«Бурхны агуу үйлсэд» сэтгэл хөдөлдөг
«Бурхны агуу үйлсэд» сэтгэл хөдөлдөг
«Бид Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо» (Үйлс 2:11).
1, 2. МЭ 33 оны Пентекостын өдрөөр ямар гайхалтай явдал болсон бэ?
МЭ 33 оны хаврын нэг өглөө Есүс Христийн эрэгтэй эмэгтэй шавь нар Иерусалим хотноо нэгэн байшинд цуглаад байтал гайхалтай явдал болжээ. «Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автжээ. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болохыг... тэд харлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, ...харь хэлээр ярьж эхлэв» (Үйлс 2:2–4, 15).
2 Байшингийн өмнө олон хүн цуглажээ. Тэдний дунд Пентекостын баяр тэмдэглэхээр Иерусалимыг зорьж ирсэн харийн оронд төрсөн, «сүсэгт иудейчүүд» байлаа. Есүсийн шавь нарыг «Бурхны агуу үйлсийн тухай» өөрсдийнх нь хэлээр ярихыг сонссон хүн бүр ихэд гайхжээ. Гэтэл харь хэлээр ярьж байгаа хүмүүс нь бүгдээрээ галилчууд байсан энэ хэргийг юу гэж үзэх вэ? (Үйлс 2:5–8, 11).
3. Пентекостын өдрөөр цугласан олонд элч Петр юун тухай хэлсэн бэ?
3 Тэр галилчуудын нэг нь элч Петр байлаа. Энэ явдлаас хэдэн долоо хоногийн өмнө ёс бус хүмүүс Есүс Христийг алсан ч Бурхан Хүүгээ дахин амилуулсныг тэрээр тайлбарлав. Түүнээс хойш Есүс олон шавьдаа, тухайлбал, Петр болон одоо түүнийг сонсож буй олон хүнд үзэгджээ. Бас Пентекостын өдрөөс 10 хоногийн өмнө Есүс тэнгэр өөд одсон. Тэгээд дагалдагчдадаа ариун сүнс цутгасан нь энэ байлаа. Энэ нь Пентекостын баярыг тэмдэглэж байсан хүмүүст ямар нэг ач холбогдолтой байв уу? Үнэхээр тийм байсан. Хэрэв тэр хүмүүс Есүст итгэвэл түүний үхэл тэдний нүглийг уучлах үндэс болж, мөн «Ариун Сүнсний бэлэг авах» байв (Үйлс 2:22–24, 32, 33, 38). Цугласан олон «Бурхны агуу үйлсийн тухай» сонсоод хэрхэн хандсан бэ? Энэ түүх Еховад үйлчлэх үйлчлэлээ эрхэмлэн үнэлэхэд бидэнд хэрхэн туслах вэ?
Үйл хэрэг хийхээр сэтгэл шулуудсан нь
4. МЭ 33 оны Пентекостын өдөр Иоелийн хэлсэн ямар зөгнөл биелсэн бэ?
4 Иерусалимд байсан шавь нар тэр өглөө ариун сүнс авсан даруйдаа цугласан олонд авралын тухай сайн мэдээг ярьж, бусадтай хуваалцах болжээ. Тэд ийн дэлгэрүүлсэн нь найман зууны тэртээ Петуелийн хүү Иоелийн хэлсэн гайхалтай зөгнөлийн биелэл байлаа. Иоел: «[ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө]... Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн [«зөгнөн», МБОХ, 1998], өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана» хэмээн зөгнөжээ (Иоел 1:1; 2:28, 29, 31; Үйлс 2:17, 18, 20).
