«Бүх хүнд бүх талаар дөлгөөн зан» илэрхийлэгтүн
«Бүх хүнд бүх талаар дөлгөөн зан» илэрхийлэгтүн
«Бүх хүнд бүх талаар даруухан байдлыг [«дөлгөөн зан», ШЕ] харуулахыг тэдэнд сануул» (ТИТ 3:1, 2).
1. Дөлгөөн зан илэрхийлэх нь яагаад тэр болгон амаргүй вэ?
«БИ бас Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» гэж элч Паул бичжээ (1 Коринт 11:1). Өнөөдөр Бурхны бүх үйлчлэгч энэ зөвлөгөөг сахихыг хамаг байдгаараа хичээдэг. Гэхдээ бид Христийн жишээг дуурайхад саад болдог амин хувиа хичээх хүсэл, хандлагыг өвөг дээдсээсээ өвлөн авсан учраас энэ нь тийм ч амар биш гэдгийг хүлээх хэрэгтэй (Ром 3:23; 7:21–25). Тэглээ ч гэсэн чармайх юм бол бид бүгдээрээ дөлгөөн зан илэрхийлж чадна. Гэхдээ дан ганц бидний хүсэл зориг хангалтгүй. Өөр юу хэрэгтэй вэ?
2. «Бүх хүнд бүх талаар» дөлгөөн зан хэрхэн илэрхийлж болох вэ?
2 Бурхны таалдаг дөлгөөн зан бол ариун сүнсний үр жимсний хэсэг юм. Бид Бурхны үйлдэх хүчний удирдлагад хэдийчинээ захирагдана энэ үр жимсийг төдийчинээ илэрхийлнэ. Зөвхөн ийм тохиолдолд бид «бүх хүнд бүх талаар» дөлгөөн зан илэрхийлж чадна (Тит 3:2). Бид Есүсийн жишээг хэрхэн дуурайж болдгийг, бас бидэнтэй харьцсан хүмүүс хэрхэн «сэргэж» болдгийг авч үзье (Матай 11:29, ШЕ; Галат 5:22, 23).
Гэр бүлд
3. Гэр бүлд «ертөнцийн сүнс» яаж нөлөөлдөг вэ?
3 Дөлгөөн зан илэрхийлж байх ёстой нэг чухал орчин бол гэр бүл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр гэр бүл дэх хүчирхийлэл эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд, зам тээврийн осол болон хумхаа өвчний хор хөнөөлийг нийлүүлснээс илүү аюул занал учруулж байгаа аж. Жишээ нь: Лондон хотод бүртгэгдсэн бүх гэмт хэргийн дөрөвний нэг нь гэр бүлийн хүрээнд болдог байна. Цагдаагийнхан «хэрүүл шуугиан, доромжилсон үг яриагаар» (ШЕ) сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн хүмүүстэй байнга тааралддаг. Зарим хосын харьцаанд «хорсол» байдаг болсон нь бүр ч тоогүй. Энэ бүхэн «ертөнцийн сүнсний» гунигт үр дагавар бөгөөд христиан гэр бүлийн дотор эдгээрт эзлэх орон зай байдаггүй (Ефес 4:31; 1 Коринт 2:12).
4. Дөлгөөн зан гэр бүлийн уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг вэ?
4 Ертөнцийн нөлөөг эсэргүүцэхэд бидэнд Бурхны сүнс хэрэгтэй. «Эзний [«Еховагийн», ШЕ] Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг» (2 Коринт 3:17). Хайр, сайхан сэтгэл, тэвчээр ба өөрийгөө захирах нь төгс бус хүмүүсийн гэр бүлийн холбоог бэхжүүлдэг (Ефес 5:33). Дөлгөөн зан гэр бүлийн уур амьсгалыг таатай болгодог бөгөөд энэ нь олон гэр бүлийг бусниулах үндэс болдог хэрүүл уруултай орчноос эрс ялгаатай юм. Хүний хэлэх үг чухал ч түүнийг ямар өнгө аястай хэлснээс үр дүн нь шалтгаалдаг. Санаа зовоосон зүйлийн талаар аядуу зөөлөн хэлбэл хурцадмал байдал намждаг. Мэргэн ухаант хаан Соломон: «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» хэмээн бичжээ (Сургаалт үгс 15:1).
5. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд дөлгөөн зан ямар тустай вэ?
5 Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд дөлгөөн зан онцгой чухал. Гэрч нэг нь дөлгөөн занг сайн үйлстэй хослуулах аваас зөрүүдлэгч нөгөөгөө Ехова уруу хандуулах боломжтой. Элч Петр христиан эхнэрүүдэд: «Та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр, эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Харин Бурхны өмнө асар үнэтэй болох дөлгөөн болон даруу сүнсний мөхөшгүй чанараар чимсэн зүрхний нуугдмал хүн нь та нарын чимэг байг» хэмээн зөвлөжээ (1 Петр 3:1–4).
6. Дөлгөөн зан эцэг эх, хүүхдүүдийн холбоог хэрхэн бэхжүүлдэг вэ?
6 Ялангуяа Еховаг хайрладаггүй эцэг эх, хүүхдийн хоорондын харьцаа таатай бус байх тал байдаг. Харин христиан гэр бүлийн бүх гишүүн бие биетэйгээ дөлгөөн харьцах ёстой. Паул эцгүүдэд: «Та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» хэмээн зөвлөсөн байдаг (Ефес 6:4). Айл гэрт дөлгөөн зан зонхилж байвал эцэг эх, хүүхдүүдийн хоорондын ойр дотно холбоо бэхэждэг. Айлын таван хүүгийн нэг болох Дин: «Аав маань дөлгөөн зантай хүн байсан. Би аавтайгаа маргалдаж байснаа ер санадаггүй юм. Шилжилтийн насандаа ч маргаж байгаагүй билээ. Аав үргэлж, тэр бүү хэл сэтгэл санаа нь тавгүй үедээ ч, дөлгөөн зантай байдаг байсан. Аав намайг хааяа өрөөнд минь түр хорих юм уу, дуртай зүйлээ хийхийг минь хориглон шийтгэдэг байсан ч бид хэзээ ч муудалцаж байгаагүй. Аав маань бидний эцэг байсан төдийгүй бас анд нөхөр маань байсан билээ. Бид аавынхаа урмыг хугалахыг хүсдэггүй байлаа» хэмээн дурсан ярьжээ. Дөлгөөн зан эцэг эх, хүүхдүүдийн холбоог бэхжүүлэхэд үнэхээр тустай.
Дэлгэрүүлэх ажилд
7, 8. Дэлгэрүүлэхдээ дөлгөөн зан илэрхийлэх нь яагаад чухал бэ?
7 Дэлгэрүүлэх ажил бол дөлгөөн зан илэрхийлэх ёстой өөр нэг чухал орчин мөн. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхдээ бид янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй уулздаг. Бидний хүргэдэг найдварын мэдээг дуртайяа сонсдог хүмүүс байдаг. Гэтэл зарим нь янз бүрийн шалтгаанаар таагүй ханддаг. Тийм тохиолдолд дөлгөөн зан дэлхийн хязгаар хүртэл гэрчлэх даалгавраа биелүүлэхэд маань их тус болдог (Үйлс 1:8; 2 Тимот 4:5).
8 Элч Петр: «Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр өгөхөд ямагт бэлэн байн, Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна» хэмээн бичжээ (1 Петр 3:15). Бид Христийн жишээг зүрхэндээ хадгалж явдаг учраас бүдүүлэг харьцдаг хүмүүст гэрчлэхдээ тэдэнтэй дөлгөөн зангаар, хүндэтгэл үзүүлж харьцахыг хамаг хүчээрээ хичээдэг. Тийм харьцаа гайхалтай үр дүнд хүргэх нь цөөнгүй.
9, 10. Дэлгэрүүлэх ажилд дөлгөөн зангийн чухлыг харуулсан тохиолдлыг хэлнэ үү.
9 Хаалга тогшиход Кит өрөөндөө үлдээд эхнэр нь тайлж өгөхөөр очжээ. Ирсэн зочин нь Еховагийн Гэрч байсныг мэдмэгц Китийн эхнэр Гэрчүүд хүүхдэд харгис ханддаг хэмээн уурлан зэмлэсэн байна. Гэрч ах тайван л байж. Тэгээд дөлгөөхнөөр: «Та тэгж ойлгодог нь тун харамсалтай. Харин Еховагийн Гэрчүүд юунд итгэдгийг танд үзүүлж болохсон болов уу?» хэмээн хэлэхэд яриаг сонсож байсан Кит яг энэ үед хаалга уруу хүрч ирээд ахын яриаг тасалжээ.
