Төгсгөл ойртсон энэ үед дуулгавартай байдлаа хөгжүүлэгтүн
Төгсгөл ойртсон энэ үед дуулгавартай байдлаа хөгжүүлэгтүн
«Бүх хүн [Шилог] дуулгавартай дагах болно» (ЭХЛЭЛ 49:10).
1. а) Дээр үед, Еховад дуулгавартай байх гэдэг нь гол төлөв ямар утгатай байсан бэ? б) Иаков дуулгавартай байхтай холбоотой юу гэж зөгнөсөн бэ?
ЕХОВАД дуулгавартай байх гэж гол төлөв төлөөлөгчдөд нь дуулгавартай байхыг хэлдэг байжээ. Тэр төлөөлөгчид нь тэнгэр элч, патриарх, шүүгч, тахилч, зөнч, хаад байв. Тэр битгий хэл Израилийн хаадын сэнтийг Еховагийн сэнтий гэж нэрлэдэг байжээ (Шастирын дээд 29:23). Гэвч Израилийн олон удирдагч Бурханд дуулгаваргүй болсноороо өөртөө болон харьяат албатууддаа гай чирж байсан нь харамсалтай. Гэлээ ч Еховад үнэнч хүмүүс найдвараа алдаагүй. Ехова тэднийг хосгүй шударга Хаантай болгож, зөв хүмүүс тэр Хаанд баяртайгаар захирагдана гэж амлан, тайвшруулсан (Исаиа 9:6, 7). Патриарх Иаков өөд болохынхоо өмнөхөн тэрхүү ирээдүйн захирагчийн тухай: «Шилог иртэл хааны [очирт] таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно» хэмээн зөгнөжээ (Эхлэл 49:10).
2. «Шило» гэдэг нь юу гэсэн үг вэ? Шилогийн хаанчлал аль хир өргөн хүрээтэй байх ёстой вэ?
2 «Шило» гэдэг еврей үг «Тэр ийм юмтай» буюу «энэ бол Түүнийх» гэсэн утгатай ажээ. Тийм ээ, Шило «очирт таягаар» бэлэгдсэн захирах эрх болон «захирагчийн шийдмээр» төлөөлүүлсэн захирах хүчийг өвлөх юм. Түүнээс гадна Шилогийн хаанчлал зөвхөн Иаковын үр удмаар хязгаарлагдахгүй, «бүх хүнийг» хамарна. Энэ нь Абрахамд өгсөн Еховагийн амлалттай тохирдог. Тэрбээр: «Чиний үр дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрээр дамжин ивээгдэх болно» гэж хэлсэн (Эхлэл 22:17, 18, ШЕ). Ехова МЭ 29 онд Назарын Есүсийг ариун сүнсээр тослон, «Үр» мөн болохыг нь баталсан (Лук 3:21–23, 34; Галат 3:16).
Есүсийн анхны хаанчлал
3. Есүс тэнгэрт гарангуутаа ямар засаглал хүлээж авсан бэ?
3 Есүс тэнгэрт гарангуутаа ертөнцийг захирах очирт таягийг шууд гардан аваагүй (Дуулал 110:1). Гэхдээ өөрт нь дуулгавартай харьяат албат бүхий «хаанчлалыг» хүлээн авсан. Элч Паул энэ засаглалыг тайлбарлан: «[Бурхан] биднийг [ариун сүнсээр тослогдсон христиануудыг] харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм» хэмээн бичжээ (Колоссай 1:13). Эл аврал МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн үнэнч дагалдагчид дээр ариун сүнс асгарснаар эхэлсэн (Үйлс 2:1–4; 1 Петр 2:9).
4. Есүсийн эртний шавь нар дуулгавартай байдлаа хэрхэн харуулсан бэ? Есүс тэднийг бүхэлд нь юу гэж нэрлэсэн бэ?
