«Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв»
«Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв»
«Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла» (1 Петр 2:17).
1, 2. а) Еховагийн Гэрчүүдийн талаар нэгэн сонины сурвалжлагч юу гэж бичсэн бэ? б) Еховагийн Гэрчүүд биеэ авч явах талаар өндөр хэм хэмжээ баримтлахыг хичээдгийн учир юу вэ?
ХЭДЭН жилийн өмнө АНУ-ын Техас мужийн Амарилло хотын нэгэн сонины сурвалжлагч хотынхоо янз бүрийн сүмээр орж, ажиглалт судалгаа хийснийхээ дүнг нийтэлжээ. Энэ үеэр нэгэн нийгэмлэг түүний анхаарлыг гойд татсан байна. Тэрээр: «Би Амарилло-Сивик Төвд жил болгон болдог Еховагийн Гэрчүүдийн чуулганд гурван жил дараалан оролцлоо. Тэдний дунд байхдаа тамхи татан, шар айраг ууж, хараал хэлж байгаа хүнтэй ер тааралдсангүй. Хачин цэвэрхэн бөгөөд биеэ үлгэр жишээчээр авч явдаг, даруухан хувцасласан, сайн санаатай тийм олон хүн нэг дор байхыг би ер үзээгүй юм билээ» хэмээн бичжээ. Еховагийн Гэрчүүдийн талаар тиймэрхүү зүйл цөөнгүй бичсэн байдаг. Хүмүүс итгэл үнэмшлийг нь хуваалцдаггүй мөртлөө Гэрчүүдийг магтдаг нь ямар учиртай юм бол оо?
2 Бурхны ард түмэн, гол төлөв, биеэ зөв авч явдгаараа магтаал хүлээдэг. Хэдийгээр хаа сайгүй эх захаа алддаг болоод байгаа ч Еховагийн Гэрчүүд ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин мөрдөхийг үүргээ, шүтлэгийнхээ салшгүй хэсэг гэж үздэг. Үйлс нь Еховаг болон христиан ах дүүсийг нь гэрчилдэг бөгөөд биеэ зөв авч явбал дэлгэрүүлдэг үнэнд нь хүмүүс сайнаар хандах болно гэдгийг тэд мэддэг (Иохан 15:8; Тит 2:7, 8). Тэгвэл, биеэ хэрхэн цаг үргэлж зөв авч яван, Еховагийн болон түүний Гэрчүүдийн нэр хүндийг өндөрт өргөж болох хийгээд энэ нь бидэнд ямар ач тустай болохыг авч үзье.
Христиан гэр бүл
3. Христиан гэр бүлийг юунаас хамгаалах хэрэгтэй вэ?
3 Гэр бүлийн хүрээнд байдал ямар байгааг авч үзье. Герхард Безир, Ервин Шойх нар «Шинэ тамлагчид. Шүтэх эрх чөлөө ба шашин хоорондын атаа жөтөө» номдоо: «[Еховагийн Гэрчүүдийн] үзэж байгаагаар гэр бүлд хамгаалалт юу юунаас чухал хэрэгтэй болжээ» хэмээн бичсэн байна («Die Neuen Inquisitoren: Religionsfreiheit und Glaubensneid»). Үнэхээр тийм билээ. Өнөөдөр гэр бүлийг олон аюулаас хамгаалах хэрэгтэй болоод байна. «Эцэг эхдээ захирагддаггүй» хүүхдүүд болон «үл хайрлагч, ...биеэ хянадаггүй» томчуул олон болжээ (2 Тимот 3:2, 3). Эхнэр нөхрийн хэн нэг нь хүчирхийлэлд өртөх, эсвэл эцэг эх нь үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцах юм уу, тэднийг зөнд нь хаях явдал газар авсан байна. Харин, хүүхдүүдийн хувьд эцэг эхийнхээ үгэнд орохгүй, мансууруулах бодист донтох, садар самуунд орооцолдох, орон гэрээсээ дайжин зугтах зэргээр байдал их мууджээ. Энэ бүхэн бол энэ ертөнцийн «сүнсний» хортой нөлөөний үр дагавар юм (Ефес 2:1, 2). Бид энэ «сүнснээс» гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Яаж хамгаалах вэ? Еховагаас гэр бүлийн гишүүдэд өгсөн зөвлөгөө, удирдлагыг мөрдөн сахиснаар хамгаалж болно.
