Skip to content

Гарчиг руу орох

Ехова итгэл эвдэхийг үзэн яддаг

Ехова итгэл эвдэхийг үзэн яддаг

Ехова итгэл эвдэхийг үзэн яддаг

«Бие биеийнхээ итгэлийг бүү эвд» (МАЛАХИ 2:10, ШЕ).

1. Мөнх амьтай болохын тулд Бурхны ямар шаардлагыг биелүүлэх хэрэгтэй вэ?

 ТА мөнх амьдрахыг хүсдэг үү? Хэрэв та Библийн амлалтад итгэдэг бол шууд л «Тэгэлгүй яахав» гэж хариулах нь лавтай. Гэхдээ та Бурхан өөрийг тань таалж, шинэ ертөнцдөө мөнх амьдруулаасай гэж хүсдэг бол шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй (Номлогчийн үгс 12:13; Иохан 17:3). Гэвч төгс бус хүмүүсээс ийм юм шаардах нь ахадсан хэрэг биш үү? Үгүй ээ. Учир нь Ехова: «Би тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурхныг мэдэх мэдлэгт баярладаг» хэмээн хэлж биднийг урамшуулдаг шүү дээ (Хосеа 6:6). Тэгэхлээр алдаа гаргах хандлагатай хүмүүс хүртэл Бурхны шаардлагыг биелүүлж чадах ажээ.

2. Олон израиль хүн Еховагийн итгэлийг хэрхэн эвдсэн бэ?

2 Гэвч Еховагийн хүсэл тааллыг хүн болгон биелүүлэхийг хүсдэггүй. Тэр байтугай олон израиль хүн үүнийг биелүүлэх хүсэлгүй байсан нь Хосеагийн үгнээс харагддаг. Тэд Бурхантай гэрээ байгуулсан ард түмэн байсны хувьд хуулийг нь сахин мөрдөх үүрэгтэй байлаа (Египетээс гарсан нь 24:1–8). Гэвч тэд удалгүй Бурхны хуулийг хөсөрдүүлэн, «гэрээг... зөрчиж» эхэлсэн. Тийм учраас Ехова тэднийг «Миний итгэл эвдсэн» гэж хэлжээ (Хосеа 6:7, ШЕ). Түүнээс хойш олон хүн итгэлийг нь эвдсээр л байна. Гэвч Ехова өөрийнх нь болон өөрийг нь хайрладаг үйлчлэгчдийн итгэл эвдэхийг үзэн яддаг.

3. Энэ өгүүллээр бид юуны тухай авч үзэх вэ?

3 Итгэл эвдэхийг Бурхан хэрхэн үздэг хийгээд жаргалтай амьдаръя гэвэл ямар үзэл баримтлах хэрэгтэйг Хосеагаас гадна олон зөнч тэмдэглэжээ. Өмнөх өгүүллээр бид «Малахи» номын олон зөгнөлийг нэгдүгээр бүлгээс нь авч үзсэн билээ. Одоо хоёрдугаар бүлгээс итгэл эвдэхэд Бурхан хэрхэн ханддагийг авч үзье. Малахи, Бурхны ард түмэн Вавилоноос буцаж ирснээсээ хойш хэдэн арван жилийн дараа гэхэд ямаршуухан байдалд байсныг бичсэн хэдий ч эл номын хоёрдугаар бүлэг өнөөдөр ч гэсэн бидэнд ач холбогдолтой юм.

Тахилчид зэмлэл хүлээх ёстой

4. Ехова тахилчдад юун тухай сануулсан бэ?

4 Ехова Иудагийн тахилчдыг өөрийнх нь зөвт замаас гажсаных нь төлөө зэмлэж байгаагаар хоёрдугаар бүлэг эхэлдэг. Хэрэв тэд Бурхны зөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээн авч, замаа засахгүй бол гашуун үр дагавар амсах нь гарцаагүй байлаа. Одоо эхний хоёр зүйлд анхаарлаа хандуулъя. Тэнд: «Тахилч нар аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм. Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. „Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно“» гэж байдаг. Тахилчид ард түмнийг Бурхны хуулиар сургаж, өөрсдөө түүнийг сахин мөрддөг байсан бол ивээл хүртэх байлаа. Гэвч Бурхны хүсэл тааллыг үл тоомсорлосон учраас тэд хараал хүртэх ёстой болсон. Тэр ч байтугай, тахилчдын хэлсэн ерөөл нь хүртэл хараал болох байв.

