Skip to content

Гарчиг руу орох

Нүүр тал хардаггүй Ехова Бурхныг маань дуурайгтун

Нүүр тал хардаггүй Ехова Бурхныг маань дуурайгтун

Нүүр тал хардаггүй Ехова Бурхныг маань дуурайгтун

«Бурхан нүүр тал хардаггүй» (РОМ 2:11, ШГ).

1, 2. а) Ехова канаанчуудыг уг нь яах санаа зорилготой байсан бэ? б) Ехова юу хийсэн бэ? Үүнээс үүдэн ямар ямар асуулт гарч ирж байна вэ?

 МЭӨ 1473 онд Моабын талд хуарагнан буудалласан израильчууд Мосегийн хэлэхийг чих тавин чагнаж байлаа. Тэд Иордан голын нөгөө эрэгт хүрээд, хэцүү бэрхийг амсах байв. Ехова Амласан газар буюу Канаанд оршин сууж байсан хүчирхэг долоон үндэстнийг Израилиар устгуулах санаа зорилготойг Мосе зарлан мэдүүлсэн. «ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун» гэж хэлсэн Мосегийн үг тэдний сэтгэлийг хэчнээн их тайвшруулсан бол оо! Израильчууд тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж, өршөөл үзүүлэх ёсгүй байв (Дэд хууль 1:1; 7:1, 2).

2 Гэсэн хэдий ч Ехова израильчуудын довтолсон эхний хотоос нэг айлыг өршөөн хэлтрүүлсэн билээ. Өөр дөрвөн хотын оршин суугчид ч бас Бурхны өршөөлийг хүртжээ. Яагаад тэр вэ? Канаанчуудын амьд үлдсэнтэй холбоотой тэрхүү ер бусын үйл явдлаас бид Еховагийн талаар юу мэдэж авах вэ? Тэгээд Еховаг хэрхэн дуурайж болох вэ?

Еховагийн суу алдар тэдэнд нөлөөлсөн нь

3, 4. Израильчуудын ялалтын тухай мэдээ Канаанд амьдарч байсан зарим хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

3 Израильчуудыг Амласан газар уруу орохоос өмнө, цөлд байх 40 жилийн турш Ехова ард түмнээ хамгаалж, тэдний төлөө тулалдаж байв. Амласан газрын өмнөд хэсэгт Арадын канаан хаан Израилийн эсрэг босжээ. Израильчууд тэр хааныг, ард түмэнтэй нь Хорма гэдэг газар Еховагийн тусламжтайгаар ялан дийлсэн (Тооллого 21:1–3). Хожим Израиль Едомын нутгийг тойрч, Сөнөсөн тэнгисээс зүүн хойшоо, умард зүгийг чиглэн аялав. Энэ нутагт урьд нь моабчууд сууж байсан бол одоо аморичууд нутагладаг болсон байлаа. Аморичуудын хаан Сихон Израилийг нутгаараа дайран өнгөрүүлэхийг зөвшөөрсөнгүй. Ингээд Арноны хөндийн хойт хэсэгт Иахазын дэргэд тулалдаан болж, тэнд Сихон алагджээ (Тооллого 21:23, 24; Дэд хууль 2:30–33). Тэндээс бүр умард зүгт орших Башанд бусад аморичуудыг Ог гэдэг хаан удирдаж байв. Хэдийгээр Ог аварга биетэй байсан ч, Еховагаас өөрийгөө хамгаалж чадаагүй юм. Тэрээр Едреид алагджээ (Тооллого 21:33–35; Дэд хууль 3:1–3, 11). Израильчууд Египетээс гарсан тухай, мөн эдгээр ялалтын тухай мэдээ Канаанд оршин суудаг хэсэг хүнд их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. *

4 Израиль Иорданыг гатлаад, Канаанд дөнгөж хөл тавимагцаа Гилгалд буудалласан (Иошуа 4:9–19). Тэндээс холгүйхэн хэрэм бүхий Иерихо хот байв. Еховагийн үйлсийн тухай дуулсан канаан эмэгтэй Рахаб итгэлдээ хөтлөгдөн нэгэн зүйл хийжээ. Үүний дүнд, Ехова Иерихог устгахдаа Рахаб болон гэрт нь байсан хүмүүсийг амьд үлдээдэг (Иошуа 2:1–13; 6:17, 18; Иаков 2:25).

