Skip to content

Гарчиг руу орох

Дөлгөөн зан бол христиан хүний чухал чанар мөн

Дөлгөөн зан бол христиан хүний чухал чанар мөн

Дөлгөөн зан бол христиан хүний чухал чанар мөн

«Дөлгөөн занг... өмс» (КОЛОССАЙ 3:12).

1. Дөлгөөн занг юу гайхамшигтай чанар болгодог вэ?

 ДӨЛГӨӨН зантай хүнтэй хамт байх таатай байдаг. Гэхдээ мэргэн ухаант Соломон хаан: «Уян хатан [«дөлгөөн», ШЕ] хэл ясыг ч хугалж чадна» хэмээн хэлсэн буй (Сургаалт үгс 25:15). Дөлгөөн зан бол аядуу зөөлнийг сэтгэлийн тэнхээтэй хослуулсан гайхамшигтай чанар юм.

2, 3. Дөлгөөн зан ариун сүнс хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ? Энэ өгүүллээр бид юу авч үзэх вэ?

2 Элч Паул Галат 5:22, 23-т «Сүнсний үр жимсийг» тодорхойлон бичихдээ дөлгөөн занг оруулсан. 23-р зүйлд «дөлгөөн зан» гэж орчуулсан грек үгийг бас «даруу» (ШГ), «номхон» (МАБ) гэж орчуулсан буй. Уг грек эх үг нь гаднаас харагдах номхон даруу байдлыг бус дотоод дөлгөөн зан, нигүүлсэнгүй сэтгэлийг; хүний ааш зангийн төлөвийг бус оюун ухаан, зүрхний байдлыг тодорхойлдог учраас ихэнх хэлд яг тохирсон хувилбар олж орчуулах үнэхээр амаргүй байдаг.

3 Дөлгөөн зан гэж юу вэ, юугаараа тийм үнэтэй юм бэ гэдгийг сайн ойлгож авахын тулд Библийн дөрвөн жишээ авч үзье (Ром 15:4). Үүний дүнд бид дөлгөөн зан гэж чухам ямар чанар болохыг мэдэж авахын зэрэгцээ түүнийг хэрхэн хөгжүүлж, бүхий л ажил хэрэг дээрээ хэрхэн илэрхийлж болохыг мэдэж авна.

«Бурхны өмнө асар үнэтэй»

4. Ехова дөлгөөн занг үнэлдгийг бид хаанаас мэддэг вэ?

4 Дөлгөөн занг, Бурхны сүнсний бүрэлдэхүүн хэсэг болохынх нь хувьд Еховагийн гайхамшигтай чанаруудтай нягт холбоотой гэж үзэх нь зүйд нийцнэ. Элч Петр «дөлгөөн болон даруу сүнс» «Бурхны өмнө асар үнэтэй» гэж бичсэн (1 Петр 3:4). Үнэндээ, дөлгөөн зан бол Бурхны илэрхийлдэг онцгой чанаруудын нэг бөгөөд Ехова түүнийг өндөр үнэлдэг. Ганц энэ л гэхэд Бурхны бүх үйлчлэгч дөлгөөн зан хөгжүүлэх хангалттай шалтгаан болдог нь эргэлзээгүй. Гэвч, орчлонт ертөнцийн хамгийн дээд Эзэн, төгс хүчит Бурхан дөлгөөн занг хэрхэн илэрхийлдэг вэ?

5. Еховагийн дөлгөөн зан бидэнд ямар найдвар төрүүлдөг вэ?

5 Анхны хүмүүн хос Адам Ева хоёр, сайн мууг мэдүүлэгч модны жимс идэж болохгүй гэсэн Бурхны тов тодорхой тушаалыг зөрчсөн нь санаатай үйлдсэн хэрэг байлаа (Эхлэл 2:16, 17). Санаатайгаар дуулгаваргүй зан гаргасан нь тэднийг өөрсдийг нь болон ирээдүйн үр удмыг нь Бурхнаас салгаж, нүгэл ба үхлийн боол болгосон (Ром 5:12). Ехова тэднийг шийтгэсэн нь зүйн хэрэг байсан ч хүн төрөлхтнийг засрах найдвар огт байхгүй хэмээн орхиж, хахир зан гаргаагүй (Дуулал 130:3). Харин ч, Ехова нигүүлсэнгүй сэтгэл болон нэхэл хатуутай шаардагч байхыг хүсдэггүй сэтгэлээсээ дөлгөөн зан илэрхийлж, нүгэлт хүмүүст өөр уруу нь ирж, тааллыг нь олох боломж олгосон. Тийм ээ, Ехова Хүү Есүс Христээ золих тахил болгон бэлэглэснээрээ биднийг өөрийнх нь сүрлэг сэнтий уруу айдасгүйгээр ойртон очих боломжтой болгосон (Ром 6:23; Еврей 4:14–16; 1 Иохан 4:9, 10, 18).

