Жинхэнэ христианууд үргэлж «үнэн дотор явдаг»
Жинхэнэ христианууд үргэлж «үнэн дотор явдаг»
«Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан надад байхгүй билээ» (3 Иохан 4).
1. «Сайн мэдээний үнэн» юун дээр төвлөрдөг вэ?
ЕХОВА өөрийг нь «сүнс ба үнэнээр» шүтдэг хүмүүсийг л сайшаадаг (Иохан 4:24, ШЕ). Тэд Бурхны Үгэнд үндэслэсэн бүх христиан сургаалыг хүлээн зөвшөөрч, үнэнд дуулгавартай байдаг. Энэхүү «сайн мэдээний үнэн» Есүс Христ болон Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг Хаанчлалаар дамжуулан зөвтгөх асуудал дээр төвлөрдөг (Галат 2:14). Хэдийгээр Бурхан худал хуурмагийг эрхэмлэдэг хүмүүсийг «төөрөгдлийн ажиллагаанд» автахыг зөвшөөрдөг ч сайн мэдээнд итгэж, «үнэн дотор явахаас» аврагдах эсэх хамаарна (2 Тесалоник 2:9–12; Ефес 1:13, 14).
2. Элч Иоханы хувьд юу хамгийн их баяр баясгалантай зүйл байсан бэ? Гайостай ямар харьцаатай байсан бэ?
2 Хаанчлалыг тунхаглагчид бол «үнэний хамтран зүтгэгчид» билээ. Тэд ч гэсэн элч Иохан болон түүний анд Гайос хоёрын адилаар үнэнийг тууштай баримтлан, «үнэн дотор явдаг». Иохан Гайосыг санан: «Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан надад байхгүй билээ» хэмээн бичжээ (3 Иохан 3–8). Иохан Гайост үнэнийг өөрийн биеэр заагаагүй ч гэлээ өндөр нас, христиан төлөвшилт, эцгийн хайр зэрэг нь залуу Гайосыг сүнслэг хүүхдээ гэж хэлэх бүрэн үндэс болсон бололтой.
Үнэн ба христиан шүтлэг
3. Эртний христианууд ямар зорилгоор цугладаг байсан бэ? Цуглах нь ямар ач холбогдолтой байв?
3 Эртний христианууд үнэнийг мэдэхийн тулд хурлаараа нэгдэн, голдуу гэр гэртээ цугладаг байжээ (Ром 16:3–5). Ийнхүү тэд бие биеэ зоригжуулан, «хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулдаг» байв (Еврей 10:24, 25). Үүнээс хойхно үеийн, өөрийгөө христиан гэдэг байсан хүмүүсийн талаар Тертуллиан (ойролцоогоор 155—220 оны дараа): «Бид Бурхны номыг уншихын тулд цугладаг... Эдгээр ариун үгээр бид итгэлээ тэжээж, найдвараа бататган, эр зоригоо чангалдаг» хэмээн бичжээ («Apology», 39-р бүлэг).
4. Христиан цуглаанд дуу ямар ач холбогдолтой вэ?
4 Эртний христианууд цуглахдаа бас дуу дуулдаг байсан бололтой юм (Ефес 5:19; Колоссай 3:16). Хоёрдугаар зуунд амьдарч байсан шүүмжлэгч Цельс «христ шашинтан» хүмүүсийн дуулдаг аялгуу сайхан дуунууд «үнэхээр сэтгэл татам сайхан байсанд бүр эгдүүцэж байжээ» хэмээн профессор Хенри Чадвик бичжээ. Түүнчлэн «Александрийн Климент бол христианууд ямар хөгжим ашиглаж болохыг хөндөж бичсэн анхны христ шашинтан зохиолч юм. Тэрээр христиануудын хөгжим эротик бүжгийн хөгжимтэй адилхан байж болохгүй гэж үзсэн» хэмээн бичсэн байна («The Early Church», 274, 275-р хуудас). Анхны христианууд хамт цуглахдаа дуу дуулдаг байсны адилаар Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн дуу, тэр дундаа Бурхан болон Хаанчлалыг магтсан уран яруу үгтэй дуу дуулдаг.