5, 6. а) Тахилчдыг тийн хатуу зэмлэх нь яагаад зөв байсан бэ? б) Ехова тахилчдыг жигшин зэвүүцэж байгаагаа яаж илэрхийлсэн бэ?

5 Тахилчид тийм хатуу зэмлэл хүлээх болсны учир юу вэ? Үүний шалтгаан нь 7-р зүйлд тодорхой байдаг. Тэнд: «Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм» гэж байдаг. Үүнийг бичихээс мянга гаруй жилийн өмнө Мосегоор дамжуулан өгсөн Бурхны хуулинд «Израилийн хөвгүүдэд... ЭЗЭНий айлдсан бүх зарлигийг... сургах» үүргийг тахилчдад оноосон байлаа (Левит 10:11). Хожим Шастирын дэд 15:3-т бичсэнээр «олон өдрийн турш Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан» нь тун харамсалтай.

6 МЭӨ V зуун буюу Малахийн үед тахилчдын байдал дээрхтэй адил байлаа. Тэд ард түмэнд Бурхны Хууль заагаагүй учраас зэмлэл хүлээх ёстой байв. Ехова тэднийг ямар хатуу зэмлэснийг анхааръя. Малахи 2:3-т: «Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг [«сэвсийг», ШЕ] нялна» хэмээн бичжээ. Юутай хатуу зэмлэл бэ! Тахилд өргөсөн амьтны сэвсийг хуарангаас гадагш гарган, шатаадаг ёстой байв (Левит 16:27). Тэгэхлээр, Ехова сэвсийг тахилчдын нүүрэн дээр нялна гэж хэлж байгаа нь тэднийг болон амьтдаар өргөсөн тахилыг нь жигшин зэвүүцэж, голж байгаагаа тодорхой харуулж байгаа юм.

7. Ехова Хуулийн багш нарт уурласны учир юу вэ?

7 Ехова зөнч Малахийн үеэс олон зууны өмнө асар (хожим нь сүмийг) болон ариун үйлчлэлийн асуудлыг левичүүдэд хариуцуулсан. Тэд Израилийн ард түмний багш байсан юм. Энэ даалгаврыг биелүүлэх нь тэдний хувьд ч, ард түмний хувьд ч амь хийгээд амар амгалангийн баталгаа байсан билээ (Тооллого 3:5–8). Гэвч левичүүд эхэндээ Бурхнаас эмээдэг байснаа сүүлдээ эмээхээ больсон. Ехова тэдэнд: «Та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан. [...] ...Та нар Миний замыг сахиагүй» гэж хэлсэн (Малахи 2:8, 9). Тахилчид хүмүүст үнэнийг заадаггүй, муу жишээ үзүүлдэг байснаас олон израиль хүн төөрөлдөхөд хүрсэн. Тийм учраас Еховагийн тэдэнд уурлах нь зүйн хэрэг байсан юм.

Бурхны хэм хэмжээг сахин мөрдөх

8. Хүнээс Бурхны хэм хэмжээг сахин мөрдөхийг шаардах нь ахадсан хэрэг үү? Тайлбарлана уу.

8 Тэр үеийн тахилчид төгс бус хүмүүс байсан болохоор Бурхны хэм хэмжээг сахин мөрдөж чадаагүй. Тийм учраас тэднийг өрөвдөж, өршөөх хэрэгтэй гэж бодож болохгүй. Ехова биднээс боломжгүй юм шаарддаггүй учраас хүн Бурхны хэм хэмжээг сахин мөрдөж чадах нь ойлгомжтой. Тэр үеийн тахилчдын зарим нь Бурхны хэм хэмжээг мөрдөж байсан байж болох юм. Хожим агуу «Тэргүүн Тахилч» Есүс тийн үйлдэж байсан нь эргэлзээгүй (Еврей 3:1). Есүсийн тухай: «Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн» гэж ам бардам хэлж болно (Малахи 2:6).

9. Өнөө үед хэн Библийн үнэнийг үнэнчээр түгээж байна вэ?

