Эртний христианууд ба Мосегийн хууль
Эртний христианууд ба Мосегийн хууль
«Хууль нь биднийг Христ уруу хүргэх гэрийн багш болов» (ГАЛАТ 3:24, ШЕ).
1, 2. Мосегийн хуулийг чанд сахидаг израильчууд ямар ямар ач тус хүртдэг байсан бэ?
МЭӨ 1513 онд Ехова израильчуудад багц хууль өгчээ. Хэрэв ард олон дуу хоолойг нь дуулгавартай дагавал тэднийг ивээж, жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулна гэж хэлжээ (Египетээс гарсан нь 19:5, 6).
2 Мосегийн хууль, товчоор хэлбэл «Хууль» гэж нэрлэдэг тэрхүү багц хууль нь «ариун, зөвт бөгөөд сайн» байв (Ром 7:12). Энэ хуульд сайхан сэтгэл гаргах, үнэнч шударга байх, ёс суртахууны хэм хэмжээг сахих, хүнийг хайрлах зэрэг сайхан чанар илэрхийлэхийг заажээ (Египетээс гарсан нь 23:4, 5; Левит 19:14; Дэд хууль 15:13–15; 22:10, 22). Түүнчлэн, Хууль израильчуудад бие биеэ хайрлахыг уриалсан байв (Левит 19:18). Түүнээс гадна, тэд Хуульд захирагддаггүй израиль бус хүмүүстэй харьцах буюу тэдний дундаас эхнэр авах ёсгүй байв (Дэд хууль 7:3, 4). Мосегийн хууль израильчуудыг бусад үндэстнээс тусгаарласан «хана» байсны хувьд Бурхны ард түмнийг харь үндэстний үзэл бодол, зан заншлаар бузарлагдахаас хамгаалж байв (Ефес 2:14, 15; Иохан 18:28).
3. Төгс биелүүлж чадах хүн огт байгаагүй ч Хууль өгсний ач холбогдол юу вэ?
3 Гэхдээ хамгийн үнэнч шударга израильчууд ч Бурхны Хуулийг төгс биелүүлж чадахгүй байв. Ехова тэднээс хүч нь хүрэхгүй юм шаардаж байсан гэсэн үг үү? Үгүй. Израильд Хууль өгсөн нэг шалтгаан бол «нүгэл хилэнцийг... мэдүүлэхийн төлөө» байсан юм (Галат 3:19, ШГ). Хуулийн ачаар чин сэтгэлтэй израильчууд Золигч зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр Золигчийг ирэхэд үнэнч израильчууд баярласан билээ. Учир нь нүгэл болон үхлийн хараалаас чөлөөлөгдөх цаг мөдхөн ирэх байв! (Иохан 1:29).
4. Хууль ямар утгаар «Христэд хүргэх гэрийн багш» байсан бэ?
4 Мосегийн хууль бол түр зуурын арга хэмжээ байлаа. Элч Паул итгэл нэгтнүүдэд бичихдээ Хуулийг «Христэд хүргэх гэрийн багш» хэмээн тодорхойлжээ (Галат 3:24, ШЕ). Эрт цагт гэрийн багш хүүхдийг гэрээс нь сургуульд нь, сургуулиас нь гэрт нь хүргэдэг байжээ. Үндсэндээ багш биш, харин хүүхдийг багшид нь хүргэж өгдөг хүн байв. Үүнтэй адилаар Мосегийн хууль Бурхнаас эмээдэг израильчуудыг Христэд хүргэх ёстой байжээ. Есүс «эд юмсын тогтолцооны төгсгөл хүртэлх бүх өдрийн турш» дагалдагчидтайгаа хамт байна хэмээн амласан (Матай 28:20, ШЕ). Тийм учраас христиан хурал үүссэнээр «гэрийн багш» (ШЕ) буюу Хууль ач холбогдолгүй болов (Ром 10:4; Галат 3:25). Гэтэл зарим еврей христиан энэ чухал үнэнийг шууд ойлгоогүй юм. Тиймээс тэд Есүсийг дахин амилсны дараа ч Хуулийн зарим заалтыг биелүүлсээр байв. Тэгтэл бусад нь үзэл бодлоо өөрчилчихсөн байлаа. Үүгээрээ тэд бидэнд сайн жишээ үзүүлсэн. Ямар жишээ үзүүлснийг нь дэлгэрэнгүй авч үзье.
