Эзний оройн зоог тэмдэглэх хэрэгтэйн учир юу вэ?
Эзний оройн зоог тэмдэглэх хэрэгтэйн учир юу вэ?
«Эзнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн» (1 КОРИНТ 11:23).
1, 2. МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярын шөнө Есүс юу хийсэн бэ?
ЕХОВАГИЙН цорын ганц Хүү болон түүнийг «сорилтод байх үед хажууд нь зогсож байсан» өөр 11 хүн хамтдаа цуглажээ (Лук 22:28). Тэр бол МЭ 33 оны гуравдугаар сарын 31-ний Пүрэв гаригийн үдэш байсан бөгөөд Иерусалимын тэнгэрт тэргэл саран гийж байх ёстой цаг байлаа. Есүс Христ элч нарынхаа хамт Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглээд дөнгөж дуусаад байв. Урвагч, Искариотын Иудас явсан хэдий ч бусдынх нь хувьд явах цаг хараахан болоогүй байжээ. Учир нь Есүс ямар нэгэн онцгой чухал юм хийх гэж байлаа. Тэр нь чухам юу байсан бэ?
2 Евангели бичсэн Матай тэнд байсан болохоор тэр бидэнд бүгдийг хэлэг. Тэрээр: «Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд: „Май, ид. Энэ бол Миний бие“ гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө: „Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус“ гэв» хэмээн бичжээ (Матай 26:26–28). Энэ үйл явдал ганцхан л удаа болох ёстой байсан уу? Үүний ач холбогдол юу байсан бэ? Энэ нь өнөөдөр бидний хувьд ямар нэгэн утга учиртай юу?
«Үүнийг үйлд»
3. МЭ 33 оны Нисан сарын 14-ний шөнө Есүсийн зохион байгуулсан арга хэмжээ яагаад чухал байсан бэ?
3 МЭ 33 оны Нисан сарын 14-ний шөнө Есүсийн зохион байгуулсан тэр арга хэмжээ бол түүний амьдралд тохиолдсон дайвар төдий зүйл байгаагүй юм. Энэхүү арга хэмжээг зохих зааврын дагуу 20 гаруй жил тэмдэглээд байсан үед элч Паул Коринт хотын тослогдсон христиануудад энэ үйл явдлын талаар бичжээ. Паул МЭ 33 онд Есүс болон 11 элчтэй хамт байгаагүй хэдий ч тэр үед болсон үйл явдлын талаар элч нарын хэн нэгнээс дуулж мэдсэн нь эргэлзээгүй. Түүнээс гадна, Паул энэ үйл явдлын нарийн ширийний баталгааг Бурхны өгсөн илчлэлтээс мэдсэн нь илэрхий. Паул: «Эзнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад, талархлаа өргөж, хуваагаад: „Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд“ гэв. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч: „Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд“ гэсэн юм» хэмээн бичжээ (1 Коринт 11:23–25).
4. Христианууд Эзний оройн зоог тэмдэглэх хэрэгтэйн учир юу вэ?
4 Евангели бичигч Лук, Есүсийн: «Намайг дурсаж үүнийг үйлд» хэмээн тушаасныг баталдаг (Лук 22:19). Үүнийг өөр орчуулгад: «Намайг дурсан санахын тулд үүнийг үйлдэгтүн» (МАБ), «Намайг дурсан санаж ингэцгээж бай» (ШГ) хэмээн орчуулсан буй. Энэ арга хэмжээг гол төлөв Христийн үхлийг Дурсах үдэшлэг гэж нэрлэдэг. Тэрчлэн, Паул «Эзний оройн зоог» (ШЕ) гэж нэрлэсэн. Уг арга хэмжээг үдшээр зохион байгуулсан болохоор тийн нэрлэх нь зүйд нийцэх юм (1 Коринт 11:20). Тийнхүү, Эзний оройн зоогийг тэмдэглэж байхыг христиануудад тушаасан билээ. Гэвч, энэ арга хэмжээг зохион байгуулсны учир юу вэ?
Эзний оройн зоог зохион байгуулсны учир
5, 6. а) Есүс Дурсах үдэшлэг зохион байгуулсны нэг шалтгаан юу вэ? б) Эзний оройн зоог зохион байгуулах болсон өөр шалтгааныг хэлнэ үү.
