Skip to content

Гарчиг руу орох

Еховад мөр зэрэгцэн үйлчлэхээ үргэлжлүүлэгтүн

Еховад мөр зэрэгцэн үйлчлэхээ үргэлжлүүлэгтүн

Еховад мөр зэрэгцэн үйлчлэхээ үргэлжлүүлэгтүн

«Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» (Зефаниа 3:9).

1. Зефаниа 3:9-ийн амлалт хэрхэн биелж байна вэ?

 ХҮН ТӨРӨЛХТӨН өнөөдөр 6 000 орчим хэлээр ярьдаг. Түүнээс гадна янз бүрийн нутгийн аялгуу байдаг. Араб хэлнээс авахуулаад япон хэл хүртэл өчнөөн олон янзын хэл байдаг хэдий ч Бурхан нэгэн гайхалтай зүйлийг бий болгожээ. Энэ нь аль ч газрын хүн цорын ганцхан цэвэр хэл сурч, түүгээр ярих боломж юм. Үүгээр, зөнч Зефаниагаар дамжуулан: «Би [Ехова Бурхан] ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» хэмээн амласан амлалт нь биелж байна (Зефаниа 3:9).

2. «Цэвэр хэл» гэж юу вэ? Үүний ачаар юу боломжтой болдог вэ?

2 «Цэвэр хэл» гэдэг нь Өөрийн Үг буюу Библид бичүүлсэн Бурхны үнэн юм. Энэ үнэн нь, гол төлөв, Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөн, хүн төрөлхтөнд ивээл авчрах Бурхны Хаанчлалын тухай юм (Матай 6:9, 10). «Цэвэр хэл» буюу дэлхий дээрх цорын ганц, сүнслэг цэвэр хэлээр бүх арьс, үндэстний хүмүүс ярьдаг бөлгөө. Үүний ачаар тэд Еховад «мөр зэрэгцэн», «нэг санаагаар» үйлчлэх боломжтой болдог («The New English Bible»).

Нүүр тал харах явдал байх ёсгүй

3. Бид юуны ачаар Еховад нэг санаагаар үйлчилдэг вэ?

3 Христианууд бид олон хэлийн ах дүүстэйгээ хамтран ажилладагтаа баяртай байдаг. Бид Хаанчлалын тухай сайн мэдээг олон хэлээр дэлгэрүүлдэг хэдий ч Бурханд нэг санаагаар үйлчилдэг (Дуулал 133:1). Ямар ч улс оронд амьдардаг байлаа гэсэн бид Еховаг магтаж, нэг л цэвэр хэлээр ярьдаг учраас энэ нь боломжтой юм.

4. Бурхны ард түмний дунд нүүр тал харах явдал байх ёсгүйн учир юу вэ?

4 Бурхны ард түмний дотор нүүр тал харах явдал байх ёсгүй. Элч Петр МЭ 36 онд еврей бус гаралтай зуутын дарга Корнелийн гэрт дэлгэрүүлэх үедээ үүнийг онцлон тэмдэглэж: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» хэмээн хэлсэн (Үйлс 10:34, 35). Тийм болохоор христиан хуралд нүүр тал харах, бүлгэрхэх, алагчлах зэрэгт байр байдаггүй.

5. Хурал дотор бүлгэрхэн хуваагдах нь яагаад буруу вэ?

5 Нэгэн оюутан эмэгтэй Хаанчлалын танхимд зочилсныхоо дараа: «Сүмд явдаг хүмүүс гол төлөв арьс өнгө, үндэс угсаагаараа хуваагддаг. [...] Харин Еховагийн Гэрчүүд тэгж хуваагдахгүйгээр бүгд нэг дор суудаг юм билээ» хэмээн бичжээ. Гэвч эртний Коринт хотын христиан хурлынхны дунд бүлгэрхэн хуваагдах явдал байжээ. Үүнээс болоод тэд хоорондоо хэрэлдэн маргаж эв нэгдэл, амар тайвныг бий болгодог Бурхны ариун сүнсний эсрэг боссон байна (Галат 5:22). Хэрэв бид хурал дотроо бүлгэрхэн хуваагдвал сүнсний удирдлагыг эсэргүүцсэн хэрэг болно. Тийм учраас элч Паулын, коринтчуудад хандан: «Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя» хэмээн хэлсэн үгийг санаж явцгаая (1 Коринт 1:10). Тэрчлэн, Паул Ефес хотын христиануудад бичсэн захидалдаа эв нэгдэлтэй байхын чухлыг онцлон тэмдэглэжээ (Ефес 4:1–6, 16).

