«Үргэлж сонор сэрэмжтэй байгтун»
«Үргэлж сонор сэрэмжтэй байгтун»
«Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. „[«Үргэлж», ШЕ] сонор сэрэмжтэй байгтун“» (МАРК 13:37).
1, 2. а) Нэг хүн эд зүйлээ хамгаалах тухайд ямар сургамж авсан бэ? б) Есүсийн хэлсэн хулгайчийн тухай жишээнээс сэргэг байх талаар юу мэдэж болох вэ?
ХУАН үнэт эдлэлээ гэртээ, хамгийн найдвартай гэж үздэг газраа буюу орон доороо хадгалдаг байв. Нэг шөнө түүнийг эхнэртэйгээ унтаж байх хойгуур хулгайч унтлагынх нь өрөөнд оржээ. Хулгайч чухам хаанаас юу авахаа сайн мэдэж байсан нь илэрхий. Тэрээр чимээ гаргалгүй орон доороос бүх үнэт зүйлийг, орныхоо хажуугийн ширээний шургуулганд хийсэн мөнгийг нь хүртэл авч оджээ. Маргааш өглөө нь Хуан хулгай орсныг мэдэв. Унтаж байгаа хүн эд зүйлээ хамгаалж чаддаггүй гэдэг гашуун сургамжийг Хуан хэзээ ч мартахааргүй ойлгожээ.
2 Энэ сургамж сүнслэг асуудалд ч мөн хамаатай. Хэрэв бид сүнслэгээр унтчихвал итгэл найдвараа хадгалж чадахгүй. Тийм ч учраас Паул: «Бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» гэж сануулжээ (1 Тесалоник 5:6). Есүс сэргэг байх хичнээн чухал болохыг тайлбарлахын тулд хулгайч яаж ирдэг тухай жишээ татжээ. Шүүгч болж ирэхээс нь өмнө болох үйл явдлуудыг дүрслээд, дараа нь: «Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул [«үргэлж», ШЕ] сонор сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» хэмээн сануулжээ (Матай 24:42–44). Хулгайч хэзээ очихоо хэлдэггүй шүү дээ. Харин ч хүмүүсийг мэдээгүй байхад очихыг хичээдэг. Есүсийн хэлснээр энэхүү тогтолцооны төгсгөл дээрхийн адилаар «[бидний] бодоогүй цаг мөчид ирэх» ажээ.
«Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс»
3. Есүс хуримд очоод ирэх эзнээ хүлээн буй боолуудын тухай жишээ ашиглан сэргэг байхын чухлыг хэрхэн харуулсан бэ?
3 Есүс христиануудыг хуримаас ирэх эзнээ хүлээн буй боолуудтай зүйрлэснийг «Лук» номд бичжээ. Тэд эзнээ ирэхэд нь угтан авахын тулд сэргэг байх хэрэгтэй байжээ. Яг үүн шиг, «Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ» гэж Есүс хэлсэн (Лук 12:40). Еховад олон жил үйлчилсэн зарим хүн амьдарч байгаа цаг үеэ мэдрэхээ больж, сонор сэрэмжээ алдаж магадгүй. Тэр битгий хэл, төгсгөл болох хаа ч байсан юм бэ дээ гэж бодож мэднэ. Ингэж бодвол сүнслэг зүйлээс анхаарлаа сарниулж, эд хөрөнгөтэй болох гэх зэргийн зорилгыг урьтал болгож, сүнслэгээр зүүрмэглэж болзошгүй (Лук 8:14; 21:34, 35).
4. Юунд итгэх нь сонор сэрэмжтэй байхын шалтгаан болох вэ? Үүнийг Есүс хэрхэн үзүүлсэн бэ?
4 Есүсийн хэлсэн жишээнээс бас нэг сургамж авч болно. Боолууд эзнийхээ ирэх цагийг нарийн мэдэхгүй ч ирэх шөнийг нь мэдэж байсан бололтой. Эзнээ өөр шөнө ирнэ гэж бодсон бол тэдэнд шөнийн турш сэргэг байх амаргүй байх байсан. Харин тэд ирэх шөнийг нь мэдэж байсан нь сэргэг байх хүндтэй шалтгаан болжээ. Өнөөдөр яг тийм юм болж, Библийн зөгнөлүүд төгсгөлийн цаг үед амьдарч байгааг маань илэрхийлдэг ч чухам тэр төгсгөлийн өдөр, цаг хэзээ болохыг бидэнд хэлдэггүй (Матай 24:36). Төгсгөл ирж байна гэж бодох нь сэргэг байхад тусалдаг. Гэхдээ Еховагийн өдөр үнэхээр ойрхон байна гэдэгт итгэдэг бол сонор сэрэмжтэй байх хүндтэй шалтгаан болно (Зефаниа 1:14).
