Skip to content

Гарчиг руу орох

«Бие биеэ хайрла»

«Бие биеэ хайрла»

«Бие биеэ хайрла»

«Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» (ИОХАН 13:35).

1. Есүс үхэхийнхээ өмнөхөн ямар чанарыг онцолсон бэ?

 «БЯЦХАН хүүхдүүд» (Иохан 13:33). Есүс үхэхийнхээ урд үдэш элч нараа тийн энхрийлж дуудсан билээ. Урьд нь тэдэнтэй ярилцахдаа ингэж дуудаж байсан тухай Евангелид ер байдаггүй. Гэвч тэр онцгой үдэш Есүс дагалдагчдадаа хичнээн их хайртайгаа илэрхийлэхийн тулд тэднийг ийнхүү энхрийлэн дууджээ. Чухамдаа Есүс тэр үдэш хайрын талаар 30 орчим удаа дурдсан байдаг. Энэ чанарыг тэгтлээ онцлох болсны учир юу вэ?

2. Бие биеэ хайрлах нь христиануудад яагаад тийм чухал бэ?

2 Есүс хайр яагаад тийм чухал болохыг тайлбарлан: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иохан 13:35; 15:12, 17). Христийн дагалдагч байхын тулд ах дүүсээ хайрлах хэрэгтэй. Жинхэнэ христианууд ямар нэгэн тусгай хувцас юм уу сонирхол татсан зан үйлээрээ бус, харин бие биеэ чин сэтгэлээсээ, энхрийлж хайрладаг хайраараа ялгардаг. Хайрын энэхүү онцгой хэлбэр бол өмнөх өгүүллийн эхэнд дурдсан, Христийн шавийн хангавал зохих гурван үндсэн шаардлагын хоёр дахь нь юм. Энэ шаардлагыг тасралтгүй хангахад бидэнд юу туслах вэ?

«Улам илүү хайрлагтун»

3. Хайрын тухайд элч Паул юу гэж уриалсан бэ?

3 Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын дунд байсан энэхүү онцгой хайр Христийн өнөөгийн жинхэнэ шавь нарын дунд бас байдаг. Элч Паул нэгдүгээр зууны христиануудад: «Ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсдөдөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахад Бурхнаар заалгасан байна. Үнэндээ, та нар тэр хайраар... ах дүү нараа цөмийг нь хайрладаг» хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч Паул «улам илүү хайрлахыг» тэдэнд уриалсан (1 Тесалоник 3:12; 4:9, 10). Бид ч мөн адил Паулын уриалгыг зүрхээрээ хүлээн авч, бие биеэ «улам илүү хайрлахыг» хичээх хэрэгтэй.

4. Паул Есүс хоёрын хэлснээр бид хэнийг онцгой анхаарах ёстой вэ?

4 Бурхны онгодоор хөтлүүлж бичсэн мөнхүү захидалдаа Паул «гутарсан хүмүүсийг тайвшруулж» (ШЕ), «дорой буурай хүмүүст туслахыг» итгэл нэгтнүүддээ уриалсан байна (1 Тесалоник 5:14). Өөр нэг захидлаараа «хүчтэй [нэг нь]... хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстойг» христиануудад сануулжээ (Ром 15:1). Есүс сул дорой нэгэндээ туслах зааврыг бас өгсөн. Баригдах шөнө нь Петр өөрийг нь орхиж явна гэдгийг урьдчилан хэлснийхээ дараа Есүс түүнд: «Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул» гэж хэлсэн. Учир нь тэд ч бас Есүсийг орхих бөгөөд тийнхүү тэдэнд тусламж хэрэгтэй болох байв (Лук 22:32; Иохан 21:15–17). Тийм учраас Бурхны Үг сүнслэг талаараа суларч, христиан хурлаас холбоогоо тасалсан хүмүүсийг илүү ихээр хайрлахыг тушаадаг (Еврей 12:12). Ингэх ёстойн учир юу вэ? Есүсийн хэлсэн хурц тод хоёр жишээ үүнд хариу өгнө.

Алдагдсан хонь ба зоос

5, 6. а) Есүс ямар хоёр богинохон жишээ хэлсэн бэ? б) Эдгээр жишээ Еховагийн талаар юу хэлдэг вэ?

