Та сайн мэдээнд үнэхээр итгэдэг үү?
Та сайн мэдээнд үнэхээр итгэдэг үү?
«Бурхны хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн» (МАРК 1:15).
1, 2. Марк 1:14, 15-ыг та хэрхэн тайлбарлах вэ?
МЭ 30 он байлаа. Есүс Христ Галилд дэлгэрүүлэх хосгүй ажлаа эхлэв. «Бурхны сайн мэдээг» тунхаглан: «Товлосон цаг боллоо» (ШЕ). «Бурхны хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн» хэмээсэн түүний үгэнд олон галил хүний сэтгэл хөдөлжээ (Марк 1:14, 15).
2 Есүсийн хувьд үйлчлэлээ эхлэх, харин хүмүүсийн хувьд Бурхны сайшаалыг хүртэх шийдвэр гаргах «товлосон цаг болсон» байлаа (Лук 12:54–56). Томилогдсон Хаан болсон Есүс хүмүүсийн дунд байсан учир «Бурхны хаанчлал ойрхон байлаа». Түүний дэлгэрүүлэх ажил чин сэтгэлтэй хүмүүсийг гэмшилд хөтөлсөн юм. Гэхдээ тэд «сайн мэдээнд итгэдгээ» яаж харуулсан бэ? Бас бид яаж харуулах вэ?
3. Сайн мэдээнд итгэдгээ хүмүүс ямар үйлээр харуулдаг вэ?
3 Элч Петр Есүсийн адилаар хүмүүст гэмшихийг уриалсан. МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимд байсан иудейчүүдэд: «Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар... Ариун Сүнсний бэлэг авах болно» гэж хэлсэн билээ. Мянга мянган хүн гэмшиж, баптисм хүртэн, Есүсийн дагалдагч болжээ (Үйлс 2:38, 41; 4:4). МЭ 36 онд, гэмшсэн иудей биш хүмүүс ч дээрхийн адил алхам хийв (Үйлс 10:1–48). Өнөө үед ч гэсэн сайн мэдээнд итгэх итгэл олон мянган хүнийг нүглээ гэмшээд Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхэд хүргэж байна. Тэд авралын тухай сайн мэдээг хүлээн авч, Есүсийн золих тахилд итгэдэг болсон. Түүнээс гадна, тэд зөвт хэм хэмжээний дагуу амьдардаг бөгөөд Бурхны Хаанчлалын талд зогсдог болжээ.
4. Библийнхээр итгэл гэж юу вэ?
4 Тэгвэл Библид бичсэн «итгэл» гэж юу вэ? Элч Паул: «Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» гэж бичжээ (Еврей 11:1). Тийм итгэлийн ачаар бид Бурхны бүх амлалтыг биелчихсэн юм шиг үздэг. Зүйрлэн хэлбэл, бид эд хөрөнгө эзэмшдэгээ батлах баримт бичигтэй гэсэн үг юм. Тэрчлэн, итгэл бол үзэгдэхгүй зүйлсийн «баталгаа» буюу тэдгээрт үнэмшдэгийн илрэл билээ. Бид үзээгүй зүйлээ ч оюун ухаан болон талархах сэтгэлээрээ бодитой гэж итгэдэг (2 Коринт 5:7; Ефес 1:18).
Бидэнд итгэл зайлшгүй хэрэгтэй!
5. Итгэл ямар учраас тийм чухал бэ?
5 Бид төрөлхийн сүнслэг хэрэгцээтэй байдаг ч итгэл бол төрөлхийнх биш ээ. Үнэндээ, «итгэл нь бүх хүнийх биш» билээ (2 Тесалоник 3:2, МБОХ, 1996). Гэхдээ христианууд Бурхны амлалтыг өвлөхийн тулд итгэлтэй байх ёстой (Еврей 6:12). Паул Бурханд итгэдэг олон хүний жишээг дурдсаныхаа дараа: «Бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн [«гэрчүүдийн», ШЕ] үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийн Зохиогч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье» хэмээжээ (Еврей 12:1, 2). «Биднийг тун амархан урхиддаг нүгэл» гэж юу вэ? Энэ бол итгэл дутах юм уу, байсан итгэлээ алдах явдал юм. Бат итгэлээ хадгалахын тулд бид «Есүс уруу хараагаа чиглүүлж», жишээг нь дуурайх ёстой. Түүний зэрэгцээ, садар самуунаас зугтан, махан биеийн үйлстэй тэмцэж, эд хөрөнгө, ертөнцийн гүн ухаан болон Библийн сургаалаас зөрдөг ёс заншлаас зайлсхийх хэрэгтэй (Галат 5:19–21; Колоссай 2:8; 1 Тимот 6:9, 10; Иуда 3, 4). Түүнээс гадна, Бурхан бидэнтэй хамт байдаг бөгөөд Үгээрээ өгдөг зөвлөгөө нь үнэхээр ач холбогдолтой гэдэгт итгэх учиртай.
