Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн алдар ард түмэн дээр нь тусдаг

Еховагийн алдар ард түмэн дээр нь тусдаг

Еховагийн алдар ард түмэн дээр нь тусдаг

«ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болно» (ИСАИА 60:20).

1. Ехова үнэнч үйлчлэгчдээ хэрхэн ивээдэг вэ?

 «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахаддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно» (Дуулал 149:4). Дээр үед дуулалч тийн хэлсэн бөгөөд энэ үгийн зөв болохыг түүх нэг биш удаа баталсан билээ. Үйлчлэгчид нь үнэнч байвал Ехова тэдний төлөө санаа тавьж, ажил үйлсийг нь бүтэмжтэй байлган, хамгаалдаг. Дээр үед дайснаа дарахад нь тэдэнд тусалдаг байсан. Харин одоо тэднийг сүнслэг талаар нь бат бэх байлгаж, Есүсийн золиосны үндсэн дээр аврагдах боломж байгааг нь баталдаг (Ром 5:9). Тэд Еховагийн нүдэнд «үзэсгэлэнтэй» харагддаг учраас Ехова ингэдэг юм.

2. Бурхны ард түмэн эсэргүүцэлтэй тулгардаг ч гэсэн юунд итгэлтэй байдаг вэ?

2 Түнэр харанхуйд автсан ертөнцөд «бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн» эсэргүүцэлтэй тулгарах нь зүйн хэрэг (2 Тимот 3:12). Гэвч Ехова эсэргүүцэгчдийг ажиглан харж байдаг бөгөөд тэдэнд: «Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана» хэмээн сануулдаг (Исаиа 60:12). Өнөөдөр эсэргүүцэл олон хэлбэрээр илэрч байна. Зарим оронд эсэргүүцэгчид чин сэтгэлтэй христиануудыг Еховаг шүтэхийг нь хязгаарлах буюу хориглохыг оролдож байна. Нөгөө заримд нь болохоор хэт шүтлэгтнүүд Еховагийн үйлчлэгчид уруу дайрч, эд юмсыг нь галдан шатааж байна. Гэвч өөрийнх нь хүсэл тааллыг гүйцэлдүүлэгчийг эсэргүүцвэл юугаар дуусахыг Ехова урьдчилан тодорхойлсныг бид санах ёстой. Эсэргүүцэгчид сөнөнө. Дэлхий дээрх хүүхдүүдээрээ төлөөлүүлсэн Сионыг нь эсэргүүцэн тэмцсэн хэн ч гэсэн балран унана. Агуу Бурхан Еховагийн маань хэлж байгаа энэ баталгаа бидэнд урам зориг өгөхгүй гэж үү?

Санаснаасаа илүү ивээл хишиг хүртсэн

3. Еховаг шүтэгчдийн үзэсгэлэнтэй бөгөөд үр бүтээл ихтэй байгааг хэрхэн дүрслэн үзүүлсэн бэ?

3 Энэхүү эд юмсын тогтолцооны эцсийн өдрүүдэд Ехова ард түмнээ санаснаас нь илүүгээр ивээсэн. Ялангуяа өөрийг нь шүтдэг газар болон өөрийнх нь нэрийг зүүж яваа хүмүүсийг улам улам «үзэсгэлэнтэй болгосон». Исаиагийн зөгнөснөөр Ехова Сионд хандан: «Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно [«алдаршуулна, ШЕ]» хэмээн хэлсэн (Исаиа 60:13). Өтгөн ойгоор хучигдсан уулс сүр жавхлантай харагддаг. Тэгэхлээр саглагар модод бол Еховаг шүтэгчдийн үзэсгэлэнтэй бөгөөд үр бүтээл ихтэй байгаагийн тун тохирсон бэлэгдэл юм (Исаиа 41:19; Исаиа 55:13).

4. Еховагийн «ариун газар» ба «хөлийн гишгүүр» гэж юу вэ? Эдгээр нь хэрхэн «үзэсгэлэнтэй болж» байна вэ?