5 Төөрсөн хүмүүст Ехова хэрхэн ханддагийг сонсогчдодоо үзүүлэхийн тулд Есүс богинохон хоёр жишээ хэлсэн. Эхнийх нь хоньчны тухай байв. Есүс: «Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, „Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!“ гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно» гэж хэлжээ (Лук 15:4–7).

6 Хоёр дахь нь нэгэн эмэгтэйн тухай байв. Есүс: «Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд: „Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!“ гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурхны тэнгэр элчүүдийн оршихуйд баяр хөөр болно» хэмээн хэлжээ (Лук 15:8–10).

7. Алдагдсан хонь ба зоосны тухай жишээнд ямар хоёр сургамж байдаг вэ?

7 Энэ хоёр богинохон жишээнээс бид юу ойлгож болох вэ? Эдгээр нь 1-рт: Сүнслэг талаараа суларсан хүмүүст бидний хэрхэн хандах ёстойг; 2-рт: Тийм хүмүүст туслахын тулд яах ёстойг үзүүлж байна. Энэ хоёр асуудлыг авч үзье.

Алдагдсан ч үнэтэй

8. а) Хоньчин ба эмэгтэй алдагдсан юмандаа хэрхэн хандсан бэ? б) Энэ нь тэд алдагдсан юмаа хэрхэн үнэлдэг тухайд юу хэлнэ вэ?

8 Хоёр жишээний аль алинд ямар нэг юмаа алга болгосон хүмүүсийн тухай дурджээ. Гэхдээ тэр хүмүүс алга болгосон юмандаа хэрхэн хандсаныг анхааръя. Хоньчин: «99 хоньтой хүнд ганц хонь юу юм бэ? Түүнтэй түүнгүй болно» гэж хэлээгүй. Эмэгтэй бас: «Ганц зоосны төлөө санаа зовох хэрэг юу байгаа юм бэ? Надад есөн зоос хангалттай» гэж хэлээгүй. Харин ч, хоньчин байгаа ганц хонио алдсан юм шиг хайсан. Эмэгтэй нь болохоор алга болсон ганц зоосныхоо хойноос, ширхэг ч зоосгүй хоцорсон юм шиг санаа зовсон. Хоёр тохиолдлын аль алинд алдагдсан юмс эздэдээ үнэтэй ажээ. Энэ нь юу харуулдаг вэ?

9. Хоньчин ба эмэгтэйн санаа зовсон байдал юуг тусгадаг вэ?

9 Жишээ болгоны төгсгөлд Есүс: «Гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно»; «Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурхны тэнгэр элчүүдийн оршихуйд баяр хөөр болно» гэх мэтээр дүгнэж хэлснийг анхаарагтун. Тэгэхлээр, хоньчин эмэгтэй хоёрын санаа зовсон байдал Ехова болон түүний сүнсэн бүтээлүүдийн сэтгэлийг ямар нэг хэмжээгээр тусгадаг. Алдагдсан юм нь хоньчин болоод эмэгтэйн нүдэнд үнэтэй байсан шиг ард түмнээс нь холбоогоо таслан, салж явсан хүн Еховагийн нүдэнд үнэтэй хэвээрээ үлддэг (Иеремиа 31:3). Тийм хүмүүс сүнслэг талаараа суларсан байж болно. Гэхдээ, энэ нь тэд бүр мөсөн дуулгаваргүй боллоо гэсэн үг биш юм. Суларсан ч гэсэн тэд зарим талаар Еховагийн шаардлагыг хангасан хэвээр байж болно (Дуулал 119:176; Үйлс 15:29). Тийм учраас Ехова эрт үеийнх шигээ, тэднийг «Өөрийнхөө оршихуйгаас... зайлуулахдаа» хүлээцтэй ханддаг (Хаадын дэд 13:23).

10, 11. а) Хурлаас салж явсан хүмүүст бид яаж хандах ёстой вэ? б) Есүсийн хоёр жишээнд өгүүлсэнчлэн тэдний төлөө санаа зовж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ?

