Skip to content

Гарчиг руу орох

Христиан ёс суртахууныг сурагтун, заагтун

Христиан ёс суртахууныг сурагтун, заагтун

Христиан ёс суртахууныг сурагтун, заагтун

«Тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу?» (РОМ 2:21).

1, 2. Бид Библийг ямар ямар шалтгаанаар судалдаг вэ?

 БУРХНЫ Үгийг судлах шалтгаан олон бий. Та Библид гардаг хүмүүс, үйл явдал, газар орон гэх мэтийн олон зүйлийн тухай мэдэхийг хүсдэг байж магадгүй. Эсвэл Гурвал, галт тамын тухай хуурамч шашны сургаалаас Библийн үнэн ямар ялгаатайг мэдэхийг хичээдэг болов уу (Иохан 8:32). Библи судлах өөр нэг шалтгаан бол Бурхныг илүү дуурайж, түүний өмнө гэм зэмгүй байхын тулд Еховаг улам сайн мэдэх явдал юм (Хаадын дээд 15:4, 5).

2 Бурхны Үгийг судлах бас нэгэн чухал шалтгаан бол ойр дотны хүмүүс, танилууд, тэр бүү хэл танихгүй хүмүүст ч заах чадвартай багш болоход өөрийгөө бэлтгэх явдал юм. Жинхэнэ христиануудын хувьд энэ бол хүссэнээрээ шийдчихдэг асуудал биш ээ. Есүс шавь нартаа: «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж тушаасан билээ (Матай 28:19, 20).

3, 4. Есүсийн тушаасан ёсоор бусдад заах нь ямар учраас эрхэм хүндтэй хэрэг вэ?

3 Бусдад заах зорилгоор Библи судлах нь хүндтэй хэрэг бөгөөд сэтгэлийн таашаал өгдөг. Ер нь багш байх гэдэг олны хүндэтгэлийг хүлээдэг сайхан ажил билээ. Нэгэн нэвтэрхий тольд: «Иудейчүүдийн олонх нь багшийн ачаар авралд хүрдэг гэж үзэн, багшаа эцэг эхээсээ илүү хүндэлж байхыг үр хүүхдэдээ сургадаг байсан» гэж тэмдэглэжээ («Encarta Encyclopedia»). Библи судалж сураад дараа нь бусдад заана гэдэг христиануудын хувьд бүр ч эрхэм хүндтэй хэрэг мөн.

4 «Бусад ажил мэргэжлийг бодвол багшийн ажлыг илүү олон хүн хийдэг. Дэлхий дахинд 48 сая орчим хүн багшийн ажил эрхэлж байна» гэж «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичжээ («The World Book Encyclopedia»). Ер нь багш хүн бага балчир хүүхдийн оюун ухааныг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ирээдүйн амьдралд нь шууд нөлөөлдөг. Харин Есүсийн тушаасан ёсоор хүмүүст зааж сургавал бүр ч илүү үр дүнд хүрнэ. Бидний заах зүйл тэдний мөнхийн ирээдүйд тус нэмэр болно. Элч Паул Тимотыг уриалан: «Өөртөө ба сургаалдаа [«хэрхэн зааж байгаадаа», ШЕ] анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэж бичихдээ үүнийг онцлон тэмдэглэжээ (1 Тимот 4:16). Тийм ээ, бусдын аврагдах эсэх бидний заах ажилтай холбоотой.

5. Христиан сургалт хамгийн дээд зэргийнх байдгийн учир юу вэ?

5 Өөрийгөө сургах болон бусдад заах ажлыг бидэнд орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн буюу хамгийн дээд Эх булаг даалгасан бөгөөд чиглүүлж байдаг. Тийм ч учраас энэхүү заах ажил бол сургуульд анхан шатны мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх, эсвэл эмнэлгийн нарийн мэргэжилтэн бэлтгэх зэрэг иргэний сургалтын ямар ч хэлбэрээс хавьгүй давуу билээ. Христиан сургалт бол суралцагч хүн Бурхны Хүү Есүс Христийг дуурайж сураад, дараа нь бусдыг бас үүнд сургах явдал юм (Иохан 15:10).