Христиан итгэл үнэмшилтэй холбоотой шинэ ойлголтууд
5. Петр үзэгдлээр ямар тушаал авсан бэ? Тэр яагаад гайхсан бэ?
5 МЭ 36 онд элч Петр ер бусын үзэгдэл үзжээ. Тэр үед тэнгэрээс дуу гарч, Хуулийн дагуу бузар гэж үздэг шувуу болон амьтдыг нядлаад, идэхийг түүнд тушаав. Петр мэл гайхжээ! Тэр «хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй» ажээ. Тэгтэл тэр дуу: «Бурхны цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн» гэж хэлэв (Үйлс 10:9–15). Петр Хуулийг муйхарлан сахихын оронд үзэл бодлоо өөрчилжээ. Улмаар Бурхны санаа зорилгын талаар гайхалтай зүйлийг олж мэджээ.
6, 7. Еврей бус хүмүүст дэлгэрүүлж болохоо ойлгоход Петрт юу тусалсан бэ? Өөр юу ойлгосон байж болох вэ?
6 Ийм явдал болжээ. Петрийн буусан айлд гурван хүн ирээд, түүнийг чин сүсэгтэй, хөвч хөндүүлээгүй еврей бус Корнел гэгч хүнийх уруу хамт явахыг гуйв. Петр тэднийг урьж оруулаад дайлав. Тэрээр үзэгдлийн утгыг ойлгоод, маргааш нь тэдэнтэй хамт Корнелийн гэрт очжээ. Тэнд Петр, Есүс Христийн талаар үндэслэлтэй гэрчилж, ярианыхаа дундуур: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэж хэлжээ. Ганц Корнел ч биш, түүний төрөл төрөгсөд, дотнын найзууд Есүст итгэдэг болж, Петрийн «үгийг... сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув». Үүнийг Ехова хийснийг Петр ойлгоод «тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав» (Үйлс 10:17–48).
7 Мосегийн хуульд захирагддаггүй еврей бус хүмүүс тэр үеэс Есүс Христийн дагалдагч болж болохыг ойлгоход Петрт юу тусалсан бэ? Сүнслэг зүйлийг ойлгох хэрсүү чанар. Бурхан хөвч хөндүүлээгүй хүмүүст ариун сүнсээ өгч, сайшааж буйгаа нэгэнт харуулсан тул тэд баптисм хүртэж болно гэдгийг Петр ухаарчээ. Мөн еврей бус хүмүүс христиан болж, баптисм хүртэхийн тулд Мосегийн хуулийг сахих ёстой гэж Бурхан үзэхгүй байгааг тэр үед ойлгосон бололтой. Хэрэв та тэр үед амьдарч байсан бол үзэл бодлоо Петр шиг өөрчлөх байсан уу?
Зарим нь «гэрийн багшийг» дагасан хэвээр
8. Иерусалимын зарим христиан хөвч хөндүүлэх асуудлаар Петрийнхээс өөр ямар үзэл баримталдаг байсан бэ? Яагаад?
8 Петр Корнелийнхийг орхин, Иерусалимд хүрч ирэв. Хөвч хөндүүлээгүй хүмүүс «Бурхны үгийг... хүлээн авсныг» тэндхийн хурлынхан дуулчихсан, зарим еврей шавь үүнд дургүйцэж байлаа (Үйлс 11:1–3). Хөвч хөндөхийг дэмждэг хүмүүс харь үндэстнүүдийг Есүсийн шавь болж болохыг хүлээн зөвшөөрсөн ч, еврей бус хүмүүс аврагдахын тулд Хуулийг сахих ёстой гэж тулгаж байлаа. Гэтэл еврей биш хүмүүс олноор суудаг, еврей христианууд цөөтэй газар хөвч хөндүүлэх асуудлаар маргадаггүй байв. Энэ хоёр үзэл бодлыг нэг мөр болголгүй бараг 13 жил өнгөрчээ (1 Коринт 1:10). Эртний христиануудад, ялангуяа, еврейчүүд давамгайлсан нутагт суудаг еврей бус христиануудын хувьд ямар хүнд сорилт байж вэ!