6, 7. Иаков алагчлахтай холбогдуулан ямар зөвлөгөө өгсөн бэ? Түүний үгийг яаж хэрэгжүүлэх вэ?

6 Христиануудаас ялгаварлах үзэл гаргахгүй байхыг дандаа шаарддаг (Ром 2:11). Нэгдүгээр зууны хурлын зарим христиан, баячуудыг тал тохой татах хандлага гаргаж байсан учраас шавь Иаков: «Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл, та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч, „Та энд тухлан суу“ гээд, харин ядуу хүнд: „Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу“ гэвэл, та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу?» хэмээн бичжээ (Иаков 2:1–4).

7 Цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй, итгэгч биш баян хүн, бохир хувастай ядуу хүн хоёр ирэхэд баян хүнд нь онцгой анхаарал тавьдаг байжээ. Түүнийг хойморт «тухлуулж», харин ядууг зогсоогоор нь байлгах юм уу, үүдэнд суулгадаг байжээ. Гэтэл Бурхан Есүсийн золих тахилыг баян ядуу гэж ялгалгүй бүх хүнд зориулсан билээ (Иов 34:19; 2 Коринт 5:14). Тэгэхлээр, хэрэв бид Еховагийн таалалд нийцэж, түүнд мөр зэрэгцэн үйлчлэхийг хүсэж байгаа бол алагчлах буюу «ашиг харан бусдыг зусарддаггүй» байх ёстой (Иуда 4, 16).

Дургүйцэх сэтгэлгээнээс зайлсхийгтүн

8. Израильчууд дургүйцэл илэрхийлж байсан нь юунд хүргэсэн бэ?

8 Бид эв нэгдлээ хадгалж, Бурхны ивээлийг алдахгүйн тулд Паулын: «Бүхнийг... шүүмжлэлгүйгээр үйлдэгтүн» хэмээсэн зөвлөгөөг анхаарах ёстой (Филиппой 2:14, 15, МАБ). Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн израильчуудын итгэл алдарч, Мосе Аарон хоёрт дургүй нь хүрч байсан бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ Ехова Бурханд дургүйцсэн хэрэг байлаа. Үүнээс болоод үнэнч Иошуа Халеб хоёр болон левичүүдээс бусад 20-иос дээш насны эрчүүд бүгд Амласан газар орж чадалгүй, цөлд 40 жил бэдэн хэрэх явцдаа үхэцгээжээ (Тооллого 14:2, 3, 26–30; 1 Коринт 10:10). Тэд тийм сэтгэлгээнийхээ төлөө ямар их үнэ төлөө вэ!

9. Мириам дургүйцэл илэрхийлснээсээ болж юу хүртсэн бэ?

9 Ард түмэн нийтээрээ дургүйцэл илэрхийлбэл юунд хүргэдгийг бид мэдэж авлаа. Тэгвэл ганц нэг хүн дургүйцвэл яадаг вэ? Нэг удаа Мосегийн эгч Мириам, ах Аарон хоёр: «ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегоор дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу?» хэмээн дургүйцэл илэрхийлжээ. Цааш нь: «ЭЗЭН үүнийг сонсов» гэж байдаг (Тооллого 12:1, 2). Үүний үр дагавар юу байсан бэ? Бурхан энэхүү дургүйцлийн гол эзэн Мириамыг шалд нь буулгасан билээ. Яаж? Мириам уямангаар өвдөж, цэвэр болтлоо, долоо хоногийн турш хуарангийн гадна байжээ (Тооллого 12:9–15).

10, 11. Байнга дургүйцэл илэрхийлбэл юунд хүрч болох вэ? Жишээгээр үзүүлнэ үү.

10 Энэ сэтгэлгээ нь хэн нэгний буруу үйлдлийн талаар зүгээр нэг сэтгэл таагүй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг биш юм. Аливаад байнга дургүйцэж байдаг хүмүүс Бурхныг бус, өөрийгөө анхаарч, бодол санаа юм уу байр сууриа илүү чухалд үздэг. Хэрэв тийм хандлагыг таслан зогсоохгүй бол энэ нь сүнслэг ах дүүсийн хоорондох хагарлын шалтгаан, Еховад мөр зэрэгцэн үйлчлэх хүчин чармайлтад нь саад тотгор болно. Юу гэвэл, тийм хүмүүс бусдын дэмжлэг авна гэж найдан, юм л бол шүүмжилж байдаг.

