Skip to content

Гарчиг руу орох

«Ехова хаана байна вэ?» гэж та асуудаг уу?

«Ехова хаана байна вэ?» гэж та асуудаг уу?

«Ехова хаана байна вэ?» гэж та асуудаг уу?

«Та нарын эцэг өвгөд... Надаас холдов... Тэд: „ЭЗЭН хаана байна вэ?“ гэж асуусангүй» (ИЕРЕМИА 2:5, 6).

1. Хүмүүс «Бурхан хаана байна вэ?» гэж асуухдаа ямар ямар бодолтой байдаг вэ?

 «БУРХАН хаана байна вэ?» Олон хүн ингэж асуудаг. Тэдний зарим нь Бүтээгчийн тухай наад захын баримтыг, ердөө л хаана байдгийг нь мэдэх гэж тэгж асуудаг. Зарим хүн олныг хамарсан зовлон гамшгийн дараа юм уу, хатуу бэрхийг биеэрээ амсаад ирэхээрээ дээрх асуултыг асууж, Бурхан ийм юмыг яагаад болиулсангүй вэ гэж гайхдаг. Нөгөөтэйгүүр, Бурхан байдаг гэдэг санааг үгүйсгэдэг учраас ийм асуулт огт тавьдаггүй хүмүүс ч бас бий (Дуулал 10:4).

2. Ямар хүн Бурхныг хайхдаа амжилт олдог вэ?

2 Бурхан байдгийн олон баталгааг хүлээн зөвшөөрдөг хүн цөөнгүй байдаг нь ойлгомжтой (Дуулал 19:1; 104:24). Тэдний зарим нь шашин л шүтэж байвал боллоо гэж үздэг. Гэтэл үнэнд дуртай, газар газрын өөр олон сая хүн жинхэнэ Бурхныг хайж эхэлжээ. Тэдний хүчин зүтгэл талаар болоогүй юм. Учир нь жинхэнэ Бурхан «бид бүхний хэнээс нь ч холгүй» байдаг (Үйлс 17:26–28).

3. а) Бурхны байдаг газар хаана вэ? б) «Ехова хаана байна вэ?» гэсэн Библийн асуулт ямар санаа илэрхийлдэг вэ?

3 Жинхэнэ Бурхан Еховаг үнэхээр олсон хүн «Бурхан бол сүнс» буюу хүний нүдэнд харагддаггүй гэдгийг ойлгодог (Иохан 4:24). Есүс Еховаг «тэнгэр дэх Эцэг минь» хэмээн хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Тэнгэр нь газраас дээр байдаг шиг тэнгэрийн Эцэг маань дэлхийгээс дээш, сүнслэг утгаар асар өндөрт оршин байдаг (Матай 12:50; Исаиа 63:15). Бид Бурхныг нүдээрээ харж чадахгүй ч тэрээр бидэнд өөрийнх нь болоод санаа зорилгынх нь тухай ихийг мэдэх боломж өгдөг (Египетээс гарсан нь 33:20; 34:6, 7). Тухайлбал, Ехова амьдралын утга учрыг олохыг хүсдэг чин сэтгэлтэй хүмүүсийн асуултад хариулдаг. Мөн амьдралд маань хамаатай асуудалд, дүрслэн хэлбэл, Бурхан хаана байгааг тодорхойлоход найдвартай удирдлага өгдөг. Өөрөөр хэлбэл, тийм асуудлыг Бурхан хэрхэн үздэгийг болон бидний хүсэл санаа зорилготой нь нийцдэг эсэхийг мэдэхэд тусалдаг. Тийм асуудлыг асууж лавлаж, хариу олохыг хичээж байгаасай гэж Бурхан хүсдэг. Эртний израильчууд тийн хандаагүй учраас Ехова тэднийг зөнч Иеремиагаар дамжуулан зэмлэжээ. Тэд Бурхны нэрийг мэддэг байсан ч «Ехова хаана байна вэ?» (ШЕ) гэж асуудаггүй байв (Иеремиа 2:6). Еховагийн санаа зорилго тэдэнд чухал биш байжээ. Удирдлага зааврыг нь ч хайдаггүй байв. Тэгвэл танд том жижиг ямар ч бай шийдвэр гаргах хэрэг гарахад «Ехова хаана байна вэ?» гэж асуудаг уу?

