Skip to content

Гарчиг руу орох

Таны итгэл хэр бат бэх вэ?

Таны итгэл хэр бат бэх вэ?

Таны итгэл хэр бат бэх вэ?

«Та нар итгэлээрээ бат зогсдог» (2 КОРИНТ 1:24).

1, 2. Итгэлтэй байх ёстойн учир юу вэ? Яавал итгэл бат бэх болдог вэ?

 ЕХОВАГИЙН үйлчлэгчид итгэлтэй байх ёстойгоо мэддэг. Үнэндээ ч, «итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй юм» (Еврей 11:6). Итгэл бол ариун сүнсний сэтгэл татам үр жимсний нэг хэсэг билээ. Тиймээс итгэлтэй болохын тулд Бурхны үйлдэх хүчийг гуйн залбирах нь ухаалаг хэрэг (Лук 11:13; Галат 5:22, 23). Тэрчлэн, итгэл нэгтнүүдийнхээ итгэлийг дуурайвал бид энэ чанарыг бэхжүүлж чадна (2 Тимот 1:5; Еврей 13:7).

2 Бүх христиан хүнд тавьдаг Бурхны шаардлагыг үргэлж баримталдаг бол итгэл маань илүү бэхэжнэ. Түүнчлэн, Библийг өдөр бүр уншиж, «итгэмжит... нярвын» өгдөг хэвлэлийн тусламжтайгаар нямбай судалсны дүнд бат итгэлтэй болдог (Лук 12:42–44; Иошуа 1:7, 8). Бид цуглаан, чуулганд тогтмол очиж, бие биеийнхээ итгэлээр урамшин зоригждог (Ром 1:11, 12; Еврей 10:24, 25). Дэлгэрүүлэх ажил хийн, хүмүүстэй ярилцахад итгэл маань бас бэхэждэг (Дуулал 145:10–13; Ром 10:11–15).

3. Биднийг итгэлээ бэхжүүлэхэд халамжит ахлагчид хэрхэн тусалдаг вэ?

3 Халамжит ахлагчид бидэнд Библид үндэслэсэн зөвлөгөө өгч, урамшуулан зоригжуулж, итгэлээ бэхжүүлэхэд тусалдаг. Тэд, элч Паулаас коринтчуудад хандан: «Бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог» хэмээн хэлсэнтэй адил санаа өвөрлөн явдаг (2 Коринт 1:23, 24). Өөр нэг орчуулгад: «Бид... та нарын баярын төлөө та нартай хамт ажиллагч мөн. Юу гэвэл та нар одоо бат итгэж байна» гэж буулгажээ (ШГ). Зөвт хүмүүс итгэлээр амьдардаг. Бид л өөрсдөө хичээхгүй бол, бидний өмнөөс итгэх юм уу, биднийг Бурханд үнэнч хүн болгох хэн ч байхгүй нь ойлгомжтой. Энэ үүднээс бид «өөрсдийн ачааг үүрэх» ёстой (Галат 3:11; 6:5).

4. Бурхны үнэнч үйлчлэгчдийн тухай Библийн түүх итгэлээ бэхжүүлэхэд хэрхэн туслах вэ?

4 Бурханд итгэдэг байсан хүний жишээ Библид олон байдаг. Бид тэдний хийсэн гайхамшигтай үйлсээс олныг мэддэг байж болох юм. Харин амьдралынхаа турш өдөр бүр итгэлээ хэрхэн илэрхийлж байсныг нь мэддэг бил үү? Биднийхтэй адил нөхцөл байдалд тэд энэ чанарыг хэрхэн илэрхийлж байсныг эргэцүүлэн бодвол итгэлээ бэхжүүлэхэд тус болно.

Итгэл биднийг зоригжуулдаг

5. Бурхны үгийг эрэлхэгээр тунхаглахад итгэл тусалдаг гэдгийг Библи яаж харуулдаг вэ?

