Еховагийн хайр энэрлийн ач тус
Еховагийн хайр энэрлийн ач тус
«Хэн мэргэн бэ? Тэр нь... анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг» (ДУУЛАЛ 107:43).
1. «Хайр энэрэл» гэдэг үг Библийн аль зүйлд анх гардаг вэ? Энэ чанарын тухай ямар ямар асуулт авч үзэх вэ?
ТЭРТЭЭ 4 000 орчим жилийн өмнө Абрахамын ач дүү Лот: «Та хайр энэрлээ надад үзүүллээ» * гэж Еховад хэлжээ (Эхлэл 19:19). Монгол хэлээр «хайр энэрэл» гэж орчуулсан еврей үг Библийн энэ зүйлд анх гардаг. Иаков Наоми Давид зэрэг Бурхны бусад үйлчлэгчид ч Еховагийн энэ чанарын тухай дурдсан байдаг (Эхлэл 32:10; Рут 1:8; 2 Самуел 2:6). Уг нь Еврей Судрын эх бичигт «хайр энэрэл» гэдэг үг 250 орчим удаа байдаг ажээ. Ер нь Еховагийн хайр энэрэл гэж юу вэ? Эрт цагт Ехова хайр энэрлээ хэнд үзүүлсэн бэ? Энэ нь өнөөдөр ямар ач тустай вэ?
2. Ямар учраас бидний авч үзэж байгаа еврей үгийг тодорхойлоход хэцүү вэ? Уг үгийг яаж орчуулж болох вэ?
2 Монгол хэлээр «хайр энэрэл» гэж орчуулсан еврей үг нь их өргөн утгатай учир ихэнх хэлэнд энэ үгийн утгыг бүрэн илэрхийлэх үг байдаггүй. Тиймээс энэ үгийг «хайр», «энэрэл», «үнэнч байдал» гэх мэтийн үгээр хөрвүүлбэл нарийн утгыг гүйцэд гаргаж чадахгүй. Гэхдээ монгол Библид «хайр энэрэл» гэж орчуулсан нь эх бичгийн үгийн утгаас хол зөрдөггүй (Египетээс гарсан нь 15:13; Дуулал 5:7). Түүнчлэн, «Шинэ Ертөнцийн орчуулга»-д «хайр энэрэл» гэж орчуулсан еврей үгийг «үнэнч хайр» гэдэг өөр нэг хувилбараар илэрхийлсэн байдаг байна.
Хайр болоод үнэнч байхаас ялгаатай нь
3. «Хайр энэрэл», «хайр» гэж орчуулсан еврей үгс ямар ялгаатай вэ?
3 Хайр энэрэл буюу үнэнч хайр гэдэг нь хайр болоод үнэнч байхтай салшгүй холбоотой ч мөн чанарын хувьд ялгаатай юм. Ингээд хайр энэрэл, хайраас ямар ялгаатайг авч үзье. Зарим хэлээр ямар нэг эд агуурст дуртай байхыг, эсвэл үзэл баримтлалыг дэмждэг болохоо «хайрлах» гэдэг үгээр илэрхийлэх нь бий. Жишээлбэл: Библид «дарс ба тосонд дурлагч [хайрлагч]», «мэргэн ухаанд дуртай [хайртай]» хүмүүсийн тухай бичсэн байдаг (Сургаалт үгс 21:17; 29:3). Гэтэл хайр энэрэл хүнд хамаатай болохоос ямар нэг эд агуурс, эсвэл үзэл баримтлалтай холбоогүй юм. Жишээ нь: Ехова «мянган үед хайр энэрлээ үзүүлдэг» гэсэн нь хүний мянган үеийг хэлдэг (Египетээс гарсан нь 20:6).
4. Хайр энэрэл «үнэнч байх»-аас ямар ялгаатай вэ?
4 «Хайр энэрэл» гэж орчуулсан еврей үг «үнэнч байх» гэдгээс илүү өргөн утга илэрхийлдэг. Зарим хэлэнд «үнэнч байх» гэдэг нь хэн нэгний өөрөөсөө дээгүүр хүнд захирагдах хандлагыг заадаг. Харин нэг судлаачийн тэмдэглэснээр Библийн үүднээс хайр энэрэл гэдэг үг «огт өөр харьцааг буюу хүчтэй нэг нь сул дорой, тусламж хэрэгтэй, эсвэл өөрөөс нь хараат нэгэнд үнэнч байхыг илэрхийлэх нь давамгай байдаг» ажээ. Тийм ч учраас Давид хаан тусламж хэрэгтэй үедээ хүчтэй нэгэн буюу Еховад хандан: «Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч. Хайр энэрлээрээ намайг авраач» хэмээн гуйсан билээ (Дуулал 31:16). Ер нь хүнд өөрөөсөө дээгүүрхийг захирах эрх мэдэл байдаггүй болохоор ийм тохиолдолд хүчтэй нэг нь сайн дурын үндсэн дээр хайр энэрлийг үзүүлдэг.