6. Бурхан, Каинтай харьцахдаа дөлгөөн зан хэрхэн илэрхийлсэн бэ?

6 Есүсийг дэлхийд ирэхээс бүр өмнө, Адамын хүү Каин Абел хоёрын тахил өргөсөн тэр үед Ехова дөлгөөн зан илэрхийлсэн. Ехова тэдний зүрхний байдлыг хараад Каины өргөлөөс татгалзсан ба Абел болон түүний өргөлийг «ойшоон хүлээн авчээ». Бурхан үнэнч Абел болон түүний өргөлд сайнаар хандсанд Каины уур хүрчээ. Библид: «Каин ихэд уурлан, уруу царайлав» гэж байдаг. Үүнд Ехова хэрхэн хандсан бэ? Каины муухай зан гаргасанд тэр гомдсон уу? Үгүй. Уурласан учрыг нь аядуу зөөлөн асуусан. Тэр байтугай, Ехова Каинд яавал «тэргүүнээ өргөхийг» тайлбарлаж өгсөн (Эхлэл 4:3–7). Үнэндээ бол Ехова тэр аяараа дөлгөөн зан юм (Египетээс гарсан нь 34:6).

Дөлгөөн зан татдаг ба сэргээдэг

7, 8. а) Еховагийн дөлгөөн занг хэрхэн мэдэж болох вэ? б) Матай 11:27–29-д бичсэнээс Ехова болон Есүсийн тухай юу мэдэж болох вэ?

7 Еховагийн хосгүй чанаруудыг мэдэх нэг сайн арга бол Есүс Христийн амьдрал хийгээд хэрхэн үйлчилж байсныг судлах явдал юм (Иохан 1:18; 14:6–9). Есүс дэлгэрүүлэх кампанит ажил эхэлснийхээ хоёрдахь жил Галилын Хоразин, Бетсайд, Капернаум болон тэдгээрийн ойр орчмоор олон гайхамшигт үйл үйлджээ. Гэвч, хүмүүсийн ихэнх нь бардам зан, хайхрамжгүй байдлаасаа болоод түүнд итгээгүй аж. Есүс үүнд хэрхэн хандсан бэ? Итгэлгүй байдал нь юунд хүргэхийг шаргуу сануулж байсны зэрэгцээ тэдний дунд байгаа ам-хааретс буюу энгийн номхон ардын сүнслэг ядуу байдлыг хараад өрөвдөж байлаа (Матай 9:35, 36; 11:20–24).

8 Есүс «Эцгийг бүрэн таньдаг» (МАБ) ба дуурайдаг болохыг түүний дараагийн үйл хэрэг харуулдаг. Есүс энгийн хүмүүст хандан: «Нөр их хөдөлмөрлөдөг болон ачаа үүрсэн та нар бүгдээрээ над уруу ир. Би та нарыг сэргээнэ. Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно» (ШЕ) хэмээн сэтгэлийнхээ угаас уриалсан. Энэ үг гутарч, дарлагдсан хүмүүсийг юутай их тайвшруулж, сэргээсэн бол оо! Есүсийн энэ үг өнөөдрийн биднийг ч гэсэн тайвшруулж, сэргээдэг. Хэрэв бид дөлгөөн занг чин сэтгэлээсээ өмсөх аваас «Хүүгийн Эцгээ илчлэхээр хүссэн хүмүүсийн» дунд байх болно (Матай 11:27–29).

9. Дөлгөөн зантай ямар чанар холбоотой вэ? Энэ талаар Есүс ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

9 Дөлгөөн ба даруу зан хоорондоо нягт холбоотой. «Зүрхэндээ даруухан» хүн дөлгөөн байдаг бол бардам хүн өөрийгөө өргөмжилж, бусдад хахир, дээрэнгүй ханддаг (Сургаалт үгс 16:18, 19). Есүс дэлхийд байж үйлчлэх хугацаандаа даруу зангийн жишээ үзүүлсэн. Үхэхээсээ зургаан өдрийн өмнө Иерусалим уруу орж ирэхэд нь ард түмэн түүнийг иудейчүүдийн хаан хэмээн элэгсэг халуунаар мэндчилэн угтахад ч Есүс ертөнцийн захирагчдаас эрс ялгарч байлаа. «Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна. Илжиг болон дудранг унаж, эгэл даруухнаар ирнэ» хэмээсэн Мессиагийн тухай Зехариагийн зөгнөсөн нь түүн дээр биелсэн юм (Матай 21:5; Зехариа 9:9). Ехова Хүүдээ эрх мэдэл өгч байгаа тухай үзэгдлийг үнэнч зөнч Даниел үзсэн. Гэхдээ түүнээс өмнөх зөгнөлдөө Есүсийг «хамгийн дорд хүн» гэж дүрсэлсэн буй. Дөлгөөн ба даруу зан хоорондоо үнэхээр нягт холбоотой байдаг (Даниел 4:17; 7:13, 14).