5. Гибеончууд юунаас болж заль зохиоход хүрсэн бэ?

5 Дараа нь Израиль Иорданы хөндийгөөс Канаан нутгийн төв өндөрлөг өөд өгсөн явжээ. Иошуа Еховагийн заавраар бүгэх арга хэрэглэн, Аи хотыг бут ниргэв (Иошуа 8-р бүлэг). Үүнийг мэдсэн Канааны олон хаан Израильтай байлдахаар цугларчээ (Иошуа 9:1, 2). Гэтэл Аи хоттой хөрш зэргэлдээ амьдардаг Гибеон хотын хивичүүд огт өөр байдалтай байлаа. Тэднийг «заль зохиосон» гэж Иошуа 9:4-т бичсэн байдаг. Тэд Рахабын адилаар, Ехова ард түмнээ Египетээс гарган аварсан тухай, Сихон Ог хоёрыг ялсан тухай сонссон байв (Иошуа 9:6–10). Эсэргүүцэл үзүүлээд ямар ч нэмэргүйг гибеончууд ойлгожээ. Тиймээс Гибеон болон хөрш зэргэлдээ гурван хот Хефира, Беерот, Кириат-иеаримын төлөө, хол нутгаас яваа мэтээр зүсээ хувиргасан төлөөлөгчдөө Гилгалд байсан Иошуа уруу явуулдаг. Зохиосон заль нь амжилттай болов. Иошуа тэдэнд амьд үлдээнэ гэсэн баталгаа өгч, гэрээ байгуулжээ. Гурван өдрийн дараа Иошуа болон израильчууд тэдэнд мэхлэгдсэнээ ойлгов. Гэвч гэрээ байгуулахдаа Еховагаар тангарагласан тул амласандаа хүрчээ (Иошуа 9:16–19). Ехова үүнийг сайшаасан болов уу?

6. Иошуаг гибеончуудтай гэрээ байгуулахад Ехова хэрхэн хандсан бэ?

6 Гибеончуудыг Израилийн, тэр ч байтугай, асрын дэргэдэх «[Еховагийн] тахилын ширээний» түлээ бэлтгэгч, ус зөөгч болохыг зөвшөөрсөн (Иошуа 9:21–27). Түүнээс гадна, таван амори хааны их цэрэг тэднийг сүрдүүлэхэд Ехова гайхамшиг үйлдэж, тэдэнд тусалсан. Мөндөрт цохиулж үхсэн дайсны тоо Иошуагийн цэрэгт алагдсанаас илүү олон байлаа. Тэр ч бүү хэл, Ехова Иошуагийн гуйлтыг биелүүлж, дайснаа бут цохиход нь тусалж, нар сарыг зогсоож өгсөн. Иошуа: «Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав» хэмээн тэмдэглэн үлдээжээ (Иошуа 10:1–14).

7. Хэдэн канаан хүний явдал Петрийн хэлсэн ямар зарчмыг илтгэн харуулсан бэ?

7 Канаан эмэгтэй Рахаб болон түүний гэр бүлийнхэн, мөн гибеончууд Еховагаас эмээж байсан бөгөөд үүнийгээ үйлсээрээ харуулсан. Тэдэнд тохиолдсон явдал хожим христиан элч Петрийн: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэсэн зарчмыг яруу тодоор илтгэн харуулсан билээ (Үйлс 10:34, 35).

