Skip to content

Гарчиг руу орох

Бие даан судлах нь чадварлаг багш болоход тустай

Бие даан судлах нь чадварлаг багш болоход тустай

Бие даан судлах нь чадварлаг багш болоход тустай

«Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай. Өөртөө ба сургаалдаа [«хэрхэн зааж байгаадаа», ШЕ] анхаарлаа нарийн хандуул» (1 ТИМОТ 4:15, 16).

1. Цаг болон бие даан судлах талаар юу хэлж болох вэ?

 «БҮХ юм тогтоосон цагтай» гэж Номлогчийн үгс 3:1-д (ШЕ) байдаг. Тэгэхлээр бие даан судлахад тогтоосон цаг байх хэрэгтэй нь ойлгомжтой. Тохиромжгүй цагт юм уу, тохиромжгүй газар сүнслэг зүйлийн талаар эргэцүүлэн бодоход амжилтад хүрдэггүй. Жишээ нь, та өдөржин хүнд хүчир ажил хийж, цадталаа хоол идсэнийхээ дараа, ялангуяа түшлэгтэй зөөлөн сандал дээр налж суугаад телевизор үзэж байхдаа юм уншиж судалмаар байдаг уу? Үгүй л болов уу. Тэгвэл яах вэ? Бид хүчин чармайлтаа аль болох илүү үр дүнд хүргэхийн тулд судлах цаг, газраа сонгох хэрэгтэй нь ойлгомжтой.

2. Бие даан судлахад ямар цаг илүү тохиромжтой вэ?

2 Өглөө эрт, тархи толгойгоо сэргэг дээр уншиж судлах нь илүү сайн гэдгийг олон хүн зөвшөөрдөг. Зарим хүн үдийн завсарлагаар цөөн хэдэн хором ч гэсэн уншиж судлах нь байдаг. Сүнслэг чухал үйл хэрэгт цаг зав хэзээ гаргадаг байсныг дараах жишээнүүдээс үзье. Эртний Израилийн хаан Давид: «Таны хайр энэрлийг өглөө надад сонсгооч. Учир нь би Танд итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн барьж байна» хэмээн бичжээ (Дуулал 143:8). Зөнч Исаиа: «Хэрхэн ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр сэрээн, шавь мэт сонсгохын тулд Миний чихийг нээнэ» хэмээн дээрхтэй төстэй санаа илэрхийлжээ. Гол нь бид судалж, Еховатай ярилцахдаа, хоногийн аль ч үе байлаа гэсэн, сэргэг толгойтой байх ёстой (Исаиа 50:4, 5; Дуулал 5:3; 88:13).

3. Үр өгөөжтэй судлахад ямар нөхцөл хэрэгтэй вэ?

3 Түүнээс гадна, үр өгөөжтэй судалъя гэвэл түшлэгтэй зөөлөн сандал юм уу, буйдан дээр тухлахгүй байх нь дээр. Ийм нөхцөлд ухаан санаа төвлөрч өгдөггүй. Судалж байгаа үедээ толгойгоо ажиллуулах ёстой бөгөөд хэтэрхий тухалбал үүнд саад болдог. Тэрчлэн судалж, эргэцүүлэн бодоход харьцангуй тайван, анхаарал сарниулахгүй орчин нөхцөл хэрэгтэй. Радио дугаран, телевизийн нэвтрүүлэг гарч байгаа болон хүүхэд шуугиж байгаа нөхцөлд судлахад олигтой үр дүн гарахгүй. Есүс эргэцүүлэн бодохдоо хэн ч саад болохооргүй газар очдог байсан. Мөн хүнгүй газар олж залбирахын чухлыг онцолдог байсан (Матай 6:6; 14:13; Марк 6:30–32).

Бие даан судлах нь асуултад хариулахад тустай

4, 5. «Шаарддаг» товхимол ямар практик ач холбогдолтой вэ?