4 Исаиа 60:13-т дурдсан Еховагийн «ариун газар» ба «хөлийн гишгүүр» гэж юу вэ? Эдгээр үг хэллэг нь Есүс Христээр дамжуулан шүтэх шүтлэгээр Еховад ойртоход зориулсан байгууламж буюу Еховагийн агуу их сүнсэн сүмийн дотор хашаануудад хамаатай юм (Еврей 8:1–5; 9:2–10, 23). Ехова шүтлэгт зориулж бүх үндэстний хүмүүсийг цуглуулснаар сүнсэн сүмээ алдаршуулах санаа зорилгоо илэрхийлсэн (Хаггай 2:7). Еховаг шүтэхэд зориулан өргөгдсөн уул уруу цувран урсах бүх үндэстний үй олон хүнийг Исаиа урьдчилан харжээ (Исаиа 2:1–4). Бас түүнээс хойш олон зуун жилийн дараа элч Иохан үзэгдлээр «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн хэн ч тоолж чадамгүй үй олон хүн байхыг» үзсэн. Тэд «Бурхны сэнтийн өмнө байж... Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилж» байлаа (Илчлэлт 7:9, 15). Энэ зөгнөл биелж байгаа өнөө үед Еховагийн гэр нүдэн дээр маань «үзэсгэлэнтэй болж» байна.

5. Сионы хүүхдүүдийн хувьд ямар гайхамшигтай сайхан өөрчлөлт болсон бэ?

5 Энэ нь Сионы хувьд гайхамшигтай сайхан өөрчлөлт байлаа! Ехова: «Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно» гэж хэлсэн (Исаиа 60:15). Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр «Бурхны Израиль» үнэхээр хоосролын үеийг амссан (Галат 6:16). Үнэн хэрэгтэээ тэр үед Сион «хаягдсан» мэт болсон. Учир нь дэлхий дэх хүүхдүүд нь өөрсдийнх нь хувьд Бурхны хүсэл таалал чухам юу болохыг бүрэн гүйцэд ойлгоогүй. Дараа нь, Ехова 1919 онд тослогдсон үйлчлэгчдээ сэргээн босгосон бөгөөд түүнээс хойш тэднийг гайхамшигтай сүнслэг хөгжил дэвшлээр ивээсэн. Тэгэхлээр, дээрх амлалт сэтгэл хөгжөөн баярлуулахгүй гэж үү? Ехова Сионыг «бахархал» гэж үзнэ. Тийм ээ, Сионы хүүхдүүд болон Ехова өөрөө Сионоор бахархана. Ехова Сионыг «баяр хөөр болгох» буюу Сион хязгааргүй их баяр баясгалангийн үндэс болно. Тэгэхдээ энэ нь зуурдын юм биш. Дэлхий дэх хүүхдүүдээр нь төлөөлүүлсэн Сионы хүртэх Еховагийн сайшаал «үеэс үед» үргэлжлэх бөгөөд хэзээ ч тасрахгүй.

6. Жинхэнэ христианууд үндэстнүүдийн нөөц баялгийг хэрхэн ашигладаг вэ?

6 Одоо Бурхны өөр нэг амлалтыг авч үзье. Ехова Сионд хандан: «Чи... үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ» гэж хэлсэн (Исаиа 60:16). Сион «үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө» гэж юу гэсэн үг вэ? Энэ нь тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид болох «өөр хонинууд» жинхэнэ шүтлэгийг тараахад үндэстнүүдийн үнэт нөөц баялгийг ашигладаг гэсэн үг юм (Иохан 10:16, МБОХ, 1996). Сайн дурын өргөл нь дэлгэрүүлэх хийгээд заах ажлыг олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй явуулахад тусалдаг. Сүүлийн үеийн технологийг ухаалаг ашиглах нь Библи болон Библийн үндэстэй ном хэвлэлийг олон зуун хэлээр хэвлэн нийтлэх ажлыг хөнгөвчилдөг. Библийн үнэн урьд өмнө хэзээ ч тийм өргөн хүртээмжтэй байгаагүй билээ. Олон үндэстний хүмүүс Еховаг тослогдсон үйлчлэгчдээ сүнслэг олзноос чөлөөлсөн үнэхээрийн Аврагч мөн гэж мэдэж авч байна.

Зохион байгуулалтын талаарх дэвшил

7. Сионы хүүхдүүд ямар гарамгай хөгжил дэвшилд хүрсэн бэ?

7 Ехова ард түмнээ өөр нэгэн байдлаар «үзэсгэлэнтэй болгож» байна. Тэдний зохион байгуулалтыг сайжруулж ивээсэн. Исаиа 60:17-д: «Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно» гэж байдаг. Зэсийг алтаар солих гэдэг нь сайжруулна гэсэн үг бөгөөд эл зүйлд дурдсан бусад материалын тухайд ч дээрхтэй ижил утгатай юм. Энэ амлалтын дагуу «эцсийн өдрүүдэд» «Бурхны Израиль» зохион байгуулалтын хувьд тасралтгүй сайжирсаар байна. Зарим жишээ авч үзье.

