«Бурхан бол хайр билээ»
«Бурхан бол хайр билээ»
«Хайрладаггүй нэгэн нь Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ» (1 ИОХАН 4:8).
1-3. а) Еховагийн хайрын тухай Библид юу тэмдэглэсэн байдаг вэ? Ийнхүү тэмдэглэсэн нь юугаараа өвөрмөц вэ? б) «Бурхан бол хайр билээ» гэж Библи хэлдгийн учир юу вэ?
ЕХОВАГИЙН бүх чанар хосгүй бөгөөд төгс, сэтгэл татам билээ. Гэвч хамгийн ихээр сэтгэл булаадаг нь хайр юм. Чухамдаа хайр нь биднийг Ехова уруу бүхнээс илүүтэй татдаг. Хайр Бурхны хамгийн гол чанар юм. Үүнийг бид хаанаас мэддэг вэ?
2 Библид Еховагийн хайрыг бусад гол чанараас нь илүүгээр чухалчилсан байдаг. Бурхан бол хүч, шударга ёс, эсвэл Бурхан бол мэргэн ухаан гэж огт бичээгүй. Тэрээр ийм чанаруудтай бөгөөд гурвуулангийнх нь туйлын эх булаг мөн. Гэтэл 1 Иохан 4:8-д: «Бурхан бол хайр билээ» хэмээн хайрын тухай их гүнзгий утгатай зүйл хэлжээ. Тийм ээ, Еховагийн оршихуйн үндэс буюу мөн чанар нь хайр юм. Үүнийг ерөнхийд нь бид дараах байдлаар ойлгож болно. Ехова агуу хүчнийхээ ачаар аливааг хийдэг. Шударга чанар болон мэргэн ухаан нь хэрхэн яаж хийхийг нь удирддаг. Харин хайр нь үйл хэрэгт хөтөлдөг. Мөн, хайрын үүднээс бусад чанараа ч илэрхийлдэг.
3 Ехова бол тэр чигээрээ хайр гэж олонтаа бичдэг. Иймээс хайрын тухай мэдье гэвэл Еховагийн тухай мэдэх учиртай байх нь. Ингээд бүгдээрээ Еховагийн хосгүй хайрын зарим талыг нягтлан үзье.
Хайрын хамгийн агуу үйл
4, 5. а) Бүхий л түүхэн дэх хайрын хамгийн агуу үйл юу вэ? б) Ехова Хүүтэйгээ хайрын хамгийн хүчтэй холбоогоор нэгдсэн гэж хэлж болохын учир юу вэ?
4 Ехова хайраа илэрхийлэн олон үйл хийсний дотор бүхнээс агуу нэг үйл байдаг. Энэ нь хайртай Хүүгээ илгээн, бидний өмнөөс зовлон эдлүүлж, үхүүлсэн явдал юм. Үүнийг бүхий л түүхэн дэх хайрын хамгийн агуу үйл мөн гэж хэлж болно. Ийн хэлэхийн учир юу вэ?
5 Библид Есүсийг «бүх бүтээлийн Ууган нь» гэж нэрлэдэг (Колоссай 1:15). Еховагийн Хүү орчлонт ертөнцийг бий болохоос өмнө байжээ гээд төсөөлөөд үз дээ. Тэгвэл Эцэг Хүү хоёр хамтдаа хэр зэрэг удаан байсан бэ? Зарим эрдэмтний тооцоогоор орчлонт ертөнц 13 тэрбум жилийн настай ажээ. Энэ тооцоо үнэн байлаа ч Еховагийн ууган Хүүгийн амьдралын хугацааг яавч үүгээр тогтоох аргагүй! Энэ хугацаанд тэрээр юу хийж байсан бэ? Хүү Эцэгтээ «уран дархан» мэт баяртай үйлчилж байв (Сургаалт үгс 8:30; Иохан 1:3). Ехова Хүүтэйгээ хамт бусад бүх зүйлийг бүтээжээ. Тэд хамтдаа хичнээн жаргалтай, сайхан байсан бол оо? Тэгвэл бидний дундаас хэн тийм асар урт хугацааны дотно харьцааг гүйцэд ухаарч ойлгох билээ? Ехова Бурхан Хүүтэйгээ хайрын хамгийн хүчтэй холбоогоор нэгдсэн нь тодорхой.
