Skip to content

Гарчиг руу орох

Бүгдээс сайныг нь олж харагтун

Бүгдээс сайныг нь олж харагтун

Бүгдээс сайныг нь олж харагтун

«Бурхан минь, сайны төлөө намайг санаач!» (НЕХЕМИА 13:31).

1. Ехова бүгдэд яаж сайхан сэтгэлээр ханддаг вэ?

 УЙТАЙ дүнсгэр өдрүүд үргэлжилсний эцэст, сая нэг нар гарахад хүний сэтгэл тэнийж, санаа нь амардаг. Бас төөнөм халуун нар шарж, гантай хуурай байсны дараа бороо орж эхлэхэд эсвэл бүр ширүүн аадар цутгахад хүмүүс баярлаж, сэтгэл нь сэргэдэг. Хайрт Бүтээгч Еховагийн маань бий болгосон дэлхийн агаар мандлын ачаар цаг агаар ийн гайхалтайгаар хувьсан өөрчлөгддөг билээ. Есүс: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» хэмээн сургахдаа Бурхны өгөөмөр сэтгэлийг онцлон анхаарсан байдаг (Матай 5:43–45). Тийм ээ, Ехова бүгдэд сайхан сэтгэлээр ханддаг. Еховагийн үйлчлэгчид ч Бурхнаа дуурайх ёстой. Үүний тулд бусдаас сайныг нь олж харахыг хичээх учиртай.

2. а) Ехова яагаад сайхан сэтгэлээр ханддаг вэ? б) Сайхан сэтгэлийг нь хэрхэн хүлээж авч байгаа талаар Ехова юуг анхаардаг вэ?

2 Ехова сайхан сэтгэлээр ханддагийн учир юу вэ? Тэрбээр Адамыг нүгэлд эзэмдүүлсэн цагаас эхлэн хүмүүсээс сайныг нь олж харахыг үргэлж хичээсээр ирсэн (Дуулал 130:3, 4). Бурхны санаа зорилго бол дуулгавартай хүн төрөлхтөнд Диваажингийн амьдралыг дахин сэргээж өгөх явдал юм (Ефес 1:9, 10). Түүний нигүүлслийн ачаар бид амласан «үрийн» (ШЕ) тусламжтайгаар нүгэл, төгс бус байдлаасаа ангижрах найдвартай болсон билээ (Эхлэл 3:15; Ром 5:12, 15). Золиосны арга хэмжээг хүлээн авдаг хүмүүс эцэстээ төгс болох юм. Ехова биднийг аливаа зүйлд, тэр дундаа, өгөөмөр сэтгэлд нь хэрхэн ханддагийг мэдэхийн тулд одоо хүн нэг бүрийг ажиглан харж байгаа (1 Иохан 3:16). Тэрээр сайхан сэтгэлийнх нь төлөө талархлаа илэрхийлэн хийж буй бүхнийг маань анхаардаг. «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» хэмээн элч Паул бичжээ (Еврей 6:10).

3. Авч үзвэл зохих ямар асуулт гарч ирж байна вэ?

3 Тэгвэл бусдаас сайныг нь олж харахдаа Еховаг хэрхэн дуурайж болох вэ? Энэ асуултад хариулахын тулд: 1) дэлгэрүүлэх болон заах ажил; 2) гэр бүл; 3) хурал; 4) бусадтай харьцах харьцаа гэсэн амьдралын дөрвөн хүрээг авч үзье.

Дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд

4. Дэлгэрүүлэх ажилд оролцох нь ямар учраас бусдаас сайныг нь олж харж буйн илрэл бэ?

4 Есүс буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэр ямар утгатайг мэдэх гэсэн шавь нарынхаа асуултад хариулахдаа: «Талбай нь дэлхий» хэмээн тайлбарласан. Христийн орчин үеийн дагалдагчид бид үүнийг манай үйл ажиллагаанд хамаатай гэж үздэг (Матай 13:36–38; 28:19, 20). Бид дэлгэрүүлэх ажил хийж, итгэлээ бүх нийтэд тунхагладаг. Еховагийн Гэрчүүд айлаар, гудамжаар дэлгэрүүлдгээрээ алдартай байдаг нь Хаанчлалын тухай мэдээг хүлээн авах хүнийг шаргуу хайдгийн маань баталгаа юм. Үнэндээ бол: «Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэд» гэсэн зааврыг Есүс өгсөн билээ (Матай 10:11; Үйлс 17:17; 20:20).