5. Нэгдүгээр зууны христианууд зөгнөсөн гэдэг юу гэсэн утгатай вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
5 Энэ нь Бурхан хүн төрөлхтний бүхэл бүтэн үеийг Давид Иоел Дебора нар шиг эрэгтэй эмэгтэй зөнч болгоод ирээдүйн явдлыг урьдаас хэлүүлнэ гэсэн үг үү? Үгүй ээ. Христиан «хөвгүүд, охид», «боолууд, шивэгчингүүд» зөгнөнө гэдэг нь тэд Еховагийн сүнсний нөлөөгөөр Бурхны хийсэн ба хийхээр зорьж байсан «агуу үйлсийг» тунхаглана гэсэн үг байлаа. Ийнхүү тэд Хамгийн Дээд Нэгний төлөөлөгч болно гэсэн үг байжээ *. Цугласан олон үүнийг хэрхэн хүлээн авсан бэ? (Еврей 1:1, 2).
6. Петрийн үгийг сонсоод олон хүн яахаар сэтгэл шулуудсан бэ?
6 Петрийн үгийг сонссоныхоо дараа олон хүн үйл хэрэг хийхээр сэтгэл шулууджээ. Тэд «түүний үгийг хүлээн авч, ...баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ» (Үйлс 2:41). Иудейчүүд болон прозелитүүд урьд нь Судрын үндсэн мэдлэгтэй байсан. Энэхүү мэдлэг нь Петрээс мэдэж авсан зүйлд итгэх итгэлтэй нь хослоод «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр... баптисм хүртэх» үндэс болжээ (Матай 28:19). Баптисм хүртсэнийхээ дараа «тэд байнга элч нарын сургаалыг сонсож» байлаа. Түүнчлэн, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцдаг болов. Үнэхээр ч «өдөр өдрөөр тэд нэг санаагаар сүмд цуглаж, ...Бурхныг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв». Дэлгэрүүлэх ажил нь үр дүнд хүрч, Ехова «тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа» (Үйлс 2:42, 46, 47). Шинэ итгэгчдийн нутагт христиан хурал даруй олноороо байгуулагдав. Тэд гэртээ хариад «сайн мэдээ» тунхаглах гэж уйгагүй чармайсан нь ийнхүү өссөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдэг нь дамжиггүй (Колоссай 1:23).
Бурхны Үг үр нөлөөтэй
7. а) Өнөө үед бүх үндэстний хүмүүсийг Еховагийн байгууллага уруу юу татдаг вэ? б) Дэлхийн болон танай орон нутгийн хэмжээнд цаашид Еховагийн үйлчлэгчдийн тоо өсөх ямар боломж байна вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
7 Тэгвэл өнөөдөр Бурханд үйлчлэхийг хүсдэг хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэд ч бас Бурхны Үгийг нарийн судлах хэрэгтэй. Тэд Библийг судлаад Ехова бол «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам» Бурхан юм гэдгийг мэдэж авдаг (Египетээс гарсан нь 34:6; Үйлс 13:48). Тэрчлэн Бурхан хүмүүст хайрын сэтгэлээр Есүс Христийн золих тахилыг өгсөн бөгөөд Есүсийн асгаруулсан цус тэднийг «бүх нүглээс ангижруулна» гэдгийг ойлгодог (1 Иохан 1:7). Бас Бурхан «зөв, зөв бус хүмүүсийн хэн хэнийг амилуулах» санаа зорилготойг мэдээд үүнд талархдаг (Үйлс 24:15, МБОХ, 1996). Тэдний зүрх энэ бүх «агуу үйлсийн» Эх булгийг хайрлах хайраар бялхаж, энэ эрхэм мэдлэгийг бусадтай хуваалцахаар сэтгэл шулууддаг. Тэгээд Бурханд өөрийгөө зориулан, баптисм хүртсэн үйлчлэгч болж, «Бурхны жинхэнэ мэдлэгээр өсдөг» * (Колоссай 1:10б; 2 Коринт 5:14).
8-10. а) Бурхны Үг «үр нөлөөтэй» гэдгийг нэгэн христиан эмэгтэйн түүх хэрхэн харуулсан бэ? (Еврей 4:12, МБОХ, 1996). б) Энэ явдлаас та Еховагийн тухай болон үйлчлэгчидтэйгээ хэрхэн харьцдаг тухай юу мэдсэн бэ? (Египетээс гарсан нь 4:12).