10. Христиан хүний дөлгөөн зан сул доройн шинж бишийн учир юу вэ?

10 Ехова Есүс хоёрын илэрхийлдэг сэтгэл хөдлөм дөлгөөн зан биднийг тэдэнд ойртоход тусалдаг (Иаков 4:8). Дөлгөөн зан бол сул доройн шинж огт биш нь ойлгомжтой. Төгс хүчит Бурхан Ехова агуу их хүч хийгээд сүр жавхлантай. Зөвт бус байдал түүний уурыг шатаадаг (Исаиа 30:27; 40:26). Есүс мөн адил Сатан Диаволын довтолгоонд өртөхдөө ч буулт хийхгүй байх байр суурийг хатуу баримталдаг байсан. Тэрээр тухайн үеийнхээ шашны удирдагчдын хууль бус наймааны ажиллагааг тэвчээгүй (Матай 4:1–11; 21:12, 13; Иохан 2:13–17). Гэхдээ шавь нараа алдаа гаргахад тэвчээртэй хандан, дөлгөөн зан илэрхийлдэг байлаа (Матай 20:20–28). Нэгэн Библи судлаач: «Зөөлөн сэтгэлийн цаана ган мэт бат бөх чанар байдаг» гэсэн үгээр дөлгөөн занг маш оновчтой тодорхойлсон байдаг. Энэхүү христиан чанар болох дөлгөөн занг илэрхийлцгээе.

Үеийнхнээсээ хамгийн дөлгөөн зантай нь

11, 12. Хүмүүжсэн орчинг нь тооцон үзэх аваас Мосегийн дөлгөөн занг юу алдартай болгосон бэ?

11 Мосегийн жишээ бол бидний авч үзэх гурав дахь жишээ юм. Түүнийг Библид: «Дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу [дөлгөөн зантай] байлаа» гэж тодорхойлсон байдаг (Тооллого 12:3). Энэ тодорхойлолтыг Бурхны онгодоор хөтлүүлж бичсэн билээ. Гайхалтай дөлгөөн зан нь Мосег Еховагийн удирдлагыг хүлээн авдаг болгосон.

12 Мосе үнэнч еврей гэр бүлд төрсөн хэдий ч өвөрмөц байдлаар хүмүүжсэн билээ. Израиль эхчүүдээс төрсөн хөвгүүдийг устгаж байсан хэцүү цагт Ехова түүний амийг хамгаалж байв. Мосе бага насаа эхийнхээ гар дээр өнгөрөөсөн бөгөөд эх нь түүнд жинхэнэ Бурхан Еховагийн тухай хичээнгүйлэн заажээ. Хожим Мосег гэрээс нь авч явсан бөгөөд тэрээр огт өөр орчинд амьдрах болжээ. Есүсийн шавь, тамлагдан үхсэн Стефан: «Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ» хэмээн хэлсэн буй (Үйлс 7:22). Фараоны зарц нар ах дүүстэй нь дэндүү шударга бус харьцаж байгааг хараад Мосегийн итгэл илэрчээ. Мосе, еврей хүнийг зодсон египет хүнийг алснаасаа болоод Египетээс зугтан явж, «Мидиан газарт» амьдрах болжээ (Египетээс гарсан нь 1:15, 16; 2:1–15; Еврей 11:24, 25).

13. Мидианд амьдарсан 40 жил Мосед хэрхэн нөлөөлсөн бэ?