Ехова Абрахам болон Израильтай хэрхэн харьцсан нь

8, 9. Ехова нүүр тал хардаггүйгээ Абрахам болон Израилийн ард түмэнтэй харьцсан байдлаараа хэрхэн үзүүлсэн бэ?

8 Бурхан Абрахам болон түүний үр удамтай харьцахдаа нигүүлсэнгүй байсанд шавь Иаков анхаарлаа хандуулсан байдаг. Абрахамыг үндэс гарал нь бус, итгэл нь «Бурхны анд нөхөр» болгожээ (Иаков 2:23). Итгэл болон Еховаг хайрлах хайр нь түүний үр удамд ивээл авчирсан билээ (Шастирын дэд 20:7). Ехова Абрахамд: «Би үнэхээр чамайг ерөөж [«ивээж», ШЕ], чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно» гэж амласан. Тиймд дараачийн зүйлд нь: «Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрээр дамжин ивээл хүртэнэ» гэж амласныг анхааръя (ШЕ) (Эхлэл 22:17, 18; Ром 4:1–8).

9 Ехова нүүр тал хардаггүй. Тэрээр өөрт нь захирагддаг хүмүүсийн төлөө юу хийж чаддагаа Израильтай харьцсан байдлаараа харуулсан. Тэрхүү харьцаа нь Ехова үнэнч үйлчлэгчдээ хувиршгүй хайраар яаж хайрладгийн жишээ юм. Израиль Еховагийн «онцгой өмч» (ШЕ) байсан ч энэ нь бусад үндэстнүүд Бурхны сайхан сэтгэлийг мэдрэх эрхгүй гэсэн үг биш байлаа (Египетээс гарсан нь 19:5; Дэд хууль 7:6–8). Ехова Израилийг Египетийн боолчлолоос зольж аваад, дараа нь: «Газар дэлхийн бүх гэр бүлийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон» гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ Амос болон өөр зөнчдөөр дамжуулан «бүх үндэстний» хүмүүст гайхамшигтай сайхан ирээдүйг бас амласан билээ (Амос 3:2; 9:11, 12; Исаиа 2:2–4).

Есүс бол нүүр тал хардаггүй багш

10. Есүс Эцгээ хэрхэн дуурайж, нүүр тал хардаггүй байсан бэ?

10 Еховагийн «мөн чанарын бодит илэрхийлэл» болсон Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа Эцгээ дуурайн, нүүр тал хардаггүй байсан (Еврей 1:3). Тэр үед түүний хувьд хамгийн гол зүйл нь «Израилийн гэрийн... алдагдсан хонинуудыг» олох явдал байлаа. Гэсэн ч, худгийн дэргэд самари эмэгтэйд гэрчлэхээс татгалзаагүй юм (Матай 15:24; Иохан 4:7–30). Мөн иудей биш зуутын даргын гуйлтыг биелүүлж, гайхамшиг үйлдсэн билээ (Лук 7:1–10). Ийнхүү Есүс Бурхны ард түмэнд хайртайгаа үйлсээрээ харуулахын хажуугаар иудей биш хүмүүст ч нүүр тал хардаггүй байжээ. Есүсийн шавь нар ч бас хаа сайгүй дэлгэрүүлдэг байсан. Еховагийн ивээлийг хүртэхэд яс үндэс бус, зүрхний хандлага чухал гэдэг нь тодорхой болов. Үнэнээр өлсдөг, даруухан, чин сэтгэлтэй хүмүүс Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж авдаг байжээ. Гэтэл бардам, их зантай хүмүүс Есүсийг болон дэлгэрүүлсэн мэдээг нь үзэн яддаг байв. Есүс: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг ээ, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан» хэмээн дуу алдсан байдаг (Лук 10:21). Бид хайр хийгээд итгэлийн үүднээс бусадтай харьцахдаа нүүр тал хардаггүй ба Ехова үүнийг таалдаг гэдгийг мэднэ.

11. Эртний христианууд нүүр тал хардаггүйгээ хэрхэн харуулдаг байсан бэ?