6, 7. Итгэл гуйн залбирах нь яагаад зөв бэ?
6 Бид хичнээн хүсээд ч өөрсдөө итгэлтэй болж чадахгүй. Итгэл бол Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчний үр жимсний нэг хэсэг билээ (Галат 5:22, 23). Тэгвэл итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй бол яах вэ? Есүс: «Хэрэв та нар... хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13). Тийм ээ, хамгийн хэцүү нөхцөлд ч Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд шаардлагатай итгэлийг ариун сүнс бий болгодог учир Еховад залбирч үйлдэх хүчийг нь гуйж байя (Ефес 3:20).
7 Бат итгэлтэй болохын тулд залбирах нь зөв. Есүсийг нэг хүүгээс чөтгөр хөөх гэж байтал хүүгийн эцэг: «Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач» гэж гуйжээ (Марк 9:24). Мөн Есүсийн шавь нар: «Итгэлийг маань өсгөөч» гэж хэлж байсан (Лук 17:5). Тиймээс итгэл гуйн залбирахад Бурхан хариулдаг гэдэгт эргэлзэлгүй залбирцгаая (1 Иохан 5:14).
Бурхны Үгэнд итгэх нь амин чухал
8. Бурхны Үгэнд итгэх итгэл маань яаж туслах вэ?
8 Есүс амиа золиос болгон үхэхээсээ өмнөхөн дагалдагчдадаа: «Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ» гэж захисан (Иохан 14:1). Христианууд бид Бурханд болон Хүүд нь итгэдэг. Тэгвэл Бурхны Үгийн тухайд яах ёстой вэ? Хэрэв бид Библи судалж, хүний олж мэдэж болох хамгийн сайн заавар зөвлөгөөг энэ ном өгдөг гэж бүрэн итгэн, сурч мэдсэнээ хэрэгжүүлбэл Бурхны Үг бидний амьдралд сайнаар нөлөөлнө (Еврей 4:12).
9, 10. Иаков 1:5–8-г та яаж тайлбарлах вэ?
9 Төгс бус бидний амьдралд зовлон бишгүй л тохиолддог. Гэлээ ч Бурхны Үгэнд итгэх нь бидэнд үнэхээр тустай (Иов 14:1). Жишээ нь, бид ямар нэг сорилтыг яаж давахаа мэдэхгүй байна гэж төсөөлөөд үзье. Тэгвэл Бурхны Үг: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзнээс [«Еховагаас», ШЕ] юм авна гэж бүү найдаг. Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм» гэж бидэнд зөвлөдөг (Иаков 1:5–8).
10 Мэргэн ухаан дутаад, үүний төлөө залбирахад Ехова биднийг буруушаахгүй. Харин ч сорилтод зөв хандахад тусална. Бид бие даан Библи судалж байхдаа юм уу, итгэл нэгтнүүдийнхээ хэлж сануулснаар тустай зүйлийг анхаарч болох юм. Эсвэл Еховагийн ариун сүнс биднийг өөр ямар нэг байдлаар удирдаж мэднэ. «Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйгаад» байвал тэнгэрийн Эцэг маань сорилтыг тэвчих мэргэн ухаан өгнө. Харин салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт бол Бурхнаас юм авна гэж найдахын хэрэггүй. Яагаад гэвэл энэ нь бид хоёр санаа өвөрлөгч бөгөөд залбирахдаа ч юм уу, эсвэл өөр зарим үйлдээ, тэр байтугай итгэлдээ тогтворгүй байдагтай адил гэсэн үг болно. Тиймээс бид Бурхны Үгэнд, Үгийнх нь удирдлагад бат итгэдэг байх хэрэгтэй. Библи бидэнд яаж заавар зөвлөгөө өгдгийн зарим жишээг үзье.
Итгэл ба амин зуулга
11. Бурхны Үгэнд итгэх итгэл өдөр тутмын хэрэгцээний тухайд ямар найдвар өгдөг вэ?
