Зогсоод, Еховагийн аврахыг харагтун!
Зогсоод, Еховагийн аврахыг харагтун!
«Байраа эзлэн зогсоод, өөрсдийн чинь өмнөөс Еховагийн аврахыг харагтун» (ШАСТИРЫН ДЭД 20:17, ШЕ).
1, 2. Удахгүй болох «Магогийн газрын Гог»-ийн довтолгоо олон улсын терроризмын аюулаас илүү ноцтой гэдэг нь ямар учиртай вэ?
ТЕРРОРИЗМЫГ дэлхий нийтийн эсрэг, түүгээр ч зогсохгүй, соёл иргэншлийн эсрэг довтолсон хэрэг гэж зарим хүн тодорхойлдог. Тийм заналхийлэлд хөнгөн хандаж болохгүй нь ойлгомжтой. Гэтэл, дэлхий нийт бага анхаардаг, эсвэл бүр огт анхаардаггүй, илүү ноцтой өөр нэгэн довтолгоо байдаг. Ямар довтолгоо вэ?
2 Энэ бол «Езекиел номын» 38-р бүлэгт өгүүлдэг «Магогийн газрын Гог»-ийн довтолгоо юм. Үүнийг олон улсын терроризмын аюулаас илүү ноцтой гэж хэлэх нь хэтрүүлсэн болох биш үү? Огтхон ч үгүй. Учир нь Гог хүний засгийн газрууд уруу бус, харин Бурхны тэнгэрийн засгийн газар уруу довтолдог! Гэхдээ Бүтээгч маань Гогийн хилэнт довтолгоог бүрэн зогсоож чаддагаараа нийгмийн тогтолцоогоо бүрэн хамгаалж чадахгүй хүн төрөлхтнөөс ялгаатай.
Бурхны засгийн газар уруу довтлохуй
3. 1914 оноос хойш ертөнцийн удирдагчдад юу санал болгосон бэ? Тэд уг саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
3 1914 онд тэнгэрт Бурхны Хаанчлал тогтсоноос хойш Еховагийн томилсон, одоо захирч байгаа Хаан болон Сатаны ёс бус тогтолцоо хоёрын хоорондох тэмцэл үргэлжилсээр байна. Тэр үед Бурхны сонгосон Удирдагчид захирагдахыг хүмүүний удирдагчдад санал болгосон билээ. Гэвч тэд «Газар дэлхийн хаад бат зогсож, удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгнийг эсэргүүцэн, „Бид тэдний гинжийг тасалж, хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!“ гэж хэлэв» хэмээн зөгнөснөөр татгалзсан юм (Дуулал 2:1–3). Хаанчлалын засаглалыг эсэргүүцэх оргил цэг нь Магогийн Гогийн довтолгоо болох болно.
4, 5. Хүмүүс яавал Бурхны үл үзэгдэх, тэнгэрийн засгийн газартай тэмцсэн болох вэ?
4 «Хүмүүс үл үзэгдэх, тэнгэрийн засгийн газартай яаж тэмцдэг юм бол оо?» гэж гайхах сэтгэл төрж болох юм. Энэ засгийн газар «Хурга» Есүс Христ болон «дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүн»-ээс бүрддэг гэдгийг Библид илчилсэн байдаг (Илчлэлт 14:1, 3; Иохан 1:29). Энэ шинэ засгийн газрыг тэнгэрт байдаг болохоор нь «шинэ тэнгэр» гэдэг бөгөөд дэлхий дээрх албатуудыг нь «шинэ газар» гэж нэрлэсэн нь зүйн хэрэг билээ (Исаиа 65:17; 2 Петр 3:13). Христтэй хамт захирах 144 000 хүний ихэнх нь үнэнч хэвээрээ байсаар, дэлхийн замаа хэдийнээ дуусгасан. Ингэснээрээ тэд тэнгэрт үйлчлэх шинэ үүрэг хүлээвэл зохистойгоо баталсан юм.
5 Гэхдээ, 144 000-аас үлдсэн цөөхөн хүн одоо ч дэлхий дээр байсаар байна. 2002 оны Эзний оройн зоогийн арга хэмжээнд 15 000 000 гаруй хүн хүрэлцэн ирснээс дөнгөж 8 760 нь тэнгэрт үйлчлэхээр сонгогдсон гэдэгт найддагаа харуулсан. Хаанчлалын ирээдүйн гишүүдийн үлдэгдэл уруу довтлохыг зүрхэлсэн хэн ч болов, үнэн чанартаа, Бурхны Хаанчлал уруу довтолж байгаа хэрэг юм (Илчлэлт 12:17).
