Skip to content

Гарчиг руу орох

Залуус аа, Ехова та нарын үйл хэргийг мартахгүй!

Залуус аа, Ехова та нарын үйл хэргийг мартахгүй!

Залуус аа, Ехова та нарын үйл хэргийг мартахгүй!

«Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» (ЕВРЕЙ 6:10).

1. Ехова чиний үйлчлэлийг үнэлдгийг «Еврей» болон «Малахи» ном хэрхэн харуулдаг вэ?

 НАЙЗДАА сайн үйл хийчихээд хариу талархлын үг сонсоогүй тохиолдол чамд бий юү? Хүний сайхан сэтгэлийг дутуу үнэлэх юм уу, огт хайхрахгүй байвал үнэхээрийн гомдмоор. Тэгвэл өөрт нь чин сэтгэлээсээ үйлчилдэг хүмүүст Ехова хичнээн өөрөөр ханддаг гэж санана! Библид: «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж байдаг (Еврей 6:10). Энэ юу гэсэн үг вэ гэдгийг бодогтун. Ехова, өөрт нь үйлчлэхдээ хийсэн хийгээд хийж байгаа зүйлийг чинь мартлаа гэхэд өөрийгөө шударга бус, нүгэлт үйл хийлээ гэж зайлшгүй үзэх байсансан. Ямар талархуу сэтгэлтэй Бурхан бэ! (Малахи 3:10).

2. Еховад үйлчлэх үйлчлэлийг юу үнэхээрийн хосгүй болгодог вэ?

2 Талархуу сэтгэлтэй тэрхүү Бурхныг шүтэж, түүнд үйлчлэх онцгой завшаан чамд тохиожээ. Дэлхийд зургаа орчим тэрбум хүн амьдардгаас ойролцоогоор зургаан сая нь чиний итгэл нэгтнүүд болох учраас чамд олдож байгаа энэ боломж бол үнэхээрийн хосгүй бөлгөө. Түүнээс гадна, сайн мэдээг сонсоод хүлээн авч байгаа чинь Ехова чухам чамд өөрт чинь санаа тавьж байна гэсэн үг. Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44). Тийм ээ, Христийн золих тахилын ач тусыг хүртэхэд нь Ехова хүн нэг бүрд тусалдаг.

Агуу завшаанаа үнэлэгтүн

3. Корагийн хөвгүүд Еховад үйлчлэх завшаанаа үнэлдгээ хэрхэн илэрхийлсэн бэ?

3 Еховагийн зүрхийг баярлуулах хосгүй завшаан чамд тохиосныг бид өмнөх өгүүллээр ярилцсан билээ (Сургаалт үгс 27:11). Энэ бол чиний хувьд цаг ямагт өндрөөр үнэлж байх ёстой зүйл мөн. Корагийн хөвгүүд онгодоор хөтлүүлэн бичсэн нэгэн дуулалдаа Еховад үйлчлэх завшаанаа үнэлдгээ илэрхийлэн: «Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм. Би хорон муугийн майхнуудад оршин суухаас, өөрийн Бурхны өргөөний босгон дээр зогсохсон» хэмээн дуулсан байдаг (Дуулал 84:10).

4. а) Еховад үйлчлэхэд юунаас болж эрх чөлөө хязгаарлагдаж байгаа юм шиг санагдаж болох вэ? б) Ехова үйлчлэгчдээ анхаарч, шагнах ирмүүн хүсэлтэйгээ хэрхэн харуулдаг вэ?

4 Тэнгэрийн Эцэгтээ үйлчлэх завшаанаа чи тийн үнэлдэг үү? Еховад үйлчлэхэд эрх чөлөө чинь хязгаарлагдаж байгаа юм шиг санагдах үе байж болно. Библийн хэм хэмжээгээр амьдрахад ямар нэг хэмжээгээр өөрийгөө золиослох шаардлага гарах учир энэ нь зүйн хэрэг. Гэхдээ, эцсийн эцэст Еховагийн чамаас шаардаж байгаа бүхэн чамд л тустай (Дуулал 1:1–3). Түүнээс гадна, Ехова чиний хүчин чармайлтыг анзаарч мэддэг бөгөөд үнэнч байдгийн чинь төлөө талархдаг. «Өөрийг нь хайгч хүмүүст [Ехова] Шагнагч нь болдог» гэж Паул бичжээ (Еврей 11:6). Ехова үргэлж ийм байхыг хүсдэг. Эртний Израилийн нэгэн зөвт зөнч: «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» хэмээн хэлжээ (Шастирын дэд 16:9).

