Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн зөвт байдлыг эрхэмлэгтүн

Еховагийн зөвт байдлыг эрхэмлэгтүн

Еховагийн зөвт байдлыг эрхэмлэгтүн

«Зөвт байдал ба үнэнийг хайдаг хүн нь амь, зөвт байдал, хүндэтгэлийг олно» (СУРГААЛТ ҮГС 21:21).

1. Өнөөдөр хүмүүсийн ямар зам мөхөл уруу хөтөлж ирсэн бэ?

 «ХҮНД зөв мэт санагдавч, төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» (Сургаалт үгс 16:25). Библийн энэ сургаал үг өнөөгийн ихэнх хүний явж байгаа замыг юутай үнэн зөв дүрсэлсэн байна вэ! Хүмүүс гол төлөв бусдын үндсэн хэрэгцээг үл тоон зөвхөн өөртөө зөв гэж үзсэн зүйлээ л хийдэг (Сургаалт үгс 21:2). Тэд улсынхаа хууль тогтоомжийг аман дээрээ сахидаг боловч боломж л гарвал уландаа гишгэдэг. Үүний уршгаар нийгэм задран бутарч, будилж самууран, эх захаа алджээ (2 Тимот 3:1–5).

2. Хүн төрөлхтний тусын тулд юу чухал хэрэгтэй вэ?

2 Бидний тусын тулд, тэрчлэн хүн төрөлхтний тайван амгалан, аюулгүй байдлын тулд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, мөрдөн сахихад нийцэхүйц шударга зөв хууль, хэм хэмжээ туйлаас чухал. Хичнээн ухаантай, чин сэтгэлтэй байлаа ч хүний тогтоосон ямар ч хууль, хэм хэмжээ энэ шаардлагыг хангаж чадахгүй нь ойлгомжтой (Иеремиа 10:23; Ром 3:10, 23). Хэрэв тийм хэм хэмжээ байдаг бол хаанаас олж болох вэ? Тэр нь чухам юу байх вэ? Хэрэв тийм хэм хэмжээ байдаг бол та түүнийг эрхэмлэн, сахиж мөрдөх болов уу? гэдэг асуулт илүү чухал байж болох юм.

Зөвт хэм хэмжээг олох нь

3. Бүх хүний сэтгэлд нийцдэг, бүгдэд ашигтай хэм хэмжээг ганцхан хэн өгч чадах вэ? Яагаад?

3 Хүн болгоны санаанд нийцдэг, бүгдэд ашигтай хэм хэмжээг үндэс угсаа, соёл боловсрол, улс төр болон хүний харалган, мөхөс байдлаас хараат бус нэгнээс л олж болно. Энэ шаардлагыг хангах цорын ганц бодгаль бол «тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» хэмээн тунхагласан Төгс хүчит Бүтээгч, Ехова Бурхан гэдэг нь эргэлзээгүй (Исаиа 55:9). Түүнээс гадна Библи Еховаг «итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» гэж хэлдэг (Дэд хууль 32:4). «Ехова бол зөвт» (ШЕ) гэсэн үг хэллэг Библийн хаана л бол хаана байдаг (Египетээс гарсан нь 9:27; Шастирын дэд 12:6; Дуулал 11:7; 129:4; Иеремиагийн гашуудал 1:18; Илчлэлт 19:2) *. Тийм ээ, хамгийн сайн хэм хэмжээг бидэнд Ехова л өгч чадна. Яагаад гэвэл тэр итгэмжит, шударга бөгөөд зөвт билээ.

4. «Зөвт» гэдэг үг ямар утгатай вэ?

4 Библид байдаг «зөвт» гэдэг үгийг өнөөдөр түгээмэл хэрэглэдэггүй. Зарим хэлэнд уг үгийг хүнийг басамжлан доромжлох өнгө аясаар хэрэглэдэг. Тэдний хувьд «зөвт» байх гэдэг нь хоёр нүүр гарган, сүсэгтэй хүний дүр эсгэхтэй агаар нэгэн аж. Гэхдээ нэгэн тольд тайлбарласнаар «зөвт» гэдэг нь «шударга, үнэнч, ариун явдалтай; гэмгүй, нүгэлгүй; Бурхны хууль болон ёс суртахууны хэм хэмжээг сахин мөрддөг; зөв буюу шударга үйл хийх» гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Бид энэ бүх сайхан чанарыг тусгасан хууль буюу хэм хэмжээтэй бол түүнийг эрхэмлэхгүй гэж үү?

