«Их жимс ургуул»
«Их жимс ургуул»
«Их жимс ургуул... Ийнхүү та нар Миний шавь нар байх болно» (ИОХАН 15:8).
1. а) Есүс, шавь байхын тулд ямар шаардлага хангах ёстойг элч нартаа сануулсан бэ? б) Бид өөртөө ямар асуулт тавих хэрэгтэй вэ?
ЭНЭ явдал Есүсийг үхэхийн урд үдэш болсон юм. Есүс элч нараа зоригжуулж, тэдэнтэй чин сэтгэлийн, халуун дотно урт яриа өрнүүлжээ. Шөнө дунд өнгөрсөн ч хайрандаа хөтлөгдсөн Есүс дотны анд нөхөдтэйгөө яриагаа үргэлжлүүлсээр байлаа. Ярианыхаа явцад өөрийнх нь шавь байхын тулд хангах ёстой өөр нэг шаардлагыг тэдэнд сануулсан. Тэрээр: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно» хэмээн хэлжээ (Иохан 15:8). Бид шавь байх энэ шаардлагыг хангадаг уу? «Их жимс ургуулах» гэж юу гэсэн үг вэ? Эдгээрийг ойлгохын тулд тэр үдэш болсон ярианд анхаарлаа хандуулъя.
2. Есүс үхэхийнхээ урд үдэш үр жимс ургуулах талаар ямар жишээ хэлсэн бэ?
2 Жимс буюу үр жимс ургуулах тухай сануулга бол Есүсийн элч нартаа хэлсэн жишээний хэсэг нь юм. Есүс: «Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор [«надтай нэгдэлтэй», ШЕ] байгтун. Би ч та нарын дотор [«та нартай нэгдэлтэй», ШЕ] байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор [«надтай нэгдэлтэй», ШЕ] байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. [...] Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно. Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. ...Та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж хэлжээ (Иохан 15:1–10).
3. Есүсийн дагалдагчид үр жимс ургуулахын тулд яах ёстой вэ?
3 Уг жишээний Тариалагч нь Ехова, усан үзмийн мод нь Есүс, харин усан үзмийн модны мөчир нь Есүсийн ярилцсан тэр элч нар ажээ. Элч нар Есүстэй «нэгдэлтэй байхыг» хичээвэл үр жимс ургуулж чадах байв. Дараа нь Есүс энэхүү амин чухал нэгдлийг элч нар хэрхэн хадгалах учиртайг тайлбарлан: «Та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж хэлсэн. Хожим элч Иохан: «[Христийн] тушаалуудыг сахигч нь Түүний дотор [«түүнтэй нэгдэлтэй», ШЕ] байдаг» хэмээн дээрхтэй төстэй үг бичжээ * (1 Иохан 2:24; 3:24). Тийнхүү, Христийн дагалдагчид тушаалыг нь сахиснаараа түүнтэй нэгдэлтэй байдаг бөгөөд тэрхүү нэгдлийн ачаар үр жимс ургуулах чадвартай болдог. Бид ямар ямар төрлийн үр жимс ургуулах хэрэгтэй вэ?
Их жимс ургуулах боломж
4. Ехова жимс ургуулдаггүй аливаа мөчрийг «авч хаядаг» жишээнээс бид юу мэдэж авч болох вэ?
4 Усан үзмийн модны тухай жишээнд үзүүлснээр Ехова жимс ургуулдаггүй мөчрийг «авч хаях» буюу тайрдаг ажээ. Энэ нь бидэнд юу хэлнэ вэ? Шавь нар бүгд үр жимс ургуулах шаардлагатай төдийгүй ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн үүнийг хийх чадалтай гэдгийг хэлж байгаа юм. Хүч хүрэхгүй юмаа хийгээгүйнх нь төлөө Христийн шавийг «авч хаях» буюу голох нь хайрын Бурхан Еховагийн сэтгэлд үнэхээр багтамгүй билээ (Дуулал 103:14; Колоссай 3:23; 1 Иохан 5:3).
5. а) Бид илүү их үр жимс ургуулж болохыг Есүсийн жишээ хэрхэн харуулдаг вэ? б) Ямар хоёр үр жимсийг бид авч үзэх вэ?
