Skip to content

Гарчиг руу орох

«Тууштай бөгөөд зоригтой бай»

«Тууштай бөгөөд зоригтой бай»

«Тууштай бөгөөд зоригтой бай»

«Зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» (ИОХАН 16:33).

1. Израильчууд Канаанд бэрхшээлтэй тулгарахаас өмнө хэрхэн зоригжсон бэ?

 АМЛАСАН газрын босгонд тулж очоод, Иордан голыг гатлах гэж байхад нь Мосе израильчуудад: «Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир» гэж хэлжээ. Дараа нь Мосе израильчуудыг Канаанд удирдан хүргэхээр томилогдсон Иошуаг дуудаад, зоригтой байхыг дахин зөвлөв (Дэд хууль 31:6, 7). Хожим нь Ехова өөрөө Иошуад: «Тууштай бөгөөд зоригтой бай. [...] Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай» гэж хэлэн зоригжуулсан (Иошуа 1:6, 7, 9). Энэ үг үнэхээр цагаа олсон байлаа. Израильчууд Иордан голын цаад эрэг дээр өөрсдийг нь хүлээж байсан хүчирхэг дайснуудтай нүүр тулахаасаа өмнө зоригжих хэрэгтэй байв.

2. Бид ямар нөхцөлд байдаг вэ? Юу хэрэгтэй вэ?

2 Өнөөдөр жинхэнэ христианууд амласан шинэ ертөнцийн босгонд тулж ирчихээд байгаа бөгөөд Иошуагийн адилаар зоригтой байх хэрэгтэй (2 Петр 3:13; Илчлэлт 7:14). Гэхдээ бидний нөхцөл түүнийхээс өөр юм. Иошуа сэлэм, жадаар байлдаж байсан бол бид сүнслэг тулаанд ордог бөгөөд зэр зэвсэг агсдаггүй (Исаиа 2:2–4; Ефес 6:11–17). Түүнээс гадна, Иошуа Амласан газар хүрсэн хойноо ч олон удаагийн ширүүн тулаанд орох ёстой болж байсан. Харин бид шинэ ертөнцөд хөл тавихаасаа өмнө буюу, өөрөөр хэлбэл, одоо хамгийн ширүүн тулаанд орж байна. Иймээс, биднээс зоригтой байхыг шаарддаг зарим нөхцөлийг ярилцъя.

Тэмцэх ёстойн учир

3. Гол дайсны маань тухай Библи юу хэлдэг вэ?

3 Элч Иохан: «Бид Бурхных, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ» хэмээн бичжээ (1 Иохан 5:19). Энэ үг итгэлээ хадгалахын төлөө тэмцэх ёстойн үндсэн шалтгааныг харуулдаг. Христиан хүн Бурханд үнэнч байдлаа хадгалах нь «муу нэгэн» буюу Сатан Диаволыг ялахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр болдог. Тийм ч учраас Сатан үнэнч христиануудыг айлгаж, залгихыг хичээн, «архирах арслан» мэт явдаг (1 Петр 5:8). Үнэндээ бол тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчидтэй дайтдаг юм (Илчлэлт 12:17). Сатан энэ дайндаа өөрийнх нь зорилгод санаатай болон санамсаргүй үйлчилдэг хүмүүсийг ашигладаг. Тэгэхлээр Сатан болон түүний талынхны эсрэг бат зогсохын тулд зоригтой байх хэрэгтэй.

4. Есүс юу гэж сануулсан бэ? Жинхэнэ христианууд ямар чанар илэрхийлдэг вэ?

4 Сатан болон түүний талынхан сайн мэдээг хамаг хүчээрээ эсэргүүцэхийг Есүс мэдэж байсан учраас: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэж дагалдагчдадаа сануулжээ (Матай 24:9). Энэ үг нэгдүгээр зуунд ч биелсэн, одоо ч биелж байна. Өнөөдөр ч гэсэн зарим Гэрч түүхийн бусад үед байсан шиг харгис хатуу хавчлагад өртөж байна. Гэсэн ч жинхэнэ христианууд тийм хавчлагатай тулгарахдаа зоригтой байдаг. «Хүний айдас болбоос занга юм» гэдгийг тэд мэддэг бөгөөд занганд орохыг хүсдэггүй (Сургаалт үгс 29:25).