10 Бид, сүнслэг талаараа суларч, цуглаанд ирэхээ больсон хүмүүсийн хойноос Ехова Есүс хоёрын адил санаа их зовдог (Езекиел 34:16; Лук 19:10). Сүнслэг талаараа суларсан хүнийг «алдагдсан хонь» гэж үзэхээс бус, найдвар тасарсан хүн гэж үздэггүй. Бид: «Ганц сул хүний төлөө санаа зовох хэрэг юу байна аа? Хурал түүнтэй түүнгүй болно» гэж боддоггүй. Харин ч, сүргээсээ салж явсан хэдий ч, буцаж ирэх хүсэлтэй хүнийг Ехова үнэтэй гэж үздэг шиг бид ч бас тэгж үздэг.

11 Гэвч бид санаа зовж байгаагаа хэрхэн харуулж болох вэ? Бид үүнийг: 1) Санаачилга гарган; 2) Эвтэйхэн харьцаж; 3) Хичээл зүтгэлтэй байснаараа илэрхийлж болохыг Есүсийн хоёр жишээ харуулдаг. Эдгээрийг тус тусад нь авч үзье.

Санаачилга гарга

12. «Алдагдсан хонины араас явсан» гэдэг нь хоньчны хандлагын талаар юу хэлдэг вэ?

12 Есүс эхний жишээндээ хоньчин «алдагдсан хонины араас явсан» тухай ярьсан. Тэрээр хонио олж авахын тулд санаачилга гарган, үнэхээр хүчин зүтгэжээ. Бэрхшээл, аюул, урт замын аль алинд шантралгүй, «түүнийг олтлоо» шаргуу «хайсан» (Лук 15:4).

13. Бурхны эртний үнэнч үйлчлэгчид суларсан хүмүүст яаж ханддаг байсан бэ? Тэдний жишээг бид хэрхэн дуурайж болох вэ?

13 Түүнтэй адил, урам зориг дутагдсан хүнд туслахад хүчтэй нэг нь санаачилга гаргах хэрэгтэй. Үүнийг Бурхны эртний үнэнч үйлчлэгчид ойлгодог байсан. Жишээ нь, Саул хааны хүү Ионатан дотны анд Давидад нь урам зориг хэрэгтэй байгааг мэдмэгц «босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурхны дотор Давидыг зоригжуулсан» (1 Самуел 23:15, 16). Мөн, үүнээс олон зуун жилийн дараа захирагч Нехемиа ах дүү иудейчүүдийн зарим нь суларсныг хараад тэр даруй «босож», тэдэнд «ЭЗЭНийг сануулжээ» (Нехемиа 4:14). Түүнчлэн, өнөөдөр бид суларсан хүмүүсийг бэхжүүлэхийн тулд «босох», өөрөөр хэлбэл санаачилга гаргах хэрэгтэй. Гэвч үүнийг хурлын чухам хэн хийх ёстой вэ?

14. Суларсан хүмүүст хэн туслах ёстой вэ?

14 «Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун. Хулчгар зүрхтнүүдэд: „Зоригтой бай. Бүү ай“ гэж хэлэгтүн» хэмээсэн үг гол нь христиан ахлагчдад хамаатай юм (Исаиа 35:3, 4; 1 Петр 5:1, 2). Гэвч Паул «гутарсан хүмүүсийг тайвшруулж» (ШЕ), «дорой буурай хүмүүст туслахыг» зөвхөн ахлагчдад уриалаагүйг санаарай. Тэрээр «тесалоникчуудын [бүх] чуулганд [«хуралд», ШЕ]» хандсан юм (1 Тесалоник 1:1; 5:14). Тиймээс, христиан болгон суларсан хүмүүст идэвхтэй тусалж, жишээнд гардаг хоньчны адил «алдагдсан хонины араас явах» ёстой. Үүнийг ахлагчидтай хамтран хийвэл илүү үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Та хурлынхаа суларсан нэгэнд тусалж чадах уу?

Эвтэйхэн харьцах

15. Хоньчин хонио яагаад мөрөн дээрээ тэгнэн авчирсан байж болох вэ?