5 Тэрчлэн, шавь бид нөхцөл байдлынхаа хирээр их жимс ургуулах боломж хайх ёстойг Есүсийн, усан үзмийн модны тухай жишээ харуулдаг. Есүс үүнийг: «Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг» хэмээн тодорхойлсныг анхаараарай (Иохан 15:2). Жишээнийхээ төгсгөлд Есүс «их жимс» ургуулахыг дагалдагчдадаа уриалсан (8-р зүйл). Энэ юу гэсэн үг вэ? Христийн шавь бид хийсэн зүйлдээ хэзээ ч сэтгэл ханаж болохгүй (Илчлэлт 3:14, 15, 19). Харин ч, илүү их жимс ургуулах боломжийг үргэлж хайх ёстой. Ямар ямар төрлийн үр жимсийг арвин ихээр ургуулахыг хичээх хэрэгтэй вэ? Үүнд: 1) «Сүнсний үр жимс»; 2) Хаанчлалын үр жимс орно (Галат 5:22, 23; Матай 24:14).
Христиан чанаруудын үр жимс
6. Хайрын чухлыг Есүс Христ хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
6 «Сүнсний үр жимсний» эхнийх нь хайр юм. Христианууд Есүсийн, үржил шимтэй усан үзмийн модны тухай жишээ хэлэхээсээ өмнөхөн өгсөн тушаалыг сахидаг учраас Бурхны ариун сүнс тэдэнд хайр бий болгодог. Есүс элч нартаа: «Би та нарт... бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна» гэж хэлжээ (Иохан 13:34). Үнэндээ, дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн шөнө Есүс элч нартай ярилцахдаа хайр илэрхийлэхийн чухлыг нэг бус удаа сануулсан (Иохан 14:15, 21, 23, 24; 15:12, 13, 17).
7. Үр жимс ургуулах нь христиан чанаруудыг илэрхийлэхтэй холбоотойг элч Петр хэрхэн харуулсан бэ?
7 Тэр шөнө тэнд байсан Петр, Есүсийн жинхэнэ шавь нар христиан хайр болон хайртай холбоотой бусад чанар илэрхийлэх ёстойг ойлгожээ. Олон жилийн дараа Петр христиануудад өөрийгөө захирах байдал, ах дүүсэг энэрэл, хайр зэрэг чанар хөгжүүлэхийг уриалсан. Хэрэв бид тэгэх аваас «ашиг ч үгүй, үр жимс ч үгүй» хоцрохгүй гэдгийг бас нэмж хэлсэн (2 Петр 1:5–8). Бид ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн сүнсний үр жимс илэрхийлж чадна. Тэгэхлээр, бүгдээрээ хайр, энэрэл, дөлгөөн зан зэрэг христиан чанарыг улам ихээр илэрхийлэхийг хичээцгээе. Учир нь «эдгээрийн эсрэг хууль [буюу хязгаар] байдаггүй» (Галат 5:23). Тиймд «их жимс» ургуулцгаая.
Хаанчлалын үр жимс ургуулах
8. а) Сүнсний үр жимс болон Хаанчлалын үр жимсний хооронд ямар холбоо байдаг вэ? б) Бид ямар асуултад анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?
8 Өнгө өнгийн амтлаг жимс ургамлыг чимдэг. Гэхдээ тийм жимсний үнэ цэн зөвхөн чимэг болох төдийгөөр хязгаарлагддаггүй. Үр жимс ургамлын өсөж үржихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй адилаар, сүнсний үр жимс бидний христиан чанарыг чимэх төдийгөөр хязгаарладаггүй. Хайр, итгэл гэх зэрэг чанар Бурхны Үгэнд байдаг Хаанчлалын тухай мэдээний үр суулгахад биднийг хөтөлдөг. Элч Паул энэ чухал холбоог хэрхэн онцлон тэмдэглэснийг үзье. Тэрээр: «Бид ч тийм итгэлтэй [сүнсний үр жимсний хэсэг] учраас ярьдаг» гэж хэлжээ (2 Коринт 4:13, ШГ). Тийнхүү бид, Паулын өөр нэг захиандаа тайлбарласнаар, «Бурханд... уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөдөг» билээ. Энэ бол бидний ургуулах ёстой үр жимсний хоёр дахь төрөл юм (Еврей 13:15). Бурхны Хаанчлалыг тунхаглагч бидэнд «их жимс» ургуулах буюу илүү үр өгөөжтэй байх боломж бий юү?
9. Үр жимс ургуулахыг шавь бэлдэх гэж ойлгож болох уу? Тайлбарлана уу.
