Skip to content

Гарчиг руу орох

Бусдыг Еховагийн нүдээр харахыг хичээгтүн

Бусдыг Еховагийн нүдээр харахыг хичээгтүн

Бусдыг Еховагийн нүдээр харахыг хичээгтүн

«Бурхан хүнтэй адил хардаггүй» (1 САМУЕЛ 16:7).

1, 2. Елиабыг Ехова Самуел хоёр хэрхэн өөр өөрөөр харсан бэ? Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ?

 МЭӨ XI зуунд Ехова зөнч Самуелд нууц даалгавар өгч явуулжээ. Зөнч, Иесси гэдэг хүний гэрт очоод хөвгүүдийнх нь нэгийг Израилийн ирээдүйн хаанаар томилох учиртай байлаа. Самуел Иессийн ууган хүү Елиабыг харуутаа л Бурхны сонгосон хүнийг ч оллоо доо гэж боджээ. Гэтэл Ехова: «Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» гэв (1 Самуел 16:6, 7). Самуел Елиабыг Еховагийн нүдээр харж чадаагүй юм. *

2 Хүн бусдыг үнэлэхдээ тун ч амархан алдах юм даа! Бид ёс журамгүй хүний царайны сайханд хууртаж магадгүй. Нөгөө талаас, чин сэтгэлтэй хүний зан чанарын зарим онцлогт дургүйцэж, тийм хүнийг үнэлэхдээ хатуу, гэдгэр ханддаг байж болох юм.

3, 4. а) Хоёр Гэрчийн хооронд зөрчил гарвал аль аль нь ямар алхам шийдэмгий хийх ёстой вэ? б) Итгэл нэгтэнтэйгээ хурц санал зөрсөн бол ямар ямар асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй вэ?

3 Хэрэв бид бусдыг, олон жилийн өмнөөс мэддэг болсон хүмүүсээ ч сав л хийвэл шүүмжлээд байвал бэрхшээл гарна. Та урьд нь дотно анд байсан итгэл нэгтэнтэйгээ ширүүн маргажээ гэж бодъё. Тэгвэл сайн харьцаагаа дахин сэргээхийг хүснэ биз дээ? Үүнд юу туслах вэ?

4 Есүсийн: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлснийг санаж байгаад тэр христиан ах юм уу, эгчийн талаар, нухацтай, тогтуун, сайн бодож үзэж яагаад болохгүй гэж? (Иохан 6:44). Тэгээд өөрөөсөө: «Ехова ямар учраас энэ хүнийг Хүү уруугаа татсан юм бол оо? Энэ хүнд сэтгэл татам ямар ямар чанар байдаг билээ? Би тэр чанаруудыг хардаггүй, эсвэл дутуу үнэлдэг юм болов уу? Бид эхлээд яагаад найз болсон бэ? Намайг түүний юу татсан бэ?» гэх мэтийн асуулт асуух хэрэгтэй. Эхэндээ, ялангуяа гомдчихсон яваа бол, тэр хүний сайн талыг олж харна гэдэг амаргүй л байх. Гэхдээ энэ нь та хоёрын хоорондох ан цавыг арилгах чухал алхам юм. Үүнийг жишээгээр тайлбарлахын тулд бидэнд заримдаа муугаар төсөөлөгддөг хоёр хүний сайн чанарын талаар ярилцъя. Тэд бол зөнч Иона, элч Петр юм.

Ионад шударга хандах нь

5. Ионад ямар даалгавар өгсөн бэ? Тэрээр хэрхэн хүлээж авсан бэ?

5 Иона, Иоашийн хүү ІІ Иеробоамыг Израилийн хойд хаант улсад хаанаар сууж байх үед зөнчөөр үйлчилжээ (Хаадын дэд 14:23–25). Нэг өдөр Ехова Ионаг Израилиас явж, хүчирхэг Ассирийн нийслэл Ниневед очихыг тушаажээ. Ямар даалгавар өгсөн бэ? Агуу хот нь устгагдана гэдгийг Ниневегийн хүмүүст анхааруулах учиртай байв (Иона 1:1, 2). Гэтэл Иона Бурхны зааврыг биелүүлэх биш, зугтчихжээ! Тэрээр Ниневегээс хол байдаг Таршиш гэдэг газар уруу явж байсан хөлөг онгоцонд суув (Иона 1:3).

6. Ямар учраас Ехова Ионаг Ниневе уруу явуулахаар сонгосон бэ?