11 Хэрэв бид одоо дутуу гацуу, ядуу зүдүү амьдардаг бол яах вэ? Бурхны Үгэнд итгэх итгэл Ехова бидний өдөр тутмын хэрэгцээнд санаа тавьж, шинэ ертөнцөд өөрийг нь хайрладаг бүх хүний хэрэгцээг элбэг дэлбэг хангана гэдэг бат найдварыг өгдөг (Дуулал 72:16; Лук 11:2, 3). Ехова өлсгөлөнгийн үеэр зөнч Елиаг яаж хоолоор хангаж байсныг бодож үзвэл урам зориг орж болох юм. Хожим нь Бурхан гайхамшгаар Елиа болон нэг эмэгтэйг хүүгийнх нь хамтаар амин зуулгын гурил тосоор таслахгүй хангаж байсан (Хаадын дээд 17:2–16). Вавилончууд Иерусалимыг бүслээд байх үед Ехова мөн л зөнч Иеремиаг хоол хүнсээр дутаагаагүй (Иеремиа 37:21). Елиа Иеремиа хоёрт хоол хүнс арвин их байгаагүй ч Ехова тэдэнд санаа тавьсан. Өнөөдөр ч Ехова өөрт нь итгэдэг хүнд адилхан ханддаг (Матай 6:11, 25–34).
12. Амин зуулгатай байхад итгэл хэрхэн туслах вэ?
12 Итгэлийг Библийн зарчмуудыг хэрэгжүүлэхтэй хослуулснаар бид баян чинээлэг болохгүй ч ямар ч байсан амин зуулгатайгаа л байна. Жишээ нь: Библи бидэнд үнэнч, чадварлаг, ажилсаг байхыг зөвлөдөг (Сургаалт үгс 22:29; Номлогчийн үгс 5:18, 19; Ефес 4:28). Сайн ажилчин байхын ач холбогдлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Сайн ажил олоход хэцүү газарт ч шударга, чадварлаг, хөдөлмөрч хүн бусдаас илүү боломж эдэлдэг. Тийм хүн эд баялгаар тааруухан ч үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг бөгөөд өөрөө хөдөлмөрлөж олсон хоолоо идэж сэтгэл хангалуун байдаг (2 Тесалоник 3:11, 12).
Итгэл уй гашууг тэвчихэд тусалдаг
13, 14. Уй гашууг тэвчихэд итгэл хэрхэн тусалдаг вэ?
13 Ойр дотнын хүнээ алдахад уй гашууд автах нь хүний ёс гэдгийг Бурхны Үг тодорхой харуулдаг. Бурханд үнэнч Абрахам хайрт эхнэр Сарагаа нас барахад гашуудсан (Эхлэл 23:2). Давид хүү Абсаломоо үхсэнийг мэдээд их шаналсан (2 Самуел 18:33). Төгс хүн Есүс хүртэл найз Лазарыгаа өөд болсныг дуулаад уйлсан (Иохан 11:35, 36). Ойр дотнын маань хүн нас барахад бид үгээр хэлэхийн аргагүй уй гашуу эдэлдэг ч Бурхны амлалтад итгэх нь тийм уй гашууг тэвчихэд тусалдаг.
14 Паул: «Зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би... Бурханд найддаг» гэж хэлжээ (Үйлс 24:15, МБОХ, 1996). Олон сая хүнийг дахин амилуулах Бурхны арга хэмжээнд бид итгэх хэрэгтэй (Иохан 5:28, 29). Тэдний дунд Абрахам, Сара, Исаак, Ребека, Иаков, Леа болон одоо үхлийн нойроор нойрсож, Бурхны шинэ ертөнцөд дахин амилахаа хүлээн буй бүх хүн байх болно (Эхлэл 49:29–32). Нас барсан ойр дотнын маань хүмүүс дэлхий дээр дахин амилах тэр цаг ямар их баяр хөөр авчрах бол оо! (Илчлэлт 20:11–15). Итгэл бидний амссан бүх хагацлыг арилгадаггүй ч тэр баярт цагийг иртэл уй гашууг тэвчихэд тусалдаг Бурханд биднийг ойр байлгана (Дуулал 121:1–3; 2 Коринт 1:3).
Итгэл гутарсан хүмүүсийг бэхжүүлдэг
15, 16. а) Өнөөдөр Бурханд итгэдэг хүмүүс гутрах нь гайхмаар хэрэг биш гэж хэлж болохын учир юу вэ? б) Гутарсан сэтгэлийг засахын тулд яах вэ?