5. Зөвт байдлын онцлогийг Библид хэрхэн илэрхийлсэн бэ?

5 Нэг нэвтэрхий тольд зөвт байдлын тухай: «Зөвт байдал гэдэг бол хийсвэр ойлголт биш, харин бүхий л талаар шударга, зөв байна гэсэн үг» хэмээн тэмдэглэжээ («Encyclopaedia Judaica»). Жишээ нь: Бурхны зөвт байдал гэдэг нь зүгээр нэг ариун буюу цэвэр байдал гэх мэтийн түүний дотоод чанар биш, харин зөв шударга үйлээр нь илэрдэг түүний мөн чанарын илрэл юм. Нэгэнт Ехова ариун бөгөөд цэвэр учраас түүний хийж байгаа, түүнээс гарч байгаа болгоныг зөвт гэж хэлж болно. Библид бичсэнээр «ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөвт, Өөрийн бүх үйлд энэрэнгүй» юм (Дуулал 145:17).

6. Паул тэр үеийнхээ христиан биш иудейчүүдийн талаар юу хэлсэн бэ? Яагаад?

6 Элч Паул Ром хотын христиануудад илгээсэн захидалдаа энэ санааг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрээр христиан биш зарим иудей хүний талаар: «Учир нь Бурхны зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурхны зөвт байдалд үл захирагдав» хэмээн бичжээ (Ром 10:3). Паул тэднийг «Бурхны зөвт байдлыг мэдэлгүй» гэж хэлсний учир юу вэ? Тэдэнд Мосегийн Хууль буюу Бурхны зөвт хэм хэмжээг заагаагүй гэж үү? Заалгүй яахав. Гэхдээ тэдний ихэнх нь зөвт байдлыг зөвхөн шашны дүрэм журмыг няхуур нямбай сахин мөрдсөнөөр илэрдэг хувь хүний сайн чанар гэж үздэг байснаас бус бусадтай харьцахдаа удирдлага болгох ёстой хэм хэмжээ гэж үздэггүй байлаа. Тэд Есүсийн үеийн шашны удирдагчид шиг шударга ёс хийгээд зөвт байдал гэж чухам юу болохыг ойлгоогүй (Матай 23:23–28).

7. Еховагийн зөвт байдал хэрхэн илэрдэг вэ?

7 Гэтэл Еховагийн зөвт байдал түүний бүх үйлээр илэрч, бүх үйл дээр тод харагддаг. Түүний зөвт байдал санаатай үйлдсэн нүглийг зүгээр өнгөрөөхийг зөвшөөрдөггүй ч үүнээс болоод Ехова аймшигтай, ойртохын аргагүй, хөндий хүйтэн, хатуу шаардлагатай Бурхан болдоггүй. Нөгөөтэйгүүр, түүний зөвт үйлийн ачаар хүмүүс түүнд ойртож, нүглийн аймшигт үр дагавраас аврагдаж болно. Тийм учраас Еховаг «зөвт Бурхан, Аврагч» гэж нэрлэх нь туйлаас зүйд нийцэх билээ (Исаиа 45:21).

Зөвт байдал ба аврал

8, 9. Хууль Бурхны зөвт байдлыг ямар байдлаар илэрхийлсэн бэ?

8 Бурхны зөвт байдал болон хүмүүсийг аврах хайранд нь үндэслэсэн үйл хоёрын хоорондох уялдаа холбоог ойлгохын тулд Мосегоор дамжуулан Израилийн ард түмэнд өгсөн Хуулийг авч үзье. Хууль зөвт байсан нь эргэлзээгүй. Мосе израильчуудтай салах ёс хийхдээ тэдэнд: «Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?» хэмээн сануулсан (Дэд хууль 4:8). Хэдэн зууны дараа Израилийн хаан Давид: «ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөвт» гэж тунхагласан (Дуулал 19:9).

9 Ехова зөв буруугийн төгс хэмжүүрээ Хуулийн тусламжтайгаар тов тодорхой болгосон. Израильчууд шашны асуудалд төдийгүй ажил хэрэг, гэр бүлийн амьдрал, хооллож ундлах, эрүүл ахуйн болон шүүхийн асуудалд хэрхэн хандах ёстойг Хуульд маш нарийн заажээ. Хууль зөрчвөл хатуу шийтгэл, заримдаа үхлийн ял оногдуулдаг байлаа *. Гэвч Хуулиар илэрхийлсэн Бурхны зөвт шаардлагууд өнөөгийн олон хүний батлан хэлдэг шиг эрх чөлөө, баяр баясгаланг алдагдуулсан ядаргаатай, хүнд дарамт байсан уу?