5, 6. а) Ямар ямар нөхцөл зоригтой байхыг шаарддаг вэ? б) Үнэнч христианууд эр зоригийн сорилтод орохдоо хэрхэн ханддаг вэ?

5 Хавчлагад өртөхөөс гадна өөр бусад сорилтын өмнө ч зоригтой байх шаардлагатай болдог. Зарим дэлгэрүүлэгчийн хувьд танихгүй хүнд сайн мэдээ хүргэх нь сорилт болдог. Зарим орны сургуулийн хүүхэд эх орондоо үнэнч байхаа тангараглах юм уу, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх шаардлага гарахад эр зоригийн сорилтод ордог. Эдгээр нь шүтлэгийн асуудалтай холбоотой учраас христиан хүүхдүүд Бурханд таалагддаг байр суурийг хатуу баримталдаг бөгөөд тэдний сайн үйл биднийг баярлуулдаг.

6 Биднийг эсэргүүцэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бурхны үйлчлэгчдийн тухай таагүй мэдээ тараах юм уу, «тушаалаар зовлон» (ШЕ) тарих арга сэдэж, жинхэнэ шүтлэгийг хааж боохыг оролдвол бидэнд зориг хэрэгтэй болдог (Дуулал 94:20). Жишээлбэл: Сонин хэвлэл, радио, телевизээр Еховагийн Гэрчүүдийн тухай ташаа юм уу, илэрхий худал мэдээ тараавал яах вэ? Гайхах хэрэгтэй юү? Үгүй ээ. Ийм юм болох учиртайг бид мэддэг (Дуулал 109:2). «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг» учраас хэн нэг нь ташаа юм уу, илэрхий худал мэдээлэлд итгэлээ гэхэд бид үүнд гайхдаггүй (Сургаалт үгс 14:15). Нөгөөтэйгүүр, үнэнч христианууд ах дүү нарынх нь тухай бичсэн болгонд итгэдэггүй бөгөөд худал үгнээс болж цуглаанаа тасалж, дэлгэрүүлэх ажилдаа хойргошиж, итгэлээр сулардаггүй. Харин ч тэд «өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн... баталдаг юм. ...Алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. [Эсэргүүцэгчдийн хэлдгээр] мэхлэгчид шиг боловч [үнэн хэрэгтээ] үнэнч» билээ (2 Коринт 6:4, 8).

7. Өөрийгөө шалган, ямар ямар асуулт асууж болох вэ?

7 Паул: «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүчний... сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзний [тухай] гэрчлэлээс бүү ич» хэмээн Тимотод бичжээ (2 Тимот 1:7, 8; Марк 8:38). Энэ үгийг уншаад бид өөрсдөөсөө: «Би итгэл үнэмшлээсээ ичдэг үү, эсвэл зоригтой хамгаалдаг уу? Хамт олондоо (ангийнхандаа) Еховагийн Гэрч гэдгээ хэлдэг үү, эсвэл нуудаг уу? Бусдаас өөр байдагтаа ичдэг үү? Еховатай тогтоосон харьцаагаа хадгалахын төлөө бусдаас ялгаатай байдгаараа бахархдаг уу?» гэж асууж болно. Хэрэв та сайн мэдээ дэлгэрүүлэх буюу бусдын таашаадаггүй байр суурь баримтлахаасаа айдаг бол, Ехова Иошуад: «Тууштай бөгөөд зоригтой бай» гэж зөвлөснийг санаарай. Хамт олон болон ангийнхан юу гэж бодох нь чухал биш, харин Ехова Есүс Христ хоёрын юу гэж үзэх нь хамгийн чухал гэдгийг хэзээ ч битгий мартаарай (Галат 1:10).

Эр зоригийг хэрхэн хөгжүүлэх нь

8, 9. а) Эртний христианууд эр зоригийн ямар сорилтод орсон бэ? б) Петр Иохан хоёрыг сүрдүүлэхэд тэд хэрхэн хандсан бэ? Дараа нь юу тохиолдсон бэ?

