Skip to content

Гарчиг руу орох

«Би та нарт... жишээ үзүүлсэн юм»

«Би та нарт... жишээ үзүүлсэн юм»

«Би та нарт... жишээ үзүүлсэн юм»

«Энэ цагт та нар багш байх ёстой» (ЕВРЕЙ 5:12).

1. Еврей 5:12-ын үг христиан хүний сэтгэлийг яагаад зовоож магадгүй вэ?

 ЭНЭХҮҮ өгүүллийн гол зүйл буюу Бурхны онгодоор бичүүлсэн үгийг уншаад та өөртөө санаа зовж байна уу? Хэрэв тийм бол, ганц танд тэгж санагдаж байгаа юм биш ээ. Гэхдээ бид Христийн дагалдагч учраас багш байх ёстойгоо мэддэг (Матай 28:19, 20). Амьдарч байгаа цаг үе маань ч багшийн ажлаа чадах чинээгээрээ сайн хийхийг шавдуулдаг гэдгийг ухамсарладаг. Түүнээс гадна, бидний хэрхэн заахаас хүмүүсийн үхэх сэхэх шалтгаална гэдгийг ойлгодог! (1 Тимот 4:16). Тиймээс «Би яг байх ёстой хэмжээнд хүрсэн багш мөн үү? Яаж сайн багш болох вэ?» гэх мэтийн асуултыг өөртөө тавих нь зүйн хэрэг юм.

2, 3. а) Нэгэн багшийн тайлбарласнаар сайн багш байхын үндэс юу вэ? б) Есүс бидэнд багш байхын ямар жишээ үзүүлсэн бэ?

2 Гэхдээ санаа зовсноосоо болж урам хугарах хэрэггүй. Хэрэв бид багш байхад тусгайлан эзэмшсэн арга барил зайлшгүй шаардлагатай гэж үзвэл багшлах чадвараа сайжруулах гэдэг бүтэшгүй мэт санагдаж мэднэ. Гэтэл сайн багш байхын үндэс нь ямар нэг арга барил биш, харин үүнээс хавьгүй чухал юм байдаг. Нэгэн ахмад багш энэ талаар: «Сайн багш байх гэдэг тусгай арга барил, хэв маяг, сургалтын төлөвлөгөө, үйлдлээс шалтгаалдаггүй. [...] Харин хайр чухал үүрэгтэй» гэж бичсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж тэр хүн иргэний боловсролын тухай хэлсэн. Гэсэн ч түүний үг Библийн багш бидний хувьд бүр ч чухал юм. Яагаад?

3 Бидний ямар багш байх ёстойн жишээг ганцхан Есүс Христ үзүүлсэн бөгөөд тэрээр: «Би та нарт... жишээ үзүүлсэн юм» гэж дагалдагчдадаа хэлсэн (Иохан 13:15, МБОХ, 1996). Тэрээр жишээ үзүүлсэн гэж хэлэхдээ даруу байхыг тэмдэглэжээ. Гэхдээ түүний жишээг дуурайх гэдэгт дэлхий дээр амьдарч байх үедээ хийсэн хамгийн гол ажил буюу хүмүүст Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ заасныг нь дуурайх орох нь гарцаагүй (Лук 4:43). Та Есүсийн үйл ажиллагааг ганцхан үгээр тодорхойлъё гэвэл: «Хайр» гэж хэлэхгүй гэж үү? (Колоссай 1:15; 1 Иохан 4:8). Есүс юуны түрүүнд тэнгэрийн Эцэг Еховагаа хайрласан (Иохан 14:31). Гэхдээ Есүс багш байсны хувьд хүмүүст заасан сургаалаа, бас хүмүүсийг хайрласан юм. Ингээд үзүүлсэн жишээнийх нь энэ хоёр зүйлийг нарийвчлан авч үзье.

Бурхны сургаалыг эртнээс хайрласан

4. Есүс Еховагийн сургаалыг хэрхэн хайрладаг болсон бэ?