5. а) Зүрхээ Ехова уруу бүрэн чиглүүлснээ харуулах хамгийн сайн аргын нэг юу вэ? б) Бусдад итгэл үнэмшлийнхээ тухай ярихад хэцүү юм шиг санагдаж болохын учир юу вэ?

5 Зүрхээ Ехова уруу бүрэн чиглүүлснээ харуулах хамгийн сайн аргын нэг бол түүний тухай бусдад ярих явдал юм. Ангийнхаа хүүхдүүдэд итгэл үнэмшлийнхээ тухай ярих боломж чамд гарч байсан уу? Ярина гэхээр эхэндээ аймшигтай санагдан, ийм санаа толгойд орж ирүүт ухаан алдталаа айж магадгүй. «Шоолж инээлдвэл яана аа? Итгэл үнэмшил минь тэдэнд хачин санагдах болов уу?» гэх зэрэг бодол төрж болох юм. Хаанчлалын тухай мэдээг хүн болгон сонсохгүй гэдгийг Есүс хэлсэн (Иохан 15:20). Гэхдээ энэ нь чи амьтны элэг доог, ад шоо болж байна гэсэн үг биш ээ. Харин ч Гэрч олон хүүхэд итгэл үнэмшилдээ үнэнч байснаар үеийнхнээс нь зарим нь тэднийг сонсдог, тэр байтугай улам илүү хүндэтгэдэг болдог.

«Ехова чамд тусална»

6, 7. а) 17 настай нэг охин ангийхандаа хэрхэн гэрчилж чадсан бэ? б) Женниферт тохиолдсон явдлаас чи ямар сургамж авсан бэ?

6 Яавал итгэл үнэмшлийнхээ талаар чөлөөтэй ярих зоригтой болж болох вэ? Шашин шүтлэгийн чинь талаар асуухад үнэнээ хэлэх шийдвэр төгс байж болохгүй нь юу билээ? 17 настай Женниферт тохиолдсон явдлыг авч үзье. «Би сургууль дээрээ үдийн хоолоо идэж байлаа. Надтай хамт нэг ширээнд хооллож байсан охид шашин шүтлэгийн талаар ярьж эхэлтэл нэг нь надаас ямар шашин шүтдэгийг минь асуудаг юм байна» гэж тэр охин ярьж билээ. Энэ асуултад хариулахад Женниферт хэцүү байсан уу? «Тэдний яаж хүлээж авахыг мэдэхгүй байсан учраас хэцүү байсан» гэж тэр хариулсан юм. Тэгээд Женнифер яасан бэ? «Еховагийн Гэрч гэж хэлэхэд минь тэд эхлээд их гайхсан. Еховагийн Гэрчүүдийг гажиг хүмүүс гэж боддог байсан юм чинь аргагүй шүү дээ. Намайг ингэж хариулахад тэд асуулт асууж эхэлсэн бөгөөд энэ завшааныг ашиглан би тэдний зарим буруу ойлголтыг залруулж чадсан юм. Тэр байтугай уг ярианаас хойш зарим нь надаас юм асуухаар үе үе ирдэг болсон» гэж Женнифер үргэлжлүүлэн ярьсан.

7 Женнифер боломжийг ашиглан итгэл үнэмшлийнхээ тухай ярьсандаа харамссан уу? Яалаа гэж! «Үдийн хоолны цаг дуусахад би ихэд сэтгэл хангалуун болсон байлаа. Одоо тэр охид Еховагийн Гэрчүүд гэж чухам ямар хүмүүс байдгийг илүү сайн мэддэг болсон» хэмээн ярьсан билээ. Тэгээд Женнифер: «Ангийнхандаа юм уу, багшдаа гэрчлэхэд хэцүү байвал товчхон залбирчих хэрэгтэй. Ехова чамд тусална. Боломжийг алдалгүй гэрчилж чадсандаа чи баяртай байх болно» хэмээн их энгийн зөвлөгөө өгсөн юм (1 Петр 3:15).