9. Хөвч хөндөх асуудлаарх маргааныг шийдэх нь яагаад амин чухал байсан бэ?
9 МЭ 49 онд Паулыг Сирийн Антиохт дэлгэрүүлж байтал Иерусалимаас хэдэн христиан ирснээр хөвч хөндүүлэх тухай маргаан туйлдаа хүрчээ. Тэд христиан болсон еврей бус хүмүүсийг Хуулийн дагуу хөвч хөндүүлэх ёстой гэж заах болжээ. Ингээд Паул Барнаб хоёр тэдэнтэй зөрчилдөж, их маргаан болов! Хэрэв маргааныг шийдвэрлэхгүй бол зарим еврей болон еврей бус христианууд бүдрэх нь гарцаагүй байлаа. Тиймээс Паул болон өөр хэдэн хүнийг Иерусалим уруу явуулж, уг маргааныг эцэслэн шийдэхийг христиануудын удирдах зөвлөлөөс хүсжээ (Үйлс 15:1, 2, 24).
Эхлээд үзэл бодлын зөрчил, эцэст нь эв нэгдэл!
10. Еврей бус хүмүүсийн байр суурийн талаар шийдвэр гаргахаасаа өмнө удирдах зөвлөл ямар ямар асуудлыг авч үзсэн бэ?
10 Асуудлыг шийдэхээр хамтдаа цуглатал зарим хүн хөвч хөндөхийг дэмжиж байхад зарим нь өөр санаатай байв. Гэхдээ бүхнийг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй юм. Нэлээд маргасны эцэст элч Петр Паул хоёр Ехова хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд ямар ямар гайхамшиг үйлдсэнийг тэмдэглэж, тэдний дээр ариун сүнс асгасныг тайлбарлав. Өөрөөр хэлбэл, тэд «Бурхны хүлээн авсан хүмүүсийг христиан хурал хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй юү?» гэж асуужээ. Тэгтэл шавь Иаков Судраас нэг хэсгийг уншсан нь тэнд байсан бүх хүнд энэ асуудлаарх Еховагийн хүсэл тааллыг ойлгоход тусалжээ (Үйлс 15:4–17).
11. Хөвч хөндөх асуудлыг шийдэхэд ямар хүчин зүйл гол үүрэг гүйцэтгээгүй вэ? Ехова тэр шийдвэрийг ивээснийг юу харуулдаг вэ?
11 Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүгд анхааран хүлээж байлаа. Тэд еврей өв уламжлалдаа үндэслэн хөвч хөндөхийг дэмжсэн шийдвэр гаргах болов уу? Тэгсэнгүй. Энэ үнэнч эрэгтэйчүүд Судрыг болон Бурхны ариун сүнсний удирдлагыг дагах шийдвэр төгс байлаа. Удирдах зөвлөл уг асуудалд хамаатай бүх нотолгоог сонссоныхоо дараа еврей бус христианууд хөвч хөндүүлж, Мосегийн хуулийг сахих шаардлагагүй гэж санал нэгтэй зөвшөөрчээ. Бусад христианууд энэ шийдвэрийг сонсоод баярлаж, хурлын тоо «өдөр бүр... нэмэгдэж» эхэлсэн. Нэгэнт тодорхой болсон теократ зааврыг баримталсан христианууд Сударт үндэслэсэн баттай хариу авч, ивээл хүртжээ (Үйлс 15:19–23, 28, 29; 16:1–5). Гэвч нэг чухал асуулт хариу шаардсан хэвээр байв.
Еврей христианууд яах вэ?
