«Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ»
«Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ»
«Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгсэд гайхаж байв» (ЛУК 4:22).
1, 2. а) Есүсийг баривчлахаар явсан харуулууд яагаад гар хоосон буцаж ирсэн бэ? б) Есүсийн сургаалд сэтгэл хөдөлсөн хүмүүс зөвхөн харуулууд биш гэдгийг юу харуулдаг вэ?
ХАРУУЛУУД даалгавраа биелүүлсэнгүй. Тэдэнд Есүс Христийг барихыг даалгаад явуулсан боловч гар хоосон буцаж ирэв. Ахлах тахилч нар болон фарисайчууд тайлбар шаардан: «Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ?» гэлээ. Үнэндээ, харуулууд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй хүнийг яагаад баривчлаагүй юм бол оо? «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» гэж тэд тайлбарлав. Есүсийн сургаалд сэтгэл нь хөдөлсөн тэд тэрхүү амгалан эрийг баривчлахгүй байхаар шийджээ * (Иохан 7:32, 45, 46).
2 Есүсийн сургаалд сэтгэл нь хөдөлсөн хүмүүс ганц харуулууд байгаагүй юм. Библид бичсэнээр Есүсийн ярихыг л сонсох гэж үй олон хүн ирдэг байжээ. Нутгийн ардууд «Түүний амнаас гарах нигүүлслийн үгсэд» гайхаж байв (Лук 4:22). Есүс Галилын тэнгисийн эрэг дээр хуран цугласан олон түмэнд нэг бус удаа завин дээрээс сургаал зааж байсан (Марк 3:9; 4:1; Лук 5:1–3). Нэгэн удаа, «үй түмэн хүн» идэх юмгүй байсан хэрнээ Есүстэй хамт хэд хоносон билээ (Марк 8:1, 2).
3. Есүсийг тийм шилдэг багш болоход гол нь юу нөлөөлсөн бэ?
3 Есүс юуны ачаар шилдэг багш болсон бэ? Нөлөөлсөн гол зүйл нь хайр байв *. Есүс зааж байсан үнэндээ болон хүмүүст хайртай байсан. Түүнээс гадна, заах арга барилыг гойд эзэмшсэн байлаа. Энэ болон дараагийн хоёр өгүүллээр Есүсийн ашиглаж байсан үр дүнтэй аргаас заримыг авч үзэн, хэрхэн дуурайж болох тухай ярилцъя.
Энгийн бөгөөд тодорхой ярих
4, 5. а) Есүс сургаал айлдахдаа юуны учир энгийн үг хэллэг хэрэглэдэг байсан бэ? Үүний юу нь гайхалтай вэ? б) Ууланд айлдсан номлол Есүсийн энгийн заадаг байсныг хэрхэн харуулдаг вэ?
4 Өндөр боловсролтой хүмүүс энгийн хүмүүст ойлгомжгүй үг хэллэг ашиглаж ярих нь элбэг байдаг. Харин бид хүмүүст ойлгомжтой ярихгүй бол зааж байгаа зүйл маань тэдэнд яаж ач тусаа өгөх билээ? Есүс заахдаа хэзээ ч ойлгомжгүй үгээр ярьж байгаагүй. Түүний үгийн баялаг шавхагдашгүй их байсан. Тэрээр асар өргөн мэдлэгтэй байсан ч гэлээ, өөрийгөө бус, яриаг нь сонсож буй хүмүүсээ боддог байв. Тэдний ихэнх нь «эрдэм номгүй, боловсролгүй» гэдгийг Есүс мэдэж байсан (Үйлс 4:13). Тэдний сэтгэл зүрхэнд хүрэхийн тулд мэддэг үг хэллэгийг нь ашигладаг байжээ. Үг нь энгийн ч, тэрхүү үгсээр илэрхийлж байгаа үнэн нь гүн байлаа.
5 Жишээ болгож Матай 5:3–7:27-д байдаг Ууланд айлдсан номлолыг авч үзье. Есүс түүнийг 20-хон минутад айлдсан байж магадгүй. Гэсэн хэдий ч, сургаал нь гүн гүнзгий агаад завхайрал, гэр бүл салж сарних, эд баялгийг эрхэмлэх зэрэг асуудлын мөн чанарыг илчилсэн байдаг (Матай 5:27–32; 6:19–34). Гэхдээ энд ярвигтай, сүржин үг хэллэг байдаггүй. Нарийн яривал, хүүхэд ойлгож чадахааргүй тийм хэцүү үг бараг байдаггүй! Тэгэхлээр, Есүсийг үгээ хэлж дуусмагц тариачин, малчин, загасчин гээд олон түмэн «Түүний сургаалыг гайхан шагширч» байсан нь ойлгомжтой! (Матай 7:28).