11 Эртний христиан хуралд иудей, иудей бус хүмүүс адил тэгш эрхтэй байжээ. Паул: «Сайн юм үйлдэгч бүх хүн иудейчүүд, грекчүүд ч бай ялгаагүй цог жавхлан, алдар ба энх амгаланг хүртэх болно. Яагаад гэвэл Бурхан нүүр тал хардаггүй» гэж тайлбарласан * (Ром 2:10, 11, ШГ). Еховагийн сайхан сэтгэлийн үр шимийг хүртэх үү, үгүй юү гэдэг нь тухайн хүний яс үндсээс бус, харин Бурхны тухай болон Хүү Есүсийнх нь золих тахилын ачаар нээгдсэн боломжийн тухай мэдээг хэрхэн хүлээн авснаас шалтгаална (Иохан 3:16, 36). Паул: «Гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш. Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн» гэж бичжээ. Дараа нь «иудей хүн» («Иудагийнх», өөрөөр хэлбэл, «магтагдсан», «магтаал хүртсэн» гэсэн утгатай) гэдэг үгийн утгыг өвөрмөц байдлаар тайлбарлахдаа: «Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурхнаас ирдэг юм» хэмээн нэмж хэлжээ (Ром 2:28, 29). Ехова хүмүүсийг магтахдаа нүүр тал хардаггүй. Харин бид яадаг вэ?

12. Илчлэлт 7:9-д ямар ирээдүйн тухай гардаг вэ? Энэ ирээдүй ямар хүмүүст хамаатай вэ?

12 Хожим элч Иохан «Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан» 144 000 хүний бүрэлдэхүүнтэй сүнслэг ард түмэн болон дүрслэгддэг, тослогдсон үнэнч христиануудыг үзэгдлээр үзсэн. Дараа нь «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байхыг» харсан (Илчлэлт 7:4, 9). Тэгэхлээр, орчин үеийн христиан хурлын үүд хаалга бүх яс үндэс, хэл аялгуутанд нээлттэй байдаг байна. Нийгмийн бүх л гарлын хүмүүст «агуу их гай гамшгийг» (ШЕ) эсэн мэнд даваад, шинэ ертөнцөд «амийн усны булгуудаас» уух ирээдүй бий (Илчлэлт 7:14–17).

Нааштай үр дүн

13-15. а) Арьс өнгө, соёлын ялгааг яаж ялан дийлж болох вэ? б) Найр тавих нь сайн үр дүнд хүргэдэг жишээ татна уу.

13 Ехова халамжтай эцэг хүний адил биднийг хамгийн сайн мэддэг. Бид ч бас Еховаг дуурайж, хүмүүсийн өсөж хүмүүжсэн орчин, соёлыг сонирхон, улмаар тэднийг танин мэдэж, ойлгохыг хичээвэл бидний хоорондох ялгаа алга болно. Яс үндсээс болдог саад тотгор арилж, анд нөхөр хийгээд хайрын холбоо маань бэхжиж, эв нэгдэл батаждаг (1 Коринт 9:19–23). Үүний тод баталгааг гадаад орнуудад үйлчилдэг миссионерүүдийн жишээнээс харж болно. Тэд тухайн орны хүмүүсийг сонирхож, тун удалгүй орон нутгийн хурлынхантай ойртон дотносдог (Филиппой 2:4).