4 «Христийн төлөөх элчин сайд нар» буюу сүнсээр тослогдсон шавь нар энэхүү сүнслэг хаанчлалд тэдний «адил нутгийн иргэд» болох бусад хүмүүсийг дуулгавартайгаар цуглуулж эхэлсэн (2 Коринт 5:20; Ефес 2:19; Үйлс 1:8). Түүнээс гадна тэд Хаан Есүс Христийнхээ сайшаалыг хүртэхийн тулд «адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэх» хэрэгтэй байлаа (1 Коринт 1:10). Тэд бүхэлдээ «итгэмжит ухаалаг боол» буюу «итгэмжит ухаалаг нярвын» ангийг бүрдүүлсэн (Матай 24:45; Лук 12:42).
Бурхны «няравт» дуулгавартай байсны төлөө ивээл хүртсэн нь
5. Ехова ард түмнээ бүр дээр үеэс яаж сургадаг байсан бэ?
5 Ехова ард түмэндээ цаг ямагт багш өгдөг байсан. Жишээ нь, иудейчүүдийг Вавилоноос буцаж ирсний дараа Езра болон боловсролтой бусад эрчүүд Бурхны Хуулийг зүгээр нэг уншаад зогсдоггүй, «уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарладаг» байжээ (Нехемиа 8:8).
6, 7. «Итгэмжит ухаалаг боол» Удирдах Зөвлөлөөрөө дамжуулан цагт нь сүнслэг хоол унд хэрхэн өгдөг вэ? «Боолын» ангид захирагдах нь яагаад зөв бэ?
6 Нэгдүгээр зуунд буюу МЭ 49 онд хөвч хөндөх асуудлаар маргаан гарахад тэр үеийн «боолын» ангийн удирдах зөвлөл уг асуудлыг, Бурханд хандан залбирч хэлэлцээд, Сударт үндэслэсэн шийдвэр гаргажээ. Шийдвэрийнхээ тухай захидлаар мэдэгдэхэд хурлууд удирдамжийг дуулгавартай хүлээн авсан бөгөөд Бурхнаас их ивээл хүртжээ (Үйлс 15:6–15, 22–29; 16:4, 5). Түүн лүгээ адил эдүгээ үед «итгэмжит ухаалаг боол» Удирдах Зөвлөлөөрөө дамжуулан төвийг сахих христиан байр суурь, цусны ариун байдал болон мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах зэрэг олон чухал асуудлаар тайлбар өгсөн (Исаиа 2:4; Үйлс 21:25; 2 Коринт 7:1). Ехова ард түмнээ Үг болон «итгэмжит ухаалаг боолд» нь дуулгавартай байсных нь төлөө ивээсэн.
7 Бурхны ард түмэн «боолын» ангид захирагдсанаараа Эзэн Есүс Христэд захирагддагаа бас харуулдаг. Тийн захирагдах нь эдүгээ цагт бүр ч илүү чухал ач холбогдолтой болоод байна. Учир нь Иаковын үхлээ хүлээн хэвтэхдээ зөгнөн хэлсэнчлэн Есүсийн эрх мэдэл асар их өргөжсөн билээ.
Шило дэлхийн хууль ёсны захирагч болсон нь
8. Христийн эрх мэдэл хэзээ, яаж өргөжсөн бэ?
8 Иаковын зөгнөлд «бүх хүн [Шилог] дуулгавартай дагах болно» гэж байдаг. Христийн засаглал сүнслэг Израилийн хүрээнээс халих нь эргэлзээгүй. Энэ нь аль хир өргөн байх вэ? Илчлэлт 11:15-д: «Ертөнцийн хаанчлал нь бидний Эзний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна» гэж байдаг. Есүс энэ эрх мэдлийг «долоон цаг үе» буюу «харь үндэстний цаг» төгсөхөд, өөрөөр хэлбэл 1914 онд хүлээн авсан * (Даниел 4:16, 17; Лук 21:24). Тэр жил Есүс, Мессиа Хаан болж, үл үзэгдэх байдлаар «залран байх» нь эхэлсэн бөгөөд «өөрийн дайснуудын дунд захирах» цаг нь ч бас болсон (Матай 24:3, ШЕ; Дуулал 110:2).