Өөрийгөө сургахын учир

6, 7. а) Бид ямар учраас эхлээд өөрсдөө сурах ёстой вэ? б) Нэгдүгээр зууны иудейчүүд заах чадваргүй байсны учир юу вэ?

6 Ямар учраас бид эхлээд өөрийгөө сургах ёстой вэ? Өөрөө сураагүй бол бусдад зөв зааж чадахгүй шүү дээ. Паул үүний чухлыг иудейчүүдэд тайлбарлан бичсэн нь өнөөгийн христиануудад ч гэсэн онцгой ач холбогдолтой. Тэрээр: «Тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? „Бүү завхайр“ гэж ярьдаг та өөрөө завхайрдаггүй юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу? Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурхныг гутаадаг юм уу?» хэмээн асуужээ (Ром 2:21–23).

7 Паул ингэж асуухдаа «Чи бүү завхайр. Чи бүү хулгайл» гэж «Арван тушаал»-д тодорхой заасан хоёр зүйлийг дурджээ (Египетээс гарсан нь 20:14, 15). Паулын үеийн зарим иудей хүн Бурхны Хуультай гэдгээрээ сайрхдаг байжээ. Тэд «Хуулиас заалган сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг» байв (Ром 2:17–21). Гэвч нууцаар хулгай хийдэг, завхайрдаг хоёр нүүртэн ч бас байжээ. Энэ нь Хуулийг ч, тэнгэрт байдаг Зохиогчийг нь ч гутаасан хэрэг байлаа. Тэд өөрсдөө юу ч сураагүй учраас бусдад заах ямар ч чадваргүй байсан нь илэрхий.

8. Паулын үеийн зарим иудей хүн хэрхэн «сүмүүдийг тонодог» байсан байж магадгүй вэ?

8 Паул сүм тонодог тухай дурджээ. Иудейчүүд үнэхээр ингэдэг байсан юм болов уу? Паулын үг ямар утгатай вэ? Үүнийг цухас дурдсан болохоор зарим иудей хүн ингэж «сүмүүдийг тонодог» байсан гээд шууд хэлчих боломжгүй юм. Нэг удаа Ефес хотын захирагч, Паултай хамт ирсэн хүмүүсийг «сүмийг цөлмөөгүй» буюу тоноогүй гэж хэлснээс үзвэл зарим хүн иудейчүүдийг иймэрхүү хэрэг хийчихдэг гэж үздэг байсан бололтой (Үйлс 19:29–37). Тэд иудей биш шашны сүмээс булаан эзлэгчид болон хэт шүтэгчдийн дээрэмдсэн үнэт эдлэлийг хувьдаа ашигладаг эсвэл зарж борлуулдаг байсан юм болов уу? Бурхны Хуулийн дагуу хиймэл шүтээний алт мөнгийг хувьдаа ашиглах бус, устгах ёстой байсан (Дэд хууль 7:25) *. Тиймээс Паул, Бурхны Хуулийг үл хайхран, харь үндэстнүүдийн сүмийн эд зүйлийг ашигласан буюу эдгээрээс ашиг хонжоо олсон иудейчүүдийг хэлсэн байж магадгүй.

9. Иерусалимын сүмд хийсэн ямар ямар буруу үйл хэрэг сүмийг тоносонтой адил байсан бэ?

9 Нөгөө талаас Иосеф Флавий, Хуулийн багш тэргүүтэй дөрвөн иудей хүний Ромд дэгдээсэн дуулианы тухай бичжээ. Тэр дөрөв иудейн шашныг хүлээн авсан ром эмэгтэйг Иерусалимын сүмд алт болон бусад үнэт зүйлээ өргөхийг ятгажээ. Тэгээд өнөөх дөрөв эд зүйлийг нь салгаж аваад хувьдаа завшсан нь сүмийг тоносноос өөрцгүй болжээ *. Зарим нь согогтой малаар тахил өргөн, сүмийн нутаг дэвсгэр дээр арилжаа наймаа өрнүүлж, «дээрэмчдийн үүр» болгосноороо Бурхны сүмийг тоносонтой адил байлаа (Матай 21:12, 13; Малахи 1:12–14; 3:8, 9).

