Skip to content

Гарчиг руу орох

Ехова ард түмнээ гэрлээр алдаршуулдаг

Ехова ард түмнээ гэрлээр алдаршуулдаг

Ехова ард түмнээ гэрлээр алдаршуулдаг

«[«Эмэгтэй», ШЕ] бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан чиний дээр мандаж байна» (ИСАИА 60:1).

1, 2. а) Хүн төрөлхтний байдал ямар байна вэ? б) Хүн төрөлхтнийг нөмрөн байгаа харанхуйн цаана хэн байдаг вэ?

 «ИСАИА юм уу, гэгээн Паул байсан ч болоосой!» хэмээн 1940-өөд оны үед АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трүмэн тийн харуусан дуу алджээ. Түүний тэгж хэлэх болсны учир юу вэ? Тэр үед дэлхийд өндөр ёс суртахуунтай удирдагчид хэрэгтэй байсныг Трүмэн ухаарсан ажээ. ХХ зууны хамгийн бараан түүх болох Дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дуусаад байлаа. Дайн дууссан боловч дэлхийд энх амгалан байдал тогтоогүй, харанхуй хэвээрээ байв. Эдүгээ тэр дайнаас хойш 57 жил өнгөрсөн хэдий ч дэлхий ертөнцийг харанхуй нөмөрсөөр л байна. Хэрэв ерөнхийлөгч Трүмэн амьд сэрүүн байсан сан бол зөнч Исаиа юм уу элч Паул шиг өндөр ёс суртахуунтай удирдагчид хүн төрөлхтөнд өнөөдөр ч гэсэн хэрэгтэй байгааг ойлгох байсан нь эргэлзээгүй.

2 Элч Паул хүн төрөлхтнийг зовоодог харанхуй болон түүнээс сэрэмжлэх тухай захиандаа бичиж байсныг ерөнхийлөгч Трүмэн мэдэж байсан эсэхийг бүү мэд. Тухайлбал: «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн итгэл нэгтнүүддээ сэрэмжлүүлсэн байна (Ефес 6:12). Эндээс, Паул ертөнцийг нөмөрсөн сүнслэг харанхуйн талаар мэдээд зогсоогүй түүний цаана «ертөнцийн захирагчид» хэмээн нэрлэгдсэн сүнсэн «хүчнүүд» буюу чөтгөрүүд байдгийг мэддэг байсан нь харагдаж байна. Энэ ертөнцийн харанхуйн цаана хүчирхэг сүнснүүд байгаа юм бол хүмүүс уг харанхуйг сарниулан арилгаж чадах болов уу?

3. Хүн төрөлхтөн харанхуйд байдаг ч гэсэн Бурханд үнэнч хүмүүсийн тухай Исаиа юу гэж зөгнөсөн бэ?

3 Исаиа ч мөн адил хүн төрөлхтнийг шаналган зовоодог харанхуйн талаар хэлж байсан (Исаиа 8:22; 59:9). Гэхдээ тэрээр өнөөдрийн тухай Бурхны онгодоор хөтлүүлэн зөгнөхдөө тийм харанхуй цаг үед ч гэсэн Ехова гэрэлд дуртай хүмүүсийг гэрэлтүүлэх болно гэж хэлсэн. Тийм ээ, одоо Паул Исаиа хоёр байхгүй ч гэсэн бидэнд тэдний, онгодоор хөтлүүлэн байж бичсэн номууд байдаг бөгөөд тэдгээрийг бид амьдралдаа удирдлага болгодог юм. Энэ нь Еховад хайртай хүмүүсийн хувьд ямар ивээл болохыг ойлгохын тулд «Исаиа» номын 60-р бүлэгт байдаг зөгнөлүүдэд анхаарлаа хандуулъя.

Зөгнөлд гардаг «эмэгтэй» гэрэлтдэг

4, 5. а) Ехова «эмэгтэй»-д ямар тушаал өгч, юу амласан бэ? б)«Исаиа» номын 60-р бүлэгт сэтгэл хөдөлгөм ямар мэдээ байдаг вэ?