6. Есүсийг баптисм хүртэхэд Ехова Хүүдээ хэрхэн ханддагаа яаж илэрхийлсэн бэ?
6 Гэлээ ч Ехова Хүүгээ хүн болгон төрүүлэхээр дэлхийд илгээжээ. Энэ нь гуч гаруй жилийн хугацаанд хайртай Хүүгээсээ дотно холбоогоо тасалж, хагацах ёстой болно гэсэн үг байв. Бурхан Есүсийг өсөж торнин, төгс хүн болохыг тэнгэрээс анхааралтай харж байсан. Есүс 30 орчим насандаа баптисм хүртэв. Тэр үед Эцэг нь өөрөө: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» хэмээн тэнгэрээс хэлжээ (Матай 3:17). Есүс зөгнөсөн бүхнийг, хийх ёстой байсан бүхнээ үнэнчээр биелүүлэхийг Эцэг нь хараад их баярласан байх учиртай (Иохан 5:36; Иохан 17:4).
7, 8. а) МЭ 33 оны Нисан сарын 14-нд Есүс юу тэвчих ёстой байсан бэ? Энэ нь тэнгэрийн Эцэгт нь хэрхэн нөлөөлсөн бэ? б) Ехова Хүүгийнхээ зовж, үхэхийг ямар учраас зөвшөөрсөн бэ?
7 Тэгвэл МЭ 33 оны Нисан сарын 14-нд, уурлаж цухалдсан бөөн хүн Есүсийг барьж аваад явахад Еховад ямар санагдсан бол оо? Есүсийг тохуурхан, нүүр уруу нь нулимж, нударгалахад ямар байсан бол? Ташуурдан, ар нурууг нь хүү татаад, гар хөлийг нь модон шонд хадаж, харааж зүхсэн олны өмнө орхиход яасан бол? Хайртай Хүүгээ зовж шаналан, өөр уруу нь хашхирахад Эцэгт нь ямар санагдсан бол? Есүсийг эцсийн амьсгалаа авахад, бүтээгдсэнээсээ хойш анх удаа оршин байхаа болиход нь Еховад юу эс бодогдсон бол оо? (Матай 26:14–16, 46, 47, 56, 59, 67; 27:26, 38–44, 46; Иохан 19:1).
8 Ехова бүхнийг мэдэрдэг сэтгэл зүрхтэй учраас Хүүгээ үхэхэд үнэхээр зовж шаналсан. Хичнээн их гэдгийг нь үгээр хэлэхийн аргагүй. Харин энэ бүхнийг Ехова яагаад зөвшөөрсний учрыг хэлж болно. Ямар учраас Эцэг нь өөртөө тийм их зовлон үүрэв ээ? Ехова Иохан 3:16-д бидэнд нэгэн гайхамшигтай санаа илчилдэг. Энэ зүйл их чухал учраас «хураангуй Евангели» ч гэж нэрлэх нь бий. Тэнд: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж байдаг. Тийм ээ, энэ бүхний учир нь Бурхны хайр байсан. Үүнээс илүү хайрыг бид хэзээ ч үзээгүй билээ.
Ехова бидэнд хайртайгаа батлан хэлдэг нь
9. Ехова үйлчлэгчдээ хэрхэн үздэг тухайд Сатан биднийг юунд итгүүлэхийг хүсдэг вэ? Гэхдээ Ехова бидэнд юу гэж батлан хэлдэг вэ?
9 Гэхдээ «Бурхан хүн нэг бүрийг хайрладаг уу?» гэсэн нэгэн чухал асуулт урган ирж байна. Зарим хүн Иохан 3:16-д бичсэнтэй санал нийлэн, Бурхан хүн төрөлхтнийг нийтэд нь хайрладаг гэж хэлэх байх. Гэсэн ч тэд дотроо: «Бурхан намайг хэзээ ч хайрлахгүй» гэж боддог. Үнэндээ, Сатан Диавол, Ехова биднийг хайрладаг ч үгүй, үнэлдэг ч үгүй гэдэгт л итгүүлэх гэж улайрдаг. Гэтэл, бид өөрсдийгөө хайрлуулах ямар ч эрхгүй, огтхон ч үнэ цэнгүй гэж боддог байсан ч Ехова үнэнч үйлчлэгч бүрээ үнэлдгээ бидэнд батлан хэлдэг.