8. а) Санаандгүй нөхцөл байдал тулгарахад залбирал Нехемиад хэрхэн тус болсон бэ? б) Сургууль дээр ямар ямар тохиолдолд Еховад хандан, дотроо товчхон залбирах шаардлага гарч болох вэ?

8 Итгэл үнэмшлийнхээ тухай гэрчлэх боломж гарахад Еховад хандан «товчхон залбирах хэрэгтэй» гэж Женниферийн зөвлөснийг анхаарагтун. Энэ нь Персийн хаан Артаксерксийн сөнч Нехемиа санаандгүй байтал олдсон таатай боломжийг ашигласантай адил юм. Нехемиа Иерусалимын хэрэм болон дааман хаалганууд нурж, балгас болсон хийгээд иудейчүүд зовж зүдэрч байгаа тухай мэдээ сонссон учраас царай нь илт шаналангуй харагдаж байлаа. Хаан Нехемиагийн санаа зовсон царайг ажиглаад юу болсныг асуужээ. Нехемиа хариу хэлэхээсээ өмнө удирдлага гуйн залбирсан аж. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцан очиж, нурсан хотыг сэргээн босгоход туслахыг зөвшөөрөөч гэж зоригтой гуйхад Артаксеркс Нехемиагийн гуйлтыг зөвшөөрчээ (Нехемиа 2:1–8). Эндээс чи ямар сургамж авах вэ? Хэрэв итгэл үнэмшлийнхээ талаар гэрчлэх боломж олдсон тэр үед айдас төрвөл дотроо залбирах хэрэгтэй. «Тэр та нарын төлөө санаа зовдог [«тавьдаг», ШЕ] учраас бүх зовнилоо [Еховад] үүрүүл» гэж Петр бичжээ (1 Петр 5:7; Дуулал 55:22).

«Хариу өгөхөд... бэлэн бай»

9. 13 настай Леа охин «Залуучуудын асуулт» номоос 23 ширхгийг хэрхэн тарааж чадсан бэ?

9 Өөр нэг тохиолдол авч үзье. 13 настай Леа охин сургууль дээрээ үдийн завсарлагаар «Залуучуудын асуулт» * нэртэй ном уншиж байжээ. «Хүүхдүүд намайг ажиглан харж байснаа удалгүй бүчин авцгаасан. Тэгээд уншиж байгаа номд минь юун тухай бичсэнийг шалгааж гарав» хэмээн охин ярьсан юм. Тэр өдөр дөрвөн охин «Залуучуудын асуулт» ном олж өгөхийг Леагаас гуйжээ. Удалгүй тэд нөгөө номоо бусад хүүхдэд өгч уншуулсан бөгөөд нөгөөдүүл нь ч бас тийм номтой болохыг хүссэн байна. Түүнээс хойш Леа хэдэн долоо хоногийн хугацаанд ангийхандаа болон тэдний найз нөхдөд «Залуучуудын асуулт» ном 23 ширхгийг тараажээ. Уншиж байсан номынх нь талаар асуусан хүүхдүүдийн анхны асуултад хариулахад Леад амархан байсан уу? Мэдээжээр үгүй! «Би эхлээд сандарсан. Гэвч, залбирсан бөгөөд Еховаг надтай хамт байгааг мэдсэн» хэмээн нуулгүй хариулсан юм.

10, 11. Бяцхан израиль охин Еховагийн тухай мэдэхэд нь Арамын цэргийн ахмадад хэрхэн тусалсан бэ? Тэрээр үүний дараа юугаа өөрчилсөн бэ?