9 Зөв хариу авахын тулд юуны түрүүнд Хаанчлалын үр жимс гэдэгт юу ордгийг ойлгох хэрэгтэй. Шавь бэлдэхийг үр жимс ургуулах гэж үзэх нь зөв үү? (Матай 28:19). Бидний ургуулах ёстой үр жимс гэдэгт зөвхөн, баптисм хүртсэн үйлчлэгч болоход нь тусалсан тэр хүмүүсийг ойлгож болох уу? Үгүй ээ. Хэрэв тиймсэн бол Хаанчлалын тухай мэдээнд хайхрамжгүй ханддаг хүмүүс суудаг нутаг оронд олон арван жил үнэнчээр тунхаглаж байгаа бидний хайртай ах эгч нарын урам зориг мохох байсан биз ээ. Үнэндээ, хэрэв бидний ургуулдаг Хаанчлалын үр жимс нь зөвхөн шинэ шавь байх аваас хөдөлмөрч хичээнгүй Гэрчүүд Есүсийн жишээний, үр жимс ургуулдаггүй мөчир байх бус уу! Мэдээжээр, энэ нь тийм байж таарахгүй. Тэгвэл бидний үйлчлэхдээ ургуулдаг Хаанчлалын гол үр жимс юу вэ?
Хаанчлалын үр суулгаснаар жимс ургуулдаг
10. Тариачин болон янз бүрийн хөрсний тухай Есүсийн жишээ Хаанчлалын үр жимс гэж чухам юу болохыг хэрхэн харуулдаг вэ?
10 Тариачин болон янз бүрийн хөрсний тухай Есүсийн жишээ үржил шим багатай нутагт гэрчилдэг хүмүүст урам хайрласан хариу болдог. Үр бол Бурхны Үгэнд байдаг Хаанчлалын тухай мэдээ, харин хөрс бол хүний бэлэгдлийн зүрх юм гэж Есүс хэлсэн. «Зарим үр нь сайн хөрсөнд унаж, ургаад... ургац [«үр жимс», ШЕ] өгчээ» (Лук 8:8). Юун үр жимс вэ? Ургаж боловсорсон улаан буудайн үр жимс нь бяцхан түрүү бус, харин үр байдаг. Үүнтэй адил, христиануудын үр жимс нь шинэ шавь байх албагүй, харин Хаанчлалын шинэ үр байдаг.
11. Хаанчлалын үр жимс гэж юу вэ?
11 Үүнээс үзвэл үр жимс бол шинэ шавь болон христиан сайхан чанаруудын аль аль нь биш ажээ. Суулгадаг үр нь Хаанчлалын тухай үг болохоор үр жимс нь суулгасан үртэй адилхан олон үр байх ёстой. Өөрөөр хэлбэл үр жимс ургуулах гэдэг нь Хаанчлалын тухай дэлгэрүүлэх гэсэн үг юм (Матай 24:14). Нөхцөл байдал маань ямар ч байлаа гэсэн бид Хаанчлалын тийм үр жимс ургуулах буюу Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж чадах уу? Чадалгүй яахав! Есүс мөнөөх жишээгээрээ хэрхэн чадахыг тайлбарласан.
Бид Бурхны алдрын төлөө хамгийн сайнаа өгдөг
12. Христиан хүн болгон Хаанчлалын үр жимс ургуулж чадах уу? Тайлбарлана уу.
12 «Сайн хөрсөнд унасан нь... үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно» гэж Есүс хэлсэн (Матай 13:23). Талбайд суулгасан үр нөхцөл байдлаас хамаараад харилцан адилгүй ургац өгдөг. Үүнтэй адилаар бид нөхцөл байдлаасаа шалтгаалаад сайн мэдээ тунхаглах ажилдаа харилцан адилгүй амжилт гаргадаг ба Есүс үүнийг ойлгодгоо илэрхийлсэн. Зарим хүн боломжоороо, нөгөө зарим нь эрүүл мэнд, хүч чадлаараа илүү байж болно. Тиймд, чадлынхаа хирээр хийж байгаа зүйл маань бусдынхаас их, бага ямар ч байж болох хэдий ч өөртөө байгаа хамгийн сайнаа өгч байгаа цагт Ехова баяртай байдаг (Галат 6:4). Тэр ч байтугай өндөр нас, өвчин эмгэг дэлгэрүүлэх ажилд оролцох оролцоог маань хязгаарлалаа гэхэд нигүүлсэнгүй Эцэг Ехова Бурхан биднийг «их жимс ургуулдаг» хүмүүс гэж үзэх нь эргэлзээгүй. Яагаад гэвэл бид түүнд «өөрт байгаа бүгдийгээ» өгдөг буюу бүх зүрх сэтгэлээрээ үйлчилдэг * (Марк 12:43, 44; Лук 10:27).
