Skip to content

Гарчиг руу орох

«Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа төвийг сахидаг христианууд

«Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа төвийг сахидаг христианууд

«Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа төвийг сахидаг христианууд

«Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» (ИОХАН 17:16).

1, 2. Дагалдагчид нь ертөнцтэй харьцах тухайд Есүс юу хэлсэн бэ? Энэ үгтэй уялдан ямар ямар асуулт гарч ирж болох вэ?

 ЕСҮС дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө шавь нарынхаа дунд байж байгаад чангаар удаан залбирсан. Энэ удаад жинхэнэ христиан хүний амьдралд хамаатай зарим зүйлийн тухай залбирчээ. Дагалдагчдынхаа талаар: «Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж хэлсэн (Иохан 17:14–16).

2 Есүс дагалдагчдаа «ертөнцийнх биш» гэж хоёр ч удаа хэлсэн. Түүнээс гадна, тэд ертөнцөөс тусгаар байснаар ертөнц тэдэнд дайсагнан хандах буюу тэднийг үзэн ядах ёстой байлаа. Гэхдээ христианууд үүнээс айх хэрэггүй байв. Учир нь Ехова тэднийг харж, хамгаалах юм (Сургаалт үгс 18:10; Матай 24:9, 13). Есүсийн хэлсэн үгтэй уялдан: «Жинхэнэ христианууд яагаад ертөнцөөс тусгаар байдаг вэ? „Ертөнцийнх биш“ байна гэдэг юу гэсэн үг вэ? Хэрэв ертөнц христиануудыг үзэн яддаг юм бол христианууд ертөнцөд яаж хандах вэ? Тэр дундаа, ертөнцийн төр засагт яаж хандах вэ?» гэх мэтийн асуултууд урган гарч ирж болно. Эдгээр асуултад Библи ямар хариу өгдөг нь чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ бүхэн бидэнд бүгдэд маань хамаатай юм.

«Бид Бурхных»

3. а) Биднийг ертөнцөөс юу тусгаарладаг вэ? б) Ертөнц «муу нэгний дотор» байдгийг юу нотолдог вэ?

3 Бид «ертөнцийнх биш» байх нэг шалтгаан бол Еховатай тогтоосон дотно харьцаа маань юм. Элч Иохан: «Бид Бурхных, харин бүх ертөнц нь муу нэгний [Сатаны] дотор байдгийг мэднэ» хэмээн бичжээ (1 Иохан 5:19). Энэ ертөнцийн талаар Иоханы хэлсэн үгийн зөвд эргэлзэх зүйл байхгүй. Өнөөдөр газар аваад байгаа дайн, гэмт хэрэг, харгислал, дарангуйлал, шударга бус байдал, садар самуун зэрэг нь Бурхныхыг бус, харин Сатаны нөлөөг батлан гэрчилж байгаа юм (Иохан 12:31; 2 Коринт 4:4; Ефес 6:12). Хүн Еховагийн Гэрч болохоороо ийм муу үйл хэрэгт оролцох юм уу сайшаахаа больдог. Энэ нь түүнийг «ертөнцийнх биш» болгож байгаа хэрэг юм (Ром 12:2; 13:12–14; 1 Коринт 6:9–11; 1 Иохан 3:10–12).

4. Бид Еховагийнх гэдгээ яаж харуулдаг вэ?

4 Христианууд «Бурхных» учраас ертөнцөөс ялгаатай гэж Иохан хэлсэн. Еховад өөрийгөө зориулсан бүх хүн түүнийх юм. Элч Паул: «Хэрэв бид амьдарвал Эзний [«Еховагийн», ШЕ] төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзний [«Еховагийн», ШЕ] төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзнийх [«Еховагийнх», ШЕ]» гэж хэлсэн (Ром 14:8; Дуулал 116:15). Бид Еховагийнх учраас түүнд чин үнэнч байдаг (Египетээс гарсан нь 20:4–6). Энэ нь жинхэнэ христиан хүн амьдралаа ертөнцийн алив үйл хэрэгт зориулдаггүй гэсэн үг юм. Төрийн бэлэг тэмдгийг хүндэтгэдэг ч түүнийг зүрх сэтгэлдээ ч, үйл хэргээрээ ч шүтдэггүй. Бас спортын од гэх мэтийн орчин үеийн шүтээнийг шүтдэггүй. Жинхэнэ христиан хүн бусдын, хүслийнхээ дагуу явах эрхийг хүндэтгэдэг ч өөрөө зөвхөн Бүтээгчийг шүтдэг (Матай 4:10; Илчлэлт 19:10). Энэ бол түүнийг ертөнцөөс тусгаарладаг бас нэг зүйл мөн.

«Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш»

5, 6. Бурхны Хаанчлалд захирагдах нь биднийг ертөнцөөс хэрхэн тусгаарладаг вэ?

5 Христианууд бол Христ Есүсийн дагалдагч бөгөөд Бурхны Хаанчлалын албат билээ. Энэ нь тэднийг ертөнцөөс бас тусгаарладаг. Есүс Понти Пилатад байцаагдаж байхдаа: «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш» гэж хэлсэн (Иохан 18:36). Хаанчлал бол Еховагийн нэрийг ариусган, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөж, хүсэл тааллыг нь тэнгэрт биелүүлдэг шигээ дэлхий дээр биелүүлэх хэрэгсэл юм (Матай 6:9, 10). Есүс дэлхий дээр үйлчлэх бүхий л хугацаандаа Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлсэн бөгөөд үүнийг дагалдагчид нь эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл хүртэл тунхаглах болно гэж хэлсэн (Матай 4:23; 24:14). Илчлэлт 11:15-д: «Ертөнцийн хаанчлал нь бидний Эзний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна» хэмээн зөгнөсөн нь 1914 онд биелсэн. Энэхүү тэнгэрийн Хаанчлал тун удахгүй хүн төрөлхтнийг захирах цорын ганц засгийн газар болно (Даниел 2:44). Цаг нь болохоор ертөнцийн захирагчид хүртэл Хаанчлалын эрх мэдлийг өөрийн эрхгүй зөвшөөрөх болно (Дуулал 2:6–12).

6 Тэгэхлээр, өнөөдөр Бурхны Хаанчлалын албат нь жинхэнэ христианууд бөгөөд тэд, «эхлээд хаанчлал болон Бурхны зөвт байдлыг ямагт хайгтун» гэсэн Есүсийн зөвлөгөөг мөрдөн сахиж байна (Матай 6:33, ШЕ). Энэ нь тэд амьдарч байгаа улс орноосоо урвана гэсэн үг биш, харин сүнслэг утгаар ертөнцөөс тусгаар байдаг гэсэн үг юм. Өнөөдрийн христиануудын гол зорилго бол нэгдүгээр зууны христиануудынх шиг «Бурхны хаанчлалын тухай гэрчлэх» явдал билээ (Үйлс 28:23). Бурхны даалгасан энэ ажлыг гүйцэлдүүлэхэд саад болох эрхтэй хүний засгийн газар нэгээхэн ч үгүй бөлгөө.

7. Жинхэнэ христианууд ямар учраас төвийг сахих байр суурь баримталдаг вэ? Тэд үүнийгээ хэрхэн харуулдаг вэ?

7 Еховагийн Гэрчүүд нь Еховагийн ард түмэн, Есүсийн дагалдагч, Бурхны Хаанчлалын албат болохын хувьд ХХ, ХХІ зуунд гарч байсан иргэний болон улс хоорондын мөргөлдөөнүүдэд төвийг сахих байр суурь баримталж байсан. Тэд мөргөлдөгч талуудын алиныг нь ч дэмждэггүй бөгөөд хэн нэгтэй тэмцэх гэж гартаа зэвсэг барьдаггүй. Мөн ямар нэгэн хөдөлгөөн буюу үзэл санааг сурталчлах ажиллагаанд оролцдоггүй ба давж гарахын аргагүй юм шиг санагдаж байсан эсэргүүцлийн өмнө итгэлээ гайхалтайгаар үзүүлэн, 1934 онд Германы нацист удирдлагад: «Бид улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, харин Хаан Христ тэргүүтэй Бурхны Хаанчлалын төлөө бүхнээ зориулдаг. Бид хэнд ч гэм хор учруулахыг хүсдэггүй бөгөөд тайван амгалан амьдарч, боломж чадлынхаа хирээр бүх хүнд сайныг үйлдэх хүсэлтэй» хэмээн илэрхийлсэн зарчмыг мөрдөн дагадаг юм.

