Skip to content

Гарчиг руу орох

«Тэвчээр дээрээ бурханлаг байдлыг... хамтатга»

«Тэвчээр дээрээ бурханлаг байдлыг... хамтатга»

«Тэвчээр дээрээ бурханлаг байдлыг... хамтатга»

«Итгэл дээрээ... тэвчээрийг, тэвчээр дээрээ бурханлаг байдлыг... хамтатга» (2 Петр 1:5–7).

1, 2. а) Хүүхдийн зүй ёсны өсөлт ямар байх ёстой вэ? б) Сүнслэгээр өсөх нь хэр зэрэг чухал бэ?

 ХҮҮХДИЙН хувьд өсөж том болох гэдэг чухал үйл явц бөгөөд энэ нь дан ганц бие махбодын өсөлтөөр хязгаарлагддаггүй. Оюун ухаан, сэтгэл санааны өсөлт бас чухал. Хүүхэд аажмаар гэнэн томоогүй зангаа орхиж, насанд хүрсэн хүн болон төлөвшдөг. Элч Паул энэ тухай: «Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм» гэж бичжээ (1 Коринт 13:11).

2 Паул сүнслэгээр өсөхийн чухлыг онцлон хэлсэн байдаг. Христианууд сүнслэг талаараа хүүхэд байхаа больж, «ухаанаараа төлөвшсөн хүн» болох ёстой (1 Коринт 14:20). «Христийн дүүрний өсөлтийн хэмжээнд» хүрч, түүнийг олж авахын төлөө зүтгэх учиртай. Тэгсэн цагт л «хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхинд туугдахгүй» (Ефес 4:13, МБОХ, 1996; 14).

3, 4. а) Сүнслэг талаар төлөвшихийн тулд юу хийх ёстой вэ? б) Бурханд таалагддаг ямар ямар чанарыг бид илэрхийлэх ёстой вэ? Эдгээр чанар хэр зэрэг чухал бэ?

3 Сүнслэгээр яаж төлөвших вэ? Хэвийн нөхцөлд биеийн өсөлт аяндаа явагддаг бол сүнслэгээр өсөхийн тулд зориуд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэ нь Бурхны Үгнээс нарийн зөв мэдлэгтэй болж, үйл хэргээ мэдлэгийнхээ дагуу явуулахаас эхэлдэг (Еврей 5:14; 2 Петр 1:3, ШЕ). Тэгээд Бурханд таалагддаг чанаруудтай болдог. Бие махбодын өсөлтийн үед биеийн эрхтнүүд зэрэг хөгждөг шиг сүнслэгээр өсөхөд Бурханд таалагддаг чанарууд нэгэн зэрэг хөгждөг. Элч Петр: «Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ бурханлаг байдлыг, бурханлаг байдал дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга» гэж бичсэн (2 Петр 1:5–7).

4 Петрийн хэлсэн чанарууд бүгдээрээ чухал бөгөөд эдгээрээс нэгийг нь ч орхих аргагүй юм. Тэрээр цааш нь: «Хэрэв та нарт эдгээр чанар байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийн жинхэнэ мэдлэг дотор та нарыг ашиг ч үгүй, үр жимс ч үгүй байлгахгүй» хэмээжээ (2 Петр 1:8). Эдгээрээс «тэвчээр дээрээ бурханлаг байдлыг... хамтатгахын» чухлыг дэлгэрэнгүй үзье.

Тэвчээртэй байх шаардлагатай

5. Тэвчээртэй байх ёстойн учир юу вэ?

5 Петр Паул хоёр хоёулаа «бурханлаг байдлыг» тэвчээртэй холбон тайлбарлажээ (1 Тимот 6:11). Тэвчээртэй байх гэдэг дан ганц бэрхшээлийг давж, тэсвэртэй байхын нэр биш. Харин сорилт, саад тулгарч, хорхой хүрэм зүйлтэй учирч, эсэргүүцэлд өртсөн ч тэсвэр хатуужилтай, эр зоригтой, бат зүрхтэй байж, найдвараа алдахгүй байхыг хэлдэг. Бид «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсдэг» учраас хавчигдана гэдгээ мэддэг (2 Тимот 3:12). Хэрэв бид Еховаг хайрладгаа харуулан, аврагдахад шаардлагатай чанаруудыг хөгжүүлье гэвэл тэвчээртэй байх ёстой (Ром 5:3–5; 2 Тимот 4:7, 8; Иаков 1:3, 4, 12). Тэвчээртэй байхгүй бол мөнхийн амьтай болохгүй (Ром 2:6, 7; Еврей 10:36).