Бурхнаас лавласан хүмүүс

4. Давид Еховагаас лавладаг байсан нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

4 Иессийн хүү Давид бага залуу байхын Еховад бат итгэдэг болжээ. Тэрээр Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мэддэг байсан бөгөөд Бурхан хамгаалдгийг биеэрээ үзжээ. Давид «ЭЗЭНий нэрийг» хайрлах хайр, түүнд бат итгэх итгэлдээ хөтлөгдөн зэр зэвсэг өвч агссан Филистийн аварга биет Голиатыг устгажээ (1 Самуел 17:26, 34–51). Гэлээ ч Давид амжилтандаа эрдэн өөртөө найддаг, одоо юу ч хийсэн Ехова намайг ивээнэ гэж үздэг болоогүй. Харин ч түүнээс хойш шийдвэр гаргахдаа Еховагаас үргэлж лавладаг байлаа (1 Самуел 23:2; 30:8; 2 Самуел 2:1; 5:19). Тэрээр: «ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг» хэмээн үргэлж залбирдаг байжээ (Дуулал 25:4, 5). Бидэнд ямар сайхан жишээ үзүүлээ вэ!

5, 6. Иехошафат амьдралынхаа янз бүрийн үед Еховаг яаж эрэлхийлдэг байсан бэ?

5 Давидаас хойших тав дахь хаан Иехошафатын үед гурван үндэстний цэрэг хүч хавсран Иудагийн эсрэг дайтахаар иржээ. Хаант улсад нь аюул нүүрлэхэд Иехошафат «ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулав» (Шастирын дэд 20:1–3). Энэ нь Иехошафат Еховаг анх удаа «эрэлхийлж» байгаа хэрэг биш байв. Үүнээс өмнө тэрээр Израилийн тэрслүү хойд хаант улсын өөгшүүлэн дэмжсэн Баалыг шүтэх шүтлэгээс татгалзаж, Еховагийн замыг сонгосон билээ (Шастирын дэд 17:3, 4). Тэгвэл байдал хурцадсан энэ үед Иехошафат хэрхэн «ЭЗЭНийг эрэлхийлэх» бол оо?

6 Иехошафат Иерусалимд хурсан олны өмнө залбирсан нь Еховагийн төгс хүчийг санаж явдгийг нь харуулжээ. Ехова бусад үндэстнийг хөөн гаргаж, Израильд өв болгон газар өгснөөр санаа зорилгоо илэрхий болгосныг нухацтай бодсоноо хэлжээ. Мөн Бурхны тусламж өөрт нь хэрэгтэй болсныг хаан хүлээн зөвшөөрчээ (Шастирын дэд 20:6–12). Тэгэхэд Ехова «олдсон» болов уу? Үнэхээр олдсон. Ехова леви хүн Иахазиелаар тодорхой заавар хэлүүлээд, маргааш өдөр нь ард түмэндээ ялалт өгсөн (Шастирын дэд 20:14–28). Та удирдлага заавар хайн Еховад хандахдаа түүнийг «олдоно» гэдэгт итгэлтэй байж чадах уу?

7. Бурхан ямар хүний залбирлыг сонсдог вэ?

7 Ехова нүүр тал хардаггүй. Бүх үндэстний хүнийг өөрт нь хандан залбирч, өөрийг нь хайхыг урьдаг (Дуулал 65:2; Үйлс 10:34, 35). Тэрээр өөрт нь хандан залбирдаг хүний зүрхэнд юу байгааг мэддэг. Шударга зөв хүний залбирлыг сонсдогоо бидэнд батлан хэлдэг (Сургаалт үгс 15:29). Урьд нь өөрийг нь тоодоггүй байсан ч хожим удирдлага зааврыг нь даруухнаар хайдаг хүмүүст ч Ехова «олддог» (Исаиа 65:1). Хуулийг нь сахиж чадаагүй хэрнээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг ч залбирахад нь сонсдог (Дуулал 32:5, 6; Үйлс 3:19). Харин Бурханд захирагддаггүй зүрхтэй хүний залбирал талаар болдог (Марк 7:6, 7). Энэ талаар зарим жишээ үзье.

Залбирсан ч хариу аваагүй хүмүүс

8. Саул хааны залбирал Еховад таалагдаагүйн учир юу вэ?

8 Зөнч Самуел, Саул хаанд дуулгаваргүй зангаасаа болж Бурхны тааллыг хүлээхээ больсныг нь хэлэхэд тэрээр Еховад «мөргөл үйлддэг» (1 Самуел 15:30, 31). Гэвч энэ нь ердөө дүр эсгэсэн хэрэг байв. Саул Бурханд дуулгавартай байхыг бус, ард олны хүндэтгэл хүлээхийг хүсэж байлаа. Хожим филистчүүд Израилийн эсрэг дайтахад Саул Еховагаас ёс төдий лавласан болжээ. Гэхдээ хариу аваагүй болохоор Ехова хориглодог гэдгийг мэдсээр байж төлөгчөөс асуусан (Дэд хууль 18:10–12; 1 Самуел 28:6, 7). Шастирын дээд 10:14-т (ШЕ) тэр хэрэг явдлыг дүгнэн, Саулын тухай: «Тэр Еховагаас лавлаагүй юм» гэж тэмдэглэжээ. Учир нь Саулын залбирал итгэлийнх биш байжээ. Тиймээс огт залбираагүйтэй адил байлаа.