5. а) Бурхны хайр энэрлийн ямар ямар онцлогийг Библи харуулдаг вэ? б) Бид Еховагийн хайр энэрлийн ямар илрэлийг авч үзэх вэ?
5 Дуулалч: «Хэн мэргэн бэ? Тэр нь... анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг» хэмээжээ (Дуулал 107:43). Еховагийн хайр энэрэл авардаг, хамгаалдаг бас зовлонгоос ангижрахад тусалдаг (Дуулал 6:4; 119:88, ШЕ, 159, ШЕ; 31:16, 21; 40:11; 143:12). Энэ чанарын ачаар нүглээс чөлөөлөгдөх боломжтой болдог (Дуулал 25:7). Библид өгүүлсэн бодит түүхийг зарим зүйлийн хамт авч үзвэл Ехова хайр энэрлээ 1) тодорхой үйл хэргээр; 2) үнэнч үйлчлэгчдэдээ үзүүлдгийг ойлгоно.
Ехова хайр энэрлээ үзүүлэхдээ авардаг
6, 7. а) Ехова Лотод хайр энэрлээ хэрхэн үзүүлсэн бэ? б) Лот Бурхны хайр энэрлийн тухай хэзээ хэлсэн бэ?
6 Еховагийн хайр энэрэл хичнээн гүн гүнзгий байдгийг мэдэх шилдэг арга бол энэ чанар яаж илэрдгийг харуулсан Библийн хэсгийг авч үзэх явдал болов уу. Эхлэл 14:1–16-д Абрахамын ач дүү Лотыг дайснууд олзолж авсан тухай бичсэн байдаг. Азаар, Абрахам Лотыг аварч чаддаг. Гэтэл Ехова Лотын гэр бүлээрээ суудаг байсан Содом хотыг устгахаар шийдэхэд Лотын амь нас ахиад дээсэн дөрөөн дээр ирэв (Эхлэл 18:20–22; 19:12, 13).
7 Содомыг устгадгийн даваан дээр Еховагийн тэнгэр элчүүд Лотыг гэрийнхэнтэй нь хамт хотоос гаргаж авардаг. Тэгэхэд Лот: «Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та хайр энэрлээ надад үзүүлж, амийг минь аварлаа» гэж хэлдэг (Эхлэл 19:16, 19). Энэ үгээрээ Лот, Ехова өөрийг нь аварснаар хайр энэрлээ хосгүй ихээр үзүүлснийг хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд Ехова аварч, амьд үлдээж хайр энэрлээ үзүүлсэн юм (2 Петр 2:7).
Еховагийн хайр энэрэл ба удирдлага
8, 9. а) Абрахамын зарц ямар даалгавар авсан бэ? б) Ямар учраас зарц Бурхнаас хайр энэрэл үзүүлэхийг гуйн залбирсан бэ? Залбирч байх зуур нь юу болсон бэ?
8 «Эхлэл» номын 24-р бүлгээс Еховагийн хайр энэрлийн өөр нэг илрэлийг мэдэж болно. Абрахам хүү Исаактаа эхнэр олуулахаар зарцаа төрөл төрөгсдийнхөө суудаг газар уруу явуулсан тухай энд бичсэн байдаг (2–4-р зүйл). Даалгавар амаргүй ч гэлээ Еховагийн тэнгэр элч удирдана гэдгийг Абрахам зарцдаа батлан хэлсэн 7-р зүйл). Тэрээр явсаар (Харан эсвэл тэр хавийн газар) «Нахорын хотын» (ШЕ) гадна нэгэн худгийн дэргэд хүрч очтол эмэгтэйчүүд ус авахаар ирж явлаа (10, 11-р зүйл). Тэдний ойртон ирж буйг хараад зарц даалгавраа биелүүлэх эгзэгтэй мөч тулж ирснийг ойлгожээ. Гэсэн ч тэрээр яг тохирох бүсгүйг хэрхэн таних байв аа?