13 Мосе 40 настайдаа цөлд ирсэн бөгөөд өөрөө өөртөө санаа тавих хэрэгтэй болсон. Мидианд ирээд Реуелийн долоон охинтой тааралдсан ба эцгийнх нь баян сүргийг услалцсан аж. Охид гэртээ ирээд эцэгтээ өөрсдөд нь төвөг удсан хоньчдоос «нэг египет хүн» хамгаалсан тухай бахархан ярьжээ. Реуел Мосег урьж, гэртээ суулгав. Бэрхшээл тохиолдож байсан ч Мосе түүнийг үл тоон, шинэ орчинд дасан зохицож, амьдарч чадаж байлаа. Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх шийдвэр төгс байдал нь хэзээ ч сулраагүй. Мосе Реуелийн хоньчин болсон ба Зиппоратай гэрлэж, хөвгүүдээ өсгөсөн. Энэхүү сунайсан урт 40 жилийн турш Мосе өөрийнх нь онцлог шинж болсон чанарыг хөгжүүлж хурцалжээ. Тийм ээ, Мосе зовлон бэрхшээлийг даван туулж, дөлгөөн занд суралцсан (Египетээс гарсан нь 2:16–22; Үйлс 7:29, 30).

14. Израилийн удирдагч байхдаа Мосегийн илэрхийлсэн дөлгөөн занг дүрслэн хэлнэ үү.

14 Ехова өөрийг нь Израилийн удирдагчаар томилсны дараа ч Мосе дөлгөөн зантай хэвээрээ байсан. Елдад Медад хоёр Еховагийн сүнсийг авч, Мосегийн туслагчаар томилогдсон 70 ахлагчийн тоонд багтаагүй хэрнээ хуаранд зөгнөж байгааг нэг залуу Мосед дуулгажээ. Иошуа: «Мосе, эзэн минь, тэднийг болиулаач» гэжээ. Мосе дөлгөөхнөөр: «Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой» хэмээн хариулжээ (Тооллого 11:26–29). Хурцадмал байдлыг намжаахад дөлгөөн зан тусалсан.

15. Мосе төгс бус ч гэлээ түүний жишээ дуурайвал зохих сайн жишээнүүдийн нэг болдгийн учир юу вэ?

15 Нэгэн удаа Мосе дөлгөөн бус зан гаргажээ. Тэрээр Кадешийн ойролцоох Мерибад гайхамшиг Үйлдэгч Еховаг алдаршуулах учиртайгаа огоорсон юм (Тооллого 20:1, 9–13). Мосе төгс бус ч гэлээ гуйвшгүй итгэл нь амьдралынх нь туршид түүнд дэмжлэг болсон бөгөөд алдартай дөлгөөн зан нь өнөөдөр ч гэсэн бидний гайхшийг төрүүлдэг (Еврей 11:23–28).

Хахир ба дөлгөөн зан

16, 17. Набал Абигаил хоёрт тохиолдсон явдал бидэнд юун тухай сануулдаг вэ?

16 Давидын үед, Бурхны зөнч Самуелыг нас барсны дараахан бидний хувьд сануулга болсон нэгэн явдал болжээ. Тэр явдал Набал, Абигаил гэдэг хостой холбоотой юм. Тэр хоёр хоорондоо эрс ялгаатай хүмүүс байлаа. Абигаилын «ухаан саруул», харин нөхөр нь «хахир» (ШЕ), «муухай зантай» хүн байв. Баян сүргийг нь хулгайчаас хамгаалж, тусалдаг байсан Давидын эрчүүд идэх юм гуйхад Набал юу ч өгөлгүй, бүдүүлэг зан гаргав. Арга буюу уур нь шатсан Давид болон түүний эрчүүд илдээ агсан, Набалтай нүүр тулан уулзахаар хөдөлжээ (1 Самуел 25:2–13).

17 Абигаил юу болсныг сонсоод талх, дарс, мах, хэдэн боодол үзэм, инжир зэргийг яаруу бэлтгэж аваад Давидыг угтан гарав. Түүн дээр хүрч очоод: «Эзэнтэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу» хэмээн гуйж гарчээ. Абигаил тийн дөлгөөн зангаар гуйсан нь Давидын зүрхийг зөөлрүүлсэн аж. Давид Абигаилын үгийг сонссоныхоо дараа: «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас... болиулсан чи магтагдах болтугай» хэмээн хэлжээ (1 Самуел 25:18, 24, 32, 33). Набалын хахир зан эцсийн эцэст өөрийг нь үхэлд хүргэсэн билээ. Харин Абигаил сайхан чанарынхаа ачаар Давидын эхнэр болж, жаргал эдэлсэн. Абигаил, өнөөдөр Еховад үйлчилж байгаа бүх хүнд дөлгөөн зангаараа жишээ үзүүлсэн юм (1 Самуел 25:36–42).

«Дөлгөөн занг мөрдөн дагагтун»

18, 19. а) Дөлгөөн занг өмсөхдөө хүн яаж өөрчлөгддөг вэ? б) Өөрийгөө нямбай шалгахад бидэнд юу тусалж болох вэ?