10, 11. Ехова биднийг үнэлдэг гэдгийг Есүсийн хэлсэн, бор шувууны тухай жишээ хэрхэн харуулдаг вэ?
10 Есүсийн, Матай 10:29–31-д хэлсэн үгийг жишээ болгон авч үзье. Тэрээр шавь нараа Бурхны нүдэнд их үнэтэй гэдгийг дүрслэн: «Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай, та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй» гэж хэлжээ. Есүсийн хэлэхийг сонссон нэгдүгээр зууны хүмүүст энэ үг ямар утгатай байсныг бодож үзье.
11 Есүсийн үед бор шувуу хүнсэнд хэрэглэдэг хамгийн хямд шувуу байжээ. Ганц «задгай» зоосоор хоёр бор шувуу авч болдог байв. Гэхдээ Лук 12:6, 7-д Есүсийн хожим хэлснээр, хэрэв хүн хоёр зоосонд бор шувуу авбал дөрөв биш, тавыг өгдөг байжээ. Тав дахь шувууг ямар ч үнэгүй юм шиг зүгээр өгдөг байв. Бор шувуу хүнд ямар ч үнэгүй мэт байсан байж болох юм. Харин Бүтээгч хэрхэн үздэг байсан бэ? Есүс: «Тэдний нэг нь ч [нэмж өгдөг шувуу ч] Бурхны өмнө мартагдахгүй» гэж хэлжээ. Одоо Есүсийн үг ойлгомжтой боллоо. Ехова ганц шувууг ч тэгж үнэлдэг юм бол хүнийг хичнээн илүү үнэлэх вэ! Есүсийн хэлснээр Ехова бидний онцлог бүрийг мэддэг. Үсийг маань хүртэл тоолдог юм чинь аргагүй шүү дээ!
12. Бурхан үсийг маань хүртэл тоолсон гэж хэлэхдээ Есүс хэтрүүлээгүй гэдэгт итгэж болохын учир юу вэ?
12 Зарим хүн Есүсийн үгийг хэтрүүлэг гэж бодож магадгүй. Тэгвэл дахин амилуулах арга хэмжээг бодоод үз дээ. Биднийг дахин бүтээхийн тулд Ехова хэр зэрэг сайн мэдэх хэрэгтэй болж таарах нь вэ! Тэрээр бидний генийн кодоос өгсүүлээд бүх нарийн ширийнийг, бас амьдралдаа үзэж туулсан, санаж бодож байсан бүгдийг маань хүртэл санаж, тэгж их үнэлдэг. Хүн дунджаар 100 000 орчим үстэй байдаг гэдэг. Тэгэхлээр дээрхтэй харьцуулбал үсийг маань тоолох нь Бүтээгчид өчүүхэн төдий ч хэцүү биш ээ. Ехова хүн нэг бүрд санаа тавьдаг гэдгийг Есүс юутай уран дүрслээ вэ!
13. Ехова биднийг төгс бус ч гэсэн сайн талыг маань харж байдгийг Иехошафат хаанд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ?
13 Ехова бидэнд хайртайн бас нэгэн чухал баримт Библид байдаг. Бурхан бидний сайн талыг харж, үнэлдэг. Жишээ болгон, сайн хаан Иехошафатыг санацгаая. Хааныг мунхаг хэрэг үйлдэхэд нь Еховагийн зөнч: «ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?» гэж хэлжээ. Үнэхээр нэгийг бодуулсан үг байлаа! Гэвч Ехова ингээд л үгээ дуусгалгүй, цааш нь: «Гэвч танд зарим сайн зүйл бий» гэж хэлүүлжээ (Шастирын дэд 19:1–3). Ехова зүй ёсны уурандаа автан, Иехошафатын «сайн зүйлийг» харалгүй өнгөрөөгүй билээ. Биднийг төгс бус ч гэсэн Бурхан сайн талыг маань харж байдаг гэдгийг мэдэхээр тайвширдаггүй гэж үү?