4 Багш хүн ажилдаа яаж хандах нь сургалтын чанарт их нөлөөтэй. Ажилдаа өчүүхэн төдий л хайнга хандахад шавь нар нь үүнийг анзаарч, тусгаж авдаг. Есүс, Ехова болон Бурхны Хаанчлалын тухай чухал сургаал заасан. Тэрээр энэ сэдвийг хэзээ ч үл тоомсорлодоггүй, харин ч маш их хайрладаг байв. Есүс өөрөө сурч байхдаа ийн хайрлах болжээ. Бурхны ууган Хүү дэлхий дээр хүн болж ирэхээсээ өмнөх олон сая жилийн хугацаанд маш идэвхтэй шавь байжээ. Исаиа 50:4, 5-д: «Хэрхэн ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр сэрээн, шавь мэт сонсгохын тулд Миний чихийг нээнэ. Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй» гэж бичсэн нь тун оножээ.

5, 6. а) Есүсийг баптисм хүртэх үед юу тохиолдсон бэ? Энэ нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? б) Есүс Сатан хоёр Бурхны Үгийг хэрхэн эрс ялгаатай ашигласан бэ?

5 Есүс дэлхий дээр байхдаа ч Бурхны мэргэн ухааныг хайрласаар байсан (Лук 2:52). Тэгээд баптисм хүртэх үед нь түүнд хосгүй явдал тохиожээ. Лук 3:21-д «тэнгэр заагдав» гэж бичсэн байдаг. Тэрээр хүн болохоосоо өмнөх үеийн тэнгэрийн амьдралаа дурсан санах боломжтой байсан бололтой. Дараа нь 40 хоног цөлд мацаг барьсан. Тэнд Есүс тэнгэрт Еховагийн заасан олон зүйлийг эргэцүүлж их л баяртай байсан биз ээ. Гэвч удалгүй Бурхны тухай мэдлэгийг хайрладаг эсэх нь соригдов.

6 Есүсийг ядарч өлссөн байхад нь Сатан сорихоор ирэв. Бурхны хоёр хүү хоорондоо ямар их ялгаатай гэж санана! Хоёулаа Еврей Судраас иш татаж байсан ч огт өөр санаатай байлаа. Сатан хувиа хичээсэн зорилгодоо хүрэхийн төлөө Бурхны Үгийг мушгин гуйвуулж, үл хүндэтгэв. Үнэхээр ч энэ эсэргүүцэгч Бурхны Үгийг жигшихээс өөр юмгүй байлаа. Гэтэл Есүс хариулах болгондоо Бурхны Үгийг ухаалаг ашиглан, Судраас иш татах бүрд хайр нь илэрхий байлаа. Есүс, Бурхны онгодоор хэлсэн эдгээр үгийг бичигдэхээс олон жилийн өмнө амьдарч байсан ч тэдгээрийг биширдэг байв. Тэдгээр үг тэнгэрийн Эцгийнх нь эрхэм үнэн юм шүү дээ! Тэрээр Сатанд, Еховагийн үг хоол хүнснээс хавьгүй чухал гэж хэлсэн (Матай 4:1–11). Тийм ээ, Есүс Еховагийн заасан бүх сургаалыг хайрласан. Гэвч тэрээр энэ хайраа багш хүний хувьд хэрхэн илэрхийлсэн бэ?

Есүс заасан сургаалаа хайрласан

7. Ямар учраас Есүс өөрийн сургаал номлолыг зохиогоогүй вэ?

7 Есүс хүмүүст заадаг сургаалаа хайрладаг нь ямагт илт байв. Ер нь Есүс өөрийн үзэл сургаалыг амархан зохиочихож болох л байсан. Тэрээр асар их «мэргэн ухаан болоод мэдлэгтэй» байсан (Колоссай 2:3). Гэлээ ч өөрийг нь сонсдог хүмүүст заадаг зүйл нь өөрийнх нь биш, тэнгэрийн Эцгийнх нь гэдгийг ахин дахин сануулж байжээ (Иохан 7:16; 8:28; 12:49; 14:10). Тэрээр Бурхны тухай мэдлэгийг үнэхээр хайрласан болохоор өөрийн санаагаар солихыг бодоо ч үгүй юм.