10 Леад тохиолдсон явдал арамейчуудад олзлогдсон бяцхан охинд тохиолдсонтой адилхан болохыг чи анзаарсан байж магадгүй. Арамын цэргийн ахмад Нааман уяман өвчтэй байжээ. Эхнэрийнх нь яриа бяцхан охиныг итгэл үнэмшлийнхээ тухай ярихад хүргэсэн бололтой. Тэрээр: «Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн» хэмээн хэлжээ (Хаадын дэд 5:1–3).

11 Бяцхан охины эр зоригийн ачаар Нааман «бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг» мэддэг болжээ. Тэр бүү хэл «дахиж шатаалт тахил өргөхгүй, өөр бурхдыг ч тахихгүй. Харин ЭЗЭНд өргөх болно» хэмээн шийджээ (Хаадын дэд 5:15, 17). Ехова бяцхан охины эр зоригийг ивээсэн нь эргэлзээгүй. Тэрбээр хүүхдийн хичээл зүтгэлийг өнөөдөр ч мөн адил ивээдэг. Леа үүнийг өөрийн биеэр амсаж мэдсэн. Яваандаа ангийнхнаас нь зарим нь түүн дээр ирж, биеэ зөв авч явдаг болоход нь «Залуучуудын асуулт» ном тусалсныг хэлжээ. Леа: «Еховагийн тухай илүү ихийг мэдэж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд нь бусдад тусалж байгаагаа мэдсэн учраас би их баяртай байлаа» хэмээн ярьсан билээ.

12. Итгэл үнэмшлийнхээ талаар хэрхэн «хариу өгөх» зоригтой болж болох вэ?

12 Чи, Женнифер Леа хоёрын эдэлсэн шиг баяр баясгаланг эдэлж болно. Үүний тулд христиан хүн бүр, түүний дотор чи «найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр өгөхөд ямагт бэлэн байх» талаар Петрийн өгсөн зөвлөгөөг сахих хэрэгтэй (1 Петр 3:15). Яаж сахих вэ? «Үгийг ярих зүрх зориг» гуйн Еховад залбирч байсан эртний христиануудыг дуурайгаарай (Үйлс 4:29). Дараа нь хүмүүст итгэл үнэмшлийнхээ талаар зоригтой яриарай. Амжилтаа үзээд чи лав гайхна даа. Үүнээс гадна чи Еховагийн зүрхийг баярлуулна.

Видео кино ба тусгай даалгавар

13. Зарим сурагч ямар ямар боломж ашиглан гэрчилсэн бэ? (18-р хуудсанд байгаа хавсралтыг үзнэ үү.)

13 Видео кино ашиглан итгэл үнэмшлийнхээ талаар ангийнхаа хүүхэд, багш нартаа тайлбарлан ярьдаг хүүхэд цөөнгүй байдаг. Заримдаа багшийнхаа тусгай даалгаврын ачаар Еховаг алдаршуулах боломж бас гардаг. Жишээ нь: Еховагийн Гэрч 15 настай хоёр хүү түүхийн хичээл дээр дэлхийн шашнуудын нэгээр реферат бичих даалгавар авчээ. Тэр хоёр Еховагийн Гэрчүүдийн тухай бичихээр шийдсэн бөгөөд «Еховагийн Гэрчүүд бол Бурхны Хаанчлалыг тунхаглагчид» * номоос материал ашиглажээ. Тэрчлэн тэд 5 минутын илтгэл тавих ёстой байлаа. Илтгэлийн дараа багш, сурагчид асуултаар булж, товлосон хугацаанаас 20 минутаар сунжирчээ. Түүнээс хойш ангийнх нь хүүхдүүд хэдэн долоо хоногийн турш Еховагийн Гэрчүүдийн талаар асуусаар байв!

14, 15. а) Хүнээс айх айдас яагаад занга болдог вэ? б) Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярихдаа итгэлтэй байх хэрэгтэйн учир юу вэ?

14 Еховагийн Гэрчийн хувьд чи итгэл үнэмшлийнхээ талаар бусдад яривал их ивээл хишиг хүртэж болно гэдгийг дээр дурдсан тохиолдлууд харуулж байна. Еховагийн тухай мэдэхэд нь бусдад туслах сайн үйл, баяр баясгаланг чинь хүнээс айх айдас бүү хийсгэх болтугай. Библид: «Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө» гэж байдаг (Сургаалт үгс 29:25).

