Skip to content

Гарчиг руу орох

Тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл үзүүлэгтүн

Тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл үзүүлэгтүн

Тусламж хэрэгтэй хүмүүст хайр энэрэл үзүүлэгтүн

«Хүн бүр өөрийн ах дүүст хайр энэрлээр... хандагтун» (ЗЕХАРИА 7:9).

1, 2. а) Бид ямар учраас хайр энэрэл үзүүлэх ёстой вэ? б) Ямар ямар асуулт авч үзэх вэ?

 ЕХОВА БУРХНЫ Үг бидэнд «энэрлийг [буюу хайр энэрлийг] хайрлахыг» уриалаад, үүний учрыг тайлбарласан байдаг (Мика 6:8). Нэг учир нь гэвэл, «хайр энэрэлтэй хүн сэтгэлээ тэтгэдэг» (Сургаалт үгс 11:17) *. Юутай үнэн үг вэ! Хайр энэрэл буюу үнэнч хайрыг үзүүлбэл бусадтай чин сэтгэлийн, өнө удаан үргэлжлэх дотно харьцаатай болдог. Эцэст нь үнэнч анд нөхөдтэй болдог. Энэ нь бидний «сэтгэлийг тэтгэхгүй» гэж үү? (Сургаалт үгс 18:24).

2 Түүнээс гадна, Библид: «Зөв шударга ба хайр энэрлийг хайдаг хүн нь амийг... олно» хэмээсэн байдаг (Сургаалт үгс 21:21). Тийм ээ, «хайр энэрлийг хайвал» Бурхан биднийг хайрлаж, ирээдүйд их ивээл хүртээж, тэр дундаа мөнхийн амь өгнө. Гэхдээ хайр энэрлийг хэрхэн үзүүлэх вэ? Хэнд хайр энэрлээ үзүүлэх ёстой вэ? Хайр энэрэл сайхан сэтгэлээс ямар ялгаатай вэ?

Хайр энэрэл ба сайхан сэтгэл

3. Хайр энэрэл сайхан сэтгэлээс ямар ялгаатай вэ?

3 Хайр энэрэл сайхан сэтгэлээс олон талын ялгаатай ажээ. Жишээлбэл: Хүнд сайхан сэтгэл гаргахад түүнтэй заавал чин сэтгэлийн холбоотой буюу хувийн харьцаатай байх албагүй. Харин чин сэтгэлийн холбоотой бол хайр энэрэл үзүүлдэг. Хүмүүс урьдын харьцаандаа үндэслэн бие биедээ хайр энэрэл үзүүлдгийг Библи харуулдаг (Эхлэл 20:13; 2 Самуел 3:8; 16:17). Эсвэл урьд нь өөрт нь сайхан сэтгэл гаргасан хүнд эргээд хайр энэрэл үзүүлдэг байна (Иошуа 2:1, 12–14; 1 Самуел 15:6; 2 Самуел 10:1, 2). Энэ ялгааг магадлахын тулд Библид өгүүлсэн сайхан сэтгэлийн ба хайр энэрлийн жишээг харьцуулж үзье.

4, 5. Библиэс авч үзсэн хоёр жишээ сайхан сэтгэл болон хайр энэрлийн ялгааг хэрхэн харуулж байна вэ?

4 Усан онгоцны сүйрэлд өртсөн хүмүүст, тухайлбал, элч Паул нарт сайхан сэтгэл гаргасан нэг жишээг үзье. Тэд Мальт арлын эрэг орчим хаягдсан байлаа (Үйлс 27:37–28:1). Арлынхан хүний газар хөсөр хаягдсан аялагчдад туслах албагүй, тэр бүү хэл, тэднийг өмнө нь огт таньдаггүй байсан ч гэлээ «маш их элэгсэг хандан» найрсаг харьцжээ (Үйлс 28:2, 7). Тэд найрсаг хандсан нь сайхан сэтгэлийн шинж байсан ч энэ нь харийн хүмүүсийг гэсэн тохиолдлын чанартай байжээ. Тийм ч учраас энэ бол жирийн сайхан сэтгэл юм.