8 Энэ хэцүү цагт Еховад үнэнч байхын тулд эр зоригийг хэрхэн хөгжүүлэх вэ? Эртний христианууд яаж хөгжүүлдэг байсан бэ? Нэг жишээ авч үзье. Иерусалимын ахлах тахилч нар болон ахлагчид Петр Иохан хоёрт Есүсийн нэрээр дэлгэрүүлэхээ зогсоохыг тушаажээ. Тэр хоёр тийм тушаал биелүүлж чадахгүйгээ хэлтэл тэднийг сүрдүүлээд дараа нь явуулжээ. Тэд ах дүү нартайгаа уулзаад, бүгдээрээ хамтдаа: «Эзэн ээ [«Ехова», ШЕ], тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» гэж залбирсан аж (Үйлс 4:13–29). Үүнийх нь хариуд Ехова ариун сүнсээ өгөн, тэднийг бэхжүүлж, хожим нь Иудейн удирдагчдын хэлснээр тэд «Иерусалимыг сургаалаараа булж орхижээ» (Үйлс 5:28).

9 Тэр үед юу болсныг нарийвчлан авч үзье. Иудейн удирдагчдыг сүрдүүлэхэд нь шавь нар хавчлагаас болж дэлгэрүүлэх ажлаа орхиогүй. Харин ч ажлаа үргэлжлүүлэхийн тулд эр зориг гуйж залбирсан. Тэгээд залбирсныхаа дагуу ажлаа хийхэд нь Ехова ариун сүнсээрээ бэхжүүлжээ. Хэдэн жилийн дараа Паулын өөр хам сэдэвт бичсэн зүйл хавчлагад өртсөн христиануудад хамаатай гэдгийг дээр дурдсан явдал харуулдаг. Паул: «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэж бичжээ (Филиппой 4:13).

10. Иеремиагийн жишээ угийн аймхай хүнд хэрхэн туслах вэ?

10 Хүн угийн аймхай бол яах вэ? Эсэргүүцэлтэй тулгарсан ч Еховад зоригтой үйлчилж чадах болов уу? Чадалгүй яахав! Ехова Иеремиаг зөнчөөр томилоход Иеремиагийн юу хэлснийг сана даа. Тэрээр: «Би залуу» гэж хэлдэг. Өөрийгөө чамлаж байсан нь хэлсэн үгнээс нь илэрхий. Гэсэн ч Ехова: «„Би залуу“ гэж бүү хэл. Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно... Тэднээс бүү ай. Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна» гэж хэлж зоригжуулсан (Иеремиа 1:6–10). Иеремиа Еховад итгэж найдсаны дүнд Еховагийн хүчээр эргэлзэх сэтгэлээ давж, Израилийн хатан зоригт гэрч болсон.

11. Өнөөгийн христиануудыг Иеремиа шиг зоригтой байхад юу тусалдаг вэ?

11 Тослогдсон христианууд өнөөдөр Иеремиагийнхтай адил даалгавар биелүүлдэг. Хүмүүс хайхрамжгүй хандан, элэглэн шоолж, хавчиж мөрддөг ч тэд «өөр хонинуудын» «үй олон хүний» дэмжлэгтэйгээр Еховагийн санаа зорилгыг тунхагласаар байна. (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9). Ехова: «Бүү ай» гэж Иеремиад хэлсэн нь тэднийг ч бас зоригжуулдаг. Тэд Бурхнаас даалгавар авч, түүний мэдээг дэлгэрүүлдгээ хэзээ ч мартдаггүй юм (2 Коринт 2:17).

Дуурайвал зохих эр зоригийн жишээ

12. Есүс эр зоригийн ямар гайхамшигтай жишээ үзүүлсэн бэ? Дагалдагчдаа хэрхэн зоригжуулсан бэ?

12 Иеремиа шиг зоригтой байсан хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодох нь эр зоригоо хөгжүүлэхэд тусална (Дуулал 77:12). Жишээлбэл, Есүсийн дэлхий дээр үйлчилж байсан үеийг авч үзэхэд Сатанд соригдохдоо болон шашны удирдагчдын эрс эсэргүүцэлтэй тулгарахдаа хичнээн зоригтой байсанд нь бишрэх сэтгэл төрдөг (Лук 4:1–13; 20:19–47). Еховагийн өгсөн хүчээр Есүс гуйвшгүй зоригтой байсан бөгөөд үхэхээсээ өмнөхөн шавь нартаа: «Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» гэж хэлсэн (Иохан 16:33; 17:16). Шавь нар нь түүний жишээг дуурайвал бас л ертөнцийг ялж чадах байлаа (1 Иохан 2:6; Илчлэлт 2:7, 11, 17, 26). Гэхдээ «зоригтой байх» хэрэгтэй байв.