5, 6. Бид ямар учраас айлаар дахин дахин явдаг вэ?

5 Бид айлд урилгагүй очихдоо, дэлгэрүүлдэг мэдээнд маань яаж хандаж байгааг ажигладаг. Заримдаа айлын хүн бидний яриаг сонсож байтал цаанаас хэн нэг нь: «Бид наадхыг чинь сонирхдоггүй» гэж хашгирч, яриа таслах үе байдаг. Эсэргүүцдэг, сонирхдоггүй нэг нь сонирхон хүлээж авч буй нөгөөдөө нөлөөлөхөд бидэнд хэчнээн харамсалтай байдаг гэж санана! Гэлээ ч гэсэн, бид бүх хүнээс сайныг нь олж харахыг хичээх ёстой. Үүний тулд яах хэрэгтэй вэ?

6 Дэлгэрүүлж яваад нөгөө айлдаа дахин иртэл, яриаг маань тасалсан хүнтэй өөртэй нь ярилцах боломж гарч болох юм. Түрүүчийн удаа юу болсныг санаад, бэлэн байх хэрэгтэй. Эсэргүүцэгч хүн сайн санахдаа л, Хаанчлалын тухай мэдээ сонирхсон хүнийг болиулах нь зүйтэй гэж үзсэн байх. Бидний санаа бодлын талаарх худал мэдээлэл тэр хүний үзэл бодолд нөлөөлсөн ч байж мэднэ. Гэвч энэ нь буруу ойлголтыг эвтэйхэн засаж, тэр айлд Хаанчлалын тухай сайн мэдээгээ хүргэхэд маань цөхрөх шалтгаан болдоггүй. Бид бүх хүнийг Бурхны тухай «нарийн зөв мэдлэгтэй» (ШЕ) болоход нь туслах хүсэлтэй. Хэрэв бид эсэргүүцэгч хүнд хамаг чадлаараа туслахыг хүсвэл Ехова тэр хүнийг өөртөө татаж магадгүй юм (Иохан 6:44; 1 Тимот 2:4).

7. Дэлгэрүүлэх ажилд явахдаа өөдрөг сэтгэлтэй байхад маань юу туслах вэ?

7 Есүс шавь нартаа заавар өгөхдөө гэр бүлийнхний зүгээс эсэргүүцэл тулгарах талаар ч бас дурдсан. Тэрээр: «Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг нь хадмынх нь эсрэг болгохоор ирсэн» гэж хэлсэн шүү дээ. Тэгээд цааш нь: «Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно» гэсэн байдаг (Матай 10:35, 36). Гэлээ ч, нөхцөл байдал, үзэл бодол өөрчлөгддөг. Гэнэт өвдөх, дотнын хүнээ алдах, гай зовлон тохиолдох, сэтгэл санаа хямрах гээд тоймгүй олон хүчин зүйлээс болоод дэлгэрүүлдэг мэдээнд маань хүмүүс өөрөөр хандаж эхэлдэг. Хэрэв бид сайн мэдээг хүмүүс хэзээ ч хүлээж авахгүй гэсэн гутранги бодолтой байдаг бол тэднээс сайныг нь үнэхээр олж харж байгаа хэрэг мөн үү? Дараагийн удаа тэдний гэрт баяртай очиж болохгүй нь юу билээ? Бид урьдынхаасаа шал өөр хариу сонсож болох юм шүү. Заримдаа, бидний юу ярьж байгаа төдийгүй, яаж ярьж байгаа маань хүмүүст сайн мэдээг хүлээн авахад нь сайнаар нөлөөлдөг. Дэлгэрүүлэх ажилд гарахын өмнө Еховад чин сэтгэлээсээ залбирвал өөдрөг сэтгэлтэй байж, Хаанчлалын тухай мэдээг бүх хүний зүрх сэтгэлд хүргэх нь дамжиггүй (Колоссай 4:6; 1 Тессалоник 5:17).

8. Христианууд Гэрч биш гэрийнхнээсээ сайныг нь олж харахыг хичээвэл ямар үр дүнд хүрч болох вэ?

8 Зарим хуралд нэг гэр бүлийн олон гишүүн Еховад үйлчилдэг. Тухайн айлын бага залуу гишүүд ахмад гишүүдийн шургуу занг хүндэтгэн биширч, гэр бүлийнхэнтэйгээ харьцдаг байдлыг нь хараад үзэл бодлоо өөрчилсөн нь олонтаа байдаг. Элч Петрийн зөвлөгөө нөхрөө «үггүйгээр» байлдан дагуулахад нь олон христиан эхнэрт тусалсан (1 Петр 3:1, 2, ШЕ).