4 Бие даан судлахдаа ямар нэг сэдвийг гүнзгийрүүлэн үзэх, ялангуяа хүмүүсийн чин сэтгэлийн асуултад хариулах зорилгоор Библи ойлгоход зориулсан янз бүрийн гарын авлага ашиглавал илүү үр дүнд хүрдэг (1 Тимот 1:4; 2 Тимот 2:23). «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» * товхимлоор судалж эхэлдэг сонирхогч олон байдаг. Өнөөдөр энэ товхимол 261 хэлээр хэвлэгдээд байна. Маш энгийн боловч бүхлээрээ Библид үндэслэсэн бөгөөд нарийн зөв мэдлэг агуулдаг. Энэ товхимол жинхэнэ шүтлэгт хамаатай Бурхны шаарддаг зүйлийг богино хугацаанд ойлгоход тусалдаг. Гэхдээ, уг товхимлоор сэдэв болгоныг дэлгэрэнгүй үзэх боломжгүй. Хэрэв суралцагч хүн ямар нэг сэдвийг гүнзгий сонирхож асуувал түүнд туслах илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж болох вэ?

5 Ойлгодог хэлээрээ «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн номын сан»-ийн компакт дисктэй хүн компьютер ашиглан материал хайх өргөн боломжтой. Харин, тийм боломжгүй бол яах вэ? Мэдлэгээ хэрхэн өргөжүүлж, сонирхогчийнхоо асуултад, ялангуяа, Бурхан гэж хэн болох хийгээд Есүс үнэн чанартаа ямар хүн байсан бэ? гэсэн асуултад хэрхэн тодорхой хариулж болохыг мэдэхийн тулд «Шаарддаг» товхимлоос хоёр сэдэв авч үзье (Египетээс гарсан нь 5:2; Лук 9:18–20; 1 Петр 3:15).

Бурхан гэж хэн бэ?

6, 7. а) Бурхны талаар ямар асуулт урган гардаг вэ? б) Нэгэн лам лекц уншихдаа ямар ноцтой алдаа гаргасан бэ?

6 «Бурхан гэж хэн бэ?» гэсэн амин чухал асуултад «Шаарддаг» товхимлын 2-р хичээл хариу өгдөг. Энэ бол үндсэн асуулт юм. Учир нь жинхэнэ Бурхныг мэдэхгүй буюу байдаг гэдэгт эргэлздэг хүн түүнийг шүтэж чадахгүй (Ром 1:19, 20; Еврей 11:6). Гэхдээ, хүмүүс Бурхны талаар маш олон янзын ойлголттой байдаг (1 Коринт 8:4–6). Шашны философи болгон Бурхан гэж хэн бэ гэдэг асуултад өөр өөрийнхөөрөө хариулдаг. Христ шашны ертөнцийн ихэнх нь Бурхныг Гурвал гэж үздэг. АНУ-д нэгэн нэртэй лам «Та Бурхныг мэддэг үү?» гэсэн сэдвээр лекц уншжээ. Гэхдээ, Еврей Судраас хэд хэдэн удаа иш татсан атлаа Бурхны нэрийг нэг ч удаа дурдаагүй байна. Тэрээр Ехова буюу Яхве гэдэг нэрийн оронд тодорхойгүй бөгөөд эзэн биегүй «ЭЗЭН» гэдэг үг ашигласан Библийн орчуулгаас уншсан нь мэдээж.

7 Мөнөөх лам Иеремиа 31:33, 34-өөс иш татахдаа гол санааг нь орхигдуулжээ. Тэрээр: «Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ „ЭЗЭНийг [еврейгээр Еховаг] мэд“ гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно гэж ЭЗЭН [еврейгээр Ехова] тунхаглаж байна» гэж уншсан байна. Түүний ашигласан орчуулгад Ехова гэсэн Бурхны онцгой нэрийг хассан байжээ (Дуулал 83:18, монгол бичгээр, 1838).

8. Бурхны нэр хэрэглэхийн чухлыг юу харуулдаг вэ?