10 Хожим, хос хоёр зочинтойгоо бүдүүлэг харьцсандаа гэмшин, харуусаж эхэлсэн аж. Гэрчийн дөлгөөн зан тэдний зүрхийг хөнджээ. Долоо хоногийн дараа нөгөө ах эргээд ирсэн нь тэдний хувьд санамсаргүй явдал болсон бөгөөд юунд итгэдгээ Библийн үндэстэй тайлбарлахыг хос хоёр түүнд зөвшөөрчээ. Хожим нь тэд: «Дараагийн хоёр жилийн хугацаанд бид хоёр өөр Гэрчүүдтэй олон удаа ярилцсан» хэмээн ярьсан юм. Тэд Библи судлахыг зөвшөөрсөн бөгөөд эцэстээ өөрсдийгөө Еховад зориулснаа бэлэгдэн баптисм хүртжээ. Китийнхэнтэй анх уулзсан Гэрчийн биеэ авч явсан байдал үр дүнд хүргэжээ! Тэр ах хэдэн жилийн дараа мөнөөх хос хоёртой уулзсан бөгөөд тэднийг сүнслэг ах эгчээ болсныг мэдсэн аж. Дөлгөөн зан амжилтад хүргэдэг.
11. Дөлгөөн зан хэн нэгэнд Библийн үнэнийг хүлээн авах замыг нь хэрхэн засаж болох вэ?
11 Харолд цэргийн алба хаахдаа үзэж амссанаасаа болоод догшин ааш авиртай болсны дээр Бурхан байдаг гэдэгт эргэлзэж эхэлсэн байна. Түүний зэрэгцээ согтуу жолоочийн буруугаас зам тээврийн осолд орж, үүрд эрэмдэг болжээ. Тэднийд Еховагийн Гэрчүүд ирэхэд Харолд дахиж ирэхгүй байхыг сануулсан аж. Гэтэл нэг өдөр Билл гэдэг Гэрч Харолдынхаас хоёр хаалганы цаана суудаг сонирхогч хүнтэй уулзах гэж ирсэн байна. Гэвч андуураад Харолдын хаалгыг тогшчихжээ. Харолдыг хоёр таягаа тулсаар хаалгаа онгойлгоход Билл хурдхан уучлал гуйн, хажуугийн айлд ирсэнээ тайлбарлажээ. Харолд яасан бэ? Гэрчүүд маш богино хугацаанд Хаанчлалын танхим барьсныг Харолд телевизийн мэдээнээс үзчихсэн байлаа. Төчнөөн олон хүн нэг хүн шиг ажиллаж байгааг хараад сэтгэл нь хөдөлсөн Харолд Гэрчүүдэд өөрөөр хандах болжээ. Биллийн дөлгөөн зан, эелдэг харьцаа, мөн чин сэтгэлээсээ уучлал гуйсан нь Харолдын сэтгэлийг хөдөлгөж, тэрээр Гэрчүүдийг ирэхэд хүлээж авч байхаар шийджээ. Харолд Библи судалж, сүнслэгээр өсөн, эцэстээ Еховагийн, баптисм хүртсэн үйлчлэгч болжээ.
Хурал дотор
12. Христиан хурлын гишүүд ертөнцийн ямар хандлагыг эсэргүүцэх ёстой вэ?
12 Дөлгөөн зан амин чухлаар шаардагддаг гурав дахь орчин бол христиан хурал юм. Хүмүүсийн хоорондох зөрчил тэмцэл нь өнөөгийн нийгэмд хэвийн үзэгдэл ажээ. Хэрүүл маргаан бол амьдралыг ертөнцийн үзэл бодлын үүднээс хардаг хүмүүсийн хувьд байх ёстой зүйл аж. Ертөнцийн тийм хандлага заримдаа христиан хуралд шургалан орж, хурлын гишүүд өөр хоорондоо үг хэлээрээ сөргөлдөн маргах явдал гардаг. Хариуцлагатай ах нар тийм нөхцөл байдлыг засах асуудалтай тулгарах нь тийм ч таатай хэрэг биш. Гэхдээ тэд Еховаг болон ах дүүгээ хайрладаг учраас алдсан нэгнээ засрахад нь туслахыг хичээдэг (Галат 5:25, 26).