5 Дурсах үдэшлэг зохион байгуулсан нэг шалтгаан нь Есүсийн үхлийн нэг зорилготой холбоотой юм. Есүс тэнгэрийн Эцгийнхээ хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхийн тулд үхсэн билээ. Үүгээрээ Христ, хүмүүс зөвхөн амин хувийн эрх ашгаа бодон Бурханд үйлчилдэг хэмээн мэтгэсэн Сатан Диаволын худалч болохыг баталсан (Иов 2:1–5). Есүс үнэнч байдлаа хадгалан үхсэнээр уг мэдэгдлийн худал болохыг баталж, Еховагийн зүрхийг баярлуулсан юм (Сургаалт үгс 27:11).
6 Эзний оройн зоог зохион байгуулах болсон өөр нэг шалтгаан бол нүгэлгүй, төгс хүн Есүс үхэж, «амиа олны төлөө золиос болгон өгсөн»-ийг бидэнд сануулах явдал байлаа (Матай 20:28). Анхны хүн Бурхны эсрэг нүгэл үйлдсэнээрээ хүмүүний төгс амь болон төгс амьтай холбоотой бүх ирээдүйгээ алджээ. Тэглээ ч, Есүс: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» хэмээн хэлсэн (Иохан 3:16). Үнэндээ ч, «нүглийн төлөөс бол үхэл, харин Бурхны бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» (Ром 6:23, МБОХ, 1996). Эзний оройн зоогийн арга хэмжээ нь бидэнд Есүсийн амиа зольж үхсэн үхэлтэй холбоотой Ехова болон түүний Хүүгийн агуу хайрыг сануулдаг. Энэ хайрын төлөө бид гүн талархал илэрхийлэх ёстой!
Энэ арга хэмжээг хэзээ тэмдэглэх хэрэгтэй вэ?
7. Тослогдсон христианууд Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртэх «бүрдээ» гэдэг нь юу гэсэн үг вэ?
7 Эзний оройн зоогийн талаар Паул: «Энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзний үхлийг тунхагладаг» гэж хэлжээ (1 Коринт 11:26). Тослогдсон христиан болгон үхэн үхтлээ Дурсах үдэшлэгийн бэлэгдлээс хүртэх учиртай. Тийнхүү тэд Бурхны арга хэмжээ буюу Есүсийн золих тахилд итгэдгээ Ехова Бурхан болон энэ ертөнцөд дахин дахин тунхаглах юм.
8. Тослогдогсдын бүлэг Эзний оройн зоогийг хэдий болтол тэмдэглэх вэ?
8 Тослогдсон христиануудын бүлэг Христийн үхлийг Дурсах үдэшлэгийг хэдий болтол тэмдэглэх вэ? Паул: «Түүнийг ирэх хүртэл» гэж хэлсэн нь энэ арга хэмжээ, Есүс «залран байх» (ШЕ) үедээ тослогдсон дагалдагчдаа дахин амилуулж, тэнгэр өөд аваачихаар «ирэх» хүртэл үргэлжилнэ гэсэн санаа болох нь тодорхой (1 Тесалоник 4:14–17). Энэ нь Есүсийн: «Хэрэв Би явж, та нарт орон байр бэлдвэл дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно» хэмээн үнэнч 11 элчдээ хэлсэн үгтэй тохирдог юм (Иохан 14:3).
9. Марк 14:25-д байгаа Есүсийн үг юу гэсэн утгатай вэ?
9 Есүс Дурсах үдэшлэгийн үеэр дарстай аяга өргөн бариад, үнэнч элч нартаа: «Би Бурхны хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй» хэмээн хэлжээ (Марк 14:25). Нэгэнт Есүс тэнгэрт жинхэнэ дарс уухгүй болохоор үүгээр Библийн зарим зүйлд дарсаар бэлэгддэг баяр баясгалангийн тухай хэлсэн нь илэрхий (Дуулал 104:15; Номлогчийн үгс 10:19). Хаанчлалд хамт байх тэр цаг бол Есүс болон дагалдагчдынх нь хувьд тэсэж ядан хүлээж байгаа баярт мөч билээ (Ром 8:23; 2 Коринт 5:2).
10. Дурсах үдэшлэгийг жилд хэдэн удаа тэмдэглэх нь зүйтэй вэ?
10 Есүсийн үхлийг сар, долоо хоног, эсвэл өдөр бүр тэмдэглэх нь зөв үү? Буруу. Есүс Эзний оройн зоогийг МЭӨ 1513 онд израильчуудын Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн, «дурсгал болгон» тэмдэглэж байх ёстой тэр «өдөр» буюу Дээгүүр өнгөрөх баярын өдөр зохион байгуулсан ба тэр өдрөө алагдсан билээ (Египетээс гарсан нь 12:14). Дээгүүр өнгөрөх баярыг жилд ганцхан удаа буюу еврей тооллын Нисан сарын 14-ний өдөр тэмдэглэдэг байжээ (Египетээс гарсан нь 12:1–6; Левит 23:5). Энэ нь Есүсийн үхлийг сар, долоо хоног юм уу, өдөр бүр бус, харин Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг шиг жилд ганцхан удаа тэмдэглэх ёстой гэдгийг харуулж байна.