8-10. 1919 оноос хойш бий болсон зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хэлнэ үү.

8 1919 он хүртэл Бурхны хурлыг гишүүдийн олонхын саналаар сонгогдсон ахлагч нар болон диаконууд удирддаг байсан. 1919 оноос эхлэн «итгэмжит ухаалаг боол» хурал болгонд үйлчлэлийн удирдагчийг томилдог болсон бөгөөд тэд дэлгэрүүлэх ажлыг харгалзах үүрэгтэй байв (Матай 24:45–47). Гэвч энэ нь олон хуралд тэр болгон сайн үр дүнд хүрээгүй. Яагаад гэвэл сонгогдсон зарим ахлагч сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг бүрэн хэмжээгээр дэмждэггүй байжээ. Үүний улмаас 1932 онд ахлагч нар болон диаконуудыг сонгох ажлыг зогсоох удирдамжийг хурлуудад өгсөн. Түүний оронд, үйлчлэлийн удирдагчтай хамтран ажиллах ёстой хурлын үйлчлэлийн хороог сонгодог болсон. Энэ нь «модыг» «зэсээр» сольж, ихээхэн боловсронгуй болгосон хэрэг байлаа!

9 1938 онд дэлхий даяар бүх хуралд зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд энэ нь Ариун Судрын шаардлагад илүү дөхөж очсон. Хурлыг удирдах үүргийг тэргүүн харгалзагч болон бусад харгалзагчдад хариуцуулсан. Тэднийг бүгдийг нь «итгэмжит ухаалаг боолын» удирдлагаар томилдог болсон. Сонгуулийн аргыг халсан. Хурлуудад томилох ажлыг теократ журмаар гүйцэтгэдэг болсон. Энэ нь «чулууг» «төмрөөр», «зэсийг» «алтаар» сольсон лугаа адил болсон.

10 Гэхдээ боловсронгуй болгох ажил үүгээр дуусаагүй. Тухайлбал: Хурлын үйл хэргийг теократ журмаар томилогдож, хамтран ажилладаг, хэн нэг нь бусдаасаа давуу эрх эдэлдэггүй ахлагч нарын зөвлөл харгалздаг болбол нэгдүгээр зуунд христиан хурлыг удирдаж байсан арга барилд илүү дөхөж очих нь 1972 онд тодорхой болсон. Түүнээс гадна, хоёр орчим жилийн өмнө урагшаа нэг алхам ахисан. Зарим хууль зүйн нэгдлийн удирдлагад зохицуулалт хийснээр Удирдах Зөвлөл хууль зүйн холбогдолтой асуудалд хутгалдахгүйгээр Бурхны ард түмний сүнслэг хэрэгцээнд анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг болсон.

11. Бурхны ард түмний зохион байгуулалтын өөрчлөлтийн цаана хэн байдаг вэ? Эдгээр өөрчлөлт ямар ач холбогдолтой байсан бэ?

11 Энэхүү дэвшилтэт өөрчлөлтийн цаана хэн байдаг вэ? Ехова Бурхнаас өөр хэн ч биш. Тэрбээр: «Би чамд... алт... авчирна» гэж хэлсэн бөгөөд цааш үргэлжлүүлэн: «Чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно» хэмээн амладаг. Тийм ээ, Ехова ард түмнээ хянан харгалзах үүрэгтэй. Зөгнөн хэлсэн зохион байгуулалтын ахиц дэвшил бол Бурхан ард түмнээ «үзэсгэлэнтэй болгодгийн» нэг илрэл юм. Үүний ачаар Еховагийн Гэрчүүд олон талын ивээл хүртсэн. Исаиа 60:18-д: «Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ» гэж байдаг. Ямар сайхан үг вэ! Гэвч эдгээр үг хэрхэн биелсэн бэ?

12. Жинхэнэ христиануудын дунд амар тайван байдал хэрхэн ноёлдог вэ?

12 Жинхэнэ христиануудад Еховагийн удирдамж, заавар туйлаас хэрэгтэй бөгөөд үүний ачаар «Чиний бүх хөвгүүн ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно» хэмээн Исаиагийн зөгнөн хэлсэн нь биелж байна (Исаиа 54:13). Түүнээс гадна, Еховагийн ард түмэнд Бурхны сүнс үйлчилдэг бөгөөд уг сүнсний нэг үр жимс нь амар тайван байдал юм (Галат 5:22, 23). Еховагийн ард түмэн амар тайванд дуртай байдаг болохоороо хүчирхийллээр дүүрсэн ертөнцийн дундах сэргээн тэнхрүүлэх баян бүрд болдог. Жинхэнэ христиануудын бие биеэ хайрладаг хайранд үндэслэсэн амар тайван байдал нь шинэ ертөнцийн амьдралын угтал болдог (Иохан 15:17; Колоссай 3:14). Ийнхүү амар тайван байдагтаа бид бүгд баяртай байдаг бөгөөд түүнд аль болохоор хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Энэ нь бидний Бурханд магтаал хүндэтгэл авчирдгийн зэрэгцээ сүнслэг диваажингийн маань чухал бүрэлдэхүүн хэсэг болдог (Исаиа 11:9).

