Skip to content

Гарчиг руу орох

Юу сурснаа ажил хэрэг болгогтун

Юу сурснаа ажил хэрэг болгогтун

Юу сурснаа ажил хэрэг болгогтун

«Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (ФИЛИППОЙ 4:9).

1, 2. Өөрийгөө шашин шүтдэг гэж үздэг хүний амьдралд Библи ер нь нөлөөлдөг үү? Тайлбарлана уу.

 «ШАШНЫ нөлөө улам бүр газар авч, харин ёс суртахууны хэм хэмжээ алдагдаж байна» гэсэн гарчигтай өгүүллийг долоо хоног тутмын нэгэн сэтгүүлд нийтэлжээ («Emerging Trends»). Тэр өгүүлэлд АНУ-д явуулсан санал асуулгын дүнг бичжээ. Энэ оронд сүмд явдаг, шашин амьдралд нь чухал байр эзэлдэг гэх хүний тоо олширчээ. Гэсэн ч өгүүлэлд: «Хэдий сэтгэл хөдөлгөм тоо байгаа ч шашин хувь хүн болоод нийгэмд бүхэлд нь нөлөөтэй эсэхэд олон америк хүн илт эргэлздэг» гэж тэмдэглэжээ.

2 Байдал зөвхөн нэг улсад ийм байгаа юм биш ээ. Дэлхий дахинд олон хүн Библийг хүндэлдэг, шашин шүтдэг гэдэг ч тэдний амьдралд энэ ном огтхон ч нөлөөлдөггүй (2 Тимот 3:5). Нэгэн судалгааны хэсгийн ахлагч: «Бид Библийг одоо ч их хүндэлдэг. Гэхдээ Библийг уншиж, судалж, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлэх цаг гаргана гэдэг өнгөрсөн үед хамаатай» гэж хэлжээ.

3. а) Жинхэнэ христиан болсон хүмүүст Библи хэрхэн нөлөөлдөг вэ? б) Филиппой 4:9-д хэлсэн Паулын зөвлөгөөг Есүсийн дагалдагчид яаж хэрэгжүүлдэг вэ?

3 Гэхдээ жинхэнэ христиануудын хувьд байдал тэс өөр. Тэд Бурхны Үгийн зөвлөгөөг хэрэгжүүлээд бодол санаа, үйл хэргээ өөрчилдөг. «Шинэ хүн» болон өөрчлөгдөж байгааг нь бусад хүн шууд анзаардаг (Колоссай 3:5–10). Есүсийн дагалдагчдын хувьд Библи бол хуудсыг нь сөхөж салхи оруулалгүй, тоосонд даруулдаг ном биш ээ. Элч Паул Филиппой дахь христиануудад: «Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан зүйлээ ажил хэрэг болго. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» хэмээн хэлжээ (Филиппой 4:9). Христианууд Бурхны Үгийн үнэнийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй сурч мэдсэнийхээ дагуу үйл хэргээ явуулж, Библийн зөвлөгөөг гэр бүлийн амьдрал, ажил алба, хурал гэх зэрэг амьдралынхаа бүх хүрээнд хэрэгжүүлдэг.

4. Бурхны хуулийг ажил хэрэг болгох яагаад хэцүү вэ?

4 Бурхны хууль, зарчмыг ажил хэрэг болгоно гэдэг амаргүй. Бидний амьдардаг ертөнцийг Сатан Диавол захирдаг бөгөөд түүнийг Библид «энэ үеийн бурхан» гэж нэрлэдэг (2 Коринт 4:4; 1 Иохан 5:19). Тиймээс Ехова Бурханд үнэнч байдлаа хадгалахад саад болох алив бүхнээс сэрэмжлэх нь туйлаас чухал юм. Яаж үнэнч байдлаа хадгалах вэ?

«Эрүүл үгсийн жишээг... дага»

5. Есүсийн «үргэлж намайг дага» гэсэн нь ямар утгатай вэ?

5 Сурч мэдсэнээ ажил хэрэг болгох нэг асуудал бол эсэргүүцэлд шантралгүй жинхэнэ шүтлэгийг чин үнэнчээр баримтлах явдал юм. Үүний тулд тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй. Харин тэсвэр хатуужилтай байя гэвэл чармайх шаардлагатай. Есүс: «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, [«үргэлж», ШЕ] Намайг дага» гэж хэлсэн (Матай 16:24). Есүс өөрийнх нь араас ганцхан долоо хоног, сар, жил дагах тухай хэлээгүй, харин «үргэлж намайг дага» хэмээжээ. Есүсийн шавь байх гэдэг амьдралын маань нэгээхэн үе юм уу, өнөөдөр байгаад маргааш алга болчихдог зуурдын юм биш болохыг түүний үг харуулдаг. Жинхэнэ шүтлэгийг чин үнэнчээр баримтлах гэдэг нь юу ч тохиолдсон сонгосон замаасаа хазайхгүй тэсвэр хатуужилтай явахыг хэлнэ. Яаж ингэх вэ?