8 Дуулал 8:9-д (ШЕ) Еховагийн нэрийг хэрэглэхийн чухлыг тэмдэглэж: «Өө, бидний Эзэн Ехова, таны нэр дэлхий дахинд юутай сүр жавхлантай вэ!» гэсэн байдаг. Тэгвэл, «Ариун Библи» (МБОХ, 2000)-д: «ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!» гэж орчуулжээ (мөн «King James Verson», «Синодальное издание»-г үзнэ үү). Гэвч, өмнөх өгүүлэлд тэмдэглэснээр бид оюун ухаанаа Бурхны Үгээр гэгээрүүлбэл «Бурхны [тухай] мэдлэг» олж авч чадна. Тэгвэл Бурхны нэр хэрэглэх нь аль хир чухал болох тухай асуултад Библи судлахад зориулсан ямар хэвлэлээс хариу түргэн авч болох вэ? (Сургаалт үгс 2:1–6).

9. а) Бурхны нэр хэрэглэхийн чухлыг тайлбарлахад бидэнд ямар ямар хэвлэл туслах вэ? б) Бурхны нэрийг үл хүндэтгэдгээ олон орчуулагч хэрхэн харуулдаг вэ?

9 Одоогийн байдлаар 69 хэлээр орчуулаад байгаа «Мөнхөд орших Бурхны нэр» * гэдэг нэртэй товхимлыг (мөн «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 3-р бүлэг; «Ехова гэж хэн бэ?» танилцуулгыг монгол хэлээр) үзэж болно. «Бурхны нэр. Түүний утга ба дуудлага» (6—11-р хуудас) гэсэн гарчигтай бүлэгт еврей тетраграмматон (орчуулбал «дөрвөн үсэг» гэсэн утгатай) эртний Еврей Сударт бараг 7 000 удаа гардгийг тодорхой заасан байдаг. Гэвч, иудаизм болон христ шашны ертөнцийн лам хуврагууд, орчуулагчид Библийн ихэнх орчуулгаасаа Бурхны нэрийг санаатайгаар хассан байна. * Хэрэв тэд Бурхныг нэрээр нь дуудахаас татгалздаг юм бол түүнийг таньдаг мэддэг, түүнтэй зүй ёсны харьцаатай байдаг гэж яаж хэлж чадаж байна аа? Бурхны оноосон нэр нь түүний санаа зорилго хийгээд хэн болохыг нь ойлгох замыг нээдэг. Түүнээс гадна, Бурхны нэрийг хэрэглэхгүй юм бол Есүсийн: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» хэмээн хэлсэн загвар залбирлын үнэ цэн юу болж таарах вэ? (Матай 6:9; Иохан 5:43; 17:6).

Есүс Христ гэж хэн бэ?

10. Есүсийн амьдрал болоод үйлчлэлийн талаар хаанаас дэлгэрэнгүй мэдэж болох вэ?

10 «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлын 3-р хичээлийн гарчиг нь «Есүс Христ гэж хэн бэ?» гэж байдаг. Ердөө зургаахан догол мөрд Есүсийн гарал үүсэл болон дэлхийд ирсэн зорилгынх нь тухай товчхон өгүүлсэн буй. Гэхдээ Есүсийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн хүнд Евангелиэс гадна сайн гарын авлага бол 111 хэлээр хэвлэгдээд байгаа «Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн» (англи) гэдэг нэртэй ном юм (мөн «Мэдлэг» номын 4-р бүлэг; «Есүс Христ гэж хэн бэ?» танилцуулгыг монгол хэлээр үзэж болно). Дөрвөн Евангелид үндэслэж бичсэн энэ номд Христийн амьдрал болон сургаалын талаарх мэдээллийг он дарааллаар бүрэн тусгасан байдаг. 133 бүлэгтэй уг ном Есүсийн амьдралд болон үйлчлэх явцад тохиолдсон үйл явдлын тухай өгүүлдэг. Нарийвчлан задалж бичсэн өөр материалийг «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн хоёрдугаар ботийн «Есүс Христ» гэсэн гарчгаас үзэж болно (англи).

