Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Үгийг бие даан судлахын жаргал эдлэгтүн

Бурхны Үгийг бие даан судлахын жаргал эдлэгтүн

Бурхны Үгийг бие даан судлахын жаргал эдлэгтүн

«Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно» (ДУУЛАЛ 77:12)

1, 2. а) Тунгаан бодох цаг гаргах хэрэгтэйн учир юу вэ? б) «Тунгаан бодох» хийгээд «цэгнэн бодох» гэж юу гэсэн үг вэ?

 ХРИСТИЙН шавь бидний хувьд Бурхантай тогтоосон харьцаа болон түүнд үйлчилдэг шалтгаан маань нарийн учиртай билээ. Гэвч, өнөөдөр хүмүүсийн ихэнх нь тухтайхан суугаад бодох ч завгүй явдаг болжээ. Бүгд л эд хөрөнгөний хойноос хөөцөлдөж, тансаг хэрэглээ, утгагүй зугаа цэнгэлийг эрхэмлэдэг болсон байна. Ийм дэмий юмнаас бид хэрхэн зайлсхийж болох вэ? Хоол унд идэж уух, унтаж амрах зэрэг чухал зүйлд өдөр бүр тусгай цаг гаргадаг шигээ Еховагийн ажил үйлсийн талаар тунгаан бодох цаг өдөр бүр гаргах хэрэгтэй (Дэд хууль 8:3; Матай 4:4).

2 Та тунгаан бодох цаг хааяа гаргадаг уу? Ер нь тунгаан бодох гэж юу гэсэн үг вэ? Үүнийг нэгэн толь бичигт «ямар нэг зүйлд бодол санаагаа төвлөрүүлж эргэцүүлэх буюу цэгнэн бодох» гэж тодорхойлжээ. «Цэгнэн бодох» гэдэг нь «ямар нэг юмны тухай уужуу тайвуу, нухацтай, гүн гүнзгий эргэцүүлж бодно» гэсэн үг юм. Энэ нь бидний хувьд ямар ач холбогдолтой вэ?

3. Сүнслэг ахиц дэвшил юутай шууд холбоотой вэ?

3 Юуны түрүүнд энэ нь элч Паулаас хамтран зүтгэгч Тимотдоо хандан: «Намайг очтол уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. [...] Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь [«эдгээрийг цэгнэн бод», ШЕ]. Тэдгээрийн дотор бай» хэмээн бичсэн үгийг бидэнд сануулах ёстой. Тийм ээ, Паул Тимотыг ахиж дэвшээсэй хэмээн хүсэн хүлээж байсан бөгөөд тэрхүү дэвшил нь сүнслэг зүйлийг цэгнэн бодохтой шууд холбоотой болох нь дээрх үгнээс харагдаж байна. Өнөөдөр ч гэсэн тийм билээ. Сүнслэг талаараа ахиж дэвшихийн жаргал эдлэхийн тулд бид Бурхны Үгтэй холбоотой зүйлийг «цэгнэн бодож», «тэдгээрийн дотор байх» ёстой (1 Тимот 4:13–15).

4. Еховагийн Үгийг тогтмол цэгнэж бодоход юу тусалдаг вэ?

4 Хэзээ тунгааж бодох нь дээр вэ гэдэг нь танаас өөрөөс тань болон танай гэр бүлд мөрдөгддөг хуваариас хамаарна. Библийн зүйлийг өглөө эрт, «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» (англи) товхимлоос уншдаг цагаараа цэгнэн боддог хүн цөөнгүй байдаг. Дэлхий дахинд, Бетелд үйлчилдэг 20 мянга орчим сайн дурынхан өглөө бүр тухайн өдрийн Библийн зүйлээс 15 минутын турш хэлэлцдэг. Энэ хэлэлцүүлэгт Бетелийн гэр бүлээс цөөхөн хүн тайлбар хэлж оролцдог ч үлдсэн гишүүд нь уншсан, ярьсан зүйлийн талаар цэгнэн боддог юм. Зарим Гэрч ажилдаа очих замдаа Еховагийн Үгийг цэгнэн боддог. Тэд зарим хэлээр байдаг Библи болон «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн бичлэгтэй хуурцаг сонсдог. Тийм бичлэг сонсонгоо гэр орныхоо ажлыг амжуулдаг эзэгтэй ч олон бий. Үнэндээ тэд: «Би ЭЗЭНий үйлсийг санана. Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана. Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно» хэмээн бичсэн дуулалч Асафыг дуурайдаг юм (Дуулал 77:11, 12).