9 Түүний нэг адил, өнөөдөр тэнгэрийн найдвартай, Есүсийн тослогдсон ах дүүс зуу гаруй жилийн турш «Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөн» «ариун тахилчийн» үүрэг гүйцэтгэж байна (1 Петр 2:5). Тэд бусдад Библийн үнэнийг түгээх ажлыг удирддаг бөгөөд бид тэдний ачаар сүнслэг үнэнийг мэдэж авсан билээ. Энэ нь «[тэдний] аманд үнэн заавар байдгийг» баталж байгаа хэрэг биш үү? Тослогдсон христианууд хуурамч шашны сургаалаас чөлөөлөгдөхөд нь олон хүнд тусалсан. Тийм учраас одоо дэлхий даяар Библийн үнэнийг таньж мэдсэн олон сая хүн байгаа бөгөөд тэд мөнх амьдрах найдвартай юм. Тэд бас өөрсдөө бусдад «үнэн зааврыг» баяртайгаар заадаг болсон ажээ (Иохан 10:16; Илчлэлт 7:9).

Болгоомжтой байхын учир

10. Бид ярихдаа яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?

10 Гэвч бид болгоомжтой байх учиртай. Эс тэгвээс Малахи 2:1–9-д байдаг санаанаас сургамж авч чадалгүй өнгөрөхөд хүрнэ. «Шударга бус нь уруулаас маань бүү олдоосой» гэж бид болгоомжилдог уу? Жишээ нь: Гэрийнхэн маань бидний үгэнд бүрэн дүүрэн итгэдэг үү? Хурлын сүнслэг ах эгч нар маань бас итгэдэг үү? Үгээ бодож цэгнэж байгаад өнгөцхөн харахад үнэн юм шиг боловч мөн чанартаа бусдыг төөрөгдүүлэхээр ярьдаг зуршилтай болох амархан. Хэн нэг нь ажил хэргийнхээ нарийн ширийн зүйлийг нуух юм уу хэт дөвийлгөн ярьдаг байж болох юм. Ехова ийм юмыг харахгүй гэж үү? Хэрэв тийм юм хийдэг бол бидний «уруулын магтаалын тахилыг» тэр хүлээж авах уу?

11. Ялангуяа хэн илүү болгоомжтой байх хэрэгтэй вэ?

11 Малахи 2:7-гийн үг хуралд Бурхны Үгийг заах үүрэгтэй ах нарт сануулга болдог. Тэдний «уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд [тэдний] амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой» хэмээн уг зүйлд бичжээ. Иаков 3:1-д бичсэнээр энэ багш нар «үлэмж хүнд шүүлтэд орох» маш өндөр хариуцлага хүлээдэг аж. Тэд оргилуун сэтгэлээр урам зоригтой заах хэрэгтэй ч зааж байгаа зүйл нь Бурхны Үг Библи болон Еховагийн байгууллагын заавар дээр бат суурилах ёстой. Тэгж байж гэмээнэ тэд «бусдад заах чадвартай» болно. Тиймээс ч тэдэнд: «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» гэж зөвлөдөг (2 Тимот 2:2, 15).

12. Хуралд заах үүрэгтэй хүмүүс юунаас болгоомжлох ёстой вэ?

12 Хэрэв бид болгоомж алдвал өөрсдийнхөө эрхэмлэдэг зүйл буюу үзэл бодлоо заах гэсэн хүсэлд автаж болно. Тийм хүсэл ихэвчлэн, өөртөө хэт итгэдэг, тэр байтугай Еховагийн байгууллагын заадаг зүйлээс хувийнх нь үзэл бодол зөрж байсан ч өөрийнхийгөө зөв гэж үздэг хүмүүст бий болдог. Гэхдээ бид «Малахи» номын хоёрдугаар бүлэгт онцлон тэмдэглэснээр хурлын багш нарыг хонинуудыг бүдрүүлэх шалтгаан болж болох өөрсдийнхөө үзэл бодлыг бус, Бурхнаас гардаг мэдлэгийг заагаасай гэж хүлээх ёстой. Есүс: «Хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр» гэж хэлсэн (Матай 18:6).

Итгэгч бус хүнтэй гэрлэх

13, 14. Малахи итгэл эвдсэн ямар асуудлыг цохон тэмдэглэсэн бэ?