5. Паул «сэрэмжтэй байхыг» уриалсныг хэрхэн хүлээн авч болох вэ?
5 Паул коринтчуудад: «Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс» хэмээн уриалжээ (1 Коринт 16:13). Тийм ээ, сэрэмжтэй байх нь христиан итгэл дотроо бат зогсохтой холбоотой. Яавал сэрэмжтэй байх вэ? Бурхны Үгийг илүү гүнзгий мэддэг болбол (2 Тимот 3:14, 15). Бие даан Библи судлах сайн хэвшилтэй болж, цуглаанд тогтмол очих нь бидний итгэлийг бэхжүүлэх бөгөөд итгэлийн маань чухал хэсэг бол Еховагийн өдөр ойрхон байгааг үргэлж санах явдал юм. Иймээс энэхүү тогтолцооны төгсгөлд амьдарч буйг маань харуулдаг Библийн нотолгоог үе үе сэргээн санаж байх нь айсуй төгсгөлийн тухай чухал үнэнийг мартахгүй байхад тусална. * Түүнчлэн, дэлхий дахины үйл явдлууд Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг ажиглахад тус болдог. Германы нэг ах: «Би мэдээ үзэх бүрдээ, дайн дажин, газар хөдлөлт, хүчирхийлэл, байгалийн бохирдол зэргийг хараад төгсгөл ойрхон байгааг ойлгодог» гэж бичжээ.
6. Цагийн аясаар сүнслэг сонор сэрэмжээ алдаж магадгүйг Есүс хэрхэн дүрсэлсэн бэ?
6 Есүс дагалдагчдадаа сэргэг байхыг уриалсан бас нэгэн баримтыг «Марк» номын 13-р бүлгээс үзэж болно. Есүс тэдний байдлыг аянд явсан эзнээ хүлээж буй хаалгачийн байдалтай зүйрлэснийг энэ бүлэгт бичсэн байдаг. Хаалгач эзнийхээ эргэж ирэх цагийг мэдэхгүй байсан. Тиймээс «үргэлж сонор сэрэмжтэй» байхаас өөр аргагүй болсон. Эзэн нь манааны дөрвөн үеийн аль ч үед ирж магадгүйг Есүс тэмдэглэжээ. Дөрөвдүгээр манаа өглөөний гурван цаг орчмоос нар мандтал үргэлжилдэг ажээ. Манааны яг энэ үеэр хаалгач нойрондоо амархан дийлддэг. Үүр цайхын өмнөх үе бол дайснаа санаандгүй байхад нь олзолж авах хамгийн тохиромжтой цаг гэж цэргүүд үздэг байсныг ном зохиолд тэмдэглэсэн байдаг. Үүнтэй адилаар биднийг хүрээлэн буй ертөнц сүнслэг гүн нойронд автсан энэ сүүлчийн өдрүүдийн эцсийн шатанд сэргэг байх маш хэцүү байж магадгүй (Ром 13:11, 12). Тийм ч учраас Есүс хаалгачийн тухай жишээндээ: «Үргэлж анхаарч, сонор сэрэмжтэй байгтун. [...] Тиймээс үргэлж сонор сэрэмжтэй байгтун. [...] Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. „Үргэлж сонор сэрэмжтэй байгтун“» гэж ахин дахин уриалжээ (Марк 13:32–37, ШЕ).
7. Ямар аюул байдаг вэ? Үүнтэй холбоотой ямар сануулга Библид олон байдаг вэ?
7 Есүс дэлхий дээр үйлчилж байх үедээ ч, дахин амилсныхаа дараа ч сонор сэрэмжтэй байхыг олонтаа уриалж байсан. Библид эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн тухай бичсэн бараг хэсэг бүрд үргэлж сэргэг буюу сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байдаг * (Лук 12:38, 40; Илчлэлт 3:2; 16:14–16). Сүнслэгээр зүүрмэглэх нь үнэхээр аюултай гэдэг нь тодорхой. Бид бүгдэд эдгээр анхааруулга хэрэгтэй! (1 Коринт 10:12; 1 Тесалоник 5:2, 6).
