«Бүү айж, бүү зүрх алдагтун»
«Бүү айж, бүү зүрх алдагтун»
«Бүү айж, бүү зүрх алдагтун. ...ЭЗЭН та нартай хамт байна» (ШАСТИРЫН ДЭД 20:17).
1. Терроризм хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэдний айдас яагаад үндэстэй вэ?
ТЕРРОРИЗМ! Энэ үгийг дуулмагцаа хүн ямар ч хамгаалалтгүй бөгөөд арчаагүй гэдгээ мэдэрч, зүрхэнд нь айдас хурж, уй гашуу, уур хилэн зэрэгцэн бий болдог. Хүн төрөлхтөн ирээдүйд удаан хугацаагаар гамшигт нэрвэгдэнэ гэж олон хүн айдаг. Чухам тэр айдсыг терроризм гэдэг үг тодорхойлдог мэт. Зарим улс терроризмын янз бүрийн хэлбэрийн эсрэг олон арван жилийн турш тэмцэж байгаа боловч түүнийг бүрмөсөн арилгаж чадахгүй байгаа нь тийм айдас үндэстэй болохыг батлан харуулж байна.
2. Еховагийн Гэрчүүд терроризмын асуудалд хэрхэн ханддаг вэ? Үүнтэй уялдан ямар ямар асуулт гарч ирдэг вэ?
2 Тэглээ ч гэсэн бидний хувьд сайхан ирээдүй ирнэ гэж найдах бодитой үндэс бий. Дэлхийн 234 улс орон, нутаг дэвсгэрт дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй явуулж байгаа Еховагийн Гэрчүүд бол ер бусын өөдрөг сэтгэлтэй хүмүүс юм. Тэд терроризмыг үүрд байх юм хэмээн айдаггүй, харин тун удахгүй устана гэдэгт итгэдэг. Тийм өөдрөг сэтгэлтэй байх бодитой үндэс бий юү? Ертөнцийг энэ зовлон гамшгаас хэн, хэрхэн ангижруулах вэ? Бидний хэн нь ч хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж болох учраас Гэрчүүдийн өөдрөг сэтгэл ямар үндэстэй болохыг авч үзэх нь зүйд нийцнэ.
3. Айх ямар ямар шалтгаан байдаг вэ? Өнөөгийн цаг үеийн талаар элч Паул юу гэж зөгнөсөн бэ?
3 Хүмүүс өнөөдөр янз бүрийн шалтгаанаар айдаст автаж, зүрх алддаг. Өндөр настай болсноосоо болоод арчаагаа алдагсад, эдгэршгүй өвчин туссаны улмаас тамир нь барагдаад хэвтэж байгаа хүмүүс болон амьдралаа дөнгөн данган залгуулж байгаа айл гэр хэд байгааг бодоод үзэгтүн. Үнэндээ, амьдралд юу тохиолдохыг урьдаас тааж хэлэх аргагүй! Золгүй явдал, осол гамшгийн улмаас хайртай хүмүүсийг маань авч одох гэнэтийн үхэл алхам тутамд маань отож байдаг гэлтэй. Тийм айдас хийгээд түгшүүр, хүмүүсийн хоорондын зөрчил, урам хугарсан байдал зэрэг нь өнөөгийн энэ цаг үе, элч Паулын: «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, ...үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид... [болох болно]» хэмээн тодорхойлсонтой яг тохирч байгааг илтгэнэ (2 Тимот 3:1–3).
4. 2 Тимот 3:1–3-т нөхцөл байдлыг хараар зурсан ч гэсэн ирээдүйдээ итгэлтэй байх ямар үндэс уг зөгнөлд байдаг вэ?
4 Хэдийгээр Судрын энэ хэсэг нөхцөл байдлыг хараар дүрсэлдэг ч найдвар төрүүлдэг. «Хэцүү цаг» нь Сатаны, эд юмсын өнөөгийн тогтолцооны «эцсийн өдрүүдтэй» холбоотой байх юм гэдгийг анхаараарай. Энэ нь удахгүй бүх юм өөрчлөгдөнө, өөрөөр хэлбэл, энэхүү ёс бус ертөнцийн оронд Бурхны төгс Хаанчлалын засаг тогтоно гэсэн үг юм. Есүс дагалдагчдадаа үүний төлөө залбирч байхыг зөвлөсөн билээ (Матай 6:9, 10). Энэ Хаанчлал бол Бурхны тэнгэрийн засгийн газар бөгөөд зөнч Даниелын хэлснээр «хэзээ ч устахгүй» ба «[хүний] бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх» юм (Даниел 2:44).