Христиан ёс суртахууныг заагтун

10. Ром 2:21–23-т бичсэн Паулын үгнээс ямар гол санааг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй вэ?

10 Паул хулгай хийх, завхайрах, сүм тонох гэдгээр нэгдүгээр зууны иудейчүүдийн үйлддэг хэргийн алийг нь ч хэлсэн байлаа гэсэн бид түүний сануулгын гол санааг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй. Тэрээр: «Тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу?» хэмээн асуужээ. Элч Паул энд Библийн сургаал болон түүхийг бус, харин ёс суртахуунтай холбоотой асуудал хөндсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Паулын ярьсан өөрийгөө болон бусдыг сургах гэдэг нь христиан ёс суртахуунд хамаатай юм.

11. Бурхны Үгийг судлахдаа христиан ёс суртахууныг анхаарахын учир юу вэ?

11 Бид Бурхны Үгийг судлан христиан ёс суртахууныг сураад үүнийхээ дагуу үйл хийж, дараа нь бусдад бас тийм байхыг заадаг болбол Ром 2:21–23-аас сургамж авчээ гэсэн үг. Тиймээс Библи судлахдаа жинхэнэ христиан ёс суртахууны үндэс болсон Еховагийн хэм хэмжээг анхаарах хэрэгтэй. Библиэс авсан зөвлөгөө, сургамжаа эргэцүүлэн бодоорой. Тэгээд сурч мэдсэнээ зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй. Үнэндээ Библийн зөвлөгөөг дагахад зүрх зориг, сэтгэлийн тэнхээ үнэхээр хэрэгтэй. Төгс бус хүмүүс зарим үед христиан ёс суртахууныг үл тоомсорлох хэрэг, тэр байтугай шаардлага гардаг гэсэн элдэв шалтаг амархан олдог. Паулын хэлсэн иудейчүүд тийм нарийн арга сэдэж өөрийгөө зөвтгөх, эсвэл бусдыг хуурахдаа гарамгай байсан бололтой юм. Гэхдээ христиан ёс суртахууныг хэн хүссэнээрээ үнэ хүндгүй болгох юм уу, үл хайхрах учиргүйг Паулын үг харуулдаг.

12. Биеэ хэрхэн авч явах нь Еховагийн нэр хүндэд яаж нөлөөлдөг вэ? Үүнийг санаж явах ёстойн учир юу вэ?

12 Элч Паул, Библийн ёс суртахууны хэм хэмжээг сураад, амьдралдаа хэрэгжүүлэхийн гол шалтгааныг цохон тэмдэглэжээ. Иудейчүүдийн муу үйл Еховаг бусдын өмнө гутааж байлаа. «Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурхныг гутаадаг юм уу? Учир нь „Бурхны нэр та нараас болж Харь үндэстнүүдийн дунд доромжлогддог“» гэж Паул бичжээ (Ром 2:23, 24). Хэрэв бид өнөөдөр христиан ёс суртахууныг үл тоомсорловол тэрхүү хэм хэмжээг Тогтоогчийг доромжилно гэсэн үг бөгөөд дээрх үгийн үнэнийг баталж байгаа хэрэг юм. Харин Бурхны хэм хэмжээг чанд баримталбал бусдад Еховаг сайнаар харуулж, алдаршуулна (Исаиа 52:5; Езекиел 36:20). Үүнийг ухаарвал христиан ёс суртахуунаа үл тоомсорлох нь сорилтоос гарч, бэрхшээлийг давах хамгийн амар арга мэт санагдсан ч ёс суртахуунаа баримтлах шийдвэрээсээ няцахгүй. Түүнээс гадна, Паулын үг биднийг бас нэг өөр зүйлд сургадаг. Таны биеэ авч явах байдал Бурхны нэр хүндэд нөлөөлнө гэдгийг ухаарахын сацуу бусдад заахдаа ч Библиэс мэдсэн ёс суртахууны хэм хэмжээг хэрэгжүүлэх нь хүмүүст Еховагийн тухай нэгийг бодуулна гэдгийг ойлгуулаарай. Христиан ёс суртахууныг баримтлах нь сэтгэл тэнүүн байлгаж, эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй энэхүү хэм хэмжээг тогтоосон, түүнийг баримтлахыг уриалдаг Бурхны нэр хүндэд нөлөөлдөг (Дуулал 74:10; Иаков 3:17).