6. Есүс энгийн хэрнээ утга төгөлдөр үг хэлж, ярьж байсны жишээ дурдана уу.
6 Есүс гол төлөв товч, тодорхой үг хэрэглэдэг ч, тэр нь энгийн хэрнээ утга төгөлдөр байдаг байв. Чухам тийм л учраас, ном хэвлэдэггүй байсан тэр үед Есүсийн хэлсэн санаа сонссон хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд мартагдахын аргагүйгээр буудаг байжээ. Жишээ болгож заримыг дурдвал: «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. [...] Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй», «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү», «Та нар тэднийг үр жимсээр нь танина», «Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй», «Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө», «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурхны юмыг Бурханд өг», «Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» * (Матай 6:24; 7:1, 20; 9:12; 26:52; Марк 12:17; Үйлс 20:35, ШЕ). 2 000-аад жилийн өмнө Есүсийн хэлсэн эдгээр үг өнөөдөр ч гэсэн санаанд төвөггүй буухаар хүчтэй байна.
Асуултын тусламжтайгаар
7. Есүс яагаад асуулт тавьдаг байсан бэ?
7 Есүс асуулт гарамгай ашигладаг байжээ. Тэрээр сонсогчдодоо тухайн асуудлын гол санааг шууд хэлээд л цаг хэмнэж болохоор байсан ч асуулт тавих нь олонтаа байлаа. Тэгвэл асуулт тавьдаг байсны учир юу юм бол оо? Заримдаа тэрээр эсэргүүцэгчдийнхээ жинхэнэ нүүр царайг илчлэх час хийсэн асуулт тавьж, амыг нь тагладаг байв (Матай 12:24–30; 21:23–27; 22:41–46). Гэхдээ их төлөв өөрийг нь сонсож буй хүмүүст аливаа үнэнийг ойлгуулж, зүрх сэтгэлийг нь нээхийн тулд болон шавь нарынхаа сэтгэх чадварыг идэвхжүүлж, хөгжүүлэхийн тулд асуулт асуудаг байсан. Одоо, элч Петртэй холбоотой хоёр жишээ үзэцгээе.
8, 9. Есүс сүмийн татвар төлөх тухай асуудлыг Петрт зөв ойлгуулахын тулд асуулт хэрхэн ашигласан бэ?
8 Эхлээд, татвар хураагч нар Есүсийг сүмийн татвар төлдөг эсэхийг Петрээс асуусан явдлыг эргэн саная *. Хааяа болчимгүй загначихдаг Петр тэр л зангаараа: «Төлдөг» гэж хариулдаг. Гэтэл хэсэг хугацааны дараа Есүс түүнээс: «Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гадны хүмүүсээс үү?» гэж асуухад Петр: «Гадны хүмүүсээс» гэв. Есүс: «Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь» гэж хэлсэн (Матай 17:24–27). Есүс ямар санаатай тийн асуусныг Петр ойлгосон байх ёстой. Яагаад тэр билээ?
9 Есүсийн үед хааны гэрийнхэн татвараас чөлөөлөгддөгийг бүгд мэддэг байжээ. Ийм учраас сүмд хүмүүсийн шүтдэг тэнгэрийн Хааны цорын ганц Хүү Есүс татвар төлөх ёсгүй байлаа. Есүс Петрт шууд л зөв хариулт өгөхийн оронд өөрөөр нь зөв дүгнэлт хийлгэх гэж юм бодуулахуйц асуулт эвтэйхэн тавьсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь ярихаасаа өмнө сайтар бодох хэрэгтэйг ойлгуулсан ч байж болох юм.
10, 11. МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярын шөнө Петр нэг хүний чихийг цавчихад Есүс яасан бэ? Эндээс Есүс асуултын ач холбогдлыг ойлгож байсан нь хэрхэн харагдана вэ?
10 Хоёр дахь жишээ нь бөөн хүн Есүсийг баривчлахаар ирдэг МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярын шөнө болсон явдалтай холбоотой. Өөрийг нь хамгаалж тулалдах эсэхийг шавь нар нь Есүсээс асуужээ (Лук 22:49). Тэгтэл Петр хариу ч хүлээлгүй нэг хүний чихийг тас цавччихдаг (бүр илүү хөнөөл учруулах бодолтой байсан ч байж магадгүй). Есүс өөрийгөө дайсандаа тушаахад бэлэн байтал, харин Петр эзнийхээ хүссэнээс тэс өөр юм хийсэн. Тэгэхэд нь Есүс яасан бэ? Нөгөө л тэвчээртэй зангаараа Петрээс: «Эцгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ?» гэсэн гурван асуулт асуусан (Иохан 18:11; Матай 26:52–54).