4. Христиан гэр бүлийн гишүүд бие биеийнхээ өмнө ямар үүрэг хүлээсэн байдаг вэ?
4 Христиан нөхөр эхнэрүүд бие биеийнхээ өмнө сэтгэл санаа, сүнслэг асуудал болон бие махбодийн хувьд хүлээсэн үүрэгтэйгээ ухамсарлан ойлгодог (1 Коринт 7:3–5; Ефес 5:21–23; 1 Петр 3:7). Христиан эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ холбоотой чухал үүрэг хүлээдэг (Сургаалт үгс 22:6; 2 Коринт 12:14; Ефес 6:4). Харин христиан гэр бүлд өсөж байгаа хүүхэд том болохынхоо хирээр бас тодорхой үүрэгтэй гэдгээ ойлгож эхэлдэг (Сургаалт үгс 1:8, 9; Сургаалт үгс 23:22; Ефес 6:1; 1 Тимот 5:3, 4, 8). Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчин зүтгэл, шийдвэртэй байдал, хайрын сэтгэл болон өөрийгөө золиослох сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийн бүх гишүүн Бурхны оноосон үүргийг аль хир үнэнчээр биелүүлснээс бие биедээ болон хуралдаа аль хир ач тус үзүүлэх нь хамаардаг. Хамгийн чухал нь гэр бүлийг Үндэслэгч Ехова Бурхныг алдаршуулдаг (Эхлэл 1:27, 28; Ефес 3:15).
Христиан ахан дүүсийн барилдлага
5. Христиан ах дүүстэйгээ нэгдсэнээр бид ямар ямар ивээл хүртдэг вэ?
5 Христианууд бидэнд бас хурлынхаа итгэл нэгт ах дүүс болон «дэлхийд буй ах дүү нарынхаа» өмнө хүлээсэн үүрэг байдаг (1 Петр 5:9). Хуралтай харьцах харьцаа бол бидний сүнслэг эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Бид итгэл нэгтнүүдтэйгээ уулзахдаа урамшин зоригждог бөгөөд «итгэмжит ухаалаг боолоос» сүнслэг хоол унд хүлээн авдаг (Матай 24:45–47). Бэрхшээл тулгарвал ах дүү нараасаа Библийн зарчмуудад тулгуурласан тустай зөвлөгөө авч болно (Сургаалт үгс 17:17; Номлогчийн үгс 4:9; Иаков 5:13–18). Гачигдал тохиолдсон үед ах дүү нар маань биднийг орхидоггүй. Бурхны байгууллагын гишүүн байна гэдэг юутай их ивээл бэ!
6. Бид бусад христианы өмнө хүлээсэн үүрэгтэй болохыг Паул хэрхэн харуулсан бэ?
6 Гэхдээ бид хурлаас зөвхөн авдаг төдийгүй, бас өгдөг билээ. Үнэндээ, Есүс: «Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» гэж хэлсэн (Үйлс 20:35, ШЕ). Элч Паул өгөх сэтгэлгээтэй байхын чухлыг онцлон тэмдэглэж: «Олон нийтэд найдварынхаа тухай тунхаглахдаа гуйвахгүйн тулд хатуу байцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. Ингэхдээ зарим хүний зуршил шиг хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдрийг ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя» хэмээн бичжээ (Еврей 10:23, ШЕ, 24, 25).
7, 8. Бид хурлынхаа болон бусад орны христиан ах дүүстээ өгөх сэтгэлгээгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
7 Бид цуглаан дээр асуултад хариулах юм уу өөр ямар нэг байдлаар хөтөлбөрт оролцохдоо хурал дотроо «найдварынхаа тухай тунхагладаг». Үүгээрээ бид ах дүүсээ урамшуулдаг нь эргэлзээгүй. Тэрчлэн цуглааны өмнө буюу хойно тэдэнтэй уулзаж ярилцан урам зоригоо хуваалцдаг. Энэ бол сул дорой хүмүүс бэхжиж, гутрагсад тайвширч, өвдөгсөд өндийхөд туслах тохиромжтой цаг юм (1 Тесалоник 5:14, ШЕ). Тийнхүү жинхэнэ христианууд харамгүй өгдөг. Тийм ч учраас манай цуглаанд анх удаа ирж байгаа хүмүүс бидний дунд ноёлон байдаг хайрыг мэдрээд сэтгэл нь хөдөлдөг билээ (Дуулал 37:21; Иохан 15:12; 1 Коринт 14:25).