9. Зедекиа Еховагаас удирдлага заавар гуйхдаа ямар алдаа гаргасан бэ?

9 Иудагийн хаант улсын мөхөл ойртох тусам хүмүүс дээрх явдлын адилаар Еховад залбирч, зөнчдөд хандах нь олширчээ. Гэхдээ тэд Еховаг шүтдэг гэх боловч хиймэл шүтээн шүтдэг байв (Зефаниа 1:4–6). Тэд Бурхнаас лавладаг дүр эсгэвч хүсэл тааллыг нь биелүүлэхэд зүрхээ бэлдээгүй ажээ. Зедекиа хаан өөрийнх нь талаар Еховагаас лавлаж өгөхийг Иеремиагаас гуйжээ. Ехова хаанд яах ёстойг нь аль хэдийнээ хэлчихсэн байлаа. Гэсэн ч хааны итгэл дутаж, хүнээс айхын эрхээр Еховагийн үгийг дуулсангүй. Тиймээс Ехова түүнд хүсэн хүлээсэн хариуг нь өгөөгүй юм (Иеремиа 21:1–12; 38:14–19).

10. Иоханан Еховагийн удирдлага зааврыг хайхдаа ямар алдаа гаргасан бэ? Түүний алдаа бидэнд ямар сургамжтай вэ?

10 Вавилоны цэргүүд Иерусалимыг устган, иудейчүүдийг олзлон авч одсоны дараа Иоханан Иудад үлдсэн цөөн тооны хүнийг Египет уруу авч явахаар зэхэж байв. Тэд замд гарахад бэлэн байсан ч явахаасаа өмнө өөрсдийнх нь төлөө залбирч, Еховагаас удирдлага заавар гуйхыг Иеремиагаас хүсжээ. Гэвч хүсэн хүлээсэн хариугаа аваагүй тэд Бурхны үгийг үл хэрэгсэн, хүссэнээ хийжээ (Иеремиа 41:16–43:7). Еховаг хайж олохын тулд яах ёстойг та эдгээр явдлаас мэдэж авсан уу?

«Үргэлж магадал»

11. Ефес 5:10-ыг яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

11 Бурханд өөрийгөө зориулснаа бэлэгдэн усаар баптисм хүртээд, цуглаанд тогтмол очиж, дэлгэрүүлэх ажилд оролцсоноор жинхэнэ христиан болчихож байгаа хэрэг биш ээ. Жинхэнэ шүтлэг амьдралын маань бүх хүрээг хамрах ёстой. Бурханд үнэнч байхад маань саад болж болзошгүй ил, далд элдэв дарамттай бид өдөр бүр тулгардаг. Эдгээрт хэрхэн хандах вэ? Элч Паул Ефес хотын үнэнч христиануудад: «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадал» хэмээн уриалжээ (Ефес 5:10, ШЕ). Ийн магадлах нь ухаалаг хэрэг болохыг Сударт бичсэн олон жишээ харуулдаг.

12. Давид гэрээний авдрыг Иерусалим уруу нүүлгэхэд Ехова таалаагүйн учир юу вэ?

12 Давид хаан Гэрээний авдрыг Израильд эргүүлэн авчраад Кириат-иеаримд олон жил байлгасны дараа Иерусалим уруу нүүлгэхийг хүсжээ. Тэгээд ард олны удирдагчидтай зөвлөлдөөд: «Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол... авдрыг өөрсдөдөө авчирцгаая» гэжээ. Гэхдээ энэ талаарх Еховагийн бодлыг нягтлан үзсэнгүй. Хэрэв тэгсэн бол авдрыг тэргэнд ачихын оронд Бурхны тодорхой заасан ёсоор Кохатын бүлийн левичүүд мөрөн дээрээ үүрч явах байв. Уг нь Давид Еховагаас тогтмол лавладаг байсан боловч энэ удаад алджээ. Тэгээд горыг нь амссан. Хожим нь Давид: «Бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй» гэдгээ хүлээжээ (Шастирын дээд 13:1–3; 15:11–13; Тооллого 4:4–6, 15; 7:1–9).