5. а) Эртний христиан хуралд сүнслэг зааврыг яаж өгдөг байсан бэ? б) Матай 23:8, 9-д бичсэн Есүсийн үгийг жинхэнэ христианууд хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
5 Эрт үеийн христиан хуралд харгалзагч нар үнэнийг зааж, туслах үйлчлэгчид итгэл нэгтнүүддээ олон талаар тусалдаг байжээ (Филиппой 1:1). Түүнчлэн, Бурхны Үг болон ариун сүнсэнд найдан үйл ажиллагаа явуулдаг удирдах зөвлөл сүнслэг заавар өгдөг байв (Үйлс 15:6, 23–31). Есүс шавь нартаа: «Та нар „Багш аа“ гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй» хэмээн тушаасан учраас христианууд шашны цол гуншин хэрэглэдэггүй байлаа (Матай 23:8, 9). Энэ мэтчилэн эртний христианууд болон Еховагийн Гэрчүүд өөр олон талаараа ижил төстэй юм.
Үнэнийг дэлгэрүүлснээсээ болж хавчигдсан нь
6, 7. Жинхэнэ христианууд энх амгалангийн мэдээ дэлгэрүүлдэг байсан ч тэдэнд хэрхэн ханддаг байсан бэ?
6 Эртний христианууд Хаанчлалын тухай энх амгалангийн мэдээ дэлгэрүүлдэг байсан хэрнээ Есүсийн адилаар бас хавчигдсан билээ (Иохан 15:20; 17:14). Түүхч Жон фон Мосхим нэгдүгээр зууны христиануудыг «улс нийгмийн сайн сайханд өчүүхэн төдий хор учруулахыг боддоггүй хамгийн гэм хоргүй хүмүүс» гэж нэрлэжээ. Мосхим: «Христиануудын шүтлэг бусад үндэстнүүдийн ариун ёс жаягтай ижил төстэй гэмээр ямар ч зүйлгүй, энгийн байсанд ромчууд зэвүүцдэг байв» хэмээн тэмдэглэжээ. Тэрээр цааш нь: «Тэд амьтдаар тахил өргөдөггүй, сүмд очдоггүй, шүтээн шүтдэггүй, мэргэ төлөг буулгадаг ламгүй, санваартны зэрэг дэвгүй байлаа. Энэ нь шашин дээр дурдсан бүхэнгүйгээр оршин тогтнох аргагүй гэж үздэг харанхуй олон түмний зүгээс зэмлэл хүртэхэд хангалттай байжээ. Тиймээс христиануудыг шашингүйн үзэлтэн хэмээн буруушаадаг байв. Харин Ромын хуулиар шашингүйн үзлээр буруутгагдсан хэнийг ч болов нийгэмд аюултай этгээд гэж үздэг байлаа» хэмээн бичжээ.
7 Хиймэл шүтээнийг амин зуулгаа болгодог санваартан, гар урчууд болон бусад хүмүүс ард олныг «шүтээн шүтэхтэй» холбоотой зан үйлд оролцдоггүй христиануудын эсрэг босгож байлаа (Үйлс 19:23–40; 1 Коринт 10:14). Тертуллиан: «Нийгэмд ямар нэг аюул учирч, хүмүүст алив гай дайрахад христиануудаас л боллоо гэж тэд үздэг. Тибр гол үерлэж, ус нь хотын хэрэмтэй зэрэгцэн ирвэл; Нил мөрөн хатаж, газар услах усгүй болбол; бороо хур орохгүй бол; газар хөдөлбөл; өлсгөлөн болж, тахал гарвал „Христиануудыг арсланд хаяж өг!“ гэж хашгирах нь тэр» гэж бичжээ. Жинхэнэ христианууд ямар ч байдалд байсан «[хиймэл] шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалдаг» (1 Иохан 5:21).
Үнэн ба шашны зан үйл
8. «Үнэн дотор явдаг» хүмүүс Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэггүйн учир юу вэ?