11. а) Есүс Христийн тухай Еховагийн Гэрчүүдийн сургаал бусдынхаас юугаараа ялгаатай вэ? б) Библийн ямар зүйлүүд Гурвалын тухай сургаалыг маргаангүйгээр няцаадаг вэ? Энэ тухайд ямар хэвлэл тустай вэ?

11 Христ шашны ертөнцөд Есүсийн тухай маргаан нь түүнийг «Бурхны Хүү» болон «Хүү Бурхан» мөн эсэх дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ маргаан «Католик сүмийн катехизис»-т «Христ шашны итгэл үнэмшлийн гол нууц» гэж нэрлэсэн Гурвалыг тойрон эргэлддэг («Catechism of the Catholic Church»). Христ шашны ертөнцөөс Еховагийн Гэрчүүдийн ялгаатай нь гэвэл Есүсийг Бурхан гэж үздэггүй, харин Бурхнаас гаралтай буюу Бурхны бүтээл гэж итгэдэг. Энэ сэдвийг, 95 хэлээр орчуулсан «Гурвалд итгэх нь зөв үү?» гэдэг товхимолд дэлгэрэнгүй авч үзсэн буй. * Энд, Гурвалын тухай сургаалыг няцаах ач холбогдолтой Библийн олон зүйл иш татсаны дотор Марк 13:32, 1 Коринт 15:24, 28 бий.

12. Өөр ямар асуултад анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

12 Бурхан болон Есүс Христийн талаар дээр авч үзсэн зүйл Библийн үнэнийг мэддэггүй хүмүүст нарийн зөв мэдлэгтэй болоход нь туслахын тулд бие даасан судлалаа хэрхэн явуулах арга замыг зааж өгдөг (Иохан 17:3). Харин, Еховагийн Гэрчүүдийн хурлын гишүүн болоод олон жил болж байгаа хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Нэгэнт Библийн талаар их мэдлэгтэй болчихсон тэдний хувьд Еховагийн Үгийг судлах асуудалдаа тэгтлээ анхаарал хандуулах хэрэг байна уу?

«Анхаарлаа нарийн хандуулах» ёстойн учир юу вэ?

13. Зарим хүн бие даан судлах асуудлаар ямар буруу үзэл бодолтой байж болох вэ?

13 Еховагийн Гэрчүүдийн хурлын гишүүн болоод олон жил болчихсон зарим хүний тухайд христиан замынхаа эхэн үед олж авсан Библийн мэдлэгтээ сэтгэл нь ханах тал байдаг. Хэн нэг нь: «Миний хувьд шинэ хүмүүс шиг их уншиж судлах хэрэг байхгүй. Би Библийг олон дахин уншсан. Бас Нийгэмлэгийн ном хэвлэлийг олон жил уншиж байна» гэж бодож болох юм. Энэ нь «Би олон жил хоол идэж байгаа юм чинь одоо үргэлж идэх гээд байсны шаардлага байхгүй» гэж хэлсэнтэй агаар нэг юм. Эрүүл байж, идэвхтэй ажиллахад чанар сайтай, зөв зохистой бэлтгэсэн хоол унд тогтмол хэрэглэх хэрэгтэй гэдгийг бид мэддэг. Тэгвэл, сүнслэг талаар эрүүл чийрэг байхад сүнслэг сайн хоол унд хичнээн их хэрэгтэй нь ойлгомжтой! (Еврей 5:12–14).

14. Бид яагаад «өөртөө... анхаарлаа нарийн хандуулах» хэрэгтэй вэ?

14 Тийм учраас, бид Библи судалдаг болсоор удсан ч бай, үгүй ч бай бүгдээрээ Паулаас Тимотод өгсөн зөвлөгөөг анхаарах хэрэгтэй. Тэр үед Тимот төлөвшөөд, өндөр хариуцлага хүлээсэн харгалзагч болчихсон байсан билээ. Гэсэн ч Паул: «Өөртөө ба сургаалдаа [«хэрхэн зааж байгаадаа», ШЕ] анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэжээ (1 Тимот 4:15, 16). Паулын зөвлөгөөг тэгтлээ анхаарах шаардлага юу байна вэ? Тэрчлэн, Паул биднийг «Диаволын заль мэх» болон «тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг» тэмцдэг гэж хэлснийг санагтун. Мөн элч Петр, Диавол «хэн нэгнийг залгихаар хайж» байгааг сануулсан. Тэр «хэн нэгэн» нь бидний хэн нь ч байж болно. Бидний сэтгэл дүүрэн буюу маадгар байдал чухам Диаволын хайж байгаа тэр сул газар байж болох юм (Ефес 6:11, 12; 1 Петр 5:8).