Терроризм ба төвийг сахих христиан байр суурь
5. Олон улс орон терроризмийн аюул заналд саяхнаас хэрхэн ханддаг болсон бэ?
5 Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд терроризм олон мянган хүний амийг авч одсон. 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йорк болон Вашингтон хотод болсон довтолгооны дараа терроризмын аюул аль хэр ноцтой болсныг дэлхий даяар ойлгодог болов. Терроризм хүчээ авч, дэлхий нийтийг хамарсан шинжтэй болж байгааг харгалзан олон улс орон түүний эсрэг тэмцэлд даруй нэгдсэн. Тухайлбал, мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр 2001 оны 12-р сарын 4-нд, үйл ажиллагааг нь зохицуулах «төлөвлөгөөг Европ, Хойт Америк болон Төв Азийн 55 орны гадаад хэргийн сайд нар санал нэгтэй баталжээ». АНУ-ын өндөр албаны нэгэн түшмэл уг үйл явдлыг терроризмын эсрэг тэмцэл «шинэ түвшинд» хүрлээ хэмээн сайшаан тэмдэглэсэн байна. «Нью-Йорк таймс мэгэзин» сэтгүүлд «түүхэн тэмцлийн эхэн» хэмээн бичсэн тэр үйл ажиллагаанд нэг мэдэхнээ олон зуун сая хүн татагдан орсон байлаа. Энэ тэмцэл аль хир үр дүнтэй болохыг цаг хугацаа харуулна. Ямартай ч, терроризмын эсрэг дайн олон хүнд айдас хийгээд түгшүүр төрүүлдэг. Харин Еховад найддаг хүмүүсийн тухайд тийм биш ээ.
6. а) Зарим хүн Еховагийн Гэрчүүдийн төвийг сахих христиан байр суурийг хүлээн зөвшөөрч чаддаггүйн учир юу вэ? б) Улс төрийн асуудалд хэрхэн хандах талаар Есүс дагалдагчдадаа ямар жишээ үзүүлсэн бэ?
6 Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудалд төвийг сахих байр суурь баримталдгаараа алдартай. Тайван цагт хүмүүсийн ихэнх нь тийм байр суурийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг ч нөхцөл байдал хүндрэхэд тэвчээр нь барагддаг. Дайны улмаас бий болсон айдас хүйдэс болон замбараагүй байдал хүмүүст үндсэрхэг үзлийг хүчтэй төрүүлэх нь олонтаа байдаг. Үүний улмаас зарим хүн нийт үндэстний төлөө хөдөлгөөнийг дэмжихгүй байгаа хүмүүсийг эс ойлгодог. Тэгсэн хэдий ч, жинхэнэ христианууд Есүсийн «ертөнцийнх биш» бай гэсэн тушаалд захирагдах ёстой гэдгээ мэддэг (Иохан 15:19; 17:14–16; 18:36; Иаков 4:4). Ингэхийн тулд улс төр, нийгмийн асуудалд төвийг сахих байр суурь баримтлах шаардлагатай. Энэ талаар зохих жишээг Есүс өөрийн биеэр үзүүлсэн билээ. Төгс мэргэн ухаан, хосгүй чадварыг нь тооцон үзэх аваас тэрбээр тухайн үеийнхээ нийгмийн байдлыг эрс сайжруулж чадах байсан. Гэвч, Есүс улс төрийн асуудалд хутгалдаагүй юм. Есүс дэлхий дэх үйлчлэлийнхээ эхэнд ертөнцийн бүх хаанчлалыг захир гэсэн Сатаны саналаас эрс татгалзсан. Хожим өөрийг нь улс төрийн алба хашуулах гэсэн саналыг огт хүлээж аваагүй (Матай 4:8–10; Иохан 6:14, 15).
7, 8. а) Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар төвийг сахих байр суурь баримталдаг нь юу гэсэн үг вэ? Яагаад? б) Төр засгийн эсрэг хүч хэрэглэсэн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Ром 13:1, 2-т хэрхэн тушаадаг вэ?