18 Тэгэхлээр дөлгөөн зан бол чухал чанар гэдэг нь харагдаж байна. Энэ нь зүгээр нэг аядуу зөөлний нэр төдий зүйл биш, бусдыг сэргээдэг сэтгэл татам чанар юм. Бид урьд нь хүмүүстэй хахир харьцан, биеэ зохисгүй авч явдаг байсан байж болох юм. Гэвч, Библийн үнэнийг мэдээд өөрчлөгдөн, хүнтэй илүү ая дантай харьцдаг болсон билээ. Паул итгэл нэгтнүүддээ: «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» хэмээн уриалахдаа энэ өөрчлөлтийн талаар хэлсэн (Колоссай 3:12). Библид тийм өөрчлөлтийг чоно, ирвэс, арслан, баавгай, наж могой зэрэг зэрлэг догшин амьтдыг хурга, ишиг, тугал, үнээ гэх мэтийн тайван амгалан, гэрийн тэжээвэр амьтадтай адилхан болсноор зүйрлэдэг (Исаиа 11:6–9; 65:25). Хүний зан чанар орчных нь хүмүүст бараг гайхамшиг гэж үзэгдэхээр эрс өөрчлөгддөг. Гэвч, дөлгөөн зан бол Бурхны сүнсний гайхамшигтай үр жимс учраас бид тийм өөрчлөлтийг тэрхүү сүнсний нөлөөтэй холбож үздэг.

19 Энэ нь хэрэв бид зохих ёсоор өөрчлөгдөж, өөрсдийгөө Еховад зориулсан бол цаашдаа дөлгөөн зан хөгжүүлэх талаар санаа тавих шаардлагагүй гэсэн үг үү? Тийм биш нь ойлгомжтой. Жишээлбэл, шинэ хувцсыг байнга угааж арчилж байхгүй бол цэвэр үзэмжтэй харагддаггүй шүү дээ. Бурхны Үгэнд тольдон, түүнд байдаг жишээнүүдийг эргэцүүлэн бодох ахул бид өөрсдийгөө бодитойгоор харж, урьд нь анзаарч мэддэггүй байсан зүйлээ ажиглах болно. Бурхны онгод оруулан бичүүлсэн Үг буюу энэ «толинд» та ямар харагддаг вэ? (Иаков 1:23–25).

20. Бид яавал дөлгөөн занг илүү сайн илэрхийлж болох вэ?

20 Хүмүүсийн ааш араншин төрөлхөөсөө янз бүр байдаг. Бурхны зарим үйлчлэгчийн хувьд дөлгөөн зан илэрхийлэх нь бусдыгаа бодвол амархан байдаг. Ямар ч байлаа гэсэн христиан хүн болгон дөлгөөн зан зэрэг Бурхны сүнсний үр жимсийг хөгжүүлэх хэрэгтэй. Паул Тимотод: «Зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ [«мөрдөн дагагтун», МАБ]» хэмээн хайрын сэтгэлээр сургамжилсан (1 Тимот 6:11). «Мөрдөн дагагтун» гэдэг нь хүчин чармайлт гарга гэсэн санаа юм. Библийн нэгэн орчуулгад энэ уриалгыг «зүрх сэтгэлээ хандуулах» гэдэг үгээр орчуулсан буй («New Testament in Modern English»). Хэрэв та Бурхны Үгэнд байдаг гайхамшигтай жишээнүүдийг эргэцүүлэн бодоход хүчин чармайлт гаргавал эдгээр нь таны биед «суулгагдсан» юм шиг оюун ухаанд тань хоногшино. Тэгээд таныг хэлбэржүүлж, удирдах болно (Иаков 1:21).

21. а) «Дөлгөөн занг мөрдөн дагах» хэрэгтэйн учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр юу авч үзэх вэ?

21 Бид хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас дөлгөөн занг аль хир сайн илэрхийлж байгаа маань харагдана. Есүсийн шавь Иаков: «Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?» гэж асуугаад, «Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул» хэмээн хариулжээ (Иаков 3:13). Бид гэртээ, дэлгэрүүлэх ажлынхаа үеэр болон хурал дотроо дөлгөөн занг хэрхэн илэрхийлж болох вэ? Дараагийн өгүүллээр энэ талаар ашигтай зарим зөвлөгөө авч үзнэ.

Давтлага

• Та Еховагийн...

• Есүсийн...

• Мосегийн...

• Абигаилын жишээнээс дөлгөөн зангийн талаар юу мэдэж авсан бэ?

• Бид «дөлгөөн занг мөрдөн дагах» ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]