13. а) Библийн сургаал ёс суртахуунтай байхад хэрхэн тусалдаг вэ? б) 1 Тесалоник 4:3–7-гийн зөвлөгөөний гол санаа юу вэ?

13 Бидний ёс суртахуунтай байх эсэх нь орчны маань хүмүүст бас нөлөөлдөг. Бурхны ёс суртахууны хэм хэмжээг баримтлахын ач холбогдол хийгээд үл тоомсорлохын уршгийг харуулсан Библийн жишээнээс үүнийг мэдэж болно (Эхлэл 39:1–9, 21; Иошуа 7:1–25). Тэрчлэн, Библид: «Бурхны хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, ингэхдээ Бурхныг мэддэггүй Харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. Энэ асуудлаар хэн ч хохирол учруулах ба ах дүүгийнхээ эрхэнд халдаж болохгүй. [...] Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ» гэх зэргийн ёс суртахуунтай холбоотой тодорхой зөвлөгөө байдаг (1 Тесалоник 4:3–5, 6, ШЕ, 7).

14. 1 Тесалоник 4:3–7-гийн зөвлөгөөний тухай өөрөөсөө юу асууж болох вэ?

14 Эндээс, садар самуун явдал христиан ёс суртахуунтай зөрчилддөг гэдгийг бараг хүн бүр шууд ойлгох биз ээ. Гэхдээ шууд ойлгогдох санаанаас илүү зүйлийг бас анхааръя. Зарим зүйлийг нарийн судалж, сайтар эргэцүүлэн бодвол илүү гүнзгий ойлгоно. Жишээ нь: Паул садар хүн «энэ асуудлаар... хохирол учруулах ба ах дүүгийнхээ эрхэнд халддаг» гэсэн нь ямар утгатай болохыг та бодож үзсэн байж магадгүй. Энд ямар эрхийн тухай хэлсэн бэ? Энэ зүйлийг гүнзгий ойлгох нь христиан ёс суртахуунаа баримтлахад хэрхэн түлхэц болох вэ? Ингэж судлахын үр дүн нь бусдад заах чадвартай болоход, улмаар Бурхныг алдаршуулахад нь туслахад надад ямар тустай вэ?

Заахын тулд судал

15. Өөрийгөө сургахын тулд бие даан судлахдаа ямар ямар гарын авлага ашиглаж болох вэ?

15 Еховагийн Гэрчүүдэд өөрсдөө сурах болон бусдад заах явцад гарсан алив асуулт, асуудлыг судалж мэдэхэд ашигладаг цөөнгүй тооны гарын авлага байдаг. Олон хэлээр байдаг нэг гарын авлага бол «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» юм («Watch Tower Publications Index»). Та боломжтой бол Еховагийн Гэрчүүдийн хэвлэдэг, Библид үндэслэсэн хэвлэлээс мэдээлэл олохын тулд үүнийг ашиглаарай. Ингэхдээ сэдвээр нь эсвэл Библийн зүйлийн дагуу олж болно. Еховагийн Гэрчүүдийн ашигладаг, албан ёсны олон хэлээр байдаг өөр нэг гарын авлага бол компьютерийн номын сан юм («Watchtower Library»). Энэ бол их хэмжээний хэвлэлийг цахим хэлбэрт оруулан компакт дискэнд суулгасан компьютерийн программ юм. Үүний ачаар янз бүрийн сэдвийг судалж, Библийн зүйлийн тайлбар олж болно. Та эдгээр гарын авлагын аль нэгийг эсвэл хоёуланг нь ашиглах боломжтой бол бусдад заахын тулд Бурхны Үгийг судлахдаа ашиглаарай.