12. Ямар асуудлыг шийдээгүй үлдээсэн бэ?
12 Еврей бус христианууд хөвч хөндүүлэх шаардлагагүй гэдгийг удирдах зөвлөл тодорхой болгосон. Тэгвэл еврей христианууд яах вэ? Удирдах зөвлөлийн шийдвэр энэ асуултыг эцэслэн шийдээгүй байлаа.
13. Аврагдахын тулд Мосегийн хуулийг сахих шаардлагатай гэж зүтгэх нь яагаад буруу байсан бэ?
13 Зарим еврей христиан «Хуульд зүтгэн», хүүхдүүдийнхээ хөвчийг хөндөж, Хуулийн зарим заалтыг мөрдсөөр байв (Үйлс 21:20). Гэтэл зарим нь, аврагдахын тулд еврей христианууд Хуулийг сахих шаардлагатай гэж зүтгэн, бүр илүү юм шаардаж байлаа. Гэвч тэд алджээ. Жишээ нь: Христиан хүн нүглээ уучлуулах гэж амьтнаар тахил өргөж болно гэж үү? Христийн золих тахил тийм тахилуудыг хүчингүй болгосон шүү дээ. Еврей бус хүмүүстэй дотно харьцахыг хориглосон Хуулийн заалтыг яах вэ? Сайн мэдээ дэлгэрүүлдэг идэвх зүтгэлтэй христианууд дээрх шаардлагуудыг сахихын зэрэгцээ Есүсийн тушаасан бүгдийг бүх үндэстний хүмүүст заах даалгавраа биелүүлэхэд их хэцүү байсан биз ээ (Матай 28:19, 20; Үйлс 1:8; 10:28). * Энэ асуудлыг удирдах зөвлөлийн цуглаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Гэхдээ хурлыг зөнд нь орхиогүй.
14. Паул Бурхны онгодоор хөтлүүлэн захидал бичихдээ Хуулийн талаар ямар заавар өгсөн бэ?
14 Энэ асуудлыг хэрхэн шийдэх заавар нь удирдах зөвлөлийн захиа биш, Бурхны онгодоор элч нарын бичсэн захидлууд байлаа. Жишээлбэл, элч Паул Ромд байсан еврей болон еврей бус христиануудад ухуулан тайлбарласан захидал илгээжээ. Тэрээр захидалдаа жинхэнэ иудей буюу еврей хүн бол «доторх байдлаараа... иудей хүн мөн. ...Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь [түүний] хөвч хөндөлт мөн» гэж тайлбарлажээ (Ром 2:28, 29). Түүнчлэн, христианууд Хуулинд захирагдах шаардлагагүй болсныг батлахын тулд, эмэгтэй хүн нэг зэрэг хоёр эрэгтэйтэй гэр бүл болж болохгүй ч хэрэв нөхөр нь үхвэл дахин чөлөөтэй гэрлэж болно гэсэн жишээг тэрхүү захидалдаа иш татжээ. Үүнтэй адилаар тослогдсон христианууд Мосегийн хуулийг сахихын зэрэгцээ Христийн шавь байх боломжгүй гэдгийг Паул дээрх жишээгээр харуулжээ. Тэд Христтэй нэгдэхийн тулд «Хуульд үхэх» учиртай байв (Ром 7:1–5).
Хуульд захирагдах хэрэггүйн учрыг удаан ойлгосон нь
15, 16. Ямар учраас зарим еврей христиан Хуулийн учрыг ойлгож чадаагүй вэ? Энэ нь сүнслэгээр сэргэг байх тухайд юу харуулж байна вэ?
