Skip to content

Гарчиг руу орох

«Еховагийн өдрийг» хэн эсэн мэнд давах вэ?

«Еховагийн өдрийг» хэн эсэн мэнд давах вэ?

«Еховагийн өдрийг» хэн эсэн мэнд давах вэ?

«Зуух мэт шатаж буй өдөр ирж байна» (МАЛАХИ 4:1).

1. Малахи энэхүү ёс бус тогтолцооны төгсгөлийг хэрхэн дүрсэлсэн бэ?

 ЕХОВА зөнч Малахид онгод оруулан, тун удахгүй болох аймшигтай үйл явдлын тухай зөгнөн бичүүлсэн. Энэ үйл явдлын гадна нэг ч хүн үлдэж хоцрохгүй ажээ. Малахи 4:1-д: «„Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүн болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичсэн байдаг. Энэхүү ёс бус тогтолцооны төгсгөл ямар байх вэ? Үүнийг модыг үндсээр нь устгахтай зүйрлэжээ. Тийм мод дахин хэзээ ч ургахгүй.

2. «Еховагийн өдрийг» Библийн зарим зүйлд хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?

2 Зөнч Малахи ямар «өдрийн» тухай зөгнөсөн юм бэ? гэж та асууж болох юм. Энэ бол Исаиа 13:9-д: «Үзэгтүн, газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] өдөр ирж байна» хэмээн бичигдсэн тэр өдрийн тухай юм. Мөн Зефаниа 1:15-д: «Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл зовлонгийн өдөр, эвдрэл эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр» хэмээн дүрслэн бичсэн буй.

«Агуу их гай гамшиг»

3. «Еховагийн өдөр» гэж юу вэ?

3 «Еховагийн өдрийн» тухай Малахийн зөгнөлийн гол биелэл нь «агуу их гай гамшгаар» илрэх цаг үе юм. Есүс: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэж хэлсэн (Матай 24:21). Ертөнц чухам 1914 оноос хойш хичнээн их гай зовлонд унаад байгааг бодоод үзье л дээ (Матай 24:7–12). Зөвхөн Дэлхийн хоёрдугаар дайн гэхэд л 50 гаруй сая хүний амийг авч одсон! Гэвч энэ бүх гай зовлон «агуу их гай гамшгийн» дэргэд юу ч биш байх болно. Энэ үйл явдал буюу «Еховагийн өдөр» нь Армагеддоноор төгсөх ажээ. Тийнхүү энэ ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүд» дуусна (2 Тимот 3:1–5, 13; Илчлэлт 7:14; 16:14, 16).

4. «Еховагийн өдөр» дуусах үеэр юу болох вэ?

4 «Еховагийн өдрийн» төгсгөлөөр Сатаны ертөнц болон түүнийг дэмждэг бүхэн бүрмөсөн сөнөнө. Эхлээд бүх хуурамч шашин устгагдана. Дараа нь Ехова Сатаны улс төр, эдийн засгийн тогтолцоог шүүнэ (Илчлэлт 17:12–14; 19:17, 18). Езекиел: «Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй» хэмээн зөгнөжээ (Езекиел 7:19). Энэ өдрийн тухай Зефаниа 1:14-т: «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» гэж бичсэн буй. Бид «Еховагийн өдрийн» тухай Библид юу бичсэнийг тооцон үзэх аваас үйл хэргээ Бурхны шаардлагын дагуу шийдвэр төгс явуулах ёстой.

5. Еховагийн нэрээс эмээдэг хүмүүс юу эдэлдэг вэ?