Гэр бүлд

9, 10. Иаков Иосеф хоёр гэрийнхнээсээ сайныг нь хэрхэн олж хардаг байсан бэ?

9 Гэр бүлийн гишүүдийн дотно холбоо бусдын сайныг олж харах бас нэгэн боломж юм. Иаковын, хөвгүүдтэйгээ харьцаж байсан байдлаас ямар сургамж авч болохыг үзье. «Эхлэл» номын 37-р бүлгийн 3, 4-р зүйлд Иаков Иосефийг бусдаас нь илүү хайрлаж байсан тухай өгүүлдэг. Ах нар нь Иосефт атаархаж, бүр дүүгээ алахаар хуйвалддаг. Гэвч Иаков Иосеф хоёр гэр бүлийнхэндээ хэрхэн хандаж байсныг онцлон тэмдэглүүштэй. Тэр хоёр гэрийнхнээсээ сайныг нь олж хардаг байсан.

10 Иосеф өлсгөлөнд нэрвэгдсэн Египетэд хоол хүнсний асуудал хариуцан ажиллаж байхдаа ах дүү нараа хүлээн авч уулзжээ. Тэрээр өөрийгөө шууд илчлээгүй ч, тэднийг ая тухтай байлгаж, нас өндөр болсон эцэгтээ хоол хүнс аваачихад нь анхааран санаа тавьсан. Тийм ээ, Иосеф нэгэн цагт ах нарынхаа үзэн ядалтын золиос болж байсан ч, үүнийг эс тоон, тэдний сайн сайхны төлөө бүхнийг хийсэн билээ (Эхлэл 41:53–42:8; 45:23). Үүнтэй нэгэн адилаар, Иаков өдрөө хүлээн хэвтэж байхдаа бүх хүүгийнхээ ирээдүйг зөгнөн ерөөл айлтгадаг. Тэдний нэг хэсэг нь урьд хийсэн буруу явдлаасаа болж зарим онцгой эрхээ алдсан хэдий ч, бүгдээрээ Амласан газарт ногдол газраа өвлөн авсан (Эхлэл 49:3–28). Иаков дундаршгүй хайрын ямар гайхалтай жишээ үзүүлж вэ!

11, 12. а) Зөгнөлийн ямар жишээ гэр бүлийнхнээсээ сайныг нь олж харахын чухлыг онцлон тэмдэглэдэг вэ? б) Есүсийн айлдсан самуун хүүгийн тухай ёгт үлгэрт гардаг эцгийн жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

11 Ехова үнэнч бус израильчуудтай удаан хугацаагаар тэвчээртэй харьцаж байсан нь түүнийг ард түмнээсээ сайныг нь хэрхэн олж хардгийг улам сайн ойлгох боломж олгодог. Тэрээр зөнч Хосеагийн гэр бүлийн нөхцөл байдлыг ашиглаад, дундаршгүй хайраа тодорхой харуулсан. Хосеагийн эхнэр Гомер олон удаа завхайрч байжээ. Гэлээ ч Ехова Хосеад: «Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла» гэж тушаадаг (Хосеа 3:1). Яагаад тэгж тушаасан бэ? Өөрийнх нь замаас гажсан ард түмнийх нь дунд Бурхны тэвчээрт нааштай хандах хүмүүс байна гэдгийг Ехова мэдэж байсан. «Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно» хэмээн Хосеа зарлан тунхаглажээ (Хосеа 3:5). Энэ бол гэр бүлийн олон янзын бэрхшээлтэй тулгарахад эргэцүүлж бодууштай үнэхээр сайхан жишээ гарцаагүй мөн. Та гэр бүлийнхээ гишүүдээс сайныг нь олж харахыг үргэлж хичээвэл, наад зах нь, тэвчээрийн сайхан жишээ үзүүлнэ.

12 Есүсийн айлдсан самуун хүүгийн тухай ёгт үлгэр гэр бүлийнхнээсээ сайныг нь яаж олж харахыг илүү сайн ойлгоход тусалдаг. Бага хүү нь самуун амьдралаа орхиод гэртээ буцаж ирэхэд аав нь хүүдээ өршөөнгүй ханддаг. Харин гэрээ хэзээ ч орхин явж байгаагүй том хүүгээ гомдоллоход эцэг нь хэрхэн хүлээж авсан бэ? «Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ» гэж хэлжээ. Энэ бол эгдүүцэн зэвүүцсэн үг биш, эцгийн хайрын баталгаа байлаа. Тэгээд цааш нь: «Чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой» гэж хэлсэн. Бид ч бас үүнтэй адил, бусад хүнээс сайныг нь үргэлж олж харж болно (Лук 15:11–32).