9. Есүс Хаанчлалаа авангуутаа юу хийсэн бэ? Энэ нь хүн төрөлхтөнд, ялангуяа шавь нарт нь ямар дам нөлөө үзүүлсэн бэ?
9 Есүс, хааны эрх мэдлээ хүлээж авсныхаа дараа хамгийн түрүүнд дуулгаваргүй байдлын биелсэн дүр болсон Сатан болон түүний чөтгөрүүдийг «дэлхий уруу хаясан». Тэр цагаас хойш эдгээр муу сүнс хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүй гай зовлон учруулж байгаагийн зэрэгцээ Еховад захирагдахад маш хэцүү орчин нөхцөлийг бий болгож байна (Илчлэлт 12:7–12; 2 Тимот 3:1–5). Гэхдээ, Сатаны сүнслэг дайны гол бай нь «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгчид буюу «өөр хонинууд» болдог (Илчлэлт 12:17; Иохан 10:16, МБОХ, 1996).
10. Жинхэнэ христиануудын эсрэг дайнд Сатан ялагдаж байгааг Библийн ямар зөгнөлийн биелэл батлан харуулж байна вэ?
10 Гэвч Сатан балран унах тавилантай. Учир нь эдүгээ бол «Эзний өдөр» бөгөөд Есүсийн төгс ялалтад юу ч саад болж чадахгүй (Илчлэлт 1:10; 6:2). Тухайлбал, Есүс сүнслэг Израилийн 144 000 хүнийг тамгалж дуусгах ажлыг хариуцна. Мөн «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн, хэн ч тоолж чадамгүй үй олон хүнийг» хамгаална (Илчлэлт 7:1–4, 9, 14–16). Гэхдээ тэр хүмүүс Есүсийн дэлхий дэх дуулгавартай харьяат албат нь болно. Үүгээрээ хамтран зүтгэгч тослогдогсдоосоо ялгаатай юм (Даниел 7:13, 14). Тэд өнөөдөр дэлхийн тайзан дээр бий болчихоод байгаа нь Шилогийн, «ертөнцийн хаанчлалыг» захирч байгаагийн бодит баталгаа мөн (Илчлэлт 11:15).
Одоо бол «сайн мэдээг дагах» цаг
11, 12. а) Өнөөгийн эд юмсын тогтолцооны төгсгөлийг хэн эсэн мэнд давах вэ? б) «Ертөнцийн сүнсэнд» автсан хүмүүс ямар чанарыг хөгжүүлдэг вэ?
11 Библид «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүс» Бурхны өшөө авах өдрийг тэсэн гарч чадахгүй гэж тов тодорхой бичсэн байдаг болохоор мөнх амьдрахыг хүсэж байгаа хүн бүр дуулгавартай байж сурах ёстой (2 Тесалоник 1:8). Гэвч өнөөдөр ёс бус байдал хийгээд Библийн хууль, зарчимд үл захирагдах хандлага газар сайгүй байдгаас «сайн мэдээг дагахад» их бэрхшээл учирдаг.
12 Бурхны эсрэг самуун дэгдээх энэ хандлагыг Библид «ертөнцийн сүнс» гэж нэрлэдэг (1 Коринт 2:12). Элч Паул Ефес хотод амьдарч байсан христиануудад бичсэн захидалдаа энэ «сүнс» хүмүүст яаж нөлөөлдгийг тайлбарлан: «Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэнг хүртэх хүүхдүүд байсан» хэмээн бичжээ (Ефес 2:2, 3).
13. Христианууд «ертөнцийн сүнсийг» хэрхэн үр дүнтэй эсэргүүцэж болох вэ? Ингэвэл ямар сайн үр дүнд хүрэх вэ?