11, 12. Дээр үед Дурсах үдэшлэгийг хэрхэн тэмдэглэдэг байсан талаар түүх юу өгүүлдэг вэ?
11 Тэгэхлээр, Дурсах үдэшлэгийг жил бүрийн Нисан сарын 14-нд тэмдэглэх ёстой болж байна. Нэгэн нэвтэрхий тольд: «Бага Азийн христиануудыг „квартодециманууд“ [„арван дөрөвтнүүд“] гэж нэрлэдэг байжээ. Тэд пасхаг [Эзний оройн зоогийг] ямар ч хөдөлгөөнгүйгээр Нисан сарын 14-д тэмдэглэдэг заншилтай байснаас энэ нэрийг авчээ [...] Энэ өдөр Баасанд юм уу, эсвэл долоо хоногийн өөр аль ч өдөр таарч болдог байв» хэмээн тэмдэглэжээ («The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge», 4-р боть, 44-р хуудас).
12 Түүхч Ж. Л. фон Мосхим МЭ ІІ зуунд байсан ёс заншилтай холбогдуулан, квартодециманууд Дурсах үдэшлэгийг Нисан сарын 14-нд тэмдэглэдэг байсан нь «тэд Христийн жишээг хууль мэт үздэг байсантай» холбоотой хэмээн хэлжээ. Өөр нэгэн түүхч: «Азийн квартодецимануудын мөрддөг дэг журам нь Иерусалимын христиануудынхтай адил байв. ІІ зуунд тэр христианууд Нисан сарын 14-нд буюу Пасха баярынхаа үеэр Христийн үхлийн ачаар боломжтой болсон золиосыг санадаг байлаа» хэмээн бичжээ («Studia Patristica», 5-р боть, 1962 он, 8-р хуудас).
Талхны утга учир
13. Есүс Эзний оройн зоогийг зохион байгуулахдаа ямар талх хэрэглэсэн бэ?
13 Дурсах үдэшлэгийг зохион байгуулах үедээ Есүс «талх аваад ерөөсний дараа, хуваан [элч нарт] өгөв» (Марк 14:22). Мөнөөх нь Дээгүүр өнгөрөх баяраар хэрэглэсэн тэр талх байв (Египетээс гарсан нь 13:6–10). Израильчууд талхаа исгээгүй гурилаар зуурч, нимгэхэн элдэж хийдэг учраас хугарамтгай байлаа. Түүнийг хугалан, тараан өгдөг байжээ. Есүсийн, олон мянган хүнд зориулж гайхамшгаар их болгосон талх бас хувааж тараахад тохиромжтой нимгэн, хугарамтгай байсан билээ (Матай 14:19; 15:36). Тэгэхлээр, Дурсах үдэшлэг дээр талх хуваасан нь цаанаа ямар нэгэн утга учир агуулсан юм биш ээ.
14. а) Дурсах үдэшлэг дээр исгээгүй талх хэрэглэх нь яагаад зохимжтой вэ? б) Эзний оройн зоогт зориулж ямар талх авах буюу барьж болох вэ?
14 Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа хэрэглэсэн талхны талаар Есүс: «Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн» гэж хэлсэн (1 Коринт 11:24; Марк 14:22). Тэр талхыг исгээгүй гурилаар барьсан нь учиртай. Учир нь хөрөнгө бол бузар муу, ёс бус ба гэм нүглийн бэлэгдэл ажээ (1 Коринт 5:6–8). Уг талхаар золих тахил болгон өргөхөд бүрэн нийцсэн Есүсийн төгс, нүгэлгүй хүмүүн биеийг төлөөлүүлсэн юм (Еврей 7:26; 10:5–10). Еховагийн Гэрчүүд үүнийг мэддэг бөгөөд Дурсах үдэшлэгийн арга хэмжээн дээр Есүсийн жишээгээр исгээгүй талх хэрэглэдэг. Зарим тохиолдолд сонгино, өндөг болон амтлагч холиогүй еврей мацог * хэрэглэдэг. Тэрчлэн, бага хэмжээний дан гурилыг (боломжтой бол улаан буудайн) жаахан усаар зуурч, исгээгүй талх барьдаг. Зуурсан гурилаа хавтгайлж элдээд бага зэрэг тосолсон хайруулын тавагт хатаж, хугарамхай болтол нь жигнэх хэрэгтэй.