Христиан хуралд

13, 14. Хурлын дотор хайрын «хаан хуулийг» сахих нэг арга юу вэ?

13 Христианууд бид хайрын «хаан хуулийг» сахихыг хичээдэг (Иаков 2:1–9). Мэдээж, бид хурлынхаа даржин амьдралтай гишүүдийг голдоггүй. Гэхдээ бие биеэ яс үндэс, соёл, тэр байтугай, өмнө нь ямар шашин шүтдэг байснаар нь «ялгаварладаг» юм биш биз? Хэрэв тэгдэг бол Иаковын зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

14 Бид цуглаанд хүрэлцэн ирж буй бүх хүнийг найр тавин угтаж, элэгсэг сэтгэлээ харуулдаг. Хаанчлалын танхимд шинээр ирсэн ямар ч хүн эхлээд сандарч, биеэ барьдаг. Гэхдээ бид өөрсдөө санаачилга гаргаад тэдэнтэй ярилцвал тайвширч, биеэ барихаа больж мэднэ. Үнэхээр ч, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд анх удаа ирсэн зарим хүн: «Бүгдээрээ их нөхөрсөг. Яг л, намайг аль эртнээс мэддэг юм шиг. Би гэртээ байгаа юм шиг л байсан» гэж ярьдаг.

15. Хурлынхаа хүүхэд залууст настай хүмүүсийг сонирхож анхаарахад нь хэрхэн тусалж болох вэ?

15 Зарим хурлын хүүхэд залуус цуглааны дараа настай хүмүүсээс дөлж, зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ ярилцдаг. Тэгвэл энэ байдлыг яаж эвтэйхэн зохицуулах вэ? Эхний алхам бол эцэг эх нь хүүхдүүдээ гэртээ байхад нь цуглаанд бэлдүүлж сургах ёстой нь ойлгомжтой (Сургаалт үгс 22:6). Хүн бүрийг цуглаан дээр хэрэг болох гарын авлагатай байлгахын тулд, шаардлагатай хэвлэл цуглуулж бэлдэх даалгаврыг хүүхдэдээ өгч болно. Түүнчлэн, хүүхдүүдийг Хаанчлалын танхимд ирсэн хөгшин настай, өвчтэй хүмүүстэй санаа бодлоо хуваалцдаг болгоход эцэг эхчүүд гол үүрэгтэй. Хүүхдүүд тийм хүмүүстэй буурь суурьтай яриа өрнүүлбэл сэтгэл хангалуун болдог.

16, 17. Томчууд хурлынхаа хүүхэд залуусаас сайныг нь хэрхэн олж харж болох вэ?

16 Настай Гэрчүүд ч хурлынхаа хүүхэд залууст халамж анхаарал тавьдаг байх ёстой (Филиппой 2:4). Өөрсдөө тэдэнтэй ярилцах санаачилга гарган, тэднийг урамшуулан дэмжих байдлаар ярьж болно. Ер нь цуглаан дээр зарим чухал санааг онцлон тэмдэглэдэг. Тийм учраас хүүхдүүдээс цуглаан сайхан санагдсан эсэх, тэр чухал санаануудаас ямрыг нь илүү сайн ойлгосон, юуг нь хэрэгжүүлж чадахыг асууж болно. Хурлын салшгүй хэсэг болсон хүүхэд залуусыг цуглаан дээр анхааралтай байж, хариу өгснийх нь төлөө юм уу, эсвэл хөтөлбөрт ямар нэг байдлаар оролцсоных нь төлөө магтан сайшаах хэрэгтэй. Хүүхдүүд хурлынхаа настай хүмүүстэй хэрхэн хамтран ажиллаж, гэрийн ажлаа яаж хийж байгаагаас цаашдын амьдралдаа илүү чухал үүргийг сайн гүйцэтгэж чадах эсэх нь харагддаг (Лук 16:10).