5 Давид хаан найз Ионатаныхаа хүү Мефибошетэд хэрхэн найрсаг хандсаныг харьцуулж үзье. Давид: «Чи миний ширээнд тогтмол хооллох болно» хэмээгээд түүнд үүнийхээ учрыг тайлбарлан: «Би чиний эцэг Ионатаны төлөө чамд хайр энэрлийг заавал үзүүлнэ» гэж хэлсэн (2 Самуел 9:6, 7, 13). Давид ийнхүү хувиршгүй сэтгэлээр найрсаг хандсан нь жирийн нэг сайхан сэтгэл биш, хайр энэрэл байсан юм. Яагаад гэвэл энэ нь түүнийг Ионатантай тогтоосон урьдын нөхөрлөлдөө үнэнч байсныг нотолдог (1 Самуел 18:3; 20:15, 42). Бурхны үйлчлэгчид өнөөдөр бүх хүнд сайхан сэтгэл гаргадаг. Харин итгэл нэгтнүүддээ хайр энэрэл буюу үнэнч хайр үзүүлдэг (Матай 5:45; Галат 6:10).

6. Бурхны Үг хүний хайр энэрлийн ямар онцлогийг харуулдаг вэ?

6 Хайр энэрлийн өөр онцлогийг тодорхойлохын тулд энэ чанарыг харуулсан гурван жишээ авч үзье. Библийн эдгээр жишээнээс хүн хайр энэрлийг 1) тодорхой үйл хэргээр; 2) сайн дурын үндсэн дээр; 3) тусламж хэрэгтэй хүнийг онцолж үзүүлдэг гэдгийг ойлгоно. Түүнээс гадна, бид өөрсдөө хэрхэн хайр энэрэл үзүүлж болохыг мэдэж авна.

Эцгийн хайр энэрэл

7. Абрахамын зарц, Бетуел Лабан хоёрт юу гэж хэлсэн бэ? Ямар асуудлыг хөндсөн бэ?

7 Эхлэл 24:28–67-д өмнөх өгүүлэлд дурдсан Абрахамын зарцын аялал хэрхэн өндөрлөснийг бичсэн байдаг. Зарц Ребекатай уулзсаны дараа эцэг Бетуелийнх нь гэрт зочлон очихоор болжээ (28–32-р зүйл). Гэрт нь ирээд зарц Абрахамын хүүд эхнэр болох хүн хайж яваагаа нэгд нэгэнгүй ярьжээ (33–47-р зүйл). Тэрээр Ехова «намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулан», аян замыг амжилттай болгон удирдлаа гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэжээ (48-р зүйл). Болсон үйл явдлын тухай ийнхүү чин сэтгэлээсээ хэлбэл түүнийг даалгавраа биелүүлэхэд нь Ехова ивээжээ гэдэгт Бетуел болон хүү Лабан нь итгэнэ гэдэгт зарц эргэлзсэнгүй. Эцэст нь зарц: «Хэрэв одоо та нар миний эзэнд хайр энэрлээ, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү, эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл» гэж хэлэв (49-р зүйл).

8. Ребекагийн асуудалд Бетуел хэрхэн хандсан бэ?

8 Ехова үүнээс өмнө Абрахамд хайр энэрлээ үзүүлчихээд байлаа (Эхлэл 24:12, 14, 27). Бетуел Ребекаг зарцтай хамт явахыг зөвшөөрч хайр энэрэл үзүүлэх болов уу? Бурхны хайр энэрэл хүний хайр энэрэлтэй хослоод зорилгодоо бүрэн хүрэх байв уу? Эсвэл зарцын туулсан алс холын аян талаар болох байсан уу? Лабан Бетуел хоёрын: «Энэ нь ЭЗЭНээс заяагддаг» гэж хэлсэн үг зарцын сэтгэлийг амраасан байх учиртай! (50-р зүйл). Тэд Еховаг энэ хэрэгт оролцож байгааг хүлээн зөвшөөрөөд, даруй шийдвэрийг нь дагажээ. Дараа нь Бетуел хайр энэрлээ илэрхийлэн: «Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог» гэж хэлжээ (51-р зүйл). Ребека ч Абрахамын зарцыг дуртайяа даган явж, удаж төдөлгүй Исаакийн хайртай эхнэр болжээ (4952–5867-р зүйл).

