэглэн эмээж, ариун юмыг туйлаас эрхэмлэж байцгаая. Хэрхэн ингэж болох вэ? Еховагийн шаардлагыг ягштал биелүүлэх хэрэгтэй. Энэ нь биднийг «Малахи» номын 1-р бүлгийн гурав дахь чухал санаа уруу зүй ёсоор аваачиж байна. Энэ нь чухам юу вэ?

Еховад хамгийн сайн юмаа өгөх нь

10. Тахилчид Еховагийн тахилын ширээг хэрхэн жигшдэг байсан бэ?

10 Малахийн үед Иерусалимын сүмд үйлчилдэг байсан тахилчид Еховад хамгийн сайн юмаа тахил болгон өргөдөггүй байжээ. Малахи 1:6–8-д: «Миний нэрийг жигшигч тахилчид аа, „Хүү нь эцгээ, зарц нь эзнийгээ хүндэтгэдэг. Тэгвэл хэрэв Би эцэг юм бол Миний хүндэтгэл хаана байна вэ? Хэрэв Би эзэн юм бол Миний хүндлэл хаана байна вэ?“ гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна». Тахилчид: «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг. Ехова: «Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна» гэж хариулахад: «Бид Таныг яаж бузарласан бэ?» гэж тахилчид асуужээ. Тэгэхэд нь Ехова тэдэнд: «Үүгээрээ та нар „ЭЗЭНий ширээ жигшигдэх болтугай“ гэж хэлж байна» хэмээн хариулав гэж байдаг. Тэдгээр тахилч согогтой амьтдаар тахил өргөх болгондоо Еховагийн тахилын ширээг жигшдэг байсан ба үүнийгээ юман чинээ боддоггүй байжээ.

11. а) Зүй зохисгүй тахилын талаар Ехова юу хэлсэн бэ? б) Израильчууд бүхэлдээ хэрхэн буруутан болж байсан бэ?

11 Ехова өргөж байгаа зүй зохисгүй тахилынх нь талаар тэдэнд бодуулахын тулд цааш нь: «Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсгээр хүлээн авна гэж үү?» гэж асуусан. Тийм бэлэг захирагчид нь таалагдахгүй байсан нь мэдээж. Тэгвэл орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэнд согогтой амьтдаар өргөсөн тахил таалагдахгүй нь бүр ч ойлгомжтой! Буруутай нь зөвхөн тахилчид байсан биш ээ. Тэд согогтой амьтдаар тахил өргөн Еховаг гутааж байсан нь үнэн. Гэхдээ ард түмэн бүхэлдээ буруугүй байсан уу? Огт тийм биш! Тэд эхлээд сохор, доголон, өвчтэй амьтдыг шилэн авч, тахил өргүүлэхээр тахилчдад авчирч өгдөг байсан. Ямар их нүгэл бэ!

12. Еховад хамгийн сайн юмаа өгөхөд бидэнд юу тусалдаг вэ?

12 Бид Еховад хамгийн сайн юмаа өгснөөрөө түүнд үнэхээр хайртайгаа харуулдаг (Матай 22:37, 38). Еховагийн байгууллага өнөөдөр Бурхны шаардлагыг сахин биелүүлж, Еховаг талархлаар өргөмжлөхөд маань тусалдаг олон сайхан удирдамж заавар өгдгөөрөө Малахийн үеийн дур зоргоороо авирладаг байсан тахилчдаас ялгаатай. «Малахи» номын 1-р бүлэгт байдаг дөрөв дэх чухал санаа үүнтэй холбоотой юм.

Жинхэнэ шүтлэг шунахай сэтгэлд бус, хайранд үндэслэдэг

13. Тахилчид шунахай сэтгэлтэй байсан нь ямар үйлсээс нь харагддаг вэ?

13 Малахийн үеийн тахилчид хувиа хичээсэн, хайрлах сэтгэлгүй, шунахай хүмүүс байлаа. Ингэж хэлэх ямар үндэс байна вэ? Малахи 1:10-т (ШЕ): «„Та нарын дундаас хэн хаалга хаах вэ? Хүмүүс та нар миний тахилын ширээн дээр үнэгүйгээр гал асаахгүй. Би та нарт баярлаж, гарын чинь тахилын бэлгийг таалдаггүй“ хэмээн түмэн цэргийн Ехова айлдав» гэж байдаг. Тийм ээ, тэр шунахай тахилчид сүмд хамгийн энгийн ажил хийснийхээ төлөө хөлс шаарддаг байсан! Тэр байтугай хаалга хааж, тахилын ширээний гал асаасныхаа төлөө мөнгө нэхдэг байлаа. Ехова тэдний «гарын тахилын бэлгийг таалдаггүй» байсан нь ойлгомжтой!

14. Еховагийн Гэрчүүд хайрынхаа үүднээс дэлгэрүүлдэг гэж хэлж болохын учир юу вэ?

14 Эртний Иерусалимын нүгэлт тахилчдын шунахай сэтгэл, хувиа хичээсэн байдал нь шуналтнууд Бурхны Хаанчлалыг өвлөхгүй гэсэн Библийн үгийг тод сануулдаг (1 Коринт 6:9, 10). Тахилчдын хувиа хичээдэг байсныг нь эргэцүүлэн бодохоор Еховагийн Гэрчүүдийн тэднээс хичнээн ялгаатайг ойлгож, дэлхий даяар гүйцэтгэдэг дэлгэрүүлэх ажлыг нь улам эрхэмлэх сэтгэл төрдөг. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлыг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийдэг. Тийм ээ, «бид Бурхны үгийг олонх шиг үүргийн худалдаа болгодоггүй» (2 Коринт 2:17). Бид бүгдээрээ Паул шиг: «[Би] Бурхны сайн мэдээг та нарт үнэгүй [«дуртайяа», ШЕ] тунхагласан» хэмээн итгэлтэй хэлж чадна (2 Коринт 11:7). Паул «сайн мэдээг... дуртайяа тунхагласныг» анзаарах хэрэгтэй. Энэ нь бидний анхаарлыг «Малахи» номын 1-р бүлэгт буй тав дахь санаанд хандуулж байгаа юм.

