Skip to content

Гарчиг руу орох

Христианууд бие биедээ хэрэгтэй

Христианууд бие биедээ хэрэгтэй

Христианууд бие биедээ хэрэгтэй

«Бид бие биеийнхээ эрхтнүүд юм» (ЕФЕС 4:25).

1. Нэгэн нэвтэрхий тольд хүний биеийн тухай юу гэж бичсэн байдаг вэ?

 ХҮНИЙ бие гайхамшигтай бүтээл мөн! Нэгэн нэвтэрхий тольд: «Хүмүүс заримдаа хүний биеийг бүхий л түүхийн туршид бүтээгдсэн машинуудаас хамгийн гайхамшигтай нь гэж ярьдаг. Хүний бие машин биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэдгээрийн хооронд адил төстэй зүйл олон байдаг. Жишээ нь, хүний бие машин хоёрын аль аль нь олон хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг болгон тодорхой үүрэг гүйцэтгэдэг ч бүгд өөр хоорондоо харилцан холбоотой ажилладаг. Тийнхүү, бие махбод машин хоёрын аль аль нь жигд ажилладаг» хэмээн бичжээ («The World Book Encyclopedia»).

2. Хүний бие юугаараа христиан хуралтай адил бэ?

2 Тийм ээ, хүний бие олон хэсэг буюу эд эрхтнээс тогтдог бөгөөд тэр болгон нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг. Биед хэрэггүй судас, булчин, эд эрхтэн гэж байдаггүй. Түүнтэй адил христиан хурлын гишүүн болгон хурлынхаа сүнслэг эрүүл мэнд болон гоо сайханд ямар нэг байдлаар хувь нэмэр оруулдаг (1 Коринт 12:14–26). Хэдий тийм ч, хурлын гишүүдээс хэн нь ч өөрийгөө бусдаас дээгүүр юм уу, эсвэл би хэрэггүй гэж бодох ёсгүй (Ром 12:3).

3. Христианууд бие биедээ хэрэгтэй болохыг Ефес 4:25 хэрхэн харуулдаг вэ?

3 Хүний биеийн эрхтнүүд харилцан хамааралтай байдаг шиг христианууд бие биедээ хэрэгтэй. Элч Паул сүнсээр тослогдсон итгэл нэгтнүүддээ: «Худал хуурмагийг хойш тавьж, хүн нэг бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биеийнхээ эрхтнүүд юм» хэмээн бичжээ (Ефес 4:25). «Христийн бие» буюу сүнслэг Израилийн гишүүд «бие биеийнхээ эрхтнүүд» учраас өөр хоорондоо үнэнийг ярьдаг бөгөөд нягт хамтран ажилладаг. Тийм ээ, тэд бүгд бие биеэсээ харилцан хамааралтай байдаг (Ефес 4:11–13). Тэдэнтэй, дэлхийд мөнх амьдрах найдвартай шударга үнэнч христианууд баяртайгаар нэгдэн нийлсэн ажээ.

4. Шинэ Гэрчүүдэд хэрхэн тусалж болох вэ?

4 Жил бүр, диваажин дэлхийд амьдрах найдвартай олон мянган хүн баптисм хүртдэг. Хурлын бусад гишүүд тэднийг «төлөвшилт уруу тэмүүлэхэд» нь дуртайяа тусалдаг (Еврей 6:1–3). Жишээлбэл, Библийн сэдвээр асуусан асуултад нь хариулах юм уу, эсвэл дэлгэрүүлэх ажилд нь бодитой тусламж үзүүлэх зэргээр тусалдаг. Бид цуглаанд тогтмол оролцож, сайхан жишээ үзүүлснээрээ шинэ хүмүүст тусалж болно. Бас зовлон бэрхшээл тохиолдоход нь урам хайрлаж, зоригжуулах юм уу, тайтгаруулж болно (1 Тесалоник 5:14, 15). Бусдад «үнэн дотор явахад» нь туслах арга зам хайх ёстой (3 Иохан 4). Залуу ч бай, хөгшин ч бай, «үнэн дотор» дөнгөж явж эхэлсэн ч бай, энэ замаар яваад олон жил болсон ч бай бид бүгдээрээ сүнслэг талаараа ахиж дэвшихэд нь итгэл нэгтнүүддээ тусалж болно. Тийм ээ, бид тэдэнд хэрэгтэй.