11 Жишээ нь, хэн нэг нь аль нэг ахлагчийн үг хэлэх буюу үүргээ гүйцэтгэж байгаа байдалд дургүйцэж, шүүмжилж болох юм. Хэрэв бид тийм хүний үгийг сонсон дагах аваас түүн шиг бодолтой болж мэднэ. Тэгээд, дургүйцлийн үр ухаан санаанд маань суухаас өмнө тэр ахлагчийн үйл ажиллагаанд ер дургүйцдэггүй байсан бол дургүйцдэг болж эхэлнэ. Эцэстээ ахлагчийн хийсэн болгон таалагдахаа больж, бас бидний дургүй хүрдэг болж болно. Тийм хандлага Еховагийн ард түмний хуралд байх ёсгүй.

12. Үндэслэлгүй шүүмжлэх нь Бурхантай тогтоосон харьцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

12 Бурхны сүргийг хариулах үүрэг хүлээсэн эрчүүдийг шүүмжлэн ярьдаг хүмүүс яваандаа тэднийг муу хэлдэг болж болох юм. Тийнхүү үндэслэлгүй шүүмжлэх юм уу гүтгэн гүжирдэх нь Еховатай тогтоосон харьцааг маань муутгаж болно (Египетээс гарсан нь 22:28). Бусдыг хараадаг бөгөөд түүндээ гэмшдэггүй хүмүүс Бурхны Хаанчлалыг өвлөхгүй (1 Коринт 5:11; 6:10). Шавь Иуда «эрх мэдлийг [хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүдийг] эсэргүүцэн... доромжилсон» хүмүүсийн талаар бичжээ (Иуда 8). Тийнхүү дургүйцэл илэрхийлэгч хүмүүс Бурхны сайшаалыг хүлээдэггүй ба хэрэв бид тэдний нүгэлт замаас зайлсхийвэл мэргэн ухаалаг хэрэг болно.

13. Дургүйцэл болгоныг буруутгаж болохгүйн учир юу вэ?

13 Гэвч, дургүйцэл бүхэн Бурхны зэвүүг хүргэдэггүй. Ехова, Содом Гоморра хоёрын талаар «дургүйлхэн хашхирахыг» (ШЕ) сонсоод, тэдгээр нүгэлт хотыг устгажээ (Эхлэл 18:20, 21; 19:24, 25). МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан Иерусалимд «грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ». Тийм учраас «мөнөөх арван хоёр нь» «нэр хүнд бүхий долоон эрд» «энэхүү үүрэг» буюу хоол хүнс тараах ажил хариуцуулан, байдлыг засчээ (Үйлс 6:1–6). Эдүгээ цагт ч гэсэн ахлагч нар үндэслэлтэй шүүмжлэлийг сонсох ёстой (Сургаалт үгс 21:13). Ахлагч нар итгэл нэгтнүүдээ эсэргүүцэхийн оронд тэднийг урамшуулан, барьж байгуулах хэрэгтэй (1 Коринт 8:1).

14. Үндэслэлгүй шүүмжлэхээс зайлсхийхэд ямар чанар онцгой хэрэгтэй вэ?

14 Дургүйцэх сэтгэлгээ сүнслэг талаар хор хөнөөлтэй учир бид бүгдээрээ үндэслэлгүй шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй. Тийм сөрөг хандлага бидний эв нэгдлийг бутаргаж болно. Үүний оронд, бидэнд хайр бий болгохыг ариун сүнсэнд үргэлж зөвшөөрч байя (Галат 5:22). Хайрын «хаан хуульд» захирагдах нь цаашид Еховад мөр зэрэгцэн үйлчлэхэд маань тустай (Иаков 2:8; 1 Коринт 13:4–8; 1 Петр 4:8).

Гүтгэн гүжирдэхээс болгоомжлогтун

15. Хов жив, гүжир гүтгэлэг хоёрын ялгааг та юу гэж тайлбарлах вэ?