15 Хоньчин алдагдсан хонио олоод яадаг вэ? «Мөрөндөө тэгнэн» ирдэг (Лук 15:5). Энэ нь юутай сэтгэл хөдөлгөм, учиртай дүрслэл бэ! Хонь, таньж мэдэхгүй газраар хэд хоног хэрэн хэсэхдээ арслангийн довтолгоонд өртсөн ч байж магадгүй юм (Иов 38:39, 40). Өлссөнөөсөө болоод тамир тэнхээгүй болсон нь эргэлзээгүй. Тэгээд, сүрэгтээ буцаж ирэх замдаа тааралдах саадыг өөрийн хүчээр давах боломжгүй болжээ. Тийм учраас хоньчин доош бөхийн, хонио эвтэйхнээр өргөж босгоод, бүх саад дундуур мөрөн дээрээ тэгнэсээр сүрэгтээ буцаан авчирдаг. Энэ хоньчны үзүүлсэн халамжийг бид хэрхэн тусгах вэ?

16. Төөрсөн хонио энхрийлэн хайрласан хоньчныг дуурайх ёстойн учир юу вэ?

16 Хурлаас холбоогоо тасалсан хүн сүнслэг талаараа туйлдаж болно. Тийм хүн хоньчноосоо салсан хонь адил энэхүү ёс бус ертөнцөөр ямар ч зорилгогүй хэрэн хэсүүчилж байж магадгүй. Хашаа буюу христиан хурлын хамгаалалтаас гарсан хүн «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт» Диаволын довтолгоонд урьд хожид байгаагүйгээр өртдөг (1 Петр 5:8). Түүнээс гадна, сүнслэг хоол дутагдсанаас тамир тэнхээ нь барагдаж, хурал уруугаа буцаж очъё ч гэсэн замдаа тааралдах саадыг өөрийн хүчээр давах чадалгүй болдог. Тиймээс бид сул хүнийг, зүйрлэж хэлбэл, доош бөхийн эвтэйхэн өргөж босгоод, мөрөн дээрээ тэгнээд авчрах хэрэгтэй (Галат 6:2). Хэрхэн ингэж болох вэ?

17. Сүнслэгээр суларсан нэгнийгээ эргэхдээ элч Паулыг хэрхэн дуурайж болох вэ?

17 Элч Паул: «Хэн сул дорой байна, би сул дорой байгаагүйсэн бил үү?» хэмээн асуужээ (2 Коринт 11:29; 1 Коринт 9:22). Паул хүмүүсийг, тэр дундаа сул дорой хүмүүсийг өрөвддөг байсан. Бид ч мөн адил сул дорой нэгнийг өрөвдөх ёстой. Сүнслэг талаар суларсан нэгнийгээ эргэхдээ түүнийг Еховагийн нүдэнд үнэтэй бөгөөд хуралд маш их үгүйлэгддэг гэдгийг хэлээрэй (1 Тесалоник 2:17). Итгэл нэгтнүүд нь түүнд туслахад бэлэн бөгөөд «хэцүү цагт дэм болохын төлөө төрсөн ах дүү нар» нь байхыг хүсдэгийг ойлгуулаарай (Сургаалт үгс 17:17; Дуулал 34:18). Бид чин сэтгэлийн үгээрээ эвтэйхэн, болгоомжтой «өргөж босговол» тэр, «сүрэгтээ» буцан ирж болох юм. Тэгээд цааш нь яах хэрэгтэй вэ? Зоосоо алга болгосон эмэгтэйн жишээнээс юу хийхээ мэдэж авч болно.

Хичээл зүтгэлтэй байх

18. а) Жишээнд гардаг эмэгтэйн найдвар тасраагүйн учир юу вэ? б) Эмэгтэй ямар ямар хүчин чармайлт гаргасан бэ? Энэ нь ямар үр дүнд хүрсэн бэ?

18 Зоосоо алга болгосон эмэгтэй байдал хэцүү болсныг ойлгодог ч найдвар нь тасраагүй. Хэрэв зоос бут сөөгтэй өргөн талд юм уу, булингартай гүн нууранд унасан бол эмэгтэй түүнийг олдохоосоо өнгөрлөө гэж үзэх байсан нь лавтай. Гэвч, зоос гэрт нь хаа нэгтээ, олж болох газар байгааг мэдэж байсан тэрээр нягт нямбай, хичээнгүйлэн хайж эхэлжээ (Лук 15:8). Гэр доторхоо гэрэлтүүлэхийн тулд эхлээд дэнлүүгээ асаадаг. Дараа нь зоосны жингэнэх дуу сонсогдож магадгүй хэмээн шалаа шүүрддэг. Эцэст нь дэнлүүний гэрэлд мөнгөн зоос гялалзан харагдах хүртэл, өнцөг булан бүрийг нягтлан үздэг. Эмэгтэйн хүчин зүтгэл үр дүнд хүрсэн!