Бурханд үйлчлэх нь ядаргаатай, хүнд дарамттай ажил биш

15, 16. а) Тахилчид тахил өргөх ажилд яаж ханддаг байсан бэ? б) Еховагийн Гэрчүүд тахилаа хэрхэн өргөдөг вэ?

15 Эртний Иерусалимд үйлчилж байсан үнэнч бус тахилчид тахил өргөхийг ядаргаатай, хүнд дарамттай ажил гэж үздэг байв. Малахи 1:13-т бичсэнээр, Бурхан тэдэнд: «Та нар бас „Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ“ гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэдэг» хэмээн хэлжээ. Тэд Бурхны ариун юмыг зэвүүцдэг байв. Тэдэнтэй адил болохгүйн тулд шаргуу залбирах хэрэгтэй. Харин ч «Тушаалуудыг сахих нь Бурхны хайр мөн. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээн 1 Иохан 5:3-т бичсэнчлэн ямагт тийм сэтгэлгээтэй байцгаая.

16 Бурханд сүнслэг тахил өргөх ажлыг хэзээ ч ядаргаатай дарамт гэж үзэлгүй, баяр баясгалантайгаар гүйцэтгэж байя! Еховад хандаж, «Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе» гэж хэлсэн зөгнөлийн үгийг анхаарцгаая (Хосеа 14:2). Бидний «уруулын үр жимс» гэдэг энэ хэллэг бол сүнслэг тахил буюу Еховаг магтан, санаа зорилгыг нь тунхаглан хэлж байгаа бидний үг юм. Еврей 13:15-д: «Түүгээр [Есүс Христээр] дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг [«бүх нийтэд тунхаглан», ШЕ] уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе» гэж байдаг. Бидний сүнслэг тахил зүгээр нэг хэлбэр төдий зүйл биш, Бурхныг чин сэтгэлээсээ хайрладгийн маань илэрхийлэл болдог нь юутай бахдалтай вэ! Одоо бид «Малахи» номын 1-р бүлэгт байдаг зургаа дахь санаанд хүрч ирж байна.

Хүн бүр тайлагнах ёстой

17, 18. а) Ехова «луйварчинг» хараасны учир юу вэ? б) «Луйварчид» юуг бодож үзээгүй вэ?

17 Малахийн үеийн израильчууд хийсэн үйлийнхээ хариуцлагыг хүлээдэг байсан. Бид ч мөн тийм байдаг (Ром 14:12; Галат 6:5). Үүнтэй уялдан Малахи 1:14-т: «Хонин сүрэгт нь [согоггүй] эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа ЭЗЭНд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг» гэж байдаг. Хэрэв хүн, сүргийн эзэн бол түүнээсээ сонгох эрхтэй гэсэн үг. Тийм хүн тахилд өргөхийн тулд согоггүй эрүүл мал сонгох боломжтой. Хэрэв согогтой мал сонговол тахил өргөхтэй холбоотой Еховагийн шаардлагыг үл тоомсорложээ гэдэг нь тодорхой болно.

18 Тийм учраас тохирох эр хүйсийн малтай хирнээ тахилын ширээ уруу сохор, доголон, өвчтэй мал дуртай дургүй авчирч байсан «луйварчинг» хараах зохих шалтгаан Еховад байжээ. Гэхдээ Малхийн номд тахилчдаас ядаж ганц нь ч болов согогтой малаар тахил өргөж болохгүй гэсэн Бурхны хуулиас иш татаж хэлсэн тухай санаа төдий зүйл ч байдаггүй (Левит 22:17–20). Захирагчдаа тийм бэлэг өгвөл сайн юм болохгүй гэдгийг эрүүл ухаантай хэнбугай ч мэддэг байсан. Гэтэл тэд бэлгээ үнэн хэрэгтээ аль нэгэн хүн захирагчтай дүйх аргагүй, орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн, Еховад өгдөг байлаа. Энэ тухай Малахи 1:14-т: «„Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд Миний нэрээс эмээдэг“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичсэн буй.

19. Бид юуг тэсэж ядан хүлээдэг вэ? Тэр болтол бид яах ёстой вэ?

19 Бурхны үнэнч үйлчлэгчид бид Аугаа Хаан Еховаг бүх хүн төрөлхтөн хүндэлдэг болох өдрийг тэсэж ядан хүлээж байна. Тэр үед «далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий [тухай] мэдлэгээр бялхана» (Исаиа 11:9). Тэр болтол бүгдээрээ «Би... Түүнийг талархлаар өргөмжилнө» гэж хэлсэн дуулалчийг дуурайн Еховагийн шаардлагыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе (Дуулал 69:30). Энэ зорилгодоо хүрэхэд тус болох ашигтай зөвлөгөө «Малахи» номд бас бий. Тийм учраас бид дараагийн хоёр өгүүллээр «Малахи» номын өөр хэсгийг анхааралтай авч үзнэ.

Та санаж байна уу?

• Еховаг өргөмжлөх ёстойн учир юу вэ?

• Малахийн үеийн тахилчдын өргөдөг байсан тахил Еховад яагаад таалагддаггүй байсан бэ?

• Бид Еховад «магтаалын тахил» хэрхэн өргөдөг вэ?

• Жинхэнэ шүтлэг юунд үндэслэх ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]