Христийн «элчин сайдууд» ба «төлөөлөгчид»

8, 9. Еховагийн Гэрчүүд өнөөдөр ямар утгаар «элчин сайдууд» ба «төлөөлөгчид» вэ? Энэ нь үндэстнүүдтэй харьцахад нь яаж нөлөөлдөг вэ?

8 Паул өөрийгөө болон итгэл нэгт тослогдсон христиануудаа «Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгадаг» гэж тодорхойлсон (2 Коринт 5:20; Ефес 6:20). Сүнсээр тослогдсон христиануудыг 1914 оноос Бурхны Хаанчлалын элчин сайдууд гэж нэрлэх нь зүйн хэрэг бөгөөд тэд энэхүү Хаанчлалын «хөвгүүд» юм (Матай 13:38; Филиппой 3:20; Илчлэлт 5:9, 10). Түүнээс гадна, Ехова элчин сайдын ажлаа хийхэд нь тослогдсон хөвгүүддээ туслуулахын тулд үндэстнүүдээс «өөр хонинуудын» «үй олон хүн» буюу дэлхийд мөнх амьдрах найдвартай христиануудыг авсан (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9). Эдгээр «өөр хонинуудыг» Бурхны Хаанчлалын «төлөөлөгчид» гэж нэрлэж болно.

9 Элчин сайд болон түүний захиргаанд ажиллагсад томилогдон очсон улс орныхоо хэрэг явдалд хутгалдан оролцдоггүй. Түүнтэй нэгэн адил христианууд ертөнцийн үндэстнүүдийн улс төрийн хэрэгт төвийг сахих байр суурь баримталдаг. Тэд ямар нэгэн үндэс угсаа, арьс өнгө, нийгэм, эдийн засгийг хамгаалж дэмждэг болон эсэргүүцдэг хэсэг бүлгийн алиных нь ч талд ордоггүй (Үйлс 10:34, 35). Харин «бүх хүнд... сайныг үйлддэг» (Галат 6:10). Еховагийн Гэрчүүд төвийг сахидаг болохоор арьс өнгө, үндэс угсаа, овог аймгийн мөргөлдөөнд эсрэг талыг баримталдаг гэсэн үндэслэлээр, тунхагладаг мэдээнээс нь татгалзах шалтгаан хэнд ч байхгүй.

Хайраараа ялгардаг

10. Христиан хүний хувьд хайр аль хир чухал бэ?

10 Христианууд ертөнцийн хэрэгт төвийг сахих байр суурь баримталдгийн өөр нэг шалтгаан нь тэдний, итгэл нэгтнүүдтэйгээ харьцдаг харьцаанд байдаг. Есүс дагалдагчдадаа: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иохан 13:35). Христиан байх нэг гол зүйл бол ах дүүсэг хайр юм (1 Иохан 3:14). Христиан хүний Ехова болон Есүсийг хайрлах хайр нь ахан дүүсэг хайртай салшгүй холбоотой учраас тэрээр итгэл нэгтнүүдтэйгээ маш ойр дотно харьцаатай байдаг. Христиан хүн зөвхөн өөрийнхөө хурлын гишүүдийг хайрлаад зогсдоггүй, «дэлхийд буй [бүх] ах дүүгээ» хайрладаг (1 Петр 5:9).

11. Еховагийн Гэрчүүдийн дунд байдаг хайр тэдний биеэ авч явах байдалд яаж нөлөөлдөг вэ?