11 Жаахан бодъё. Уурлаж хилэгнэсэн олонд бүчүүлсэн Есүс үхлээ ойртсоныг болон Эцгийнхээ нэрийг ариусгаж, хүн төрөлхтнийг аврах үүрэг хүлээснээ мэдэж байлаа. Гэсэн хэдий ч, яг тэр мөчид хүртэл амин чухал үнэнийг Петрийн санаанд хоногшуулах нь зүйтэй гэж үзэн асуулт ашигласан. Есүс асуултын ач холбогдлыг ойлгож байсан нь илт байгаа биз дээ?
Хурц тод хэтрүүлэг
12, 13. а) Хэтрүүлэг гэж юу вэ? б) Ах дүүгийнхээ ялимгүй жижиг алдааг шүүмжлэх нь тэнэг хэрэг гэдгийг онцлохын тулд Есүс хэтрүүлгийг хэрхэн ашигласан бэ?
12 Есүс заахдаа өөр нэг үр дүнтэй арга болох хэтрүүлэг ашигладаг байв. Энэ нь ямар нэг санааг онцлон тэмдэглэхийн тулд бодит байдлаас зориуд хэтрүүлж дүрслэх арга юм. Есүс хэтрүүлгийн тусламжтайгаар, мартахын аргагүй дүр зургийг ой санаанд буулгаж өгдөг байжээ. Хэдэн жишээ үзье.
13 Есүс Ууланд айлдсан номлолдоо бусдыг «бүү шүү» гэдгийг онцлон тэмдэглэж: «Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ?» хэмээн асуусан (Матай 7:1–3). Та ийм дүр зургийг төсөөлж чадна биз дээ? Шүүмжлэх дуртай хүн ах дүүгийнхээ «нүднээс» өчүүхэн «үртсийг» нь авах гэдэг. Тийм хүн ах дүүгээ тод сайн харахгүй болохоор зөв шүүж чадахгүй байна гэж зүтгэдэг. Гэтэл өөрөө зөв шүүх гэхээр аварга том «дүнз» саад болдог. Үнэхээр, өөрсдөө томоос том дутагдалтай хэрнээ ах дүүгийнхээ ялимгүй жижиг алдааг шүүмжлэх нь хэчнээн тэнэг хэрэг байдгийг онцолсон, мартахын аргагүй жишээ байна шүү!
14. Есүсийн ашигласан «шумуул шүүж, тэмээ залгих» тухай хэтрүүлэг яагаад гойд үр нөлөөтэй байсан бэ?
14 Бас нэгэн удаа Есүс фарисайчуудыг «шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид» хэмээн шүүмжилсэн (Матай 23:24). Энэ хэтрүүлгийг ашигласан нь гойд үр нөлөөтэй байв. Яагаад гэвэл, Есүсийн үгийг сонсож байсан хүмүүсийн сайн мэдэх том амьтдын нэг тэмээ, өчүүхэн жижиг шумуул хоёр хоорондоо эрс тэс ялгаатай байлаа. Тооцоогоор дунд зэргийн нэг тэмээний жин 70 сая шумуулын жинтэй тэнцдэг аж! Түүнээс гадна, Есүс фарисайчуудыг дарсаа даавуугаар шүүдгийг мэддэг байв. Хэдийгээр дүрэм чанд баримтлагч тэд шумуулыг санамсаргүй залгин, бузартахаас цээрлэдэг байсан ч адилхан бузарт тооцогддог тэмээг «залгичихдаг» хэрэг байлаа (Левит 11:4, 21–24). Есүсийн хэлэх гэсэн санаа ойлгомжтой байв. Юу гэвэл, фарисайчууд Хуулийн шаардлагын хамгийн өчүүхэн хэсгүүдийг биелүүлдэг хэрнээ «шударга ёс, өршөөл, итгэлтэй байдал» зэрэг илүү чухал асуудлыг анхаардаггүй байжээ (Матай 23:23). Есүс тэдний үнэн нүүр царайг ямар тод илчлээ вэ!
15. Есүс хэтрүүлэг ашиглан юу ойлгуулсан бэ?
