Сайн үйлсийн төлөө цэвэршүүлэгдсэн ард түмэн
Сайн үйлсийн төлөө цэвэршүүлэгдсэн ард түмэн
«Бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» (2 КОРИНТ 7:1).
1. Ехова өөрийг нь шүтдэг хүмүүсээс юу шаарддаг вэ?
ЭРТНИЙ Израилийн хаан Давид, Еховад таалагддаг шүтлэгтэй холбогдуулан: «ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?» гэсэн, эргэцүүлэн бодвол зохих асуулт тавиад: «Цэвэр гартай, ариун зүрхтэй, хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй хүн тэгэх юм» хэмээн хариулжээ (Дуулал 24:3, 4). Ариун Бурхан Еховад таалагдахын тулд цэвэр, ариун байх ёстой. Дээр үед Ехова хуран чуулсан израильчуудад сануулан: «[Та нар] өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ» гэж хэлсэн (Левит 11:44, 45; 19:2).
2. Цэвэр байх нь жинхэнэ шүтлэгт хичнээн чухал болохыг Паул Иаков хоёр хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
2 Хэдэн зууны дараа элч Паул ёс суртахууны хувьд уруутаж доройтсон, Коринт хотын итгэл нэгтнүүддээ: «Хайрт хүмүүс минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» хэмээн бичжээ (2 Коринт 7:1). Энэ нь Бурхантай харьцаж, амласан ивээл хишгийг нь хүртэхийн тулд цэвэр байж, өөрийгөө махан биеийн болон сүнслэг бузар булай, завхрал гажуудлаас хамгаалах хэрэгтэйг дахин батлан харуулж байна. Бурханд таалагддаг шүтлэгийн талаар шавь Иаков дээрхтэй ижил санаа илэрхийлж: «Бидний Бурхан ба Эцгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, дэлхийгээс бохирдолгүй өөрийгөө хамгаалах нь буюу» хэмээн бичжээ (Иаков 1:27).
3. Бурханд таалагдахуйцаар шүтэхийн тулд юунд буурь суурьтай хандах хэрэгтэй вэ?
3 Жинхэнэ шүтлэгт цэвэр, ариун, бузартаагүй байх нь тийм чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор Бурхны сайшаалыг хүртэх гэсэн хэн ч болов эдгээр шаардлагад буурь суурьтай хандах ёстой. Орчин үеийн хүмүүс цэвэр байх талаар олон янзын жишиг, ойлголттой байдаг учраас бид Ехова юуг цэвэр бөгөөд зүй зохистой гэж үздэгийг ойлгож, түүнд тохируулж биеэ авч явах хэрэгтэй. Бурхан энэ талаар шүтэгчдээсээ юу шаардаж, цэвэр бөгөөд өөрт нь таалагддаг болох, тийм байдлаа хадгалахад нь тэдэнд хэрхэн тусалдгийг мэдэх хэрэгтэй (Дуулал 119:9; Даниел 12:10).
Жинхэнэ шүтлэгийн төлөө цэвэр байх нь
4. Библийн үүднээс «цэвэр байдал» гэж юу болохыг тайлбарлана уу.
4 Ихэнх хүн хог шороогүй, бохир биш л бол цэвэр байна гэж үздэг. Харин Библид цэвэр байхтай холбоотой нилээд хэдэн еврей, грек үгийг ашигладаг бөгөөд тэдгээр нь зөвхөн биеэ цэвэр авч явахыг бус, харин гол төлөв ёс суртахууны болон сүнслэг цэвэр байдлыг заадаг. Библийн нэгэн нэвтэрхий тольд: «„Цэвэр“, „бузар“ гэдэг нэр томъёо нь эрүүл ахуйн асуудалтай холбоотой байх нь ховор, харин гол төлөв шашны ойлголт юм. Тийм „цэвэр байдал“ нь амьдралын бараг бүх хүрээнд хамаатай» хэмээн тэмдэглэжээ.
5. Мосегийн Хууль израильчуудын цэвэр байх асуудлыг аль хэр өргөн хүрээнд зохицуулж байсан бэ?