13 «Малахи» номын хоёрдугаар бүлгийн 10-р зүйлээс эхлэн итгэл эвдэхтэй холбоотой сэдвийг илүү ил тод хөндсөн байдаг. Малахи хоорондоо уялдаа холбоо бүхий хоёр асуудлыг онцолж дурдаад тэдгээрийг нэг биш удаа «итгэл эвдэх» (ШЕ) гэж нэрлэсэн. Юуны түрүүнд Малахи: «Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Бид яагаад бие биеийнхээ итгэлийг эвдэж, өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?» (ШЕ) гэсэн асуултаар зөвлөгөөгөө эхэлснийг ажиглаарай. Дараа нь 11-р зүйлд израильчууд итгэл эвдсэн үйл хэргээрээ «Еховагийн ариун байдлыг» (ШЕ) бузарлаж байна гэж нэмж бичсэн. Тэд тийм ноцтой чухам ямар үйл хийсэн бэ? Эл зүйлд буруу үйл хэргүүдээс нэгийг л заасан. Тэр нь израильчууд «харийн бурхны охинтой гэрлэсэн» явдал байлаа.

14 Өөрөөр хэлбэл, Еховад өөрсдийгөө зориулсан ард түмний гишүүн буюу зарим израиль хүн өөр шүтлэгтэй хүмүүстэй гэрлэсэн байна. Энэ хэрэг яагаад тийм ноцтой болохыг хам сэдэв харуулдаг. Израильчуудыг ганц эцэгтэй гэж 10-р зүйлд бичсэн буй. Энэ бол Иаков (хожим Израиль гэдэг нэртэй болсон) ч, Абрахам ч, тэр байтугай Адам ч биш ажээ. «Нэг эцэг» нь Ехова гэдгийг Малахи 1:6 харуулдаг. Израильчууд эцэг өвгөдийнхөө гэрээнд нэгдсэн, Еховатай онцгой харьцаатай ард түмэн байлаа. Уг гэрээний нэгэн хуульд: «Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго» гэж байдаг (Дэд хууль 7:3).

15. а) Гэрч биш хүнтэй гэрлэхийг зарим хүн хэрхэн зөвтгөдөг вэ? б) Гэрлэлтийн талаар Ехова ямар санаа бодолтой вэ?

15 Өнөөдөр хэн нэг нь «Миний дурласан хүн их сайн хүн. Тэр минь яваандаа жинхэнэ шүтлэгийг хүлээн авна байх» гэж бодож болох юм. Тийм бодол нь «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» гэсэн Библийн сануулгын зөв болохыг баталдаг (Иеремиа 17:9). Гэрч биш хүнтэй гэрлэхийг Бурхан хэрхэн үздэгийг Малахи 2:12-т: «Ийм зүйлийг хийдэг хүнийг ЭЗЭН таслах болно» хэмээн илэрхийлсэн байдаг. Тийм учраас христиануудыг «зөвхөн Эзэн дотор» гэрлэхийг уриалдаг (1 Коринт 7:39). Гэрч биш хүнтэй гэрлэсэн христиан хүн «таслагдахгүй» л дээ. Гэвч итгэгч биш хань нь Гэрч болохгүй бол Бурхан удахгүй энэ ертөнцийг устгахад юу болох вэ? (Дуулал 37:37, 38).

Ханьтайгаа зүй бусаар харьцах

16, 17. Зарим хүн ямар байдлаар итгэл эвдэж байсан бэ?

16 Дараа нь Малахи итгэл эвдэхтэй холбоотой хоёр дахь асуудлыг авч үзсэн. Энэ бол ханьтайгаа зүй бусаар харьцах, ялангуяа хууль бус шалтгаанаар салах явдал юм. Хоёрдугаар бүлгийн 14-р зүйлд: «Чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн [«итгэлийг эвдсэн», ШЕ] юм» хэмээн бичжээ. Иудей эрчүүд эхнэрүүдийнхээ итгэлийг эвддэгээс болоод тэд Еховагийн тахилын ширээг «нулимсаар бүтээдэг» болсон (Малахи 2:13). Тэр эрчүүд илүү залуу эхнэр авах, тэр байтугай харь үндэстний эмэгтэйтэй гэрлэх гэсэн хууль бус шалтгаанаар авааль эхнэрээ орхин, салж байлаа. Эх захаа алдсан тахилчид үүнийг зүгээр өнгөрөөдөг байсныг яана! Гэвч Малахи 2:16-д: «„Би салалтыг үзэн яддаг“ гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичсэн байдаг. Хожим Есүс, салаад буруугүй нэг нь дахин гэрлэж болох цорын ганц шалтгаан бол садар самуун явдал юм гэж тайлбарласан (Матай 19:9).

