Хэн жинхэнээр тайвшруулдаг вэ?
Хэн жинхэнээр тайвшруулдаг вэ?
«Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан... биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм» (2 КОРИНТ 1:3, 4).
1. Ямар ямар нөхцөл байдлын улмаас хүмүүст тайвшрал маш их хэрэгтэй болдог вэ?
ӨВЧИН тусаж эрэмдэг болсон хүнд амьдрал нь сүйрсэн мэт санагдаж болох юм. Өлсгөлөн, газар хөдлөлт, салхи шуурга хүнийг хоосруулж орхидог. Дайн дажны гайгаар хүмүүс хайртай нэгнээсээ хагацаж, орон гэргүй хоцорч, эд хөрөнгөө орхих болдог. Шударга бус явдлын улмаас хүмүүст яагаад ч тайвшрах аргагүй мэт санагддаг. Тиймэрхүү зовлонд өртсөн хүмүүст тайвшрал маш их хэрэгтэй байдаг. Тэгвэл хэн тэднийг жинхэнээр тайвшруулах вэ?
2. Еховагийн өгдөг тайвшрал ямар учраас хосгүй вэ?
2 Зарим хувь хүн, байгууллага бусдыг тайвшруулахыг хичээдэг. Сэтгэл дулаацуулам үгийг хүмүүс талархан хүлээн авдаг. Материаллаг тусламж хүний түр зуурын хэрэгцээг хангадаг. Харин жинхэнэ Бурхан Ехова л бүх хохирлыг арилгаж, дахин хэзээ ч тийм зовлон амсахгүй байхад нь хүмүүст тусалж чадна. Түүний тухай Библид: «Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм» гэж хэлжээ (2 Коринт 1:3, 4). Ехова биднийг яаж тайвшруулдаг вэ?
Бэрхшээлийн анхдагч шалтгаан
3. Бурхны өгдөг тайвшрал хүн төрөлхтний бэрхшээлийн анхдагч шалтгааныг хэрхэн хөнддөг вэ?
3 Адамын нүглийн гайгаар бүх хүн төгс бус байдлыг өвлөж, улмаар тоо томшгүй олон бэрхшээл амсдаг, үхдэг болсон (Ром 5:12). Сатан Диавол «энэ ертөнцийг захирдаг» нь байдлыг улам хүндрүүлдэг (Иохан 12:31; 1 Иохан 5:19). Ехова хүн төрөлхтний зовлонд унасныг хараад, өрөвдөөд л болчихоогүй ээ. Биднийг аврахын тулд цорын ганц Хүүгээ золиос болгохоор илгээн, хэрэв Хүүд нь итгэвэл Адамын нүглийн боолчлолоос чөлөөлнө гэж батлан хэлсэн (Иохан 3:16; 1 Иохан 4:10). Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан Есүс Христ Сатан болон түүний эд юмсын ёс бус тогтолцоог устгана гэдгийг ч бас урьдаас хэлсэн (Матай 28:18; 1 Иохан 3:8; Илчлэлт 6:2; 20:10).
4. а) Аварна гэж амласандаа бат итгүүлэхийн тулд Ехова юу өгсөн бэ? б) Хэзээ аврагдахаа ойлгоход маань Ехова яаж тусалдаг вэ?
4 Бурхан биднийг амлалтандаа улам бат итгүүлэхийн тулд урьдаас хэлсэн үг нь биелдгийн олон баталгааг хадгалан үлдээжээ (Иошуа 23:14). Тэрээр хүний нүдээр харахад ямар ч найдваргүй мэт байдалд орсон үйлчлэгчдээ аврахын тулд юу хийдэг байснаа Библид бичүүлжээ (Египетээс гарсан нь 14:4–31; Хаадын дэд 18:13–19:37). Түүнчлэн, Ехова Есүс Христээр дамжуулан «бүх төрлийн... эмгэгийг» эдгээн, тэр байтугай үхэгсдийг дахин амилуулах явдал санаа зорилгод нь багтдагийг харуулсан (Матай 9:35; 11:3–6). Энэ бүхэн хэзээ биелэх вэ? Библи үүнд хариулахдаа өнөөгийн хуучин тогтолцооны эцсийн өдрүүдийг дүрслэн бичжээ. Харин энэхүү тогтолцооны дараа Бурхан шинэ тэнгэр болон шинэ газрыг байгуулна. Есүсийн дүрсэлсэн үе бидний амьдарч буй цаг үетэй тохирдог (Матай 24:3–14; 2 Тимот 3:1–5).