5 «Еховагийн өдөр» Сатаны ертөнцөд юу тохиолдохыг зөгнөснийхөө дараа хэлсэн Бурхны үгийг Малахи 4:2-т: «Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний жигүүрт эдгэрэлт бий. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно» хэмээн тэмдэглэжээ. «Зөв шударгын нар» бол Есүс Христ юм. Тэрбээр «ертөнцийн [сүнслэг] гэрэл» билээ (Иохан 8:12). Есүс өнөөдөр бидний эдэлж байгаа сүнслэг эдгэрэлтийг бий болгон «мандаж байгаа» ба ирээдүйн шинэ ертөнцөд бие махбодыг бүрэн эдгээнэ. Еховагийн хэлснээр эдгэрсэн хүмүүс «тугалууд мэт харайлгах» болно. Учир нь хашаанаасаа тавигдсан тугалууд баярлан, оодогнон давхидаг.

6. Еховагийн үйлчлэгчид ямар ялалтын баяр тэмдэглэх вэ?

6 Еховагийн шаардлагыг үл тоомсролдог хүмүүст юу тохиолдох вэ? Малахи 4:3-т: «„Та нар [Бурхны үйлчлэгчид] хилэнцтэнийг гишгэлнэ. Учир нь Миний бэлтгэж байгаа өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичсэн буй. Еховад үйлчилдэг хүмүүс Сатаны ертөнцийг устгах үйл ажиллагаанд оролцохгүй. Тэд «Еховагийн өдрийн» дараа болох ялалтын баяр тэмдэглэж, бэлэгдлийн утгаар «хилэнцтэнийг гишгэлнэ». Фараоны цэргийг Улаан тэнгист устгасны дараа тийм агуу баяр болж байсан билээ (Египетээс гарсан нь 15:1–21). «Агуу их гай гамшгаар» Сатан болон түүний ертөнцийг устгасны дараа бас ялалтын баяр тэмдэглэнэ. «Еховагийн өдрийг» эсэн мэнд давсан үнэнч хүмүүс: «Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе» гэж хашгирах болно (Исаиа 25:9). Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, дэлхийг тайван амгалан амьдралд зориулан цэвэрлэх тэр үед бид юутай их баяр баясгалантай байх бол оо!

Христ шашны ертөнц эртний Израилийн мөрөөр явж байна

7, 8. Малахийн үеийн израильчуудын сүнслэг байдлыг дүрслэн хэлнэ үү.

7 Еховад үйлчилдэг хүмүүс л ивээлийг нь хүртдэг. Малахийг номоо бичиж байх тэр үед мөн л тийм байсан. Израиль Вавилонд олзлогдоод 70 жил болсны эцэст, үлдэгдэл нь МЭӨ 537 онд эх орондоо буцаж ирсэн. Гэвч дахин сэргэсэн Израилийн ард түмэн дараагийн зуун жилд тэрслүү, ёс бус байдал уруу аажим аажмаар гулсан орж эхэлсэн. Тэдний ихэнх нь Еховагийн нэрийг гутааж, хуулийг нь үл тоомсорлож, сохор, доголон, өвчтэй амьтдаар тахил өргөн сүмийг бузарлаж, олон эр авааль эхнэрээсээ салж байлаа.

8 Тийм учраас Ехова тэдэнд: «Шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно. [...] Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй» гэж хэлсэн (Малахи 3:5, 6). Гэхдээ Ехова буруу замаа орхихыг хүссэн хүмүүст хандан: «Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» гэж хэлсэн (Малахи 3:7).

9. Малахийн зөгнөл анх хэрхэн биелсэн бэ?

9 Эдгээр зөгнөл МЭ І зуунд бас биелсэн. Иудейчүүдийн үлдэгдэл Еховад үйлчилж байсан ба хожим бүрэлдэхүүнд нь иудей биш хүмүүс орох болсон сүнсээр тослогдсон христианууд бүхий шинэ «үндэстний» хэсэг нь болсон. Гэвч израильчуудын ихэнх нь Христийг хүлээж аваагүй. Тийм учраас Есүс тэдэнд: «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» гэж хэлсэн (Матай 23:38; 1 Коринт 16:22). Малахи 4:1-д зөгнөн бичсэнээр, МЭ 70 онд Израилийн хувьд «зуух мэт шатаж буй өдөр» ирсэн. Иерусалим сүмтэйгээ устгагдан, зарим сурвалжаас үзвэл сая гаруй хүн өлсгөлөн, засгийн эрхийн төлөө тэмцэл болон Ромын цэргийн довтолгоонд өртөж амь насаа алджээ. Гэвч Еховад үйлчилдэг байсан хүмүүс энэ гай зовлонгийн гадна үлдсэн (Марк 13:14–20).