17 Малахийн үгийг нухацтай бодон, эдгээр нь зүрх сэтгэлд хэрхэн хүрч, сайн үйлд хэрхэн уриалан дууддагийг үзье. «Чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр» гэж Малахи хэлсэн. Эхнэрийнхээ итгэлийг эвдсэн буруутай эрчүүд бүгдээрээ эхлээд итгэл нэгт израиль эмэгтэйг амьдралын ханиа болгон сонгож, түүнтэй гэрлэсэн байсан. Тэд залуу насандаа гэрлэсэн байж болох хэдий ч өнгөрүүлсэн он жилүүд болон нас өтөлж эхэлсэн нь байгуулсан «гэрээ» буюу хууль ёсны гэр бүлээ цуцлах үндэс болоогүй юм.

18. Итгэл эвдэхтэй холбоотой Малахийн зөвлөгөө өнөөдөр ямар ач холбогдолтой вэ?

18 Дээрхтэй холбоотой энэ зөвлөгөө өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой хэвээр байна. Зарим хүн «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тухай Бурхны зөвлөгөөг үл тоомсорлодог нь тун харамсалтай. Тэрчлэн нөгөө зарим нь гэр бүлээ бэхжүүлэх гэж чармайхаа больдог нь бас л харамсмаар. Харин ч тийм хүмүүс өөрсдийн үйлдсэн, Бурхны үзэн яддаг буруу үйл хэргээ зөвтгөх арга зам олохыг хичээдэг бөгөөд өөр хүнтэй гэрлэхийн тулд Библийн бус шалтгаанаар салдаг. Тэд энэ бүгдийг хийснээрээ «ЭЗЭНийг ядраасан». Малахийн үеийн, Бурхны зөвлөгөөг үл тоомсорлодог байсан хүмүүс Еховаг шударга бусаар шүүдэг хэмээн бүдүүн зүрх гаргадаг байв. Үнэн хэрэгтээ тэд: «Шударга ёсны Бурхан хаана байна вэ?» гэж хэлж байлаа. Яасан этгээд бодол бэ! Ийм урхинд орохгүй байя (Малахи 2:17).

19. Нөхөр, эхнэрүүд ариун сүнсийг хэрхэн хүртэж болох вэ?

19 Малахи ханийнхаа итгэл эвдээгүй зарим эрийн сайн талыг бас тэмдэглэсэн. Тэд «[Бурхны] Сүнсний үлдэгдэлтэй» байсан ажээ (15-р зүйл). Өнөөдөр Бурхны байгууллагад «эхнэрээ хүндэтгэдэг» тийм эр олон байдаг нь сайшаалтай хэрэг (1 Петр 3:7). Тэд зодох юм уу хэл амаар доромжлох зэргээр эхнэртэйгээ зүй бусаар харьцдаггүй, сексийн гаж үйлдэл хийх гэж шахаж шаарддаггүй, өөр хүүхэнтэй сээтэгнэх, эсвэл порно үзэх замаар тэднийг гутаадаггүй. Түүнчлэн Еховагийн байгууллагад Бурханд болон түүний хуулинд үнэнч, итгэмжит олон эмэгтэй байдаг. Тийм эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурхны үзэн яддаг юмыг мэддэг бөгөөд тэр дагуу бодож сэтгэн, үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний жишээг дуурайж, «Бурхныг даган», Еховагийн ариун сүнсийг арвин ихээр хүртэгтүн (Үйлс 5:29).

20. Хүн төрөлхтөн ямар цагт тулж ирчихээд байна вэ?

20 Ехова удахгүй бүх ертөнцийг шүүнэ. Хүн болгон юу хийж, юунд итгэж байснаа Бурханд хэлнэ. «Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» (Ром 14:12). Тэгэхлээр «Еховагийн өдрийг» хэн эсэн мэнд давах юм бэ? гэсэн сонирхолтой асуулт гарч ирнэ. Эл сэдвийг цуврал өгүүллийн сүүлчийн буюу гурав дахь өгүүллээр авч үзнэ.

Та тайлбарлаж чадах уу?

• Ехова Израилийн тахилчдыг гол нь ямар шалтгаанаар зэмлэсэн бэ?

• Бурхны хэм хэмжээг сахиж мөрдөх нь хүмүүст яагаад ахадсан зүйл биш вэ?

• Хүмүүст заахдаа болгоомжтой байх ёстойн учир юу вэ?

• Ехова ямар хоёр хэргийг онцгойлон буруушаасан бэ?

[Догол мөрийн асуулт]