Зовсон хүмүүсийг тайвшруулах нь
5. Ехова эртний израильчуудыг тайвшруулахдаа анхаарлыг нь юунд хандуулсан бэ?
5 Еховагийн эртний израильчуудтай харьцсан байдал нь тэднийг зовох цагт яаж тайвшруулж байсныг харуулдаг. Тэрээр ямар Бурхан болохоо тэдэнд сануулдаг байсан. Энэ нь Бурхны амлалтад итгэх тэдний итгэлийг бэхжүүлж байв. Еховагийн зөнчид ариун сүнсний удирдлагаар жинхэнэ, амьд Бурхан хийгээд өөрсдөдөө болон шүтэгчдэдээ тусалж чаддаггүй хуурамч бурхдын хоорондох эрс тэс ялгааг хэлсэн байдаг (Исаиа 41:10; 46:1; Иеремиа 10:2–15). Ехова Исаиад: «Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун» гэж хэлэхдээ цорын ганц, жинхэнэ Бурхан болохынх нь хувьд сүр жавхланг нь онцлон бүтээлээс нь жишээ татахыг зөнчид уриалжээ (Исаиа 40:1–31).
6. Ехова аврах цагийн талаар заримдаа ямар мэдээ дуулгадаг байсан бэ?
6 Ехова заримдаа ард түмнээ аврах цаг нь хол ойр алин байгааг тодорхой мэдэгдэн тайвшруулдаг байсан. Жишээ нь, дарлагдсан израильчуудыг Египетээс чөлөөлөх цаг нь ойртоход тэрээр: «Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 11:1). Иехошафат хааны үед гурван үндэстний нэгдсэн цэрэг Иуда уруу довтлоход Ехова иудейчүүдийн төлөө «маргааш» хөдөлнө гэдгээ хэлсэн (Шастирын дэд 20:1–4, 14–17). Нөгөө талаас, израильчууд Вавилоноос чөлөөлөгдөхийг Исаиа 200 орчим жилийн өмнө бичсэн бол Иеремиа уг үйл явдал болохоос бараг зуун жилийн өмнө бусад нарийн ширийн зүйлийг мэдэгдсэн. Аврагдах цаг нь ойртохын хэрээр эдгээр зөгнөл Бурхны үйлчлэгчдэд ямар их урам хайрлаж байсан бол оо! (Исаиа 44:26–45:3; Иеремиа 25:11–14).
7. Тайвшруулах амлалт голдуу хэнтэй холбоотой байсан бэ? Энэ нь үнэнч хүмүүст хэрхэн нөлөөлдөг байсан бэ?
7 Бурхны ард түмнийг тайвшруулдаг амлалтууд нь голдуу Мессиатай холбоотой байсныг тэмдэглэх хэрэгтэй (Исаиа 53:1–12). Энэ нь үе үеийн үнэнч хүмүүст тоо томшгүй олон сорилтыг давахад нь найдвар төрүүлдэг байжээ. Лук 2:25-д: «Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг [буюу тайвшралыг, үнэндээ бол Мессиагийн ирэхийг] хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа» гэж бичсэн байдаг. Симеон Мессиа ирэх тухай Сударт бичсэнийг мэдэж байсан бөгөөд биелэх цагийг нь хүлээдэг байжээ. Гэхдээ тэрээр энэ бүхэн яаж биелэхийг ойлгодоггүй, бас урьдаас зөгнөсөн аврал хэрхэн бодитойгоор биелэхийг нүдээрээ үзэх хувьгүй байсан ч Бурхны «аврал» хэн болохыг ойлгоод баярласан билээ (Лук 2:30).
Христээр дамжуулан тайвшруулсан нь
8. Есүсийн тусламж хүмүүсийн бодож байсантай хэр тохирч байсан бэ?
8 Есүс Христ дэлхий дээр үйлчилж байхдаа хүмүүст хэрэгтэй гэсэн болгоныг нь тэр бүр өгдөггүй байсан. Зарим хүн Ромын дарлалаас чөлөөлөх тийм Мессиаг хүлээж байжээ. Гэтэл Есүс хувьсгалт хөдөлгөөнд уриалан дуудаагүй бөгөөд «Цезарийн юмыг Цезарьт... өг» гэж хэлсэн билээ (Матай 22:21). Бурхан хүмүүсийг ямар нэг улс төрийн дэглэмээс чөлөөлөхөөс илүү агуу зүйл хийх зорилготой байв. Ард олон Есүсийг хаанаа болгохыг хүсэж байсан ч Есүс «амиа олны төлөө золиос болгон өгч» үхэх учиртайгаа тэдэнд хэлжээ (Матай 20:28; Иохан 6:15). Тэгээд ч хаан болох цаг нь болоогүй байсан бөгөөд захирах эрх мэдлийг бухимдаж цухалдсан олон түмэн биш, Ехова өгөх байлаа.