13, 14. «Зөрөлдөгсдийг дөлгөөн зангаар засвал» ямар үр дүнд хүрч болох вэ?
13 Нэгдүгээр зуунд Паул, түүний хамтран зүтгэгч Тимот нар хурлын зарим гишүүнээс болоод бэрхшээлтэй тулгарч байжээ. Паул Тимотод «жирийн үед хэрэглэгддэг» сав суулгатай адилхан ах дүүсээс болгоомжлохыг сануулсан. Паул: «Эзний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, зөрөлдөгсдийг төлөв байдал [«дөлгөөн зан», ШЕ] дотор засаж бай» хэмээн хэлжээ. Өдөөн хатгасан үед ч гэсэн дөлгөөн зангаа хадгалсаар байх аваас сөргөлдөгч этгээд шүүмжлэлээ дахин нягтлан үзэхэд хүрдэг. Цааш нь Паулын бичсэнээр Ехова «тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхож» болох юм (2 Тимот 2:20, 21, 24, 25). Паул эелдэг зөөлөн харьцаа болон тэвчээрийг дөлгөөн зантай холбосныг тэмдэглэх хэрэгтэй.
14 Паул дэлгэрүүлснийхээ дагуу амьдардаг байсан. Коринт хотын хуралд «хамгийн эрхэм... элч нараас» болж бэрхшээл үүсэхэд элч Паул ах дүүстээ: «Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг» хэмээн бичжээ (2 Коринт 10:1; 11:5). Паул үнэхээр Христийг дуурайдаг байсан билээ. Тэрээр ах дүүсээ Христийн «дөлгөөн байдлаар» ятгаж байсныг анхаарагтун. Паул энэ мэтээр ихэмсэг, захирангуй хандлагаас зайлсхийдэг байв. Түүний ятгалга хурлын уриалган зүрхтэй гишүүдийн сэтгэлд хүрсэн нь эргэлзээгүй. Паул хурлын доторх хурцадмал байдлыг намжааж, энх тайван, эв нэгдлийн суурийг тавьжээ. Энэ нь бид бүхний хичээн дуурайх ёстой зүйл биш гэж үү? Ялангуяа ахлагчид Христ болоод Паулын жишээг дуурайх хэрэгтэй.
15. Зөвлөгөө өгөхөд дөлгөөн зан яагаад чухал бэ?
15 Бусдад туслах нь хурлын энх амгалан болоод эв нэгдэлд аюул заналхийлэх үед л шаардлагатай болдог цаг зуурын асуудал биш ээ. Харьцаа хурцдахаас бүр өмнө ах дүүст хайрын удирдлага хэрэгтэй байдаг. Паул: «Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг... шинэчлэн засагтун» гэж зөвлөжээ. Гэхдээ чухам яаж? «Дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий» гэжээ (Галат 6:1). «Дөлгөөн байдлын сүнсийг» хадгалах тэр бүр амаргүй. Яагаад гэвэл хариуцлагатай ах нар бүх христиан хүний нэг адил нүгэлт хандлагын нөлөөнд байдаг. Тэглээ ч гэсэн дөлгөөн зангийн ачаар төөрсөн нэгнийг зовуурь багатайгаар засаж болно.
16, 17. Зөвлөгөөг үл дагах гэсэн алив хүслийг давахад юу тусалж болох вэ?
16 «Засах» гэж орчуулсан грек эх үг нь хугарсан ясыг эвлүүлэх буюу барьж засах гэдэг зовуурь бүхий эмчилгээний аргатай утга дүйдэг. Хугарсан ясыг засах үедээ эмч уг аргын ашиг тусыг сайн талаас нь ярьж, тайлбарладаг. Эмчийн тайван байдал өвчтөнийг тайвшруулдаг. Урьдчилан хэлсэн хэдэн үг өвчин намдахад тусалдаг. Тэрчлэн, сүнслэг засалтын үед зовуурьтай байж болно. Гэхдээ түүнийг амжилттай давахад дөлгөөн зан туслах бөгөөд энэ нь төөрсөн нэгэнд сайн харьцаагаа сэргээж, чигээ өөрчлөх зам нээнэ. Эхэндээ зөвлөгөөг эсэргүүцлээ ч тусалж байгаа хүн дөлгөөн байх аваас Библийн ашигтай зөвлөгөөг үл дагах гэсэн алив хүслийг «хугалж» болно (Сургаалт үгс 25:15).