8 «Үнэн дотор явдаг» хүмүүс Библийн үндэслэлгүй зан үйлийг баримталдаггүйн учир нь «гэрэл ба харанхуйн хооронд ямар ч нөхөрлөл байдаггүйд» оршдог юм (2 Коринт 6:14–18). Жишээ нь: Тэд 12-р сарын 25-нд болдог Крисмас буюу Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэггүй. «Христ яг хэзээ төрснийг хэн ч мэдэхгүй» гэж «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичжээ («The World Book Encyclopedia»). «Америкийн нэвтэрхий толь»-д: «Ромчуудын 12-р сарын дундуур тэмдэглэдэг, эх захаа алдсан найр наадам нь Христийн мэндэлсний баярын зан үйлийн үндэс болжээ» гэж тайлбарласан байна («The Encyclopedia Americana», 1956 оны хэвлэл). Өөр нэгэн бүтээлд: «Христийн мэндэлсний баярын зан үйл нь Бурхны тушаал ч биш, Ш[инэ] Г[эрээнд] ч үндэслээгүй юм» хэмээн тэмдэглэжээ («M’Clintock and Strong’s Cyclopædia»). «Есүсийн үеийн аж байдал» гэдэг номд: «Малыг... өвлийн цагт хашаа хороонд хашдаг байжээ. Ганц энэ баримтад үндэслээд л Христийн мэндэлсний баярыг өвөл тэмдэглэж ирсэн уламжлалт тов зөв гэдэг нь үнэмшил багатай болдог. Учир нь Евангелид хоньчдыг хээр хоноглож байсан гэж бичсэн байдаг» хэмээн тайлбарлажээ (Лук 2:8–11) («Daily Life in the Time of Jesus»).
9. Еховагийн эртний болоод өнөөгийн үйлчлэгчид Улаан өндөгний баяр тэмдэглэхээс яагаад зайлсхийдэг вэ?
9 Улаан өндөгний баяраар Христийн дахин амилсныг дурсан санадаг гэдэг боловч баттай эх сурвалжаас үзвэл энэ баяр хуурамч шүтлэгтэй холбоотой ажээ. Библийн нэгэн тольд Улаан өндөгний баярын тухай: «Уг нь тевтонуудын шүтдэг, эртний англи хэлээр Эастр [эсвэл Эостр] гэдэг нэртэй, гэрэл болон хаврын охин тэнгэрт хүндэтгэл үзүүлдэг хаврын баяр байжээ» гэж тайлбарлажээ («The Westminster Dictionary of the Bible»). Ямар ч гэсэн, «Британийн нэвтэрхий толь»-д: «Есүсийн дахин амилсныг баяр болгон тэмдэглэдэг байсан тухай Шинэ Гэрээнд юу ч дурдаагүй байна» гэж бичжээ («Encyclopædia Britannica», 11 дэх хэвлэл). Улаан өндөгний баярыг эртний христианууд тэмдэглэдэггүй байсан, өнөөдөр Еховагийн ард түмэн ч тэмдэглэдэггүй.
10. Есүс ямар арга хэмжээг анх зохион байгуулсан бэ? Хэн үүнийг ёс журмаар нь сахидаг вэ?
10 Есүс дагалдагчдадаа төрсөн өдрийг нь ч, дахин амилсныг нь ч тэмдэглэж байхыг тушаагаагүй. Гэхдээ золиос болж үхсэнийг нь Дурсах үдшийг анх өөрөө зохион байгуулсан (Ром 5:8). Ганцхан энэ үйл явдлыг тэмдэглэхийг шавь нартаа тушаасан юм (Лук 22:19, 20). Үүнийг бас «Эзний Зоог» гэж нэрлэдэг ба Еховагийн Гэрчүүд жил тутам тэмдэглэдэг (1 Коринт 11:20–26).
Үнэнийг дэлхий даяар тунхаглаж байна
11, 12. «Үнэн дотор явдаг» хүмүүс дэлгэрүүлэх ажлаа хэрхэн дэмжиж байсан ба дэмждэг вэ?
11 Үнэнийг мэддэг хүмүүс сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд цаг зав, хүч чадал болон бусад зүйлээ зориулахыг аз завшаан гэж үздэг (Марк 13:10). Эртний христианууд дэлгэрүүлэх ажлыг сайн дурын өргөлөөр дэмждэг байжээ (2 Коринт 8:12; 9:7). Тертуллиан: «Бидэнд мөнгөний хайрцаг байлаа гэхэд энэ нь шашныг арилжаалж байгаа мэт татвар хураамж цуглуулдаг зүйл биш ээ. Хүн болгон сард нэг удаа эсвэл хүссэн цагтаа, үнэхээр хүсээд бас боломжтой бол бага хэмжээний мөнгө өргөдөг. Учир нь хэнийг ч албаддаггүй бөгөөд энэ бол сайн дурын өргөл юм» гэж бичжээ («Apology», 39-р бүлэг).