5 Бурхны Үгийг зоригтой тунхаглахад итгэл тусалдаг. Ехова муу хүмүүсийг шүүнэ гэж Енох эрэлхэгээр зөгнөж байсан. Тэрээр: «Харагтун. Эзэн [«Ехова», ШЕ] мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бус хүнийг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтний Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» гэж хэлсэн (Иуда 14, 15). Ийм үг сонсоод ёс бус дайснууд нь түүнийг алахыг хүссэн нь лавтай. Гэхдээ Енох итгэлийнхээ ачаар айлгүй ярьсан бөгөөд Бурхан түүнийг «авч явсан» буюу үхлийн нойроор унтуулсан нь зовлон шаналгааг амсуулахгүй гэсэн хэрэг бололтой (Эхлэл 5:24; Еврей 11:5, МАБ). Бидэнд ийм гайхамшиг тохиолддоггүй ч Ехова биднийг, үгийг нь итгэлтэй, зоригтой дэлгэрүүлэг гэсэндээ залбиралд маань хариулдаг (Үйлс 4:24–31).

6. Бурхны өгдөг итгэл, эр зориг Ноад хэрхэн тусалсан бэ?

6 Итгэлийнхээ ачаар Ноа «гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг... бэлдсэн» (Еврей 11:7; Эхлэл 6:13–22). Түүнээс гадна, Бурхны ялыг үе тэнгийнхэндээ эрэлхэгээр мэдэгддэг «зөвт байдлыг тунхаглагч» байсан билээ (2 Петр 2:5). Өнөөгийн эд юмсын тогтолцоо удахгүй устана гэдгийг Библийн баталгаагаар харуулсаар атал зарим хүн тохуурхдаг шиг, түүнийг Усан галав болох тухай ярихад, тэд ч бас тохуурхсан биз ээ (2 Петр 3:3–12). Енох Ноа нарын адилаар бид Бурхны өгдөг итгэл, эр зоригийн ачаар тийм мэдээг ч хүргэж чаддаг.

Итгэл биднийг тэвчээртэй болгодог

7. Абрахам болон бусад хүн итгэл болон тэвчээрээ хэрхэн харуулсан бэ?

7 Бидэнд итгэл, тэвчээр хэрэгтэй. Ялангуяа энэхүү ёс бус тогтолцооны төгсгөлийг хүлээж байгаа одоо үед бүр ч хэрэгтэй. «Итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөх хүмүүсийн» дунд Бурхнаас эмээдэг патриарх Абрахам байдаг (Еврей 6:11, 12). Итгэлээр тэр Ур хотыг сайн бүхэнтэй нь орхиж, Бурхнаас өөрт нь өгнө гэж амласан нутагт харийн хүн болсон. Исаак Иаков хоёр ч адилхан амлалтыг хамтран өвлөгч байсан. Гэхдээ «тэд бүгд амлалтууд [биелэхийг] хүлээж авалгүй, ...итгэл дотор нас барсан билээ». Тэд итгэлээрээ «илүү дээр газар буюу тэнгэрийнх уруу тэмүүлж» байв (ШЕ). Тийм ч учраас Бурхан «тэдний төлөө хотыг бэлджээ» (Еврей 11:8–16). Тийм ээ, Абрахам, Исаак, Иаков болон Бурхнаас эмээдэг гэргий нар нь Бурхны тэнгэрийн Хаанчлалыг тэвчээртэй хүлээсэн. Энэхүү Хаанчлалын үед тэд дэлхий дээр дахин амилна.

8. Абрахам Исаак Иаков нар юуг үл харгалзан итгэсээр, тэвчсээр байсан бэ?

8 Абрахам Исаак Иаков нар итгэлээ алдаагүй. Тэд Амласан газрыг мэдэлдээ авч, «бүх үндэстэн [Абрахамын] үрээр дамжин ивээл хүртэхийг» (ШЕ) ч үзээгүй. (Эхлэл 15:5–7; 22:15–18). Бурхны барих «хот» олон зууны дараа бодит биеллээ олох байсан ч энэ хүмүүс амьдралынхаа туршид итгэсээр, тэвчсээр байсан. Тэгвэл Мессиагийн Хаанчлал тэнгэрт бодитой захирч байгаа өнөө үед бид ч гэсэн тийм байх ёстой нь ойлгомжтой (Дуулал 42:5, 11; 43:5).