Зөв хандлага сайн үр дүнд хүргэдэг

5. Бие даан судлах нь яагаад чухал бэ?

5 Телевиз, видео болон компьютерийн өнөөгийн эринд хүмүүсийн ном унших нь эрс багассан. Гэхдээ, Еховагийн Гэрчүүдийн дунд ийм юм байх ёсгүй нь ойлгомжтой. Үнэндээ, Библи унших нь Еховатай холбогддог амийн зам юм. Олон мянган жилийн тэртээ Иошуа, Мосегийн оронд Израилийн удирдагч болсон. Еховагийн ивээлийг хүртэхийн тулд Иошуа өөрөө Бурхны Үгийг унших хэрэгтэй байлаа (Иошуа 1:8; Дуулал 1:1, 2). Өнөөдөр ч мөн адил ингэхийг шаарддаг. Гэхдээ, боловсрол багатай зарим хүний тухайд унших нь хэцүү, залхуутай юм шиг санагдаж болох юм. Тэгвэл, Бурхны Үгийг уншиж, судлах хүсэлтэй болоход юу туслах вэ? Үүний хариуг Сургаалт үгс 2:1–6-д бичсэн Соломон хааны үгнээс олж болно. Библиэ нээгээд эдгээр зүйлийг уншицгаая. Дараа нь эдгээрийг хамтдаа шүүн хэлэлцье.

6. Бид Бурхны тухай мэдлэгт яаж хандах ёстой вэ?

6 Энэ сургаал: «Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж, цээжээ тунгаан бодох [«ялгах чадвар», ШЕ] уруу хандуулдаг бол...» гэсэн үгээр эхэлдэг (Сургаалт үгс 2:1, 2). Эндээс юу мэдэж болох вэ? Бид дор бүрнээ Бурхны Үгийг судлах үүрэгтэй. «Хэрэв чи миний хэлэхийг хүлээн авбал» гэсэн нөхцөл байгааг анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн ихэнх нь Бурхны Үгийг анхаардаггүй учраас энд «хэрэв» гэдэг үгийг ихэд онцолжээ. Библи судалж, жаргал эдлэхийн тулд бид Еховагийн үгийг дуртайяа «хүлээн авч», түүнийг алдаж боломгүй эрдэнэ мэт үзэх ёстой. Өдөр тутмын амьдралын асуудал биднийг Бурхны Үгэнд хайхрамжгүй хандахад, тэр байтугай эргэлзэхэд хүртэл эзэмдэх юм уу анхаарлыг маань сарниулах шалтгаан болох ёсгүй (Ром 3:3, 4).

7. Бид боломжоо дайчлан цуглаанд очиж, анхааралтай байх хэрэгтэйн учир юу вэ?