8 Гэхдээ, бидний хайр зөвхөн өөрсдийн маань хурлаар хязгаарлагддаггүй, бүх дэлхийн ахан дүүсийн барилдлагыг хамардаг. Жишээ нь, Хаанчлалын танхим болгонд байдаг Хаанчлалын танхимын санд зориулсан хандивын хайрцаг үүнийг илтгэн харуулдаг. Бид өөрсдөө тохилог сайхан танхимтай байж болно. Гэхдээ өөр олон мянган ах эгчид цуглаанаа явуулах тохиромжтой танхим хэрэгтэйг мэддэг. Хэдийгээр бид тэднийг таньдаггүй ч Хаанчлалын танхимын санд хандив өргөн, тэдэнд хайраа илэрхийлдэг.
9. Еховагийн Гэрчүүд бие биеэ хайрладгийн гол шалтгаан юу вэ?
9 Еховагийн Гэрчүүд бие биедээ хайртай байдгийн учир юу вэ? Тийм байхыг Есүс тушаасан (Иохан 15:17). Тэдний дунд ноёлж байдаг хайр бол хүн нэг бүр дээр болон тэдэн дээр нийтэд нь ариун сүнс үйлчилж байдгийн баталгаа юм. Хайр бол «сүнсний үр жимсний» нэг хэсэг нь билээ (Галат 5:22, 23). Еховагийн Гэрчүүд «олонх хүний хайр хөрч байгаа» ертөнцөд амьдардаг ч гэсэн Библи судалж, христиан цуглаануудад очин, Бурханд хандан байнга залбирдаг болохоор хайр тэдний хувьд зайлшгүй байх ёстой чанар болдог (Матай 24:12).
Ертөнцтэй харьцах харьцаа
10. Ертөнцийн өмнө бид ямар үүрэгтэй вэ?
10 «Олон нийтэд найдварынхаа тухай тунхаглах» талаар хэлсэн Паулын үг бидэнд өөр нэг үүрэг байдгийг сануулдаг. Олон нийтэд тунхаглах гэдэгт Гэрч биш хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх ажил ордог (Матай 24:14; 28:19, 20; Ром 10:9, 10, 13–15). Дэлгэрүүлнэ гэдэг өгнө гэсэн үг. Дэлгэрүүлэх ажил хийхэд цаг хугацаа, хүч чадал, бэлтгэл сургууль, хөрөнгө мөнгө шаардагддаг. Тийм ч учраас Паул: «Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна» хэмээн бичжээ (Ром 1:14, 15). Бид энэ «өрийг» Паул шиг харамгүйгээр төлөх хэрэгтэй.
11. Бид ертөнцтэй харьцахдаа Библийн ямар хоёр зарчмыг удирдлага болгодог вэ? Гэхдээ юуг хүлээн зөвшөөрдөг вэ?
11 Итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй бусад хүний өмнө хүлээдэг өөр үүрэг бидэнд бий юү? Байлгүй яахав. Мэдээжээр, бид «бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг» хүлээн зөвшөөрдөг (1 Иохан 5:19). Есүс шавь нарынхаа тухай: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж хэлснийг бас мэддэг. Гэлээ ч гэсэн бид энэ ертөнцөд ажиллаж амьдарч, энэ ертөнцөөр үйлчлүүлдэг (Иохан 17:11, 15, 16). Тэгэхлээр бид ертөнц буюу Гэрч биш хүмүүсийн өмнө үүрэг хүлээдэг. Ямар үүрэг вэ? Элч Петр, Иерусалимыг устгахаас өмнөхөн Бага Ази дахь христиануудад бичсэн захиагаараа энэ асуултад хариу өгсөн. Ертөнцтэй дүн нуруутай харьцахад маань уг захианд бичсэн зөвлөгөө тусалдаг.