Итгэл биднийг эрхэм зорилготой болгодог

9. Итгэл биднийг ямар зорилготой болгодог вэ?

9 Үнэнч патриархууд илүү эрхэм зорилготой байсан учир канаанчуудын ёс суртахуунгүй амьдралын хэв маягт автаагүй юм. Итгэл биднийг сүнслэг зорилготой, мөн «муу нэгэн» буюу Сатан Диаволын эрхэнд буй ертөнцөд уусахгүй байх чадвартай болгодог (1 Иохан 2:15–17; 5:19).

10. Иосеф ертөнцөд нэр алдар олохоос илүү эрхэм зорилготой байсныг бид хаанаас мэдэж болох вэ?

10 Бурхны удирдлагаар Иаковын хүү Иосеф Египетэд хоол хүнс хариуцсан албан тушаалтан болсон. Гэхдээ энэ ертөнцөд агуу хүн болох явдал түүний зорилго байгаагүй. Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгэдэг байсан Иосеф 110 настайдаа ах дүү нартаа: «Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна» гэж хэлсэн. Иосеф өөрийг нь тэр амласан газар оршуулахыг гуйсан. Түүнийг нас барахад биед нь гүгэл хийж, Египетэд авсалжээ. Гэхдээ израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөгдөхөд зөнч Мосе Иосефийн ясыг Амласан газар оршуулахаар авч явсан (Эхлэл 50:22–26; Египетээс гарсан нь 13:19). Иосефийнх шиг итгэл биднийг ертөнцөд нэр алдар олохоос илүү эрхэм зорилготой байхад хөтлөх ёстой (1 Коринт 7:29–31).

11. Мосе сүнслэг зорилготой байснаа хэрхэн баталсан бэ?

11 Мосе Египетийн хааны ургийн хүн болж, өндөр боловсрол эзэмшиж, нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр» гэж үзсэн (Еврей 11:23–26; Үйлс 7:20–22). Үүний төлөө тэрээр ертөнцийн нэр хүндээс, магадгүй, Египетийн аль нэгэн алдартай бунханд гоёж чимсэн авсан дотор нойрсохоос татгалзсан. Гэхдээ энэ бүхэн «Бурхны хүн», Хуулийн гэрээний зууч, Еховагийн зөнч, Библийн бичээч байх аз завшаантай харьцуулбал юу билээ? (Езра 3:2). Та ертөнцөд нэр хүндтэй алба хашихыг хүсдэг үү? Эсвэл итгэлийнхээ ачаар илүү эрхэм сүнслэг зорилготой болсон уу?

Итгэл сэтгэл хангалуун амьдралд хүргэдэг

12. Итгэл Рахабын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

12 Итгэл хүнийг эрхэм зорилготой болгоод зогсохгүй сэтгэл хангалуун амьдралд хүргэдэг. Иерихо хотын янхан эмэгтэй Рахаб амьдрал нь утга учиргүй болохыг ухаарсан байх учиртай. Гэхдээ Бурханд итгэдгээ үйл хэргээрээ харуулаад амьдрал нь үнэхээр их өөрчлөгдсөн! Тэрээр «[Израилийн] элч нарыг хүлээн авч», канаанчууд буюу дайснуудаас нь зугтаалгахын тулд «тэднийг ондоо замаар явуулахдаа [итгэлийн] үйлсээрээ... зөвтгөгдсөн» (Иаков 2:24–26). Үүний зэрэгцээ, Рахаб Еховаг жинхэнэ Бурхан гэж хүлээн зөвшөөрөөд, янхан эмийн амьдралаа орхисноороо итгэлээ харуулсан (Иошуа 2:9–11; Еврей 11:30, 31). Тэрээр Еховад итгэдэггүй канаан хүнтэй бус, Еховагийн үйлчлэгчтэй гэр бүл болсон аж (Дэд хууль 7:3, 4; 1 Коринт 7:39). Мессиагийн элэнц эх болох хүндтэй хувь түүнд тохиожээ (Шастирын дээд 2:3–15; Рут 4:20–22; Матай 1:5, 6). Рахаб бусад олон хүний, тэр дундаа садар самуун амьдралаа орхисон хүмүүсийн адилаар бас нэг шагнал хүртэнэ. Тэр нь диваажин дэлхийд дахин амилах явдал юм.