Хаан бүрмөсөн ялах нь
6. Бурхны ард түмнийг эсэргүүцсэн үйл ажиллагааг Ехова Христ хоёр хэрхэн үздэг вэ?
6 Өөрийнх нь байгуулсан Хаанчлалыг эсэргүүцэхэд Ехова хэрхэн хүлээж авахаа зөгнөн: «Тэнгэрт залрагч инээж, тэднийг ЭЗЭН тохуурхаж байна. Тэгээд Тэр тэдэнд Өөрийн ууранд айлдаж, Өөрийн хилэнгээр тэднийг айлган, „Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн“ гэнэ» хэмээжээ (Дуулал 2:4–6). Тэр цагт Христ Еховагийн удирдлагаар «бүрмөсөн ялахын тулд» ирнэ (Илчлэлт 6:2, ШЕ). Христийн ялалтын төгсгөл хэсэгт ард түмнийг нь эсэргүүцсэн үйл ажиллагааг Ехова хэрхэн үзэх бол? Өөрийг нь болон томилсон Хааныг нь эсэргүүцсэнтэй адил үзнэ. «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» гэж Ехова айлддаг (Зехариа 2:8). Мөн Есүс тослогдсон ах дүү нарт нь хийсэн зүйлийг өөрт нь хийсэн, харин хийгээгүй зүйлийг өөрт нь хийгээгүй гэж үзэхээ онцлон хэлсэн билээ (Матай 25:40, 45).
7. Илчлэлт 7:9-д дүрсэлсэн «үй олон хүн» юуны учир Гогийн уур хилэнг хүртдэг вэ?
7 Тослогдсон үлдэгдлийг идэвхтэй дэмждэг хүмүүс бас Гогийн уур хилэнг амсах нь мэдээж. Бурхны «шинэ газрын» ирээдүйн энэ гишүүд бол «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» дуудаж авчирсан «үй олон хүн» юм (Илчлэлт 7:9). Библид тэднийг «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн» хүмүүс гэсэн байдаг. Энэ нь, тэд Бурхны болон Христ Есүсийн сайшаалыг хүртээд зогсож байна гэсэн үг юм. Тэд «гартаа далдуу модны найлзуур барин», Еховаг орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт, хууль ёсны Эзэн хэмээн тунхагладаг. Ехова эрх мэдлээ өөрийнхөө өргөмжилсөн Хаан болох «Бурхны Хурга» Есүс Христийн засаглалаар дамжуулан эдэлдэг билээ (Иохан 1:29, 36).
8. Гогийг довтлоход Христ юу хийх вэ? Үүний үр дүн ямар байх вэ?
8 Гогийг довтлоход Бурхны өргөмжилсөн Хаан ч үйл ажиллагаа явуулж, Армагеддоны дайныг эхлүүлнэ (Илчлэлт 16:14, 16). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг устгана. Харин Бурхны Хаанчлалд үнэнч байсныхаа төлөө зовлон туулсан хүмүүс үүрд тайвшрах юм. Энэ талаар элч Паул: «Энэ нь та нар Бурхны хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурхны зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурхны хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ. Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элчүүдийнхээ хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» гэж бичжээ (2 Тессалоник 1:5–8).
9, 10. а) Иудаг атаатан дайснаа дарахад нь Ехова хэрхэн ялалт байгуулсан бэ? б) Христианууд өнөөдөр юуг хийсээр байх ёстой вэ?
9 Армагеддон хэмээх оргил цэг бүхий ойртон айсуй агуу их гай гамшгийн хугацаанд Христ ёс бус бүхэнтэй дайтна. 2 900 гаруй жилийн тэртээ Иудагийн хоёр овогт хаант улсын ард түмэн дайтах хэрэггүй байсны адил, тэр үед Христийн дагалдагчдад ч бас тулалдах шаардлага байхгүй. Тэр тулалдаан Еховагийнх байсан бөгөөд тэр л ялалт байгуулсан билээ. Нэгэн үйл явдлын тухай: «Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв. Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ. Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, хэн ч амь гараагүй байв» гэж тэмдэглэсэн байдаг (Шастирын дэд 20:22–24).
