Skip to content

Гарчиг руу орох

«Онцгой анхаарал хандуулагтун»

«Онцгой анхаарал хандуулагтун»

«Онцгой анхаарал хандуулагтун»

«Бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» (ЕВРЕЙ 2:1).

1. Анхаарал сарнивал үхлийн аюулд хүрдгийг тайлбарлана уу.

 ЗАМ тээврийн ослын улмаас АНУ-д гэхэд л жил бүр 37 000 орчим хүн амиа алддаг. Хэрэв жолооч нар илүү анхааралтай байдагсан бол арай ч ийм олон хүн амиа алдахгүй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Зарим жолооч замын хажуугийн сурталчилгааны самбар, элдэв тэмдэг харах, гар утсаар ярих зэргээс болж анхаарлаа сарниулдаг. Тэрчлэн жолоо барьж явахдаа хоол иддэг хүн ч байдаг ажээ. Эдгээр нөхцөлд анхаарал сарнивал үхлийн аюултай.

2, 3. Паул еврей христиануудад юу сануулсан бэ? Түүний зөвлөгөө ямар учраас цагаа олсон бэ?

2 Элч Паул, автомашин зохион бүтээхээс 2 000 орчим жилийн өмнө христиан болсон зарим еврей хүний анхаарлыг сарниулж, сүнслэгээр үхүүлж болзошгүй байсан зүйлийн тухай бичжээ. Есүс Христ дахин амилаад, Бурхны баруун гар талд заларсан учир бүх тэнгэр элчээс дээгүүр байр суурьтай болсныг Паул онцлон тэмдэглэжээ. Тэрээр цааш нь: «Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» гэж бичсэн (Еврей 2:1).

3 Еврей христианууд ямар учраас Есүсийн тухай «сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» байв? Яагаад гэвэл Есүс дэлхийг орхисноос хойш бараг 30 жил өнгөрсөн байлаа. Эзнийхээ эзгүйд зарим еврей хүн жинхэнэ шүтлэгээс «урсаад явж» эхэлжээ. Урьд нь шүтдэг байсан шашин буюу иудаизмаас болж тэдний анхаарал сарнижээ.

Тэд онцгой анхаарах хэрэгтэй байв

4. Христиан болсон зарим еврей хүн яагаад иудаизм уруу эргэхээр хорхойссон бэ?

4 Христиан хүн ямар учраас иудаизм уруу эргэхээр хорхойсох болов? Юу гэвэл, Мосегийн Хуулийн дагуух шашин шүтлэг нүдэнд харагддаг байлаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс тахилчдыг харж, шатаалт тахилын үнэрийг мэдэрдэг байв. Гэтэл христиануудын шүтлэг зарим талаар эрс өөр байлаа. Тэдний Тэргүүн Тахилч нь Есүс Христ байсан. Гэвч дэлхий дээр үзэгдэлгүй гуч орчим жил болсон байлаа шүү дээ (Еврей 4:14). Тэд сүмтэй ч тэрхүү сүмийн ариун газар нь тэнгэр байв (Еврей 9:24). Христианууд Хуулийн дагуу бодитоор хөвч хөндүүлэх бус, «Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлттэй» байсан (Ром 2:29). Иймээс еврей христиануудын хувьд шинэ шашин нь нэлээд хийсвэр санагдсан бололтой.

5. Есүсийн тогтоосон шашин шүтлэг Мосегийн Хуулиар тогтоосноос давуу байсныг Паул хэрхэн харуулсан бэ?

5 Еврей христианууд Есүсийн тогтоосон шашин шүтлэгийн чухал ач холбогдлыг ухаарах хэрэгтэй байлаа. Энэхүү шүтлэг харагдах зүйлээс илүү итгэлд үндэслэсэн хэдий ч зөнч Мосегоор дамжуулан өгсөн Хуулийнхаас давуу байжээ. Паул: «Хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь амьд Бурханд үйлчлүүлэхийн тулд бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэнэ шүү дээ!» хэмээн бичсэн (Еврей 9:13, 14). Тийм ээ, Есүс Христийн золих тахилд итгэн, нүглээ уучлуулах нь Хуульд заасны дагуу амьтдаар тахил өргөн уучлуулахаас олон талаараа хавьгүй давуу юм (Еврей 7:26–28).