9 Бурхны тусламж хэрэгтэй гэдгийг ойлгоод Абрахамын зарц: «Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?» хэмээн залбирчээ (12-р зүйл). Ехова хайр энэрлээ хэрхэн үзүүлэх бол оо? Бурхны сонгосон бүсгүйг танихын тулд зарц тусгай тэмдэг гуйсан (13, 14-р зүйл). Гэтэл нэг бүсгүй, зарцын Еховагаас гуйсан залбирлыг сонссон гэлтэй бүхнийг яг ёсоор нь хийжээ! (15–20-р зүйл). Зарц бүр гайхаж орхиод «түүнийг дуугүй ширтэн» байлаа. Гэсэн ч гоо үзэсгэлэнт энэ бүсгүй Абрахамын төрлийн хүн мөн эсэх, гэр бүлгүй эсэх зэрэг зарим чухал зүйлийг лавлах хэрэгтэй байв. Тиймээс зарц «ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа» (16, 21-р зүйл).
10. Ехова Абрахамд хайр энэрлээ үзүүлсэн гэж зарц яагаад ойлгосон бэ?
10 Дараахан нь бүсгүй: «Би бол Милкагийн Нахорт [Абрахамын дүү] төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин» гэж өөрийгөө танилцуулав (Эхлэл 11:26; 24:24). Энэ мөчид зарц, Еховаг залбиралд нь хариулсныг ойлгов. Түүний сэтгэл хөдөлж, бөхийн: «Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна» гэж хэлсэн (27-р зүйл). Ехова зарцыг удирдсанаараа эзэн Абрахамд нь хайр энэрлээ үзүүлжээ.
Бурхны хайр энэрэл зовлонгоос ангижруулдаг ба хамгаалдаг
11, 12. а) Иосеф ямар сорилтын үед Еховагийн хайр энэрлийг хүртсэн бэ? б) Ехова хайр энэрлээ түүнд ямар байдлаар үзүүлсэн бэ?
11 Одоо «Эхлэл» номын 39-р бүлгийг авч үзье. Энэ бүлэгт Абрахамын жич хүү, Египетэд боол болон зарагдсан Иосефийн тухай өгүүлдэг. Гэсэн ч «ЭЗЭН Иосефтэй хамт байсан» (1, 2-р зүйл). Потифар гэдэг египет эзэн нь хүртэл Еховаг Иосефтэй хамт байна гэдгийг ойлгосон (3-р зүйл). Гэтэл Иосеф их ноцтой сорилттой тулгарав. Потифарын эхнэр хүчиндэхээр завдсан хэмээн Иосефийг худал гүтгэн шоронд оруулав (7–20-р зүйл). «Шоронд» «тэд түүний хөлийг дөнгөлсөн. Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн» (Эхлэл 40:15; Дуулал 105:18).
12 Энэ бэрх сорилтын үеэр юу болсон бэ? «ЭЗЭН Иосефтэй хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлэв» (21-р зүйл, а хэсэг). Ехова хайр энэрлээ үзүүлж, Иосефийг зовлонгоос нь ангижруулах арга хэмжээ авав. Бурхан түүнд «шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ» (21-р зүйл, б хэсэг). Улмаар шоронгийн харгалзагч Иосефт хариуцлагатай ажил хүлээлгэн өгөв (22-р зүйл). Дараа нь Иосеф нэгэн хүнтэй танилцсан нь хожим түүний тухай Египетийн хаан фараоны сонорт хүргэжээ (Эхлэл 40:1–4, 9–15; 41:9–14). Фараон түүнийг Египетийн хоёр дахь том захирагч болгож, Иосеф ч Египетийн нутагт ган зуд нүүрлэсэн жилүүдэд ард олны амийг аварсан билээ (Эхлэл 41:37–55). Иосеф 17 настай байхаасаа эхлэн 12 гаруй жил зовлон туулсан! (Эхлэл 37:2, 4; 41:46). Гэвч зовлон эдэлсэн бүх он жилүүдэд нь Ехова хайр энэрлээ үзүүлэн, том аюулаас хамгаалж, санаа зорилгоо биелүүлэхдээ түүнд чухал үүрэг оноож амьд үлдээсэн.