14 Нүүр тал хардаггүй байхын нааштай үр дүн олон оронд илэрхий харагддаг. Тухайлбал, Этиопоос ирсэн Аклилү, Их Британийн нийслэл Лондонд амьдарч байхдаа их ганцаарддаг байжээ. Бас орчин үеийн Европын том том хотынхон гадаадаас ирсэн хүмүүст найр тавьдаггүй нийтлэг дутагдалтайг ажиглаж мэдэрсэн нь нэрмээс болсон байна. Гэтэл Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын танхимд болдог цуглаанд очиход Аклилүд хэчнээн өөр хандаж байсан гэж санана! Хүмүүс түүнийг халуун дотно угтан авахад яг л гэртээ байгаа юм шиг санагджээ. Яваандаа Аклилү Бүтээгчийнхээ тухай мэдлэгтэй болж, талархах сэтгэл нь гүнзгийрэн, сүнлэгээр хурдан өсжээ. Тэгээд удалгүй эргэн тойрныхоо хүмүүст Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэлтэй болов. Нэгэн өдөр хамт дэлгэрүүлж явсан ах, амьдралдаа ямар зорилготой байгааг нь асуухад Аклилү шууд л төрөлх амхар хэлний хурлын гишүүн болох өдөр ирнэ гэж найдаж явдгаа хэлжээ. Англи хэлний хурлын ахлагчид үүнийг дуулаад, Аклилүгийн төрөлх хэлээр илтгэл тавих арга хэмжээг дуртайяа авсан байна. Их Британид анх удаа амхар хэлээр болсон нийтийн цуглаанд гадаадын болон нутгийн олон хүн хүрэлцэн ирсэн аж. Өнөөдөр тэр хэсэгт амьдардаг этиопчууд болон бусад хүмүүс хөгжин дэвжиж байгаа амхар хэлний хурлын гишүүд болцгоожээ. Еховагийн талд бат зогсоход, мөн үүнийгээ бэлэгдэж христиан ёсоор баптисм хүртэхэд юу ч саад болж чадахгүйг олон хүн ойлгодог болсон байна (Үйлс 8:26–36).

15 Үндэстэн бүр өөр өөрийн онцлог шинж, соёлтой. Тэднийг нөгөөгөөс нь дээгүүр тавих буюу, эсвэл дорд үзэх үндэс байхгүй. Мальт арал дээр очсон Их Британийн зочид, Еховад өөрсдийгөө зориулсан шинэхэн үйлчлэгчдийн баптисм хүртэхийг хараад баярын нулимс унагаж байхад, нутгийн Гэрчүүд баярласандаа хөөрөн дэвхцэж байлаа. Мальт арлынхан болон англичууд баяр хөөрөө өөр өөрөөр илэрхийлж байсан боловч Еховаг хайрлах халуун хайраараа христиан ахан дүүсийн барилдлагааг улам батжуулсан юм (Дуулал 133:1; Колоссай 3:14).

Буруу үзлээ ялан дийлэх нь

16-18. Христиан хурлын дотор буруу үзлээ хэрхэн ялан дийлж болдгийг харуулсан тохиолдлыг ярина уу.

16 Еховаг болон итгэл нэгтнүүдээ хайрлах хайр маань гүнзгийрэхийн хэрээр бид бусадтай харьцахдаа Еховаг илүү сайн дуурайж чаддаг. Урьд нь ямар нэг яс үндэс, арьс өнгө, соёлын талаар буруу үзэлтэй байсан бол үүнийгээ ялан дийлж болдог. Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн армид алба хааж байсан Альбертын явдлыг жишээ болгон авъя. Тэрээр 1942 онд Сингапурыг эзлэх үеэр япончуудад олзлогдож, Квай голыг дамнасан «Үхлийн төмөр зам» дээр гурав шахам жил ажиллажээ. Дайн дуусаж, суллагдах үедээ 32 кг жинтэй, эрүү, хамрын яс нь хугарч, цусан суулга, арьсны мөөгөнцөр, хумхаа өвчинд баригдчихсан байжээ. Түүнтэй хамт хоригдсон олон мянган хүн тэрнээс ч дор байсан бөгөөд олон ч хүн үхэж үрэгдсэн аж. Альберт тэр бүх аймшигт явдлыг нүдээр үзэж, биеэр амссаны эцэст, 1945 онд гэртээ эргэж ирэхдээ Бурхныг ч, шашныг ч мэдэх хүсэлгүй, хэрцгий догшин авиртай хүн болсон байлаа.