8 Бурхны үйлчлэгчид Библи судлаад гүнзгий мэдлэгтэй болдог. Тийнхүү мэдээд сэтгэл нь хөдөлж, бодол санааны хэв маягаа өөрчилж, тэр мэдлэгийг зүрхэндээ шингээж авдаг (Еврей 4:12). Жишээ нь: Камилл гэдэг эмэгтэй өндөр настнуудыг асардаг байв. Түүний асаргаанд Еховагийн Гэрч Марта гэдэг хүн байжээ. Марта нас дээр гарснаас ухаан санаа нь айхтар муудсан байлаа. Тиймээс түүнийг байнга харж харгалзаж байхгүй бол болдоггүй байжээ. Мартад хоолоо идэхийг, тэр ч байтугай хоолоо залгих хэрэгтэйг сануулдаг байв. Гэвч Мартагийн ой ухаанаас огт баларшгүй нэг зүйл байжээ. Тэр нь чухам юу байсныг мэдэж авъя.
9 Нэгэн удаа Камиллыг учирсан бэрхшээлээсээ болоод уйлж байхыг Марта үзжээ. Марта Камиллыг тэвэрч, Библи судлахыг санал болгожээ. Гэхдээ Марта Библийн хичээл явуулж чадах болов уу? Тийм ээ, тэр чадсан юм! Марта олон юмыг аль хэдийнээ санахаа больсон ч гэлээ агуу Бурхнаа, Библийн чухал сургаалыг мартаагүй байлаа. Хичээлийн явцад Марта Камиллыг догол мөр болгоныг уншаад, тэнд заасан Библийн зүйлүүдийг Библиэс харж, хуудасны доод хэсэгт бичсэн асуултыг уншаад хариулж байхыг заажээ. Энэ байдлаараа хичээлээ нэлээд хийж, Мартагийн чадал чадвар хязгаартай байсан ч Камиллын, Библийн мэдлэг гүнзгийрч байлаа. Камиллыг Бурханд үйлчлэх хүсэлтэй өөр хүмүүстэй нэгдүүлэх хэрэгтэйг Марта ухаарчээ. Тэгээд сонирхогчоо Хаанчлалын танхимд цуглаанд анх очихдоо өмсөх тохирсон хувцастай байг гээд даашинз, гутал өгчээ.
10 Мартагийн хайр халамж, үлгэр жишээ, итгэл үнэмшлийг хараад Камиллын сэтгэл хөдөлжээ. Түүний Библиэс зааж өгөх гэж оролдоод байсан нь их чухал юм гэдгийг Камилл ойлгов. Учир нь Марта бараг бүх юмыг мартсан хэрнээ Библиэс сурч мэдсэнээ санаж байсан билээ. Дараа нь Камилл настайчуудыг асрах өөр газар ажиллах болов. Тэгээд өөрөө тодорхой алхам хийх цаг нэгэнт болсныг ухаарчээ. Эхний боломж гарахад Камилл Мартагийн өгсөн даашинз, гутлыг өмсөөд Хаанчлалын танхимд очиж, Библи судалмаар байгаагаа хэлжээ. Камилл сүнслэг талаараа өсөж, баптисм хүртжээ.
Еховагийн хэм хэмжээг баримтлахаар сэтгэл шулууддаг
11. Хаанчлалын мэдээ бидний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг гэдгийг идэвхтэй дэлгэрүүлэхээс өөрөөр хэрхэн харуулж болох вэ?