6, 7. а) Ямар байдлын улмаас еврей христианууд «сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» байсан бэ? б) Иерусалимыг устгахаас хэдэн жилийн өмнө Паул «Еврей» номыг бичсэн бэ? (Зүүлтийг үзнэ үү.)

6 Еврей христиануудад Есүсийн тухай «сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» бас нэг шалтгаан байлаа. Иерусалим устгагдахыг Есүс зөгнөсөн. Тэрээр: «Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурхны ирсэн цагийг чи мэдээгүй юм» гэж хэлсэн (Лук 19:43, 44).

7 Энэ явдал хэзээ болох байв аа? Есүс өдөр, цагийг нь мэдэгдээгүй. Гэсэн ч: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог» хэмээн сануулсан (Лук 21:20, 21). Есүсийг ингэж хэлснээс хойш 30 жилийн хугацаанд Иерусалимд амьдарч байсан зарим христиан яарах сэтгэлээ алдаж, анхаарлаа сарниулжээ. Зүйрлэн хэлбэл, тэд анхаарлаа сарниулсан жолоочтой адил болжээ. Бодол санаагаа өөрчлөхгүй л бол үхлийн аюул учрах нь гарцаагүй байв. Тэд үүнийг ухаарсан ч бай үгүй ч бай, Иерусалимын сүйрэл зайлшгүй болох байлаа! * Паулын зөвлөгөө сүнслэгээр зүүрмэглэн байсан Иерусалимын христиануудыг сэрээсэн гэж найдъя.

Өнөөдөр онцгой анхаарах нь

8. Ямар учраас бид Бурхны Үгийн сургаалд «онцгой анхаарал хандуулах ёстой» вэ?

8 Нэгдүгээр зууны христиануудын адилаар бид Бурхны Үгийн сургаалд «онцгой анхаарал хандуулах ёстой». Яагаад гэвэл бидний өмнө бас нэгэн сүйрэл ойртон байгаа билээ. Гэхдээ ямар нэг ард түмэн бус, энэ ертөнц бүхлээрээ сүйрэх юм (Илчлэлт 11:18; 16:14, 16). Ехова энэ арга хэмжээг хэзээ авах өдөр, цагийг бид мэдээж яг таг мэдэхгүй (Матай 24:36). Гэхдээ Библийн зөгнөлүүд «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань илт харуулан биелж буйг бид нүдээрээ үзэж байна (2 Тимот 3:1–5). Иймээс анхаарлыг маань сарниулах алив бүхнээс сэрэмжлэх ёстой. Бурхны Үгийг анхаарч, яарах сэтгэлээ хадгалах хэрэгтэй. Ингэж байж л «болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай» болно (Лук 21:36).

9, 10. а) Сүнслэг зүйлд «онцгой анхаарал хандуулдгаа» хэрхэн харуулж болох вэ? б) Бурхны Үг яаж бидний «зам дахь гэрэл», «хөл дэх дэнлүү» болдог вэ?

9 Энэ эгзэгтэй цагт сүнслэг зүйлд «онцгой анхаарал хандуулдгаа» хэрхэн харуулах вэ? Нэг арга бол цуглаан, чуулганд тогтмол очих явдал юм. Библийн Зохиогч Еховад илүү ойртохын тулд Библийг идэвхтэй судлах хэрэгтэй (Иаков 4:8). Хэрэв бид бие даан судалж, цуглаанд яван Еховагийн тухай мэдлэгтэй болбол, «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» гэж Бурханд хандан хэлсэн дуулалч шиг болно (Дуулал 119:105).