15 Дургүйцэл илэрхийлэх нь аюултай хов живд хүргэж болдог учраас бид ярьж байгаа зүйлээ анхаарах ёстой. Хов жив гэж хүмүүс болон тэдний ажил хэргийн талаар дэмий хоосон чалчихыг хэлдэг. Тэгвэл гүжир гүтгэлэг гэдэг нь хүний нэр хүндийг гутаах зорилгоор худал цуурхал тараах явдал юм. Ийм үг хор хөнөөлтэй бөгөөд Бурханд таалагддаггүй. Тийм учраас Бурхан израильчуудад: «Ард олныхоо дунд хов зөөгч [«гүтгэгч», ШЕ] мэт бүү яв» гэж хэлсэн (Левит 19:16).

16. Хов жив ярих хандлагатай хүмүүсийн талаар Паул юу хэлсэн бэ? Түүний зөвлөгөө бидэнд ямар нөлөөтэй вэ?

16 Дэмий хоосон чалчих нь гүжир гүтгэлэгт хүргэж болох учраас Паул хов жив хөөцөлдөгчдийг эрс зэмлэсэн. Тэрээр хурлаас тусламж авбал зохих бэлэвсэн эмэгтэйчүүдийн талаар дурдсаны зэрэгцээ «айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болсон, ...зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог, ...ярих ёсгүй юмсыг ярихад» суралцсан бэлэвсэн эмэгтэйчүүдийн талаар бичжээ (1 Тимот 5:11–15). Хэрэв христиан эмэгтэй, гүжир гүтгэлэгт хүргэж болохуйц дэмий үг ярьчихдаг сул талтай бол «хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй» байх талаар өгсөн Паулын зөвлөгөөг анхаарах хэрэгтэй (1 Тимот 3:11). Христиан эрчүүдийн тухайд ч гэсэн хор хөнөөлтэй хов живээс болгоомжлох нь зүйн хэрэг (Сургаалт үгс 10:19).

«Бүү шүү»!

17, 18. а) Ах дүүсээ шүүх талаар Есүс юу хэлсэн бэ? б) Үүнийг бид хэрхэн ашиглаж болох вэ?

17 Бид ер гүтгэн гүжирддэггүй ч бусдыг шүүх гэсэн хандлагатайгаа тэмцэх шаардлага гарч болно. Есүс тийм хандлагыг буруушаан: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ „Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье“ гэж хэлнэ гэж үү? Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно» гэж хэлсэн (Матай 7:1–5).

18 Зөв шүүхэд маань «дүнз» шиг юм саад болоод байхад бид ах дүү нартаа нүднээсээ «үртэс» төдийхөн юм авч хаяхыг санал болгож хэрхэн зүрхлэх билээ? Чухамдаа бид хичнээн энэрэнгүй Бурхантайгаа ухаарвал сүнслэг ах эгч нараа шүүх санаа ер төрөхгүй ээ. Бид тэднийг тэнгэрийн Эцэг шигээ сайн ойлгож чадна гэж үү? Есүс бидэнд: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү!» гэж сануулсан нь гайхах зүйл биш ээ. Бид төгс бус гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрдөг бол Бурхны нүдэнд буруу шүүхээс зайлсхийж чадна.

Хэврэг ч гэсэн хүндэтгэл хүлээдэг

19. Бид итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах ёстой вэ?

19 Хэрэв бид итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн Бурханд үйлчлэхээр сэтгэл шулуудсан бол тэднийг шүүхгүй байхыг хичээх төдийгүй «эхлээд [тэдэнд] хүндэтгэл үзүүлэх» ёстой (Ром 12:10, ШЕ). Бид эхэнд өөрсдийнхөө эрх ашгийг бус тэднийхийг тавьж, тэдний төлөө ямар ч даалгаврыг дуртайяа биелүүлэх болно (Иохан 13:12–17; 1 Коринт 10:24). Яавал тийм сайхан сэтгэлтэй байж болох вэ? Гэрч болгон Еховад үнэ цэнтэй бөгөөд хүний биеийн эрхтнүүд бие биедээ хэрэгтэйн адил бид бие биедээ хэрэгтэй гэдгийг санах ёстой (1 Коринт 12:14–27).

20, 21. 2 Тимот 2:20, 21-д бичсэн үг бидний хувьд ямар утгатай вэ?