5 Тийм ээ, Мосегийн Хуулинд израильчуудын амьдралын бараг бүх хүрээнд хамаатай, юу нь цэвэр бөгөөд зүй зохистой, юу нь үгүй зэргийг тодорхой заасан дүрэм заавар байсан. Жишээ нь: «Левит» номын 11–15-р бүлэгт цэвэр ба бузартай холбоотой тодорхой заалтууд байдаг. Израильчууд зарим амьтныг бузар гэж үздэг байсан бөгөөд махыг нь идэх ёсгүй байв. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа тодорхой хугацаагаар бузарт тооцогддог байв. Зарим арьсны өвчин, тухайлбал, уяман, тэрчлэн эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтнээс гоожих ялгадас хүнийг мөн адил бузар болгодог байв. Түүнээс гадна бузар болсон тохиолдолд яах ёстойг Хуульд заасан байдаг. Жишээ нь: «Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун» гэж Тооллого 5:2-т бичсэн байдаг.
6. Цэвэр байх талаар өгсөн хуулиуд нь ямар зорилготой байсан бэ?
6 Еховагийн өгсөн эдгээр болон бусад хуульд анагаах ухаан, физиологийн асуудлаар цаг үеэсээ хамаагүй урьтсан ойлголтууд байсан бөгөөд тэдгээрийг сахин мөрдөх нь хүмүүст ашиг тустай байсан нь эргэлзээгүй. Гэхдээ эдгээр хуулийг зөвхөн эрүүл мэндэд тустай заавар юм уу анагаах ухааны удирдамж маягаар өгөөгүй аж. Харин тэдгээр нь жинхэнэ шүтлэгийн хэсэг байсан юм. Хуулиуд хоол унд, хүүхэд төрүүлэх, гэр бүлийн харилцаа гэх мэтийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын асуудлуудыг хөндөж байсан нь Ехова Бурхан зөвхөн өөрт нь өөрсдийгөө зориулсан израильчуудын амьдралын бүх хүрээнд юу нь зөв, юу нь буруу болохыг тодорхойлох эрхтэйг онцлон тэмдэглэсэн хэрэг байлаа (Дэд хууль 7:6; Дуулал 135:4).
7. Израилийн ард түмэн Хуулийг сахин мөрдвөл ямар ивээл хүртэх байсан бэ?
7 Түүнээс гадна, Хуулийн гэрээ нь израильчуудыг орчных нь үндэстнүүдийн бузар нөлөөнөөс хамгаалдаг байв. Израильчууд Хуулийг, тэр дундаа Еховагийн нүдэнд цэвэр байхад хамаатай шаардлагуудыг үнэнчээр сахин мөрдөж гэмээнэ Бурхандаа үйлчилж, ивээлийг нь хүртэх боломжтой байв. Ехова үүнтэй холбогдуулан ард түмэндээ: «Та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 19:5, 6; Дэд хууль 26:19).
8. Цэвэр байх талаар Хуулийн заалтыг христианууд анхаарах ёстойн учир юу вэ?
8 Ехова израильчуудад хэрхэн цэвэр, ариун болж, өөрт нь хэрхэн таалагдах талаар тийм нарийн зааврыг Хуулиар өгсөн байна. Тэгвэл өнөөгийн христианууд тэдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхээ анхааралтай авч үзэх нь зөв биш гэж үү? Христианууд Мосегийн Хуулийг сахиж мөрдөх үүрэггүй ч Хуульд байгаа бүхэн Паулын хэлснээр «ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие [«бодит байдал», ШЕ] нь Христийнх юм» гэдгийг санах ёстой (Колоссай 2:17; Еврей 10:1). «Би өөрчлөгдөшгүй» гэж хэлдэг Ехова жинхэнэ шүтлэгт цэвэр бөгөөд бузаргүй байхыг тэр үед тийм чухалд үздэг байсан юм бол Бурхны сайшаал хийгээд ивээлийг хүсдэг бид өнөөдөр бие махбодь, ёс суртахуун болон сүнслэг талаараа цэвэр байх асуудалд буурь суурьтай хандах ёстой (Малахи 3:6; Ром 15:4; 1 Коринт 10:11, 31).
Биеэ цэвэр авч явснаараа бид өөрсдийгөө «баталдаг»
9, 10. а) Христиануудын хувьд биеэ цэвэр авч явах нь яагаад чухал бэ? б) Еховагийн Гэрчүүдийн чуулганы талаар хүмүүс голдуу юу хэлдэг бэ?