9. а) Есүс ямар мэдээгээр хүмүүсийг тайвшруулдаг байсан бэ? б) Тунхагладаг мэдээ нь хүний амьдралын өдөр тутмын асуудалд хамаатайг Есүс хэрхэн харуулсан бэ? в) Есүс дэлхий дээр үйлчлэхдээ юуны үндсийг тавьсан бэ?
9 Есүс Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээгээр хүмүүсийг тайвшруулдаг байв. Тэрээр явсан газар бүрдээ энэ мэдээг тунхагладаг байсан (Лук 4:43). Мессиа болж захирахдаа хүн төрөлхтний төлөө юу хийхээ харуулснаар тэрхүү мэдээ нь хүний амьдралын өдөр тутмын асуудалд хамаатайг онцлон тэмдэглэсэн. Зовсон хүмүүст хараа, хэл оруулж (Матай 12:22; Марк 10:51, 52), саа өвчтэй хүмүүсийг эдгээж (Марк 2:3–12), элэг нэгт израильчуудаа муухай өвчнөөс цэвэршүүлж (Лук 5:12, 13), өөр олон шаналгаат өвчнөөс ангижруулан тэдний амьдрах эрч хүчийг сэргээсэн (Марк 5:25–29). Нас барсан хүүхдийг нь дахин амилуулж, хагацал амсан гашуудаж буй хүмүүсийг тайвшруулсан (Лук 7:11–15; 8:49–56). Далайн догшин шуургыг номхруулах, олон хүнийг хоол хүнсээр хангах чадвартайгаа харуулсан (Марк 4:37–41; 8:2–9). Түүнээс гадна, Есүс хүмүүст амьдралдаа мөрдвөл зохих олон зөвлөгөө өгсөн. Тэдгээр нь хүмүүст бэрхшээлээ амжилттай давахад тусалж, Мессиагийн шударга удирдлага дор амьдрах бүрэн найдвар төрүүлж байв. Тиймээс Есүс дэлхий дээр үйлчлэхдээ өөрт нь итгэн, өөрийг нь сонссон хүмүүсийг тайвшруулсан төдийгүй дараагийн хоёр мянган жилд хүмүүсийг урамшуулах үндсийг тавьсан.
10. Есүсийн золиосны ачаар ямар ямар боломж нээгдсэн бэ?
10 Есүсийг амиа золиос болгон өгөөд тэнгэрийн амьдралд дахин амилснаас хойш 60 гаруй жилийн дараа элч Иохан Бурхны онгодоор хөтлүүлэн: «Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ» хэмээн бичжээ (1 Иохан 2:1, 2). Есүс төгс амиа золиос болгосны ачаар бид их тайвширдаг. Өөрөөр хэлбэл, Ехова нүглийг маань уучлахад бидний мөс чанар цэвэршиж, Бурхны сайшаалыг хүлээн, мөнх амьдрах найдвартай болдог (Иохан 14:6; Ром 6:23; Еврей 9:24–28; 1 Петр 3:21).
Ариун сүнс бол тайвшруулагч мөн
11. Есүс үхэхээсээ өмнө шавь нартаа, тайвшруулах өөр ямар арга хэмжээний тухай амласан бэ?
11 Есүс амиа золиос болгон үхэхээсээ өмнөх сүүлчийн үдшийг элч нартайгаа өнгөрүүлэхдээ тэнгэрийн Эцэг нь тэднийг тайвшруулах өөр нэг арга хэмжээ авсныг хэлсэн. Тэрээр: «Би Эцгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг [тайвшруулагчийг, грекээр парааклитос] өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн» гээд «Туслагч буюу... Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно» хэмээн батлан хэлжээ (Иохан 14:16, 17, 26). Ариун сүнс тэднийг чухам яаж тайвшруулсан бэ?
12. Ариун сүнс Есүсийн шавь нарт үгийг нь санахад тусалсан нь өөр олон хүнийг хэрхэн тайвшруулдаг вэ?