12 Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахинд явуулдаг Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажил ч бас сайн дурын өргөлөөр санхүүждэг. Гэрчүүдээс гадна, сайхан сэтгэлтэй сонирхогч хүмүүс энэ үйл хэргийг өргөл хандиваараа дэмжихийг аз завшаанд тооцдог. Энэ бол анхны христианууд болоод Еховагийн Гэрчүүдийн бас нэг ижил төстэй тал юм.
Үнэн ба биеэ авч явах байдал
13. Еховагийн Гэрчүүд биеэ авч явах талаар Петрийн ямар зөвлөгөөг анхаардаг вэ?
13 «Үнэн дотор явдаг» эртний христианууд элч Петрийн: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» хэмээн зөвлөснийг дагадаг байжээ (1 Петр 2:12). Еховагийн Гэрчүүд ч энэ үгийг ул суурьтай авч үздэг.
14. Ёс суртахуунгүй зугаа цэнгэлийг христианууд хэрхэн үздэг вэ?
14 Тэрслэлийн үе эхэлсний дараа ч «христ шашинтан» хүмүүс ёс бус үйлээс зайлсхийдэг байжээ. Христ шашны түүхийн профессор Уилиам Киллен: «Хоёр, гуравдугаар зуунд том хот болгонд байсан театр зугаа цэнгэлийн төв болж байв. Театрын жүжигчид гол төлөв ёс суртахууны их доголдолтой хүмүүс байсан бөгөөд тоглодог жүжиг нь тухайн цагийн хүмүүсийн садар самууны хүсэл тачаалыг үргэлж өөгшүүлдэг байжээ. [...] Жинхэнэ христианууд театрыг жигшдэг байлаа. [...] Тэд театрын бузар явдлыг жигшиж, харийн бурхан, охин тэнгэрт байнга ханддагийг нь өөрсдийнх нь итгэл үнэмшлийг доромжилсон хэрэг гэж үздэг байлаа» хэмээн бичжээ («The Ancient Church», 318—319-р хуудас). Эдүгээ Есүсийн жинхэнэ дагалдагчид бузар явдал хийгээд ёс суртахууны доройтолд автсан зугаа цэнгэлийн алив хэлбэрээс зайлсхийдэг (Ефес 5:3–5).
Үнэн ба «дээд эрх мэдлүүд»
15, 16. «Дээд эрх мэдлүүд» гэж юу вэ? Үнэн дотор явдаг хүмүүс эдгээрт хэрхэн ханддаг вэ?
15 Эртний христианууд биеэ зөв авч явдаг байсан хэдий ч Ромын эзэн хаадын олонх нь тэдний тухай буруугаар боддог байлаа. Түүхч Эрнест Хардийн тэмдэглэснээр эзэн хаад тэднийг «зэвүү хүргэм хэт шүтлэгтнүүд» гэж үздэг байжээ. Битиний амбан захирагч Бага Плини болон Ромын эзэн хаан Траян хоёрын захидал харилцаанаас үзвэл эрх баригчид христиануудын чухам ямар хүмүүс болохыг мэддэггүй байжээ. Христианууд засаг төрдөө хэрхэн ханддаг вэ?
16 Есүсийн эртний дагалдагчдын адилаар өнөөдөр Еховагийн Гэрчүүд засаг төрийн «дээд эрх мэдлүүдэд» харьцангуй байдлаар захирагддаг (Ром 13:1–7). Хэрэв Бурхны хүсэл таалал ба хүний шаардлагын хооронд зөрчил гарвал тэд «хүнийг дагахаас илүү Бурхныг дагах ёстой» гэсэн зарчмыг баримталдаг (Үйлс 5:29). «Есүсийн дараах үе ба христ шашны ялалт» номд: «Хэдийгээр христианууд эзэн хааныг шүтдэггүй ч үймээн самуун дэгдээдэггүй байлаа. Тэдний шашин харь үндэстнүүдийн нүдэнд этгээд хачин, заримдаа гутамшигтай гэмээр байсан ч улс гүрэндээ ямар ч аюул занал учруулдаггүй байлаа» хэмээн тэмдэглэжээ («After Jesus−The Triumph of Christianity»).