Хүүгийн хайр энэрэл

9, 10. а) Иаков, хүү Иосефоосоо юу гуйсан бэ? б) Иосеф эцэгтээ хэрхэн хайр энэрэл үзүүлсэн бэ?

9 Абрахамын ач хүү Иаков ч бас хайр энэрэл үзжээ. «Эхлэл» номын 47-р бүлэгт бичсэнээр Иаков Египетийн нутагт амьдарсаар «үхэх цаг нь ойртжээ» (27–29-р зүйл). Тэрээр Бурхны Абрахамд амласан нутагт биш, харь газар үхэж байгаадаа сэтгэл зовж байлаа (Эхлэл 15:18; 35:10, 12; 49:29–32). Тэгээд өөрийг нь Египетэд нутаглуулахыг хүсээгүй болохоор цогцсыг нь Канаан нутаг уруу авч явахыг захижээ. Хүү Иосеф нь нөлөө бүхий хүн байсан болохоор түүнээс өөр хэн энэ захиасыг биелүүлж чадах билээ?

10 Библид: «[Иаков] хүү Иосефоо дуудаж, түүнд хандан: „Би одоо чиний тааллыг авсан бол чи... надад хайр энэрэл, болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай! Харин намайг өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай!“ гэжээ» хэмээн бичсэн байдаг (Эхлэл 47:29, 30). Иосеф ч хэлсэн ёсоор нь хийхээ амлаж, Иаков удалгүй нас барав. Иосеф болон бусад ах дүү нар нь эцгийнхээ цогцсыг «Канаан нутаг уруу авчраад... Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам... худалдаж авсан байв» (Эхлэл 50:5–8, 12–14). Ийнхүү Иосеф эцэгтээ хайр энэрэл үзүүлжээ.

Бэрийн хайр энэрэл

11, 12. а) Рут Наомид хайр энэрэл хэрхэн үзүүлсэн бэ? б) Рутийн «сүүлчийн хайр энэрэл эхнийхээс нь илүү дээр болсон» гэдэг юу гэсэн үг вэ?

11 «Рут» номд Наоми гэдэг бэлэвсэн эмэгтэй моаб хүн болох бэр Рутийнхээ хайр энэрлийг хүртсэн түүхийг өгүүлсэн байдаг. Наоми Иудагийн Бетлехем хот уруу буцахаар шийдэхэд Рут өөрөө бэлэвсэн байсан ч гэлээ: «Таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан [болно]» хэмээн эрс шийдэмгий хэлж, хайр энэрэл үзүүлжээ (Рут 1:16). Хожим нь Рут Наомийн хамаатан, насаар ахимаг Боазтай гэрлэхийг дуртайяа зөвшөөрөхдөө бас хайр энэрлээ үзүүлсэн * (Дэд хууль 25:5, 6; Рут 3:6–9). Боаз түүнд: «Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн хайр энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа» гэж хэлсэн (Рут 3:10).