Тэд итгэл нэгтнүүддээ тусалсан

5. Акул Прискила хоёр Паулд хэрхэн тусалдаг байсан бэ?

5 Итгэл нэгтнүүддээ сэтгэлээсээ тусалж, баяр хөөр эдэлдэг хүмүүсийн дотор христиан хосууд байдаг. Жишээлбэл, Акул эхнэр Прискилагийнхаа хамт Паулд тусалж байсан. Тэд Паулыг гэртээ байлган, хамт майхан оёж, Коринт хотод шинэ тутам байгуулагдсан хурлыг бэхжүүлэхэд нь тусалж байлаа (Үйлс 18:1–4). Чухам яасныг нь бид тодорхой мэдэхгүй ч тэр хоёр Паулын төлөө амиа алдах дөхжээ. Ромын христиануудад Паулын: «Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска [Прискила] Акул нарт мэнд хүргээрэй. Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн Харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ» хэмээн бичиж байх тэр үед Акул Прискила хоёр Ромд амьдарч байжээ (Ром 16:3, 4). Өнөөдөр христианууд Акул Прискила хоёр шиг хурлаа бэхжүүлж, итгэл нэгтнүүддээ янз бүрийн замаар тусалдаг. Эсэргүүцэгчид Бурхны бусад үйлчлэгчдийг харгис хэрцгийгээр мөрдөн хавчих юм уу, амь насанд нь аюул занал учруулахад бусдынхаа төлөө тэд заримдаа амиа хүртэл өрдөг.

6. Апол ямар тусламж авсан бэ?

6 Тэрчлэн Акул Прискила хоёр, Ефесийн оршин суугчдад Есүс Христийн тухай зааж байсан уран цэцэн үгтэй Апол гэдэг христианд тусалсан аж. Тэр үед Апол, Хуулийн гэрээг зөрчдөгөө гэмшсэнийх нь бэлэгдэл болгон хүртээж байсан Иоханы баптисмыг л мэддэг байв. Акул Прискила хоёр Аполд зарим талаар туслах хэрэгтэйг ойлгоод «түүнд Бурхны замыг улам ч зөв тайлбарлаж өгөв». Тэд, христиан ёсоор баптисм хүртэх гэдэг нь усанд бүх биеэрээ шумбаж, ариун сүнс авахтай холбоотой болохыг Аполд тайлбарласан бололтой юм. Апол ч мэдсэн зүйлээ хэрэгжүүлжээ. Хожим Ахайд «тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг... Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа» (Үйлс 18:24–28). Бурхны Үгийг илүү сайн ойлгоход цуглаан дээр итгэл нэгтнүүдийн маань хариулсан хариулт тус болох нь олонтаа. Энэ асуудлаар ч бид бас бие биедээ хэрэгтэй бөлгөө.

Материаллаг тусламж үзүүлэх

7. Итгэл нэгтнүүдэд нь материаллаг тусламж хэрэгтэй болоход филиппойчууд яаж хандсан бэ?

7 Филиппой хотын хурлынхан Паулд туйлаас хайртай байсан бөгөөд түүнийг Тесалоникт байхад хэрэгцээтэй эд материалын зүйл илгээжээ (Филиппой 4:15, 16). Иерусалимын ах дүү нарт материаллаг тусламж хэрэгтэй болоход филиппойчууд хэр чадлаасаа ч илүү зүйл хандивлахад бэлэн байдгаа харуулсан. Филиппойн ах эгч нарын сайхан сэтгэл Паулын зүрх сэтгэлийг хөндөж, бусад итгэл нэгтнүүдэд жишээ болгон иш татахад хүргэжээ (2 Коринт 8:1–6).

8. Епафродит ямар сэтгэл гаргасан бэ?