6 Ионаг санахаар танд ямар бодол төрдөг вэ? Дуулгаваргүй зөнч гэж боддог уу? Хальт харвал тэгж л санагдах байх. Иона үнэхээр дуулгаваргүй байсан бол Бурхан түүнийг зөнч болгох байсан гэж үү? Мэдээж үгүй! Ионад олон сайхан чанар байсан л байж таараа. Иона Бурхны өгсөн даалгаварт хэрхэн ханддаг байсныг үзэцгээе.

7. Иона ямар нөхцөлд Еховад үйлчилж байсан бэ? Үүнийг мэдсэн нь Ионагийн талаарх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлж байна вэ?

7 Үнэндээ, Иона Израильд буюу хатуу чихтэй хүмүүс суудаг нутагт үнэнчээр дэлгэрүүлсэн билээ. Ионатай нэг үеийнх шахуу зөнч Амос тухайн цагийнхаа израильчуудыг эд хөрөнгөнд улайрсан, зугаа цэнгэлд дурлагчид хэмээн тодорхойлжээ. * Нутаг оронд нь муу юм болж байхад тэд юман чинээ боддоггүй байв (Амос 3:13–15; 4:4; 6:4–6). Гэвч Иона тэдэнд дэлгэрүүлэх даалгавраа өдөр бүр үнэнч биелүүлж байжээ. Хэрэв та сайн мэдээ дэлгэрүүлдэг бол маадгар, хайхрамжгүй хүмүүстэй ярих хичнээн хэцүүг мэдэх биз ээ. Тиймээс бид Ионагийн сул талыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ итгэлгүй израильчуудад үнэнчээр, тэвчээртэй дэлгэрүүлсэн сайн чанарыг нь санах хэрэгтэй.

8. Израилийн зөнч Ниневед ямар ямар сорилттой тулгарах байсан бэ?

8 Ниневед очих нь израильчуудад дэлгэрүүлэхээс ч хэцүү даалгавар байжээ. Тэр хотод хүрэхийн тулд бараг сарын газар буюу 800 км замыг явган туулах хэрэгтэй байв. Очлоо гэхэд харгис хэрцгийгээрээ алдартай ассиричуудад дэлгэрүүлэх ёстой байлаа. Дайн хийхдээ олзлогдогсдыг тамлан зовоодог байсан нь тэдний нэг онцлог байлаа. Тэр байтугай тэд энэ балмад явдлаараа бахархдаг байжээ. Ниневег «цуст хот» гэж нэрлэсэн нь гайхах зүйл биш ээ (Нахум 3:1, 7).

9. Хүчтэй шуурга далайчдад аюул учруулахад Иона ямар ямар чанар илэрхийлсэн бэ?

9 Иона Еховагийн тушаалыг биелүүлэх дургүй байсан тул хөлөг онгоцонд суугаад очих ёстой газраасаа тэс өөр зүг явжээ. Гэлээ ч зөнчдөө итгэх Еховагийн итгэл алдраа ч үгүй, өөр бусдаар солихыг бодоо ч үгүй. Харин даалгаврынх нь чухлыг ойлгуулахыг хичээжээ. Бурхан далайд хүчтэй шуурга дэгдээв. Ионагийн сууж явсан онгоц давалгаанд ийш тийш шидэгдэж эхлэв. Ионагаас болоод гэмгүй хүмүүс үхлийн ирмэг дээр тулж очжээ! (Иона 1:4). Одоо Иона яах бол? Далайчдыг үхүүлэхийг хүсээгүй тэр: «Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина» гэж хэлэв (Иона 1:12). Тэд өөрийг нь далайд хаячихвал Ехова аварна гэж бодох ямар ч үндэс байсангүй (Иона 1:15). Гэхдээ Иона далайчдыг аврахын тулд ямар ч өндөр үнэ төлөхөд бэлэн байжээ. Эндээс бид Иона зоригтой, даруухан, бас бусдыг хайрладаг хүн байсныг харахгүй байна гэж үү?

10. Ехова Ионад дахин даалгавар өгөхөд юу болсон бэ?

10 Эцэст нь Ехова Ионаг аварсан юм. Иона энэ явдлаасаа болоод Бурханд дахиж хэзээ ч үйлчлэх эрхгүй болсон уу? Үгүй ээ, ниневечүүдэд дэлгэрүүлэх даалгаврыг Ехова энэрэнгүй бөгөөд хайрын сэтгэлээр зөнчдөө дахиад өгчээ. Иона Ниневед очоод тэндхийн хүмүүст бузар булай нь асар их болж, Бурхны өмнө илэрхий гарч ирснийг, 40 хоногийн дараа хот нь устгагдах гэж буйг зоригтой хэлж эхэлсэн (Иона 1:2; 3:4). Ийн шууд хэлснийг нь ниневечүүд дуулаад гэмшиж, хот бүрэн бүтэн үлдсэн билээ.