13 Азаар, Ефесийн христианууд дуулгаваргүй байдлын энэхүү «сүнсний» боол хэвээрээ байгаад байгаагүй. Харин ч ариун сүнсэнд захирагдан, шимтэй арвин их үр жимсийг нь хурааснаар Бурхны дуулгавартай хүүхдүүд болцгоосон (Галат 5:22, 23). Үүнтэй нэгэн адил өнөөдөр, орчлонт ертөнцийн хамгийн хүчирхэг хүч болох Бурхны сүнс Еховад дуулгавартай болоход нь олон сая хүнд тусалж байгаа бөгөөд тэд үүний ачаар «[эцсээ хүртэл] найдварын бүрэн баталгаатай» болдог (Еврей 6:11; Зехариа 4:6).
14. Есүс «эцсийн өдрүүдэд» амьдарч буй христиануудад дуулгавартай байдалд нь сорилт болох тодорхой бэрхшээлүүдийн талаар хэрхэн сэрэмжлүүлсэн бэ?
14 Шило Эцгийнхээ хамтаар бидний дуулгавартай байдлыг хирээс маань хэтэрсэн хүчээр сорихыг чөтгөр ч юм уу, эсвэл хүн гэх мэтийн ямар ч дайсанд зөвшөөрөхгүй бөгөөд тийм хүчтэй дэмжлэг байдгийг бид мартах ёсгүй (1 Коринт 10:13). Түүнээс гадна, Есүс сүнслэг дайн явуулахад маань туслахын тулд элч Иоханд үзэгдлээр өгсөн долоон захидалдаа энэхүү «эцсийн өдрүүдэд» тулгарах зарим тодорхой бэрхшээлийн талаар дүрслэн хэлсэн (Илчлэлт 1:10, 11). Тэдгээр захидалд тэр үеийн христиануудад хэрэгтэй амин чухал зөвлөгөөнүүд байсан хэдий ч гол нь 1914 оноос эхэлсэн «Эзний өдөрт» хамаатай юм. Тийм учраас эдгээр захидалд анхаарлаа хандуулъя *.
Хайхрамжгүй байдал, садар самуун явдал, эд хөрөнгөнд дурлах зэргээс зайлсхий
15. Бид Ефес хотын хуралд тохиолдсон асуудлаас болгоомжлох ёстойн учир юу вэ? Яаж болгоомжлох вэ? (2 Петр 1:5–8).
15 Есүс анхны захидлаа Ефес хотын хуралд зориулсан. Тэдний тэвчээрийг магтаад, дараа нь: «Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ» хэмээн бичжээ (Илчлэлт 2:1–4). Өнөөдөр, нэгэн цагт идэвх зүтгэлтэй байсан зарим христиан Бурхныг урьдынх шигээ гал халуунаар хайрлахаа бас больжээ. Тийн болих нь Бурхантай тогтоосон харьцааг сулруулж болох тул хойшлуулшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. «Анхны хайраа» яаж сэргээх вэ? Үүнд туслах зүйл гэвэл Библи тогтмол судлах, цуглаанд явах, залбирах, эргэцүүлэн бодох явдал юм (1 Иохан 5:3). Үүнд «бүхий л хичээл зүтгэл» хэрэгтэй. Гэхдээ энэ нь үр дүнгээ өгнө (2 Петр 1:5–8). Хэрэв шударгаар өөрийгөө шалгаад үзэхэд хайр тань хөрсөн нь мэдэгдвэл «Чи хаанаас унаснаа санаж, гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд» гэж хэлсэн Есүсийн уриалгыг даган, байдлыг аль болох хурдан засах хэрэгтэй (Илчлэлт 2:5).
16. Пергам болон Туатейрын хуралд сүнслэг аюул учруулах ямар нөлөө байсан бэ? Есүсийн тэдэнд хандаж хэлсэн үг өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой хэвээрээ байгаагийн учир юу вэ?