10 Библи ирээдүйн талаарх Бурхны санаа зорилгыг хэлж өгдөг учраас бидний «зам дахь гэрэл» болдог. Бас бидний «хөл дэх дэнлүү» билээ. Өөрөөр хэлбэл, бэрхшээлтэй тулгараад цааш нь ямар алхам хийхээ шийдэхэд Библи тусалдаг. Иймээс удирдлага заавар авахаар итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглахдаа, Бурхны Үгийг бие даан судлахдаа «онцгой анхаарал хандуулах» нь амин чухал. Олж авсан мэдлэгийнхээ ачаар ухаалаг, өөрсдөдөө тустай шийдвэр гаргаж чадна. Тийм шийдвэр Еховад таалагдаж, зүрхийг нь баярлуулдаг (Сургаалт үгс 27:11; Исаиа 48:17). Бурхны өгдөг сүнслэг хоолноос илүү их үр шим хүртэхийн тулд бие даан судлах болон цуглаан дээр суухдаа яавал удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаг болох вэ?

Цуглаан дээр анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулах нь

11. Заримдаа цуглаан дээр анхааралтай байх яагаад хэцүү байдаг вэ?

11 Заримдаа цуглаан дээр анхааралтай байх хэцүү байдаг. Хүүхдийн уйлах, хоцорч ирсэн хүний суудал хайх зэргээс анхаарал дорхноо сарнидаг. Өдөржингөө ажиллачихаад ядарсан байж болно. Тайзан дээрээс үг хэлж буй ах тийм ч чадварлаг илтгэгч биш байж магадгүй юм. Тэгээд бид өөрийн мэдэлгүй огт өөр юм бодчихсон, тэр байтугай зүүрмэглэчихсэн байж мэднэ! Цуглаанаар амин чухал мэдээлэл хүргэдэг учраас цуглаан дээр анхаарлаа сайн төвлөрүүлж сурахыг хичээх ёстой. Гэхдээ яаж?

12. Цуглаан дээр анхааралтай байхад юу туслах вэ?

12 Урьдчилаад бэлдвэл цуглаан дээр анхааралтай байхад амар байдаг. Тиймээс цуглаан дээр үзэх материалыг урьдаас эргэцүүлэн бодох цаг гаргаж яагаад болохгүй билээ? Жишээ нь: Библи унших хөтөлбөрийн дагуу тухайн долоо хоногийн хэсгийг уншиж, эргэцүүлэн бодоход өдөр бүр хэдхэн минут хангалттай. Бас төлөвлөгөө гаргах юм бол Ном судлалын болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүлэл судлах цуглаанд бэлтгэх цаг гаргаж амжина. Ямар ч хуваарь гаргасан, урьдчилаад бэлтгэвэл цуглаан дээр анхааралтай байхад амархан гэдэг нь тодорхой.

13. Цуглаан дээр үзэж буй материалд анхаарлаа төвлөрүүлэхэд юу туслах вэ?

13 Сайн бэлтгэхээс гадна цуглаанд ирээд танхимын урд эгнээгээр суувал хөтөлбөрийг илүү анхааралтай сонсож болдгийг зарим хүн анзаарчээ. Илтгэгчийг ойроос харж, Библиэс уншихад нь Библиэ нээн уншиж, тэмдэглэл хөтлөх нь анхаарлаа сарниулахгүй байхад мөн тусална. Гэсэн ч зүрхээ бэлтгэх нь анхаарлаа төвлөрүүлэх олон янзын аргаас хамгийн чухал нь юм. Бид хамтдаа цугладгийнхаа учрыг ухамсарлах хэрэгтэй. Итгэл нэгтнүүдтэйгээ цугладгийн хамгийн гол зорилго бол Еховаг шүтэх явдал билээ (Дуулал 26:12; Лук 2:36, 37). Сүнслэг хоол хүртэх чухал арга бол цуглаан юм (Матай 24:45–47). Түүнээс гадна, «хайр болон сайн үйлсэд бие биеэ... хөхүүлэн урамшуулах» таатай боломж цуглаанаар олддог (Еврей 10:24, 25).

14. Цуглааныг чухам юу амжилттай болгодог вэ?