12. Христианууд ямар утгаар «харь хүмүүс болон түр хугацаагаар байгчид» вэ? Тэд юуг цээрлэх ёстой вэ?
12 Петр захиагаа: «Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн [«амийн», ШЕ] чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя» хэмээн эхэлжээ (1 Петр 2:11). Жинхэнэ христианууд бол сүнслэг утгаар «харь хүмүүс болон түр хугацаагаар байгчид» юм. Учир нь сүнсээр тослогдогсод нь тэнгэрт, «өөр хонинууд» нь ирээдүйн диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай (Иохан 10:16, МБОХ, 1996; Филиппой 3:20, 21; Еврей 11:13; Илчлэлт 7:9, 14–17). Тэгвэл «махан биеийн хүсэл тачаалууд» гэж юу вэ? Үүнд баяжих хүсэл, нийгэмд өндөр байр суурь эзлэх гэсэн эрмэлзэл, садар самуун явдалд дурлах болон «атаархал», «шунахайрал» ордог (Колоссай 3:5; 1 Тимот 6:4, 9; 1 Иохан 2:15, 16).
13. Махан биеийн хүсэл тачаалууд «[бидний] амийн эсрэг» хэрхэн «дайн хийдэг» вэ?
13 Тийм хүсэл тачаалууд үнэн хэрэгтээ «[бидний] амийн эсрэг дайн хийдэг». Тэдгээр нь Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулдаг бөгөөд ингэснээрээ бидний христиан найдварыг (бидний амийг) аюулд учруулдаг. Жишээ нь: Хэрэв бид садар самуун явдалд дурлавал өөрсдийгөө «Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөж» хэрхэн чадах билээ? Эсвэл, эд баялгийг эрхэмлэн үзэх урхинд орчихвол «эхлээд... хаанчлалыг хайж» чадах уу? (Ром 12:1, 2; Матай 6:33; 1 Тимот 6:17–19). Ертөнцийн хорхой хүргэм зүйлсээс татгалзан, Еховад үйлчлэх асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьсан Мосегийн жишээг дуурайх нь илүү дээр (Матай 6:19, 20; Еврей 11:24–26). Энэ бол ертөнцтэй дүн нуруутай харьцахад чухал хүчин зүйл мөн.
«Биеэ зөв авч яв»
14. Христианууд бид биеэ зөв авч явах гэж хичээдгийн учир юу вэ?
14 Цааш нь Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» гэж бичсэн бөгөөд энэ үгэнд өөр нэг амин чухал зарчим байдаг (1 Петр 2:12). Христианууд бид бүх талаар үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг билээ. Хичээлдээ чармайдаг. Дарга маань заримдаа ухаалаг бус шийдвэр гаргаж байгаа юм шиг санагдлаа ч бид ажлаа хичээл зүтгэлтэй, үнэнч шударгаар хийдэг. Шашин шүтлэгийн асуудлаар хуваагдмал гэр бүлд христиан зарчим баримтлахын тулд Гэрч нөхөр буюу эхнэр гойд хүчин чармайлт гаргадаг. Энэ нь тэр болгон амаргүй ч биеэ үлгэр жишээчээр авч явах нь Еховаг баярлуулдаг төдийгүй Гэрч биш хүмүүст сайн нөлөө үзүүлэх нь цөөнгүй байдгийг бид мэддэг (1 Петр 2:18–20; 3:1).
15. Еховагийн Гэрчүүдийн биеэ авч явах өндөр хэм хэмжээг өргөн нийтээр хүлээн зөвшөөрдгийг хаанаас мэдэж болох вэ?