«Уучлахад бэлэн» Бурхан
14. Нүгэл үйлдсэн үед сэтгэлийн ямар дарамттай болдог вэ? Яавал Ехова биднийг уучлах вэ?
14 Нүгэл үйлдсэн үед сэтгэлээр унах, ичих, өөрийгөө буруутгах зэргээс болоод, ахиад Еховад үйлчлэх ямар ч эрхгүй боллоо доо гэж бодогдож болох юм. Гэхдээ Ехова «уучлахад бэлэн» байдгийг санаарай (Дуулал 86:5). Тийм ээ, хэрэв бид нүглээ гэмшиж, дахин давтахгүй байхыг чармайвал Ехова биднийг уучилна. Бурхны хайрын энэ гайхамшигт талыг Библид хэрхэн дүрсэлдгийг авч үзье.
15. Ехова бидний нүглийг хэр холдуулдаг вэ?
15 Дуулалч Давид Еховагийн хэрхэн уучилдгийг хурцаар дүрслэн: «Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» хэмээн бичжээ (Дуулал 103:12). Өрнө дорноос хэр хол байдаг вэ? Дүрслэн хэлбэл, өрнө зүг дорно зүгээс үргэлж хамгийн хол байх бөгөөд энэ хоёр зүг хэзээ ч давхцахгүй. Энэ хэллэг нь «бидний төсөөлж болох хамгийн хол зай, байж болох хамгийн хол зай» гэсэн утгатай гэж нэгэн Библи судлаач эрдэмтэн тэмдэглэжээ. Бурхны онгодоор хөтлүүлэн Давидын бичсэн үг Ехова уучлахдаа нүглийг маань бидний төсөөлж л болох тийм алс газар холдуулдаг гэдгийг харуулдаг.
16. Ехова нүглийг маань уучилсан бол биднийг цэвэр гэж үздэг гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?
16 Та цайвар өнгийн хувцаснаас толбо арилгах гэж оролдож үзсэн үү? Яаж ч хичээгээд толбо бүрмөсөн арилахгүй байсан байж магадгүй. Тэгвэл Ехова: «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно» хэмээн хэрхэн уучилдгаа дүрсэлснийг нь анхаараарай (Исаиа 1:18). «Час улаан» бол их хурц өнгө гэсэн үг. * «Хүрэн улаан» бол даавуу буддаг их гүн өнгөнүүдийн нэг байжээ. Бид өөрийн хүчээр нүглийн толбыг хэзээ ч арилгаж чадахгүй. Харин Ехова час улаан юм уу хүрэн улаан өнгө шиг нүглийг ч цас шиг, эсвэл будаагүй ноос шиг цагаан болгож чадна. Тиймээс Ехова нүглийг маань уучилбал бид үлдсэн амьдралдаа нүглийн толботой явах нь гэж зовох хэрэггүй.
17. Ехова бидний нүглийг «нурууныхаа араар хаядаг» гэдэг ямар утгатай вэ?
17 Хезекиа үхлүүт өвчнөөсөө эдгэрээд, Еховад талархсан, сэтгэл хөдлөм дуундаа: «Миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан» гэж Бурханд хэлсэн байдаг (Исаиа 38:17). Дүрслэн хэлбэл, Ехова гэмшсэн хүний нүглийг араараа хаяад, дахин хардаг ч үгүй, санадаг ч үгүй байна. Нэгэн толь бичгийн дагуу энэ санааг: «Та [миний нүглийг] байгаагүй юм шиг болгов» гэж буулгаж болох ажээ. Энэ тайвшруулам санаа биш гэж үү?
18. Ехова нүглийг маань бүрмөсөн уучилдаг гэдгийг зөнч Мика хэрхэн илэрхийлсэн бэ?