17 Альбертын эхнэр Айрин Еховагийн Гэрч болов. Альберт эхнэрээ баярлуулахын тулд Еховагийн Гэрчүүдийн цуглаанд хэд хэдэн удаа очиж үзжээ. Бүрэн цагийн үйлчлэгч Пол гэдэг залуу тэдний гэрт очиж, Альберттай Библийн хичээл хийдэг болов. Ехова хүн нэг бүрийн зүрхний байдлыг хардаг гэдгийг Альберт удалгүй ойлгожээ. Тэгээд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн байна.

18 Хожим Пол Лондонд нүүж очоод, япон хэл сурч, япон хэлний хуралд үйлчлэх болжээ. Пол Японоос ирсэн зочдыг хуучин хуралдаа урьсныг тэр хурлынхан мэдээд, Альбертыг япончуудын тухай маш таагүй үзэл бодолтой байдгийг нь санажээ. Альберт Их Британид ирсэн цагаасаа хойш ямар ч япон хүнтэй нүүр тулахаас зайлсхийдэг байсан болохоор тэр үед чухам яах бол гэдэгт ах нар их санаа зовж байв. Гэвч тэгтлээ санаа зовох хэрэггүй байжээ. Альберт япон зочдоо чин сэтгэлийн «ах дүүгийн хайраар» хүлээн авсан байна (1 Петр 3:8, МАБ, 9).

«Өргөнөөр нээлттэй бай»

19. Хэрэв бид одоо ч нүүр тал хардаг бол элч Паулын өгсөн ямар зөвлөгөө бидэнд тус болох вэ?

19 «Тал засах нь сайн зүйл биш» гэж мэргэн хаан Соломон бичжээ (Сургаалт үгс 28:21). Сайн мэддэг хүмүүстэйгээ дотно байх амархан. Гэтэл бид сайн мэддэггүй хүмүүсээ заримдаа бараг анхаардаггүй. Тийнхүү нүүр тал харах явдал Еховад үйлчилдэг хүнд байж таарахгүй. Бид бүгдээрээ «өргөнөөр нээлттэй бай» гэж Паулын тодорхой зөвлөснийг даган, янз бүрийн яс үндэс, соёлтой итгэл нэгтнүүдээ хайрлах хайраараа нээлттэй байх ёстой нь зүйн хэрэг (2 Коринт 6:13).

20. Бид нүүр тал хардаггүй Ехова Бурхнаа амьдралын ямар ямар хүрээнд дуурайх ёстой вэ?

20 Бид тэнгэрийн дуудлагатай ч бай, дэлхий дээр мөнх амьдрах найдвартай ч бай, нүүр тал хардаггүй бол нэг Хоньчинтой нэг хонин сүрэгт нэгдэн жаргах боломжтой (Ефес 4:4, 5, 16). Нүүр тал хардаггүй Ехова Бурхнаа дуурайх гэж чармайх нь дэлгэрүүлэх болон заах ажил, хурал, гэр бүл, ер нь амьдралын бүхий л хүрээнд тус болдог. Чухам яаж? Дараагийн өгүүллээр энэ тухай авч үзье.

[Зүүлт]

^ Хожим нь Еховагийн суу алдрын тухай олон дуу төржээ (Дуулал 135:8–11; 136:11–20).

^ Энд «грекчүүд» гэдэгт иудей бус хүмүүс бүхэлдээ ордог («Судрыг ойлгох нь», 1-р боть, 1004-р тал, Еховагийн Гэрчүүдийн хэвлэл, англи).

Та юу гэж хариулах вэ?

Ехова Рахаб болон гибеончуудад нүүр тал хардаггүйгээ хэрхэн харуулсан бэ?

Есүс нүүр тал хардаггүй багш гэдгээ яаж харуулсан бэ?

Яс үндэс, соёлын талаарх аливаа буруу үзлээ ялан дийлэхэд маань юу туслах вэ?

[Догол мөрийн асуулт]