12 Рутийн үзүүлсэн хайр энэрлийн «эхнийх» гэдгээр ард түмнээ орхиод, Наомитай «наалдсаныг» хэлжээ (Рут 1:14; 2:11). Гэхдээ Боазтай дуртайяа гэрлэсэн «сүүлчийн хайр энэрэл эхнийхээс нь илүү дээр болжээ». Ийнхүү Рут хүүхэд төрүүлэх наснаасаа нэгэнт хэтрээд байсан Ноамид өв залгамжлагч төрүүлэх боломжтой болов. Тэгээд Боаз Рут хоёр гэрлэж, дараа нь Рутийг хүүхэдтэй болоход Бетлехем хотын эмэгтэйчүүд: «Наомид хүү төрөв» хэмээн хэлцгээжээ (Рут 4:14, 17). Рут үнэхээр «онцгой сайн эмэгтэй» байсан. Тийм ч учраас Ехова түүнд Есүс Христийн элэнц эмэг болох завшаан олгожээ (Рут 2:12; 3:11; 4:18–22; Матай 1:1, 5, 6).

Үйл хэргээр илэрдэг

13. Бетуел Иосеф Рут нар хайр энэрлээ хэрхэн илэрхийлсэн бэ?

13 Бетуел Иосеф Рут нар хайр энэрлээ чухам хэрхэн үзүүлснийг та ойлгосон уу? Тэд сайхан үг хэлээд өнгөрсөн биш, тодорхой үйл хийсэн. Бетуел: «Ребека таны өмнө байна» гэж хэлээд л орхичихсонгүй, үнэхээр «Ребекаг... явуулжээ» (Эхлэл 24:51, 59). Иосеф: «Би таны хэлсэн ёсоор хийнэ» гэж амлаад, ах дүү нарынхаа хамт «эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв» (Эхлэл 47:30; 50:12, 13). Рут ч гэсэн: «Таны явах газар уруу би явна» гэж хэлсэн төдий биш, Наомиг даган ард түмнээ орхиод «тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав» (Рут 1:16, 19). Рут Иудад байхдаа ч «хадам эхийнхээ тушаасан бүгдийн дагуу үйлдэв» (Рут 3:6). Тийм ээ, Рутийн хайр энэрэл Бетуел Иосеф нарынх шиг үйл хэргээр илэрсэн юм.

14. а) Бурхны орчин үеийн үйлчлэгчид хайр энэрлээ үйл хэргээр хэрхэн харуулдаг вэ? б) Танай хурлын гишүүд хайр энэрлийн ямар үйл хийдэг вэ?

14 Бурхны орчин үеийн үйлчлэгчид ч гэсэн хайр энэрлээ үйл хэргээр илэрхийлэхийг харахад сэтгэл уярмаар. Жишээлбэл: Сул дорой, зовж шаналсан, уй гашуу амссан итгэл нэгтнүүдээ удаан хугацааны турш сэтгэл санаагаар дэмждэг хүмүүсийн тухай бодоод үзье (Сургаалт үгс 12:25). Нас дээр гарсан ах эгч нараа долоо хоног бүр цуглаанд хүргэж ирдэг Гэрчүүдийн тухай ч бодоорой. Үе мөчний өвчнөөр шаналдаг 82 настай Анна гэдэг эгч өндөр настай бусад ах эгч нарыг төлөөлөн: «Бүх цуглаанд унаагаар хүргүүлнэ гэдэг Еховагийн ивээл юм. Намайг ийм их халамжилдаг сүнслэг олон ах эгч өгсөнд нь би Еховад зүрхнийхээ угаас талархдаг» гэж хэлжээ. Та ч гэсэн хурлынхаа гишүүдийн төлөө иймэрхүү ажил хийдэг үү? (1 Иохан 3:17, 18). Хэрэв тийм бол, таны хайр энэрлийг өндөр үнэлдэг гэдэгт итгээрэй.

Сайн дурын үндсэн дээр

15. Бидний авч үзсэн жишээнүүд хайр энэрлийн ямар онцлогийг тодорхой харуулж байна вэ?