6. Нэгдүгээр зууны христиануудын Паулаас сурсан «эрүүл үгсийн жишээ» гэж юу вэ?

6 Паул хамтран зүтгэгч Тимотдоо: «Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга [«дага», ШЕ]» хэмээн захисан (2 Тимот 1:13). Паул ийн хэлсэн нь ямар утгатай вэ? Энд буй «жишээ» гэж орчуулсан грек үгийг үгчилбэл зураачийн ноорог гэсэн утгатай ажээ. Ер нь ноорогт бүх зүйлийг нарийвчлан тодруулдаггүй ч зурах зүйлийнхээ тоймыг сайн гаргачихсан байдаг болохоор анхааралтай харвал зургийг ерөнхийд нь ойлгож болно. Үүний адилаар, Паулын Тимот болон бусад хүнд заасан үнэний «жишээ» нь гарч болзошгүй бүх асуултад нарийн хариулт өгөхөд зориулаагүй ажээ. Гэхдээ тэр цогц сургаал нь тойм зураг шиг ерөнхий удирдлага өгдөг ч чин сэтгэлтэй хүмүүс Ехова өөрсдөөс нь юу шаарддагийг ойлгоход хангалттай байв. Бурханд таалагдахын тулд тэд сурч мэдсэнээ ажил хэрэг болгон үнэний тэр «жишээг» үргэлж дагах хэрэгтэй байсан нь ойлгомжтой.

7. Христианууд яаж «эрүүл үгсийн жишээг» дагаж чадах вэ?

7 Нэгдүгээр зуунд Хуменай Александр Филет гэх мэтийн хүмүүс «эрүүл үгсийн жишээнд» нийцэхгүй үзэл санааг дэмждэг байжээ (1 Тимот 1:18–20; 2 Тимот 2:16, 17). Тэгвэл тэр үеийн бусад христиан яаж тэрслүү үзэлд төөрөлдөлгүй үлдэв ээ? Бурхны онгодоор бичүүлсэн үгийг нягтлан судалж, амьдралдаа хэрэгжүүлсний үрээр. Паул болон бусад үнэнч христиануудын жишээг дуурайж байсан хүмүүс сурч авсан үнэний «жишээнээс» нь өөр юу ч байсан ялгаж мэдээд, зайлсхийх чадвартай байв (Филиппой 3:17; Еврей 5:14). Тэд «маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийх өвчин» тусалгүй, «бурханлаг байдлын» зөв замаар урагшилсаар байлаа (1 Тимот 6:3–6). Бид ч гэсэн үнэнийг сураад, ажил хэрэг болговол бас урагшилна. Еховад үйлчилдэг сая сая хүн Библи судлаад, үнэний «жишээг» ягштал дагаж байгааг харахад итгэл үнэхээр бэхэждэг билээ (1 Тесалоник 1:2–5).

«Үлгэр домгуудаас» татгалз

8. а) Сатан бидний итгэлийг эвдэн бусниулахын тулд яадаг вэ? б) 2 Тимот 4:3, 4-т Паул юуны тухай сануулсан бэ?

8 Сатан бидний сурсан зүйлд эргэлзээ төрүүлэх замаар Еховад үнэнч байхыг маань болиулахыг оролддог. Нэгдүгээр зууны үеийнх шиг өнөөдөр ч гэсэн тэрслэгчид болон бусад хүн итгэмтгий хүмүүсийг мэхлэхийг зорьдог (Галат 2:4; 5:7, 8). Тэд заримдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Еховагийн ард түмний үйл хэрэг, санаа зорилгын тухай андуу ташаа, тэр байтугай илэрхий худал мэдээлэл тараадаг. Паул, зарим хүн үнэнээс эргэнэ гэдгийг сануулан: «Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болох цаг ирнэ. Харин хүсэл нь тэдний чихийг гижигдэх аж. Тэд өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно» хэмээн бичжээ (2 Тимот 4:3, 4).

9. Паул «үлгэр домгууд» гэдгээр юун тухай хэлсэн байж болох вэ?