13. Гэрээний авдрыг амжилттай зөөж авч ирсний дараа дуулсан дуунд юун тухай сануулсан бэ?

13 Эцэст нь левичүүд авдрыг Обед-едомын гэрээс Иерусалимд зөөн ирэхэд Давидын зохиосон нэгэн дууг дуулжээ. Тэр дуунд: «ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун» хэмээн чин сэтгэлээсээ сануулсан байдаг (Шастирын дээд 16:11, 12).

14. Соломоны сайн жишээ болон хожим гаргасан алдаа бидэнд ямар сургамжтай вэ?

14 Давид нас эцэслэхээсээ өмнө хүү Соломондоо: «Хэрэв чи [Еховаг] хайвал Түүнийг олно» хэмээн зөвлөжээ (Шастирын дээд 28:9). Соломон, хаан ширээнд суугаад хурлын майхан байсан Гибеонд очиж, Еховад тахил өргөжээ. Тэнд Ехова Соломонд: «Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун» гэж айлдав. Ехова Соломонд хүсэлтийнх нь хариуд Израилийг шүүх мэргэн ухаан, мэдлэг, бас эд баялаг, алдар хүндийг өгчээ. (Шастирын дэд 1:3–12). Соломон Еховагийн Давидад өгсөн барилгын зураг төслийг ашиглан, гайхамшигтай сүм барьсан. Гэсэн ч хувийн амьдралдаа Еховаг хайгаагүй юм. Тэрээр Еховаг шүтдэггүй олон эмэгтэйтэй гэрлэсэн. Өтөл насанд нь тэд түүний зүрх сэтгэлийг Еховагаас урвуулжээ (Хаадын дээд 11:1–10). Их нэр хүндтэй, ухаантай, мэдлэгтэй мэт санагдаж байсан ч «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадалж» байх нь хичнээн чухал бэ!

15. Этиоп хүн Зераг дайтахаар ирэхэд Ехова Иудаг аварна гэдэгт Аса бат итгэн залбирсны учир юу вэ?

15 Ийн магадалж байхын чухлыг Соломоны жич хүү Аса хааны амьдрал улам тод харуулдаг. Асаг хаан болсноос хойш 11 жилийн дараа этиоп хүн Зера сая цэрэг дагуулан Иудагийн хаант улстай дайтахаар ирэв. Ехова Иудаг аврах болов уу? Хэрэв ард олон өөрт нь дуулгавартай байж, тушаалыг нь биелүүлбэл юунд хүрэхийг, үгүй бол юу амсахыг Ехова 500-гаад жилийн өмнө тов тодорхой хэлчихсэн байсан (Дэд хууль 28:1, 7, 15, 25). Аса хаанчлалынхаа эхэн үед нутгаа хуурамч бурхдыг шүтэхэд ашигладаг тахилын ширээ, багана зэргээс цэвэрлэж, Еховаг «хайхыг» ард олонд уриалдаг байв. Ийм аюул нүүрлэхээс өмнө ч Еховаг тийн хайдаг байсан. Тиймээс тэр хэцүү үед Аса Еховаг өөрсдийнх нь төлөө хөдөлнө гэдэгт бат итгэн залбирсан билээ. Тэгээд эцэстээ яасан бэ? Иудагийн хаант улс гарамгай ялалт байгуулсан (Шастирын дэд 14:2–12).

16, 17. а) Аса ялсан ч Ехова түүнд юу сануулсан бэ? б) Асаг мунхаг хэрэг хийхэд Ехова яаж тусалсан бэ? Гэвч тэрээр яаж хүлээн авсан бэ? в) Асагийн жишээг эргэцүүлэн бодох нь бидэнд ямар тустай вэ?

16 Гэхдээ Асаг ялалт байгуулаад харьж ирэхэд нь Ехова Азариагаар түүнийг угтуулж, «Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар [Еховатай] хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно» гэж сануулжээ (Шастирын дэд 15:2). Асагийн идэвх зүтгэл бадарч, Иудад жинхэнэ шүтлэгийг сэргээв. Гэвч хэдэн жилийн дараа дайны аюул дахин нүүрлэхэд Аса Еховаг «хайгаагүй» юм. Бурхны Үгийг ч анхаарсангүй, Этиопын армийг Иуда уруу дайрахад Еховагийн юу хийснийг ч санасангүй. Тэрээр Арамын хаантай нэгдэн, мунхаг хэрэг хийжээ (Шастирын дэд 16:1–6).