9 Биеэ цэвэр авч явах нь жинхэнэ шүтлэгт өнөөдөр ч гэсэн чухал хэвээр үү? Энэ нь хүнийг Бурхны үйлчлэгч болгохгүй ч Еховагийн Гэрч боломжийнхоо хирээр биеэ цэвэр авч явах шаардлагатай нь эргэлзээгүй зүйл. Ялангуяа, олон хүн биеийн болон хувцас хунар, орон гэр, хашаа хорооныхоо ариун цэвэрт бараг санаа тавихаа больсон өнөө үед хүмүүс цэвэр нямбай хүнийг анхаарах нь их байдаг. Энэ нь Коринт хотын христиануудад Паулын: «Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм» хэмээн бичсэн шиг сайн үр дүнд хүргэж болно (2 Коринт 6:3, 4).
10 Албаны хүмүүс Еховагийн Гэрчүүдийг, ялангуяа томоохон чуулганууд дээр тод ажиглагддаг, цэвэр нямбай, эмх журамтай, элдэв муу зуршилгүй, биеэ намбатай авч явдгийнх нь төлөө нэг бус удаа магтан сайшаадаг. Жишээ нь: Италийн Савона мужид болсон мужийн чуулганы талаар «Ла Стампа» сонинд: «Цэнгэлдэх хүрээлэнд яваад ороход түүнийг ашиглаж байгаа хүмүүсийн цэвэр нямбай, эмх журамтай байдал нь шууд л анхаарал татаж байлаа» хэмээн бичжээ. Бразилийн Сан−Паулу хотын цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн Еховагийн Гэрчүүдийн чуулганы дараа цэнгэлдэх хүрээлэнгийн удирдах албаны нэгэн хүн цэвэрлэгээний асуудал хариуцсан ажилтандаа: «Үүнээс хойш та нар цэнгэлдэх хүрээлэнг Еховагийн Гэрчүүд шиг цэвэрлэх хэрэгтэй» хэмээн хэлжээ. Мөнхүү цэнгэлдэх хүрээлэнгийн өөр нэг удирдах тушаалын хүн: «Еховагийн Гэрчүүдийг цэнгэлдэх хүрээлэн түрээслэхийг хүсэхэд бид зөвхөн сар өдрийн хувьд л санаа зовдог. Өөр талаар санаа зовох юм байдаггүй» хэмээн хэлжээ.
11, 12. а) Биеэ цэвэр авч явах талаар Библийн ямар зарчмыг санаж явах ёстой вэ? б) Амьдралынхаа зуршил болоод хэв маягтай холбогдуулан ямар ямар асуулт тавьж болох вэ?
11 Хэрэв бидний шүтлэгийн газрын цэвэр бөгөөд эмх журамтай байдал шүтдэг Бурхныг маань магтан алдаршуулах үндэс болдог бол эдгээр чанарыг хувийн амьдралдаа илэрхийлэх нь мөн адил чухал гэдэг нь эргэлзээгүй. Гэвч гэр орондоо байхдаа алжаалаа тайлж, хүссэнээрээ байх эрхтэй гэж үздэг хүн байдаг. Өмсөх хувцас, үс гэзгээ янзлах тухайд бол өөртөө тохирсон, санаандаа таарсан хэв маягаа сонгох эрхтэй нь зүйн хэрэг. Гэхдээ энэ эрх чөлөө бол нилээд хэмжээгээр харьцангуй ойлголт юм. Паул зарим хоол идэх нь зөв эсэх талаар итгэл нэгтнүүддээ анхааруулж: «Та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь» хэмээн бичсэнийг санацгаая. Тэгээд дараа нь: «Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй» гэсэн үнэтэй зарчим хэлсэн (1 Коринт 8:9; 10:23). Паулын энэ зөвлөгөө цэвэр байдалтай ямар холбоотой вэ?