16 Пергам болон Туатейр дахь христианууд үнэнч байдал, тэвчээр, идэвх зүтгэл зэргээрээ магтаал хүртсэн (Илчлэлт 2:12, 13, 18, 19). Гэвч, садар самуун явдал болон Баалыг шүтэх шүтлэгээр эртний Израилийг завхруулсан Балаам Иезебел хоёрынх шиг нүгэлт бодол санаатай хүмүүс тэдэнд нөлөөлжээ (Тооллого 31:16; Хаадын дээд 16:30, 31; Илчлэлт 2:14, 16, 20–23). Харин, бидний үед буюу «Эзний өдөр» тийм хор хөнөөлтэй нөлөө байдаг уу? Тийм ээ, садар самуун явдал бол Бурхны ард түмний хурлаас хасагдах гол шалтгаан юм. Тийм учраас хурлын доторх болон хурлын гаднах ёс суртахууны талаар завхруулах нөлөө бүхий хүмүүстэй харьцаатай байхаас зайлсхийх нь маш чухал! (1 Коринт 5:9–11; 15:33). Шилогийн дуулгавартай албат байх хүсэлтэй хүмүүс бас Бурханд таалагддаггүй зугаа цэнгэл болон ном хэвлэл, Интернетээр сурталчилдаг порно материалаас зайлсхийх хэрэгтэй (Амос 5:15; Матай 5:28, 29).
17. Сардей болон Лаодик дахь хурлынхны үзэл бодол, хандлагыг тэдний сүнслэг байдлыг үзэх Есүсийн үзэл бодолтой харьцуулбал ямар вэ?
17 Сардейн хуралд хэдхэн хүнээс бусад нь магтаал хүртэх гавьяагүй байв. Тэр хурал «нэртэй» буюу гаднаас нь харахад амьд юм шиг байлаа ч, сүнслэг асуудалд хайхрамжгүй хандах байдал нь Есүст «үхдэл» гэж үзэгдэхээр газар авсан байлаа. Тэд сайн мэдээг ёс төдий дагаж байв. Ямар хатуу зэмлэл бэ! (Илчлэлт 3:1–3). Лаодик хотын хурлын байдал ч мөн тиймэрхүү байв. Тэд «би баян» хэмээн цуглуулсан эд хөрөнгөөрөө сайрхан гайхуулж байсан ч Христийн нүдэнд «хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн» харагдаж байлаа (Илчлэлт 3:14–17).
18. Бурхны нүдэнд сүнслэг талаараа «бүлээвтэр» байхаас хэрхэн зайлсхийх вэ?
18 Урьд нь үнэнч байсан зарим христиан өнөөдөр дуулгаваргүй байдлын зам уруу бас оржээ. Тэд энэхүү ертөнцийн нөлөөгөөр яарах сэтгэлгээгээ алдан, Библи судлах, залбирах, цуглаан болон дэлгэрүүлэх ажилд явах зэрэг сүнслэг асуудалдаа «бүлээвтэр» болжээ (2 Петр 3:3, 4, 11, 12). Тийм хүмүүс Христэд дуулгавартай байж, өөртөө сүнслэг хөрөнгө оруулалт хийх буюу «[Христээс] галд цэвэршүүлсэн алт... худалдан авах» нь юунаас ч чухал! (Илчлэлт 3:18). Тийм жинхэнэ эд баялагтай хүн «сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн байдаг». Бид, үнэхээрийн үнэ цэнтэй тийм хөрөнгө оруулалт хийн, «ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» (1 Тимот 6:17–19).
Дуулгавартай байсандаа магтаал хүлээсэн
19. Есүс Смирна болон Филаделфийн христиануудыг юуны учир магтаж, юунд уриалсан бэ?