11 Өнөөдөр дэлхий дахинд Еховагийн зургаан сая гаруй Гэрч «Хаанчлалын [тухай] сайн мэдээг» Марта шиг бас одоо Камилл шиг дэлгэрүүлж байна (Матай 24:14; 28:19, 20). Нэгдүгээр зууны христиануудын адилаар тэдний сэтгэл бас «Бурхны агуу үйлсэд» их хөдөлдөг. Тэд Еховагийн төлөөлөгч байх эрхэм хүндтэй завшаанаа, түүнийг сүнсээ өөрсөд дээр нь цутгасныг өндрөөр үнэлдэг. Улмаар тэд амьдралынхаа бүх асуудалд түүний хэм хэмжээг баримтлан, «бүх талаар Түүнд таалагдахын» тулд Еховад «зохистойгоор явахыг» бүх чадлаараа хичээдэг. Христианууд хувцас болон зүс царайгаа ямар янзтай авч явах асуудлаар ч Бурхны хэм хэмжээг баримталдаг (Колоссай 1:10а; Тит 2:10).
12. 1 Тимот 2:9, 10-т хувцас болон зүс царайны талаар ямар нарийн зөвлөгөө байдаг вэ?
12 Тийм ээ, Ехова бидний гадаад байдал ямар байх ёстойг хэм хэмжээндээ тусгажээ. Энэ талаарх Бурхны шаардлагын заримыг элч Паул тэмдэглэжээ. Тэрээр: «Эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, харин Бурхнаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн» хэмээн бичжээ *. Энэ зөвлөгөө бидэнд юу заадаг вэ? (1 Тимот 2:9, 10).
13. а) «Зохистой хувцаслах» гэдэг юу гэсэн үг вэ? б) Еховагийн хэм хэмжээг баримтлах тийм хэцүү биш гэж хэлж болохын учир юу вэ?
13 Христианууд «зохистой хувцаслах» ёстойг Паул зөвлөжээ. Тэд хайш яйш, бохир заваан, нүдэнд хүйтэн харагдаж болохгүй. Цэвэр, үзэмжтэй, аятайхан хувцаслаж байвал хүн бүр, ядуу даржин хүмүүс ч энэхүү ухаалаг хэм хэмжээг баримтлах бүрэн боломжтой. Жишээлбэл: Өмнөд Америкийн нэг орны Еховагийн Гэрчүүд мужийн чуулганд очихын тулд жил болгон ширэнгэ дундуур олон километр газрыг явган туулаад дараа нь завиар олон цаг явдаг аж. Ингэж аялахдаа усанд унаж, хувцсаа мод бутанд гогодон урах энүүхэнд байдаг гэнэ. Тэгээд чуулган болох газраа очиход зүс царай нь тийм ч сайхангүй л байдаг байна. Иймээс тэд зориуд цаг гаргаж, чуулганд өмсөх хувцсаа угааж, индүүдэж, товч хадаж, онгорхой цоорхойгоо нөхдөг аж. Тэд Еховагийн ширээнээс хооллох урилгыг эрхэмлэн үздэг учраас «зохистой хувцаслахыг» хүсдэг.
14. а) «Даруу, түвшин байдлаар» хувцаслах гэдэг юу гэсэн үг вэ? б) «Бурхнаас эмээгч» хүмүүсийн адилаар хувцаслах гэдэг юу гэсэн утгатай вэ?
14 Цааш нь Паул биднийг «даруу, түвшин байдлаар» хувцаслах ёстойг тэмдэглэжээ. Энэ нь анхаарал татсан, этгээд хачин, бэлгийн хүсэл тачаал илэрхийлсэн, хэт ил задгай эсвэл хэт их загвар хөөсөн хувцас өмсөхгүй байвал зохино гэсэн үг. Түүнээс гадна бид «Бурхнаас эмээдгээ» харуулахаар хувцаслах ёстой. Энэ бол эргэцүүлж бодууштай зүйл мөн. Тийм биз дээ? Энэ нь цуглаанд очихдоо л аятайхан хувцаслаад бусад цагт өмсөж зүүхийн тухайд огт санаа зовохгүй байж болно гэсэн үг биш юм. Бид хоногийн 24 цагт христиан хүн буюу Бурхны үйлчлэгч байдаг учраас гадаад байдал маань үргэлж аятайхан, намбатай байх учиртай. Харин ажлын болон сургуулийн хувцас маань тухайн үүрэг даалгаврын онцлогт тохирсон байх ёстой нь ойлгомжтой. Гэлээ ч бид ямар ч үед даруухан, намбатай хувцаслах ёстой. Хэрэв бидний хувцас Бурханд итгэдгийг маань үргэлж илтгэн харуулахаар байдаг бол гадаад байдалдаа санаа зовж албан бусаар дэлгэрүүлэхээс хэзээ ч биеэ барихгүй (1 Петр 3:15).