17 Үүний улмаас Ехова үзмэрч Хананигаар Асаг зэмлүүлжээ. Аса Еховагийн үзэл бодлыг мэдсэнийхээ дараа ч алдаагаа засахад оройтоогүй байлаа. Гэвч тэрээр уурлаж, Хананиг шоронд хийжээ (Шастирын дэд 16:7–10). Яасан тоогүй хэрэг вэ! Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Бурхныг эхлээд «хайдаг» ч зөвлөгөөг нь хүлээж авдаггүй явдал бидэнд байдаг уу? Биднийг ертөнцтэй орооцолдоход хурлын ахлагч санаа тавин, сэтгэл гаргаж, хайрын үүднээс Библийн зөвлөгөө өгч, «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадалж» мэдэхэд маань тусладагт бид талархдаг бил үү?

«Ехова хаана байна вэ?» гэж асуухаа бүү мартагтун

18. Елихугийн Иовд хэлсэн үг бидэнд ямар сургамжтай вэ?

18 Еховад олон жил үнэнч үйлчилсэн хүн ч зовох цагтаа алдах нь байдаг. Иов шаналгаат өвчин тусаж, үр хүүхэд, эд хөрөнгөө алдаж, найзууддаа гүтгүүлээд хар толгойгоо л боддог болсон. Елиху түүнд: «Гэвч хэн ч: „...Миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?“ гэж хэлдэггүй» хэмээн сануулжээ (Иов 35:10). Иов Еховаг анхаарч, нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг нь авч үзэх хэрэгтэй байлаа. Тэрээр сануулгыг даруухнаар хүлээн авсан нь биднийг ч бас тийм байхад үлгэр жишээ болдог.

19. Израильчууд ямар алдаа дахин дахин гаргадаг байсан бэ?

19 Бурхан өөрсөдтэй нь хэрхэн харьцдаг байсныг израильчууд мэддэг байв. Гэвч амьдралын ямар нэг чухал асуудлыг шийдэхдээ үүнийг мартах нь даанч дэндүү байв (Иеремиа 2:5, 6, 8). Тэд «Ехова хаана байна вэ?» гэж асуухын оронд зугаа цэнгэл хөөдөг байжээ (Исаиа 5:11, 12).

«Ехова хаана байна вэ?» гэж үргэлж асуугтун

20, 21. а) Өнөөдөр хэн Елишагийнх шиг сэтгэлээр Еховагийн удирдлага зааврыг хайдаг вэ? б) Тэдний итгэлийн жишээг бид хэрхэн дуурайж, юунд суралцаж болох вэ?

20 Елиаг зөнчийн үйлчлэлээ дуусгахад хамтран зүтгэгч Елиша нь түүний унагасан нөмрөгийг аваад, Иордан гол уруу очиж, ус цохин, «Елиагийн Бурхан, ЭЗЭН [«Ехова», ШЕ] хаана байна вэ?» гэж асуудаг (Хаадын дэд 2:14). Тэгэхэд нь Ехова сүнсээ Елиша дээр байгааг харуулан үүнд хариулдаг. Энэ явдлаас бид юунд суралцаж болох вэ?

21 Орчин үед дээрхтэй төстэй нэг явдал болжээ. Дэлгэрүүлэх ажлыг тэргүүлж байсан тослогдсон христиануудын зарим нь нас барж, дэлхийг орхижээ. Тэдний дараа уг ажлыг харгалзах үүрэг хүлээсэн ах нар удирдлага заавар хайн, Судрыг нягтлан үзэж, Еховад залбирдаг байсан. Тэд «Ехова хаана байна вэ?» гэж үргэлж асуудаг байв. Үүний дүнд Ехова ард түмнээ удирдан, үйл ажиллагааг нь өргөжүүлдэг. Тэгвэл бид тэдний итгэлийг дуурайдаг бил үү? (Еврей 13:7). Хэрэв тийм бол бид Еховагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, удирдлага зааврыг нь хүлээн авч, Есүс Христийн тэргүүлдэг дэлгэрүүлэх ажилд бүрэн дүүрэн оролцох ёстой гэсэн үг (Зехариа 8:23).

Та хэрхэн хариулах вэ?

• Бид «Ехова хаана байна вэ?» гэж асуухдаа ямар бодолтой байх ёстой вэ?

• «Ехова хаана байна вэ?» гэдэг асуултын хариуг өнөөдөр хаанаас авч болох вэ?

• Бурхнаас удирдлага заавар гуйн залбирахад заримдаа хариу ирдэггүйн учир юу вэ?

• «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадалах» шаардлагатайг Библийн ямар ямар жишээ харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]