11. Иона том сургамж авсан нь юунаас харагддаг вэ?

11 Гэхдээ Ионагийн үзэл бодлыг засах шаардлагатай хэвээрээ л байлаа. Тиймээс Бурхан тэвчээр гаргаж, үзэгдэх зүйлээс цаадхыг хардаг буюу зүрхийг шалгадаг гэдгээ Ионад ойлгуулахын тулд энгийн жишээ ашигласан (Иона 4:5–11). Иона том сургамж авсан нь өөрийнхөө тухай шударгаар бичсэнээс нь харагддаг. Дутагдлаа нууж хаалгүй, санаа зовмоор явдлаа хүртэл бичсэн нь даруу зангийнх нь баталгаа билээ. Түүнээс гадна, зоригтой байж гэмээнэ л алдаагаа хүлээнэ шүү дээ!

12. а) Есүс хүмүүсийг Еховагийн нүдээр хардгийг бид хаанаас мэддэг вэ? б) Бид сайн мэдээ дэлгэрүүлдэг хүмүүсээ хэрхэн үзэх хэрэгтэй вэ? (14-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)

12 Олон зуун жилийн дараа Есүс Христ Ионагийн амьдралд тохиолдсон нэг явдлыг нааштайгаар тэмдэглэсэн юм. Есүс: «Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно» гэжээ (Матай 12:40). Есүс булшинд байх үеэ зөнчийн амьдралын тэр бараан үетэй зүйрлэснийг Иона дахин амилсныхаа дараа мэдэх болно. Үйлчлэгчдээ алдлаа гээд голоод хаячихдаггүй тийм Бурханд үйлчилдэгтээ бид баярладаггүй гэж үү? Дуулалч: «Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» хэмээн бичжээ (Дуулал 103:13, 14). Тиймдээ ч, энэ «тоос шороо» буюу төгс бус хүмүүс Бурхны ариун сүнсний дэмжлэгтэйгээр агуу их ажил амжуулж чадна!

Петрийг дүн нуруутай үзэх нь

13. Петрийн ямар зан чанар хамгийн түрүүнд санаанд бууж болох вэ? Есүс түүнийг ямар учраас элчээр сонгосон бэ?

13 Одоо бүгдээрээ хоёрдугаар жишээ буюу элч Петрийн жишээг үзэцгээе. Хэрэв Петрийг тодорхойлъё гэвэл болчимгүй, түргэн зантай, тэр байтугай биеэ тоосон гэх мэтийн зан чанар санаанд тань шууд буух уу? Тийм ээ, Петр заримдаа ч тийм зан гаргачихдаг байсан л даа. Гэхдээ Петр үнэхээр болчимгүй, түргэн зантай, биеэ тоосон хүн байсан бол Есүс түүнийг 12 элчийнхээ нэг болгох байсан уу даа? (Лук 6:12–14). Мэдээж үгүй! Есүс Петрийн эдгээр дутагдлаас цааш, сайн чанаруудыг харсан нь илэрхий.

14. а) Петр түрүүлж ярьдаг байсныг юугаар тайлбарлаж болох вэ? б) Петр байнга асуулт асуудаг байсанд бид яагаад талархах хэрэгтэй вэ?

14 Петр заримдаа бусад элчээс түрүүлж ярьдаг байсан. Үүнийг нь зарим хүн даруу бишийн шинж гэж үзэж мэдэх юм. Гэвч энэ заавал тийм байх албатай юу? Петр бусад элчээс, магадгүй Есүсээс ч ах байсан байж болох юм гэсэн таамаг байдаг. Хэрэв энэ үнэн бол Петр голдуу түрүүлж ярьдаг байсны учрыг тайлбарлахад дөхөм болно (Матай 16:22). Бас өөр нэг хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй. Петр бол сүнслэг хүн байлаа. Мэдлэгтэй болох их хүсэлтэй байсан тул юм асуух дуртай байв. Ийнхүү асуудаг байсан нь одоо бидэнд ч тус болдог. Есүс Петрийн асуусанд хариулж, маш чухал хэд хэдэн санаа хэлсэн нь Библид байдаг. Жишээ нь, Есүс «итгэмжит ухаалаг нярав»-ын тухай ярьсан нь өнөөх л Петрийн асуултад хариулсан хэрэг билээ (Лук 12:41–44). Мөн Петр: «Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бидэнд юу байх вэ?» гэж асуусныг нь ч бодоод үз л дээ. Үүнд хариулахдаа Есүс: «Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» хэмээн урам хайрласан амлалт өгсөн (Матай 15:15; 18:21, 22; 19:27–29).