15 Бидний авч үзсэн жишээнүүдээс хайр энэрлийг албадлагаар бус, харин сайн дурын үндсэн дээр үзүүлдэг нь тодорхой байна. Бетуел Абрахамын зарцын үгийг дуртайяа биелүүлж, Ребека ч дуртайяа явсан (Эхлэл 24:51, 58). Иосеф хэнээр ч шахуулахгүйгээр хайр энэрлээ үзүүлсэн (Эхлэл 50:4, 5). Бас Рут «[Наомитай] хамт явахаар эрс шийдсэн» (Рут 1:18). Наоми түүнийг Боаз уруу очихыг зөвлөхөд ч моаб бүсгүй хайр энэрэлдээ хөтлөгдөн: «Таны хэлсэн бүгдийг би хийнэ» гэжээ (Рут 3:1–5).

16, 17. Бетуел Иосеф Рут нарын хайр энэрлийг онцгой ач холбогдолтой гэж үзэхийн учир юу вэ? Юу тэднийг хөтөлсөн бэ?

16 Бетуел Иосеф Рут нарын хайр энэрэл их ач холбогдолтой байсны учир гэвэл Абрахам Иаков Наоми нар тэднийг ухуулж ятгаад өөрсдийнхөө төлөө ямар нэг юм хийлгэх боломжгүй байсан юм. Жишээ нь: Бетуелийн хувьд охиноо заавал өгөх албагүй байсан. Тийм ч болохоор Абрахамын зарцад: «Би ажилсаг охиноо дэргэдээ байлгамаар байна» гээд хэлчихэж болох л байсан (Эхлэл 24:18–20). Иосеф ч гэсэн эцгийнхээ захиасыг биелүүлэх үү үгүй юү гэдгээ дураараа шийдэхэд болохгүй юм байгаагүй. Учир нь Иаков нэгэнт өөд болсон болохоор хүүгээ үгэндээ оруулах аргагүй байлаа. Наоми өөрөө Рутийг Моаб нутагтаа үлдэхийг зөвшөөрсөн билээ (Рут 1:8). Тэрчлэн, Рут насаар ахимаг Боазын оронд «залуусын» хэн нэгтэй гэр бүл болж болох л байсан.

17 Бетуел Иосеф Рут нар зүрх сэтгэлдээ хөтлөгдөн, сайн дураараа хайр энэрэл үзүүлжээ. Давид хаан Мефибошетэд хайр энэрэл үзүүлэх ёстойгоо мэдэрч, энэ чанарыг илэрхийлсэн шиг тэд ч гэсэн хувийн харьцаатай байсан хүмүүстээ хайр энэрэл үзүүлэх ёс суртахууны үүргээ ухамсарлажээ.

18. а) Ахлагч нар «хонин сүргийг хариулахдаа» ямар сэтгэлээр ханддаг вэ? б) Нэг ахлагч итгэл нэгтнүүддээ туслахдаа ямар сэтгэлтэй байдгаа хэрхэн илэрхийлсэн бэ?

18 Хайр энэрэл бол Бурхны ард түмний, тэр дундаа, Бурхны сүргийг хариулах үүрэгтэй ахлагч нарын шинж хэвээрээ байна (Дуулал 110:3; 1 Тесалоник 5:12). Тэд харгалзагчаар томилогдсоноороо бусдын итгэлийг даах ёстой болсноо ухамсарладаг (Үйлс 20:28). Тэд «хонин сүргийг хариулах» ажил болон хурлын сайн сайхны төлөө хийдэг хайр энэрлийн бусад үйлсээ «албадлагаар бус, харин сайн дураараа» хийдэг (1 Петр 5:2). Ахлагч нар сүргийг хариулах хариуцлага хүлээхийн зэрэгцээ үүнийг хийх хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүлээсэн хариуцлага болон хүсэл сэтгэлээсээ Христийн хонинуудад хайр энэрэл үзүүлдэг (Иохан 21:15–17). «Би хурлынхаа гишүүдийн гэрээр ороод гарах, эсвэл мэндийг нь мэдэх гэж утсаар ярих их дуртай. Ах эгч нартаа тусалбал би баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдаг!» гэж нэгэн ахлагч хэлжээ. Бидэнд халамж тавьдаг ахлагч нар үүнтэй санал бүрэн нийлдэг.