15 Еховад итгэдэг хүнд ч гэсэн гутрах үе байдаг гэдгийг Бурхны Үг харуулдаг. Иов хүнд сорилтод орчихоод байхдаа Бурхан өөрийг нь орхижээ гэж бодож байсан (Иов 29:2–5). Иерусалим хэрэмтэйгээ балгас болсонд Нехемиа гунигтай байв (Нехемиа 2:1–3). Петр Есүсийг үгүйсгэсэндээ ихэд шаналж, «гашуудан уйлсан» (Лук 22:62). Паул Тесалоникийн итгэл нэгтнүүддээ «гутарсан хүмүүсийг тайвшруулахыг» уриалсан (1 Тесалоник 5:14, ШЕ). Тиймээс өнөөдөр Бурханд итгэдэг хүмүүс гутарвал гайхмаар хэрэг биш ээ. Тэгвэл бид үүнийг хэрхэн давах вэ?
16 Нэг зэрэг олон ноцтой асуудалтай тулгарвал бид гутарч болох юм. Тэдгээрийг дааж давшгүй зовлон мэт үзэхийн оронд Библийн зарчмуудыг хэрэгжүүлэн, аажим аажмаар шийдэж болно. Энэ нь гутарсан сэтгэлээ засахад тусална. Ажил төрөлдөө дүн нуруутай хандаж, зөв амарч байх нь зүйтэй. Бурхан болон түүний Үгэнд итгэх нь сүнслэг сайн сайханд маань эерэгээр нөлөөлдөг. Учир нь ийм итгэлийн ачаар Бурхан өөрсдөд маань үнэхээр санаа тавьдаг гэдгийг бид сайн мэддэг.
17. Ехова бидэнд санаа тавьдгийг хаанаас мэдэж болох вэ?
17 Петр: «Бурхны хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа зовдог [«тавьдаг», ШЕ] учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж уриалсан нь биднийг тайвшруулдаг (1 Петр 5:6, 7). Түүнчлэн, дуулалч: «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог» гэж дуулжээ (Дуулал 145:14). Эдгээр амлалт Бурхны Үгэнд байдаг учраас итгэх бүх үндэс бий. Гутарсан сэтгэл тэр дороо засрахгүй ч тэнгэрийн халамжит Эцэгтээ бүх зовнилоо үүрүүлж болно гэдгийг мэдэхэд итгэл хичнээн бэхэждэг гэж санана!
Бусад сорилттой тулгарахад итгэл хэрхэн туслах нь
18, 19. Өвчнөө тэвчих болон өвдөж зовсон итгэл нэгтнүүдээ тайвшруулахад итгэл яаж тусалдаг вэ?
18 Бид өөрсдөө юм уу, ойр дотнын маань хүмүүс хүнд өвчин тусахад итгэлийн том сорилтод орж магадгүй. Епафродит Тимот Трофим нарын христианууд гайхамшгаар эдгэрсэн гэж Библид бичээгүй ч Ехова тэдэнд өвчнөө тэвчихэд тусалсан нь лавтай (Филиппой 2:25–30; 1 Тимот 5:23; 2 Тимот 4:20). Түүнээс гадна, «дорой хүмүүсийг анхааран халамжлагчийн» тухай дуулалч: «ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно» гэж дуулжээ (Дуулал 41:1–3). Өвдөж зовсон итгэл нэгтнүүдээ тайвшруулахад дуулалчийн үг бидэнд хэрхэн туслах вэ?
19 Сүнслэг тусламж үзүүлэх нэг арга бол өвчтэй хүмүүстэй хамт, тэдний төлөө залбирах явдал юм. Ингэхдээ бид гайхамшгаар эдгээж өгөхийг бус, тэдэнд өвчин эмгэгээ тэвчих сэтгэлийн хат, сул дорой үеэ давах сүнслэг хүч тэнхээ өгөхийг Бурхнаас гуйдаг. Ехова тэднийг тулж түших бөгөөд тэд «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч үл өгүүлэх» тэр цагийг хүсэн хүлээж, итгэл нь бэхэжнэ (Исаиа 33:24). Дахин амилсан Есүс Христ болон Бурхны Хаанчлалын ачаар дуулгавартай хүмүүс нүгэл, өвчин, үхлээс бүрмөсөн ангижирна гэдгийг мэдэх нь юутай тайтгарал бэ! Бид «бүх өвчнийг илааршуулах» Ехова Бурхандаа тэр гайхамшигтай ирээдүйн төлөө талархдаг (Дуулал 103:1–3; Илчлэлт 21:1–5).