15. Петрийг үнэхээр үнэнч байсан гэж хэлж болохын учир юу вэ?

15 Петр үнэнч хүн байсан нь түүний өөр нэг сайхан чанар байлаа. Нэгэн сургаалыг нь ойлгоогүйгээс болж шавь нараас нь олон хүн Есүсийг дагахаа болиход 12 элчийн өмнөөс: «Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» хэмээн зориглон хэлсэн хүн бол чухам Петр билээ (Иохан 6:66–68). Энэ үг Есүсийн сэтгэлийг хичнээн дулаацуулсан бол оо! Хожим, Эзнийг нь барихаар хүмүүс ирэхэд элч нарын ихэнх нь зугтсан. Гэтэл Петр тэр хүмүүсийг холуур дагасаар тэргүүн тахилчийн хашаанд очдог. Айж хулчийсандаа бус, эр зоригтой учраас л тэр шүү дээ. Есүсийг байцаах зуур Петр галд ээн дулаацан зогсох хэсэг хүнтэй нийлжээ. Тэргүүн тахилчийн нэг боол түүнийг таниад, Есүстэй хамт байсан хэмээн тулгажээ. Тийм ээ, Петр Эзнээ үгүйсгэсэн. Гэхдээ Есүст үнэнч байж, санаа зовсондоо л бусад элчийн амсаж туулж зүрхлээ ч үгүй тийм аюултай байдалд орсон гэдгийг нь санах ёстой (Иохан 18:15–27).

16. Ямар практик ач холбогдолтой шалтгаанаар бид Иона Петр хоёрын сайн талыг авч үзсэн бэ?

16 Петрийн сайн тал дутагдлаас нь давуу байсан юм. Ионагийн хувьд ч тийм байсан. Бид Иона Петр хоёрыг урьдынхаасаа илүү сайнаар хардаг болсон шигээ орчин үеийн сүнслэг ах эгч нарынхаа сайныг нь түрүүлж хардаг болж сурах ёстой. Тэгвэл тэдэнтэй илүү сайн харьцаатай болно. Ингэх нь яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?

Юу сурснаа өнөөдөр хэрэгжүүлэх нь

17, 18. а) Христианууд санал зөрж болзошгүйн учир юу вэ? б) Итгэл нэгтнүүдийн хооронд үүссэн бэрхшээлийг шийдэхэд Библийн ямар зөвлөгөө туслах вэ?

17 Нийгмийн өөр өөр давхаргын, боловсролын янз бүрийн түвшний, өөр өөр үндэстэн ястны эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхэд залуучууд өнөөдөр Еховад эв нэгдэлтэй үйлчилж байна (Илчлэлт 7:9, 10). Христиан хурал дотор хичнээн олон янзын хүнийг харж болно гээч! Бид Бурханд үйлчлэхдээ бие биетэйгээ нягт холбоотой байдаг учир заримдаа санал зөрөх явдал гарах нь зайлшгүй (Ром 12:10; Филиппой 2:3).

18 Бид итгэл нэгтнүүдийнхээ алдаа дутагдлыг хардаг ч түүнийг нь дөвийлгөдөггүй. Бид Еховаг дуурайхыг хичээдэг. Дуулалч, Еховагийн тухай: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» хэмээн дуулсан байдаг (Дуулал 130:3). Бид хагарал үүсгэж болзошгүй зан чанарыг анхаарахын оронд «амар тайвныг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөдөг» (Ром 14:19). Бусдыг Еховагийн нүдээр харахыг чармайн, сайн талыг нь анхаарч, алдаа дутагдлыг нь харахгүй өнгөрөхийг хичээдэг. Энэ нь «нэг нэгнийгээ хүлцэхэд» тус болдог (Колоссай 3:13).

19. Хурц санал зөрөлдөөнийг арилгах практик алхмуудыг тоочно уу.