«Ертөнцийг... бүү хайрла»
15, 16. а) Хувцас болон зүс царайны талаар ертөнцийг дуурайхгүй байх яагаад чухал бэ? (1 Иохан 5:19). б) Хэт их загвар хөөхгүй байх ямар энгийн шалтгаан байдаг вэ?
15 Түүнчлэн, 1 Иохан 2:15, 16-р зүйл хувцас, зүс царайгаа ямар янзтай байлгахад сайн зөвлөгөө болдог. Тэнд: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм» гэж бичсэн байдаг.
16 Үнэхээр цагаа олсон зөвлөгөө байна даа! Эргэн тойрны хүмүүсийн нөлөө урьдынхаас харьцуулахын аргагүй их болсон өнөө үед бид ямар хувцас өмсөхөө ертөнцөөр заалгаж болохгүй. Хувцас болон зүс царайны хэв маяг сүүлийн жилүүдэд дордож байгаа билээ. Ажил хэрэгч болон нэр хүндтэй мэргэжлийн хүмүүсийн хувцасны хэв маяг ч христиануудад тохирсон хувцсыг тодорхойлох найдвартай хэм хэмжээ болж тэр бүр чадахгүй. Энэ нь, хэрэв бид Бурхны хэм хэмжээний дагуу амьдарч, «Аврагч Бурхныхаа сургаалыг бүх талаар хүндэтгэе» гэвэл «энэ үеийн явдалд нийцэхгүй» байх хэрэгтэйг ямагт ухамсарлах бас нэг шалтгаан болдог (Тит 2:10; Ром 12:2).
17. а) Хувцас худалдан авах болон загвар маягийг сонгохдоо ямар ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ? б) Ямар учраас гэр бүлийн тэргүүн гэрийнхнийхээ гадаад байдалд анхаарах хэрэгтэй вэ?
17 Ямар нэг хувцас авах эсэхээ шийдэхээсээ өмнө: «Энэ загвар надад яагаад таалагддаг вэ? Миний дуртай, алдартай хүн ийм загварын хувцас өмсдөг үү? Энэ загвар гудамжны бүлэглэл юм уу, хараат бус байдал, тэрслүү сэтгэлгээг дэвэргэдэг бүлгийг ялгаруулдаг уу?» гэх мэтийн асуултыг бодож үзэх нь зүйтэй. Түүнээс гадна тухайн хувцсаа сайн үзэх хэрэгтэй. Жишээ нь: Даашинз юм уу банзал байлаа гэхэд урт нь хэр вэ? Ямар хэв маягаар хийж вэ? Даруухан, тохиромжтой, намбатай байна уу, эсвэл бариу, бэлгийн хүсэл тачаал илэрхийлсэн, хайш яйш байна уу? Түүнчлэн: «Ийм хувцас өмсвөл бусдыг „бүдрүүлэх“ шалтгаан болох уу?» гэж өөрөөсөө асуугаарай (2 Коринт 6:3, 4, ШЕ). Яагаад бид үүнд санаа зовох хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, Библид: «Христ ч гэсэн өөрийнхөө хүсэлд нийцүүлээгүй» гэж бичсэн байдаг (Ром 15:3, МБОХ, 1996). Гэр бүлийн тэргүүн гэрийнхнийхээ гадаад байдалд анхаарах ёстой. Агуу Бурхнаа хүндэтгэхийн учир шаардлагатай үед хайрын сэтгэлээс ул суурьтай зөвлөгөө өгөхдөө эргэлзэх хэрэггүй (Иаков 3:13).