8 Филиппойчууд Паулыг шоронд гав дөнгөтэй байхад нь материаллаг эд зүйл явуулаад зогсоогүй түүнд туслуулахаар Епафродитыг илгээсэн. Паул: «Тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ» гэж бичжээ (Филиппой 2:25–30; 4:18). Бид Епафродитыг ахлагч юм уу, туслах үйлчлэгч байсан гэж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан тэрээр, өөрийгөө золиослох сэтгэлгээтэй, тусархаг, Паулд үнэхээр хэрэгтэй, христиан хүн байжээ. Танай хуралд Епафродит шиг хүн бий юү?

Тэд «түшиг тулгуур» байсан

9. Аристархаас ямар жишээ авч болох вэ?

9 Акул Прискила Епафродит нар шиг халамжтай ах эгч нарыг аль ч хуралд өндрөөр үнэлдэг. Итгэл нэгтнүүдээс маань зарим нь нэгдүгээр зуунд амьдарч байсан Аристарх гэгч христиантай тун адилхан байж болох юм. Аристарх болон өөр хүмүүс Паулд «түшиг тулгуур» (ШЕ), өөрөөр хэлбэл өдөр тутмын, ердийн асуудлаар тайвшруулж, тус дэм болдог эх булаг нь болж байсан бололтой (Колоссай 4:10, 11). Аристарх Паулд туслан, зовох цагт жинхэнэ найз нөхөр нь байх болно гэдгээ батлан харуулсан. Аристарх бол Сургаалт үгс 17:17-д: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» хэмээн бичсэн лүгээ адил хүн байв. Бид бүгдээрээ итгэл нэгтнүүддээ «түшиг тулгуур» байх гэж хичээж болохгүй юу? Ялангуяа хүнд байдалд байгаа нэгэндээ туслах хэрэгтэй.

10. Петр христиан ахлагч нарт ямар жишээ үзүүлсэн бэ?

10 Ялангуяа, ахлагч нар сүнслэг ах эгч нартаа түшиг тулгуур байх ёстой. Христ, элч Петрт: «Ах дүүсээ батжуул» гэж хэлсэн (Лук 22:32). Петр ингэх бүрэн боломжтой байсан. Учир нь тэрээр, ялангуяа Есүсийг дахин амилсны дараа, эрч хүч, тууштай байдлаараа бусдаасаа ялгарч байлаа. Ахлагч нар аа, бусдыг батжуулахын тулд хамаг хүчээрээ чармайгаарай. Үүнийг сайн дураараа, хайрын үүднээс хийгээрэй. Учир нь та нар итгэл нэгтнүүддээ хэрэгтэй шүү дээ (Үйлс 20:28–30; 1 Петр 5:2, 3).

11. Тимотын «санааг» эргэцүүлэн бодох нь яагаад ашигтай вэ?

11 Паулын хамтран зүтгэгч Тимот итгэл нэгтнүүдийнхээ төлөө их санаа тавьдаг ахлагч байжээ. Эрүүл мэндийн талаар зарим нэг бэрхшээлтэй байсан ч гэсэн Тимот чин сэтгэлийн итгэлээ илэрхийлэн, «[Паултай] хамт сайн мэдээний төлөө үйлчилж» байлаа. Тийм ч учраас элч Паул филиппойчуудад: «Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга» гэж хэлсэн билээ (Филиппой 2:20, 22; 1 Тимот 5:23; 2 Тимот 1:5). Хэрэв бид Тимотынх шиг «санаатай» байх аваас итгэл нэгтнүүддээ ач тустай үйл хийж чадна. Бид сул талтайгаа тэмцэж, янз бүрийн сорилтыг даван туулах шаардлагатай болдог нь үнэн ч, үүний зэрэгцээ сүнслэг ах эгч нартаа бат итгэл, хайр халамж илэрхийлж болдог ба илэрхийлэх ч ёстой. Бид тэдэнд хэрэгтэй гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

Бусдын төлөө санаа тавьсан эмэгтэйчүүд

12. Доркасын жишээнээс бид юунд суралцаж болох вэ?