7 Еховагийн Гэрчүүд төвийг сахих байр суурь баримталдаг нь хүчирхийллийг дэмждэг, эсвэл хурууныхаа завсраар хараад өнгөрөөдөг гэсэн хэрэг биш юм. Хэрэв тиймсэн бол өөрсдийгөө «хайрын ба амар тайвны Бурхны» үйлчлэгчид гэж хэлдэгтэй нь зөрчилдөх болно (2 Коринт 13:11). Хүчирхийллийг Ехова хэрхэн үздэгийг тэд мэддэг. Дуулалч: «ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ» хэмээн бичжээ (Дуулал 11:5). Тэрчлэн, тэд элч Петрт: «Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэж хэлсэн Есүсийн үгийг мэддэг (Матай 26:52).
8 Хуурамч христианууд цаг үргэлж «илд агсаж» байсныг түүх хөдөлгөөнгүй баталдаг ч Еховагийн Гэрчүүд хэзээ ч тийм юм хийж байгаагүй. Тэд тиймэрхүү аливаа үйлдлийг цээрлэдэг. Гэрчүүд Ром 13:1, 2-т: «Дээд эрх мэдлүүдэд [төр засгийн удирдагчдад] хүн бүхэн захирагд. Учир нь Бурхнаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурхны тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно» хэмээн тушаасныг үнэнчээр сахин биелүүлдэг.
9. Еховагийн Гэрчүүд ямар хоёр аргаар терроризмтой тэмцдэг вэ?
9 Гэвч, терроризм нэгэнт тийм хортой юм бол түүнтэй тэмцэхэд Еховагийн Гэрчүүд туслах ёсгүй гэж үү? Яалаа гэж! Тэд терроризмын эсрэг тэмцдэг. Нэгдүгээрт: Өөрсдөө терроризмын үйл хэрэгт ямар ч байдлаар оролцдоггүй. Хоёрдугаарт: Хүмүүсийг христиан зарчимд сургадаг бөгөөд ингэснээр хүмүүс хүчирхийллийн аливаа хэлбэрээс бүрмөсөн татгалздаг болдог. * Өнгөрсөн жил Гэрчүүд тийм христиан амьдралын хэв маягт суралцахад нь хүмүүст тусалж, 1 202 381 302 цаг зарцуулжээ. Үүний үр дүнд 265 469 хүн хүчирхийллээс эрс татгалзаж байгаагаа нийтийн өмнө илэрхийлэн, баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон нь дээрх цаг дэмий өнгөрөөгүйг харуулж байна.
10. Өнөөгийн ертөнцөд хүчирхийллийг ялан дийлэх магадлал аль хир вэ?
10 Түүнээс гадна, Еховагийн Гэрчүүд ертөнцийг ёс бусаас өөрсдийн хүчээр салгаж чадахгүй гэдгээ ойлгодог. Тийм учраас тэд үүнийг хийж чадах Ехова Бурханд л бүрэн дүүрэн найддаг (Дуулал 83:18, ШЕ). Хүмүүс хичнээн чармайгаад ч хүчирхийллийг арилгаж чадахгүй. Библийн нэгэн бичээч онгодоор хөтлүүлэн, бидний амьдарч байгаа цаг үе буюу «эцсийн өдрүүдийн» тухай бичихдээ: «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» хэмээн урьдчилан сануулжээ (2 Тимот 3:1, 13). Энэ үүднээс аваад үзвэл хүмүүст ёс бус байдлыг ялан дийлэх магадлал бараг байхгүй гэж хэлж болно. Нөгөө талаас, Ехова хүчирхийллийг бүрмөсөн, үүрд устгана гэдэгт найдах бүрэн үндэс бий (Дуулал 37:1, 2, 9–11; Сургаалт үгс 24:19, 20; Исаиа 60:18).
Айсуй довтолгооноос айдаггүй хүмүүс
11. Хүчирхийллийг үндсээр нь устгахын тулд Ехова аль хэдийн ямар арга хэмжээ авсан бэ?