13. Паул Филиппойн хурлынхныг хэрхэн урамшуулсан бэ?

13 Есүсийг үхсэнээс хойш хэдэн жилийн дараа Паул Силас хоёр Филиппойд шоронд орсон билээ. Хожим нь Паул Филиппойн хурлынхныг ямагт «сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, ...нэг сүнс дотор зогсоцгоож, ...эсэргүүцэгчдийн юунд ч... айж сүрдэхгүй» байхыг уриалжээ. Тэднийг зоригжуулахын тулд цааш нь: «Ингэх [христиануудын хавчигдаж байгаа] нь [хавчигчдын] хувьд сүйрлийн тэмдэг нь байна. Харин та нарын хувьд авралын тэмдэг нь байна. Энэ нь Бурхнаас билээ. Яагаад гэвэл та нарт, Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь өгөгдсөн билээ» хэмээн бичжээ (Филиппой 1:27–29, МБОХ, 1996).

14. Паул зоригтой дэлгэрүүлсэн нь Ромын ах дүү нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

14 Паул Филиппойн хурлынханд тийнхүү бичихдээ бас л шоронд, гэхдээ Ромд байлаа. Тэгсэн хэдий ч зоригтой дэлгэрүүлсээр байв. Үүний үр дүн юу байсан бэ? Тэрээр: «Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь миний хүлээснээс болж, Эзэнд итгэлтэй болж, Бурхны үгийг ярихдаа айлгүй улам илүү зоригтой байна» хэмээн бичжээ (Филиппой 1:13, 14).

15. Зоригтой байх шийдвэрээсээ няцахгүй байхад туслах итгэлийн олон сайхан жишээг хаанаас мэдэж болох вэ?

15 Паулын жишээ бидэнд урам зориг хайрладаг. Засгийн эрхийг дарангуйлагч юм уу, лам нар гартаа авсан улс орнуудад орчин үеийн христианууд харгис хавчлагыг хэрхэн тэсвэрлэн давсан болон давж байгаа жишээ ч бас урам зориг нэмдэг. Тийм олон хүний түүх намтраас «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-д нийтэлдэг билээ. Та тэдгээрийг уншихдаа тэр хүмүүс бол бидэнтэй л адил жирийн хүн боловч туйлын хэцүү нөхцөлийг ч Еховагийн өгдөг хирээс хэтэрсэн хүчээр тэсвэрлэн давжээ гэдгийг ямагт санаарай. Хэрэв шаардлага гарвал Ехова бидэнд ч тийм хүч өгнө гэдэгт итгэж болно.

Бид зоригтой байснаараа Еховаг баярлуулж, алдаршуулдаг

16, 17. Өнөөдөр бид хэрхэн зоригтой болж болох вэ?

16 Үнэн болон зөвт байдлын төлөө бат зогсдог христиан хүнийг зоригтой гэж хэлж болно. Дотроо айдаг ч тийн зогсдог бол бүр ч илүү зоригтой байгаа хэрэг. Тийм ээ, христиан хүн ямар ч хүн байлаа гэсэн, хэрэв Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг үнэхээр хүсдэг бол, түүнд үнэнч байх шийдвэр төгс бол, Бурханд цаг үргэлж найддаг бол, өмнө нь Ехова өөртэй нь адил олон хүнийг зоригжуулж байсан гэдгийг ямагт санадаг бол зоригтой байж чадна. Түүнээс гадна, бид зоригтой байснаараа Еховаг баярлуулж, алдаршуулдаг гэдгээ ухаарвал айж хулчийхгүй байх шийдвэр маань улам батаждаг. Бид Бурхныг их хайрладаг учраас элэглэн дооглох гэх мэтийн ямар ч муу харьцааг тэсвэрлэн давахад бэлэн байдаг (1 Иохан 2:5; 4:18).