14 Зарим хүн цуглаан дээр үг хэлж буй хүмүүсийн заах чадварт үндэслэн цуглааны чанар чансааг тодорхойлохыг оролдож, хэрэв чадварлаг илтгэгч байвал сайн цуглаан боллоо гэж үздэг байж мэднэ. Харин илтгэгч заах чадваргүй юм шиг санагдвал өөрөөр бодож магадгүй. Хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс заах урлагаа хөгжүүлэхийн төлөө, ялангуяа бусдын зүрхэнд хүрэхийн төлөө бүх талаар чармайх ёстой нь ойлгомжтой (1 Тимот 4:16, ШЕ). Гэхдээ сонсогч бид хэт шүүмжилдэг байж болохгүй. Илтгэгчдийн заах чадвар чухал ч гэсэн энэ нь цуглааныг амжилттай явуулах цорын ганц хүчин зүйл биш ээ. Бид илтгэгчийн хэр зэрэг сайн ярьж байгааг биш, өөрсдөө хэр зэрэг сайн сонсож байгаагаа анхаарах хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Цуглаанд очиж, ярьж буй зүйлийг анхааралтай сонсох нь Бурхныг хүсэл тааллынх нь дагуу шүтнэ гэсэн үг. Энэ бол цуглааны зорилго билээ. Бурхны тухай мэдэх чин хүсэлтэй л бол илтгэгчийн чадвараас шалтгаалахгүйгээр цуглаанаас ач тус хүртнэ (Сургаалт үгс 2:1–5). Бүгдээрээ цуглаан дээрээ онцгой анхааралтай байхыг бүх хүчээрээ чармайя.

Бие даан судлахын ач тусыг бүрэн дүүрэн хүртэх нь

15. Бие даан судалж, эргэцүүлэн бодох ямар ач тустай вэ?

15 Бие даан судлан, эргэцүүлэн бодох үедээ «онцгой анхаарал хандуулах» нь үнэхээр их тустай. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл уншиж, эргэцүүлэн бодох нь Бурхны Үгийн сургаалыг зүрхэндээ нандигнан шингээх хосгүй боломж олгоно. Энэ нь цаашдаа оюун санаа, үйл хэрэгт маань хүчтэй нөлөөлнө. Түүнчлэн, Еховагийн хүсэл тааллыг баяр хөөртэй биелүүлэхэд тусална (Дуулал 1:2; 40:8). Тиймээс судлалаа үр өгөөжтэй болгоё гэвэл анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Анхаарал сарних их амархан! Утас дуугарах, чимээ шуугиан зэрэг өчүүхэн зүйлээс болоод анхаарал сарнидаг. Заримдаа ямар ч саадгүй байхад хүртэл удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Сүнслэг хоол хүртэх сайн зорилгоор ширээний ард суусан ч удалгүй огт өөр юм бодчихсон байдаг. Бурхны Үгийг бие даан судлахдаа яаж «онцгой анхаарал хандуулах» вэ?

16. а) Бие даан судлах цаг гаргах нь ямар учраас чухал бэ? б) Та Бурхны Үгийг судлах цаг хэрхэн гаргадаг вэ?

16 Бие даан судлах хуваарь гаргаж, судлахад тохирсон байр сонговол сайн. Олон хүн өөртөө зориулан цаг гаргаж чаддаггүй. Үйл явдлын давалгаа их урсгалдаа биднийг өчүүхэн мөчир адил хаман одох мэт санагдаж мэднэ. Тиймээс бид урсгал сөрж, тайван сууж болох арал олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бие даан Библи судлах боломж гарахыг хүлээх биш, нөхцөл байдлаа зохицуулж, тусгай цаг гаргах хэрэгтэй (Ефес 5:15, 16). Зарим хүн анхаарал сарних нь бага байдаг гээд өглөө судалдаг. Зарим хүний хувьд орой илүү тохиромжтой байдаг. Хамгийн гол нь, Бурхан болон Хүүгийнх нь тухай нарийн зөв мэдлэгтэй болох амин чухал хэрэгцээг тоомсорлохгүй байж болохгүй (Иохан 17:3). Иймээс бие даан судлах төлөвлөгөө гаргаад түүнийгээ баримталъя.

17. Эргэцүүлэн бодох гэж юу вэ? Ямар ач тустай вэ?

