Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өдөр ойртож байгаа тул бид хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

Еховагийн өдөр ойртож байгаа тул бид хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

Еховагийн өдөр ойртож байгаа тул бид хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

«[Ехова] Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг» (2 ПЕТР 3:9).

1, 2. а) Ехова өнөөдөр хүмүүст хэрхэн ханддаг вэ? б) Ямар ямар асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй вэ?

 ЕХОВАГИЙН үйлчлэгчид «бүх үндэстнийг дагалдагч болгох» даалгавартай (Матай 28:19). Бид энэхүү даалгавраа биелүүлэн, Еховагийн «агуу өдрийг» хүлээхдээ хүмүүст Ехова хэрхэн ханддаг шиг хандах хэрэгтэй (Зефаниа 1:14). Тэгвэл Бурхан хүмүүст хэрхэн ханддаг вэ? Энэ асуултад элч Петр: «Эзэн [«Ехова», ШЕ] удаашралыг тооцдог зарим хүний боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг» гэж хариулсан (2 Петр 3:9). Тийм ээ, Бурхан хүн болгоныг гэмших боломжтой гэж үздэг. «Тэрээр бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тимот 2:4). Ехова «хорон муу хүнийг замаасаа эргэж, амьдрахад» нь туйлын их баярладаг (Езекиел 33:11).

2 Бид ч гэсэн хүмүүст Ехова хэрхэн ханддаг шиг ханддаг уу? Бурхны адилаар, арьс өнгө, үндэстэн бүрийн хүмүүсийг «Түүний бэлчээрийн хонин сүрэг» болох боломжтой гэж үздэг үү? (Дуулал 100:3; Үйлс 10:34, 35). Бурхных шиг хандлагатай байхын чухлыг харуулсан хоёр явдлыг авч үзье. Энэ хоёр явдлын аль алинд Бурхан хүмүүсийг устгах гэж байсан бөгөөд үүнийг үйлчлэгчид нь урьдаас мэдэж байв. Эдгээр нь эдүгээ Еховагийн агуу өдрийг хүлээж байгаа бидэнд онцгой ач холбогдолтой юм.

Абрахам Еховагийнх шиг хандлагатай байсан

3. Ехова, Содом Гоморра хоёр хотын оршин суугчдыг хэрхэн үзсэн бэ?

3 Эхний явдал Бурхны үнэнч үйлчлэгч Абрахам болон ёс бус Содом Гоморра хотуудтай хамаатай юм. Ехова «Содом Гоморра хоёрын талаар дургүйлхэн хашхирахыг» (ШЕ) сонсмогцоо хоёр хотыг оршин суугчидтай нь тэр дор нь устгаагүй билээ. Бурхан эхлээд байдлыг шалгаж үзсэн (Эхлэл 18:20, 21). Хоёр тэнгэр элчийг Содом уруу илгээсэнд тэд зөвт хүн Лотын гэрт буудаллав. Тэнгэр элчүүдийг тэнд ирсэн үдэш хотын эрчүүд «хөгшин залуугүй бүгдээрээ» тэдэнтэй бэлгийн харьцаанд орохыг хүсэн, «дөрвөн зүгээс цугларч, гэрийг нь бүсэлжээ». Ужид явдалтай тэр хотын хүмүүсийг устгавал зохих байлаа. Гэсэн ч тэнгэр элчүүд Лотод: «Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга» гэж хэлдэг. Ехова тэр хотын зарим хүнд аврагдах боломж олгосон ч, эцсийн эцэст Лот хоёр охинтойгоо л амьд гарсан юм (Эхлэл 19:4, 5, 12, 16, 23–26).

4, 5. Ямар учраас Абрахам Содом хотын оршин суугчдын төлөө Бурхнаас гуйсан бэ? Абрахам хүмүүст Ехова хэрхэн ханддаг шиг ханддаг байсан уу?

4 Тэгвэл одоо, Бурхан Содом Гоморра хоёр хотын байдлыг шалгах санаагаа илчилсэн үеийг эргэн саная. Чухам тэр үед Абрахам: «Тэр хотод хэрэв зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү? Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! [«байдаг», ШЕ]. Газар дэлхийг Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү?» хэмээн гуйжээ. Еврей эх бичигт Абрахам: «Ийм зүйл хийх нь Танаас хол байдаг» гэж хоёр удаа хэлсэн байдаг. Ехова зөвт хүнийг ёс бус хүнтэй хамтад нь устгадаггүй гэдгийг Абрахам туршлагаасаа мэддэг байсан. Тэгэхэд нь Ехова «Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол» устгахгүй гэдгээ хэлэхэд Абрахам тавийг арав болтол бага багаар бууруулсан (Эхлэл 18:22–33).

5 Абрахамын гуйлт, өөрийнх нь үзэл бодолтой нийцэхгүй байсан бол Ехова сонсох байсан болов уу? Үгүй гэдэг нь тодорхой. Абрахам «Бурхны анд нөхөр» байсны хувьд, Ехова хүмүүст хэрхэн ханддагийг мэддэг бөгөөд өөрөө ч тийн ханддаг байсан нь гарцаагүй (Иаков 2:23). Ехова Содом Гоморра хотуудыг хэрхэхээ шийдэхдээ Абрахамын гуйлтыг дуртайяа харгалзан үзсэн. Яагаад гэвэл, бидний тэнгэрийн Эцэг «хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг».