11 Өнөөдөр Еховагийн Гэрчүүд Исаиа 2:4-т байдаг: «Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» гэсэн үгийг биелүүлэн, ах дүүсэг хайраа харуулдаг. Жинхэнэ христиануудыг Ехова сургадаг бөгөөд тэд Бурхантай болон бие биетэйгээ эв найртай байдаг (Исаиа 54:13). Тэд Бурхан болоод ах дүүстээ хайртай учраас бусад улс оронд байдаг итгэл нэгтнүүдийнхээ, ер нь өөр хэний ч гэлээ, эсрэг тэмцэх гэж гартаа зэвсэг барихыг ухаан санаанд багтамгүй зүйл гэж үздэг. Тэдний дунд байдаг энх амгалан байдал хийгээд эв нэгдэл бол шүтлэгийнх нь чухал хэсэг бөгөөд энэ нь тэднийг Бурхны сүнстэй гэдгийн маргашгүй баталгаа мөн (Дуулал 133:1; Мика 2:12; Матай 22:37–39; Колоссай 3:14). «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдгийг» тэд мэддэг учраас «амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгөдөг» (Дуулал 34:14, 15).

Христианууд ертөнцөд хэрхэн ханддаг нь

12. Еховагийн Гэрчүүд энэ ертөнцийн хүмүүст хандах Еховагийн ямар хандлагыг дуурайдаг вэ? Яаж дуурайдаг вэ?

12 Ехова ертөнцийг бүхэлд нь ялласан ч хүн тус бүрээр хараахан яллаагүй. Тогтоосон цагаа болохоор Есүсээр дамжуулан энэ ялаа гүйцэлдүүлнэ (Дуулал 67:3, 4; Матай 25:31–46; 2 Петр 3:10). Тэр болтол хүн төрөлхтөнд асар их хайртайгаа харуулах юм. Тэрбээр хүн болгонд мөнх амьдрах боломж олгохын тулд «цорын ганц Хүүгээ» хүртэл өгсөн билээ (Иохан 3:16). Христианууд бид эсэргүүцэлтэй байнга тулгардаг ч гэсэн хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээний талаар бусдад ярьж, агуу хайрыг нь дуурайдаг.

13. Бид ертөнцийн эрх мэдэлтнүүдэд хэрхэн хандах ёстой вэ?

13 Бид энэ ертөнцийн эрх мэдэлтнүүдэд яаж хандах ёстой вэ? Паул уг асуултад хариу болгон: «Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурхнаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм» хэмээн бичжээ (Ром 13:1, 2). Хүмүүс Төгс хүчит Бурхны зөвшөөрснөөр харьцангуй эрх мэдэл (нэг нь нөгөөгөөсөө их бага янз бүрийн эрх мэдэлтэй ч, аль нь ч байлаа гэсэн цаг ямагт Еховагийн эрх мэдлээс доогуур байдаг) эдэлдэг. Христиан хүн эрх мэдэлтнүүдэд захирагддаг. Учир нь, ингэснээрээ Еховад дуулгавартай байгаагаа харуулдаг. Тэгвэл, Бурхан хийгээд иргэний төр засгийн шаардлагын хооронд зөрчил гарвал яах вэ?

Бурхны болоод «Цезарийн» хууль

14, 15. а) Даниел захирагдахтай холбоотой хэцүү асуудлаас хэрхэн зайлсхийж чадсан бэ? б) Захирагдахаас зайлсхийхэд хэцүү болсон үед гурван еврей залуу ямар байр суурь баримталсан бэ?

14 Даниел гурван найзынхаа хамт Бурхны болоод иргэний төр засгийн эрх мэдэлд яаж тэнцвэртэй захирагдахын сайхан жишээ үзүүлсэн. Дөрвөн еврей залуу Вавилонд олзлогдон очоод тэндхийн хуульд захирагдаж байтал удалгүй тусгай сургалтад хамруулахаар тэднийг сонгосон байна. Даниел, энэ сургалт Еховагийн Хуультай зөрчилдөж магадгүй гэж бодоод өөрсдийг нь харгалздаг түшмэлтэй ярилцжээ. Үүний ачаар дөрвөн еврейн мөс чанарыг харгалзсан тусгай арга хэмжээ авсан байна (Даниел 1:8–17). Еховагийн Гэрчүүд Даниелын жишээг дуурайн, хэрэггүй юмнаас зайлсхийхийн тулд удирдах албаны хүмүүст байр сууриа эвтэйхэн тайлбарладаг.