13. Давид Батшебатай ямар нүгэл үйлдсэн бэ? Гэсэн ч тэр ямар хандлагатай байсан бэ?

13 Рахаб нүгэлт амьдралаа өөрчилснийхөө дараа зөв замаасаа хазайгаагүй нь илэрхий. Гэтэл Бурханд олон жил үйлчилсэн хүмүүсийн зарим нь ноцтой нүгэл үйлдэж байсан. Тухайлбал, Давид хаан Батшебатай завхайрч, нөхрийг нь тулаанд алуулаад, дараа нь түүнийг эхнэрээ болгосон (2 Самуел 11:1–27). Давид ихэд гашуудан, нүглээ гэмшихдээ Еховагаас: «Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач» гэж гуйсан. Давид Бурхны сүнсийг алдаагүй. Ехова өөрийг нь өрөвдөн, «эмтэрсэн, гэмшсэн зүрхийг» нь жигшихгүй гэж итгэж байсан (Дуулал 51:11, 17; 103:10–14). Давид Батшеба хоёр итгэлийнхээ ачаар Мессиагийн удам сударт багтах ивээл хүртсэн (Шастирын дээд 3:5; Матай 1:6, 16; Лук 3:23, 31).

Итгэл Бурхан тусалж дэмждэгийн баталгаагаар бэхэждэг

14. Гидеон ямар баталгаа авсан бэ? Энэ явдал бидний итгэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

14 Бид итгэлээр явдаг ч Бурхан тусалж дэмждэгийн баталгаа бидэнд заримдаа хэрэгтэй байдаг. «Итгэлээр хаанчлалуудыг эзэлсэн» хүмүүсийн нэг болох шүүгч Гидеоны хувьд ч тийм байсан (Еврей 11:32, 33). Мидианчуудыг холбоотнуудтайгаа Израиль уруу дайрахад Бурхны сүнс Гидеон дээр буув. Еховаг өөртэй нь хамт байгаа эсэхийн баталгаа авахыг хүссэн тэрээр үтрэмийн шалан дээр хэсэг ноос хонуулан шалгаж үзжээ. Эхний удаад зөвхөн ноосон дээр шүүдэр бууж, газар нэлдээ хуурай үлджээ. Харин хоёр дахь удаад эсрэгээр болов. Хашир Гидеон эдгээр баталгааг аваад итгэл нь бэхжиж, Израилийн дайснуудыг бут цохижээ (Шүүгчид 6:33–40; 7:19–25). Хэрэв шийдвэр гаргахдаа Еховагийн тусламж дэмжлэгийн баталгаа авахыг хүсдэг бол энэ нь итгэл дутсан хэрэг биш ээ. Харин ч Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээс зөвлөгөө хайж, ариун сүнсний удирдлага гуйн залбирдаг маань итгэлтэйгээ харуулж байгаа хэрэг юм (Ром 8:26, 27).

15. Баракийн итгэлийн тухай эргэцүүлэн бодох нь бидэнд ямар тустай вэ?

15 Ехова шүүгч Баракт туслахаа батлан илэрхийлж, урамшуулан зоригжуулахад итгэл нь бэхэжсэн. Зөнч эмэгтэй Дебора Баракт израильчуудыг Канааны хаан Иабины дарлалаас чөлөөлөх санаачлага гаргах урам зориг өгчээ. Барак итгэл болон Бурхан тусалж дэмжинэ гэсэн баталгаагаар, зэр зэвсэг барагтайхан 10 000 хүнээ дагуулан тулаанд явж, Сисерагийн тэргүүлсэн Иабины агуу хүчирхэг армийг ялжээ. Энэхүү ялалтыг Дебора Барак хоёр сэтгэл хөдөлгөм дуундаа магтжээ (Шүүгчид 4:1–5:31). Дебора Баракт Бурхны томилсон Израилийн удирдагч болох урам хайрлаж, харин Барак итгэлээр «харийн дайчдыг буулган авч байсан» Еховагийн үйлчлэгчдийн нэг болсон (Еврей 11:34). Хэрэв бид Еховагийн өмнө хэцүү даалгавар биелүүлэхдээ эргэлзэж байвал Бурхан Баракийг итгэлээрээ үйл бүтээсний төлөө хэрхэн шагнасныг эргэцүүлэн бодвол урам зориг орно.