16, 17. а) 1 Тесалоник 4:6-д дурдсан эрхийн тухай дэлгэрэнгүй тайлбарыг хаанаас олж болох вэ? б) Садар хүн бусдын эрхэнд хэрхэн халддаг вэ?

16 Жишээ болгоод дээр дурдсан 1 Тесалоник 4:3–7-г авч үзье. Тэнд эрхийн тухай нэг асуулт урган гарсан билээ. Хэний эрх вэ? Яавал тэдний эрхэнд халдсан болох вэ? Дээр ярилцсан хоёр гарын авлагын тусламжтайгаар эдгээр зүйлийн тухай чамгүй их мэдээлэл олж, тэр дундаа, Паулын дурдсан эрхийн тухай мэдэж болно. Энэ талаар «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 1-р ботийн 863—864 хуудас (англи); «Жинхэнэ амар тайван, аюулгүй байдлыг хаанаас олох вэ?» номын 145-р хуудас (англи); «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1989 оны 11-р сарын 15-ны дугаарын 31-р хуудаснаас (англи) уншиж болно.

17 Ингэж судлахдаа та Паулын хэлсэн үг яах аргагүй үнэн болохыг ойлгоно. Садар хүн Бурхны эсрэг нүгэл үйлддэг бөгөөд мөн өөртөө өвчин олж мэднэ (1 Коринт 6:18, 19; Еврей 13:4). Тухайлбал, садар самуун үйлддэг эрэгтэй нүгэлдээ татан оролцуулж байгаа эмэгтэйнхээ эрхэнд халддаг. Тэрээр эмэгтэйн нэр төр, сэтгэл санаанд сэв суулгадаг. Хэрэв эмэгтэй ганц бие бол онгон хэвээрээ гэр бүл болох эрхийг, ирээдүйн нөхөр нь ч эхнэрээ онгоноор нь авах эрхийг хохироодог. Түүнчлэн эмэгтэйн эцэг эхэд, гэр бүлтэй бол нөхөрт нь сэтгэл санааны хохирол учруулдаг. Садар эр гэр бүлийнхээ ч нэр төрийг сэвтээдэг. Хэрэв садарлагч нь Еховагийн Гэрч бол хурлынхаа нэр хүндийг унагаж, гутамшиг болгодог (1 Коринт 5:1).

18. Христиан ёс суртахууны талаар Библи судлах нь ямар ач холбогдолтой вэ?

18 Эрхийн тухай ийм тайлбар тэдгээр зүйлийг гүнзгий ойлгоход туслаагүй гэж үү? Ингэж судлах нь их ач холбогдолтой. Хэдийчинээ судална төдийчинээ ихийг сурна. Бурхны Үг үнэн баттай, нөлөөтэйг улам гүнзгий ойлгоно. Түүнчлэн ямар ч хорхой хүрэм зүйлтэй тулгарсан христиан ёс суртахуунаа баримтлах шийдвэрээсээ няцахгүй байх болно. Тэгээд хичнээн сайн багш болохоо бодоод үз дээ! Жишээлбэл: Библийн үнэнийг бусдад заахдаа 1 Тесалоник 4:3–7-г дэлгэрэнгүй тайлбарлаж, христиан ёс суртахууныг гүнзгий ойлгож, эрхэмлэдэг болоход нь тусалж чадна. Ингэж судлах нь Бурхныг алдаршуулахад өөрт тань төдийгүй бусдад тусална. Энд бид Паулын Тесалоник хотын хурлынханд бичсэн захидлаас ганцхан жишээ татсан. Христиан ёс суртахууныг өөр олон талаас нь хэлэлцэж болох бөгөөд эхлээд өөрөө сурч, амьдралдаа хэрэгжүүлээд дараа нь бусдад заах Библийн жишээ, зөвлөгөө олон бий.