Сэргэг байж чадаагүй гурван элч
8. Гетсемани цэцэрлэгт Есүс гурван элчээ сэргэг байхыг гуйхад тэд яасан бэ?
8 Сэргэг байхад чин сэтгэл төдийлөн хангалттай бус гэдэг нь Петр Иаков Иохан гурвын жишээнээс харагддаг. Тэр гурав Есүсийг үнэнчээр дагадаг, үнэхээр хайрладаг төлөвшсөн хүмүүс байсан билээ. Гэлээ ч МЭ 33 оны Нисан сарын 14-ний шөнө сэргэг байж чадаагүй юм. Нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэснийхээ дараа өнөөх гурван элч Есүсийг даган Гетсемани гэдэг цэцэрлэгт иржээ. Тэнд Есүс тэдэнд: «Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа» гэжээ (Матай 26:38). Есүс тэнгэрийн Эцэгтээ гурвантаа шаргуу залбирсан билээ. Залбирсныхаа дараа найзууд дээрээ ирэх болгонд тэд унтаж байлаа (Матай 26:40, 43, 45).
9. Элч нарыг зүүрмэглэхэд юу нөлөөлсөн бэ?
9 Энэ үнэнч хүмүүс ямар учраас тэр шөнө Есүсийн урмыг хугалсан бэ? Ядарсан байсан нь нэг шалтгаан юм. Цаг орой болж, шөнө дунд өнгөрч байсан учраас «тэдний нүд анилдаж байлаа» (Матай 26:43). Гэсэн ч Есүс: «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» гэж тэдэнд хэлсэн (Матай 26:41).
10, 11. а) Есүс ядарч байсан ч Гетсемани цэцэрлэгт сэргэг байхад нь юу тусалсан бэ? б) Есүс сэргэг байхыг гуйсан ч гурван элчид тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ?
10 Тэр түүхэн шөнө Есүс ч мөн ядарсан байсан нь лавтай. Гэхдээ тэрээр нойрондоо дийлдэхийн оронд эрх чөлөөтэй байх сүүлчийн мөчөө шаргуу залбирч өнгөрөөсөн юм. Үүнээс хэдхэн өдрийн өмнө Есүс дагалдагчдадаа: «Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд [«үргэлж», ШЕ] залбирч, ...сэргэг байгтун» гэж хэлэн, залбирахыг уриалсан (Лук 21:36; Ефес 6:18). Хэрэв бид Есүсийн зөвлөгөөг анхаарч, залбирах сайн жишээг нь дуурайвал Еховад хандсан чин сэтгэлийн залбирал маань сүнслэгээр сэргэг байхад тусална.
11 Есүс удахгүй баривчлагдаж, үхлийн ял авна гэдгээ мэдэж байсан ч дагалдагчид нь үүнийг тухайн үед ойлгохгүй байв. Түүний амсах сорилтын туйл нь тарчлаах шон гэдгийг ч мэдэж байлаа. Энэ бүхнийг элч нартаа анхааруулсан ч тэд ойлгоогүй юм. Тиймээс түүнийг залбирч байхад тэд унтчихжээ (Марк 14:27–31; Лук 22:15–18). Элч нарын адилаар бид ч гэсэн сул дорой махан биетэй бөгөөд бидэнд хараахан мэдэж чадахгүй юм гэж бас бий. Ийм учраас амьдарч буй цаг үеийнхээ чухлыг ухаарахаа боливол сүнслэг утгаар зүүрмэглэж мэднэ. Сонор сэрэмжтэй байвал л сэргэг байж чадна.
Гурван чухал чанар
12. Паул ямар гурван чанарыг сэргэг байхтай холбосон бэ?
12 Сэргэг байхад юу туслах вэ? Залбирах хийгээд Еховагийн өдрийг санаж байхын чухлыг бид дээр ярилцсан билээ. Эдгээрээс гадна гурван чанар хөгжүүлэх ёстойг Паул дурджээ. Тэрээр: «Бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая» хэмээжээ (1 Тесалоник 5:8). Сүнслэгээр сэргэг байхад итгэл хайр найдвар гурав ямар үүрэгтэйг товчхон авч үзье.