15 Христиан хүний хувьд чамд өнөөдөр хамгийн сайн амьдралаар амьдрах, ирээдүйд Бурхны амласан мөнхийн амьдралд хүрэх боломж байгаа. Харин үеийн чинь хүүхдүүдэд энэ бүхэн бас хэрэгтэйг санаарай (1 Тимот 4:8). Жишээ болгон АНУ-ыг аваад үзье. Энэ улсад хүн амын ихэнх нь сүнслэг асуудалд хайхрамжгүй ханддаг бөгөөд материаллаг зүйлийг илүү сонирхдог байх гэж чи боддог байж магадгүй. Гэтэл тэнд амьдардаг залуучуудын бараг тал хувь нь шашин шүтлэгийн асуудалд буурь суурьтай ханддагийг, мөн гуравны нэг нь Бурханд итгэх итгэлийг амьдралынхаа «хамгийн чухал зүйл» гэж үздэгийг нэгэн санал асуулгын дүн харуулсан байна. Дэлхийн бусад олон улс оронд ч нөхцөл байдал үүнтэй адилхан байдаг. Тийм учраас ангийн чинь хүүхдүүд Библийн талаар ярих яриаг чинь дуртайяа сонсож мэдэх юм шүү.

Еховад залуугаасаа ойртогтун

16. Еховад таалагдахын тулд түүний тухай бусдад ярихаас гадна өөр яах хэрэгтэй вэ?

16 Еховагийн зүрхийг баярлуулахад түүний тухай ярих багадна гэдэг нь ойлгомжтой. Тэрчлэн чи биеэ Еховагийн хэм хэмжээний дагуу авч явах хэрэгтэй. Элч Иохан: «Түүний тушаалуудыг сахих нь Бурхны хайр [«Бурхныг хайрлах хайр», МБОХ, 1996] мөн. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээн бичжээ (1 Иохан 5:3). Хэрэв чи Еховад ойртвол энэ үгийн үнэнийг мэдэх болно. Тэгвэл Еховад хэрхэн ойртож болох вэ?

17. Еховад хэрхэн ойртож болох вэ?

17 Библи болон Нийгэмлэгийн ном хэвлэл унших цаг гаргаарай. Еховагийн тухай хэдийчинээ их мэднэ түүнд захирагдаж, түүний талаар бусдад ярихад төдийчинээ амар байх болно. Есүс: «Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. [...] Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг» гэж хэлсэн (Лук 6:45). Тийм учраас зүрхээ сайн юмаар дүүргээрэй. Энэ талаар зорилт тавьж болохгүй нь юу билээ? Жишээ нь: Чи ирэх долоо хоногийн цуглаанууддаа илүү сайн бэлдэж болно. Дараа нь цуглаан дээр товчхон, өөрийнхөө үгээр, чин сэтгэлээсээ хариулт өгч оролцох зорилт тавьж болно. Тэрчлэн сурч мэдсэн зүйлээ ажил хэрэг болгох нь амин чухал асуудал гэдэг нь ойлгомжтой (Филиппой 4:9).

18. Заримдаа эсэргүүцэлтэй тулгарлаа ч гэсэн юунд итгэлтэй байж болох вэ?

18 Еховад үйлчилбэл урт хугацааны, тэр бүү хэл мөнхийн ивээл хүртэнэ. Үнэндээ, чи Еховагийн Гэрч гэдгээсээ болоод хааяа эсэргүүцэл, доог тохуу зэрэгтэй тулгарч болно. Гэхдээ Мосегийн тухай бодоорой. «Тэр шагнал уруу харж байлаа» гэж Библид бичсэн байдаг (Еврей 11:24–26). Өөрийнх нь тухай мэдээд бусдад ярих гэсэн хүчин чармайлтын чинь төлөө Ехова чамайг шагнана гэдэгт чи бас итгэж болно. Тийм ээ, тэр «Өөрийнх нь нэрийн төлөөх [чиний] үйл хэрэг болон хайрыг» хэзээ ч мартахгүй ээ (Еврей 6:10).