17 Бие даан судлаад мэдсэн зүйлээ дүгнэж цэгнэх буюу эргэцүүлэн бодох нь үнэлж баршгүй ач тустай. Үүний ачаар бид ном хэвлэлийн хуудсаар илэрсэн Бурхны бодол санааг зүрхэндээ шингээж авдаг. Эргэцүүлэн бодвол Библийн зөвлөгөөг яаж хэрэглэхийг ойлгож, цаашлаад «зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болно» (Иаков 1:22–25). Түүнээс гадна, эргэцүүлэн бодох нь Еховад илүү ойртоход тусалдаг. Учир нь бид түүний чанаруудыг болон тэдгээр чанар судалж байгаа зүйлд маань хэрхэн тусаж байгааг эргэцүүлэн боддог билээ.

18. Эргэцүүлэн бодоход ямар нөхцөл хэрэгтэй вэ?

18 Бие даан судалж, эргэцүүлэн бодохын ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд анхаарлаа сарниулалгүй, ухаанаа төвлөрүүлэх ёстой. Эргэцүүлэн бодож, шинэ мэдээлэл авахын тулд өдөр тутмын амьдралын анхаарал сарниулам зүйлийг бодохгүй байх хэрэгтэй. Үүний тулд тусгайлан цаг гаргаж, хэн ч саад болохооргүй газар олох шаардлагатай болдог ч Бурхны Үгийн үнэний усыг ууж, сүнслэг хоол хүртэх нь биднийг үнэхээр их сэргээдэг!

19. а) Зарим хүн анхаарлаа төвлөрүүлэх чадвараа яаж хөгжүүлсэн бэ? б) Бие даан судлахдаа яаж хандах хэрэгтэй вэ? Бие даан судлах нь ямар тустай вэ?

19 Хэрэв удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, судалж эхлээд удалгүй өөр юм бодоод анхаарал сарничихдаг бол яах вэ? Зарим хүн бие даан судлахдаа эхлээд богино хугацаагаар хичээллэдэг байснаа аажмаар хугацааг нь уртасгаж анхаарал төвлөрүүлэх чадвараа хөгжүүлсэн байдаг. Бидний зорилго бол хам хум гүйлгэж уншаад өнгөрөх биш, үзэж буй материалаа сайн ойлгохын тулд тайван судлах явдал юм. Судалж буй сэдвээ шимтэн үзэх хэрэгтэй. «Итгэмжит ухаалаг боолын» өгдөг олон тооны материал ашиглан, гүнзгийрүүлэн судалж болно. «Бурхны гүн юмсыг» ухаж ойлгох нь асар их ач тустай (1 Коринт 2:10). Ингэвэл Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, «мэдрэмж» буюу ялган ойлгох чадвараа хөгжүүлэхэд тусална (Еврей 5:14). Хэрэв Бурхны Үгийг нямбай судалбал «бусдад заах чадвартай» болно (2 Тимот 2:2).

20. Яавал Еховатай дотно харьцаа тогтоож, хөгжүүлж болох вэ?

20 Цуглаанд очиж, бие даан судлах нь Еховатай дотно харьцаа тогтоож, хөгжүүлэхэд үнэхээрийн тустай. «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» хэмээн Бурханд хандан хэлсэн дуулалч үүнийг биеэрээ мэдэрсэн нь лавтай (Дуулал 119:97). Тиймээс цуглаан, чуулгандаа тогтмол очиж байя. Түүнчлэн Библи судалж, эргэцүүлэн бодох цаг гаргаж байя. Бурхны Үгэнд «онцгой анхаарал хандуулбал» арвин их шагнал хүртнэ.

[Зүүлт]

^ МЭ 61 онд Паул «Еврей» номыг бичсэн бололтой. Тэгэхээр уг номыг бичсэнээс хойш таван жилийн дараа Цести Галл цэрэгтэйгээ Иерусалимыг бүсэлжээ. Гэвч тэд удалгүй бүслэлтээ зогсооход сонор соргог христиануудад зугтах боломж олдов. Үүнээс дөрвөн жилийн дараа генерал Титийн удирдлагаар ромын цэрэг ирж хотыг устгажээ.

Та санаж байна уу?

• Ямар учраас христиан болсон зарим еврей хүн жинхэнэ шүтлэгээс «урсаад явж» байсан бэ?

• Цуглаан дээр яаж анхааралтай байж болох вэ?

• Бие даан Библи судалж, эргэцүүлэн бодохын ач тусыг хүртэхэд юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]