13. Үргэлж сонор сэрэмжтэй байхад итгэл ямар үүрэгтэй вэ?
13 Ехова үнэхээр оршин байдаг бөгөөд «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» гэдэгт бид гуйвшгүй итгэх ёстой (Еврей 11:6). Төгсгөлийн тухай Есүсийн зөгнөл анх нэгдүгээр зуунд биелсэн нь бидний үед улам өргөн цар хүрээтэй биелнэ гэдэгт итгэх итгэлийг маань бэхжүүлдэг. Бид итгэлийнхээ үндсэн дээр «[зөгнөлийн үзэгдэл] нь хөсөрдөхгүй... хоцролгүй заавал ирнэ» хэмээн Еховагийн өдрийг тэсэн ядан хүлээдэг (Хабаккук 2:3).
14. Сэргэг байхад найдвар аль хир чухал бэ?
14 Бат найдвар бол Бурхны амлалт биелэхийг хүлээх хэрэгтэй болсон ч бэрхшээлийг тэсвэрлэн давах хүч өгдөг «сэтгэлийн зангуу» юм (Еврей 6:18, 19). 70 гаруй жилийн тэртээ баптисм хүртсэн, сүнсээр тослогдсон, 90 гаруй настай Маргарет эгч: «1963 онд нөхөр минь хорт хавдраас болж нас барахад төгсгөл хурдхан шиг ирвэл хичнээн сайхан бэ гэж боддог байлаа. Ийм бодол хувиа хичээсэн хэрэг байсныг би одоо ойлгодог. Хаанчлалын үйл хэрэг дэлхий дахинд ямар хэмжээнд түгэн дэлгэрэхийг тэр үед бодоо ч үгүй байж дээ. Дэлгэрүүлэх ажил өнөөдөр зарим газар дөнгөж эхэлж байна. Тиймээс би Еховаг одоо хүртэл тэвчээртэй байдагт баярладаг» гэж хэлжээ. Элч Паул: «Тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй» гэж бидэнд батлан хэлсэн (Ром 5:3–5).
15. Удаан хүлээсэн мэт санагдсан ч хайр биднийг хэрхэн хөтөлдөг вэ?
15 Христиан хайр бол гайхамшигтай чанар билээ. Учир нь чухам энэ чанарын үүднээс бид бүхнийг хийдэг. Тухайлбал, бид Еховаг хайрладаг учраас цагийн хуваариас нь шалтгаалахгүй түүнд үйлчилдэг. Еховагийн хүсэл тааллын дагуу бид хичнээн ч удаан дэлгэрүүлсэн, нэг айлын хаалгыг хэдэн ч удаа тогшсон, Хаанчлалын сайн мэдээ дэлгэрүүлэхэд бусдыг хайрлах хайр маань хөтөлдөг. Паулын бичсэнчлэн «итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн» (1 Коринт 13:13). Хайр биднийг тэвчихэд, сэргэг байхад тусалдаг. «[Хайр] бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:7, 8).
«Өөрт байгаагаа бат сахь»
16. Бид гар хумхиж суулгүй, ямар хандлага хөгжүүлэх ёстой вэ?
16 Сүүлчийн өдрүүдийн эцсийн шатанд амьдардгийг маань үргэлж сануулдаг үйл явдал дэлхий дахинд өрнөж буй ийм л эгзэгтэй мөчид бид амьдарч байна (2 Тимот 3:1–5). Одоо бол гар хумхиж суух биш, харин «өөрт байгаагаа бат сахих» цаг юм (Илчлэлт 3:11). «Сэрэмжилж залбирч», итгэл, найдвар, хайраа хөгжүүлснээр сорилтын цагт бэлэн байдгаа харуулах болно (1 Петр 4:7, МАБ). Бид Эзний үйл хэргийг хийж завгүй байдаг. «Бурханд үнэнч байдлын үйлс» хийж завгүй байвал сэргэг байхад маань тустай (2 Петр 3:11, ШЕ).
17. а) Түр зуур сэтгэлээр унасан ч зориг мохох ёсгүйн учир юу вэ? (Хуудасны доод хэсэгт байгаа нэмэлт материалыг үзнэ үү.) б) Еховаг хэрхэн дуурайж болох вэ? Түүнийг дуурайдаг хүмүүсийг ямар шагнал хүлээж байна вэ?