10. Еховад хайртай хүмүүс түүний хуулинд хэрхэн ханддаг байсан бэ?

10 Еховад хайртай хүмүүс түүний зөвт хууль, зарлигуудыг ихэд эрхэмлэдэг байсан. Жишээ нь: Давид хаан бидний урьд үзсэнчлэн Еховагийн «шүүлтүүд» үнэн бөгөөд зөвт гэж хүлээн зөвшөөрдөг байсан төдийгүй тэдгээрийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, тэдгээрийн төлөө гүн талархдаг байсан. Тэрээр Еховагийн хууль болон шүүлтийн тухай: «Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» хэмээн бичжээ (Дуулал 19:7, 10, 11).

11. Хууль хэрхэн «Христ уруу хандуулах гэрийн багш» болсон бэ?

11 Паул олон зууны дараа Хуулийн агуу үнэ цэнг илэрхийлэн хэлсэн. Тэрээр галатынханд бичсэн захидалдаа: «Итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч [«гэрийн багш», ШЕ] болов» хэмээн бичсэн (Галат 3:24). Паулын үед гэрийн багш бол том айлын зарц буюу боол байжээ. Тэд хүүхдийг асран хамгаалж, сургуульд нь хүргэж өгөх үүрэгтэй байлаа. Түүнтэй адил Хууль нь израильчуудыг орчин тойрных нь үндэстнүүдийн ёс суртахууны доройтол болон шашны ёс заншлаас хамгаалдаг байсан (Дэд хууль 18:9–13; Галат 3:23). Тэрчлэн Хууль израильчуудад нүгэлтэйг нь ойлгуулж, өршөөл, аврал хэрэгтэйг мэдүүлсэн (Галат 3:19). Хуулийн дагуу тахил өргөдөг байсан нь золих тахил шаардлагатайг зааж байсан бөгөөд жинхэнэ Мессиаг тодорхойлох учиртай зөгнөлийн үлгэр загвар нь болж байсан юм (Еврей 10:1, 11, 12). Тийнхүү Ехова Хууль өгөн зөвт байдлаа илэрхийлсэн нь хүмүүсийн сайн сайхан хийгээд мөнх авралын төлөө хийсэн зүйл байлаа.

Бурхны зөвт гэж үзсэн хүмүүс

12. Израильчууд Хуулийг чанд сахиснаар юунд хүрэх байсан бэ?

12 Еховагийн өгсөн Хууль бүх талаараа зөвт байсан болохоор түүнийг мөрдсөнөөрөө израильчууд Бурхны нүдэнд зөвт болох байлаа. Мосе Амласан газрын босгонд тулаад оччихсон израильчуудад сануулан: «Бид Түүний тушаасан ёсоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө эдгээр бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно» гэж хэлсэн (Дэд хууль 6:25). Харин Ехова: «Та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН» хэмээн амласан (Левит 18:5; Ром 10:5).

13. Ехова хүмүүсээс зөвт Хууль биелүүлэхийг шаардсан нь шударга бус хэрэг байсан уу? Тайлбарлана уу.

13 Харамсалтай нь израильчууд нийтээрээ «ЭЗЭНий өмнө эдгээр бүх тушаалыг дагаагүй» учраас амласан ивээлийг хүртээгүй билээ. Бурхны Хууль төгс, харин израильчууд төгс бус байсан учраас тэд Бурхны бүх тушаалыг биелүүлж чадаагүй юм. Энэ нь Бурхан шударга бус буюу зөвт бус гэсэн үг үү? Огт үгүй. Паул: «Тийм бол бид юу хэлэх вэ? Бурханд зөвт бус юм байдаг уу? Огт үгүй» хэмээн бичжээ (Ром 9:14, МБОХ, 1996). Бурхан Хууль өгөхөөсөө өмнө хийгээд өгснийхөө дараа зарим хүнийг төгс бус, нүгэлтэй байсан ч зөвт гэж үздэг байсан. Бурхнаас эмээдэг тийм хүмүүсийн тоонд Ноа Абрахам Иов Рахаб Даниел нар ордог (Эхлэл 7:1; 15:6; Иов 1:1; Езекиел 14:14; Иаков 2:25). Тэгвэл, «Бурхан тэднийг ямар үндсэн дээр зөвт гэж үзсэн бэ?» гэсэн асуулт гарч ирнэ.