8. Есүс үйл ажиллагаагаа эхлэхдээ Бурхны Үгэнд үндэслэн заахын ямар жишээ үзүүлсэн бэ?

8 Есүс дэлхий дээр үйл ажиллагаагаа анх эхлэхдээ л Бурхны Үгэнд яаж хандвал зохихыг бидэнд жишээгээр үзүүлжээ. Тэрээр амласан Мессиа мөн гэдгээ Бурхны ард түмэнд анх хэрхэн тунхагласныг авч үзье. Олны өмнө гараад, өөрийгөө Христ гэж хэлээд, үүнийгээ батлах гэж гайхамшиг үзүүлсэн үү? Үгүй ээ, синагог буюу хүмүүс хамтдаа Судраас уншдаг газар очоод Исаиа 61:1, 2-ын зөгнөлийг чанга дуугаар уншиж, уг зөгнөл өөрт нь хамаатайг тайлбарласан (Лук 4:16–22). Есүсийг Бурхан дэмждэг гэдгийг үйлдсэн олон гайхамшиг нь баталсан. Гэсэн ч тэрээр үргэлж Бурхны Үгэнд үндэслэн заадаг байсан.

9. Есүс Бурхны Үгийг үнэнчээр хайрладгаа фарисайчуудтай харьцахдаа хэрхэн харуулсан бэ?

9 Шашны удирдагчдыг эсэргүүцэхэд Есүс тэднийг амархан ялах байсан ч тэдэнтэй ном хаялцаагүй. Харин тэдний буруушаахыг Бурхны Үгээр няцааж байв. Жишээ нь: Фарисайчууд Есүсийн дагалдагчдыг тариан талбайгаар өнгөрөхдөө тариан түрүү шувтлан идэхийг хараад Амралтын өдрийг зөрчлөө хэмээн буруушаасан. Хариуд нь Есүс: «Давид болон түүнтэй хамт байгсад өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу?» гэжээ (Матай 12:1–5). Бодвол, биеэ зөвд тооцсон тэр хүмүүс 1 Самуел 21:1–6-г уншсан л байх. Гэвч тэд уншсан зүйлийнхээ гол санааг ухаарсангүй. Харин Есүс энэ явдлын тухай зүгээр нэг уншаад өнгөрөлгүй, уншсанаа эргэцүүлэн бодож, учрыг нь ойлгожээ. Өөрөөр хэлбэл, энэ явдлаар дамжуулан Еховагийн өгсөн зарчмыг Есүс хайрласан юм. Тиймд тэрээр 1 Самуел 21:1–6 болон Мосегийн Хуулийн жишээ ашиглаад Хуулийн тэнцвэрт мөн чанарыг харуулсан. Түүнчлэн Бурхны Үгийг үнэнчээр хайрласан нь Бурхны Үгийг хувийн зорилгодоо ашиглах, эсвэл хүний зохиосон ёс заншлын балчиг шаварт живүүлэхийн тулд мушгин гуйвуулах шашны удирдагчдын оролдлогын эсрэг тэмцэхэд хүргэв.

10. Есүсийг ямар багш байна гэж зөгнөсөн бэ? Зөгнөл хэрхэн биелсэн бэ?

10 Есүс заадаг сургаалаа хайрладаг учир хэзээ ч нуршуу, залхмаар, оромдож заадаггүй байсан. Бурхны онгодоор хэлэгдсэн зөгнөлүүдэд Мессиагийн «уруул нигүүслээр дүүрэн» бөгөөд тэрээр «уянгат хоолойгоор» ярина хэмээжээ (Дуулал 45:2; Эхлэл 49:21). Есүс туйлаас хайрладаг үнэнээ заахдаа «нигүүлслийн үгсээр» ярьж, мэдээгээ хүмүүст сонирхолтой, амьд хүргэн тэдгээр зөгнөлийг биелүүлсэн (Лук 4:22). Түүний урам зориг нүүрэнд нь тодорч, заадаг сэдвээ чин сэтгэлээсээ сонирхдог нь нүднээс нь илэрхий байсан нь лавтай. Түүнийг сонсоход үнэхээр таатай байсан нь гарцаагүй бөгөөд бид сурсан зүйлээ бусадтай хуваалцахдаа ямар байх ёстойн сайхан жишээ үнэхээр мөн!