17 Зарим хөвгүүнд тодорхой үүрэг хүлээлгэхэд, илүү чухал даалгавар биелүүлж чадах хэмжээнд хүртлээ сүнслэгээр өсдөг. Тэрчлэн, ажил ихтэй байвал мунхаг хэрэг хийх зав гардаггүй (2 Тимот 2:22). Тийнхүү үүрэг өгснөөр, туслах үйлчлэгч болохыг эрмэлздэг Гэрч хөвгүүд «шалгагддаг» (1 Тимот 3:10). Хөвгүүд цуглаан болон дэлгэрүүлэх ажилд хэр идэвхтэй оролцдог хийгээд хурлын бүх гишүүнд хэрхэн санаа тавьдаг зэрэг нь ахлагчдад тэдний чадварыг үнэлж, нэмэлт үүрэг даалгавар өгч болох эсэхийг тогтоох боломж олгодог.

Бүгдээс сайныг нь олж харах нь

18. Ахлагчид хурлын асуудлыг шийдвэрлэхдээ ямар аюулаас зайлсхийх хэрэгтэй вэ? Яагаад?

18 «Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш» гэж Сургаалт үгс 24:23-т байдаг. Бурхны мэргэн ухаан ахлагчдаас хурлын асуудлыг шийдвэрлэхдээ нүүр тал харахаас зайлсхийхийг шаарддаг. Иаков: «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж» гэжээ (Иаков 3:17). Бусдаас сайныг нь олж харахыг хичээдэг ахлагчид хувийн харьцаа юм уу, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж болохгүй нь тодорхой. Дуулалч Асаф: «Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг. Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, хорон муу хүнд тал засна вэ?» хэмээн бичжээ (Дуулал 82:1, 2). Иймээс христиан ахлагчид найз нөхөд, хамаатан садантай нь холбоотой асуудал шийдэхдээ нүүр тал харахаас зайлсхийдэг. Ийнхүү тэд хурлын эв нэгдлийг хадгалдаг бөгөөд Еховагийн сүнсэнд чөлөөтэй үйлчлэх боломж олгодог (1 Тессалоник 5:23).

19. Бусдаас сайныг нь яаж олж харах вэ?

19 Итгэл нэгтнүүдээсээ сайныг нь олж харахыг хичээвэл Паулынх шиг сэтгэлгээтэй болно. Паул Тессалоникийн хуралд: «Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий» гэж бичжээ (2 Тессалоник 3:4). Хэрэв бид бусдаас сайныг нь олж хардаг бол тэдний дутагдлыг анзаарах нь багасна. Бид итгэл нэгтнүүдээсээ сайныг нь олж харахыг хичээхдээ, мэдээж, шүүмжлэх сэтгэлгээнээс зайлсхийдэг. Паул: «Итгэмжит [«үнэнч», ШЕ] байхыг нярвуудаас шаарддаг» гэж бичжээ (1 Коринт 4:2). Зөвхөн «нярвууд» буюу хурлын асуудлыг удирдан зохицуулах үүрэгтэй ах нар төдийгүй хурлын бүх ах эгчийн маань үнэнч байдал бидний хайрыг татдаг. Ийнхүү христиан анд нөхдийн холбоо батжиж, бие биедээ улам ойртдог. Паул итгэл нэгтнүүдээ хэрхэн үздэг байсан шиг бид ч мөн тийн үздэг. Тэд бол «Бурхны хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид» бөгөөд бидэнд «түшиг тулгуур» болдог (Колоссай 4:11, ШЕ). Бид ингэж Еховагийн үзэл бодлыг илэрхийлдэг.

20. Ехова бүгдээс сайныг нь олж харахыг хичээдэг хүмүүсийг хэрхэн ивээх вэ?

20 Бид Нехемиа шиг: «Бурхан минь, сайны төлөө намайг санаач» гэж залбирдаг (Нехемиа 13:31). Ехова хүмүүсээс сайныг нь олж хардаг нь хэчнээн баярлам бэ! (Хаадын дээд 14:13). Бид ч бас бусдад тэгж хандаж байх хэрэгтэй. Тэгсэн цагт, аврагдаж, тун удахгүй ирэх шинэ ертөнцөд мөнх амьдарна (Дуулал 130:3–8).

Та юу гэж хариулах вэ?

Ехова бүгдэд сайхан сэтгэлээр ханддагийн учир юу вэ?

Бид дэлгэрүүлэх болон заах ажилдаа...

гэр бүлдээ...

хуралдаа...

бүх хүнтэй харьцахдаа яаж сайныг нь олж харж болох вэ?

[Догол мөрийн асуулт]