18 Зөнч Мика Бурхны сэргээн босгох амлалтыг дамжуулахдаа Ехова гэмшсэн ард түмнээ уучилна гэдэгт итгэдгээ илэрхийлжээ. Тэрээр: «Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? [...] Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна» гэжээ (Мика 7:18, 19). Микагийн үеийн хүмүүст энэ үг ямар утгатай байсныг бодоод үз дээ. «Далайн гүн уруу» хаячихсан юмыг эргүүлж авах арга байсан уу? Тэгэхлээр Ехова нүглийг маань бүрмөсөн уучилдаг гэсэн санааг зөнч Микагийн үг илэрхийлдэг.
«Бидний... Бурхны энэрэл»
19, 20. а) «Өршөөл үзүүлэх», «өрөвдөх» гэж голдуу буудаг еврей хэлний үйл үг ямар утгатай вэ? б) Библид Еховагийн энэрлийг үрээ гэсэн эхийн сэтгэлтэй хэрхэн зүйрлэдэг вэ?
19 Еховагийн хайрын бас нэг тал нь энэрэл юм. Энэрэл гэж юу вэ? Энэрэх, өршөөх гэдэг Библийн ойлголт өөр хоорондоо нягт холбоотой. Еврей болон грек хэлний хэд хэдэн үг энэрэх гэсэн утга заадаг. Тухайлбал, еврей хэлний рахам гэдэг үйл үгийг «өршөөл үзүүлэх», «өрөвдөх» гэж голдуу хөрвүүлдэг. Ехова өөрийнхөө тухай хэлэхдээ ашигладаг энэ үг нь «хэвлий» гэдэг үгтэй холбоотой бөгөөд «эхийн энэрэл» гэж бууж болдог ажээ.
20 Библид Еховагийн энэрлийг үрээ гэсэн эхийн сэтгэлтэй зүйрлэдэг. Исаиа 49:15-д: «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй [рахам] байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй» гэж бичсэн байдаг. Эх хүн хөхүүл хүүхдээ асарч халамжлахаа мартана гэдэг санаанд багтамгүй хэрэг. Нялх хүүхдэд эхийнх нь анхаарал халамж өдөр шөнөгүй хэрэгтэй байдаг. Гэвч эх хүн, ялангуяа, энэ «хэцүү цагт» хүүхдэдээ тоомжиргүй ханддаг явдал мэр сэр сонсдох болсон нь тоогүй (2 Тимот 3:1, 3). Харин Ехова: «Би чамайг мартахгүй» гэж амласан билээ. Эх хүний нялх үрээ энэрэх сэтгэл бол хүмүүс бидний мэдэх хамгийн сайхан сэтгэл билээ. Гэхдээ Еховагийн үйлчлэгчдээ энэрэх сэтгэл түүнээс ч хэмжээлшгүй агуу юм.
21, 22. Израильчууд эртний Египетэд ямар байдалтай байсан бэ? Тэднийг хашхирахад Ехова хэрхэн хариулсан бэ?
21 Халамжит эцэг Ехова маань хэрхэн энэрдэг вэ? Эртний израильчуудтай харьцсан байдлаараа энэ чанараа тод харуулдаг. МЭӨ 16-р зууны эцэс гэхэд олон сая израиль хүн Египетийн харгис боолчлолд зовж байлаа (Египетээс гарсан нь 1:11, 14). Тэд зовж шаналахдаа Ехова уруу хашхирчээ. Энэрлийн Бурхан хэрхэн хариулсан бол?
22 Еховагийн зүрх шимширч: «Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, ...тэдний хашхирааныг сонслоо. ...Би тэдний зовлонг мэдсэн» гэж хэлжээ (Египетээс гарсан нь 3:7). Ехова ард түмнээ өрөвдөлгүй, зовохыг нь харахгүй, хашхирахыг нь сонсохгүй байж чадаагүй. Ехова бол өрөвч сэтгэлтэй Бурхан. Өрөвч сэтгэл буюу бусдын зовлонг хуваалцах чадвар бол энэрэлтэй нягт холбоотой чанар юм. Гэхдээ Ехова ард түмнээ зөвхөн өрөвдөөд орхилгүй, тэдний төлөө хөдөлжээ. Исаиа 63:9-д: «Өөрийн хайр, өршөөл [«энэрэл», ШЕ] дотор Тэр тэднийг аварсан» гэж өгүүлжээ. Бурхан «хүчит гараар» израильчуудыг Египетээс чөлөөлсөн (Дэд хууль 4:34). Дараа нь тэдэнд гайхамшгаар хоол өгч, тэднийг үржил шимтэй нутагт хүргэсэн.