6. «Төгсгөл хүртэл тэвчих» гэж яана гэсэн үг вэ?

6 Христиан замын эхлэл хичнээн ч сайн байлаа гэсэн, эцсийн эцэст тэвчээртэй байх эсэхээс бүх юм хамаарна. Есүс: «Харин эцсээ [«төгсгөл», ШЕ] хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлжээ (Матай 24:13). Тийм ээ, бид «төгсгөл хүртэл», өөрөөр хэлбэл, өнөөгийн амьдралынхаа төгсгөл эсвэл эд юмсын энэхүү ёс бус тогтолцооны төгсгөл хүртэл тэвчих ёстой. Аль нь ч байлаа гэсэн, бид Бурхны өмнө гэм зэмгүй байдлаа хадгалах ёстой. «Тэвчээр дээрээ бурханлаг байдлыг хамтатгахгүй» бол Еховагийн тааллыг олж, мөнхийн амьтай болж чадахгүй. Тэгвэл «бурханлаг байдал» гэж юу вэ?

«Бурханлаг байдал» гэж юу вэ?

7. «Бурханлаг байдал» гэж юу вэ? Энэ нь биднийг юунд хөтөлдөг вэ?

7 «Бурханлаг байдал» гэдэг Библийн хэллэг нь Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдлийг чин сэтгэлээсээ дэмжих хүслийн улмаас Еховаг гүн хүндэтгэн, шүтэж, түүнд үйлчлэхийг хэлдэг. Еховаг хүндэтгэн, бурханлаг байдлаа хадгалахын тулд түүний болон замуудынх нь тухай нарийн зөв мэдэх шаардлагатай. Бурхныг биечлэн, сайн мэддэг болох хэрэгтэй. Ингэснээр бид түүнтэй чин сэтгэлийн холбоотой болох хүсэлд автаж, тэрхүү холбоо нь үйл хэрэг болоод амьдралын маань хэлбэрээр илэрдэг болно. Еховаг аль болох дуурайж, түүний зам мөрийг даган, шинж чанар, зан байдлыг тусгахыг эрмэлзэх хэрэгтэй (Ефес 5:1). Бурханлаг байдлын ачаар бүхнийг Еховагийн таалалд нийцүүлэх хүсэлтэй болдог (1 Коринт 10:31).

8. Бурханлаг байдал чин үнэнч байх хоёр ямар нягт холбоотой вэ?

8 Бурханлаг байдлыг жинхэнэ ёсоор илэрхийлэхийн тулд зөвхөн Еховаг шүтэж, зүрх сэтгэлд маань түүний эзэлдэг байр суурийг өөр юунд ч эзэгнүүлэхгүй байх хэрэгтэй. Тэрээр бидний Бүтээгч учраас «хартай Бурхан» байх буюу биднээс чин үнэнч байдлыг шаардах эрхтэй (Дэд хууль 4:24; Исаиа 42:8). Гэлээ гээд Ехова өөрийг нь шүтэхийг албаддаггүй. Харин ч сайн дурын үндсэн дээр чин үнэнч байгаасай гэж хүсдэг. Бид Бурхны тухай нарийн зөв мэдлэгтэй болж, үүндээ үндэслэн түүнийг хайрладаг болсон билээ. Тэрхүү хайр маань бидэнд Еховагийн нүдэнд цэвэр ариун болж, түүнд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулж, үүнийхээ дагуу амьдрах урам хайрладаг.

Бурхантай тогтоосон харьцаагаа хөгжүүл

9, 10. Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоож, хөгжүүлж болох вэ?

9 Бурханд өөрийгөө зориулсныхаа бэлэгдэл болгон баптисм хүртсэнийхээ дараа ч түүнтэй тогтоосон харьцаагаа хөгжүүлэн, улам дотно болгох хэрэгтэй. Еховад үнэнчээр үйлчилж, дотно харьцаатай болох хүсэл маань Бурхны Үгийг тогтмол судалж, түүнийгээ эргэцүүлэн боддог болгодог. Бурхны сүнс бидний оюун санаа, зүрх сэтгэлд нөлөөлбөл Еховаг хайрлах хайр маань гүнзгийрнэ. Ийнхүү Бурхантай тогтоосон харьцаа амьдралын маань хамгийн чухал зүйл хэвээр байх болно. Түүнчлэн Еховаг хамгийн сайн Анд нөхрөө хэмээн хүндэтгэж, цаг ямагт таалалд нь нийцэхийг тэмүүлдэг болно (1 Иохан 5:3). Бас Бурхантай тогтоосон сайхан харьцаандаа улам баярлаж, хайрын сэтгэлээсээ зааварлаж сурган, шаардлагатай үед засаж залруулж байдагт нь талархах болно (Дэд хууль 8:5).