7 Цуглаан дээр Бурхны Үгийг тайлбарлах үед бид үнэхээр «анхааран» сонсдог уу? (Ефес 4:20, 21). «Цээжээ ялгах чадвар уруу хандуулдаг» уу? Илтгэгч туршлага багатай байж болно. Гэхдээ, түүнийг Бурхны Үгнээс ярьж байгаа үед онцгой анхаарах ёстой. Бид Еховагийн мэргэн ухаанд анхаарлаа хандуулахын тулд цуглаануудад боломжоо дайчлан очих хэрэгтэй нь ойлгомжтой (Сургаалт үгс 18:1, ШЕ). МЭ 33 оны Пентекостын өдрөөр Иерусалимын нэгэн байшингийн дээд давхарт болсон цуглааныг тасалсан хүн хожим хэрхэн харууссаныг төсөөлөгтүн! Манай цуглаанууд дээр тэр үед болсон шиг шуугиан тарьсан үйл явдал болдоггүй ч бид үндсэн сурах бичиг болох Библиэ судалдаг юм. Тэгэхлээр, илтгэгчийн үг яриаг анхааралтай сонсож, Библитэйгээ тулган нягтлах аваас цуглаан болгон бидэнд сүнслэг ашиг өгнө (Үйлс 2:1–4; Еврей 10:24, 25).

8, 9. а) Бурхны Үгийг бие даан судлах нь биднээс юу шаарддаг вэ? б) Алт, Бурхны тухай мэдлэгийг ойлгох чадвар хоёрын үнэ цэнийг та хэрхэн харьцуулах вэ?

8 Мэргэн ухаант хаан цааш нь: «Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын [«ойлгох чадварын», ШЕ] төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол...» гэж хэлжээ (Сургаалт үгс 2:3). Эдгээр үг бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ? Еховагийн Үгийг ойлгох гэсэн чин хүсэл төрүүлэх нь мэдээж! Дээрх үгэнд, Еховагийн хүсэл таалал гэж юу болохыг ялган ойлгож, ухаарахын тулд судлахад бэлэн байх тухай санаа байгаа юм. Үүнд мэдээжээр хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд энэ нь Соломоны дараах үг болон иш татсан жишээнээс харагддаг (Ефес 5:15–17).

9 Соломон цааш үргэлжлүүлэн: «Хэрэв чи түүнийг [ойлгох чадварыг] цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол...» хэмээн хэлсэн (Сургаалт үгс 2:4). Эдгээр үгийг сонсоход алт мөнгө гэх мэтийн үнэт металл хайн олборлодог ажилчдын олон зууны хөдөлмөр бүтээл санаанд буудаг. Хүмүүс алтны төлөө бие биеэ хөнөөж байв. Түүнийг эрж хайхад хамаг амьдралаа зориулсан хүн ч цөөнгүй. Тэгвэл алтны жинхэнэ үнэ цэн нь юү вэ? Хэрэв та элсэн цөлд төөрөөд хатаж үхдэгийн даваан дээр тулж очсон байлаа гэхэд алтан ембүү, аяга ус хоёрын алийг илүүд үзэх вэ? Гэвч, үнэ цэн нь тогтворгүй алтны хойноос хүмүүс яаж үхэн хатан хөөцөлддөг билээ дээ! * Тэгвэл мэргэн ухаан, ялгах чадвар, мөн Бурхныг болон түүний хүсэл тааллыг ойлгож мэдэхийн төлөө бүр ч их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй нь ойлгомжтой! Гэвч, ингэж хүчин зүтгэл гаргахын ач тус юу байх вэ? (Дуулал 19:7–10; Сургаалт үгс 3:13–18).

10. Хэрэв бид Бурхны Үгийг судалбал юу олж авч болох вэ?

10 Соломон цааш үргэлжлүүлэн: «ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурхны [тухай] мэдлэгийг олж авна» хэмээн тайлбарлажээ (Сургаалт үгс 2:5). Нүгэлт хүмүүс бид орчлонт ертөнцийн «хэмжээгүй эрхт Эзэн» (ШЕ) Ехова «Бурхны тухай мэдлэгийг» олж авч болох нь юутай гайхалтай санаа вэ! (Дуулал 73:28; Үйлс 4:24). Энэ ертөнцийн гүн ухаантнууд болон мэргэд хэмээгдсэн хүмүүс амьдрал хийгээд орчлонт ертөнцийн нууцыг тайлах гэж олон зууны турш мэрийсэн. Гэвч тэд «Бурхны тухай мэдлэгийг» олж авч чадаагүй. Яагаад гэвэл энэ мэдлэг Бурхны Үг буюу Библид олон мянган жилийн турш ил тод байсаар байсан хэдий ч тэд үүнийг хэтэрхий энгийн зүйл гэж үзэн, үл ойшоодог учраас түүнийг хүлээн авч, ойлгож чаддаггүй (1 Коринт 1:18–21).