17 Бусдыг засах зорилгоор зөвлөгөө өгөхөд түүнийг шүүмжлэл мэтээр хүлээж авах аюул олонтаа тохиолддог. Нэгэн зохиолч үүнийг: «Бид бусдыг зэмлэхдээ өөртөө хэт итгэх хандлагатай байдаг учраас дөлгөөн зан маш ихээр шаардагддаг» хэмээн тайлбарлажээ. Даруу зангаас үүдэлтэй дөлгөөн занг хөгжүүлэх нь энэ аюулаас зайлсхийхэд зөвлөгөө өгч байгаа христиан хүнд тусална.
«Бүх хүнд»
18, 19. а) Эрх мэдэлтнүүдтэй харьцах асуудал дээр дөлгөөн зан илэрхийлэх нь христиануудад яагаад амаргүй байдаг вэ? б) Христиан хүн эрх мэдэлтнүүдэд дөлгөөн зангаар хандахад юу туслах вэ? Энэ нь ямар ач тустай байж болох вэ?
18 Эрх мэдэлтнүүдтэй харьцах асуудал дээр дөлгөөн зан илэрхийлэх нь олон хүний хувьд амаргүй байдаг. Үнэнийг хэлэхэд, эрх мэдэл бүхий зарим хүн бусдад ширүүн дориун, өрөвдөх сэтгэлгүй ханддаг (Номлогчийн үгс 4:1; 8:9). Гэвч, Еховаг хайрлах бидний хайр түүний хамгийн дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ төр засгийн эрх мэдэлд харьцангуй захирагдах үүргээ биелүүлэхэд маань тусална (Ром 13:1, 4; 1 Тимот 2:1, 2). Өндөр албаны хүмүүс, бүх нийтэд дэлгэрүүлэн, Еховад үйлчлэх ажлыг маань хязгаарлахыг хичээлээ ч бид магтаалын тахилаа өргөх боломжтой бүх арга замыг шантралгүй хайдаг (Еврей 13:15).
19 Бид ямар ч нөхцөлд түрэмгий авирладаггүй. Ухаалаг байхыг хичээдгийн зэрэгцээ зөвт зарчмуудаасаа хэзээ ч ухардаггүй. Ах дүүс маань ийм байдлаар Бурханд үйлчлэх ажлаа дэлхийн 234 оронд амжилттай явуулж байна. Бид «удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүнд бүх талаар даруухан байдлыг харуул» хэмээсэн Паулын зөвлөгөөг санаж ажилладаг (Тит 3:1, 2).
20. Дөлгөөн зан илэрхийлдэг хүмүүс ямар ямар шагнал хүртэх вэ?
20 Дөлгөөн зан илэрхийлдэг бүх хүн арвин их ивээл хишиг хүртэнэ. «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» гэж Есүс хэлсэн билээ (Матай 5:5). Дөлгөөн зангийн ачаар Христийн, сүнсээр тослогдсон ах дүүс аз жаргал эдэлдэг бөгөөд Хаанчлалын дэлхийн хэсгийг захирах хосгүй боломжтой болдог. «Өөр хонинуудын» «үй олон хүн» бас дөлгөөн занг тасралтгүй илэрхийлж, диваажин дэлхийд амьдрана гэж тэсэн ядан хүлээдэг (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 7:9; Дуулал 37:11). Юутай сайхан ирээдүй вэ! Тийм учраас Ефес хотын христиануудад Паулын өгсөн сануулгыг үргэлж санаж явцгаая. Тэрээр: «Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр зүй зохистой явахыг Эзний хоригдол би хичээнгүйлэн ятгая» хэмээн сануулжээ (Ефес 4:1, 2).
Давтлага
• Гэр бүлд...
• Дэлгэрүүлэх ажилд...
• Хурал дотор дөлгөөн зан илэрхийлдэг хүмүүс ямар ивээл хишиг хүртдэг вэ?
• Дөлгөөн зантай хүмүүст ямар ямар шагнал амласан бэ?
[Догол мөрийн асуулт]