10 Еховатай тогтоосон эрхэм харьцаагаа цаг ямагт бэхжүүлж байхгүй бол энэ харьцаа маань тасарч мэднэ. Хэрэв ийм юм болбол Бурхны буруу огт биш ээ. Учир нь «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй» билээ (Үйлс 17:27). Еховад ойртоход хэцүү биш байдаг нь юутай сайн хэрэг вэ! (1 Иохан 5:14, 15). Еховатай тогтоосон дотно харьцаагаа хадгалахын тулд өөрсдөө хичээх ёстой нь мэдээж. Гэхдээ тэр бидэнд бурханлаг байдлыг хөгжүүлж, хадгалахад шаардлагатай бүхнийг ханган өгч өөрт нь ойртоход тусалдаг (Иаков 4:8). Түүний өгдөг бүхнийг яавал бүрэн дүүрэн ашиглах вэ?

Сүнслэг байдлаа байнга бэхжүүлэгтүн

11. Бурханлаг байдал маань ямар ямар үйлээр илэрдэг вэ?

11 Бурхныг хайрлах хайр маань лавшрахын хэрээр «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» хэмээсэн Паулын зөвлөгөөний дагуу бурханлаг байдлынхаа хир гүнийг үйл хэргээрээ харуулах сэтгэл төрнө (2 Тимот 2:15). Үүний тулд Библи тогтмол судалж, цуглаанд тасралтгүй очиж, дэлгэрүүлэх ажилд оролцож хэвших шаардлагатай гэсэн үг. Бас «тасралтгүй залбирвал» Еховатай дотносож чадна (1 Тесалоник 5:17). Энэ бүхэн бурханлаг байдлын маань жинхэнэ илрэл юм. Хэрэв эдгээрийн нэгийг л орхивол сүнслэгээр өвдөж, Сатаны заль мэхэнд амархан өртөж болзошгүй (1 Петр 5:8).

12. Яаж сорилтыг амжилттай давах вэ?

12 Сүнслэг байдлаа байнга бэхжүүлж, идэвхтэй байвал олон сорилттой тулгарах цагт тустай байдаг. Сорилт чухам хаанаас гарч байна вэ гэдэг нь бидэнд үнэхээр хүнд тусдаг. Жишээлбэл: Гэрийнхэн болон хамаатан садан, ойр дотны хүмүүс биднийг үл тоомсорлож, эсэргүүцэж, хавчихыг тэвчих бүр ч хэцүү байдаг. Библийн зарчмыг алдагдуулах элдэв дарамт шахалт ажил, сургууль дээр гарч болзошгүй. Сэтгэлээр унах, өвчин тусах, дарамтад орох зэрэг нь бие тэнхээг маань биднийг сулруулж, итгэлийн сорилтыг давахад улам хэцүү болгодог. Гэлээ ч бид «ариун байдал ба бурханлаг байдал дотор... байж... Бурхны өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүлдэг» бол бүх сорилтыг амжилттай давна (2 Петр 3:11, 12). Ингэхдээ Бурхны ивээл хүртнэ гэдэгтээ бүрэн итгэж, баяр хөөртэй байж чадна (Сургаалт үгс 10:22).

13. Бурханлаг байдлаа хадгалъя гэвэл яах ёстой вэ?

13 Бурханлаг байдлыг илэрхийлдэг хүнийг Сатан байгаа болгодог ч, айх хэрэггүй. Яагаад гэвэл Ехова «бурханлаг [байдал илэрхийлдэг] хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг... мэддэг» (2 Петр 2:9). Сорилтыг тэвчиж, Бурхны авралыг биеэрээ үзье гэвэл «бурханлаг бус байдал болон ертөнцийн шуналыг үгүйсгэж, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт... болон бурханлаг [байдлаар] амьдрах» ёстой (Тит 2:12). Бид христиан хүмүүс учраас махан биеийн хүсэл тачаал хийгээд үйл хэрэгт автан, бурханлаг байдлаа алдаж, устгагдахгүйн тулд сэрэмжтэй байх учиртай. Ямар ямар аюул учирдгийн заримаас ярилцъя.