Дарсны утга учир
15. Христ өөрийнх нь үхлийг Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа аяганд юу хийсэн бэ?
15 Есүс исгээгүй талх дамжуулсныхаа дараа «аяга авч, талархал өргөөд, аягаа [элч нарт] өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа». Есүс: «Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно» гэж тайлбарлав (Марк 14:23, 24). Аяганд юу байсан бэ? Усан үзмийн исээгүй шүүс бус, харин дарс байсан. Библид дарсны тухай дурдахдаа усан үзмийн исээгүй шүүс гэсэн санаа илэрхийлдэггүй юм. Жишээлбэл, Есүсийн хэлснээр «хуучин тулмыг» усан үзмийн шүүс бус, харин иссэн ундаа болох дарс л зад авах ажээ. Түүнээс гадна, Христийн дайснууд түүнийг «архичин» хэмээн зэмлэж байсан. Хэрэв Есүс дарсыг бус, харин усан үзмийн шүүс уусан бол уг зэмлэл утгаа алдах байлаа (Матай 9:17; 11:19). Дээгүүр өнгөрөх баярын үеэр еврейчүүд дарс уудаг байсан ба өөрийнх нь үхлийг Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа Христ мөн дарс хэрэглэсэн.
16, 17. Дурсах үдэшлэгийн арга хэмжээнд ямар дарс тохирдог вэ? Яагаад?
16 Аяганд зөвхөн улаан дарс байх ёстой бөгөөд энэ нь Есүсийн асгаруулсан цусыг төлөөлөх тохирсон бэлэгдэл юм. Есүс өөрөө: «Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно» гэж хэлсэн. Мөн элч Петр: «Та нар [тослогдсон христианууд] эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаасаа алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн» хэмээн бичжээ (1 Петр 1:18, 19).
17 Есүс Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа усан үзмийн улаан дарс хэрэглэсэн нь эргэлзээгүй. Гэвч өнөөдөр зарим улаан дарсыг хатуу, амтлаг болгох зорилгоор спирт юм уу, коньяк, эсвэл өвс ургамал, халуун ногоо хольдог учир уг арга хэмжээнд тохирдоггүй. Есүсийн цус золиос төлөхөд бүрэн тохирч байсан бөгөөд юу ч нэмэх хэрэггүй байлаа. Тийм учраас портвейн, херес, вермут төрлийн дарс Эзний оройн зоогт ашиглаж болохгүй. Дурсах үдэшлэгийн аяганд чихрээр амтлаагүй, хатууруулаагүй улаан дарс байх ёстой. Чихрээр амтлаагүй гэрийн дарс, мөн бургунд болон бордо гэх мэтийн төрлийн улаан дарс байж болно.
18. Есүс Дурсах үдэшлэг дээр хэрэглэсэн талх дарстай холбогдуулан гайхамшиг үйлдээгүйн учир юу вэ?
18 Эзний оройн зоогийг зохион байгуулахдаа Есүс бэлэгдлийн зүйлсийг өөрийнхөө махан бие болон цус болгон хувиргасан ямар нэгэн гайхамшиг үйлдээгүй. Хүний мах идэж, цус уух нь зэрлэг балмад явдал бөгөөд Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болохсон билээ (Эхлэл 9:3, 4; Левит 17:10). Түүнээс гадна, тэр үед Есүсийн бие бүтэн, цус нь урсаагүй байсан. Иудейн цаг тооллоор тэр өдөр буюу Нисан сарын 14-ний хоёрдугаар хагаст Есүсийн бие төгс тахил болон өргөгдөж, цус нь урссан билээ. Тэгэхлээр, Дурсах үдэшлэг дээр хэрэглэсэн талх, дарс бол уг чанартаа Христийн бие болоод цусыг төлөөлүүлсэн бэлэгдэл байсан юм. *
Дурсах үдэшлэг бол эвийн зоог мөн
19. Эзний оройн зоог тэмдэглэх үед нэг бус, хэд хэдэн таваг, хундага хэрэглэж болохын учир юу вэ?