9 Зарим хүн «эрүүл үгсийн жишээг» дагахын оронд «үлгэр домгуудыг» сонирхох болжээ. «Үлгэр домгууд» гэдэг нь юу байв аа? Паул «Тобит» гэдэг апокриф номд байдаг шиг итгэхийн аргагүй домгийн тухай хэлсэн байж болох юм *. Түүнчлэн дуулиантай, үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхлыг ч хэлсэн байж мэднэ. Гэтэл бас зарим хүн Бурхны хэм хэмжээг юунд ч тохируулж болдог гэж үздэг юм уу, хуралд удирдах үүрэгтэй хүмүүсийг шүүмжилдэг хүмүүст «өөрсдийн хүслийн дагуу» хууртсан байж болох юм (3 Иохан 9, 10; Иуда 4). Ямар ч шалтгаан байлаа гэсэн зарим хүн Бурхны Үгийн үнэнд бус, худал хуурмагт итгэхийг илүүд үзсэн нь илэрхий байна. Тиймээс тэд удалгүй сурч мэдсэнээ ажил хэрэг болгохоо больж, сүнслэг байдлаа өөрсдөө хохироожээ (2 Петр 3:15, 16).

10. Орчин үеийн «үлгэр домгууд» гэж юу вэ? Сэрэмжтэй байхыг Иохан хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?

10 Хэрэв бид сонсож, унших зүйлээ зөв сонгож, нарийн нягталбал өнөөдөр «үлгэр домгуудад хандахаас» зайлсхийж чадна. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг их сурталчилдаг. Олон хүн агностицизм юм уу, атеизмийг баримталдаг. Библийг шүүмжлэгчид энэ ном Бурхны онгодоор бичигдсэн гэдгийг доог тохуу болгодог. Итгэлийг нь эвдэн бусниулахын тулд орчин үеийн тэрслэгчид христиануудад эргэлзээ төрүүлэхийг хичээдэг. Нэгдүгээр зууны хуурамч зөнчид одоогийнхтой адил аюул учруулж байсныг элч Иохан сэрэмжлүүлэн: «Хайртууд минь, онгод оруулсан үг болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурхнаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд онгод оруулсан үгсийг шалга. Учир нь олон хуурамч зөнч ертөнцөд гарсан байна» хэмээн бичжээ (1 Иохан 4:1, ШЕ). Иймээс бид болгоомжтой байх хэрэгтэй.

11. «Итгэл дотроо байгаа» эсэхээ шалгах нэг арга юу вэ?

11 Элч Паул ч бас энэ тухай: «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга» гэж бичжээ (2 Коринт 13:5). Паул бидэнд христиан бүх сургаалыг дагадаг эсэхээ мэдэхийн тулд өөрсдийгөө шалгаж байхыг уриалжээ. Хэрэв бид, дандаа сэтгэл дундуур явдаг хүний үгийг сонсох хандлагатай бол залбирч байгаад өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй (Дуулал 139:23, 24). Та: «Надад Еховагийн ард түмнээс өө сэв хайх хандлага бий юу? Хэрэв тийм бол яагаад тэгдэг вэ? Бусдын үг хэл, үйл ажилд гомдоо юу? Тийм бол, асуудлыг зөв дүгнэж чадаж байна уу?» гэх зэргээр бодож үзээрэй. Энэ ертөнцөд амсах алив зовлон цаг зуурынх билээ (2 Коринт 4:17). Тэр байтугай хурал дотроо бэрхшээлтэй тулгарлаа гэхэд Бурханд үйлчлэхээ болих ёстой гэж үү? Ямар нэг бүтэлгүй юм тохиолдвол асуудлыг шийдэхийн тулд чадахыгаа хийчихээд, чадахгүйгээ Еховагийн мэдэлд үлдээх нь дээр биш гэж үү? (Дуулал 4:4; Сургаалт үгс 3:5, 6; Ефес 4:26).

12. Беройчууд бидэнд ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

12 Бүхнийг шүүмжлэхийн оронд, бие даасан судлал болон цуглаанаар авсан мэдээллийг сүнслэг эрүүл хандлагаар хүлээн авч байя (1 Коринт 2:14, 15). Бурхны Үгэнд эргэлзэж байснаас нэгдүгээр зууны Берой хотынхон шиг «Судрыг... нягтлан үзэх» нь их ухаалаг хэрэг болно. (Үйлс 17:10, 11). Тиймээс сурч мэдсэнийхээ дагуу үйл хэргээ явуулж, «үлгэр домгуудаас» татгалзан, Библийн үнэнийг дагацгаая.

13. Яавал «үлгэр домгуудыг» санаандгүй тараах вэ?