15. Бид сүнслэг ямар хамгаалалттай вэ? Түүнийг хэрхэн арчлан тордож болох вэ?

15 Тэгэхлээр, бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Элч Паул: «Бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав» гэж сануулдаг (Ефес 6:13). Энэхүү сүнслэг «зэвсгийн» найдвартай эсэх нь анх эхлээд ямар байснаас нь төдийгүй түүнийг аль хир тогтмол арчлан тордож байгаагаас хамаардаг. Тэгэхлээр «Бурхны бүрэн зэвсэг» гэдэгт Бурхны Үгийн талаарх шинэхэн буюу цаг үеийн мэдлэг орох ёстой. Энэ нь Еховагийн, Үг болон «итгэмжит ухаалаг боолоороо» дамжуулан илчилж байгаа үнэнийг ойлгох ойлголтоо анхаарахын хичнээн чухал болохыг харуулж байна. Библи болон Нийгэмлэгийн ном хэвлэлийг бие даан тогтмол судлах нь сүнслэг «зэвсгээ» арчлан тордоход чухал ач холбогдолтой (Матай 24:45–47; Ефес 6:14, 15).

16. «Итгэлийн бамбайгаа» зохих хэмжээнд байлгахын тулд юу хийж болох вэ?

16 Паул, Сатаны худал ял, тэрслүү сургаалын галт сумыг ойлгон, унтраах чадвартай «итгэлийн бамбайг» бидний хамгаалах зэвсгийн нэгэн чухал хэсэг хэмээн онцолсон (Ефес 6:16). Тийм учраас «итгэлийн бамбайгаа» аль хир найдвартай болохыг шалгаж, түүнийг зохих хэмжээнд байлгаж, бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах нь маш чухал билээ. Жишээ нь, бид өөрсдөөсөө: «„Харуулын цамхаг“ сэтгүүлээр явуулдаг долоо хоног тутмын Библи судлалд би хэрхэн бэлддэг вэ? Цуглаан дээр ул суурьтай хариултаараа „хайр болон сайн үйлсэд... хөхүүлэн урамшуулахын“ тулд материалаа хангалттай сайн судалдаг уу? Иш таталгүй, дурдаад орхисон Библийн зүйлийг уншдаг уу? Цуглаанд идэвхтэй оролцон, бусдыг урамшуулдаг уу?» гэх зэрэг асуултыг асууж болно. Бидний сүнслэг хоол «бор» учраас түүнээс ач тус их хүртэхийн тулд сайн боловсруулах хэрэгтэй (Еврей 5:14; 10:24).

17. а) Бидний сүнслэг байдлыг эвдэн бусниулахын тулд Сатан ямар хор хэрэглэдэг вэ? б) Сатаны хорын ерөндөг гэж юу вэ?

17 Сатан төгс бус хүмүүсийн сул талыг мэддэг бөгөөд маш нарийн заль мэхтэй. Хор хөнөөлтэй нөлөөгөө түгээн тараадаг нэг арга зам нь телевизийн хөтөлбөр, Интернет, видеокино, ном хэвлэл зэргээр порно материал сурталчлах явдал юм. Зарим христиан хамгаалалтаа сулруулан, энэ хорд хордсоноор хуралд эзлэх давуу эрхээ алдаж, тэр байтугай түүнээс ч илүү ноцтой үр дагаварт хүрсэн ажээ (Ефес 4:17–19). Сатаны сүнслэг хорын ерөндөг гэж юу байна вэ? Бид Библийг бие даан тогтмол судалж, цуглаанд явахыг болон Бурхны өгдөг бүрэн зэвсгийг үл тоомсорлож хэрхэвч болохгүй. Энэ бүхний ачаар бид сайн мууг ялгах хийгээд Бурхны үзэн яддаг зүйлийг үзэн ядах чадвартай болдог (Дуулал 97:10; Ром 12:9).