Тусламж хэрэгтэй хүнд хайр энэрэл үзүүлдэг

19. Энэ өгүүлэлд авч хэлэлцсэн Библийн түүх хайр энэрлийн тухай юуг онцлон харуулдаг вэ?

19 Бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүст хайр энэрэл үзүүлэх учиртайг өмнө өгүүлсэн Библийн түүх онцлон харуулдаг. Удам угсаагаа залгуулахад нь Абрахамд Бетуелийн тус дэм хэрэгтэй байлаа. Иаковт Иосефийн тусламж маргаангүй шаардлагатай байсан. Рут Наомиг өв залгамжлагчтай болоход зайлшгүй туслах хэрэгтэй байв. Абрахам, Иаков, Наомийн хэн нь ч тухай тухайн асуудлаа бусдын тусламжгүйгээр шийдэх аргагүй байлаа. Өнөөдөр ч гэсэн тусламж хэрэгтэй хүнийг онцолж, хайр энэрэл үзүүлэх учиртай (Сургаалт үгс 19:17). Бид Иовын үлгэр жишээг дуурайх ёстой. Яагаад гэвэл тэрээр «тусламж гуйн хашхирсан ядуус хийгээд туслагчгүй өнчин... үхэж буй хүмүүсийг» асардаг байсан. Түүнчлэн «бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан», «сохорт нүд нь, доголонд хөл нь болдог» байжээ (Иов 29:12–15).

20, 21. Бидний хайр энэрлийн тусламж чухам хэнд гойд хэрэгтэй вэ? Хүн бүр юу хийх ёстой вэ?

20 «Тусламж гуйн хашхирсан хүмүүс» үнэндээ хурал болгонд байдаг. Тэд ганцаардан, сэтгэлээр унаад, өөрийгөө зохих ёсоор хүндэтгэж үзэхээ больж, бусдаас болж урам хугараад, эсвэл хүнд өвчин туссан юм уу хайртай хүнээ үхэлд алдсан зэргээс ийм байдалд орсон байж мэднэ. Юутай ч, тэдэнд тусламж хэрэгтэй бөгөөд бид сайн дурын үндсэн дээр хайр энэрлийн үйлээрээ туслах учиртай (1 Тесалоник 5:14, ШЕ).

21 Иймээс бүгдээрээ «хайр энэрлээр бялхам» Ехова Бурхнаа ямагт дуурайцгаая (Египетээс гарсан нь 34:6; Ефес 5:1). Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг онцолж үзээд, тодорхой үйл хэрэг дуртайяа хийвэл Бурхнаа дуурайх болно. Бид «ах дүүстээ хайр энэрлээр хандвал» өөрсдөө ч их баяр баясгалан эдэлж, Еховаг алдаршуулах нь лавтай (Зехариа 7:9).

[Зүүлт]

^ «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад энэхүү өгүүллээр хэлэлцэж буй чисед гэдэг еврей үгийг «хайр энэрэл», «энэрэл хайр», «хайр ерөөл», «энэрэнгүй», «энэрэл», «үнэнч» гэх зэргийн янз бүрийн үгээр орчуулсан байна. Иймээс дэс дарааг хадгалж, ойлгоход хялбар болгох үүднээс энэ өгүүлэлд дурдсан бүх зүйлд «хайр энэрэл» гэдэг үгийг ашигласан болно.

^ Энд дурдсан гэр бүл болох зарчмын тухай дэлгэрэнгүй тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 1-р ботийн 370-р хуудаснаас үзнэ үү (англи).

Та хэрхэн хариулах вэ?

• Хайр энэрэл сайхан сэтгэлээс ямар ялгаатай вэ?

• Бетуел Иосеф Рут нар хайр энэрлээ хэрхэн үзүүлсэн бэ?

• Ямар сэтгэлээр хайр энэрэл үзүүлэх нь зөв бэ?

• Бидний хайр энэрэл чухам хэнд хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]