12 Есүс элч нартаа их өргөн хүрээтэй сургаал заасан билээ. Есүсийн ярихыг сонсоод тэдний сэтгэл олонтаа хөдөлж байсан нь гарцаагүй. Гэхдээ тэд түүний чухам юу хэлж байсныг санах болов уу? Ой ухаан нь төгс бишээс болоод олон чухал зааврыг мартчих юм биш байгаа? Ариун сүнс «түүний тэдэнд хэлсэн бүгдийг сануулах болно» гэж Есүс хэлсэн билээ. Тийм ч учраас Есүсийг үхсэнээс хойш найм орчим жилийн дараа Матай Есүсийн ууланд айлдсан сэтгэл хөдлөм номлолыг Хаанчлалын тухай олон жишээтэй нь, залран байх үеийнх нь шинж тэмдгийг нарийвчлан тэмдэглэсэн Евангелийн эхний номыг бичиж чадсан билээ. Мөн тавь гаруй жилийн дараа элч Иохан Есүсийн дэлхий дээрх амьдралын сүүлчийн хэдэн өдрийг дэлгэрэнгүй өгүүлсэн номоо бичиж чадсан. Бурхны онгодоор бичигдсэн энэ номууд өнөөдөр ч гэсэн олон хүнд хичнээн их урам хайрладаг гэж санана!
13. Ариун сүнс эртний христиануудын хувьд хэрхэн багш мэт байсан бэ?
13 Ариун сүнс шавь нарт Есүсийн үгийг сануулаад зогсохгүй тэднийг сургаж, Бурхны санаа зорилгыг бүрэн гүйцэд ойлгоход чиглүүлжээ. Есүсийн ярьж байсан зарим зүйлийг шавь нар нь тухайн үед гүйцэд ойлгодоггүй байсан. Гэвч хожим нь Иохан Петр Иаков Иуда Паул нар ариун сүнсээр хөтлүүлэн, Бурхны санаа зорилго цаашид хэрхэн өрнөхийг тайлбарлан бичжээ. Тийнхүү ариун сүнс Бурхнаар удирдуулж байгааг нь шавь нарт батлан, багш мэт байсан.
14. Ариун сүнс ямар ямар байдлаар Еховагийн ард түмэнд тусалж байсан бэ?
14 Түүнчлэн, ариун сүнсний гайхамшигтай бэлгүүд Бурхан Израиль үндэстнийг таалахаа нэгэнт болиод, христиан хурлыг таалдаг болсныг илэрхий болгосон (Еврей 2:4). Сүнсний үр жимс хүмүүсийн амьдралд илэрч байсан нь Есүсийн жинхэнэ шавь хэн байсныг тогтооход чухал үүрэгтэй байв (Иохан 13:35; Галат 5:22–24). Мөн хурлын гишүүдийг аймшиггүй, зоригтой дэлгэрүүлэхэд нь хүч өгч байсан (Үйлс 4:31).
Туйлын хэцүү нөхцөлд тусламж авсан нь
15. а) Өмнөх үеийн христианууд ямар хавчлагатай тулгарч байсан бэ? Одоо ямар ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? б) Бусдыгаа урамшуулдаг хүнд ч урам зориг хайрлах хэрэг хааяа гарч болохын учир юу вэ?
15 Еховад өөрийгөө зориулж, үнэнч байдаг бүх хүн ямар нэг хэлбэрээр мөрдлөг хавчлагад өртдөг (2 Тимот 3:12). Гэхдээ олон Гэрч туйлын хэцүү сорилтыг тэвчих шаардлагатай болж байжээ. Орчин үед ч зарим христианыг мөрдөн мөшгөж, бөөнөөр хорих лагерь, шорон гяндан, хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ангид байж тэсэхийн аргагүй нөхцөлд хорьж байна. Заримдаа эрх мэдэлтнүүд өөрсдөө идэвхтэй хавчих юм уу, эсвэл хууль журам сахидаггүй хүмүүсийн зэрлэг балмад авирлахыг зөвшөөрч, ял шийтгэл завшуулдаг. Түүнчлэн христианууд эрүүл мэнд муудах, гэр бүлийн зөрчил гэх мэтийн ноцтой бэрхшээлтэй тулгардаг. Хэцүү нөхцөлийг давахад нь итгэл нэгтнүүддээ тусалдаг төлөвшсөн христиан хүний ч урам хугарч болох юм. Хэрэв ийм юм болбол бусдыгаа урамшуулдаг хүнд ч урам зориг хайрлах хэрэг гарч мэднэ.
16. Давид туйлын хэцүү нөхцөлд байхдаа ямар тусламж авсан бэ?