19 Сэтгэл зовоосон асуудал гарсан бол яах вэ? (Дуулал 4:4). Таны болоод итгэл нэгтний тань хооронд тийм юм болжээ гээд төсөөлье. Тэгвэл шийдэхийг оролдоод үзвэл яасан юм бэ? (Эхлэл 32:13–15). Юуны өмнө Еховагаас удирдлага гуйн залбираарай. Дараа нь тэр хүнийхээ сайн талыг бодож байгаад «мэргэн ухааны дөлгөөн байдлаар» ярилцаарай (Иаков 3:13). Эвлэрэх хүсэлтэй байгаагаа ойлгуулаарай. Ингэхдээ «сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго бай» гэж Библи зөвлөдгийг бүү мартаарай (Иаков 1:19). «Уур хилэндээ хойрго бай» гэж зөвлөсөн нь цаад хүн таны уурыг хүргэх ямар нэг юм хийх юм уу, хэлж магадгүйг далдуур хэлж байгаа хэрэг. Хэрэв тийм юм болбол өөрийгөө захирахад туслахыг Еховагаас гуйгаарай (Галат 5:22, 23). Ах дүү тань гомдсоноо хэлбэл үгийг нь таслалгүй, сайн сонсоорой. Хэлсэнтэй нь санал нийлэхгүй байлаа ч яриаг нь бүү таслаарай. Тэр хүн буруу үзэл бодолтой ч байж мэднэ. Гэхдээ санасан бодсон нь л тэр шүү дээ. Асуудлыг түүний нүдээр харахыг хичээгээрэй. Өөрийгөө ч гэсэн ах дүүгийнхээ нүдээр харах хэрэг гарч мэднэ (Сургаалт үгс 18:17).

20. Эвлэрэхийн тулд ямар ямар нэмэлт арга хэмжээ авбал үр дүнд хүрэх вэ?

20 Та ярихдаа эелдэг байгаарай (Колоссай 4:6). Түүний юуг хүндэтгэж явдгаа хэлж, буруу ойлгоход хүргэсэн зүйл хийснийхээ төлөө уучлал гуйгаарай. Эвлэрэхийн төлөө гаргасан хүчин зүтгэл тань бүтвэл Еховад талархаарай. Хэрэв бүтэлгүйтвэл, эвлэрэх цаашдын арга хэмжээ авахдаа Еховагаас удирдамж тасралтгүй гуйгаарай (Ром 12:18).

21. Бусдыг Еховагийн нүдээр хардаг болоход тань энэ өгүүлэл хэрхэн тусалсан бэ?

21 Ехова бүх үйчлэгчээ хайрладаг. Төгс бусыг маань үл харгалзан, бид бүгдийг өөрт нь үйлчлэхэд баяртай байдаг. Ехова хүмүүсийг хэрхэн хардгийг сайн мэдэх тусам итгэл нэгтнүүдээ хайрлах хайр өсдөг. Тийм хайр хөрсөн бол хайрын галыг дахин асааж болно. Бусдын сайныг харахыг, өөрөөр хэлбэл, Еховагийн нүдээр харахыг туйлаас хичээвэл бид арвин их ивээл хүртэнэ!

[Зүүлт]

^ Елиаб царайлаг хэдий ч, Израилийн хаан болоход тохирох хүн биш байсан нь хожим илэрхий болсон. Аварга биет филист хүн Голиат израильчуудыг тулаанд дуудахад Елиаб болон Израилийн бусад эрчүүд айж хулчийсан юм (1 Самуел 17:11, 28–30).

^ Өргөн уудам газар нутаг эзлэн авч, хуучин хилийг сэргээсэн болон ІІ Иеробоам алба гувчуур цуглуулсан нь хойд хаант улсыг баян чинээлэг болоход их нөлөө үзүүлсэн бололтой (2 Самуел 8:6; Хаадын дэд 14:23–28; Шастирын дэд 8:3, 4; Амос 6:2).

Та хэрхэн хариулах вэ?

• Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ алдаа дутагдлыг хэрхэн үздэг вэ?

• Иона Петр хоёр ямар ямар сайн талтай байсан бэ?

• Та итгэл нэгтнүүдээ яаж харж байхаар шийдсэн бэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны хавсралт]

Бурхан хүмүүсийг хэрхэн хардгийг бодож үзэгтүн

Ионагийн тухай Библид бичсэнийг эргэцүүлэн бодоод сайн мэдээ дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүсийг өөрөөр харах хэрэгтэй юм байна гэдгийг та ойлгов уу? Тэд яг маадгар, хайхрамжгүй израильчууд шиг, эсвэл Бурхны мэдээг эсэргүүцдэг юм шиг санагддаг байж болох юм. Гэхдээ Ехова тэднийг яаж хардаг бол оо? Энэ ертөнцөд нэр алдартай хүмүүс ч гэсэн Ионагийн дэлгэрүүлэхийг сонссон Ниневегийн хаан гэмшсэн шиг нэг л өдөр Ехова уруу эргэж мэднэ (Иона 3:6, 7).