10 Энэ бүхэн Еховагийн: «Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй» хэмээн урьдчилан хэлсэн ёсоор болжээ (Шастирын дэд 20:17). Энэ бол Есүс Христийг, «бүрмөсөн ялахаар» ирэхэд христиануудын баримталбал зохих үлгэр загвар юм. Энэ үйл явдал болтол тэд ёс бус бүхэнтэй «махан биеийн биш», сүнслэг зэвсгээр тулалдсаар байна. Ингэснээрээ «бузар мууг сайнаар дийлдэг» (Ром 6:13; 12:17–21; 13:12; 2 Коринт 10:3–5).
Гогийн довтолгоог хэн удирдах вэ?
11. а) Гог хэрхэн довтлох вэ? б) Сүнслэгээр сэргэг байх гэдэгт юу ордог вэ?
11 Магогийн Гог бол 1914 оноос шалдаа буусан Сатан Диавол юм. Сатан сүнсэн бодгаль учраас гардан довтолж чадахгүй. Гэхдээ үйл ажиллагаандаа хүмүүсийг ашиглана. Тэр хүмүүс нь хэн байх вэ? Библид энэ талаар нарийн тайлбарлаагүй боловч тэдний хэн болохыг тогтооход маань туслах тодорхой шинж тэмдэг өгсөн. Дэлхийн үйл явдлууд Библийн зөгнөлийн дагуу болоход аажим аажмаар бидний ойлголт тодорхой болно. Еховагийн ард түмэн таамаг дэвшүүлэхээс зайлсхийдэг ч Библийн зөгнөлийн дагуу болох улс төр болоод шашны үйл явдлыг анхааран сонирхож, сүнслэгээр сэргэг байдаг.
12, 13. Бурхны ард түмэн уруу довтлох эцсийн довтолгоог зөнч Даниел юу гэж зөгнөсөн бэ?
12 Зөнч Даниел Бурхны ард түмэн уруу довтлох эцсийн довтолгооны талаар: «[Умард зүгийн хаан] олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. Тэрээр [«Их», ШЕ] тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно» гэж дэлгэрэнгүй бичжээ (Даниел 11:44, 45).
13 Библийн үед Газрын дундад тэнгисийг «Их тэнгис», Сионыг «Ариун Уул» гэдэг байжээ. Сион уулын талаар Ехова: «Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн» хэмээн айлдсан билээ (Дуулал 2:6; Тооллого 34:6). Тиймээс «Их тэнгис ба Ариун Уулын дунд» байдаг газар нь сүнслэг утгаар, тослогдсон христиануудын хөгжин цэцэглэсэн сүнслэг эзэмшил газар буюу үйл ажиллагааны хүрээг төлөөлдөг. Тослогдогсод «тэнгис» буюу Бурхнаас хөндийрсөн хүн төрөлхтний хэсэг биш бөгөөд тэнгэрийн Хаанчлалд Христ Есүстэй хамт захирах үеэ тэсэн ядан хүлээж байдаг. Даниелийн зөгнөл биелж, «умард зүгийн хаан» хилэнтэйеэ довтлох үед Бурхны тослогдсон үйлчлэгчид, мөн тэдний үнэнч хамтран зүтгэгчид болох үй олон хүн тэр хааны бай болох нь тодорхой (Исаиа 57:20; Еврей 12:22; Илчлэлт 14:1).
Бурхны үйлчлэгчид юу хийх вэ?
14. Бурхны ард түмэн довтолгоонд өртсөн үедээ ямар гурван алхам хийх хэрэгтэй вэ?
14 Бурхны үйлчлэгчид довтолгоонд өртөхөөрөө юу хийх хэрэгтэй вэ? Иехошафатын үед Бурхны ард түмний хэрхсэн нь мөн л дагавал зохих жишээ болно. Тэдэнд: 1) байраа эзлэх; 2) зогсох; 3) Еховагийн аврахыг харах гэсэн гурван алхам хийхийг тушаасныг анхаарах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр Бурхны ард түмэн яавал энэ үгээр явах вэ? (Шастирын дэд 20:17, ШЕ).
15. Еховагийн ард түмэн «байраа эзлэх» гэж юу гэсэн үг вэ?