12 Хүмүүс Бурхны үйлчлэгчийг цэвэр цэмцгэр, ахуй амьдрал нь эмх журамтай байх ёстой гэж боддог нь зүйн хэрэг. Тийм учраас бид гэр орон, хашаа хороо маань Бурхны Үгийн үйлчлэгч гэдэг нэрийг маань сэвтүүлчих вий дээ гэж үргэлж болгоомжилдог байх хэрэгтэй. Гэр орон маань бидний тухай болон итгэл үнэмшлийн маань талаар юу гэрчилдэг вэ? Гэр орны маань байдал, бусдыг очооч гэж шаргуу урьдаг, цэвэр байдал, эмх журам ноёлох зөвт шинэ ертөнцөд амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг маань харуулдаг уу? (2 Петр 3:13). Чөлөөт цагаараа болон дэлгэрүүлэх ажлын үеэр биеэ хэрхэн авч явахаас дэлгэрүүлж байгаа мэдээнд маань хүмүүс татагдах, эсэх нь их хамаардаг. Жишээ нь, Мексикийн нэгэн сонинд: «Үнэнийг хэлэхэд, Еховагийн Гэрчүүдийн дунд үс гэзгээ аятайхан янзалж, цэвэр, үзэмжтэй хувцасласан залуус олон байдаг» хэмээн бичжээ. Бидний дунд тийм залуус байдаг нь юутай таатай вэ!
13. Өдөр тутмын амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байдал, эмх журам мөрдөж байхын тулд бид юу хийж болох вэ?
13 Хувийн ариун цэвэр сахин, үс гэзэг, хувцас хунараа тохируулан, эд юмс, гэр орноо дандаа цэвэр цэмцгэр, эмх журамтай байлгахын чухлыг хэлэх амархан, хийх хэцүү. Үүнийг хэрэгжүүлэхэд үнэтэй, нарийн тоног төхөөрөмж буюу багаж хэрэгсэл шаардлагагүй, харин сайн төлөвлөгөө, дэс дараатай хүчин зүтгэл хэрэгтэй. Усанд орох, юмаа угаах, орон гэрээ цэвэрлэх, машинаа арчиж угаах зэрэгт тусгайлан цаг гаргах хэрэгтэй. Дэлгэрүүлэх ажил болон цуглаанд явах, бие даан Библи судлах, өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх зэрэг маань Бурхан болоод хүмүүст таалагдахуйцаар цэвэр байх шаардлагаас биднийг чөлөөлөхгүй. Бидний сайн мэдэх «бүх юм тогтоогдсон цагтай» гэдэг зарчим амьдралын маань энэ хэсэгт ч бас хамаатай (Номлогчийн үгс 3:1).
Бузартаагүй зүрх
14. Ёс суртахуун болон сүнслэг талаараа цэвэр байх нь биеэ цэвэр авч явахаас илүү чухал гэж хэлж болохын учир юу вэ?
14 Биеэ цэвэр авч явах нь чухал хэдий ч ёс суртахууны болон сүнслэг цэвэр байдлын талаар санаа тавих нь бүр ч илүү чухал. Ехова Израилийн ард түмнийг биеийнх нь бузраас бус, харин ёс суртахууны болон сүслэг талаараа завхарснаас нь болоод орхисон нь ийм дүгнэлтэд хүргэдэг. «Нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн» учраас тахилууд, шинэ сар болон амралтын өдрийг сахих, тэр байтугай залбирал нь хүртэл өөрт нь дарамт болсныг Ехова зөнч Иеремиагаар дамжуулан израильчуудад хэлсэн. Бурхны ивээлд дахин багтахын тулд тэд яах хэрэгтэй байсан бэ? Ехова: «Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун» гэж хэлсэн (Исаиа 1:4, 11–16).
15, 16. Есүсийн хэлснээр хүнийг юу бузарладаг вэ? Есүсийн үгнээс бид хэрхэн ач тусыг олж болох вэ?
15 Ёс суртахууны болон сүнслэг цэвэр байдлын чухлыг илүү гүнзгий ойлгохын тулд фарисайчууд болон хуулийн багш нар, хоол идэхийн өмнө гараа угаагаагүйн төлөө шавь нарыг нь бузар гэж хэлэхэд Есүсийн өгсөн хариултад анхаарлаа хандуулъя. Есүс тэдний буруу ойлголтыг залруулан: «Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм» гэж хэлсэн. Цааш нь: «Амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг. Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг бузарладаггүй» хэмээн тайлбарлажээ (Матай 15:11, 18–20).