11. Бие даан судлахын ач холбогдол юу вэ?

11 Соломон: «ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан [«ялгах чадвар», ШЕ] хийгээд мэдлэг гардаг» хэмээн нэгэн чухал зүйлийг онцлон тэмдэглэсэн (Сургаалт үгс 2:6). Ехова эдгээрийг эрж хайхыг хичээдэг хүмүүст мэргэн ухаан, мэдлэг хийгээд ялгах чадварыг дуртайяа, элбэг дэлбэг өгдөг. Бурхны Үгийг бие даан судлахад хүчин зүтгэл, хувийн сахилга бат болон цаг зав, хүсэл тачаалаа золиослох шаардлагатай ч түүнийг эрхэмд үзэх бүрэн үндэс бидэнд бий. Наад зах нь гэхэд л бид машинаар хэвлэчихсэн Библитэй болохоор дээр үеийнх шиг гараар хуулж авах шаардлага гардаггүй! (Дэд хууль 17:18, 19).

Еховад «зохистойгоор явах» нь

12. Бид ямар шалтгаанаар Бурхны тухай мэдэлэгтэй болохыг эрмэлзэх ёстой вэ?

12 Бидэнд бие даан судлах ямар шалтгаан байдаг вэ? Бусдаас илүү болж харагдахын тулд уу? Эсвэл мэдлэгээрээ гайхуулах гэж үү? Аль эсвэл Библийн «амьд нэвтэрхий толь» болох зорилгоор уу? Үгүй ээ. Бидний зорилго бол ажил хэрэгч христиан байж, Христ хүмүүсийг «сэргээдэг» байсан шиг бусдад цаг ямагт дуртайяа тусалдаг байх явдал юм (Матай 11:28–30, ШЕ). Элч Паул: «Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж» хэмээн сэрэмжлүүлсэн (1 Коринт 8:1). Тэгэхлээр бид Мосе шиг даруу байх ёстой. Мосе Еховад хандан: «Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм» гэж хэлсэн билээ (Египетээс гарсан нь 33:13). Тийм ээ, бид хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд бус, Бурханд таалагдахын тулд мэдлэгийг хүсэх ёстой. Бид Бурханд зохистой, даруу үйлчлэгчид байхыг хүсдэг. Энэ зорилгод хэрхэн хүрч болох вэ?

13. Бурхны зохистой үйлчлэгч болохын тулд юу хэрэгтэй вэ?

13 Паул, Бурханд хэрхэн таалагдах талаар: «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» хэмээн Тимотод зөвлөсөн (2 Тимот 2:15). «Зөв заах» гэж орчуулсан грек нийлмэл үйл үгийн үндсэн утга нь «шулуун зүсэх» гэсэн санааг илэрхийлдэг ажээ («Kingdom Interlinear»). Зарим судлаач, энэ үйл үгийг бөс даавууг үлгэрээр эсгэх, тариалангийн талбайд шан татах гэх мэтэд хэрэглэж болно гэдэг. Ямар ч тохиолдолд эцсийн үр дүн нь зөв байх ёстой. Тэгэхлээр, Тимот Бурханд зохистой бөгөөд сайшаал хүлээсэн үйлчлэгч байхын тулд үнэний үгийн дагуу «зааж», биеэ авч явахыг «хичээх» ёстой байжээ (1 Тимот 4:16, ШЕ).