19 Есүс Дурсах үдэшлэг зохион байгуулахдаа үнэнч элч нараа нэг л аяганаас уулгажээ. «Матай» номд: «[Есүс] аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө: „Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа“ [гэв]» гэж байдаг (Матай 26:27). Тэр үед ганц ширээ тойрсон 11 хүн байсан учраас бэлэгдлээс нэг аягаар дамжуулан хүртэхэд хүрэлцээтэй байсан. Энэ жил дэлхий даяар, Еховагийн Гэрчүүдийн 94 000 гаруй хуралд тэмдэглэх Эзний оройн зоогт олон сая хүн хуран цуглана. Уг арга хэмжээг тэмдэглэхээр нэгэн орой олон цуглаан болох учир нэг аяга бүх хүнд хүрэлцэх боломжгүй нь ойлгомжтой. Тэр байтугай том том хуралд бэлэгдлийн талх, дарс дамжуулах цаг хэмнэх үүднээс хэд хэдэн аяга хэрэглэлээ ч үүнээс болж уг арга хэмжээний мөн чанар өөрчлөгдөхгүй. Үүнтэй адилаар талх дамжуулахдаа хэд хэдэн таваг хэрэглэж болно. Аяга буюу хундагыг тийм ийм онцлогтой байх ёстой гэж Сударт заагаагүй. Гэхдээ хундага болоод тавагны аль аль нь уг арга хэмжээний үнэ хүндэд тохирсон байх шаардлагатай. Дарсыг дамжуулах үед цалгиж асгарахаас сэргийлж, хундагыг хэт дүүргэхгүй байх хэрэгтэй.
20, 21. Дурсах үдэшлэгийг эвийн зоог гэж хэлж болохын учир юу вэ?
20 Дурсах үдэшлэг дээр талхтай таваг, дарстай хундага хэд хэдийг хэрэглэж болох ч уг арга хэмжээг эвийн зоог гэж үзэж болно. Эртний Израильд хүн Бурхны ариун газарт амьтан нядлан, тахил өргөхдөө эвийн зоог барьдаг байсан. Амьтны нэг хэсгийг тахилын ширээн дээр шатаан уугиулж, нөгөө нэг хэсгийг тахил өргөсөн тахилчид, бас нэг хэсгийг амьтны эзэн ба түүний гэр бүлийн гишүүдтэй зоог хуваалцсан Аароны тахилч хөвгүүдэд өгдөг байжээ (Левит 3:1–16; 7:28–36). Дурсах үдэшлэгт оролцогчид бэлэгдлийг хуваан хүртдэг учраас энэ нь мөн адил эвийн зоог юм.
21 Эвийн зоогийг Ехова зохион байгуулсан учраас энэ арга хэмжээнд тэр өөрөө оролцдог. Есүс тахил нь юм. Харин тослогдсон христианууд хамтран оролцогчийн хувьд бэлэгдлээс хүртдэг. Бэлэгдлээс хүртэгсэд Еховагийн ширээнээс зооглож байгаа нь түүнтэй найрамдалт харьцаатай байна гэсэн үг юм. Тийм учраас Паул: «Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг» хэмээн бичжээ (1 Коринт 10:16, 17).
22. Дурсах үдэшлэгтэй холбоотой ямар ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?
22 Эзний оройн зоог бол Еховагийн Гэрчүүдийн, жилд ганц удаа тэмдэглэдэг шүтлэгийн арга хэмжээ юм. Есүс дагалдагчдадаа: «Намайг дурсан үүнийг үйлд» хэмээн тушаасан болохоор ингэх нь зүйд нийцдэг. Дурсах үдэшлэгийн үеэр бид Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөн Есүсийн үхсэнийг дурсан санадаг. Дээр тэмдэглэснээр, энэхүү эвийн зоог дээр дамжуулдаг талх нь золиос болгон өгсөн Христийн хүмүүн биеийг, харин дарс нь түүний асгаруулсан цусыг бэлэгддэг. Гэхдээ бэлэгдлийн талх, дарснаас маш цөөн хүн хүртдэг. Тиймийн учир юу вэ? Бэлэгдлээс хүртдэггүй сая сая хүний тухайд Дурсах үдэшлэг утга учиртай юу? Эзний оройн зоог үнэн хэрэгтээ таны хувьд юу гэсэн үг байх ёстой вэ?
[Зүүлт]
^ Дээгүүр өнгөрөх баярын өдрүүдэд еврейчүүдийн хэрэглэдэг, исгээгүй гурилаар барьж хатаасан талх.
^ Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р боть, 271-р хуудсыг үзнэ үү (англи).
Та хэрхэн хариулах вэ?
• Есүс Эзний оройн зоог зохион байгуулсны учир юу вэ?
• Дурсах үдэшлэгийг жилд хэдэн удаа тэмдэглэх хэрэгтэй вэ?
• Дурсах үдэшлэгийн үеэр хэрэглэдэг исгээгүй талхны утга учир юу вэ?
• Дурсах үдэшлэг дээр хэрэглэдэг дарс юу бэлэгддэг вэ?
[Догол мөрийн асуулт]