11. Яагаад Есүс заах чадвартаа бардамнаагүй вэ?

11 Есүс Бурхны тухай хэнээс ч илүү мэддэг, сэтгэл татам ярьдагтаа бардам сагсуу болсон уу? Төгс бус багш нар тэгэх нь олон байдаг. Гэхдээ Есүсийн мэргэн ухаан Бурхнаас эмээдгийг нь илэрхийлдэг байсныг бүү мартаарай. Ийм мэргэн ухаан хүнийг биеэ тоосон болгодоггүй. Учир нь «даруу зан болбоос мэргэн ухаан» мөн (Сургаалт үгс 11:2). Есүсийг бардамнах буюу биеэ тоохоос сэргийлсэн бас нэг зүйл байлаа.

Есүс хүмүүсийг хайрласан

12. Есүс шавь нараа сүрдүүлэхийг хүсээгүйгээ хэрхэн харуулсан бэ?

12 Есүс хүмүүсийг их хайрладаг нь хэрхэн зааснаас нь илэрхий байдаг. Бардам ихэмсэг зарим хүн санасандаа хүрэхийн тулд бусдыг сүрдүүлдэг. Харин Есүс хүмүүсийг хэзээ ч айлгадаггүй байв (Номлогчийн үгс 8:9). Нэгэн удаа Петр Есүсийн гайхамшгийг үзсэнийхээ дараа бүр гайхаж орхиод, хөлд нь унасан. Гэхдээ Есүс дагалдагчдаа өөрөөс нь ухаангүй айдаг байхыг хүсээгүй. Есүс аядуухнаар: «Бүү ай!» гээд, Петрийг шавь бэлтгэх сонирхолтой ажилд хожим оролцох тухай хэлсэн (Лук 5:8–10). Есүс шавь нараа Бурхны тухай чухал мэдлэгийг хайрлах сэтгэлд автаасай гэж хүсэж байснаас, багшаасаа айгаасай гэж бодоогүй.

13, 14. Есүс хүмүүсийг өрөвддөгөө яаж харуулсан бэ?

13 Есүс хүмүүсийг өрөвдсөн нь хайрладгийн илрэл юм. «Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Матай 9:36). Тэрээр хүмүүсийн зовж буйг хараад өрөвдөн, туслахыг хүссэн.

14 Есүс өрөвч байсныг нэг явдал харуулдаг. Цус алдах өвчнөөр шаналсан нэгэн эмэгтэй бүчсэн олны дундаас Есүс уруу ойртон ирж, хувцсанд нь хүрээд гайхамшгаар эдгэрчээ. Есүс биеэс нь хүч гарахыг мэдэрсэн ч чухам хэн эрүүл болсныг мэдсэнгүй. Тэгээд эмэгтэйг олохыг хүсжээ. Эмэгтэй Мосегийн Хууль эсвэл фарисайчууд болон хуулийн багш нарын тогтоосон дүрэм журмыг зөрчсөндөө айж байсан болов уу. Тийм болохоор нь л Есүс түүнийг загнаж аашлах гэж хайсан юм биш ээ. Харин Есүс түүнд: «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, шаналгаат өвчнөөсөө салж, эрүүл саруул болоорой» гэж хэлсэн (Марк 5:25–34, ШЕ). Эндээс түүний өрөвч сэтгэл илэрч байгааг анзаараарай. Есүс эмэгтэйд: «Эдгээрэй» гэж биш, «Шаналгаат өвчнөөсөө салж, эрүүл саруул болоорой» гэж хэлсэн. Энд Маркийн ашигласан «шаналгаат» гэдэг үг «ташуурддаг» гэсэн үгчилсэн утгатай бөгөөд хүнийг тамлахын тулд ташуурдахыг хэлдэг байна. Эмэгтэй өвчнөөсөө болж бие, сэтгэлийн зовлон эдэлж байсныг Есүс ойлгосноо ийнхүү харуулжээ. Тэрээр эмэгтэйг үнэхээр өрөвдсөн.