11 Амар тайвны Бурхан хүчирхийллийг үзэн яддаг болохоор түүний үндсэн шалтгаан болсон Сатан Диаволыг устгах арга хэмжээ авсан учрыг нь ойлгоход түвэггүй ээ. Чухамдаа, Ехова Сатанд тэргүүн тэнгэр элч Михаел буюу саяхан сэнтийдээ заларсан Хаан Есүс Христийн гараар хэдийнээ сүйрлийн цохилт өгсөн билээ. Энэ үйл явдлыг Библид: «Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элчүүд луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элчүүд тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элчүүд нь ч доош хаягдав» хэмээн дүрслэн бичжээ (Илчлэлт 12:7–9).
12, 13. а) 1914 он юугаараа онцлог вэ? б) Езекиелийн зөгнөл Бурхны Хаанчлалыг дэмжигчдийн тухайд юуг урьдчилан хэлсэн бэ?
12 Библийн он дараалал болон ертөнцийн тавцанд болсон үйл явдлууд тэнгэрт болсон тэр дайн чухам 1914 онд болсныг баталдаг. Тэр цагаас хойш ертөнцийн байдал улам муудсан. Яагаад гэдгийг Илчлэлт 12:12-т: «Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» хэмээн тайлбарлажээ.
13 Диаволын уур хилэн юуны түрүүнд Бурхны тослогдсон үйлчлэгчид болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинуудын» эсрэг чиглэдэг нь ойлгомжтой (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 12:17). Энэ эсэргүүцэл тун удахгүй, Бурхны тогтоосон Хаанчлалыг дэмждэг болон түүнд найддаг бүх хүн уруу Диаволын хийх улайрсан довтолгоогоор оргилдоо хүрнэ. Энэхүү шийдвэрлэх довтолгоог «Езекиел» номын 38-р бүлэгт «Магогийн газрын... Гогийн» довтолгоогоор дүрслэн бичсэн байдаг.
14. Еховагийн Гэрчүүд ямар хамгаалалт авдаг байсан бэ? Цаашид дандаа тийм байх уу?
14 Сатаныг тэнгэрээс хөөсөн тэр цагаас хойш Бурхны ард түмэн заримдаа улс төрийн зарим элементийн тусламжтайгаар Диаволын довтолгооноос хамгаалагддаг байсан. Үүнийг Илчлэлт 12:15, 16-д бэлэгдлийн утгаар бичсэн байдаг. Харин, Сатаны эцсийн довтолгооны үеэр Еховад найддаг хүмүүст туслах хүмүүний нэг ч байгууллага байхгүй гэдгийг Библи хэлдэг. Үүнээс болоод христианууд айж, зүрх алддаг уу? Огт үгүй!
15, 16. а) Иехошафатын үед ард түмэндээ хэлсэн Еховагийн үг өнөөгийн христиануудад өөдрөг сэтгэлтэй байхад нь хэрхэн нөлөөлдөг вэ? б) Иехошафат болон тэр үеийн ард түмэн Бурхны өнөөгийн үйлчлэгчдэд ямар үлгэр болдог вэ?
15 Бурхан ард түмэндээ Иехошафат хааны үед тусалж байсан шигээ тусална. Шастирын дэд 20:15–17-д: «Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа: „Энэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурхных юм. [...] Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан зогсоож [«байраа эзлэн зогсоод», ШЕ], та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун“ гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна“ хэмээв» гэж байдаг.
16 Иудейчүүдийг тулалдах хэрэггүй гэж хэлжээ. Тэрчлэн, Магогийн Гог довтлоход Бурхны ард түмэн өөрсдийгөө хамгаалах гэж гартаа зэвсэг барих шаардлагагүй ажээ. Харин тэд «зогсоод, [өөрсдийнх нь] өмнөөс Еховагийн аврахыг харах» болно. Зогсох гэдэг нь огт юу ч хийхгүй байна гэсэн үг биш нь ойлгомжтой. Учир нь Иехошафатын үед Бурхны ард түмэн тийн зогсоогүй билээ. Шастирын дэд 20:18–21-д: «Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугч ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв. [...] Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван, „ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе“ гэж дуулж байлаа» гэж байдаг. Тийм ээ, Бурхны ард түмэн дайсны довтолгоотой улаан нүүрээрээ тулгарсан ч Еховаг цөхрөлтгүй магтсаар л байжээ. Энэ бол Гогийг өөрсдийнх нь эсрэг довтолгоогоо эхлэхэд Еховагийн Гэрчүүдийн мөрдөн дагах үлгэр юм.