23. а) Ехова хүн нэг бүрд их санаа тавьдаг гэдгийг дуулалчийн үг хэрхэн баталдаг вэ? б) Ехова ямар ямар аргаар бидэнд тусалдаг вэ?
23 Ехова ард түмнээ нийтэд нь л энэрдэг юм биш ээ. Халамжит Бурхан маань хүн нэг бүрд их санаа тавьдаг. Бидэнд ямар ч зовлон тулгарсан үргэлж анхаарч байдаг. Дуулалч: «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг. ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг» хэмээн дуулжээ (Дуулал 34:15, 18). Ехова хүн нэг бүрд хэрхэн тусалдаг вэ? Тэрээр бидэнд учирдаг зовлонгийн шалтгааныг заавал арилгах албагүй. Гэхдээ өөрт нь хандан, тусламж гуйдаг хүмүүст хэрэгтэй бүхнийг элбэг дэлбэг хангаж өгсөн. Тухайлбал, Бурхны Үг гойд үр дүнтэй, практик ач холбогдолтой зөвлөгөө өгдөг. Түүнчлэн, энэрлийн Бурхныг дуурайн, бусдад туслахыг чармайдаг сүнслэгээр төлөвшсөн харгалзагчдыг хурлаар дамжуулан өгдөг (Иаков 5:14, 15). Мөн, Ехова «залбирлыг сонсдог» бөгөөд «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгдөг» (Дуулал 65:2; Лук 11:13). Энэ бүхэн бол «бидний... Бурхны энэрлийн» илрэл билээ (Лук 1:78, ШГ).
24. Та Еховагийн хайрыг хэрхэн хариулж болох вэ?
24 Тэнгэрийн Эцэг маань биднийг хичнээн их хайрладгийг эргэцүүлэн бодохоор сэтгэл хөдөлж байгаа биз дээ? Ехова хүч, шударга чанар, мэргэн ухаанаа бидний л тусын тулд хайрын сэтгэлээс илэрхийлдгийг бид өмнөх өгүүллээр хэлэлцсэн билээ. Харин энэ өгүүллээр Ехова хүн төрөлхтнийг ч, хүн нэг бүрийг ч хайрладгаа хосгүй аргаар хэрхэн илэрхийлснийг авч үзлээ. Тиймээс одоо хүн бүр: «Би Бурхны хайрыг хэрхэн хариулах вэ?» гэж өөрөөсөө асуух учиртай. Еховаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун! (Марк 12:29, 30). Түүнд улам илүү ойртох чин хүслээ өдөр тутмын амьдралаараа харуулаарай. Тэр чигээрээ хайр болсон Ехова Бурхан ч бас танд улам илүү ойртож, үүрдийн анд нөхөр тань болох болтугай! (Иаков 4:8).
[Зүүлт]
^ Час улаан будаг «арилдаггүй буюу ганддаггүй байв. Тийм будгаар будсан бөс даавууг шүүдэрт тавьж, бороонд норгоход ч, угаахад ч, удаан эдэлж хэрэглэсэн ч будаг нь арилдаггүй байжээ» гэж нэгэн судлаач үзжээ.
Санаж байна уу?
• Хайр бол Еховагийн хамгийн гол чанар гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
• Ехова Хүүгээ илгээн, бидний өмнөөс зовлон эдлүүлж, үхүүлсэн нь бүхий л түүхэн дэх хайрын хамгийн агуу үйл гэж болохын учир юу вэ?
• Ехова хүн нэг бүрийг хайрладгаа хэрхэн батлан хэлдэг вэ?
• Ехова уучилдгийг Библид хэрхэн хурцаар дүрсэлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]