16 Саул хаан Давидыг алахаар хөөцөлдөж байхад Давид Бурхныг Туслагчаа хэмээн хандаж, «Бурхан, миний залбирлыг сонсооч». «Таны жигүүрийн сүүдэрт би... хоргодно» гэж гуйсан билээ (Дуулал 54:2, 4; 57:1). Бурхан Давидад тусалсан болов уу? Тийм ээ, тусалсан. Тэр үед Ехова Давидыг удирдахын тулд зөнч Гад, тахилч Абиатар нарыг ашиглаж, мөн Саулын хөвгүүн Ионатанаар дамжуулан түүнийг зоригжуулсан (1 Самуел 22:1, 5; 23:9–13, 16–18). Түүнээс гадна Саулыг сатааруулахын тулд филистчүүдийг нутаг уруу нь гэнэт довтлохыг зөвшөөрсөн (1 Самуел 23:27, 28)
17. Туйлын хэцүү үед Есүс хаанаас тусламж хүссэн бэ?
17 Есүс Христийн дэлхий дээрх амьдралын төгсгөл их хэцүү, зовлонтой байсан. Юу хийхээс нь тэнгэрийн Эцгийнх нь нэр болон нийт хүн төрөлхтний ирээдүй шалтгаална гэдгийг тэрээр сайн ойлгож байлаа. Тэрээр шаргуу залбирч, тэр бүү хэл «зовж, шаналж байлаа». Бурхан тэр хэцүү үед нь Есүст шаардлагатай тусламж үзүүлэн, санаа тавьсан (Лук 22:41—44).
18. Харгис хавчлагад өртсөн эртний христиануудыг Бурхан яаж тайвшруулсан бэ?
18 Нэгдүгээр зууны христиан хурлыг бий болсны дараа элч нараас бусад бүх хүнийг Иерусалимаас дүрвэж явтал нь харгисаар хавчжээ. Христиануудыг эрэгтэй эмэгтэй гэлгүй гэрээс нь «чирч гаргаж» (МАБ) байв. Ехова тэднийг яаж тайвшруулсан бэ? Бурхан тэдэнд «илүү сайн мөнхийн өмч хөрөнгө» буюу тэнгэрийн үүрдийн өвийнх нь баталгааг Үгээрээ өгсөн (Еврей 10:34; Ефес 1:18–20). Тэд дэлгэрүүлэхийнхээ хэрээр Бурхны сүнс өөрсөдтэй нь хамт байгааг хараад, бас амсаж туулснаа үзээд баярлаж байв (Матай 5:11, 12; Үйлс 8:1–40).
19. Паул харгис хавчлагад өртсөн ч Бурхны өгдөг тайвшралыг хэрхэн үздэг байсан бэ?
19 Христиануудыг хайр найргүй мөрдөн хавчдаг байсан Саул буюу Паул яваандаа өөрөө ч хавчигдах болсон нь христиан болсноос тэр ажээ. Кипр арлын нэгэн шидтэн заль мэх болон худал үгээр Паулын дэлгэрүүлэх ажилд саад хийхийг оролддог. Галатад хүмүүс Паул уруу чулуу шидээд, үхсэн гэж бодоод орхидог (Үйлс 13:8–10; 14:19). Македонид түүнийг саваагаар жанчдаг (Үйлс 16:22, 23). Ефест олон түмэн өөрт нь зэрлэг харгис хандсаны дараа Паул: «Бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсан... Бид өөрсдийнхөө дотор үхлийн ялтай байсан» гэж бичсэн (2 Коринт 1:8, 9). Гэхдээ Паул чухам тэр захидалдаа энэхүү өгүүллийн 2-р догол мөрд иш татсан сэтгэл тайвшрам үгийг бичсэн юм (2 Коринт 1:3, 4).
20. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
20 Бусдыг ийн тайвшруулахад яаж хувь нэмрээ оруулах вэ? Өргөн олныг хамарсан юм уу, өөрт нь учирсан зовлонгоос болоод өнөө үед олон хүн гашуудаж, улмаар тэднийг тайвшруулах хэрэгтэй болж байна. Дараагийн өгүүллээр бид тэр хүмүүсийн аль алиныг нь хэрхэн тайвшруулж болохыг авч үзнэ.
Та санаж байна уу?
• Бурхны өгдөг тайвшрал ямар учраас хамгийн үнэтэй вэ?
• Бурхан Христээр дамжуулан яаж тайвшруулдаг вэ?
• Ариун сүнс хэрхэн тайвшруулдаг байсан бэ?
• Бурхан үйлчлэгчдээ туйлын хэцүү нөхцөлд хэрхэн тайвшруулдгийн жишээ хэлнэ үү.
[Догол мөрийн асуулт]