13. а) «Явж, [Хаанчлалын] жимс ургуулдгийн» маань гол шалтгаан юу вэ? б) Хайхрамжгүй ханддаг хүмүүс суудаг нутаг дэвсгэрт үр жимс ургуулахад бидэнд юу туслах вэ? (Хавсралтыг үзнэ үү.)
13 Хаанчлалын үр жимс ургуулах чадал маань ямар ч байлаа гэсэн түүнийг ургуулдаг шалтгаанаа үргэлж санадаг бол «явж, жимс ургуулах» хүсэлд автах болно (Иохан 15:16). Үүний гол шалтгааныг Есүс: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана» хэмээн сануулсан (Иохан 15:8). Тийм ээ, бидний дэлгэрүүлдэг ажил Еховагийн нэрийг бүх хүн төрөлхтний өмнө ариусгадаг (Дуулал 109:30). Оонор гэгч 70 гаруй настай үнэнч Гэрч эмэгтэй: «Хэсгийнх нь хүмүүс сайн мэдээг хүлээн авах дургүй байсан ч хамаагүй, Хамгийн Дээдийн төлөөлөгч байна гэдэг туйлын завшаантай хэрэг» хэмээн ярьдаг. 1974 оноос Гэрчээр идэвх зүтгэлтэй үйлчилж байгаа Клаудиогоос, хүмүүс сайн мэдээнд хайхрамжгүй ханддагийг үл тоон дэлгэрүүлсээр байдгийн учрыг асуухад Иохан 4:34-т байдаг «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» хэмээн Есүсийн хэлсэн үгийг иш татан хариулжээ. Клаудио цааш нь: «Би Хаанчлалыг тунхаглах ажлаа эхэлчихээд л орхихыг хүсдэггүй, харин Есүс шиг дуусгахыг хүсдэг» гэж хэлсэн байна (Иохан 17:4). Дэлхийн аль ч өнцөгт амьдардаг Еховагийн Гэрч үүнийг хүлээн зөвшөөрдөг. («Хэрхэн „тэвчээртэйгээр үр жимсээ өгөх“ нь» гэсэн гарчиг бүхий хавсралтыг үзнэ үү.)
Дэлгэрүүлэх хийгээд заах ажил
14. а) Баптисм хүртээгч Иохан, Есүс Христ хоёрын ажил үйлс ямар хос зорилготой байсан бэ? б) Өнөөдрийн христиануудын үйл ажиллагааг та хэрхэн тодорхойлох вэ?
14 Евангелид бичсэнээр Хаанчлалыг тунхаглагчдын анхдагч нь баптисм хүртээгч Иохан байлаа (Матай 3:1, 2; Лук 3:18). Түүний гол зорилго бол «гэрчлэл хийх» явдал байсан бөгөөд «бүгдийг... итгүүлэхийн тулд» энэ ажлыг гүн итгэл, бат найдвартайгаар гүйцэтгэж байв (Иохан 1:6, 7). Үнэхээр ч, Иоханы дэлгэрүүлсэн хүмүүсээс зарим нь Христийн шавь болсон билээ (Иохан 1:35–37). Тийнхүү, Иохан дэлгэрүүлж, шавь бэлдэж байлаа. Есүс ч мөн адил дэлгэрүүлэгч бөгөөд багш байсан (Матай 4:23; 11:1). Тийм ч учраас, Есүсийг дагалдагчдадаа Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх төдийгүй уг мэдээг хүлээн авсан хүмүүсийг өөрийнх нь шавь болоход туслахыг тушаасанд гайхах зүйл байхгүй ээ (Матай 28:19, 20). Өнөөдөр ч гэсэн бид мөн адил дэлгэрүүлэх хийгээд заах ажлыг хослуулдаг.
15. МЭ І зуунд гүйцэтгэж байсан дэлгэрүүлэх ажил өнөөдрийнхтэй юугаараа адилхан бэ?