19. Зоосоо алга болгосон эмэгтэйн жишээнээс суларсан нэгэндээ туслах ямар сургамж авч болох вэ?

19 Уг жишээ сул дорой итгэл нэгтэндээ туслах христиан үүргээ биелүүлэх боломжтойг маань харуулдаг. Түүний зэрэгцээ хүчин чармайлт гаргах шаардлагатайг бид ойлгодог. Элч Паул, Ефес хотын ахлагчдад: «Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстой» хэмээн хэлжээ (Үйлс 20:35а). Эмэгтэй энд тэнд харсан болоод орхичихолгүй, «өнөөхөө олтлоо» дэс дараатай хайсан. Үүний адил бид сүнслэгээр суларсан нэгэндээ туслахдаа хүчин зүтгэл гарган, зорилго чиглэлтэй ажиллах хэрэгтэй. Юу хийж болох вэ?

20. Суларсан хүмүүст туслахын тулд юу хийж болох вэ?

20 Итгэлээ бэхжүүлж, үнэнд гүн талархалтайгаар ханддаг болоход нь суларсан хүнд хэрхэн туслах вэ? Чухам хэрэгтэй юм нь Нийгэмлэгийн зохих ном хэвлэлийн тусламжтайгаар Библи судлах явдал байж болох юм. Үнэн хэрэгтээ, суларсан хүнтэй Библи судлах нь түүнд туслах тохиромжтой, сайн арга мөн. Түүнд хэн илүү сайн тусалж чадах хийгээд ямар ямар сэдэв үзэж, ямар хэвлэл ашиглах нь тустай болохыг үйлчлэлийн харгалзагч тодорхойлж болно. Ажил хэргээ гүйцэлдүүлэхэд нь хэрэгтэй багаж хэрэгсэл жишээнд гардаг эмэгтэйд байсны адил өнөөдөр сүнслэг талаараа суларсан хүмүүст туслах Бурхнаас авсан даалгавраа биелүүлэхэд тустай гарын авлагууд бидэнд бий. Энэ талаар онцгой ач холбогдолтой хоёр шинэ хэвлэлийг нэрлэж болно. Энэ бол «Цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэгтүн», «Еховад ойртогтун» гэдэг ном юм. *

21. Суларсан хүмүүст туслах ажил аль алинд нь хэрхэн ивээл авчирдаг вэ?

21 Суларсан хүмүүст туслах ажил аль алинд нь ивээл авчирдаг. Туслуулж байгаа хүн жинхэнэ анд нөхөдтэйгөө дахин нэгдэн нийлсэндээ баяр хөөр болдог. Харин бид өгөхийн жаргал эдэлнэ (Лук 15:6, 9; Үйлс 20:35б). Хурлын гишүүн бүр бие биедээ чин сэтгэлээсээ санаа тавивал хурал бүхэлдээ халуун дулаан уур амьсгалтай байна. Гэхдээ хамгийн гол нь бид халамжит Хоньчин болох Ехова Есүс хоёр шигээ, суларсан хүмүүст туслахыг хүсдэг учраас тэднийг алдаршуулдаг (Дуулал 72:12–14; Матай 11:28–30; 1 Коринт 11:1; Ефес 5:1). Тэгэхлээр, бидэнд үргэлж «бие биеэ хайрлах» юутай хүндтэй шалтгаан байна вэ!

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи).

Та тайлбарлаж чадах уу?

• Бие биеэ хайрлах нь яагаад чухал бэ?

• Суларсан хүмүүсийг илүү ихээр хайрлах ёстойн учир юу вэ?

• Алдагдсан хонь ба зоосны тухай жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

• Суларсан нэгэндээ туслах ямар ямар практик арга байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]