15 Хуулийн талаар Паулын ухуулан тайлбарласан нь няцаахын аргагүй байлаа. Тэгвэл зарим еврей христиан учрыг нь яагаад шууд ойлгосонгүй вэ? Нэг шалтгаан нь тэдэнд сүнслэг зүйлийг ойлгох хэрсүү чанар дутаж байжээ. Жишээ нь, тэд сүнслэг бор хоол хүртэхийн ач холбогдлыг ойшоодоггүй байв (Еврей 5:11–14). Бас цуглаанд тогтмол очдоггүй байжээ (Еврей 10:23–25). Зарим хүн учрыг ойлгоогүйн бас нэг шалтгаан нь Хуулийн мөн чанартай холбоотой байсан байж болох юм. Хууль сүм, тахилч нар гээд нүдэнд илэрхий харагдам, гарт баригдам үзэгдэх зүйлд үндэслэсэн байв. Сүнслэг зүйлийг ойлгох хэрсүү чанар дутмаг хүний хувьд үл үзэгдэх зүйлд үндэслэсэн христ шашны илүү нарийн зарчмуудыг хүлээн зөвшөөрөхөөс Хуулийг зөвшөөрөх нь амар хялбар байжээ (2 Коринт 4:18).
16 Өөрийгөө христиан гэж үздэг хүмүүс Хууль сахих гэж тэмүүлдэг байсны өөр нэг учрыг Паул галатчуудад илгээсэн захидалдаа тоймлон бичжээ. Тэд олны хүндэтгэл хүлээж, нийтийн шүтдэг гол шашны гишүүн байхыг хүсдэг гэж Паул тайлбарлажээ. Тэд нийгмийн нэг хэсэг байж, христиан байр сууриараа бусдаас ялгарахгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байжээ. Тэд Бурхны сайшаалыг бус, хүний сайшаал хүлээхийг илүүд үздэг байв (Галат 6:12).
17. Хуулийг сахихтай холбоотой зөв ойлголт хэдийнээс бүрэн тогтсон бэ?
17 Паул болон бусад хүний, Бурхны онгодоор хөтлүүлэн бичсэн захидлыг анхааралтай судалсан хэрсүү христианууд Хуулийг зөв ойлгодог болжээ. Гэхдээ МЭ 70 оноос хойш л еврей христианууд бүгдээрээ Мосегийн хуулийг мадаггүй зөв ойлгодог болсон. Тэр жил Бурхан Иерусалимыг сүм болон сүмийн тахилч нарт хамаатай бичиг баримттай нь устгахыг зөвшөөрсөн юм. Энэ явдал Хуулийн бүх заалтыг сахих ямар ч аргагүй болгов.
Юу сурснаа өнөөдөр хэрэгжүүлэх нь
18, 19. а) Сүнслэгээр эрүүл байхын тулд ямар хандлагатай байх ёстой вэ? Ямар хандлагаас зайлсхийх хэрэгтэй вэ? б) Хариуцлага хүлээдэг ах нарын зааврыг дагах тухайд Паулын жишээ бидэнд ямар сургамжтай вэ? (19-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)
18 Олон жилийн өмнө болсон тэр явдлуудыг авч үзээд та: «Хэрэв би тэр үед амьдарч байсан бол Бурхны хүсэл таалал аажмаар илчлэгдэж байсныг хэрхэн хүлээж авах байсан бол оо? Би уламжлалт үзлээ чанд баримтлах байсан уу? Эсвэл Хуулийн талаарх зөв ойлголтыг тодорхой болтол тэвчээртэй хүлээх байсан болов уу? Тодорхой боллоо гэхэд хүлээн авч, үзэл бодлоо өөрчлөх байсан болов уу?» гэж бодож байж магадгүй.
19 Хэрэв бид тэр үед амьдарч байсан бол яаж хандах байснаа одоо яг хэлж мэдэхгүй маань ойлгомжтой. Гэхдээ өөрсдөөсөө: «Библийн ямар нэг ойлголтыг тодруулахад би яаж хүлээж авдаг вэ? (Матай 24:45). Би Библийн удирдамж зааврын үг үсгийг нь биш, утга санааг нь ойлгож хэрэгжүүлдэг бил үү? (1 Коринт 14:20). Зарим асуултад хариу өгөхгүй, удаад байгаа мэт санагдсан ч би Еховаг тэвчээртэй хүлээдэг үү?» гэж асууж болно. «Урсаад явчихгүйн тулд» бэлэн байгаа сүнслэг хоолыг сайн хүртэж байх нь чухал юм (Еврей 2:1). Еховаг Үгээрээ, сүнсээрээ, дэлхий дэх байгууллагаараа дамжуулан удирдамж заавар өгөхөд нь анхааралтай сонсоцгооё. Тэгсэн цагт Ехова биднийг ивээж, мөнхөд жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулна.