10. Хүмүүс бүхэлдээ, мөн лам хуврагууд ямар байдлаар нэгдүгээр зууны Израилийн мөрөөр явж байна вэ?

10 Хүн төрөлхтөн, ялангуяа христ шашны ертөнц нэгдүгээр зууны израильчуудын мөрөөр явж байна. Христ шашны ертөнцийн удирдагчид, ард түмний аль аль нь өөрсдийн итгэл үнэмшлийг Есүсийн заасан Бурхны тухай үнэнээс эрхэмд үздэг. Лам хуврагууд нь бүр ч буруутай. Тэд Еховагийн нэрээс татгалзсан төдийгүй, Библи орчуулахдаа хүртэл нэрийг нь авч хаясан аж. Тэд галт тамд мөнх зовох, Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн харь үндэстнүүдээс гаралтай Библийн бус сургаал болон удамшил хувьслын онол зэргээр Еховаг гутаасан. Тийнхүү тэд Малахийн үеийн тахилчид шиг Еховагийн зүй ёсны алдрыг үгүйсгэдэг.

11. Энэ ертөнцийн шашнууд үнэн хэрэгтээ хэнд үйлчилдгээ хэрхэн харуулсан бэ?

11 «Эцсийн өдрүүд» эхэлсэн 1914 оноос өөрсдийгөө христ шашинтан гэж үздэг хүмүүсээр удирдуулсан энэ ертөнцийн шашнууд үнэн хэрэгтээ хэнд үйлчилдгээ харуулсан. Тэд үндэстэн хоорондын зөрчлөөс үүдсэн дэлхийн хоёр дайнд оролцохыг сүсэгтнүүддээ уриалж байлаа. Дайнд оролцоно гэдэг итгэл нэгтнүүдээ ална гэсэн үг. Еховад дуулгавартай байгаа эсэхийг хэрхэн мэдэж болохыг Бурхны Үгэнд тов тодорхой бичсэн байдаг. 1 Иохан 3:10–12-т: «Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурхных биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурхных биш. Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм» гэж байдаг.

Биелж буй зөгнөл

12, 13. Бидний цаг үед Бурхны үйлчлэгчид дээр ямар ямар зөгнөл биелсэн бэ?

12 Бурхан христ шашны ертөнц болон бусад бүх хуурамч шашныг буруушаажээ гэдгийг Еховагийн үйлчлэгчид 1918 он буюу Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр ойлгосон. Тэр цагаас эхлэн: «Миний ард түмэн, та нар тэр эмийн [хуурамч шашны] нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун. Яагаад гэвэл түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан» хэмээн чин сэтгэлтэй хүмүүсийг уриалан дууддаг болсон (Илчлэлт 18:4, 5). Еховад үйлчлэх хүсэлтэй хүмүүс хуурамч шашнаас ангижирч, эд юмсын энэхүү ёс бус тогтолцоо төгсөхөөс наахна дуусах ёстой ажил буюу тэнгэрт тогтоосон Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлж эхэлсэн (Матай 24:14).