Бурханлаг байдалд учрах аюулаас сэрэмжлэх нь

14. Эд баялгийн урхинд уруу татагдвал юуг санах хэрэгтэй вэ?

14 Эд баялгийн хойноос хөөцөлдөх нь олон хүнд урхи болдог. Бид «бурханлаг байдлыг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж бодон» өөрсдийгөө ч хуурч мэднэ. Тэгээд итгэл нэгтнүүдийнхээ бидэнд итгэдгийг урвуулан ашиглах хүсэлд автаж болзошгүй (1 Тимот 6:5). Хэн нэг нь буцаан төлж чадахгүй хэрнээ хөрөнгө чинээний боломжтой христиан хүнээс зээл өгөхийг шахаж шаардах нь сүр бадруулах хэрэг биш гэж үзэж магадгүй юм (Дуулал 37:21). Гэхдээ эд баялаг цуглуулах биш, бурханлаг байдлыг илэрхийлэх нь «одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий» билээ (1 Тимот 4:8). Нэгэнт «бид ертөнцөд юуг ч авчраагүй бас эндээс юуг ч авч гарч чадахгүй» болохоор «бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдлыг» тууштай баримталж, «хоол хүнс, хувцас хунар байвал сэтгэл хангалуун байцгаая» (1 Тимот 6:6–11).

15. Зугаа цэнгэл бурханлаг байдлын байрыг эзлэх аюул тулгарвал юу хийх хэрэгтэй вэ?

15 Зугаа цэнгэл хөөх нь бурханлаг байдлын байрыг эзлэх аюултай. Энэ талаар даруйхан өөрчлөх зүйл байгаа юм биш биз? Биеийн тамирын дасгал хийж, амарч зугаацах нь тодорхой хэмжээгээр ач тустай. Гэхдээ энэ нь мөнхийн амьтай харьцуулбал өчүүхэн юм (1 Иохан 2:25). Эдүгээ олон хүн «Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид, ...бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг үгүйсгэдэг» болжээ. Харин бид тэднээс зайлсхийх хэрэгтэй (2 Тимот 3:4, 5). Бурханлаг байдлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьдаг хүмүүс «ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» (1 Тимот 6:19).

16. Бурхны зөв шаардлагын дагуу амьдрахад нь зарим хүнд ямар ямар нүгэлт хүсэл саад болдог вэ? Тэдгээрийг хэрхэн давж болох вэ?

16 Архи, мансууруулах бодис донтон хэрэглэх, садар самуун явдал, нүгэлт хүсэл зэрэг нь бурханлаг байдлыг маань сөнөөнө. Ийм муу явдалд автвал Бурхны зөв шаардлагуудыг хангаж чадахгүйд хүрнэ (1 Коринт 6:9, 10; 2 Коринт 7:1). Паул хүртэл нүгэлт биетэйгээ тэмцэх зайлшгүй шаардлагатай байжээ (Ром 7:21–25). Буруу хүслээс ангижрахын тулд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал: Ёс суртахууны хувьд цэвэр байх шийдвэр төгс байх ёстой. Элч Паул: «Та нар садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал зэрэг газар дээрх эрхтнүүдийг үхүүл» хэмээн зөвлөжээ (Колоссай 3:5). Нүгэлт хэргүүдийн тухайд «эрхтнүүдээ үхүүлэхийн» тулд тэдгээрээс ангижрах шийдвэр төгс байх шаардлагатай. Бурхнаас тусламж хүсэн шаргуу залбирвал буруу хүслийг ялан дийлж, эд юмсын энэхүү ёс бус тогтолцоонд ч зөвт болон бурханлаг байдлаа хадгалж чадна.

17. Сахилга батын арга хэмжээг хэрхэн үзэх хэрэгтэй вэ?