4 «Исаиа» номын 60-р бүлгийн эхний үгс түнэр харанхуйд түрүүлгээ харан хэвтээд ихэд гуниглан буй эмэгтэйд ханджээ. Гэнэт, гэрэл түнэр харанхуйг нэвтлэн цацарч, «[«Эмэгтэй», ШЕ] бос, гэрэлт. Учир нь чиний гэрэл ирж, ЭЗЭНий цог жавхлан [«алдар», ШЕ] чиний дээр мандаж байна» гэж Ехова тушаав (Исаиа 60:1). Тийм ээ, «эмэгтэй» босож, Бурхны гэрэл буюу алдрыг тусгах цаг нь болсон. Яах гэж? Үүний хариуг бид дараах зүйлээс мэдэж болно. Уг зүйлд: «Үзэгтүн, газрыг харанхуй бүрхэн, гүн харанхуй хүмүүсийг хучсан. Гэвч ЭЗЭН чиний дээр мандан, Түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэнэ» хэмээн бичжээ (Исаиа 60:2). «Эмэгтэй» Еховагийн тушаалыг биелүүлбэл гайхамшигтай үр дүнд хүрэх учиртай байлаа. «Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ» гэж Ехова хэлдэг (Исаиа 60:3).

5 Энэ гурван зүйлийн сэтгэл хөдөлгөм үгс «Исаиа» номын 60-р бүлгийн оршил нь болдог бөгөөд уг бүлгийн санааг товч илэрхийлдэг. Эдгээр үг зөгнөлд гардаг эмэгтэйд юу тохиолдохыг урьдчилан хэлдэг ба хүн төрөлхтнийг нөмөрсөн харанхуйн дунд Еховагаас ирдэг гэрэлд хэрхэн амьдарч болохыг тайлбарладаг. Тэгвэл энэхүү эхний гурван зүйлийн бэлэгдлүүд ямар санаа илэрхийлдэг вэ?

6. «Исаиа» номын 60-р бүлэгт гардаг «эмэгтэй» юуг бэлэгддэг вэ? Түүнийг дэлхий дээр хэн төлөөлдөг вэ?

6 Исаиа 60:1–3-т гардаг «эмэгтэй» бол Сион буюу сүнсэн бүтээлүүдээс бүрддэг, Еховагийн тэнгэрийн байгууллага юм. Өнөөдөр дэлхий дээр Сионыг Христтэй хамт тэнгэрээс захирах найдвартай, сүнсээр тослогдсон христиануудын олон улсын хурал буюу «Бурхны Израилийн» үлдсэн гишүүд төлөөлдөг (Галат 6:16). Энэхүү сүнслэг үндэстэн нийтдээ 144 000 гишүүнтэй бөгөөд «Исаиа» номын 60-р бүлгийн зөгнөлийн орчин үеийн биелэл нь «эцсийн өдрүүдэд» дэлхий дээр амьдарч байгаа хэсэг дээр төвлөрдөг юм (2 Тимот 3:1; Илчлэлт 14:1). Тэрчлэн, зөгнөлд тослогдсон христиануудын хамтран зүтгэгчид буюу «өөр хонинуудын» «үй олон хүний» тухай олон зүйлийг өгүүлжээ (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9).

7. 1918 онд Сионы байдал ямар байсан бэ? Үүнийг хэрхэн зөгнөсөн бэ?

7 «Бурхны Израиль» зөгнөлд гардаг эмэгтэй шиг харанхуйд хэвтэж байсан цаг бий юү? Бий. 80 гаруй жилийн өмнө тийм юм болсон. Тослогдсон христианууд Дэлхийн нэгдүгээр дайны үед гэрчлэх ажлыг үргэлжлүүлэх гэж хамаг хүчээрээ хичээсэн. Гэвч 1918 он буюу дайны сүүлчийн жил зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэх ажил үндсэндээ зогссон. Дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг харгалзаж байсан Жозеф Рутерфорд болон удирдах үүрэг бүхий бусад христианыг зохиомлоор буруутган, удаан хугацаагаар шоронд хорих ял оноосон. Тэр үед дэлхий дээр амьдарч байсан тослогдсон христиануудыг «Илчлэлт» номд «сүнсний хувьд [«сүнслэг утгаар», ШЕ] Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд» хэвтэж байгаа цогцсууд хэмээн зөгнөн дүрсэлжээ (Илчлэлт 11:8). Энэ бол тослогдсон хүүхдүүд нь өөрийг нь дэлхий дээр төлөөлж байсан Сионы хувьд үнэхээр түнэр харанхуй цаг байлаа!

8. 1919 онд ямар эрс өөрчлөлт гарсан бэ? Үүний үр дүн юу байв?