18. Бидний сүнслэг тулалдаанд «Сүнсний сэлэм» хэрхэн тусалдаг вэ?

18 Библи тогтмол судлаад хэвшчихвэл Бурхны Үгийн нарийн зөв мэдлэг бидний хувьд найдвартай хамгаалалт болоод зогсохгүй бид «Сүнсний сэлэм буюу Бурхны үгээр» амжилттай довтлох чадвартай болно. Бурхны үг бол «хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм» (Ефес 6:17; Еврей 4:12). Хэрэв бид энэ «сэлмийг» чадварлаг эзэмшээд сурчихвал, эхэндээ гэм хоргүй юм шиг, тэр байтугай бүр дур булаам санагддаг ч алсдаа Сатаны, үхэлд хүргэх занга болдог хорхой хүргэм зүйлтэй тулгарахдаа түүнийг тас цавчиж чадна. Библиэс олж авсан мэдлэг болон түүнийг ойлгох ойлголт маань ёс бус зүйлээс татгалзаж, сайныг үйлдэхэд бидэнд тусална. Тийм учраас бид өөрсдөөсөө: «Миний „сэлэм“ иртэй юү, эсвэл зэвэнд идэгдэн мохсон уу? Довтолгоонд орохдоо шаардлагатай Библийн зүйлийг санахдаа би ямар вэ?» гэх зэрэг асуултыг асуух хэрэгтэй. Библиэ бие даан тогтмол судалдаг сайн хэвшлээ хадгалж, Диаволыг үргэлж эсэргүүцэцгээе (Ефес 4:22–24).

19. Хэрэв бид бие даасан судлалдаа анхаарлаа хандуулбал ямар ач тус хүртэж болох вэ?

19 Паул: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» хэмээн бичсэн. Хэрэв бид Тимотод хандан бичсэн Паулын үгийг зүрхээрээ хүлээн авбал сүнслэг байдлаа бэхжүүлэхээс гадна үйлчлэх ажлаа илүү үр дүнд хүргэж чадна. Сүнслэг талаар бат бэх ахлагч, туслах үйлчлэгчид хуралд улам илүү ач тус хүргэх бөгөөд бид ч итгэлээрээ бат бэх байх болно (2 Тимот 3:16, 17; Матай 7:24–27).

[Зүүлт]

^ Ер нь «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлоор судалж байгаа шинэ сонирхогч дараа нь «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номоор судалдаг. Товхимол ном хоёрын аль алиныг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан. Энд дурдсан зөвлөгөөнүүд сүнслэгээр өсөхөд саад болдог бэрхшээлүүдийг амжилттай давахад тусална.

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи). «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийг ашиглах боломжтой бол 2-р ботийн «Ехова» гэсэн гарчгаас үзнэ үү.

^ Испани, каталон зэрэг хэлний зарим орчуулгад еврей тетраграмматоныг «Yavé» (Яваа), «Yahveh» (Яава), «Jahvè» (Жаваа), «Jehová» (Каоваа) гэх зэргээр хэрэглэсэн байдаг.

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи).

Та санаж байна уу?

• Бие даасан судлалыг үр өгөөжтэй болгоход ямар ямар нөхцөл байдал тустай вэ?

• Библийн олон орчуулгад Бурхны нэртэй холбоотой ямар алдаа байдаг вэ?

• Гурвалын тухай сургаалыг няцаахын тулд та Библийн ямар ямар зүйл ашиглах вэ?

• Бид христиан замаар олон жил замнаж байгаа ч гэсэн Сатаны заль мэхнээс өөрийгөө хамгаалахын тулд яах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]