13 Малахи 4:5-д: «Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ» хэмээн тэмдэглэсэн Еховагийн зөгнөл тийнхүү биелсэн билээ. Энэ зөгнөлийн анхны биелэл нь Елиагийн үлгэр загвар байсан Баптисм хүртээгч Иоханы үйл ажиллагаа болсон юм. Иохан, Хуулийн гэрээний эсрэг үйлдсэн нүглээ гэмшсэн иудейчүүдэд баптисм хүртээж байхдаа Елиагийн хийсэнтэй адил зүйлийг хийж байв. Иохан, Мессиагийн замыг бэлдэх хүн байсан нь илүү чухал зүйл байлаа. Гэхдээ Иоханы үйл хэрэг бол Малахийн зөгнөлийн зөвхөн эхний биелэл байсан юм. Есүс Иоханыг хоёр дахь «Елиа» гэж хэлэхдээ «Елиагийн» үйл хэрэг дуусаагүй гэдгийг илэрхийлсэн (Матай 17:11, 12).

14. Энэхүү тогтолцооны төгсгөлөөс өмнө ямар чухал ажил гүйцэтгэх ёстой вэ?

14 «Елиагийн» энэ чухал үйл хэрэг «ЭЗЭНий аугаа, аймшигт өдрийн» өмнө болж өнгөрнө гэдгийг Малахийн зөгнөл харуулдаг. Энэ «өдөр» нь Армагеддон буюу Төгс хүчит Бурхны асар хурдан ойртон ирж байгаа агуу өдрийн дайнаар дуусна. Энэ нь энэхүү ёс бус тогтолцооны төгсгөлийн цаг үе болон Есүс Христийн Мянган жилийн засаглалын өмнө дэлхий дээр зөнч Елиагийн гүйцэтгэсэн үйл хэрэгтэй адилхан үйл ажиллагаа явагдах болно гэсэн үг юм. Малахийн зөгнөл ёсоор Еховаг энэхүү ёс бус тогтолцоог устгахаас өмнө орчин үеийн «Елиагийн анги» дэлхийд амьдрах найдвартай олон сая христиан нөхдийнхөө дэмжлэгтэйгээр цэвэр шүтлэгийг сэргээн, Еховагийн нэрийг өргөмжилж, хонь шиг хүмүүст Библийн үнэнийг заах ажлыг урам зоригтойгоор гүйцэтгэж байна.

Ехова үйлчлэгчдээ ивээдэг

15. Ехова үйлчлэгчдээ хэрхэн санадаг вэ?

15 Ехова өөрт нь үйлчилдэг хүмүүсийг ивээдэг. Малахи 3:16-д: «Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» гэж байдаг. Бурхан ирээдүйд мөнхийн амь өгөх хүмүүсээ, номд бичдэг шиг Абелийн үеэс эхлэн тэмдэглэж авсан. Өөрөөр хэлбэл Бурхан тэр хүмүүсийг санах болно. Ехова тэдэнд хандан: «Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга» гэж хэлдэг (Малахи 3:10).

16, 17. Ехова үйлчлэгчдээ болон тэдний ажлыг хэрхэн ивээсэн бэ?

16 Ехова өөрт нь үйлчилдэг хүмүүсийг үнэхээр ивээсэн. Яаж? Нэгдүгээрт: Тэдэнд санаа зорилгоо илүү гүнзгий ойлгуулсан (Сургаалт үгс 4:18; Даниел 12:10). Хоёрдугаарт: Тэдний дэлгэрүүлэх ажлыг гайхамшигтай үр жимстэй болгосон. Жинхэнэ шүтлэгийг эрхэмлэдэг чин сэтгэлтэй олон хүн Бурхны үйлчлэгчидтэй нэгдсэн. Тэд бол «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн» юм. «Тэд чанга дуугаар: „Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг“ гээд хашхирдаг» (Илчлэлт 7:9, 10). Энэ «үй олон хүн» гайхамшигтайгаар бий болсон бөгөөд одоо дэлхий даяар 6 сая гаруй хүн буюу 93 000 гаруй хурал Еховад идэвхтэй үйлчилж байна!