13 «Үлгэр домгуудын» өөр нэг хэлбэрээс бид сэрэмжлэх хэрэгтэй. Энэ нь гол төлөв Интернэтээр хүмүүст хүрдэг дуулиантай мэдээлэл юм. Тийм мэдээлэлд, ялангуяа эх сурвалжийг нь мэдэхгүй бол болгоомжтой хандах нь ухаалаг хэрэг болно. Тиймэрхүү мэдээллийг нэр хүндтэй христиан хүн явуулсан байлаа ч тэрээр баттай эх сурвалжаас аваагүй байж болох шүү дээ. Ийм учраас нотлогдоогүй зүйлийг бусдад дуулгаж, илгээхдээ болгоомжтой байх нь чухал. «Булай, ямар ч үндэсгүй зохиосон үлгэрүүдийг» бусдад дамжуулахыг хүсэхгүй маань ойлгомжтой (1 Тимот 4:7, ШГ). Бид бие биедээ үнэнийг ярих үүрэгтэй болохоор худал хуурмагийг санаандгүй тараахад түлхэх бүхнээс зайлсхийх нь зүйтэй (Ефес 4:25).

Библийн үнэнийг ажил хэрэг болгохын ач холбогдол

14. Бурхны Үгнээс сурч мэдсэнээ ажил хэрэг болгох нь ямар ач тустай вэ?

14 Бие даан Библи судалж, мөн цуглаанд очиж сурч мэдсэнээ ажил хэрэг болгох нь олон талын ач тустай. Жишээ нь: Итгэл нэгтнүүдтэйгээ тогтоосон харьцаа сайжирдаг (Галат 6:10). Библийн зарчмуудыг хэрэгжүүлснээр бид илүү цог золбоотой болдог (Дуулал 19:8). Түүнээс гадна «Бурхны сургаалыг... чимэн» (ШЕ), бусдыг жинхэнэ шүтлэгт илүү татна (Тит 2:6–10).

15. а) Нэг охин сургууль дээрээ хэрхэн зоригтой дэлгэрүүлсэн бэ? б) Энэ явдлаас та юунд суралцсан бэ?

15 Еховагийн Гэрчүүдийн дунд олон залуу хүн Библи болон Библид үндэслэсэн хэвлэл бие даан судалж, цуглаанд тогтмол очиж, сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог. Тэд биеэ зөв авч яван багш нар болон сургуулийнхаа хүүхдүүдэд үлгэр жишээгээрээ дэлгэрүүлдэг (1 Петр 2:12). АНУ-д амьдардаг 13 настай Лесли охины жишээг авч үзье. Түүний хэлснээр итгэл үнэмшлийнхээ тухай сургуулийнхандаа ярих хэцүү байдаг байжээ. Гэвч нэг өдөр энэ бүхэн өөрчлөгджээ. Лесли: «Нэг удаа манай ангийнхан хүмүүс бараа зарах гэж яаж улайрдаг тухай ярилцсан юм. Тэгтэл нэг охин гараа өргөөд Еховагийн Гэрчүүдийг жишээ болгон ярьсан» гэж ярьжээ. Лесли Гэрч хүний хувьд үүнд хэрхэн хандсан бэ? Тэрээр цааш нь: «Би итгэл үнэмшлээ хамгаалсан. Ер нь би сургууль дээрээ үг дуу цөөтэй байдаг болохоор намайг тэгж ярихад бүгдээрээ гайхсан нь лав» гэжээ. Леслигийн эр зориг ямар үр дүнд хүрсэн бэ? «Тэр охин өөр олон асуулт тавьсан болохоор би түүнд нэг товхимол нэг танилцуулга өгсөн» гэж Лесли хэлсэн. Сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог залуучуудыг сургууль дээрээ дэлгэрүүлэх эр зориг гаргахад Ехова хичнээн их баярладаг гээч! (Сургаалт үгс 27:11; Еврей 6:10).

16. Нэгэн Гэрч охин Теократ үйлчлэлийн сургуулиас ямар ач тус хүртсэн бэ?