17. а) Эртний христианууд ямар засгийн газрыг дэмждэг байсан бэ? б) Христийн жинхэнэ дагалдагчид Исаиа 2:4-ийн үгийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
17 Патриарх Абрахам, Исаак, Иаков нар Бурхныг «хот» барина гэж амласанд итгэдэг байсны адил эртний христианууд Бурхны Хаанчлалыг дэмждэг байлаа (Еврей 11:8–10). Тэд Эзэн Есүсийнхээ адилаар «ертөнцийнх биш» байсан юм (Иохан 17:14–16). Тэд «илдээ анжисны хошуу... болгон давтсан» учраас дайн тулаан, зөрчил мөргөлдөөнд оролцолгүй, энхийг сахидаг байсан (Исаиа 2:4). Христ шашны түүхийн лектор Жеффри Наттолл сонирхол татам нэгэн ижил төстэй талыг тэмдэглэн: «Энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гэсэн эртний христиануудын дайныг үзэх үзэл өөрсдийгөө „Еховагийн Гэрчүүд“ гэдэг хүмүүсийнхтэй тун адил юм» гэж тайлбарлажээ.
18. Аль ч засгийн газар Еховагийн Гэрчүүдээс айх хэрэггүйн учир юу вэ?
18 Анхны христианууд «дээд эрх мэдлүүдэд» захирагдан, төвийг сахиж, улс төрийн ямар ч байгууламжид аюул занал учруулдаггүй байсан. Еховагийн Гэрчүүд ч гэсэн тэдэнтэй адил. «Мухар сохроор дагалдагч, хардамтгай хүн л Еховагийн Гэрчүүдийг аливаа улс төрийн дэглэмд аюул учруулдаг гэж итгэдэг. Тэд хорлон сүйтгэгч биш, энхийг эрхэмлэдэг шашны байгууллага» гэж Хойд Америкийн нэгэн сонины тэргүүн өгүүллийн зохиогч бичжээ. Ухаалаг удирдагчид Еховагийн Гэрчүүдээс айх хэрэггүй гэж мэддэг.
19. Эртний христианууд болон Еховагийн Гэрчүүдийн талаар татвар төлөхтэй холбоотой юу хэлж болох вэ?
19 Эртний христианууд «дээд эрх мэдлүүдийг» хүндэтгэдэг байсны нэг илрэл бол татвар төлдөг явдал байлаа. Юстин Зовогч Ромын эзэн хаан Антонин Пийд (МЭ 138—161) бичихдээ христианууд татвар төлөхдөө «хэнээс ч илүү уриалган» байдгийг тэмдэглэжээ («First Apology», 17-р бүлэг). Тэрчлэн, Тертуллиан христиануудыг ухамсартайгаар татвараа төлдгийн төлөө татвар хураагчид нь «талархал илэрхийлэх өртэйг» Ромын захирагчдад хэлж байжээ («Apology», 42-р бүлэг). Христианууд Пакс Романа буюу Ромын энх тайвны ачаар хууль цааз, дүрэм журам, сайн зам тээвэр ашиглах, далай тэнгисээр харьцангуй аюулгүй аялах ач тусыг хүртдэг байжээ. Мөн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, Есүсийн «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурхны юмыг Бурханд өг» гэснийг анхаардаг байлаа (Марк 12:17). Өнөөдөр Еховагийн Гэрчүүд энэ үгийг дагадаг бөгөөд үнэнч шударга үйлийнхээ төлөө, тухайлбал, татвар сайн төлдгөөрөө магтаал хүлээдэг (Еврей 13:18, ШЕ).
Үнэн бол нэгтгэх холбоо
20, 21. Эв найртай ахан дүүгийн барилдлагын талаар эртний христианууд болон Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийн тухайд юу хэлж болох вэ?
20 Эртний христианууд «үнэн дотор явдаг» байсан болохоор эв найрамдалтай ахан дүүгийн холбоонд нэгдсэн байжээ. Өнөөгийн Еховагийн Гэрчүүд ч мөн тийм байдаг (Үйлс 10:34, 35). «Московское время» сонинд нийтэлсэн нэгэн захидалд: «[Еховагийн Гэрчүүд] нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, даруу хүмүүс гэдгээрээ алдартай бөгөөд тэдэнтэй харьцахад амар байдаг. Тэд бусадтай харьцахдаа үргэлж эв найртай байхыг хичээхийн сацуу хэнд ч дарамт үзүүлдэггүй. [...] Тэдний дунд хээл хахууль авдаг, согтууруулах ундаа болон мансууруулах бодист донтдог хүн байдаггүй. Энэ бүхний шалтгаан нь их энгийн. Юу гэвэл, тэд хэлж ярих, хийж үйлдэх бүхэндээ Библид үндэслэсэн итгэл үнэмшлээ баримтлахыг чармайдаг. Хэрэв манай дэлхийн бүх хүн Еховагийн Гэрчүүд шиг Библийн дагуу амьдрахыг ядаж хичээдэг байсан бол энэ харгис нийгэм тун ч өөр байх байсан даа» хэмээн бичжээ.