17, 18. а) Өнөөдөр Еховагийн Гэрчүүд Гогийн довтолгооны тухайд зоригтой сэтгэлгээ хэрхэн илэрхийлдэг вэ? б) Саяхан залуу христиануудад ямар сануулга өгсөн бэ?
17 Гогийн довтолгоо эхлэх хүртэл, мөн эхэлсний дараа ч гэсэн Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг дэмжсээр байх болно. Тэд дэлхий дахины 94 600 гаруй хуралтай харьцсанаар цаашид ч хүч авч, тэдгээр хурлын дотор хамгаалагдана (Исаиа 26:20). Үнэндээ, эдүгээ цаг бол Еховаг зоригтойгоор алдаршуулах чухам тэр цаг мөн! Еховагийн Гэрчүүд ойртон айсуй Гогийн довтолгоог хүлээхдээ айдаст автан, ухардаггүй нь эргэлзээгүй. Харин ч магтаалын тахилыг боломжийнхоо хирээр илүү ихээр өргөх зориг шулууддаг (Дуулал 146:2).
18 Тийм зоригтой сэтгэлгээ дэлхий даяар бүрэн цагийн үйлчлэл эхэлсэн олон мянган хөвгүүд охидын жишээнээс тод харагддаг. 2002 оны мужийн чуулган дээр амьдралын тийм зам сонгохын давуу талыг онцлон тэмдэглэсэн, «Залуус аа, та нар амьдралаа юунд зориулна вэ?» нэртэй танилцуулга гарсныг зарласан билээ. Христианууд, хөгшин залуугүй бүгд, цаг үеэ олсон тийм «сануулгууд» (ШЕ) өгснийх нь төлөө талархдаг (Дуулал 119:14, 24, 99, 119, 129, 146).
19, 20. а) Христианууд айж, зүрх алдах хэрэггүйн учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр бид юу мэдэх вэ?
19 Ертөнцийн нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн христианууд айж, зүрх алдах хэрэггүй. Хүчирхийллийн бүхий л хэлбэрийг Еховагийн Хаанчлал удахгүй эгнэгт устгана гэдгийг тэд мэддэг. Тэрчлэн, хүчирхийллийн харгайгаар мөнх бусыг үзсэн олон хүн дахин амилна гэдгийг мэдээд тайвширдаг. Дахин амилсны дараа зарим хүн Еховаг анх удаагаа таньж мэдэх, харин зарим нь түүнд үнэнчээр үйлчлэх ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно (Үйлс 24:15).
20 Жинхэнэ христианууд бид төвийг сахих христиан байр суурь баримтлахын чухлыг ойлгодог бөгөөд тийн сахих шийдвэр төгс байдаг. Бид «зогсоод, Еховагийн аврахыг харах» тэр гайхамшигтай цаг хүртэл амьд байхыг хүсдэг. Өнөөгийн үйл явдлууд Библийн зөгнөл биелж байгааг нарийвчлан мэдэх боломж хэрхэн олгож байгааг өгүүлэх дараагийн өгүүлэл бидний итгэлийг улам бэхжүүлэх болно.
[Зүүлт]
^ Еховагийн Гэрч болохын тулд хүчирхийлэх үйл хэргээс татгалзсан хүмүүсийн жишээг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1990 оны 3-р сарын 22-ны дугаарын 21-р хуудас, 1991 оны 8-р сарын 8-ны дугаарын 18-р хуудас; тэрчлэн «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1996 оны 1-р сарын 1-ний дугаарын 5-р хуудас, 1998 оны 8-р сарын 1-ний дугаарын 5-р хуудаснаас тус тус үзнэ үү (бүгд англи хэлээр).
Та тайлбарлаж чадах уу?
• Өнөөдөр олон хүн гуртанги үзэлтэй байдгийн учир юу вэ?
• Еховагийн Гэрчүүд ирээдүйгээ ямар учраас өөдрөг сэтгэлээр хардаг вэ?
• Бүхий л хүчирхийллийн шалтгааны тухайд Ехова хэдийнээ ямар арга хэмжээ авсан бэ?
• Бид Гогийн довтолгооноос айх хэрэггүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]