15 Гэвч хожим, захирагдахаас зайлсхийхэд хэцүү нөхцөл байдал бий болсон. Вавилоны хаан, Дурагийн талд том гэгчийн хөрөг бүтээгээд, нээлтийн ёслолд мужийн захирагчид болон өндөр албаны түшмэд оролцохыг тушаажээ. Тэр үед Даниелын гурван найз Вавилоны мужийн удирдлагад томилогдчихсон байсан учир энэ тушаал тэдэнд ч мөн хамаатай байлаа. Ёслолын ажиллагааны тодорхой үед хурсан олон бүгдээрээ хөрөгт мөргөх ёстой байв. Харин, гурван еврей залуу үүнийг Бурхны хуулийн эсрэг зүйл гэж мэдэж байлаа (Дэд хууль 5:8–10). Тийм учраас бүх хүн мэхийн мөргөхөд тэр гурав зогссон чигээрээ байсан юм. Тэд хааны тушаалыг биелүүлэлгүй, аймшигт үхлийн өмнө аз туршсан (зөвхөн гайхамшгаар эсэн мэнд үлдсэнийг бид мэднэ). Гэвч тэд Еховагийн хуулийг зөрчсөнд орохноо амиараа дэнчин тавьсан нь дээр гэж үзсэн аж (Даниел 2:49–3:29).

16, 17. Дэлгэрүүлэх ажлаа зогсоохыг тушаахад элч нар хэрхэн хүлээж авсан бэ? Яагаад?

16 Нэгдүгээр зууны үед Есүс Христийн элч нарыг Иерусалимд иудейн удирдагчдын өмнө дуудан ирүүлж, Есүсийн нэрээр дэлгэрүүлэхгүй байхыг тушаасан. Тэд үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? Есүс тэдэнд Иудейг оруулаад бүх үндэстнээс шавь бэлдэхийг тушаасан. Бас тэднийг Иерусалим болон дэлхий даяар өөрийг нь гэрчлэх болно гэж хэлсэн (Матай 28:19, 20; Үйлс 1:8). Есүсийн тушаал бол өөрсдийнх нь хувьд Бурхны хүсэл таалал мөн гэдгийг элч нар мэдэж байлаа (Иохан 5:30; 8:28). Тийм ч учраас тэд: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» хэмээн хэлсэн билээ (Үйлс 4:19, 20; 5:29).

17 Элч нар самуун дэгдээгчид байгаагүй (Сургаалт үгс 24:21). Гэхдээ, эрх мэдэлтнүүд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хоригловол тэд «Бид хүнийг бус, Бурхныг дагах ёстой» гэж хэлдэг байсан. Есүс бидэнд: «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурхны юмыг Бурханд өг» гэж хэлсэн. (Марк 12:17). Хэрэв бид хүний үгэнд орж, Бурхны хуулийг зөрчвөл Бурхны юмыг тэр хүнд өгсөн хэрэг болно. Гэхдээ бид тэгдэггүй. «Цезарийн юмыг Цезарьт нь өгдөг», өөрөөр хэлбэл, улсын хууль дүрэм биелүүлдэг ч Еховагийн эрх мэдлийг хамгийн дээд нь гэж үздэг. Ехова бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн, Бүтээгч бөгөөд эрх мэдлийн Эх булаг мөн (Илчлэлт 4:11).

Бид хатуу зогсоно

18, 19. Манай олон ах дүүс үлгэр жишээ болохуйц ямар байр суурь баримталдаг вэ? Бид тэднийг хэрхэн дуурайж болох вэ?