17 Иеремиа: «ЭЗЭН бол миний хувь... Тийм учраас би Түүнд найддаг. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой» хэмээн бичжээ (Иеремиагийн гашуудал 3:24–26). Бидний зарим нь тийм ч удаан хүлээгээгүй. Харин зарим маань Еховагийн авралыг үзэх гэж олон жил хүлээж байгаа. Гэлээ ч хүлээж буй цагаа өмнө байгаа мөнх амьдралтай харьцуулбал хичнээн богинохон бэ! (2 Коринт 4:16–18). Еховагийн товлосон цагийг хүлээх зуураа христиан хүний амин чухал чанаруудыг хөгжүүлэн, Еховагийн тэвчээрийг зөв ашиглан, үнэнийг хүлээн авахад нь бусдад тусалж болно. Тиймээс бүгдээрээ үргэлж сонор сэрэмжтэй байцгаая. Еховаг дуурайн, тэвчээртэй байж, бидэнд өгсөн найдварынх нь төлөө талархъя. Сонор сэрэмжтэй байж, мөнх амьдрах найдвараа бат сахицгаая. Тэгсэн цагт «газар нутгийг өвлүүлэхээр [Ехова] чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно» гэсэн зөгнөл бидний хувьд гарцаагүй биелнэ! (Дуулал 37:34).
[Зүүлт]
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн (англи) 2000 оны нэгдүгээр сарын 15-ны дугаарын 12, 13-р хуудсанд байгаа «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань харуулах зургаан баталгааг давтан үзвэл сайн (2 Тимот 3:1).
^ «Сэргэг байх» гэж орчуулсан грек үйл үгийг үгчлэн буулгавал «нойр хулжаах» гэсэн утгатай бөгөөд «зүгээр сэргэг байхыг бус, ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн, сонор сэрэмжтэй байгааг хэлнэ» гэж үг зүй судлаач Уиллиам Вайн тайлбарлажээ.
Та яаж хариулах вэ?
• Эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл ойрхон гэдэгт итгэх итгэлээ хэрхэн бэхжүүлж болох вэ?
• Петр Иаков Иохан гурвын жишээнээс ямар сургамж авч болох вэ?
• Сүнслэгээр сэргэг байхад ямар гурван чанар туслах вэ?
• Ямар учраас энэ цаг бол «өөрт байгаагаа бат сахих» цаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[21-р хуудасны хавсралт/зураг]
«Хүлээн хүлээдэг... нь ерөөлтэй еэ!» (Даниел 12:12).
Нэг байшингийн харуул, манаж буй газарт нь хулгай орох гэж байгааг гадарлажээ гээд төсөөлөөд үзье. Шөнө болоход харуул, хулгайч ирэх вий гэж чимээ анир бүрийг анхааралтай чагнана. Хором бүр чих тавьж, нүд цавчихгүй зогсоно. Салхины исгэрээ, амьтны дуу чимээ гэх мэтийн хуурамч түгшүүрт хууртах амархан гэдэг нь ойлгомжтой (Лук 12:39, 40).
«Бидний Эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн» байгаа хүмүүст ч үүнтэй адил явдал тохиолдож мэднэ (1 Коринт 1:7). Элч нар Есүсийг дахин амилаад л «Израильд хаанчлалыг сэргээнэ» гэж бодож байсан (Үйлс 1:6). Хэдэн жилийн дараа Тесалоник хотын христиануудад Христийн «залран байх» нь ирээдүйд болох учиртайг сануулах хэрэг ч гарч байсан (2 Тесалоник 2:3, 8, ШЕ). Еховагийн өдрийг хүлээж байсан нь биелээгүй ч Есүсийн эртний дагалдагчид амь уруу хөтлөх замаас гараагүй юм (Матай 7:13, 14).
Өнөө үед бид ч гэсэн эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл удаад байна гэж сэтгэлээр унаж, сонор сэрэмж алдах учиргүй. Сэрэмжтэй харуул хуурамч түгшүүрт хууртаж болох ч үргэлж сонор сэрэмжтэй хэвээрээ л байдаг! Энэ бол түүний үүрэг юм. Христиануудын хувьд ч гэсэн ийм л байх учиртай.