Ехова гэрлээ цаашид ч тусгасаар байх болно

13. Ехова гэрлээ ард түмэн дээрээ тусгахаа хэзээ ч болихгүй гэж итгэхийн учир юу вэ?

13 Ехова гэрлээ ард түмэн дээрээ цаашид ч тусгасаар байх уу? Тэгнэ! Исаиа 60:19, 20-д: «Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан чиний алдар болно. Хойшид чиний нар шингэхгүй, чиний сар хуучрахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний гашуудлын өдрүүд төгсөнө» гэж байдаг. 1919 онд сүнслэг олзлогдогсдын «гашуудал» дуусахад Ехова тэдэн дээр гэрлээ тусгаж эхэлсэн. 80 гаруй жил өнгөрсөн ч Ехова гэрлээ үргэлжлүүлэн тусгахын хэрээр тэд сайшаалыг нь хүртсээр байна. Энэ нь хэзээ ч зогсохгүй бөлгөө. Бидний Бурхан өөрийн үйлчлэгчдийн тухайд нар шиг «шингэж», сар шиг «хуучрахгүй». Тэрбээр өөрийн гэрлийг тэдэн дээр мөнхөд тусгана. Энэхүү түнэр харанхуй ертөнцийн эцсийн өдрүүдэд амьдарч байгаа бидний хувьд юутай сайхан амлалт вэ!

14, 15. а) Бурхны бүх ард түмнийг «зөвт» гэдэг нь юу гэсэн үг вэ? б) «Өөр хонинууд» Исаиа 60:21-ийн ямар чухал зөгнөл биелэхийг үзэх вэ?

14 Сионы дэлхий дэх төлөөлөгч буюу «Бурхны Израилийн» тухайд Еховагийн бас нэгэн амлалт бий. Исаиа 60:21-д: «Чиний бүх ард түмэн зөв шударга [«зөвт», ШЕ] болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм» гэж байдаг. Тослогдсон христианууд 1919 онд идэвхтэй үйл ажиллагаагаа дахин сэргээхдээ онцгой бүлэг хүмүүс болсон. Тэд Есүс Христийн золих тахилд гуйвшгүй итгэх итгэлийнхээ үндсэн дээр нүглээр бузартсан энэхүү ертөнцөд «зөвт хэмээн тунхаглагдсан» (ШЕ) юм (Ром 3:24; 5:1). Дараа нь тэд Вавилоны олзноос чөлөөлөгдсөн израильчууд шиг «газар» буюу сүнслэг газрыг эзэмших болсон. Энэ бол үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь бөгөөд тэд энэ «газарт» сүнслэг диваажингийн баяр жаргал эдэлдэг юм (Исаиа 66:8). Энэ «газрын» сүнслэг үзэсгэлэнт байдал хэзээ ч онгож гандахгүй. Учир нь «Бурхны Израиль» үнэнч байдлаа бат хадгалдгаараа эртний Израилиас өөр юм. Тэдний итгэл, тэвчээр болон хичээл зүтгэл нь Бурхны нэрэнд алдар хүндийг тасралтгүйгээр авчрах болно.

15 Энэхүү сүнслэг ард түмний бүх гишүүн шинэ гэрээнд нэгдсэн. Тэд бүгдээрээ Еховагийн хуулийг зүрхэндээ бичүүлсэн бөгөөд Есүсийн золих тахилын үндсэн дээр Ехова тэдний нүглийг уучилсан (Иеремиа 31:31–34). Ехова тэднийг хөвгүүдээ болгон зөвт хэмээн тунхагласан бөгөөд тэдэнтэй төгс юм шиг харьцдаг (Ром 8:15, МАБ; 1629, 30). Тэдний хамтран зүтгэгчид буюу «өөр хонинуудын» нүгэл мөн адил Есүсийн золиосны үндсэн дээр уучлагдсан ба тэд итгэлээрээ Абрахам шиг Бурхны анд нөхөр болж, «зөвт хэмээн тунхаглагдсан». «Тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ». «Өөр хонинууд» өөр агуу ивээл хишиг хүртэх юм. Тэд «үлэмж их зовлонг» эсэн мэнд давсныхаа дараа юм уу дахин амилсныхаа дараа дэлхий бүхэлдээ диваажин болох тухай Исаиа 60:21-ийн зөгнөл бодитойгоор биелэхийг үзнэ (Илчлэлт 7:14; Ром 4:1–3, ШЕ). Тэр цагт «даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:11, 29).