8 Гэвч 1919 онд байдал эрс өөрчлөгдсөн. Ехова Сионыг гэрэлтүүлсэн! «Бурхны Израилийн» үлдэгсэд «босож», сайн мэдээг аймшиггүйгээр дахин тунхаглан, Еховагийн гэрлийг тусгаж эхэлсэн (Матай 5:14–16). Эдгээр христиан хүний дахин сэргэсэн хичээл зүтгэлийн ачаар өөр олон хүн Еховагийн гэрэл уруу ирсэн. Эхлээд «Бурхны Израилийн» шинэ гишүүд ирсэн. Исаиа 60:3-т тэднийг «хаад» гэж нэрлэсэн буй. Учир нь тэд Бурхны тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт өв залгамжлагч болох аж (Илчлэлт 20:6). Дараа нь Еховагийн гэрэл уруу «өөр хонинуудын» «үй олон хүн» ирэх болсон. Исаиагийн зөгнөлд энэ хүмүүсийг «үндэстнүүд» гэж нэрлэжээ.

«Эмэгтэйн» үр хүүхэд гэртээ буцан ирж байна!

9, 10. а) «Эмэгтэй»-д ямар гайхамшигтай дүр зураг үзэгдсэн бэ? Энэ нь ирээдүйн ямар үйл явдлыг бэлэгдсэн бэ? б) Сионд баярлах ямар ямар шалтгаан байдаг вэ?

9 Ехова цааш нь Исаиа 60:1–3-т өгсөн зөгнөлөө илүү тодруулан илчилж эхэлсэн. Тэрбээр «эмэгтэй»-д өөр тушаал өгч, «Нүдээ өргөн орчин тойрноо харагтун» гэж хэлсэн. «Эмэгтэй» тушаалыг биелүүлэхэд юутай баярлаж бахдам дүр зураг үзэгдсэн гээ! Хүүхдүүд нь гэртээ буцан ирж байлаа. Тэр зүйлд цааш нь: «Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охидыг гар дээр авчирна» гэж байдаг (Исаиа 60:4). 1919 онд эхэлсэн Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар тунхаглах ажил олон мянган шинэ хүнийг «Бурхны Израиль» уруу татсан. Тэд бас Сионы «хөвгүүд» «охид», «Бурхны Израилийн» тослогдогсон гишүүд болсон. Тийнхүү, Ехова 144 000-ын сүүлийн хэсгийг гэрэл уруу авчран, Сионыг алдаршуулсан.

10 Хүүхдүүдээ дэргэдээ байгааг үзээд Сионы хэрхэн баярлаж байгааг та төсөөлж чадах уу? Гэхдээ Ехова Сионд баярлах өөр шалтгаан өгсөн. Түүний Үгэнд: «Чи үзэж гэрэлтээд, чиний зүрх хөдлөн, баясна. Яагаад гэвэл далайн баялаг та нарынх болж, үндэстнүүдийн хөрөнгө чамд ирнэ» гэж байдаг (Исаиа 60:5). Уг зөгнөлийн дагуу 1930-аад оноос дэлхийд мөнх амьдрах найдвартай үй олон христиан хүн Сион уруу цутгаж эхэлсэн. Тэд Бурхнаас хөндийрсөн хүн төрөлхтний «далай»-гаас гардаг бөгөөд «үндэстнүүдийн хөрөнгийг» төлөөлдөг. Тэд бол «бүх үндэстний эд баялаг» юм (Хаггай 2:7; Исаиа 57:20). Эдгээр «эд баялаг» Еховад ганц нэгээрээ, өөрийн зөв гэсэн арга замаар үйлчлээгүйг бас анхаараарай. Энэ хүмүүс тослогдсон ах дүүсийнхээ хамт Бурхнаа шүтэж, тэдэнтэй «нэг Хоньчинтой нэг хонин сүрэг» болохдоо Сионы алдрыг улам мандуулдаг (Иохан 10:16).

Сион уруу худалдаачид болон хоньчид ирж байна

11, 12. Сион уруу ирж байгаа хүмүүсийг дүрслэн хэлнэ үү.

11 Энэхүү урьдчилан зөгнөсөн цуглуулах ажлын үр дүнд Еховаг магтан алдаршуулагч хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Энэ тухай дараах зөгнөлд урьдчилан хэлсэн буй. Та өөрийгөө зөгнөлд гардаг эмэгтэйтэй хамт Сион уулан дээр зогсож байна гээд төсөөлөөд үз дээ. Тэгээд дорно зүг харагтун. Тэнд юу харагдана вэ? «Тэмээн сүрэг, Мидиан болон Ефагийн ботгонууд чамайг бүрхэнэ. Тэд бүгдээрээ Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран, ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ» (Исаиа 60:6). Үй олон худалдаачин тэмээн жингээ хөтлөн Иерусалим уруу чиглэсэн замаар цуварна. Тэмээнүүд үерийн ус шиг газар орныг бүрхжээ! Худалдаачид үнэт бэлэг болох «алт хийгээд гүгэл» зөөнө. Тэд «ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээж», Еховаг бүх нийтэд магтан алдаршуулахын тулд Бурхны гэрэл уруу ирж байна.