15 МЭ І зуунд Паулын дэлгэрүүлж, заасныг сонссон хүмүүсээс «яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгээгүй» (Үйлс 28:24). Өнөөдөр ч гэсэн хүмүүс мөн адил янз бүрээр хүлээн авдаг. Хаанчлалын үрийн ихэнх нь үржил шимгүй хөрсөнд унадаг нь харамсалтай. Гэлээ ч зарим үр Есүсийн зөгнөн хэлснээр сайн хөрсөнд унаж, үндэслээд, соёолдог. Одоогийн байдлаар дэлхий даяар долоо хоног тутам дунджаар 5 000 гаруй хүн Христийн жинхэнэ шавь болж байна! Хүмүүсийн ихэнх нь итгээгүй ч эдгээр шинэ шавь «яригдсан зүйлд... итгэжээ». Тэдний зүрх Хаанчлалын мэдээг уриалган хүлээж авахад юу тусалсан бол оо? Гэрчүүдийн чин сэтгэлийн хүчин зүтгэл суулгасан үрийг услахтай адил үр дүнд хүрдэг (1 Коринт 3:6). Олон жишээ байдаг ч зөвхөн хоёрыг авч үзье.
Чин сэтгэлийн хүчин зүтгэл үр дүнд хүрдэг
16, 17. Дэлгэрүүлж яваад уулзсан хүмүүстээ чин сэтгэлээсээ санаа тавих нь яагаад чухал бэ?
16 Бельгид амьдардаг Каролин гэдэг залуу Гэрч эмэгтэй нэгэн настай эмэгтэйд гэрчилсэн боловч мөнөөх эмэгтэй Хаанчлалын тухай мэдээг сонирхоогүй аж. Каролин болон түүний хос, эмэгтэйн гар боолттой байхыг ажиглаад туслахыг санал болгосон боловч тэрээр татгалзсан байна. Хоёр өдрийн дараа мөнөөх хоёр Гэрч, эмэгтэй дээр эргэн ирж биеийг нь асуужээ. «Энэ маань үр дүнд хүрсэн шүү. Өөрт нь зориуд санаа тавьж байгааг маань хараад тэр их гайхсан. Тэгээд биднийг гэртээ орохыг урьсан бөгөөд бид түүнтэй Библи судалж эхэлсэн» хэмээн Каролин ярьсан билээ.
17 АНУ-д амьдардаг Санди гэгч Гэрч эмэгтэй дэлгэрүүлж байгаа хүндээ мөн адил чин сэтгэлээсээ санаа тавьдаг нэгэн. Санди орон нутгийн сониноос, шинэ төрсөн хүүхдийн тухай мэдээлэл олж үзээд, эцэг эх дээр нь «Библийн тухай миний ном»-оо барьсаар очдог гэнэ. * Эх нь гол төлөв гэртээ сууж, хүүхдээ хардаг ажилтай болохоор ирсэн зочинтой ярих дуртай байдаг аж. Санди: «Ном уншиж өгөх замаар нялх хүүхэдтэйгээ холбоо тогтоохын чухлыг би эцэг эхэд нь тайлбарладаг. Дараа нь өнөөгийн нийгэмд хүүхэд өсгөж хүүмүүжүүлэх ажил хичнээн хүнд болох талаар ярилцдаг» хэмээн хэлж билээ. Тийм уулзалтын үр дүнд саяхан нэгэн эмэгтэй зургаан хүүхдийнхээ хамт Еховагийн үйлчлэгч болжээ. Хэрэв бид санаачилга гарган, бусдад чин сэтгэлээсээ санаа тавивал дээрхийн адил, үйлчлэх ажлаасаа баяр баясгалан эдэлнэ.
18. а) «Их жимс ургуулах» шаардлагыг бид бүгдээрээ биелүүлж чадахын учир юу вэ? б) Та «Иохан» номд дурдсан, шавь нарт тавигдах ямар гурван шаардлагыг хангах шийдвэр төгс байна вэ?
18 «Их жимс ургуулах» шаардлагыг биелүүлэх боломжтойгоо мэдэх нь юутай урамтай вэ! Нас маань залуу ч бай хөгшин ч бай, эрүүл мэнд маань сайн ч бай муу ч бай, дэлгэрүүлдэг мэдээг маань хүлээн авдаг ч бай үгүй ч бай бид бүгд «их жимс» ургуулж чадна. Яаж? Сүнсний үр жимсийг улам ихээр илэрхийлж, Бурхны Хаанчлалын тухай мэдээг боломж чадлынхаа хирээр дэлгэрүүлэхийн зэрэгцээ Есүсийн «үгэн дотор байж», «бие биеэ хайрлахыг» хичээвэл «их жимс» ургуулна. Тийм ээ, «Иохан» номд дурдсан, шавь нарт тавигдах энэ гурван чухал шаардлагыг хангаснаараа бид «үнэхээр [Христийн] дагалдагчид» гэдгээ харуулдаг (Иохан 8:31; 13:35).