Зогсолтгүй өссөөр

16. Ехова ямар гайхамшигтай амлалт өгсөн бэ? Тэр нь яаж биелсэн бэ?

16 «Исаиа» номын 60-р бүлгийн хамгийн эцсийн зүйлд эл бүлэг дэх Еховагийн амлалтуудын сүүлийнх нь бичигджээ. Тэрбээр Сионд хандан: «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» хэмээн хэлдэг (Исаиа 60:22). Өнөөдөр Ехова энэ үгээ биелүүлж байна. Үйл ажиллагаагаа сэргээсэн 1919 онд тослогдсон христиануудын тоо цөөн, үнэхээрийн «өчүүхэн нэгэн» байсан. Шинэ сүнслэг «израильчууд» тэдэнтэй нэгдэн нийлэхийн хэрээр тоо нь өссөн юм. Хожим тэдэн уруу «өөр хонинууд» бөөн бөөнөөрөө цутган нийлэх болсон. Бурхны ард түмний дундах амар тайван байдал хийгээд тэдний «газарт» оршин байдаг сүнслэг диваажин чин сэтгэлтэй төчнөөн олон хүнийг татсанаар «хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болжээ». Өнөөдөр энэ «үндэстэн» буюу «Бурхны Израиль» хийгээд Бурханд өөрийгөө зориулсан зургаан сая гаруй «харийнхан» тоогоороо орчин үеийн олон улс орны хүн амаас давж байна (Исаиа 60:10). Энэ «газрын» иргэн бүр Еховагийн гэрлийг тусгадаг учраас түүний нүдэнд бүгдээрээ үзэсгэлэнтэй харагддаг.

17. «Исаиа» номын 60-р бүлгийг судалсан өнөөдрийн хичээл танд хэрхэн нөлөөлсөн бэ?

17 Үнэндээ, «Исаиа» номын 60-р бүлгийн гол санаануудыг судалснаар итгэл бэхэждэг. Еховагийн, ард түмнээ сүнслэг талаараа олзлогдоод, дараа нь дахин сэргэх тухай төчнөөн олон жилийн өмнө урьдчилан харж байсныг мэдэх нь сэтгэл зүрхийг тайтгаруулна. Өнөөдрийн жинхэнэ христиануудын тоо тэгтлээ олон болж өсөхийг төчнөөн олон жилийн өмнө урьдчилан харсан нь бидний гайхшийг бас л төрүүлж байна. Түүнээс гадна, Ехова биднийг хэзээ ч орхихгүйг мэдэх нь юутай тайтгарал бэ! «Мөнхийн амийн талаар зөв хандлагатай» хүмүүсийг баяртайгаар хүлээн авахын тулд «хотын» хаалга ямагт нээлттэй байх болно гэж амласан нь ямар их хайрын илэрхийлэл бэ! (Үйлс 13:48, ШЕ). Ехова ард түмэн дээрээ гэрлээ тусгасаар байх болно. Сион цаашид ч «бахархал» байсаар байх болно. Учир нь Сионы хүүхдүүд гэрлээ улам хурцаар тусгасаар байх юм (Матай 5:16). Одоо бид урьд хожид байгаагүйгээр, «Бурхны Израильтай» ойр дотно холбоотой байж, Еховагийн гэрлийг тусгах завшаанаа эрхэмлэх шийдвэр төгс байгаа маань эргэлзээгүй!

Та тайлбарлаж чадах уу?

• Бурхны ард түмнийг эсэргүүцэхтэй холбоотой асуудлаар бид юунд итгэлтэй байж болох вэ?

• Сионы хүүхдүүд «үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэнэ» гэж юу гэсэн үг вэ?

• Ехова «модны оронд төмрийг» хэрхэн өгсөн бэ?

Исаиа 60:17, 21-д ямар хоёр байдлыг онцлон тэмдэглэсэн бэ?

• «Хамгийн бага нэг нь» хэрхэн «хүчирхэг үндэстэн» болсон бэ?

[Догол мөрийн асуулт]