19 Смирна болон Филаделфи дахь хурлууд дуулгавартай байхын гайхамшигтай жишээ үзүүлж байжээ. Тийм учраас Есүс захидалдаа тэднийг огт зэмлээгүй билээ. Есүс Смирнагийн христиануудад: «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян)... мэднэ» хэмээн бичжээ (Илчлэлт 2:9). Үнэндээ, тэд сүнслэг талаараа ядуу хоосон мөртөө газрын эд баялгаар сайрхан гайхуулсан Лаодикийн хурлынхнаас ямар их ялгаатай байж вэ! Диавол хэн нэгнийг Христэд үнэнч, дуулгавартай байхад дургүй нь ойлгомжтой. Тийм учраас Есүс: «Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» хэмээн сануулж хэлсэн (Илчлэлт 2:10). Бас: «Чи Миний үгийг сахиж [буюу Надад дуулгавартай байж], Миний нэрийг үгүйсгээгүй билээ. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь» хэмээн Филаделфи хотын христиануудыг магтсан (Илчлэлт 3:8, 11).
20. Өнөөдөр олон сая хүн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Есүсийн үгийг хэрхэн сахидаг вэ?
20 Үнэнч үлдэгдэл хийгээд эдүгээ олон саяар тоологддог болсон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» 1914 оноос эхэлсэн «Эзний өдөр» дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож, үнэнч байдлаа хадгалан, Есүсийн үгийг мөн адил сахицгааж байна. Тэдний зарим нь нэгдүгээр зууны ах дүүсийнхээ адил Христэд дуулгавартай байсныхаа төлөө шорон, бөөнөөр хорих лагерьт хоригдох зэргээр зовлон амссан. Нөгөө зарим нь эргэн тойронд нь хөрөнгө мөнгө, сувдаг шунахайн ертөнц хүрээлэн байлаа ч Есүсийн үгийг сахин, «нүдээ цэвэр» байлгадаг (Матай 6:22, 23). Тийм ээ, жинхэнэ христианууд эргэн тойронд нь юу ч болж, ямар ч нөхцөл үүсэж байлаа дуулгавартай байдлаараа Еховагийн зүрхийг баярлуулсаар байдаг юм (Сургаалт үгс 27:11).
21. а) «Боолын» анги ямар сүнслэг үүргийг гүйцэтгэсээр байх вэ? б) Шилод дуулгавартай байхыг үнэхээр хүсдэгээ хэрхэн харуулж болох вэ?
21 «Агуу их гай гамшиг» ойртох тусам «итгэмжит ухаалаг боол» Эзэн Христэд дуулгавартай байх шийдвэр төгс хэвээр байна. Үүнд Бурхны гэрийнхэнд сүнслэг хоол ундыг цагт нь бэлдэж өгөх асуудал ордог. Еховагийн гайхамшигтай теократ байгууллага болон түүний ханган нийлүүлдэг бүхнийг цаашид ч эрхэмлэцгээе. Тийнхүү бид, дуулгавартай бүх албатаа мөнх амиар шагнах Шилод захирагддагаа харуулна (Матай 24:45–47; 25:40; Иохан 5:22–24).
[Зүүлт]
^ «Долоон цаг үеийн» талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 10-р бүлэгт тайлбарласан буй.
^ Энэ долоон захидлыг Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Revelation−Its Grand Climax At Hand!» номын, 33-р хуудсанд дэлгэрэнгүй авч үздэг (англи).
Та санаж байна уу?
• Иаковын, үхлээ хүлээн байхдаа зөгнөснөөр Есүс ямар үүрэг гүйцэтгэх ёстой байсан бэ?
• Есүсийг «Шило» хэмээн хүлээн зөвшөөрдгөө бид хэрхэн харуулдаг вэ? Ямар хандлагаас зайлсхийх хэрэгтэй вэ?
• «Илчлэлт» номын долоон хуралд хандан бичсэн захидалд өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой ямар ямар чухал зөвлөгөө байдаг вэ?
• Эртний хот Смирна болон Филаделфийн христиануудыг бид хэрхэн дуурайж болох вэ?
[Догол мөрийн асуулт]