Бурхны хайр энэрэл хэзээ ч хувиршгүй
13. а) 136-р дуулалд Еховагийн хайр энэрлийн ямар ямар илрэлийг бичсэн байдаг вэ? б) Хайр энэрлийн мөн чанар юу вэ?
13 Ехова израильчуудыг ард түмнээ хэмээн үзэж хайр энэрлээ олонтаа үзүүлсэн билээ. 136-р дуулалд Ехова тэднийг аварч (10–15-р зүйл), удирдаж (16-р зүйл), хамгаалснаараа (17–20-р зүйл) хайр энэрлээ үзүүлснийг тэмдэглэжээ. Түүнээс гадна, Бурхан хувь хүмүүст ч хайр энэрлээ хүртээжээ. Хүн бусдынхаа амин чухал хэрэгцээг хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр сайн үйл хийж хайр энэрлээ үзүүлдэг. Библийг тайлбарласан нэгэн бүтээлд хайр энэрлийн тухай: «Энэ нь амийг хамгаалдаг, амьдралыг сайжруулдаг үйлийн нэр юм. Зовлон бэрхшээл туулж байгаа хүнд туслахыг хэлнэ» гэжээ. Өөр нэг Библи судлаач үүнийг «үйл хэргээр илэрдэг хайр» гэж тодорхойлжээ.
14, 15. Лот Бурхны сайшаадаг үйлчлэгч байсан гэдэгт яагаад итгэж болох вэ?
14 Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст хайр энэрлээ ямагт үзүүлдгийг бидний авч үзсэн «Эхлэл» номын хэсгүүд харуулдаг. Лот Абрахам Иосеф нар өөр өөр цаг үед амьдарч, эрс тэс ялгаатай сорилттой тулгарсан. Тэд төгс бус хэдий ч, Еховагийн сайшаалыг олсон үйлчлэгч байсан бөгөөд бүгдэд нь Бурхны тусламж хэрэгтэй байлаа. Халамжит тэнгэрийн Эцэг маань хүн болгонд хайр энэрлээ үзүүлдэг гэдгийг мэдэхээр сэтгэл амардаг.
15 Лот зарим нэг зүйлийг ухвар мөчид шийдээд горыг нь амсаж байсан (Эхлэл 13:12, 13; 14:11, 12). Гэсэн ч түүнд олон сайн чанар бас байсан юм. Бурхны хоёр тэнгэр элчийг Содомд ирэхэд нь зочлон дайлсан билээ (Эхлэл 19:1–3). Лот Бурханд итгэдгээ харуулан, Содом хотыг юу юугүй устгах гэж байгааг хоёр хүргэндээ анхааруулсан (Эхлэл 19:14). 2 Петр 2:7–9-д «[Ехова] ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа) бурханлаг [«Бурханд үнэнч», ШЕ] хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг Эзэн [«Ехова», ШЕ] мэддэг» гэж бичсэнээс үзвэл Бурхан Лотыг хэрхэн үздэг байсан нь илэрхий. Тийм ээ, Лот «зөвт» бөгөөд Бурханд үнэнч байсныг энэ зүйл харуулдаг. Хэрэв бид «биеэ ариунаар авч явах ба Бурханд үнэнч байдлын» үйлсийг бүтээвэл Лотын адилаар Бурхны хайр энэрлийг хүртэнэ (2 Петр 3:11, 12, ШЕ).
16. Абрахам Иосеф хоёрын тухай Библид нааштай сайнаар юу гэж бичсэн байдаг вэ?
16 Абрахам Ехова Бурхантай дотно харьцаатай байсныг «Эхлэл» номын 24-р бүлэг тодорхой харуулдаг. Энэ бүлгийн эхэнд «ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв [«ивээв», ШЕ]» гэсэн байдаг (1-р зүйл). Абрахамын зарц, Еховаг «Миний эзэн Абрахамын Бурхан» гэж хэлсэн нь бий (12, 27-р зүйл). Есүсийн шавь Иаков Абрахамыг «зөвтгөгдсөн» бөгөөд «Бурхны анд нөхөр гэж дуудагдах болсон» хэмээн бичжээ (Иаков 2:21–23). Иосефт ч гэсэн үүнтэй төстэй юм их байжээ. Тэрээр Еховатай ойр дотно харьцаатай байсныг мөн «Эхлэл» номын 39-р бүлэгт онцлон тэмдэглэжээ (2, 3, 21, 23-р зүйл). Тэрчлэн, Есүсийн шавь Стефан Иосефийн тухай: «Бурхан түүнтэй хамт байсан» гэж хэлсэн (Үйлс 7:9).