[Зүүлт]

^ «Questions Young People Ask−Answers That Work». Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи).

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи).

Та санаж байна уу?

• Чамайг өөрт нь үйлчилдгийг Ехова үнэлдэг гэдэгт чи яагаад итгэлтэй байдаг вэ?

• Зарим хүүхэд сургууль дээрээ хэрхэн амжилттай гэрчилсэн бэ?

• Яавал ангийнхандаа гэрчлэх эр зоригтой болох вэ?

• Еховад хэрхэн ойртож болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[20-р хуудасны хавсралт/зураг]

Еховаг хүүхдүүд хүртэл алдаршуулдаг!

Хүүхдэд ч гэсэн сургууль дээрээ гэрчлэх боломж гардаг. Зарим жишээ авч үзье.

10 настай Амберийн сурдаг тавдугаар ангийн сурагчид хичээл дээрээ Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд еврейчүүдэд зэрлэг догшин хандаж байсан тухай ном уншжээ. Амбер багшдаа «Ягаан гурвалжин» нэртэй видео кино авчирж өгөхөөр шийдсэн байна. Багш нь нацистын дэглэмийн үед Еховагийн Гэрчүүд бас мөрдлөг хавчилгад өртөж байсныг мэдээд гайхжээ. Тэгээд уг видео киног ангийн бүх хүүхдэд үзүүлжээ.

8 настай Алекса ангийнхандаа захиа бичин, өөрсөдтэй нь хамт Есүсийн төрсөн өдрийн баяр тэмдэглэж чадахгүй болсон учраа тайлбарлажээ. Түүний захиа багш эмэгтэйн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн ба тэрээр Алексаг захиагаа ангидаа, бас өөр хоёр ангид чангаар уншиж өгөхийг гуйжээ! Эцэст нь Алекса: «Би өөрөөс минь өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж сурсан юм. Есүсийн төрсөн өдрийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэрийг минь хүндэтгэж байгаад тань та бүхэнд баярлалаа» хэмээн хэлжээ.

Эрик нэгдүгээр ангид орсныхоо дараахан сургууль дээрээ «Библийн тухай миний ном» авчраад багшаасаа ангийнхандаа үзүүлэх зөвшөөрөл гуйжээ. Тэгэхэд багш нь: «Надад бүр ч илүү сайхан санаа байна. Чи ангийхандаа ямар нэг өгүүллэг уншиж өгч болно шүү дээ» хэмээн хэлжээ. Эрик ч уншиж өгсөн аж. Дараа нь уг номыг авах хүсэлтэй хүн байвал гараа өргөнө үү гэжээ. 18 хүн гараа өргөсөн бөгөөд тэдний дотор багш нь ч бас байв! Тэгээд Эрик дэлгэрүүлэх өвөрмөц хэсэгтэй болсноо ойлгожээ.

9 настай Уитни «Еховагийн Гэрчүүд ба боловсрол» * товхимол гаргаж өгсөнд нь Еховад их талархдаг. Тэрээр: «Урьд жилүүдэд ээж энэ товхимлыг багш нарт өгдөг байсан. Харин энэ жил би өөрөө өгсөн. Багш энэ товхимлын ачаар намайг „долоо хоногийн сурагч“ болгон тодруулсан» хэмээн ярьсан билээ.

[Зүүлт]

^ Энд дурдсан бүх хэвлэлийг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан (англи).

[21-р хуудасны хавсралт/зураг]

Итгэл үнэмшлээ илэрхийлэх зарим боломж

Зарим хүүхэд хичээл дээр илтгэл тавих юм уу, реферат бичих даалгавар авахдаа гэрчлэх боломжтой сэдэв сонгодог.

Багшдаа хичээлийн сэдэвтэй холбоотой видео кино юм уу, ном хэвлэл өгдөг хүүхэд цөөнгүй байдаг.

Нөгөө зарим нь хичээлийн завсарлагаар Библи юм уу, Нийгэмлэгийн ном хэвлэл уншдаг ба бусад хүүхэд тэдэн дээр ирж асуулт асуух явдал байдаг.