17 Түүнээс гадна Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг дэлхийд хамгийн өргөн ихээр тараасан нь Ехова хэрхэн ивээдгийг бас харуулж байгаа юм. Эдүгээ «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлүүд сар тутам 90 сая хувь хэвлэгдэж байгаа бөгөөд «Харуулын цамхаг» 144, «Сэрцгээ!» 87 хэлээр гарч байна. Библи судлахад зориулсан «Мөнхийн амь уруу хөтлөх үнэн» гэдэг нэртэй ном анх 1968 онд гарч, 117 хэлээр нийтдээ 107 сая хувь хэвлэгджээ. 1982 онд гарсан «Та диваажин дэлхий дээр мөнх амьдарч болно» гэдэг нэртэй номыг 131 хэлээр 81 сая гаруй хувь хэвлэжээ. 1995 онд гарсан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» ном 154 хэлээр 85 гаруй сая хувиар хэвлэгдчихээд байна. 1996 онд гарсан «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлыг 244 хэлээр, 150 сая хувь хэвлэн тараагаад байна.

18. Эсэргүүцэл байдаг ч гэсэн бид сүнслэг талаараа цэцэглэн хөгжиж байдгийн учир юу вэ?

18 Сатаны ертөнцийн зүгээс эцэс төгсгөлгүй хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг ч гэсэн бид сүнслэг талаараа цэцэглэн хөгжсөөр байна. Энэ нь Исаиа 54:17-д: «„Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм“ гэж ЭЗЭН зарлиг болгов» хэмээн байдгийн үнэн болохыг баталдаг. «„Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно...“ гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» гэсэн Малахи 3:17-гийн үг өөрсөд дээр нь өргөн цар хүрээтэй биелж байгааг мэдэх нь Еховагийн үйлчлэгчдэд юутай сайхан тайвшрал бэ!

Бид Еховад баяр баясгалантай үйлчилдэг

19. Еховад үйлчилдэг хүмүүс үйлчилдэггүй хүмүүсээс юугаараа ялгардаг вэ?

19 Еховагийн үнэнч үйлчлэгчид болон Сатаны ертөнцийн хүмүүсийн хоорондох ялгаа өдөр ирэх тутам улам тод болж байна. Малахи 3:18-д: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондхыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондхыг дахин ялгадаг болно» гэж зөгнөжээ. Еховад үйлчилдэг хүмүүсийн эдэлдэг баяр баясгалан бол олон ялгааны нэг нь юм. Баяр баясгалантай байхад олон шалтгаан байдгийн нэг нь тэдний гайхмшигтай найдвар мөн. Тэд: «Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун» гэж хэлсэн үгээ биелүүлнэ гэдэгт Еховад бүрэн итгэдэг (Исаиа 65:17, 18; Дуулал 37:10, 11, 29; Илчлэлт 21:4, 5).

20. Бид ямар учраас баяр баясгалантай хүмүүс вэ?

20 Бурханд үнэнч хүмүүс Еховагийн агуу өдрийг эсэн мэнд давж, шинэ ертөнц уруу орно гэсэн түүний амлалтад бид итгэдэг (Зефаниа 2:3; Илчлэлт 7:13, 14). Мөн зарим хүн өндөр нас, өвчин, золгүй тохиолдол зэргээс болоод шинэ ертөнцөөс өмнө үхэж болох ч Ехова тэднийг мөнхийн амь уруу дахин амилуулна гэдгээ амладаг (Иохан 5:28, 29; Тит 1:2). «Еховагийн өдөр» ойртохын хирээр бид элдэв бэрхшээл, сорилттой тулгарч байгаа хэдий ч энэ дэлхийн хамгийн баяр баясгалантай хүмүүс байх үндэс бүрэн бий.

Та яаж хариулах вэ?

• «Еховагийн өдөр» гэж юу вэ?

• Энэ ертөнцийн шашнууд эртний Израилийн мөрөөр хэрхэн явж байна вэ?

• Еховагийн үйлчлэгчид дээр ямар ямар зөгнөл биелж байна вэ?

• Ехова ард түмнээ хэрхэн ивээсэн бэ?

[Догол мөрийн асуулт]