Итгэл амар тайвныг хөгжөөдөг

16. Абрахам Лоттой амар тайван байхыг хичээхдээ ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

16 Итгэл Бурхны өмнө хэцүү даалгавар биелүүлэхэд тусалдаг шигээ амар тайвныг хөгжөөдөг буюу хүмүүстэй сайн харьцаатай байхад тусалдаг. Абрахам Лот хоёрын малчид муудалцаж, салж явахаас аргагүйд хүрэхэд Абрахам насаар ах хэдий ч ач дүүгээ сайн бэлчээр сонгохыг зөвшөөрдөг (Эхлэл 13:7–12). Энэ бэрхшээлийг шийдэхэд Бурхан тусална гэж Абрахам итгэн залбирсан байх учиртай. Тэрээр хувийнхаа ашиг сонирхлыг нэгдүгээрт тавилгүй, асуудлыг амар тайвнаар шийджээ. Хэрэв бид христиан ах дүүтэйгээ зөрчилдвөл хайрын сэтгэлээр шийдвэр гаргасан Абрахамын жишээг санаж, итгэлээрээ залбирч, «амар тайвныг хайцгаая» (1 Петр 3:10–12).

17. Паул, Барнаб болон Марктай холбоотой зөрчлөө амар тайвнаар шийдсэн гэж хэлж болохын учир юу вэ?

17 Христиан зарчмуудыг итгэлтэйгээр хэрэгжүүлэх нь амар тайвныг хөгжөөхөд яаж тусалдгийг авч үзье. Паул миссионерын хоёр дахь аяллаа эхлэх гэж байхдаа Барнабт, Кипр болон Бага Азийн хурлуудыг хамтдаа дахин эргэх санал тавихад зөвшөөрдөг. Гэтэл Барнаб үеэл Маркаа авч явахыг хүсэв. Харин Паул, Марк өөрсдийг нь Памфулд хаяж явсан гээд зөвшөөрөхгүй байв. «Хурц санал зөрөлдөж», тэд салж явцгаав. Барнаб Маркийг аваад Кипр уруу, харин Паул Силасыг сонгоод «Сири болон Киликээр дайран гарахдаа чуулгануудыг урамшуулж явлаа» (Үйлс 15:36–41). Хожим нь Марк Паултай хамт Ромд байж, Паул ч түүнийг сайнаар хэлсэн нь аажмаар тэр зөрчил арилсныг харуулдаг (Колоссай 4:10; Филемон 23, 24). МЭ 65 оны орчим Паул Ромын шоронд байхдаа Тимотод: «Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна» гэж бичиж байсан (2 Тимот 4:11). Паул, Барнаб болон Марктай харьцах харьцааныхаа талаар итгэлийн залбирлаар залбирч, үүний дүнд «Бурхны амар тайвны» ачаар тэдэнтэй сайн харьцаатай болсон (Филиппой 4:6, 7).

18. Юодиа Сунтухе хоёрт юу тохиолдсон бэ?

18 Бид төгс бус учраас «олон юман дээр бүдэрдэг» нь ойлгомжтой (Иаков 3:2). Хоёр христиан эмэгтэйн хооронд бэрхшээлтэй асуудал гарахад Паул: «Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиагаас хичээнгүйлэн гуйя, мөн Сунтухегээс хичээнгүйлэн гуйя. [...] Сайн мэдээний төлөө надтай... хамт зүтгэсэн тэр эмэгтэйчүүдэд туслаарай» хэмээн бичжээ (Филиппой 4:1–3). Сүсэгтэй тэр хоёр эмэгтэй Матай 5:23, 24-т бичсэн шиг зөвлөгөөг хэрэгжүүлэн, асуудлаа амар тайвнаар шийдсэн бололтой. Библийн зарчмуудыг итгэлтэйгээр хэрэгжүүлэх нь амар тайвныг хөгжөөхөд өнөөдөр ч их ач холбогдолтой.