14. Бие даасан судлал бидний үг яриа, үйл хэрэгт хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

14 Паул, Колоссай хотын итгэл нэгтнүүддээ «Эзэнд [«Еховад», ШЕ] зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаж, ...аливаа сайн ажилд үр дүн гарган, Бурхны жинхэнэ мэдлэгээр өсөгтүн» хэмээн уриалахдаа дээрх санааг мөн илэрхийлсэн (Колоссай 1:10). Паул энд Еховад зохистой явахыг «аливаа сайн ажилд үр дүн гаргаж, Бурхны жинхэнэ мэдлэгээр өсөхтэй» холбожээ. Өөрөөр хэлбэл, мэдлэгийг хир зэрэг үнэлдэг маань төдийгүй, Бурхны Үгийг үйл хэрэг, үг яриандаа яаж чанд сахин мөрддөг маань Еховад чухал ажээ (Ром 2:21, 22). Энэ нь хэрэв бид Бурханд таалагдахыг хүсэж байгаа бол бие даасан судлал маань бидний бодол санаа, үйл хэрэгт нөлөөлөх ёстой гэсэн үг юм.

15. Оюун ухаан, бодол санаагаа хэрхэн хамгаалж, хянаж болох вэ?

15 Өнөөдөр, Сатан оюун ухааны тулааныг дэвэргэх замаар сүнслэг байдлыг маань эвдэн бусниулахыг хичээдэг (Ром 7:14–25). Тийм учраас, Ехова Бурхандаа зохистой явахын тулд бид оюун ухаан болон бодол санаагаа хамгаалж, хянах ёстой. Бидний зэвсэг бол «ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулах» чадвартай «Бурхны [тухай] мэдлэг» юм. Энэ нь Библийг өдөр бүр судлахад анхаарлаа хандуулах гол шалтгаан болдог бөгөөд бид оюун ухаанаасаа аминч үзэл, махан биеийн бодол санаануудаа зайлуулахыг хүсдэг билээ (2 Коринт 10:5).

Ойлгоход туслах гарын авлагууд

16. Еховаг заах үед ач тусыг хэрхэн хүртэж болох вэ?

16 Еховагийн сургаал бол ямар ч үр шимгүй, шашны хийсвэр номлол биш, сүнслэг болоод бодитой ач тус өгдөг амьд сургаал юм. Библид: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж байдаг (Исаиа 48:17). Ехова биднийг өөрийнхөө ач тустай замаар хэрхэн хөтөлдөг вэ? Юуны түрүүнд бид түүний онгодоор бичүүлсэн Үг буюу Библитэй билээ. Энэ бол бидний ширээний ном болсон гол сурах бичиг маань юм. Цуглаан дээр ярьж байгаа зүйлийг Библиэ нээгээд тулган харахыг зөвлөдгийн учир энэ буюу. Үүний ач холбогдлыг «Үйлс» номын 8-р бүлэгт тэмдэглэсэн этиоп тайган амбанд тохиолдсон явдал харуулдаг.

17. Этиоп тайган амбанд юу тохиолдсон бэ? Энэ нь юу гэсэн үг вэ?

17 Этиоп тайган амбан бол иудейн шашинд орсон, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, Судрыг судалдаг нэгэн байлаа. Тайган амбаныг тэргэн дотроо Исаиагийн зөгнөл уншаад явж байхад нь Филип түүнийг гүйцэж очоод: «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» гэж асуужээ. Тайган амбан юу гэж хариулсан бэ? «„Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?“ гээд Филипийг тэргэндээ урьж суулгав». Тэгээд ариун сүнсээр хөтлүүлсэн Филип Исаиагийн зөгнөлийг ойлгоход нь тайган амбанд туслажээ (Үйлс 8:27–35). Энэ юу гэсэн үг вэ? Хүн Библийг өөрөө бие даан унших нь хангалтгүй гэдгийг харуулж байна. Ехова ариун сүнсээрээ «итгэмжит ухаалаг боолын» ангийг удирдан, Үгийг нь зохих цагт нь ойлгоход бидэнд тусалдаг. Яаж тусалдаг вэ? (Матай 24:45–47; Лук 12:42).