14. Библид хүнийг «зөвт» гэж бичсэн байдаг нь юу гэсэн үг вэ?

14 Библид хүнийг «зөвт» гэж бичсэн байдаг нь түүнийг нүгэлгүй буюу төгс гэж хэлж байгаа хэрэг биш, харин тэр хүн Бурхан болон хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг гэсэн үг юм. Жишээ нь: «Ноа тийнхүү үйлдэж, Бурхны өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэсэн» учраас «зөвт, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн» гэж дуудагдсан (Эхлэл 6:9, 22; Малахи 3:18). Баптисм хүртээгч Иоханы эцэг эх Захариа Елизабет нар бүгд л «Эзний [«Еховагийн», ШЕ] аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурхны өмнө зөвт байлаа» (Лук 1:6). Тэр байтугай, Ромын цэргийн зуутын дарга Корнел израиль хүн биш байсан ч түүнийг «Бурхнаас эмээгч, зөвт нэгэн» хэмээн тодорхойлжээ (Үйлс 10:22).

15. Зөвт байдал юутай нягт холбоотой вэ?

15 Түүнээс гадна, хүний зөвт байдал нь зөвхөн Бурхны шаардлагыг биелүүлэх төдий бус Еховад болон түүний амлалтуудад итгэх итгэл, талархах сэтгэл болон түүнийг хайрлах хайр гэх зэрэг тэр хүний зүрхэнд байгаа зүйлтэй нягт холбоотой байдаг. Библид: «Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав» гэж байдаг (Эхлэл 15:6). Абрахам Бурхан байдаг гэдэгт төдийгүй «үрийн» (ШЕ) талаар амласан амлалтад нь итгэдэг байсан (Эхлэл 3:15; 12:2; 15:5; 22:18). Тийм итгэл болон түүний дагуу үйлдсэн үйлийнх нь үндсэн дээр Ехова төгс бусаас нь үл хамааран Абрахам болон бусад үнэнч хүнтэй харьцаж, тэднийг ивээж байсан (Дуулал 36:10; Ром 4:20–22).

16. Золиосонд итгэсний ач тус юу вэ?

16 Эцсийн эцэст хүмүүсийн зөвт байдал Есүс Христийн золих тахилд итгэх итгэлээс нь хамаардаг. Паул нэгдүгээр зууны христиануудын тухай: «Христ Есүсийн төлсөн золиосоор чөлөөлөгдөн, [Бурхны] нигүүлслээр зөвт хэмээн тунхаглагдсан нь бэлэг билээ» хэмээн бичсэн (Ром 3:24, ШЕ). Энд Паул Тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт өв залгамжлахаар сонгогдсон хүмүүсийн тухай хэлжээ. Гэхдээ Есүсийн золих тахил бас өөр олон сая хүнд Бурхны нүдэнд зөвт болох боломж олгосон юм. Элч Иохан үзэгдлээр «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн» «хэн ч тоолж чадамгүй» «үй олон хүнийг» үзсэн. Тэд «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» учраас цагаан дээл нь тэднийг Бурхны нүдэнд цэвэр ариун бөгөөд зөвт болохыг бэлэгдэж байгаа юм (Илчлэлт 7:9, 14).

Еховагийн зөвт байдлыг эрхэмлэгтүн

17. Зөвт байдал уруу тэмүүлэхийн тулд ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

17 Ехова хүмүүсийг зөвт болоосой гэж Хүү Есүс Христээ хайрын үүднээс золиосолсон. Тэглээ гээд хүмүүс хар аяндаа зөвт болдоггүй. Хүн зөвт болохын тулд золиосонд итгэн, амьдралаа Бурхны хүсэл таалалд нийцүүлэн өөрчилж, өөрийгөө Еховад зориулан, үүнийгээ бэлэгдэж, усаар баптисм хүртэх ёстой. Дараа нь зөвт байдал уруу тасралтгүй тэмүүлж, бусад сүнслэг чанарыг хөгжүүлэх ёстой. Паул тэнгэрийн дуудлагатай, баптисм хүртсэн христиан Тимотод: «Зөвт байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ [«уруу тэмүүл», ШЕ]» хэмээн сануулсан (1 Тимот 6:11; 2 Тимот 2:22). Тэрчлэн Есүс байнга хүчин зүтгэл гаргахын чухлыг онцлон тэмдэглэж: «Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг [«ямагт», ШЕ] хайгтун» гэж хэлсэн. Бид Бурхны Хаанчлалын ивээл хишиг хүртэх гэж хичээн зүтгэдэг шигээ Еховагийн зөвт замаар явахын тулд төдийчинээ чармайдаг уу? (Матай 6:33).