15, 16. Есүс хүний сайн чанарыг хардаг байсныг ямар ямар жишээ харуулдаг вэ?

15 Түүнчлэн, Есүс хүний сайн чанарыг олж харан хайраа харуулж байв. Хожим элч болсон Натанаелтэй уулзаад яасныг нь үзье. «Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай: „Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун“ гэж айлдсан». Есүс ер бусаар түүний зүрхийг харж, түүний тухай ихийг мэдэж авсан. Мэдээж Натанаел төгс биш, бусдын л адил алдаа дутагдалтай байсан. Үнэндээ бол тэрээр Есүсийн тухай сонсоод: «Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү?» хэмээн хатуухан хэлж байсан удаатай (Иохан 1:45–51). Натанаелын тухай олныг хэлж болох байсан ч Есүс түүний үнэнч занг онцлон, сайнаар хэлжээ.

16 Үүнтэй төстэй өөр нэг явдал гэвэл, Есүс дээр нэг ромын цэргийн зуутын дарга ирсэн бөгөөд тэрээр Еховаг шүтдэггүй хүн байсан бололтой. Тэрээр өвчтэй зарцаа эдгээлгэхээр гуйжээ. Есүс зуутын даргыг нүгэлтэй хүн гэдгийг мэдэж л байсан. Тэр цагийн цэргийн хүний амьдралд харгис хэрцгий явдалд оролцон, цус урсгах хэрэг олон байсан биз ээ. Түүнээс гадна зуутын дарга хуурамч бурхан шүтдэг байсан. Тэглээ ч Есүс түүний сайн чанар буюу хосгүй итгэлийг онцолсон юм (Матай 8:5–13). Хожим нь Есүс дэргэд нь шонд хадуулсан гэмт хэрэгтэнтэй ярихдаа урьдын муу хэргийнх нь төлөө буруушаалгүй харин ч ирээдүйн найдвар өгсөн (Лук 23:43). Хүнийг шүүмжлэн таагүй хандвал урмыг нь хугалдаг гэдгийг Есүс сайн мэддэг байжээ. Есүс хүний сайн чанарыг олохыг хичээдэг байсан нь тэдэнд улам сайжрах урам өгсөн нь дамжиггүй.

Хүмүүст үйлчлэх чин хүсэл

17, 18. Есүс дэлхийд ирэхийг зөвшөөрөхдөө хүмүүст үйлчлэх чин хүслээ хэрхэн харуулсан бэ?

17 Есүс хүмүүсийг хайрладгийн бас нэг том нотолгоо бол тэдэнд үйлчлэх чин хүсэлтэй байлаа. Бурхны Хүү хүн болохоосоо өмнө хүмүүсийг их хайрладаг байсан (Сургаалт үгс 8:30, 31). Еховагийн «Үг» буюу төлөөлөгч байсны хувьд хүмүүстэй харьцахдаа баярлаж бахаддаг байсан (Иохан 1:1). Гэхдээ тэнгэр дэх өндөр байр сууриа орхиод «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авсан» нэг шалтгаан бол хүмүүст өөрийн биеэр үнэнийг заахыг хүссэн юм (Филиппой 2:7; 2 Коринт 8:9). Дэлхий дээр байхдаа Есүс үйлчлүүлэхийг зориогүй. Харин ч тэрээр: «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» гэж хэлсэн (Матай 20:28). Есүс энэ үгийг үнэхээр биелүүлсэн билээ.