15 Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь биеэ авч явах өндөр хэм хэмжээг амжилттай дагаж мөрддөг нь олон жилийн турш тэдний тухай бичиж байгаа зүйлээс харагддаг. Жишээ татъя. Италийн «Эл Темпо» сонинд: «Еховагийн Гэрчүүдтэй хамт ажилладаг хүмүүс тэднийг үнэнч шударга ажилчид бөгөөд шүтлэгтээ чин үнэнч байдаг нь түүндээ тас хүлэгдсэн юм шиг харагдаж магадгүй ч ёс суртахууны өндөр хэм хэмжээг чанд баримталдгаараа хүндэтгэл хүлээдэг гэж үздэг» хэмээн бичжээ. Аргентины Буэнос-Айрес хотын «Хералд» нэртэй сонинд: «Еховагийн Гэрчүүд хөдөлмөрч, эрүүл саруулаар сэтгэдэг, арвич хямгач бөгөөд сүсэгтэй иргэд болохоо амьдрал дээр олон жилийн турш батлан харууллаа» хэмээн бичсэн байна. Оросын, шашин судлаач Сергей Иваненко: «Еховагийн Гэрчүүд бол хуулийг гаргууд сахидгаараа, тэр дундаа татварыг тун шударга төлдгөөрөө дэлхий даяар алдартай хүмүүс юм» гэж бичжээ. Зимбабвед Еховагийн Гэрчүүдийн чуулганаа явуулсан нэгэн цогцолборын менежер: «Еховагийн Гэрчүүдийн зарим нь хог цаас түүж, жорлон цэвэрлэж байгааг би харж байна. Та нарын арга хэмжээний дараа манай цогцолбор өмнөхөөсөө ч цэвэрхэн болжээ. Танай хүүхэд залуус их хүмүүжилтэй юм. Бүх дэлхий Еховагийн Гэрчүүдээр дүүрээсэй л гэж хүсэх байна» гэж хэлжээ.
Христиан ёсоор захирагдах
16. Бид эрх мэдэлтнүүдтэй яаж харьцдаг вэ? Яагаад?
16 Тэрчлэн Петр эрх мэдэлтнүүдтэй яаж харьцах талаар хэлсэн. Тэрээр: «Эзний төлөө өөрсдийгөө аливаа хүний ёсонд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу, эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүгээр илгээгдсэн захирагчдад ч захируул. Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг [«олиггүй яриаг», ШЕ] дуугүй болгох нь Бурхны хүсэл юм» хэмээн бичжээ (1 Петр 2:13–15). Төр засгийн зүгээс үзүүлдэг ач тусыг бид талархан үнэлдэг бөгөөд Петрийн тушааснаар, төрийн хуулийг чанд сахиж, татвараа зохих журмаар нь төлдөг. Хууль зөрчигчдийг шийтгэх эрхийг Бурхан төр засагт олгосныг мэддэг ч, бид юуны өмнө «Эзний төлөө» л эрх мэдэлтнүүдэд захирагддаг. Энэ бол Бурхны хүсэл таалал билээ. Түүнээс гадна, бид хууль зөрчин шийтгүүлж, Еховагийн нэрийг гутаахыг хүсдэггүй (Ром 13:1, 4–7; Тит 3:1; 1 Петр 3:17).
17. «Мунхаг хүмүүс» биднийг эсэргүүцэхэд юунд эргэлзэхгүй байж болох вэ?
17 Харамсалтай нь, эрх мэдэл бүхий зарим «мунхаг хүн» гүтгэлгийн кампани дэгдээх зэргээр биднийг мөрдөн хавчих юм уу, эсэргүүцдэг. Гэхдээ, Еховагийн тогтоосон цагт тэдний хуудал хуурмаг нь байнга илчлэгддэг бөгөөд «олиггүй яриа» нь өөрийн эрхгүй дуугүй болдог билээ. Христиан ёсоор биеэ авч явдгаас олсон нэр алдар маань бидний хэн болохыг илчилдэг. Төр засгийн шударга түшмэд сайн үйлсийн маань төлөө биднийг олонтаа магтдагийн чухам учир энэ билээ (Ром 13:3; Тит 2:7, 8).
Бурхны боолууд
18. Христианууд бид ямар ямар асуудал дээр эрх чөлөөгөө буруу ашиглахаас зайлсхийж болох вэ?