15 Есүс заах ажилдаа хэтрүүлгийг нэг биш удаа ашигладаг байсан. Зарим жишээ авч үзье. Бага ч гэсэн итгэлтэй бол ихийг хийж болдгийг онцлон тэмдэглэхийн тулд Есүс уулыг нүүлгэх чадалтай «гичийн [өчүүхэн жижиг] үр төдийхөн итгэлийн» тухай хэлсэн нь тун оновчтой болжээ (Матай 17:20). Эд баялгийн хойноос хөөцөлддөг баян хүн Бурханд үйлчлэх гэж чармайх нь хичнээн хүнд болохыг аварга том тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх тухай хэтрүүлэг оновчтой харуулдаг! (Матай 19:24). Есүсийн хурц тод хэл яриа болон цөөн үгээр гайхалтай үр дүнд хүрдэг чадвар нь таны гайхлыг төрүүлэхгүй гэж үү?
Няцаах аргагүй логик
16. Есүс хурц ухаанаа дандаа юунд ашигладаг байсан бэ?
16 Төгс ухаантай Есүс хүмүүстэй ярилцахдаа няцаах аргагүй логикийг чадварлаг ашигладаг байсан. Гэхдээ уг чадвараа хэзээ ч буруугаар ашиглаж байгаагүй билээ. Тэрбээр хурц ухаанаа дандаа үнэнийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ашигладаг байсан. Заримдаа эсэргүүцэгчдийнхээ тулгасан зохиомол ялыг няцаахын тулд хэрэглэдэг байв. Гэхдээ, шавь нартаа чухал сургамж өгөхийн тулд энэ аргыг хэрэглэх тохиолдол цөөнгүй байсан. Есүс логикийг хэрхэн чадварлаг ашиглаж байсан зарим жишээ үзье.
17, 18. Фарисайчуудын тулгасан зохиомол ялыг няцаахын тулд Есүс логик хэрхэн ашигладаг байсан бэ?
17 Есүсийн, чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй хүнийг эдгээсэн тохиолдлыг авч үзье. Энэ тухай фарисайчууд сонсоод: «Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л [Сатанаар] чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг» гэж хэлсэн. Сатаны чөтгөрүүдийг хөөхөд ер бусын хүч хэрэгтэйг фарисайчууд хүлээн зөвшөөрдөг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийг Есүст итгүүлэхгүйн тулд Есүсийн хүчийг Сатаных болгон харуулахыг оролдсон. Есүс, тэдний дүгнэлтийн гоомой болохыг илчилж: «Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?» хэмээн хариулсан (Матай 12:22–26). Мөн чанартаа Есүс: «Хэрэв би та нарын хэлснээр Сатаны элч байгаад түүний хэргийг нураавал энэ нь Сатан өөртөө хор хүргэсэн хэрэг болох бөгөөд удахгүй мөхнө гэсэн үг» гэж хэлсэн хэрэг байлаа. Няцаах аргагүй логик биш гэж үү?
18 Есүс энэ сэдвээр цааш нь үргэлжлүүлэн ярьсан. Тэрээр мөнөөх фарисайчуудын зарим нь чөтгөрүүдийг бас хөөдгийг мэддэг байсан учраас энгийн мөртөө тэднийг унагахаар асуулт асуун: «Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд [буюу шавь нар] хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ?» хэмээн хэлсэн (Матай 12:27). Энэ нь: «Хэрэв би чөтгөрүүдийг үнэхээр Сатаны хүчээр хөөдөг юм бол танай шавь нар ч мөн тэр хүчийг ашигладаг байж таарна» гэж хэлсэнтэй агаар нэг байлаа. Хариуд нь фарисайчууд юу хэлж чадах байсан бэ? Юутай ч гэсэн, шавь нар нь Сатаны хүч ашигладаг гэж хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тийнхүү Есүс няцаах аргагүй логикийн тусламжтайгаар тэдний тулгасан ялын үндэсгүй болохыг илчилсэн.
19, 20. а) Есүс логикийг өөр юунд ашигладаг байсан бэ? б) Яаж залбирахыг зааж өгөхийг гуйсан шавь нартаа хариулахдаа Есүс «тэгэх тусмаа» гэдэг хэллэгийг хэрхэн ашигласан бэ?
19 Есүс логикийг дан ганц эсэргүүцэгчдийнхээ амыг таглахын тулд бус, бас хүмүүст Еховагийн тухай урам хайрладаг, сэтгэл дулаацуулам үнэнийг заахын тулд ашигладаг байв. Есүс сонсогчдодоо мэддэг зүйлд нь тулгуурлаад шинэ зүйл мэдүүлэхийн тулд яриандаа «тэгэх тусмаа» гэдэг хэллэгийг олон удаа ашигладаг байсан. Ердөө хоёрхон жишээ авч үзье.