[Зүүлт]
^ Петрийг Сирийн Антиохт очиход еврей бус христианууд түүнийг халуун дотно хүлээж авсан. Гэтэл еврей христиануудыг Иерусалимаас ирэхэд Петр «хөвч хөндөх ёслол үйлдсэн хүмүүсээс эмээж, [еврей бус христиануудаас] салж яван, зайгаа барив». Олны хүндэтгэл хүлээсэн элч өөрсөдтэй нь хамт хоол идэхээс татгалзахад христиан болсон еврей бус хүмүүст хичнээн гомдмоор байсан нь ойлгомжтой (Галат 2:11–13).
Та хэрхэн хариулах вэ?
• Мосегийн хууль ямар утгаар «Христэд хүргэх гэрийн багш» шиг байсан бэ?
• Үнэнийг ойлгож, үзэл бодлоо өөрчлөхөд Петр болон хөвч хөндөхийг дэмжигчид өөр өөрөөр хандсаныг та хэрхэн тайлбарлах вэ?
• Ехова өнөөдөр үнэнийг хэрхэн илчилдэг талаар та юу мэдэж авсан бэ?
[Догол мөрийн асуулт]
[24-р хуудасны хавсралт/зураг]
Паул сорилтыг даруухан хүлээн авсан нь
МЭ 56 онд Паул миссионерийн аялалаа амжилттай дуусгаад Иерусалимд ирэв. Тэнд түүнийг сорилт хүлээж байлаа. Паул Хууль хүчингүй болсон тухай зааж байсныг тэндхийн хурлынхан дуулжээ. Хуулийн талаар ингэж заасан нь шинэ тутам христиан болсон еврей хүмүүсийг бүдрүүлж, тэдэнд Есүсийн дагалдагчид Еховагийн байгууламжийг хүндэтгэдэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх вий хэмээн ахлагчид эмээж байлаа. Түүнчлэн, тангараг өргөсөн дөрвөн хүн хуралд байсан. (Назирын тангараг өргөсөн байж болох юм.) Тангаргаа биелүүлэхийн тулд тэд сүмд очих ёстой байв.
Ахлагчид Паулыг тэр дөрөвтэй сүмд очиж, зардлыг нь даахыг хүсжээ. Үүнээс өмнө Паул аврагдахын тулд Хууль сахих шаардлагагүй гэж тайлбарласан захидал дор хаяж хоёрыг онгодоор хөтлүүлэн биччихсэн байлаа. Гэхдээ тэрээр бусдын мөс чанарыг харгалзан үзсэн юм. Тэрээр өмнө нь: «Хуулийн дор байгсдыг талдаа оруулахын тулд би... Хуулийн дор байгсдад Хуулийн дор байгч мэт... болсон юм» гэж бичиж байсан (1 Коринт 9:20–23). Ахлагчдын саналыг хүлээн авахад Судрын ямар ч чухал зарчмыг зөрчихгүй гэж Паул үзжээ (Үйлс 21:15–26). Ингэж шийдсэн нь зөв байлаа. Тангараг өргөх нь Судрын сургаалтай зөрчилдсөн зүйл биш байсан бөгөөд сүмийг хиймэл шүтээн шүтэхэд бус, цэвэр шүтлэгт ашиглаж байв. Бусдыг бүдрүүлэх алив шалтгаан гаргахгүйн тулд Паул ахлагчдын хүсэлтийг биелүүлжээ (1 Коринт 8:13). Үүний тулд Паул их даруу байх хэрэгтэй байсан нь гарцаагүй. Энэ нь түүнийг хүндэтгэх сэтгэлийг маань лавшруулдаг.