20. Өндөр насны «хүнд өдрүүдийг» тэвчихэд итгэл тусалдаг гэж хэлж болохын учир юу вэ?
20 Нас дээр гарч, эрүүл мэнд муудаж, хүч тэнхээ барагдах «хүнд өдрүүдийг» тэвчихэд итгэл бас тусалдаг (Номлогчийн үгс 12:1–7). Тиймээс өндөр настай итгэл нэгтнүүд маань: «Та бол миний найдвар. БУРХАН Эзэн... Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач» хэмээн дуулсан нас ахисан дуулалчийн адилаар залбирч болно (Дуулал 71:5, 9). Дуулалч Еховагийн тусламж дэмжлэг шаардлагатайг мэдэрч байсан шиг Бурханд үйлчлээд нас дээр гарсан итгэл нэгтнүүд маань ч үүнийг мэдэрдэг. Тэд бат итгэлийнхээ ачаар Еховагийн «мөнхийн мутар» найдвартай дэмжинэ гэдэгт эргэлздэггүй (Дэд хууль 33:27).
Бурхны Үгэнд үргэлж итгэгтүн
21, 22. Хэрэв бид бат итгэлтэй бол энэ нь Бурхантай тогтоосон харьцаанд маань яаж нөлөөлөх вэ?
21 Сайн мэдээ болон Бурхны Үгэнд итгэх нь Еховад улам ойртоход тусалдаг (Иаков 4:8). Тэр бол «Хэмжээгүй эрхт Эзэн» гэдэг нь үнэн (Үйлс 4:24, ШЕ). Гэхдээ бидний Бүтээгч, Эцэг билээ (Исаиа 64:8; Матай 6:9). «Та бол миний Эцэг, миний Бурхан болон миний авралын хад» гэж дуулалч хэлжээ (Дуулал 89:26). Хэрэв бид ч бас Еховад, онгод оруулан бичүүлсэн Үгэнд нь үнэхээр итгэдэг бол түүнийг бидний «авралын хад» гэж үзэж болно. Юутай завшаантай хэрэг вэ!
22 Ехова бол сүнсээр төрсөн христианууд болоод тэдний хамтран зүтгэгч, дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүсийн Эцэг билээ (Ром 8:15). Тэнгэрийн Эцэг маань бидний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй. Давид: «Миний эцэг эх намайг орхисон, харин ЭЗЭН намайг босгоно» гэж хэлсэн (Дуулал 27:10). Түүнээс гадна, «Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй» гэсэн Библийн баталгаа бидэнд байдаг (1 Самуел 12:22).
23. Еховатай өнө мөнхийн харьцаатай байхын жаргалыг эдлэхийн тулд яах шаардлагатай вэ?
23 Еховатай өнө мөнхийн харьцаатай байхын жаргалыг эдлэхийн тулд бид сайн мэдээнд итгэж, Библи бол Бурхны Үг үнэхээр мөн гэж хүлээн зөвшөөрөх ёстой нь ойлгомжтой (1 Тесалоник 2:13). Еховад бүрэн итгэж, Үгээр нь замаа гэрэлтүүлэх учиртай (Дуулал 119:105; Сургаалт үгс 3:5, 6). Түүний өрөвч сэтгэл, өршөөнгүй зан, тусламж дэмжлэгт найдан залбирахын хэрээр итгэл маань бэхэжнэ.
24. Ром 14:8-д ямар тайвшруулам санаа байдаг вэ?
24 Бид итгэлийнхээ улмаас Бурханд өөрсдийгөө үүрд зориулсан билээ. Бат итгэлтэй бол бид үхсэн ч дахин амилах найдвартай, Бурхны үйлчлэгчид хэвээрээ үлддэг. Тийм ээ, «амьдрах ч бай, үхэх ч бай бид Еховагийнх» (Ром 14:8, ШЕ). Энэ тайвшруулам санааг зүрхэндээ хадгалж, Бурхны Үг болон сайн мэдээнд үргэлж итгэж байя.
Та яаж хариулах вэ?
• Библид бичсэн итгэл гэж юу вэ? Ямар учраас энэ чанар бидэнд зайлшгүй шаардлагатай вэ?
• Сайн мэдээ болон Бурхны Үгэнд итгэх нь яагаад амин чухал бэ?
• Янз янзын сорилтыг тэвчихэд итгэл хэрхэн тусалдаг вэ?
• Үргэлж итгэлтэй байхад юу туслах вэ?
[Догол мөрийн асуулт]