17 Итгэлийнхээ төлөө зовлон туулдаг маань ямар нэг буруу юм хийчихсэнээс болдог гэсэн үг биш гэдгийг үргэлж санаж яваарай (1 Петр 3:17). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, зөвийг үйлдэн, ертөнцийнх биш байдгаасаа болж зовлон эдэлдэг. Энэ тухайд элч Петр: «Хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурхны тааллыг олдог» хэмээжээ. Түүнчлэн, «Бурхны хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сэтгэлээ [амиа] даатгаг» гэж бичжээ (1 Петр 2:20; 4:19). Тийм ээ, бид итгэлээрээ хайрт Ехова Бурхнаа баярлуулж, алдаршуулдаг. Зоригтой байх юутай хүндтэй шалтгаан бэ!

Эрх мэдэлтнүүдтэй ярихдаа

18, 19. Шүүхийн өмнө зоригтой байх нь нарийн яривал, ямар мэдээ хүргэдэг гэсэн үг вэ?

18 Есүс дагалдагчдадаа хавчигдана гэдгийг нь хэлэхдээ: «[Хүмүүс] та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно» гэж бас сануулсан (Матай 10:17, 18). Гүтгэлгээс болоод шүүгч юм уу, захирагчийн өмнө очиход хүрвэл эр зориг хэрэгтэй. Гэхдээ бид тийм боломжийг зоригтой ашиглан, тэр хүмүүст гэрчилбэл хэцүү байдлыг ашигтайгаар эргүүлж болно. Өөрөөр хэлбэл, бид 2-р дуулалд бичигдсэн, «Хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав [«өөрсдийгөө засаж залруул», ШЕ]. Эмээн ЭЗЭНд үйлчлэгтүн» гэсэн Еховагийн үгийг биднийг шүүх хүмүүст хүргэж байгаа хэрэг (Дуулал 2:10, 11). Еховагийн Гэрчүүдийг гүтгэн шүүхэд мэдүүлэхэд шүүгчид шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах нь олонтаа байдаг бөгөөд бид ч үүнд талархдаг. Гэхдээ зарим шүүгч эсэргүүцэгчдийн нөлөөнд автдаг. Чухам тийм хүмүүст Библи: «Өөрсдийгөө засаж залруул» гэж хэлдэг.

19 Хамгийн дээд хууль бол Ехова Бурхны хууль гэдгийг шүүгчид ухаарах хэрэгтэй. Бүх хүн, тэр дундаа шүүгчид ч Ехова Бурхан болон Есүс Христийн шүүхийн өмнө очно гэдгийг санах ёстой (Ром 14:10). Хүний шүүх шударга зөв шийдвэр гаргасан ч бай, үгүй ч бай бид Еховагийн дэмжлэгийг хүлээдэг учир зоригтой байх бүрэн үндэстэй. Библид: «Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй [«жаргалтай»]» гэж байдаг (Дуулал 2:12).

20. Гүтгэлэг болон хавчилтыг тэсвэрлэн давах хэрэг гарвал баярлахын учир юу вэ?

20 Есүс Ууланд айлдсан номлолдоо: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон муу ярихад та нар ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]. Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд тийнхүү хавчсан юм» гэж хэлсэн (Матай 5:11, 12). Хавчигдана гэдэг хүсмээр юм биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн чанартай мэдээ тараах зэргээр хавчлаа ч бат зогсдог маань баярлах шалтгаан мөн. Ийнхүү бид Еховаг баярлуулж, шагнал хүртэнэ. Зоригтой байвал Еховад жинхэнээр итгэдгээ баталж, Бурхны сайшаалыг хүртдэг гэдэгтээ эргэлздэггүй. Үнэндээ ч бид Еховад бүрэн найддаг гэдгээ эр зоригоороо харуулдаг. Ингэж найдах нь христиан хүнд амин чухал болохыг дараагийн өгүүллээс үзэцгээе.

Та юу мэдэж авсан бэ?

• Өнөөдөр ямар ямар нөхцөл зоригтой байхыг шаарддаг вэ?

• Эр зоригийг хэрхэн хөгжүүлж болох вэ?

• Эр зоригийн сайхан жишээг хэн хэн үзүүлсэн бэ?

• Зоригтой байхыг хүсэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]