16 Бас Елизабет гэдэг охины жишээ байна. Елизабет долоон наснаасаа эхлээд дунд сургуульд сурах бүхий л хугацаандаа Теократ үйлчлэлийн сургуульд даалгавар авч биелүүлэх болгондоо багш нараа Хаанчлалын танхимд урьдаг байжээ. Багш нь ирж чадаагүй бол Елизабет хичээлийн дараа үлдээд багшдаа даалгавраа үзүүлдэг байжээ. Дунд сургууль төгсдөг жилээ Елизабет Теократ үйлчлэлийн сургуулийн ач тусын талаар арван хуудас илтгэл бичиж, дөрвөн багшийн өмнө илтгэл тавьжээ. Теократ үйлчлэлийн сургууль дээр яаж үг хэлдгийг үзүүлэхийг түүнээс хүсэхэд тэрээр «Ямар учраас Бурхан зовлон зүдгүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэсэн сэдвийг сонгож, жишээ болгон үг хэлжээ. Еховагийн Гэрчүүдийн зохион явуулдаг Теократ үйлчлэлийн сургуулийн сургалтын хөтөлбөр Елизабетэд ач тустай байсан нь эндээс харагдаж байна. Бурхны Үгнээс сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, Еховаг алдаршуулдаг христиан залуучууд олон бий. Елизабет бол тэдний нэг юм.

17, 18. а) Үнэнч шударга байхыг Библи хэрхэн уриалдаг вэ? б) Еховагийн Гэрчийн шударга явдал нэг эрэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?

17 Библи христиануудыг «бүх юманд үнэнч шударга байхыг» уриалдаг (Еврей 13:18, ШЕ). Шударга бус байвал бидний бусадтай тогтоосон харьцаа, хамгийн гол нь Еховатай тогтоосон харьцаа тасарч болзошгүй (Сургаалт үгс 12:22). Биеэ зөв зохистой авч явах нь сурч мэдсэнээ ажил хэрэг болгодгийн баталгаа болдог бөгөөд олон хүн Еховагийн Гэрчүүдийг үүнийх нь төлөө илүү их хүндэлдэг.

18 Филип гэдэг цэргийн албан хаагчид юу тохиолдсоныг авч үзье. Тэрээр мөнгөний хэмжээг заалгүй гарын үсэг зурсан чекээ алга болгосноо шуудангаар ирэхэд нь л мэджээ. Мөнгөний чекийг олсон хүн нь Еховагийн Гэрч байсан бөгөөд шашныхаа итгэл үнэмшлийн улмаас үүнийг хийснээ тайлбарлан бичсэн зурвас хавсаргажээ. Филип мэл гайхжээ. «Тэр хүн надаас 9 000 долларыг минь шууд салгачихаж болох л байсан» гэж тэрээр хэлжээ. Нэг удаа Филип сүмд малгайгаа алджээ. Малгайг нь танил нь авсан бололтой юм. Үүнээс болоод тэр их гонсойжээ. Гэтэл огт танихгүй хүн олон мянган доллартай тэнцэх мөнгөний чекийг нь буцаан өгчээ! Үнэнч шударга христианууд Ехова Бурхныг үнэхээр алдаршуулдаг!

Сурч мэдсэнээ цаашид ч ажил хэрэг болгогтун

19, 20. Библиэс сурч мэдсэнийхээ дагуу үйл хэрэг хийвэл ямар ач тус хүртэх вэ?

19 Бурхны Үгнээс сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог хүмүүс их ач тус хүртдэг. Иаков: «Мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх [«жаргалтай», ШЕ] болно» хэмээн бичжээ (Иаков 1:25). Тийм ээ, хэрэв бид Библиэс сурч мэдсэнийхээ дагуу үйл хэрэг хийдэг бол жинхэнэ жаргалыг олж, амьдралын хатуу хүтүүг илүү амжилттай давдаг болно. Хамгийн чухал нь Ехова биднийг ивээж, мөнх амиар шагнана! (Сургаалт үгс 10:22; 1 Тимот 6:6).

20 Тиймээс Бурхны Үгийг цаашид ч сайтар судлагтун. Еховаг шүтдэг хүмүүстэй тогтмол хамт цуглаж, цуглаан дээр анхааралтай сонсож байгаарай. Тэгээд сурч мэдсэнээ үргэлж ажил хэрэг болгогтун. Тэгвэл «амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (Филиппой 4:9).

[Зүүлт]

^ МЭӨ ІІІ зуунд бичсэн байж болох «Тобит» номд Тобиа гэдэг еврей хүний тухай мухар сүсэг нэвт шингэсэн түүх байдаг. Түүнийг аварга загасны зүрх, цөс, элэг ашиглан өвчтэй хүнийг эдгээн, чөтгөр хөөдөг хүн гэдэг байжээ.

Та санаж байна уу?

• «Эрүүл үгсийн жишээ» гэж юу вэ? Үүнийг яаж дагах вэ?

• Ямар «үлгэр домгуудаас» татгалзах хэрэгтэй вэ?

• Бурхны Үгнээс сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог хүмүүс ямар ямар ач тус хүртдэг вэ?

[Догол мөрийн асуулт]