20 Үнэнийг хэлэхэд христианууд бол Еховад үйлчлэх үйлчлэл буюу алдартай «эрдэнэс» агуулсан хэврэгхэн шавар савнууд юм (2 Коринт 4:7, ШЕ). Хэрэв бид энэ ариун үйл хэргийг биелүүлэн Еховаг алдаршуулахыг хүсэж байгаа бол түүний болон Хүүгийнх нь өмнө хүндэтгэл хүлээдэг байх ёстой. Бид ёс суртахууны болон сүнслэг талаараа цэвэр байж гэмээнэ Бурхны ашиглах хүндэтгэлийн савнууд байх болно. Энэ талаар Паул: «Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно» хэмээн бичжээ (2 Тимот 2:20, 21).

21 Бурхны шаардлагын дагуу биеэ авч явдаггүй хүмүүс бол «жирийн үед хэрэглэгддэг сав суулганууд» юм. Гэвч, Бурхны хууль тушаалыг мөрдөн сахидаг хүн «хүндэтгэлд зориулан ариусгагдсан [буюу Еховад үйлчлэхээр ертөнцөөс тусгаарлагдсан], ...аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно». Тийм учраас бид өөрсдөөсөө: «Би „хүндэтгэлд зориулсан сав“ мөн үү? Итгэл нэгтнүүддээ сайн нөлөө үзүүлж чаддаг уу? Би итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажилладаг Гэрч мөн үү?» гэж асуух нь зүйтэй.

Мөр зэрэгцэн үйлчлэхээ үргэлжлүүлэгтүн

22. Христиан хурлыг юутай харьцуулж болох вэ?

22 Христиан хурал гэр бүлтэй төстэй. Бүх гишүүн нь Еховад үйлчилдэг гэр бүлд бие биеэ хайрлаж, дэмжсэн тааламжтай сайхан уур амьсгал ноёлж байдаг. Гэр бүлийн гишүүд өөр өөр ааш араншинтай байж болох ч гэр дотроо хүн бүр хүндтэй байр эзэлдэг. Хурлын хувьд байдал гэр бүлийнхтэй адилхан билээ. Бид бүгдээрээ өөр хоорондоо харилцан адилгүй, бас төгс бус ч Бурхан Христээр дамжуулан биднийг өөр уруугаа татсан билээ (Иохан 6:44; 14:6). Ехова Есүс хоёр бидэнд хайртай бөгөөд бид эвсэг гэр бүлийн гишүүд шиг бие биеэ хайрлах ёстой нь ойлгомжтой (1 Иохан 4:7–11).

23. Бид юуг санах ёстой вэ? Юунд шийдвэр төгс байх вэ?

23 Христиан хурал бол гэр бүлтэй зүйрлэм учраас тэнд үнэнч байдал байх ёстой гэж найддаг маань зүйн хэрэг. Элч Паул: «Би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун [«үнэнч», ШЕ] гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг» хэмээн бичсэн (1 Тимот 2:8). Тийнхүү Паул, христиануудын хамтдаа цугладаг «газар бүрд» олны өмнө залбирах эрхийг үнэнч байдалтай холбожээ. Зөвхөн үнэнч эрчүүд хурлыг төлөөлж, нийтийн өмнө залбирах ёстой. Бурхан биднийг өөрт нь болон бие биедээ үнэнч байхыг хүсдэг нь мэдээж хэрэг (Номлогчийн үгс 12:13, 14). Тийм учраас бүгдээрээ хүний биеийн эд эрхтнүүд шиг хамтдаа, бие биетэйгээ зохицон ажиллах шийдвэр төгс байцгаая. Тэрчлэн, Еховаг шүтдэг нэг гэр бүлийн гишүүн болохын хувьд түүнд эв нэгдэлтэй үйлчилцгээе. Бид бие биедээ хэрэгтэй бөгөөд хэрэв Еховад мөр зэрэгцэн үйлчлэхээ үргэлжлүүлбэл Бурхны сайшаал ба ивээлийг хүртэх болно гэдгийг үргэлж санаж явцгаая.

Та яаж хариулах вэ?

• Еховагийн ард түмэн юуны ачаар түүнд мөр зэрэгцэн үйлчлэх боломжтой вэ?

• Христианууд нүүр тал харахаас зайлсхийдгийн учир юу вэ?

• Таныхаар, дургүйцэх сэтгэлгээ нь яагаад буруу вэ?

• Бид итгэл нэгтнүүддээ хүндэтгэл үзүүлэх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]