17 Зориг мохох нь тэвчээр алдруулж, бурханлаг байдлыг хөнөөдөг. Еховагийн олон үйлчлэгч зориг мохох гэж юу болохыг биеэрээ амсаж байсан (Тооллого 11:11–15; Езра 4:4; Иона 4:3). Биднийг гомдоосон юм уу, бидэнд сахилга батын хатуу арга хэмжээ авсан юм шиг санагдан дургүй хүрснээс зориг мохох ноцтой уршигт хүрч болзошгүй юм. Харин ч биднийг зэмлэж, сахилгажуулж байгаа нь Бурхан биднийг халамжилж, хайрын сэтгэлээр санаа тавьдгийн илрэл мөн (Еврей 12:5–7, 10, 11). Сахилга батын арга хэмжээг шийтгэл биш, харин зөв юманд сургаж буй хэрэг гэж үзэх хэрэгтэй. Хэрэв бид даруу бол «сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн» гэдгийг ухаарч, зөвлөгөөг хүлээн зөвшөөрч, өндөр үнэлэх болно (Сургаалт үгс 6:23). Энэ нь бурханлаг байдалд тэмүүлж, сүнслэгээр өсөхөд тусална.

18. Бие биеэ гомдоосон бол ямар хариуцлага хүлээдэг вэ?

18 Бие биеэ үл ойлгож, гомдоох нь бурханлаг байдалд төвөг учруулж магадгүй. Үүнээс болоод зарим хүний сэтгэл санаа түгших юм уу, сүнслэг ах эгч нараасаа хөндийрөн, ухаалаг бус алхам хийж болох юм (Сургаалт үгс 18:1, ШЕ). Гэхдээ бусдад өс хонзон санаж, хорон санаа өвөрлөх нь Еховатай тогтоосон харьцаанд маань муугаар нөлөөлнө гэдгийг санах нь зүйтэй (Левит 19:18). Үнэндээ бол «харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» (1 Иохан 4:20). Есүс «Ууланд айлдсан номлол»-доо хувийн харьцааны бэрхшээлийг даруй шийдэж байхын чухлыг онцлон тэмдэглэжээ. Тэрээр: «Хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» гэж хэлжээ (Матай 5:23, 24). Эвгүй үг ба үйлээр хэн нэгний сэтгэлийг сэвтүүлсэн бол уучлал гуйн засаж болох юм. Хэрэв бид өршөөл хүсэж, буруугаа хүлээвэл харилцаанд гарсан ан цавыг арилгаж, эвсэг харьцаагаа сэргээнэ. Тэрчлэн Есүс асуудлыг хэрхэн шийдвэрлэх өөр нэг зөвлөгөө өгчээ (Матай 18:15–17). Бэрхшээлийг шийдэх гэж хичээж чармайгаад бүтчихвэл хичнээн баяртай вэ! (Ром 12:18; Ефес 4:26, 27).

Есүсийн жишээг дагагтун

19. Есүсийн жишээг дуурайх нь яагаад тийм чухал бэ?

19 Бидэнд сорилт тулгарах нь гарцаагүй. Гэхдээ ямар ч сорилт мөнх амийн төлөө «уралдаанд» маань саад болох ёсгүй. Ехова биднийг сорилтоос гаргана гэдгийг санаарай. «Аливаа саад тотгорыг... хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйж, итгэлийн Зохиогч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье» (Еврей 12:1–3). Есүсийн жишээг нягтлан судалж, үг болон үйлээрээ дуурайх гэж мэрийх нь бурханлаг байдлаа хөгжүүлж, улам гүнзгий илэрхийлэхэд тусална.

20. Тэвчээртэй байж, бурханлаг байдлаа хадгалахын шагнал юу вэ?

20 Тэвчээр хийгээд бурханлаг байдал нь аврагдах эсэхээ бүрэн баталгаатай болгоход чухал үүрэгтэй. Эдгээр эрхэм чанарыг илэрхийлбэл бид Бурханд ариунаар үйлчлэхдээ үнэнч байж чадна. Сорилтод орсон ч жаргалтай байх болно. Учир нь бид тэвчээртэй байж, бурханлаг байдлаа хадгалсан болохоор Еховагийн хайр ивээлийг хүртэх юм (Иаков 5:11). Түүнээс гадна, Есүс: «Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна» гэж бидэнд батлан хэлсэн билээ (Лук 21:19).

Та хэрхэн хариулах вэ?

• Тэвчээртэй байх ямар учраас чухал бэ?

• «Бурханлаг байдал» гэж юу вэ? Үүнийг хэрхэн илэрхийлдэг вэ?

• Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоож, хөгжүүлэх вэ?

• Бурханлаг байдалд ямар ямар аюул учирдаг вэ? Тэдгээрээс хэрхэн зайлсхийх вэ?

[Догол мөрийн асуулт]