12 Доркас бол бусдын төлөө санаа тавьдаг сүсэгтэй эмэгтэйчүүдийн нэг байлаа. Түүнийг нас барахад шавь нар Петрийг дуудуулж, дээд өрөөнд дагуулан оржээ. Тэнд «бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв». Петр Доркасыг дахин амилуулсан бөгөөд тэр эмэгтэй «сайн үйлсээр баян, өглөгч харамгүй» хэвээрээ байсан нь эргэлзээгүй. Орчин үеийн христиан хуралд Доркас шиг, гачигдалтай хүмүүст зориулж, хувцас хунар оёх буюу өөр бусад сайн үйл хийдэг эмэгтэйчүүд байдаг. Тэдний сайн үйлс гол нь Хаанчлалын үйл хэрэг болон шавь бэлдэх ажилтай холбоотой нь ойлгомжтой (Үйлс 9:36–42; Матай 6:33; 28:19, 20).

13. Лудиа итгэл нэгтнүүддээ санаа тавьдгаа хэрхэн харуулсан бэ?

13 Түүнчлэн, Бурхнаас эмээгч Лудиа гэгч эмэгтэй бусдын төлөө санаа тавьдаг байлаа. Паулыг МЭ 50 оны орчим Филиппой хотод дэлгэрүүлж явахад Туатэйр хотын уугуул тэр эмэгтэй тэнд амьдарч байжээ. Лудиа иудейн шашинд орсон прозелит байсан ч байж магадгүй. Гэхдээ Филиппой хотод еврейчүүд цөөхөн, синагог байдаггүй байсан бололтой учраас Доркас болон сүсэгтэй өөр эмэгтэйчүүд шүтлэг мөргөлөө үйлдэхээр голын эрэг дээр цугладаг байжээ. Тэнд элч Паул тэдэнд сайн мэдээ тунхагласан ажээ. Библид: «Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн [«Ехова», ШЕ] тэр эмэгтэйн [Лудиагийн] зүрхийг нээжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа: „Хэрэв та нар намайг Эзэнд [«Еховад», ШЕ] итгэмжит гэж үзэж байгаа бол манайд ирж, байгаач“ хэмээн ятгаснаар биднийг дийлэв» гэж байдаг (Үйлс 16:12–15). Лудиа бусдад сайн үйл хийхийг хүссэн учраас Паул болон түүний хамтран зүтгэгчид ятгалгад орж, тэднийд байхаар болжээ. Өнөөдөр сайхан сэтгэлтэй, халамжтай христианууд Лудиа шиг зочломтгой сэтгэлээр хандахад бид хичнээн талархдаг гэж санана! (Ром 12:13; 1 Петр 4:9).

Хүүхдүүд та нар бас бидэнд хэрэгтэй

14. Есүс хүүхдүүдэд яаж ханддаг байсан бэ?

14 Тусархаг, сайхан сэтгэлтэй, Бурхны Хүү Есүс Христ христиан хурлын үндсийг тавьсан. Есүс бусдыг хайрладаг, өрөвчхөн сэтгэлтэй байсан учраас хүмүүс түүнтэй байхдаа биеэ барьдаггүй байв. Нэгэн удаа хүмүүс балчир хүүхдүүдээ Есүс уруу авчирч эхлэхэд шавь нар нь тэднийг хоригложээ. Тэгэхэд нь Есүс: «Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурхны хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй» гэж хэлсэн (Марк 10:13–15). Хаанчлалын ивээл хүртэхийн тулд бид хүүхдүүд шиг, биеэ тоодоггүй, номд дуулгавартай байх ёстой. Есүс хүүхдүүдийг тэвэрч, ерөөл айлдан, хайрладгаа харуулсан (Марк 10:16). Өнөөдрийн хүүхдүүд та нарын тухайд юу хэлж болох вэ? Хурлынхан та нартаа хайртай бөгөөд та нар хуралд хэрэгтэй гэдэгт итгээрэй.

15. Лук 2:40–52-т Есүсийн амьдралын ямар үйл явдлыг тэмдэглэсэн байдаг вэ? Есүс хүүхдүүдэд ямар жишээ үзүүлсэн бэ?