18 Орчин үед ихэнх улс орны төр засаг Еховагийн Гэрчүүдийн төвийг сахисан байр суурийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнд бид талархдаг билээ. Гэвч зарим оронд Гэрчүүд ширүүн эсэргүүцэлтэй тулгардаг. Өнгөрсөн ХХ зууны турш манай зарим ах эгч сүнслэг утгаар «итгэлийн сайн тэмцлээр тэмцэн», зоригтой тулалдсан бөгөөд энэ тэмцэл одоо ч үргэлжилсээр байна (1 Тимот 6:12).

19 Тэдэн шиг хатуу зогсоход бидэнд юу тусалдаг вэ? Нэгдүгээрт: Бид эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ санаж явдаг. Эсэргүүцэлтэй тулгарлаа гэхэд цочиж сандрах байтугай гайхах ч ёсгүй. Паул Тимотод: «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» хэмээн сануулсан (2 Тимот 3:12; 1 Петр 4:12). Сатан ертөнцийг захирч байгаа цагт эсэргүүцэлтэй тулгарахгүй байх арга бий гэж үү? (Илчлэлт 12:17). Биднийг үнэнч байгаа цагт «гайхширч, муу хэлэх» хүмүүс хэзээ ямагт байсаар байх болно (1 Петр 4:4).

20. Бид хүч өгдөг ямар үнэнийг санаж явдаг вэ?

20 Хоёрдугаарт: Ехова болон түүний тэнгэр элчүүд биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байдаг. Елишагийн хэлснээр «бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм» (Хаадын дэд 6:16; Дуулал 34:7). Ехова ямар нэг санаа зорилгын үүднээс хавчлагыг түр хугацаагаар зөвшөөрдөг байж болох юм. Гэсэн ч түүнийг тэсвэрлэн давах хүчийг бидэнд дандаа өгдөг (Исаиа 41:9, 10). Зарим хүн амь насаа алддаг ч үүнээс бид айдаггүй. Есүс: «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд амийг хөнөөж үл чадна. Харин бие болоод амийг хоёуланг нь гехеннад устгаж чадах нэгнээс айгтун» гэж хэлсэн (Матай 10:16–23, 28, ШЕ). Бид эд юмсын энэхүү тогтолцоонд ердөө «түр хугацаагаар байгчид» билээ. Энд байх хугацаагаа «жинхэнэ амьдрал» буюу Бурхны шинэ ертөнц дэх мөнхийн амьдралаас «чанга зуурч авахын» тулд ашигладаг (1 Петр 2:11; 1 Тимот 6:19, ШЕ). Бурханд үнэнч хэвээрээ л байвал энэ шагналыг биднээс хэн ч салгаж чадахгүй ээ.

21. Бид юуны тухай дандаа санаж явах ёстой вэ?

21 Тэгэхлээр, бүгдээрээ Ехова Бурхантай тогтоосон эрхэм харьцаагаа үргэлж санаж явцгаая. Христийн дагалдагч, Хаанчлалын албат байх хосгүй боломжоо үргэлж үнэлэн, талархаж байцгаая. Ах дүүсээ хамаг зүрх сэтгэлээрээ хайрлахын зэрэгцээ биднийг хайрладаг тэдний хайранд үргэлж баярлаж явцгаая. Хамгийн чухал нь «Еховад найд. Зоригтой байж, зүрхээ чангал. Тийм ээ, Еховад найд» хэмээсэн дуулалчийн үгийг анхаарч явъя (Дуулал 27:14, ШЕ; Исаиа 54:17). Тэгвэл бид өмнөх үеийн тоолж баршгүй олон христианы адил найдвартаа итгэн, хатуу зогсох буюу ертөнцөөс тусгаар, төвийг сахидаг үнэнч христианууд байх болно.

Та тайлбарлана уу?

• Еховатай тогтоосон харьцаа маань биднийг энэхүү ертөнцөөс хэрхэн тусгаарладаг вэ?

• Бурхны Хаанчлалын албат бид энэ ертөнцөд төвийг сахих байр сууриа хэрхэн хадгалдаг вэ?

• Ах дүү нараа хайрлах хайр маань биднийг төвийг сахих байр сууриа хадгалж, ертөнцөөс тусгаар байхад хэрхэн нөлөөлдөг вэ?

[Догол мөрийн асуулт]