12 Замаар явж байгаа нь зөвхөн худалдаачид биш байлаа. Сион уруу бас хоньчид явж байв. Зөгнөлд цааш нь: «Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ» гэж байдаг (Исаиа 60:7а). Малчин овгууд Еховад сүргийнхээ хамгийн сайнаас өргөхөөр ариун хот уруу ирж байна. Тэр ч байтугай тэд Сионд үйлчлэхээр өөрсдийгөө өргөж байна! Эдгээр харийн хүнийг Ехова хэрхэн хүлээж авдаг вэ? Үүнд: «Тэд Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөн, Би Өөрийн сүр жавхлант гэрийг алдаршуулна» хэмээн Бурхан өөрөө хариулж байна (Исаиа 60:7б). Ехова эдгээр харийн хүний өргөл болон үйлчлэлийг эелдэгхэн хүлээж авдаг. Тэд тэнд байснаараа түүний сүмийг магтан алдаршуулдаг юм.

13, 14. Өрнө зүгээс юу ойртож байна вэ?

13 Одоо өрнө зүг харагтун. Тэнд юу харагдана вэ? Алсад усны мандлаар үүл хөврөн цайрч байгаа мэт зүйл харагдана. Танд төрсөн байж болох: «Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?» хэмээсэн асуултыг Ехова асууж байна (Исаиа 60:8). Тэгээд: «Үнэхээр эргийн орнууд Намайг харуулдана. Чиний Бурхан ЭЗЭНий нэр, Израилийн ариун Нэгний төлөө алс холоос чиний хөвгүүдийг алт, мөнгөтэй нь хамт авчрахын тулд Таршишийн усан онгоцнууд эхэнд ирнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм» хэмээн өөрөө хариулж байна (Исаиа 60:9).

14 Энэ дүр зургийг та төсөөлж байна уу? Цагаан үүл ойртсоор бөгөөд одоо алс баруунтайд олон жижиг толбо мэт харагдаж байна. Энэ нь далайн мандал дээгүүр нисэж яваа шувуудын цуваа мэт аж. Гэвч тэдгээрийг улам ойртон ирэхийг ажиглавал дарвуулт усан онгоцнууд байлаа. Иерусалим уруу хөвөн ирж яваа хөлөг онгоцнууд үүр уруугаа нисэн ирж яваа тагтаан цувааг санагдуулам олон ажээ. Алс холын боомтуудаас хамаг хурдаараа ирж яваа эдгээр хөлөг онгоц итгэгчдийг Иерусалим уруу авчирж байна. Тэд тэнд Еховаг шүтэх аж.

Еховагийн байгууллага өргөжин тэлсээр байна

15. а) Исаиа 60:4–9-д ямар өсөлтийн тухай зөгнөсөн бэ? б) Жинхэнэ христианууд ямар сэтгэлгээ илэрхийлдэг вэ?

15 1919 оноос дахин сэргэсэн жинхэнэ шүтлэг дэлхий даяар түгэн тархаж байгааг «Исаиа» номын 60-р бүлгийн 4–9-р зүйлд ямар тод дүрсэлсэн байна вэ! Ехова ямар учраас Сионыг тийм өсөлтөөр ивээсэн бэ? Учир нь «Бурхны Израиль» 1919 оноос Еховагийн гэрлийг дуулгавартай бөгөөд тогтмол цацрааж байгаа юм. Гэвч та 7-р зүйлд бичсэнээр ирж байгаа шинэ хүмүүс Бурхны «тахилын ширээнд... өргөгддөгийг» анхаарсан уу? Тахилыг тахилын ширээн дээр өргөдөг байсан бөгөөд зөгнөлийн энэ онцлог нь Еховад үйлчлэх үйлчлэл тахилтай холбоотой болохыг сануулдаг. Өөрөөр хэлбэл Еховад үйлчлэхдээ өөрийгөө золиосолно гэсэн үг юм. Элч Паул: «Өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг... та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл [«зүй зохистой үйлчлэл», МБОХ, 1996] нь мөн» гэж бичжээ (Ром 12:1). Паулын үгээр бол жинхэнэ христианууд цуглаанд долоо хоногт нэг удаа очсоноор үйлчлэлээ хязгаарладаггүй ажээ. Тэд цэвэр шүтлэгийг дэлгэрүүлэхэд цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулдаг. Тийм үнэнч үйлчлэгчид Еховагийн гэрийг алдаршуулдаггүй гэж үү? Тэгнэ гэдгийг Исаиа зөгнөжээ. Харин ингэснээр эдгээр хичээл зүтгэлтэй үйлчлэгчид Бурхны нүдэнд сайхан харагддаг гэдэгт бид итгэлтэй байж болно.