17. Лот Абрахам Иосеф нарт тохиолдсон явдлаас бид юу мэдэж авч болох вэ?
17 Бидний авч үзсэн хүмүүс бол Бурхны хайр энэрлийг хүртсэн, Еховатай сайн харьцаатай бөгөөд санаа зорилгыг нь биелэхэд янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байв. Тэдэнд хүний хүчээр давж гарахын аргагүй саад бэрхшээл учирч байлаа. Лотын амь дээсэн дөрөөн дээр ирж, Абрахамын удам угсаа тасрах, Иосеф Бурхны санаа зорилгод хүлээх үүргээ биелүүлж чадах уу үгүй юу гэдэг дээр тулаад байлаа. Зөвхөн Ехова л хайр энэрлийн үйлээрээ туслан өөрт нь үнэнч тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж чадсан. Хэрэв үргэлж Ехова Бурхны хайр энэрлийг хүртье гэвэл түүнтэй ойр дотно харьцаа тогтоож, ямагт хүсэл тааллыг нь биелүүлэх ёстой (Езра 7:28; Дуулал 18:50)
Бурхны сайшаал хүртсэн хүмүүс
18. Еховагийн хайр энэрлийн тухай Библийн зүйлүүд юу хэлдэг вэ?
18 Еховагийн хайр энэрлээр «газар дэлхий дүүрэн» бөгөөд Бурхны энэ чанарыг бид хичнээн үнэлдэг билээ! (Дуулал 119:64). «Хайр энэрлийнх нь төлөө, хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд [хүмүүс] талархаг» хэмээсэн дуулалчийн түрлэгт бид үнэн зүрхнээсээ хариу өгдөг (Дуулал 107:8, 15, 21, 31). Ехова сайшаасан үйлчлэгчдэдээ бүгдэд нь, хүн нэг бүрд хайр энэрлээ үзүүлдэгт бид баярладаг. Зөнч Даниел залбирахдаа: «ЭЗЭН минь, агуу, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг» гэж Еховагийн тухай хэлсэн байдаг (Даниел 9:4). Мөн Давид хаан: «Таныг таньж мэдэгчдэд өөрийн хайр энэрлийг үргэлжлүүлэн... хүртээгээч!» гэж залбирсан (Дуулал 36:10). Ехова үйлчлэгчдэдээ хайр энэрлээ үзүүлдэгт бид үнэхээр их талархдаг! (Хаадын дээд 8:23; Шастирын дээд 17:13).
19. Дараагийн өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
19 Бид бол Еховагийн сайшаал хүртсэн хүмүүс мөн билээ! Бид Бурхны хүн төрөлхтөнд үзүүлсэн хайрыг, бас тэнгэрийн Эцгийнхээ хайр энэрэл буюу үнэнч хайраас ундрах өвөрмөц ивээлийг хүртэн баярладаг (Иохан 3:16). Ялангуяа хэцүү цагт Еховагийн энэ эрхэм чанар бидэнд тун тустай байдаг (Дуулал 36:7). Гэхдээ Еховагийн хайр энэрлийг хэрхэн дуурайж болох вэ? Бид энэ хосгүй чанарыг илэрхийлдэг үү? Эдгээр болон үүнтэй холбоотой бусад асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
^ «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад энэхүү өгүүллээр хэлэлцэж буй чисед гэдэг еврей үгийг «хайр энэрэл», «энэрэл хайр», «хайр ерөөл», «энэрэнгүй», «энэрэл», «үнэнч» гэх зэргийн янз бүрийн үгээр орчуулсан байна. Иймээс дэс дарааг хадгалж, ойлгоход хялбар болгох үүднээс энэ өгүүлэлд дурдсан бүх зүйлд «хайр энэрэл» гэдэг үгийг ашигласан болно.
Санаж байна уу?
• Монгол хэлээр «хайр энэрэл» гэж орчуулсан еврей үгийн тухай юу мэдэж авсан бэ?
• Хайр энэрэл нь хайр болон үнэнч байдлаас ямар ялгаатай вэ?
• Ехова, Лот Абрахам Иосеф нарт хайр энэрлээ ямар байдлаар үзүүлсэн бэ?
• Эрт цагт Ехова хайр энэрлээ хэрхэн үзүүлж байсан нь ямар итгэл төрүүлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]