[Зүүлт]
^ Энэ жишээний усан үзмийн модны мөчрөөр Есүсийн элч нар болон Бурхны тэнгэрийн Хаанчлалыг өвлөх бусад христианыг төлөөлдөг ч тэр жишээ өнөөдөр амьдарч байгаа Христийн бүх дагалдагчид ач холбогдолтой (Иохан 3:16; 10:16).
^ Өндөр нас, өвчин эмгэгээсээ болоод гэрээсээ гарч чаддаггүй хүмүүс захидал юм уу, хориглоогүй бол, утсаар дэлгэрүүлэх боломжтойгоос гадна өөрийг нь эргэж ирсэн хүмүүстэй сайн мэдээ хуваалцаж болно.
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи).
Давтах асуулт
• Бид ямар ямар үр жимсийг арвин ихээр ургуулах хэрэгтэй вэ?
• «Их жимс ургуулах» зорилго биелэх боломжтойн учир юу вэ?
• «Иохан» номд дурдсан, шавь нарт тавигдах ямар гурван чухал шаардлагыг бид авч үзсэн бэ?
[Догол мөрийн асуулт]
[21-р хуудасны хавсралт/зураг]
Хэрхэн «тэвчээртэйгээр үр жимсээ өгөх» нь
ХҮМҮҮС нь хайхрамжгүй ханддаг нутаг дэвсгэрт Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэх ажлаа үнэнчээр үргэлжлүүлэхэд юу тусалдаг вэ? Энэ асуултад хариу болох тустай зарим зөвлөгөөг дор сийрүүлэв.
«Биднийг Есүс бүрэн дүүрэн дэмждэг гэдгийг ухаарах нь сайн мэдээг хүмүүс яаж ч хүлээж авсан өөдрөг сэтгэлтэй, цөхрөлтгүй дэлгэрүүлэхэд тусалдаг» (1946 онд баптисм хүртсэн, 72 настай, Харри ах).
«2 Коринт 2:17-д бичсэн үг намайг үргэлж зоригжуулдаг. Тэнд бичсэнээр бид дэлгэрүүлэх ажилд „Бурхны өмнө... Христ дотор“ оролцдог. Би дэлгэрүүлэхдээ хамгийн сайн хоёр андтайгаа явах дуртай» (1974 онд баптисм хүртсэн, 43 настай, Клаудио ах).
«Шулуухан хэлэхэд, дэлгэрүүлэхдээ би их хүчин чармайлт гаргадаг. Гэвч, Дуулал 18:29-д бичсэн „Бурхандаа түшиглэн би хана давж чадна“ хэмээсэн үгийн үнэн болохыг би мэдэрдэг (1955 онд баптисм хүртсэн, 79 настай, Гераат ах).
«Дэлгэрүүлж явахдаа Библиэс ядаж ганц зүйл уншиж өгөх боломж олдвол би их баярладаг. Яагаад гэвэл энэ нь тэр хүний зүрхийг Библиэр шалгаж байгаа хэрэг шүү дээ» (1989 онд баптисм хүртсэн, 26 настай, Елеанор эгч).
«Би дэлгэрүүлэхдээ янз бүрийн арга хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ энэ нь өчнөөн олон учраас амьдралынхаа үлдсэн хугацаанд бүгдийг хэрэглэж амжихгүй л дээ» (1940 онд баптисм хүртсэн, 79 настай, Паул ах).
«Хүмүүс эвгүй аашиллаа ч би гомддоггүй. Тэдэнтэй ярилцахдаа бодол санааг нь сонсож, аль болох энгийн, нөхөрсөг харьцахыг хичээдэг» (1946 онд баптисм хүртсэн, 75 настай, Даниел ах).
«Саяхан баптисм хүртсэн итгэл нэгтнүүд намайг дэлгэрүүлсний ачаар Гэрч болсон гэж ярьж байхтай тааралдсан. Хожим миний таньдаггүй өөр хэн нэг нь тэдэнтэй Библи судлаад, сүнслэг талаараа өсөхөд нь тусалсан байдаг. Бидний үйлчлэх ажил бол хамтын ажил гэдгийг ухаарах нь таатай хэрэг» (1954 онд баптисм хүртсэн, 66 настай, Жоон эгч).
«Тэвчээртэйгээр үр жимсээ өгөхөд» танд юу тусалдаг вэ? (Лук 8:15).