20 Яаж залбирахыг зааж өгөөч гэж шавь нараа гуйхад Есүс «цөхрөлтгүйгээс нь болж» найзынхаа гуйлтыг зөвшөөрсөн хүний тухай үлгэр ярьж өгсөн. Эцэг эх, үр хүүхдэдээ «сайн бэлэг өгөхөд» бэлэн байдгийг Есүс бас дүрслэн хэлсэн. Дараа нь: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» хэмээн хэлж, үгээ төгсгөсөн (Лук 11:1–13). Энд Есүс санаагаа харьцуулах аргаар бус, харин сөргүүлэн тавих аргаар илэрхийлсэн. Хэрэв, эхлээд нөхртөө хэрэгтэй юмыг нь өгөхийг хүсэхгүй байсан найз нь эцэстээ гуйсныг нь өгдөг бол, хэрэв төгс бус эцэг эх үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагын талаар санаа тавьдаг бол, тэгэх тусмаа бидэнд хайртай тэнгэрийн Эцэг өөрөөс нь даруухнаар залбиран гуйсан үнэнч үйлчлэгчдэдээ ариун сүнс өгнө!
21, 22. а) Есүс эд хөрөнгөний зүйлд хэт санаа зовохгүй байхыг зөвлөхдөө ямар арга ашигласан бэ? б) Есүсийн заахдаа ашигладаг зарим аргыг авч үзсэний дараа бид ямар дүгнэлтэд хүрдэг вэ?
21 Есүс эд хөрөнгөний зүйлд хэт санаа зовохгүй байхыг зөвлөхдөө дээрхтэй ижил арга ашигласан. Тэрбээр: «Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажилладаггүй, утас ч ээрдэггүй. [...] Хэрэв өнөөдөр нь амьд байгаад, маргааш нь зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан тийнхүү гоёдог бол, тэгэх тусмаа итгэл багатай хүмүүс ээ, Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ» гэж хэлсэн (Лук 12:24, 27, 28). Тийм ээ, Ехова шувуу болон цэцэгсийн төлөө санаа тавьдаг юм бол, тэгэх тусмаа өөрийнхөө үйлчлэгчдийн төлөө илүү санаа тавих шүү дээ! Хайранд хөтлөгдсөн, үнэмшилтэй тийм логик Есүсийн үгийг хүмүүсийн зүрхэнд хүргэсэн нь эргэлзээгүй.
22 Есүсийн заахдаа ашигладаг зарим аргыг авч үзсэний дараа бид түүнийг баривчлахаар ирсэн харуулууд: «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» гэж хэлсэн нь хэтрүүлэг биш байжээ гэсэн дүгнэлтэд төвөггүй хүрдэг. Гэхдээ Есүсийн заахдаа ашигладаг байсан хамгийн алдартай аргуудын нэг бол жишээ буюу «сургаалт зүйрлэл» юм. Энэ аргыг ашигладгийн учир нь юу вэ? Түүний «сургаалт зүйрлэлийг» юу тийм үр нөлөөтэй болгодог вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
^ Тэр харуулууд Иудейн дээд шүүхэд алба хашиж, ахлах тахилч нарт захирагддаг байсан бололтой.
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 8-р сарын 1-ний дугаарт гарсан «Би та нарт... жишээ үзүүлсэн юм» «Намайг дага» зэрэг өгүүллийг үзнэ үү.
^ Үйлс 20:35-д байгаатай адил санаа Евангелид байдаг ч энэ үгийг ганцхан элч Паул иш татжээ. Паул тэр мэдээллийг өөрөө сонссон юм уу (Есүсийг сонсож байсан шавиас нь, эсвэл дахин амилсан Есүсээс өөрөөс нь), эсвэл Бурхны илчилснээр авсан байж магадгүй (Үйлс 22:6–15; 1 Коринт 15:6, 8).
^ Иудейчүүдээс сүмийн татварт жил бүр хоёр драхм (ойролцоогоор хоёр өдрийн цалин) өгөхийг шаарддаг байжээ. Татварын мөнгийг сүм засах, сүмд үйлчлэх, Израилийн ард түмний өмнөөс өдөр тутам тахил өргөхөд зарцуулдаг байв.
Та санаж байна уу?
• Есүс энгийн бөгөөд тодорхой заадаг байсныг ямар жишээ харуулдаг вэ?
• Есүс заахдаа ямар учраас асуулт ашигладаг байсан бэ?
• Хэтрүүлэг гэж юу вэ? Есүс заахдаа энэ аргыг хэрхэн ашигладаг байсан бэ?
• Есүс Еховагийн тухай сэтгэл дулаацуулам үнэнд шавь нараа сургахын тулд логик аргыг хэрхэн ашигласан бэ?
[Догол мөрийн асуулт]