18. «Итгэмжит ухаалаг боол» бидэнд хэрхэн тусалдаг вэ?

18 Есүс «боолын» ангийг «итгэмжит ухаалаг» гэж тодорхойлсон хэдий ч алдаа гаргахгүй гэж хэлээгүй. Тослогдсон үнэнч христиануудын энэ бүлэг ялгаагүй төгс бус хүмүүсээс бүрддэг. Хэдийгээр тэд хамаг хүчээрээ чармайдаг ч нэгдүгээр зууны христианууд шиг заримдаа алддаг (Үйлс 10:9–15; Галат 2:8, 11–14). Гэхдээ, тэдний бодол санаа цэвэр ариун байдаг бөгөөд Бурхны Үг болон амлалтад итгэх итгэлийг маань бэхжүүлэх ач холбогдолтой, Библи судлахад зориулсан гарын авлагаар хангахын тулд Ехова тэднийг ашигладаг. Бие даан Библи судлахад зориулж «итгэмжит ухаалаг боолын» гаргасан гол гарын авлага бол «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга» юм. Одоогийн байдлаар энэ орчуулгыг хэд хэдэн удаагийн хэвлэлээр, бүтнээр болон хэсэгчлэн 42 хэлээр, 114 сая хувь хэвлээд байна. Бие даан судлахдаа түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ? (2 Тимот 3:14–17).

19. «Шинэ ертөнцийн тайлбартай орчуулга»-д бие даасан судлалд маань тусалж болохоор зарим ямар онцлог байдаг вэ?

19 Жишээ болгон «Шинэ ертөнцийн тайлбартай орчуулга»-ыг авч үзье. Уг орчуулгад лавлах багана, зүүлт, «Библийн үгсийн товьёог», «Зүүлт үгсийн товьёог», 43 сэдвийг дэлгэрэнгүй тусгасан хавсралт, зураг болон хүснэгт бий. Мөн «Оршил»-д Библийн энэхүү хосгүй орчуулгыг бүтээхэд ашигласан олон тооны эх материалын талаар өгүүлсэн буй. Хэрэв танд энэ орчуулга мэддэг хэлээр тань байгаа бол боломжоо дайчлан, тэдгээрийн өвөрмөц онцлогтой нь танилцаж, бие даан судлахдаа ашиглаарай. Ямар ч байсан Библи бол бидний судлалын үндсэн материал бөгөөд «Шинэ ертөнцийн орчуулга» нь Бурхны Хаанчлалын захиргаанд анхаарал хандуулахын зэрэгцээ Бурхны нэрийн ач холбогдлыг зохих ёсоор онцолсон юм (Дуулал 149:1–9, ШЕ; Даниел 2:44; Матай 6:9, 10).

20. Бие даасан судлалтай холбоотой ямар ямар асуулт хариу шаардаж байна вэ?

20 Библийг ойлгоход өөр ямар тусламж хэрэгтэй вэ? Бие даан судлахад зориулж, цаг яаж гаргах вэ? Яаж илүү үр өгөөжтэй судлах вэ? Судлал маань бусдад хэрхэн нөлөөлөх ёстой вэ? Төлөвшсөн христиан болоход маань нөлөөтэй эдгээр чухал асуудлыг дараагийн өгүүллээр авч үзнэ.

[Зүүлт]

^ 1979 оноос хойш нэг грамм алтны үнэ 1980 онд 27,33 доллар буюу хамгийн дээд цэгтээ, харин 1999 онд 8,13 доллар буюу хамгийн доод цэгтээ хүрч хэлбэлзжээ.

Та санаж байна уу?

• «Тунгаан бодох» хийгээд «цэгнэн бодох» гэж юу гэсэн үг вэ?

• Бурхны Үгийг судлахад бид хэрхэн хандах ёстой вэ?

• Бие даан судлахын гол шалтгаан юу вэ?

• Библи ойлгоход тус болох ямар ямар гарын авлага байна вэ?

[Догол мөрийн асуулт]