18 Петр: «Чөлөөт хүмүүс мэт бай. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурхны зарц [«боол», ШЕ] мэт үүнийг ашигла» хэмээн сануулсан (1 Петр 2:16; Галат 5:13). Өнөөдөр Библийн үнэний мэдлэг биднийг шашны хуурамч сургаалуудаас чөлөөлдөг (Иохан 8:32). Түүнээс гадна бид сонгох эрх чөлөөтэй учраас дуртайгаа сонгож болно. Гэхдээ тэр эрх чөлөөгөө буруугаар ашигладаггүй. Жинхэнэ христианууд хэнтэй нөхөрлөж, ямар хувцас өмсөх, үс гэзгээ яаж янзалж, яаж наадаж зугаацах тэр байтугай юу идэж, уух зэргээ хүртэл сонгохдоо өөртөө бус Бурханд таалагддаг, Бурхны боолууд гэдгийг бид санадаг. Бидний сонголт Еховад үйлчлэхэд зориулагдсан байхаас бус, махан биеийн хүсэл тачаалын буюу энэ ертөнцийн гаж хэв загварын болон хандлагын боол болох ёсгүй (Галат 5:24; 2 Тимот 2:22; Тит 2:11, 12).
19-21. а) Бид эрх мэдэлтнүүдтэй хэрхэн харьцдаг вэ? б) Зарим хүн «ахан дүүсийн барилдлагааг хайрладгаа» яаж харуулдаг вэ? в) Бидний хамгаас чухал үүрэг юу вэ?
19 Петр цааш нь: «Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл» гэж хэлсэн (1 Петр 2:17). Ехова Бурхан хүмүүст янз бүрийн эрх мэдэл эзэмшихийг зөвшөөрсөн болохоор бид тэднийг зохих ёсоор хүндэтгэдэг. Тэр байтугай, Бурханд үнэнч байдлаа хадгалан, дэлгэрүүлэх ажлаа тайван амгалан явуулах боломжийг бидэнд дандаа олгоосой гэж тэдний төлөө залбирдаг (1 Тимот 2:1–4). Тэгэхдээ бид «ахан дүүсийн барилдлагааг хайрладаг». Бид христиан ах дүүстээ хор хүргэх бус, харин тэднийхээ сайн сайхны төлөө үйл хийхийг ямагт хичээдэг.
20 Жишээ нь, Африкийн нэг оронд үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэхэд Еховагийн Гэрчүүдийн биеэ христиан ёсоор авч явах байдал нь ялгарсан билээ. Швейцарийн нэг сонинд: «[Мөргөлдөөнд] Еховагийн Гэрчүүдээс бусад бүх сүм оролцсоныг 1995 онд „Африкчуудын эрх“ байгууллага... нотолжээ» хэмээн мэдээлсэн байна («Reformierte Presse»). Тэрхүү эмгэнэлт үйл явдлын тухай мэдээ дэлхий даяар түгэн тархахад Европын орнуудын Еховагийн Гэрчүүд тус оронд амьдардаг итгэл нэгт ах дүүс болон бусад хүмүүст хоол хүнс, эмийн зүйл даруй илгээсэн байна (Галат 6:10). Тэд Сургаалт үгс 3:27-д байдаг «Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» гэсэн үгийг дагасан ажээ.
21 Гэхдээ бид эрх мэдэлтнүүдийг хүндэтгэхээс, тэр байтугай ах дүүсээ хайрлахаас ч илүү чухал өөр нэг үүрэгтэй билээ. Тэр юун үүрэг вэ? Петр: «Бурхнаас эмээ» гэж хэлсэн. Бид ямар ч хүний өмнө хүлээдгээс хамаагүй илүү үүргийг Еховагийн өмнө хүлээдэг. Яагаад тийм байдаг вэ? Бурхны болон эрх мэдэлтнүүдийн өмнө хүлээх үүрэгтээ хэрхэн тэнцвэртэй хандах вэ? Эдгээр асуултад дараагийн өгүүлэл хариу өгнө.
Та санаж байна уу?
• Христианууд гэр бүлийн хүрээнд ямар үүрэгтэй вэ?
• Бид өгөх сэтгэлгээгээ хурлынхаа хүрээнд хэрхэн илэрхийлж болох вэ?
• Бид ертөнцийн өмнө ямар үүрэгтэй вэ?
• Биеэ өндөр хэм хэмжээнд авч явдаг маань ямар сайн үр дүнд хүргэдэг вэ?
[Догол мөрийн асуулт]