16. Дээр үед сэргээн босгох ажилд хэн оролцож байсан бэ? Орчин үед тослогдогсодтой хэн хамтран ажиллаж байна вэ?

16 Шинээр ирж байгаа хүмүүс ажиллахыг хүсэж байна. Зөгнөлд цааш нь: «Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ» гэж байдаг (Исаиа 60:10). Эдгээр үг анх иудейчүүдийг Вавилоны олзноос буцаж ирэх үед биелсэн бөгөөд Иерусалим болон сүмийг сэргээн босгоход үнэн хэрэгтээ үндэстнүүдийн хаад хийгээд бусад хүмүүс тусалсан билээ (Езра 3:7; Нехемиа 3:26). Харин зөгнөлийн орчин үеийн биеллийн үед жинхэнэ шүтлэгийг «босгоход» «үй олон хүн» тослогдсон үлдэгдэлд тусалж байна. Тэд христиан хурлуудыг үүсгэн байгуулахад тусалдаг бөгөөд ингэснээрээ хоттой зүйрлэм, Еховагийн байгууллагын «хана хэрмийг» бэхжүүлдэг. Тэрчлэн Хаанчлалын болон Чуулганы танхим, Бетел зэрэг бодит барилга барих ажилд гар бие оролцдог. Тийнхүү тэд тослогдсон ах дүүсийнхээ хамт өргөжин тэлж байгаа Еховагийн байгууллагын хэрэгцээг хангахад санаа тавьдаг.

17. Ехова ард түмнээ ямар замаар алдаршуулж байна вэ?

17 Исаиа 60:10-т байгаа төгсгөлийн үгс хэчнээн их урам хайрлана вэ! Ехова: «Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч, өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно» гэж хэлдэг (Исаиа 60:10). Тийм ээ, Ехова 1918—1919 онд ард түмнээ сахилгажуулсан. Гэвч энэ бол болоод өнгөрсөн үе. Харин одоо Еховагийн хувьд тослогдсон үйлчлэгчдээ болон тэдний хамтран зүтгэгчид болох «өөр хонинуудыг» «өрөвдөх» цаг юм. Үүнийг өөрийнх нь «алдаршуулан» ивээснээр бий болж байгаа ер бусын өсөлт гэрчилж байна.

18, 19. а) Байгууллага уруу нь ирэх ёстой шинэ хүмүүсийн тухайд Ехова юу амладаг вэ? б) «Исаиа» номын 60-р бүлгийн үлдсэн зүйлүүдэд юун тухай өгүүлдэг вэ?

18 Жил бүр олон зуун мянган шинэ «харийн хүн» Еховагийн байгууллагад нэгдэж байгаа ба өөр олон хүнд тэдний жишээг дуурайх боломж нээлттэй байна. Ехова Сионд хандан: «Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирж, хаад нь цувааг хөтөлж байхын тулд чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байна» гэж хэлж байна (Исаиа 60:11). Зарим эсэргүүцэгч энэ «дааман хаалгануудыг» хаахыг оролдож байгаа хэдий ч чадахгүйг нь бид мэддэг билээ. Яалаа ч гэсэн «дааман хаалганууд» нээлттэй байх болно гэж Ехова өөрөө хэлсэн. Цаашид ч өсөх болно.

19 Энэхүү эцсийн өдрүүдэд Ехова ард түмнээ алдаршуулан ивээсэн өөр асуудал бий. Энэ нь чухам юу болохыг «Исаиа» номын 60-р бүлгийн үлдсэн зүйлүүдэд зөгнөн хэлсэн буй.

Та тайлбарлаж чадах уу?

«Исаиа» номын 60-р бүлгийн «эмэгтэй» юуг бэлэгддэг вэ? Түүнийг дэлхий дээр хэн төлөөлдөг вэ?

• Сионы хүүхдүүд хэзээ түрүүлгээ харан хэвтсэн бэ? Тэд хэзээ, яаж «боссон» бэ?

• Ехова янз бүрийн бэлэгдлийн тусламжтайгаар Хаанчлалыг дэлгэрүүлэгчдийн өсөлтийг хэрхэн зөгнөсөн бэ?

• Ехова гэрлээ ард түмэн дээрээ ямар ямар замаар тусгаж байна вэ?

[Догол мөрийн асуулт]