15 Есүс бүр хүүхэд байхдаа Бурхан болон Сударт хайртайгаа харуулсан билээ. 12 настай байхдаа эцэг Иосеф, эх Мариагийнхаа хамт Дээгүүр өнгөрөх баярт оролцохоор төрөлх хот Назараа орхин Иерусалим уруу явжээ. Буцах замдаа эцэг эх нь түүнийг аянчдын дунд байхгүйг мэдсэн байна. Эцэстээ тэд түүнийг сүмийн нэг танхимд иудейн багш нарын үгийг сонсож, тэднээс асуулт асуугаад сууж байхад нь олжээ. Иосеф Мариа хоёр түүнийг хаанаас олохоо мэдэхгүй байсанд гайхсан Есүс тэднээс: «Эцгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?» хэмээн асуужээ. Есүс эцэг эхийнхээ хамт гэртээ буцаж ирээд, тэдэнд дуулгавартай байж, бие болоод мэргэн ухаанаар өссөөр байв (Лук 2:40–52). Хүүхдүүдэд маань Есүс ямар гайхамшигтай жишээ үзүүлээ вэ! Хүүхдүүд та нар ч гэсэн эцэг эхдээ дуулгавартай байж, сүнслэг зүйл уруу тэмүүлдэг байх хэрэгтэй (Дэд хууль 5:16; Ефес 6:1–3).

16. а) Есүсийг сүмд гэрчилж байхад хүүхдүүд юу гэж хашгиралдсан бэ? б) Өнөөдөр залуу христиануудад ямар боломж байдаг вэ?

16 Хүүхэд багачууд та нар сургууль дээрээ Еховагийн тухай гэрчилж, эцэг эхийнхээ хамт айлаар дэлгэрүүлэх ажлаар явдаг байж магадгүй (Исаиа 43:10–12; Үйлс 20:20, 21). Есүс алуулахынхаа өмнөхөн сүмд гэрчилж, өвчтэй хүмүүсийг эдгээж байтал хүүхдүүд: «Давидын Хүүд Хосанна!» хэмээн хашгиралджээ. Үүнд уурлаж хилэгнэсэн ахлах тахилчид болон хуулийн багш нар: «Та эдний юу хэлж буйг сонсож байна уу?» гэхэд Есүс: «Тийм ээ, „Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн“ гэснийг та нар огт уншаагүй юм уу?» хэмээн хариулжээ (Матай 21:15–17). Тэр хүүхдүүдийн адилаар хурлын залуу гишүүд та нарт Бурхныг болон Хүүг нь магтан алдаршуулах таатай боломж бий. Та нар бидэнд хэрэгтэй. Бид та нарыг Хаанчлалыг тунхаглах ажилд хамт оролцоосой гэж хүсдэг.

Гай зовлон тохиолдох үед

17, 18. а) Паул ямар учраас Иудейн христиануудад зориулж өргөл хандив цуглуулах ажлыг зохион байгуулсан бэ? б) Иудейн христиануудад зориулж цуглуулсан сайн дурын өргөл еврей болон еврей биш христиануудад хэрхэн нөлөөлсөн бэ?

17 Бидний нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн хайр маань гачигдалтай итгэл нэгтнүүддээ туслах хүсэл төрүүлдэг (Иохан 13:34, 35; Иаков 2:14–17). Тухайлбал, Иудейн ах эгч нараа хайрлах сэтгэл нь Паулыг Ахай, Галат, Македони болон Азийн мужийн хурлуудаас өргөл хандив цуглуулахад хүргэсэн. Иерусалим дахь шавь нар мөрдлөг хавчлага, нийгмийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн зэрэгтэй тулгарсан нь Паулын бичсэнээр «зовлон», «цөхрөл» болон «эд хөрөнгөө булаалгахын» шалтгаан болсон байж болох юм (Еврей 10:32–34; Үйлс 11:27–12:1). Үүний улмаас Паул Иудейн ядуу христиануудад зориулж, мөнгө цуглуулах ажил зохион байгуулсан ажээ (1 Коринт 16:1–3; 2 Коринт 8:1–4, 13–15; 9:1, 2, 7).