18 Есүс хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө даруухнаар үйлчилж, тэдний сайн сайхны төлөө өөрийгөө дуртайяа зориулсан. Тэрээр аль болох олон хүнд хүрэхийн тулд дэлгэрүүлэх аялал хийн, олон зуун километр газар явж, Амласан газрыг явган туулсан. Есүс даруухан бөгөөд хэнтэй ч нийцтэй байж бардам ихэмсэг фарисайчууд болон хуулийн багш нараас өөр байв. Ихэс дээдэс, цэрэг, хуульч, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ядуус, өвчтэй хүмүүс, тэр ч байтугай нийгмийн шоовдорлогдсон хүмүүс хүртэл Есүс дээр дуртайяа, айлгүй очдог байв. Хэдий төгс ч Есүс хүн л юм хойно ядардаг, өлсдөг байсан. Тэрээр ядраад амрах, чимээгүй орчинд залбирах хэрэгтэй байсан ч бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байжээ (Марк 1:35–39).

19. Есүс шавь нартайгаа харьцахдаа даруу, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй байхын ямар жишээ үзүүлсэн бэ?

19 Есүс хүмүүст үйлчлэхийг хүсдэг шигээ мөн шавь нартаа үйлчлэх чин хүсэлтэй байсан. Тэдэнд заахдаа сайхан сэтгэл, тэвчээр гаргаж, ямар нэг чухал зүйлийг ойлгохгүй байхад нь цөхрөнгөө барж, уурлаж, аашилдаггүй байв. Ойлгуулахын тулд үргэлж шинэ арга эрэлхийлдэг байжээ. Жишээ нь: Шавь нар хэн нь хамгийн агуу тухай дандаа маргадаг байсныг саная. Тэгээд Есүс тэдэнд бие биетэйгээ даруу харьцахыг заах олон шинэ арга олж, ахин дахин, тэр бүү хэл алуулахынхаа өмнөхөн зааж байсан. Тийм ч учраас Есүс даруу байх болон өөр олон талаар: «Би та нарт... жишээ үзүүлсэн юм» гэж хэлэх эрхтэй (Иохан 13:5–14, 15, МБОХ, 1996; Матай 20:25; Марк 9:34–37).

20. Есүсийн заах арга фарисайчуудынхаас ямар ялгаатай байсан бэ? Энэ нь яагаад үр дүнтэй байсан бэ?

20 Есүс шавь нартаа юу хийхийг хэлээд л орхичихолгүй, үнэхээр «жишээ үзүүлснийг» тэмдэглэх хэрэгтэй. Тийм ээ, тэрээр жишээгээр заадаг байсан юм. Есүс өөрийгөө өндөр байр сууринд тавиад, шавь нартаа дээрээс тушаал заавар буулгадаггүй байв. Фарисайчууд ингэдэг байлаа. «Тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй» хэмээн Есүс тэдний тухай хэлжээ (Матай 23:3). Есүс хэлсэн ярьсныхаа дагуу амьдарч, бодит амьдралд хэрэгжүүлэн, сургаал нь чухам ямар учиртайг даруухнаар үзүүлж байв. Тиймээс дагалдагчдаа эд баялагт боолчлогдолгүй энгийнээр амьдрахыг уриалахад тэд үүний утгыг ойлгох гэж зүдрээгүй юм. Есүс: «Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй» гэсэн нь үнэн үг байсныг тэд ойлгосон (Матай 8:20). Есүс шавь нартаа даруухнаар жишээ үзүүлэн үйлчилсэн билээ.

21. Дараагийн өгүүлэлд юун тухай хэлэлцэх вэ?

21 Есүс дэлхий дээр амьдарсан багш нараас хамгийн агуу нь гарцаагүй мөн байсан! Тэрээр заадаг сургаалаа болон хүмүүсийг хайрладаг нь түүнийг үзсэн, дуулсан чин сэтгэлтэй хүн бүрд тодорхой байсан. Өнөөдөр Есүсийн жишээг сурч байгаа хүмүүст ч түүний хайр илэрхий байдаг. Гэхдээ бид яавал Христийн төгс жишээг дагах вэ? Дараагийн өгүүлэлд энэ асуултыг хэлэлцье.

Та хархэн хариулах вэ?

• Сайн багш байхын үндэс юу вэ? Хэний жишээ үүнийг баталдаг вэ?

• Есүс заасан сургаалаа хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

• Есүс хүмүүсийг хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

• Есүс хүмүүст үйлчлэх чин хүсэлтэй байсныг ямар ямар явдал харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]