15 Байраа эзлэх: Еховагийн үйлчлэгчид цаашид ч Бурхны Хаанчлалыг шантралгүйгээр идэвхтэй дэмжих «байраа эзлэх» болно. Тэд төвийг сахих христиан байр сууриа баримталсаар байх юм. «Тууштай байж, гуйвж дайвалгүй», үнэнчээр үйлчлэхдээ хайр энэрлийнх нь төлөө Еховаг олон нийтэд ямагт магтан алдаршуулах болно (1 Коринт 15:58; Дуулал 118:28, 29). Тэд эдүгээ ч, ирээдүйд ч учрах дарамт шахалтыг үл хайхран, Бурхны сайшаалыг хүртдэг эдгээр байр сууриа орхихгүй.
16. Еховагийн үйлчлэгчид ямар байдлаар «зогсох» вэ?
16 Зогсох: Еховагийн үйлчлэгчид өөрөө өөрийгөө аврах оролдлого хийхгүй, харин Еховад бүрэн найдах болно. Гагцхүү Бурхан л энэ ертөнцийн эмх замбараагүй байдлаас үйлчлэгчдээ аврах чадвартай бөгөөд ингэнэ ч гэж амласан билээ (Исаиа 43:10, 11; 54:15; Иеремиагийн гашуудал 3:26). Еховад найдах гэдэг нь олон арван жил санаа зорилгодоо ашигласаар ирсэн нь тодорхой болсон орчин үеийн үзэгдэх сувагт нь ч бас найдна гэсэн үг юм. Тэгэхлээр, жинхэнэ христианууд Ехова болон түүний томилсон Хаанаас удирдах үүрэг хүлээсэн итгэл нэгтнүүддээ урьд өмнө итгэж байгаагүйгээрээ итгэх хэрэгтэй болно. Тэр үнэнч эрчүүд Бурхны ард түмнийг удирдах юм. Тэдний удирдлагыг үл тоомсорлох нь эцэстээ гай зовлонд хүргэнэ (Матай 24:45–47; Еврей 13:7, 17).
17. Бурхны үнэнч үйлчлэгчид Еховагийн аврахыг ямар учраас харах вэ?
17 Еховагийн аврахыг харах: Бурханд үнэнч байдлаа хадгалж, Еховагийн хамгаалалтад итгэж найддаг бүхний хүртэх шагнал бол аврал юм. Тэд Еховагийн шүүлтийн өдөр ирэх талаар эцсийн мөч хүртэл боломжоороо тунхаглана. Еховаг жинхэнэ Бурхан гэдгийг, дэлхий дээр үнэнч үйлчлэгчидтэй гэдгийг нь бүх бүтээл мэдэх ёстой. Еховагийн эрх мэдэл хууль ёсны эсэх талаар удаан маргах шаардлага дахин хэзээ ч гарахгүй (Езекиел 33:33; 36:23).
18, 19. а) «Египетээс гарсан нь» номын 15-р бүлэгт байдаг ялалтын дуу Гогийн довтолгоог тэсэж гарах хүмүүсийн сэтгэлийг хэрхэн илэрхийлдэг вэ? б) Бурхны ард түмэн одоо юу хийвэл зохих вэ?
18 Хүч сэлбэсэн Бурхны үйлчлэгчид, Улаан тэнгисээр гаталж аврагдсан эртний израильчууд шиг ялалтын дуу дуулах оргилуун хүсэлтэйгээр шинэ ертөнцөд орно. Тэд өөрсдийг нь хамгаалсанд нь Еховад хувиасаа болон бүх нийтээрээ үүрд талархаж, «Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. [...] ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН [«Ехова», ШЕ] билээ. [...] Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав. Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв. Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав. [...] Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан. [...] Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрийн гараар байгуулсан ариун газар билээ. ЭЗЭН үүрд мөнх хаанчилна» хэмээн эртний үгийг давтан хэлэх болно. (Египетээс гарсан нь 15:1–19).
19 Мөнх амьдрах ирээдүй урьд урьдынхаас улам тодорч буй өнөө үе бол Бурхны үйлчлэгчдийн хувьд Еховад үнэнч байдгаа харуулж, түүнийг мөнхийн Хаанаа хэмээн үйлчлэх шийдвэрээ батжуулах цаг мөнөөс мөн билээ! (Шастирын дээд 29:11–13).
Та тайлбарлаж чадах уу?
• Гог яагаад тослогдогсод болон «өөр хонинууд» уруу довтлох вэ?
• Бурхны ард түмэн хэрхэн «байраа эзлэх» вэ?
• «Зогсох» гэж юу гэсэн үг вэ?
• Бурхны ард түмэн Еховагийн аврахыг хэрхэн харах вэ?
[Догол мөрийн асуулт]