18 Иудей дэх «ариун хүмүүст» зориулсан сайн дурын өргөл нь еврей болон еврей биш христиануудын хооронд ахан дүүсийн барилдлага байсныг харуулдаг. Түүнээс гадна, еврей биш христианууд өргөл хандив цуглуулж өгснөөрөө Иудейн итгэл нэгтнүүдээсээ авсан сүнслэг эд баялгийн төлөө талархлаа илэрхийлэх боломжтой болсон. Тийнхүү, христианууд материаллаг болон сүнслэг зүйлээ өөр хоорондоо хуваалцдаг байлаа (Ром 15:26, 27). Өнөөдөр, гачигдалтай итгэл нэгтнүүддээ зориулж өргөл хандив цуглуулах ажлыг мөн адил сайн дурын үндсэн дээр, хайрын үүднээс хийдэг (Марк 12:28–31). Энэ асуудлаар ч гэсэн бид бас бие биедээ хэрэгтэй билээ. Тэгш хуваасны ачаар «багыг хураасан хүнд нь дутдаггүй» (2 Коринт 8:15).

19, 20. Байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд Еховагийн ард түмэн хэрхэн тусалдгийг харуулсан жишээ дурдана уу.

19 Христианууд бие биедээ хэрэгтэйг ухаардаг учраас бид итгэл нэгт ах эгч нартаа туслах гэж яардаг. Жишээ болгон, 2001 оны эхээр Сальвадорт болсон аймшигтай газар хөдлөлт хийгээд хөрсний нуралтын үед юу болсныг авч үзье. Нэгэн мэдээнд: «Сальвадор даяар ах дүү нар яаралтай тусламжийн арга хэмжээ авсан. Бидэнд туслахаар Гватемал, АНУ, Канадаас ах дүү нар ирсэн. [...] Богинохон хугацаанд 500 гаруй байшин, сэтгэл татам 3 [Хаанчлалын] танхим барьж босгосон. Өөрийгөө золиослох сэтгэлгээтэй эдгээр ах дүүсийн хүнд хэцүү хөдөлмөр, хамтын ажиллагаа том гэрчлэл болсон» хэмээн тэмдэглэжээ.

20 ӨАБНУ-аас: «Мозамбикийн олон хэсгийг хоосруулсан аймшигт үерт манай христиан ах дүүс бас олноороо нэрвэгдсэн. Тэдэнд шаардлагатай тусламжийн ихэнхийг Мозамбик дахь салбар үзүүлсэн ч гэсэн салбарын ах нар биднээс ах дүүстээ хэрэглэж болохоор хувцас хунар илгээхийг гуйсан юм. Бид Мозамбикийн ах дүүстээ туслах гэж хирээрээ чармайн, 12 метрийн контейнер дүүрэн хувцас цуглууллаа» хэмээн мэдээлжээ. Тийм ээ, ийм асуудлаар ч бас бид бие биедээ хэрэгтэй ажээ.

21. Дараагийн өгүүллээр юу авч үзэх вэ?

21 Энэ өгүүллийн эхэнд тэмдэглэснээр хүний биеийн бүх эд эрхтэн бүгдээрээ чухал. Христиан хурлын тухайд дээрхтэй адил болох нь эргэлзээгүй. Хурлын бүх гишүүн бие биедээ хэрэгтэй. Тэрчлэн Еховад нэгдмэл санаатай үйлчлэхээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Дараагийн өгүүллээр ямар хүчин зүйлийн ачаар ингэж болдгийг авч үзнэ.

Та яаж хариулах вэ?

• Хүний бие, христиан хурал хоорондоо юугаараа төстэй вэ?

• Итгэл нэгтнүүдэд нь тусламж шаардагдсан үед эртний христианууд яаж ханддаг байсан бэ?

• Христианууд бие биедээ хэрэгтэй бөгөөд харилцан бие биедээ тусалдгийг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]