18. Хувцас болон зүс царайгаа анхаарахад юу нөлөөлдөг вэ?
18 Бидний дэлгэрүүлдэг мэдээ Еховагаас гардаг. Харин Ехова тэр биеэрээ сүр жавхлан хийгээд ариун билээ (Исаиа 6:3). «Хайрлагдсан хүүхдүүд адил» Бурхныг дуурайхыг Библи бидэнд уриалдаг (Ефес 5:1). Бид хувцас болон зүс царайгаараа тэнгэрийн Эцгээ нэг бол алдаршуулна, нэг бол гутаана. Гэхдээ бид түүний зүрхийг баярлуулахыг хүсдэг нь эргэлзээгүй! (Сургаалт үгс 27:11).
19. «Бурхны агуу үйлсийн тухай» бусдад тунхаглах ямар ач холбогдолтой вэ?
19 «Бурхны агуу үйлсийн тухай» мэдээд танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Библийн үнэнийг мэддэг болсон маань ямар сайн хэрэг вэ! Бид Есүс Христийн асгаруулсан цусанд итгэдэг учраас Ехова нүглийг маань уучилдаг (Үйлс 2:38). Үүний дүнд Бурхны өмнө ярих эрх чөлөөтэй болдог. Бид ирээдүйн найдваргүй хүмүүсийн адилаар үхлээс айдаггүй. «Булшинд байгчид бүгдээрээ дууг нь сонсон, гарч ирнэ» хэмээн Есүс батлан хэлсэн билээ (Иохан 5:28, 29). Ехова энэ бүхнийг бидэнд илчлэн мэдүүлж нигүүлсэнгүй хандсан. Түүнээс гадна, тэрээр сүнсээ бидэн дээр цутгадаг. Тиймээс энэ олон сайхан бэлгийн төлөө талархах сэтгэл «агуу үйлсийнх нь тухай» бусдад тунхаглан, идэвх зүтгэлтэйгээр түүнийг алдаршуулан, өндөр хэм хэмжээг нь хүндэтгэх хүсэл төрүүлдэг.
[Зүүлт]
^ Ехова, Мосе Аарон хоёрыг ард түмнийхээ өмнөөс фараонтай яриулахаар болоод Мосед: «Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Харин чиний ах Аарон зөнч чинь болно» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 7:1, МБОХ, 1998). Аарон ирээдүйн үйл явдлыг зөгнөөгүй, харин Мосегийн төлөөлөгч болсон.
^ Есүсийн үхлийг Дурсах оройн зоогийг тэмдэглэх жил бүрийн арга хэмжээний дагуу 2002 оны гуравдугаар сарын 28-нд сая сая хүн цугласнаас ихэнх нь одоогоор Еховад үйлчилдэггүй хүмүүс байсан. Энэ сонирхогч хүмүүсийн олонхынх нь зүрх сэтгэл сайн мэдээний дэлгэрүүлэгч болох хосгүй завшааныг эрэлхийлээсэй гэж бид залбирч байна.
^ Паул энэ үгээ эмэгтэйчүүдэд хандан бичсэн ч уг зарчим христиан эрэгтэйчүүд болон залуучуудад мөн адил хамаарна.
Та хэрхэн хариулах вэ?
• МЭ 33 оны Пентекостын өдөр хүмүүс ямар «агуу үйлсийн тухай» сонссон бэ? Тэд сонссон зүйлдээ хэрхэн хандсан бэ?
• Хүн яаж Есүс Христийн шавь болдог вэ? Шавь байх гэдэгт юу юу ордог вэ?
• Хувцас болон зүс царайгаа анхаарах нь яагаад чухал бэ?
• Ямар нэг хувцас болон загвар маягийн тохиромжтой эсэхийг тодорхойлохдоо ямар ямар асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]