19. Христиан ёс суртахууныг баримтлах яагаад тийм чухал бэ?

19 Христиан ёс суртахууныг баримтлах нь ухаалаг хэрэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иаков 3:17-д Ехова Бурхнаас буюу «дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун» гэж бичжээ. Энэ нь Бурхны ёс суртахууны хэм хэмжээг дагахыг хэлсэн нь тодорхой. Ехова өөрийг нь төлөөлөн Библи заадаг хүмүүсийг «цэвэр ариун байдлаараа» үлгэр жишээ үзүүлэхийг шаарддаг (1 Тимот 4:12). Есүсийн эрт үеийн шавь Паул Тимот нар садар самуунаас зайлсхийж, «ариун» байснаа амьдралаараа батлан харуулсан. Тийм ч учраас элч Паул: «Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй» гэж бичжээ (Ефес 5:3, 4).

20, 21. 1 Иохан 5:3-т элч Иоханы бичсэн үгийг та яагаад зөвшөөрдөг вэ?

20 Бурхны Үгэнд байдаг ёс суртахууны хэм хэмжээ тодорхой, ойлгомжтой бөгөөд яршигтай дарамт биш ээ. Үүнийг хамгийн урт насалсан элч Иохан мэддэг байв. Тэрээр амьдралынхаа олон арван жилийн туршлагаас христиан ёс суртахуун тустай гэдгийг мэджээ. Үүнийг баримтлах нь сайн, үр өгөөжтэй юм. Тийм ч учраас Иохан үүнийг онцлон тэмдэглэж: «Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн. Түүний айлдварууд хүнд хүчир биш юм» хэмээн бичжээ (1 Иохан 5:3, МБОХ, 1996).

21 Гэхдээ Иохан бэрхшээл, уршигт дагавраас хамгаалдаг болохоор л христиан ёс суртахууныг баримтлан Бурханд захирагдах тухай хэлээгүй гэдгийг та ойлгосон байлгүй. Бурханд захирагдах гэдэг нь юуны түрүүнд Ехова Бурхныг хайрлах хайр бөгөөд тэрхүү хайраа илэрхийлэх хосгүй боломж гэдгийг зөв илэрхийлжээ. Үнэндээ, Бурхныг хайрлахыг өөрөө сурч, бусдад заахын тулд түүний өндөр хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, христиан ёс суртахууныг өөрөө сурч, бусдад заана гэсэн үг ээ.

[Зүүлт]

^ Түүхч Иосеф Флавий «Иудейн эртний түүх» номдоо иудейчүүдийг ариун юмыг бузарладаггүй байсан гэж тэмдэглэхдээ Бурхны Хуулийг: «Өөр хотуудад шүтдэг бурхдыг хэн ч бүү гутааг. Харийн сүмүүдийг ч бүү тоно, алив бурханд зориулсан үнэт зүйлийг ч бүү ав» хэмээн өөрчлөн найруулжээ [бичмэл үсэг — редакц] («Jewish Antiquities», 4-р боть, 8-р бүлэг, 10-р догол мөр).

^ «Jewish Antiquities», 18-р боть, 3-р бүлэг, 5-р догол мөр.

Та санаж байна уу?

• Бусдад заахаасаа урьдаар өөрөө сурах ёстойн учир юу вэ?

• Бидний биеэ авч явах байдал Еховагийн нэр хүндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

• Садар хүн хэрхэн бусдын эрхэнд хэрхэн халддаг вэ?

• Христиан ёс суртахууны талаар таны бодол ямар вэ?

[Догол мөрийн асуулт]