18. а) Зөвт байдал уруу тэмүүлэх нь яагаад амаргүй вэ? б) Лотын жишээнээс бид ямар сургамж авч болох вэ?

18 Зөвт байдал уруу тэмүүлэх амаргүй нь мэдээж. Учир нь бид бүгдээрээ төгс биш бөгөөд зөвт бус байдал уруу тэмүүлэх төрөлхийн хандлагатай билээ (Исаиа 64:6). Түүнээс гадна биднийг Еховагийн зөвт замыг хайхардаггүй хүмүүс хүрээлэн байдаг. Бидний нөхцөл байдал муу үйлээрээ зартай Содом хотод амьдарч байсан Лотын нөхцөлийг санагдуулам болжээ. Ехова Лотыг ойртон ирж байгаа сүйрлээс аврах нь зохистой гэж үзсэн учрыг элч Петр тайлбарлан: «Тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа» хэмээн бичжээ (2 Петр 2:7, 8). Тийм учраас хүн болгон өөртөө: «Хэвийн юм шиг үздэг болсон садар самуун явдалтай би зүрх сэтгэлээрээ эвлэрдэг үү? Өргөн тархсан ч гэсэн хүч хэрэглэсэн зугаа наадам, спортын төрлийг зүгээр л нэг таагүй зүйл гэж би үздэг үү? Эсвэл эдгээр зөвт бус үйл хэргээс болоод Лот шиг зүрх сэтгэл минь шаналан зовдог уу?» гэх зэрэг асуултыг тавьж үзэх нь зүйтэй.

19. Бид Бурхны зөвт байдлыг эрхэмлэвэл ямар ямар шагнал хүртэх вэ?

19 Энэхүү аюултай, ороо бусгаа өдрүүдэд Еховагийн зөвт байдлыг эрхэмлэх аваас тэр нь аюулгүй байдал болон хамгаалалт болно. «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?» гэсэн асуултад Давид хаан: «Үнэнчээр явж, зөвт байдлыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн» гэж хариулжээ (Дуулал 15:1, 2). Бурхны зөвт байдал уруу тэмүүлж, түүнийг эрхэмлэх аваас бид Бурхантай тогтоосон сайн харьцаагаа хадгалж, ивээл хишиг болон сайшаалыг нь ямагт хүртэх болно. Тийм учраас бид сэтгэл ханамжтай, өөрийгөө хүндэтгэн, тайван амгалан амьдардаг. Бурхны Үгэнд: «Зөвт байдал ба үнэнийг хайдаг хүн нь амь, зөвт байдал, хүндэтгэлийг олно» гэж байдаг (Сургаалт үгс 21:21). Түүнээс гадна, бид бүх зүйлд аль болохоор шударга зөв хандахыг хичээх аваас бусадтай сайн харьцаатай болж, амьдрал маань ёс суртахууны болон сүнслэг асуудлаар сайжирна. Дуулалч: «Шударга ёсыг сахигчид, зөвт байдлыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ?» хэмээн хэлжээ (Дуулал 106:3).

[Зүүлт]

^ «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад энэхүү өгүүллээр хэлэлцэж буй эх үгийг «зөвт байдал», «зөв байдал», «зөв», «зөв шударга» гэсэн өөр өөр үг хэллэгээр орчуулсан байна. Тиймээс дэс дарааг хадгалж, ойлгоход хялбар болгох үүднээс энэ өгүүлэлд дурдсан бүх зүйлд «зөвт байдал» гэдэг үгийг ашигласан болно.

^ Мосегийн Хуулийн цар хүрээний дэлгэрэнгүйг Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Судрыг ойлгох нь» тайлбар толийн 2-р ботийн 214—220-р хуудсанд байгаа «Хуулийн гэрээний зарим онцлог» нэртэй өгүүллээс үзнэ үү (англи).

Та тайлбарлаж чадах уу?

• Зөвт байдал гэж юу вэ?

• Аврал Бурхны зөвт байдалтай ямар холбоотой вэ?

• Бурхан юуг үндэслэн хүмүүсийг зөвт гэж үздэг вэ?

• Бид Еховагийн зөвт байдлыг хэрхэн эрхэмлэж болох вэ?

[Догол мөрийн асуулт]