21 Нэгэн тольд: «Эртний христианууд өөрсдийгөө урьдын дайсагнасан бүлгүүд буюу иудей болон иудей бус хүмүүсийг эв найртай нэгэн гэр бүл болгон хамт амьдруулах шинэ нийгэм мөн гэж үзэж байжээ» гэж тэмдэглэсэн байна («Encyclopedia of Early Christianity»). Еховагийн Гэрчүүд ч гэсэн энхийг эрхэмлэдэг олон улсын ахан дүүгийн барилдлага буюу үнэхээр шинэ ертөнцийн нийгэм мөн (Ефес 2:11–18; 1 Петр 5:9; 2 Петр 3:13). ӨАБНУ-ын Претори хотын «Шоу Граундс»-т чуулганд ирсэн янз бүрийн арьс өнгөтэй Гэрчүүдийн эв найртай байхыг хараад тус цогцолборын хамгаалалтын албаны дарга: «Хүн болгон эелдэг боловсон байсан. Ер нь ч тэд бие биетэйгээ элэгсэг сайхан харьцдаг юм билээ. Сүүлийн хэдэн өдөр ямар уур амьсгал байсан нь танай Нийгэмлэгийн гишүүдийн жинхэнэ чанарыг, бас бүгдээрээ нэгэн жаргалтай гэр бүл мэт хамт амьдардгийг гэрчлэн харууллаа» хэмээн хэлжээ.
Үнэнийг заасныхаа төлөө ивээл хүртсэн нь
22. Христианууд «үнэнийг тунхаглаж» байгаагийн ачаар юу болж байна вэ?
22 Элч Паул болон бусад христианууд биеэ авч явах байдал хийгээд дэлгэрүүлэх ажлаараа «үнэнийг тунхаглаж» байжээ (2 Коринт 4:2, МБОХ, 1996). Еховагийн Гэрчүүд ч гэсэн адилхан ажил хийж, бүх үндэстэнд үнэнийг заадаг гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Дэлхий дахинд хүмүүс жинхэнэ шүтлэгийг хүлээн зөвшөөрч, «ЭЗЭНий өргөөний уул» өөд урьд хожид байгаагүй олноороо өгсөж байна (Исаиа 2:2, 3). Жил тутам мянга мянган хүн Бурханд өөрийгөө зориулсныхаа бэлэгдэл болгон баптисм хүртэж, үүний дүнд олон хурал шинээр үүсэж байна.
23. Бүх үндэстэнд үнэнийг заадаг хүмүүст та хэрхэн ханддаг вэ?
23 Еховагийн ард түмэн нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай ч жинхэнэ шүтлэгээр нэгдсэн хүмүүс юм. Илэрхийлдэг хайр нь тэднийг Есүсийн шавь мөн гэдгийг илчилдэг (Иохан 13:35). «Бурхан үнэхээр [тэдний] дунд байдгийг» та олж хардаг уу? (1 Коринт 14:25). Та бүх үндэстэнд үнэнийг заадаг хүмүүстэй нэгдсэн үү? Хэрэв тийм аваас, үнэний төлөө үргэлж талархаж, «үнэн дотор» үүрд яваарай.
Та хэрхэн хариулах вэ?
• Эртний христианууд ба Еховагийн Гэрчүүдийн хооронд шүтлэгийн ямар ижил төстэй тал байдаг вэ?
• «Үнэн дотор явдаг» хүмүүс шашны ямар ганц баяр тэмдэглэдэг вэ?
• «Дээд эрх мэдлүүд» гэж юу вэ? Христианууд тэдгээрт хэрхэн ханддаг вэ?
• Үнэн хэрхэн нэгтгэх холбоо болдог вэ?
[Догол мөрийн асуулт]