16 Есүсийн энэ үгнээс бид юу мэдэж болох вэ? Хорон муу, садар самуун, бузар үйлийн санаа нь эхлээд зүрхэнд бий болдгийг Есүс хэлсэн. Шавь Иаковын хэлснээр «хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог» (Иаков 1:14, 15). Тийм учраас бид Есүсийн хэлсэн ноцтой нүглүүдийг үйлдэхийг үл хүсвэл зүрхнээсээ тиймэрхүү дур тачаалыг зайлуулж, түүнд зай гаргахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл бид уншиж, үзэж, сонсож байгаа зүйлдээ маш болгоомжтой хандах ёстой гэсэн үг. Өнөөдөр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний нэрээр хүмүүсийг татахын тулд наадам шоу, зар сурталчилгаа эх захаа алдаж, энэ нь тэдэн дээр махан биеийнх нь хүсэл тачаалыг хөөрөгдсөн дуу хөгжим, зураг дүрсний хуй салхи болон бууж байна. Бид тийм юмнаас нэгээхнийг ч зүрхэндээ хуруулах ёсгүй. Хэрэв бид Бурхнаа баярлуулж, түүнд таалагдахыг хүсэж байгаа бол хамгийн гол нь зүрхээ цэвэр, бузартуулахгүй байлгах талаар цаг ямагт анхаарах хэрэгтэй (Сургаалт үгс 4:23).
Сайн үйлсийн төлөө цэвэршүүлэгдсэн
17. Ехова ард түмнээ цэвэршүүлсний учир юу вэ?
17 Еховагийн тусламжтайгаар түүний нүдэнд цэвэр үлдэж болдог маань бидний хувьд яах аргагүй ивээл хишиг, хамгаалалт мөн (2 Коринт 6:14–18). Гэхдээ Ехова ард түмнээ тусгай зорилгоор цэвэршүүлснийг бид бас ойлгодог. Паул Титэд, Есүс Христ «Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм» гэж хэлсэн (Тит 2:14). «Цэвэршүүлэгдсэн ард түмэн» бид ямар үйлсэд хичээл зүтгэл гаргах ёстой вэ?
18. Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй гэдгээ бид хэрхэн харуулж болох вэ?
18 Юуны түрүүнд бид Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстэнд хүргэн тунхаглахад хүчин чармайлт гаргах ёстой (Матай 24:14). Ингэхдээ аливаа бузар бохироос ангижирсан дэлхий дээр мөнх амьдрах найдварын тухай газар газрын хүмүүст ярьдаг (2 Петр 3:13). Тэрчлэн Бурхны сүнсний үр жимсийг өдөр тутмын амьдралдаа илэрхийлэх нь сайн үйлсийн тоонд ордог бөгөөд үүгээрээ бид тэнгэрийн Эцгээ магтан алдаршуулдаг (Галат 5:22, 23; 1 Петр 2:12). Мөн байгалийн гамшиг болон өөр бусад золгүй явдлаас болоод эмгэнэн гашуудаж байгаа Гэрч биш хүмүүсийг бид мартдаггүй. «Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж хэлсэн Паулын зөвлөгөөг үргэлж санаж байдаг (Галат 6:10). Цэвэр зүрх, цэвэр сэдлээс үзүүлж байгаа энэ бүх тусламж Бурханд таалагддаг (1 Тимот 1:5).
19. Бие болоод ёс суртахууны, мөн сүнслэг цэвэр байдлын өндөр хэм хэмжээг цаашид сахиснаар бид ямар ивээл хүртэх вэ?
19 «Ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл нь мөн» гэж хэлсэн Паулын үгийг Хамгийн Дээд Нэгний үйлчлэгчид бид зүрхэндээ тээж явдаг (Ром 12:1). Еховагийн ачаар цэвэршсэн завшаанаа цаашид ч эрхэмлэн нандигнаж, бие болоод ёс суртахууны, мөн сүнслэг цэвэр байдлын өндөр хэм хэмжээг сахихыг бүх хүчээрээ хичээн чармайцгаая. Ингэснээр бид өөрсдийгөө хүндэтгэж, сэтгэл хангалуун болох төдийгүй Бурхан «бүх юмыг шинэ болгоход» «анхны юмс» буюу одоогийн ёс бус, бузар тогтолцоо өнгөрөн одохыг үзэх боломжтой болно (Илчлэлт 21:4, 5).
Та санаж байна уу?
• Израильчуудад цэвэр байх талаар олон хууль өгсний учир юу вэ?
• Биеэ цэвэр авч явах нь дэлгэрүүлж байгаа мэдээнд бусдын сэтгэлийг хэрхэн татах вэ?
• Ёс суртахууны болон сүнслэг цэвэр байдал биеэ цэвэр авч явахаас илүү чухал байдгийн учир юу вэ?
• Бид «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» хүмүүс гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]