Итгэл гай зовлонг тэвчихэд тусалдаг

19. Ямар хэцүү байдал Исаак Ребека хоёрын итгэлийг эвдэн бусниулаагүй вэ?

19 Итгэлийн ачаар бид гай зовлонг ч тэвчиж чадна. Гэр бүлийн маань баптисм хүртсэн гишүүн Гэрч бус хүнтэй гэрлэж, Бурханд дуулгаваргүй хандсанаас бид шаналж болох юм (1 Коринт 7:39). Хүү Есав нь Еховад итгэдэггүй эмэгтэйчүүдтэй гэрлэснээс болж Исаак Ребека хоёр зовж байсан. Есавын хит үндэстэн эхнэрүүд тэдэнд «сэтгэлийн зовлон болж» байснаас Ребека: «Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ?» гэж хэлж байсан (Эхлэл 26:34, 35; 27:46). Гэлээ ч энэ хэцүү байдал Исаак Ребека хоёрын итгэлийг эвдэн бусниулаагүй юм. Амаргүй нөхцөл байдалтай тулгарахдаа итгэлээ бат хадгалцгаая.

20. Наоми Рут хоёр итгэлээрээ бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?

20 Нас дээр гарсан бэлэвсэн эмэгтэй Наоми иудей хүн байсан бөгөөд Иудагийн зарим эмэгтэй үр хүүхэд төрүүлж, тэд нь Мессиагийн өвөг дээдэс болох байсныг мэдэж байсан. Наомийн хөвгүүд нь хүүхэдгүй нас барж, өөрөө ч хүүхэд гаргах наснаасаа нэгэнт хэтэрсэн байсан тул гэр бүл нь Мессиагийн удам сударт багтана гэдэг үнэхээр бүтэшгүй хэрэг байв. Гэлээ ч бэлэвсэн хоцорсон бэр Рут нь насаар ахимаг Боазын эхнэр болж, хүү төрүүлэн Мессиа Есүсийн элэнц эх болсон! (Эхлэл 49:10, 33; Рут 1:3–5; 4:13–22; Матай 1:1, 5). Наоми Рут хоёр итгэлээрээ гай зовлонг тэвчиж, баяр хөөр эдэлсэн. Бид ч бас саад бэрхшээлтэй тулгарахдаа итгэлээ хадгалбал их баяр хөөр эдлэх болно.

21. Итгэл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Юунд шийдвэр төгс байх ёстой вэ?

21 Бид маргааш юу болохыг хэлж мэдэхгүй ч ямар ч сорилтыг итгэлээрээ амжилттай давж чадна. Итгэл биднийг зоригтой, тэвчээртэй болгодог. Итгэлийн ачаар бид эрхэм зорилготой болж, сэтгэл хангалуун амьдралд хүрдэг. Мөн хүмүүстэй харьцах харьцаанд сайнаар нөлөөлж, гай зовлонг тэвчихэд тусалдаг. Тиймээс «амийг хадгалахын тулд итгэдэг хүмүүс» байя (Еврей 10:39, ШЕ). Биднийг хайрладаг Ехова Бурхныхаа өгдөг хүчээр түүний алдрын төлөө үргэлж бат итгэлтэй байцгаая.

Та хэрхэн хариулах вэ?

• Итгэл биднийг зоригжуулдаг гэдгийг Библи яаж харуулдаг вэ?

• Итгэл сэтгэл хангалуун амьдралд хүргэдэг гэж яагаад хэлж болох вэ?

• Итгэл амар тайвныг хэрхэн хөгжөөдөг вэ?

• Итгэл гай зовлонг тэвчих чадвартай болгодгийн ямар баримт байна вэ?

[Догол мөрийн асуулт]