Ионагийн тэс өөр хандлага

6. Ионагийн үгийг Ниневе хотынхон хэрхэн хүлээж авсан бэ?

6 Харин одоо хоёр дахь явдлыг буюу Ионагийн тухай авч үзье. Энэ удаад устгагдах ёстой хот нь Ниневе байлаа. Зөнч Иона тэр хотынхны ёс бус явдал «[Еховагийн] өмнө илэрхий гарч ирснийг» мэдэгдэх ёстой болжээ (Иона 1:2). Ниневе бол захыг нь оролцуулаад «гурван өдрийн турш алхаж туулахаар» том хот байв. Иона арайхийн дуулгавартай болж, Ниневед ирээд, «Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно» гэж тунхаглаж эхлэв. Тэгэхэд нь «Ниневегийн ард түмэн Бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж, ...таар өмсөв». Ниневегийн хаан нь хүртэл гэмшжээ (Иона 3:1–6).

7. Ехова гэмшсэн ниневечүүдэд хэрхэн хандсан бэ?

7 Ниневегийн хүмүүс Содом хотынхныхоос эрс өөр хандлагатай байсан! Ехова гэмшсэн ниневечүүдэд хэрхэн хандсан бэ? «Бурхан... тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ» гэж Иона 3:10-т тэмдэглэжээ. Ехова «бодлоо зөөлрүүлсэн» буюу ниневечүүдийг замаа өөрчлөхийг үзээд тэдэнд өөрөөр хандах болсон. Бурхан хэм хэмжээгээ өөрчлөөгүй ч, тэдний гэмшихийг хараад шийдвэрээ эргэн харсан юм (Малахи 3:6).

8. Иона яагаад уруу царайлсан бэ?

8 Иона Ниневе устгагдахгүй нь гэдгийг ойлгоод, тухайн байдалд Еховагийн үзлээр хандсан уу? Үгүй гэж хэлж болно. Учир нь: «Иона үүнийг ихэд таашаасангүй. Тэр уурлав» гэж бичсэн байдаг. Тэгээд яасан бэ? Библид цааш нь: «ЭЗЭНд залбирч: „ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас үүнээс урьтаж Таршиш уруу зугтсан билээ“» хэмээснийг бичжээ (Иона 4:1, 2). Иона Еховагийн чанаруудыг мэддэг байсан ч тэр үед уруу царайлж, гэмшсэн ниневечүүдэд Бурхан хэрхэн хандсан шиг хандаагүй юм.

9, 10. а) Ехова Ионад ямар сургамж өгсөн бэ? б) Иона эцэст нь ниневечүүдэд Ехова хэрхэн ханддаг шиг хандах болсон гэж дүгнэхийн учир юу вэ?

9 Иона Ниневе хотоос гаран, «сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув». Ехова Ионаг сүүдэрт сууг гээд ургамал ургуулжээ. Гэвч маргааш нь өнөөх ургамал хатчихжээ. Ионаг үүнд уурласанд Ехова: «Чи... ургамлыг өрөвдсөн билээ. Асар олон амьтан мэт, баруун зүүн гарынхаа хоорондхыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү?» хэмээн хэлжээ (Иона 4:5–11). Ехова хүмүүст хэрхэн ханддаг тухайд Иона ямар том сургамж аваа вэ!

10 Бурхан Ниневегийн хүмүүсийг гэмшихэд нь өрөвдсөнөө хэлэхэд Иона үүнийг хэрхэн хүлээж авснаа Библид бичээгүй. Гэхдээ зөнч гэмшсэн ниневечүүдэд өөрөөр ханддаг болсон нь лавтай. Ехова түүнд онгод оруулан, уг явдлын тухай бичүүлснээс үзвэл ийнхүү дүгнэж болно.

Та хүмүүст хэрхэн ханддаг вэ?

11. Өнөөгийн хүмүүст Абрахам хэрхэн хандах байсан бэ?

11 Өнөөдөр бидний өмнө бас нэгэн устгал тулж ирээд байна. Энэ бол Еховагийн агуу өдрөөр өнөөгийн ёс бус тогтолцоог устгах явдал юм (Лук 17:26–30; Галат 1:4; 2 Петр 3:10). Удахгүй устах гэж буй энэ ертөнцөд амьдардаг хүмүүст Абрахам хэрхэн хандах байсан бол оо? «Хаанчлалын [тухай] сайн мэдээг» хараахан сонсоогүй хүмүүст санаа тавих байсан биз ээ (Матай 24:14). Абрахам Содомд байж магадгүй зөвт хүмүүсийн төлөө Бурхнаас олон удаа гуйсан. Харин бид, нүглээ гэмшиж, Бурханд үйлчлэх боломж олдсон бол Сатаны гарт буй энэ ертөнцийн замаас татгалзах хүмүүст санаа тавьдаг уу? (1 Иохан 5:19; Илчлэлт 18:2–4).

12. Дэлгэрүүлж явахдаа таардаг хүмүүст Ионагийнх шиг хандлагаар ханддаг болох яагаад амархан бэ? Үүний эсрэг яах хэрэгтэй вэ?

12 Ёс бус байдал хурдан төгсөөсэй гэж хүсэх нь зүйн хэрэг (Хабаккук 1:2, 3). Гэхдээ гэмшиж магадгүй хүмүүст санаа тавиагүй Ионагийнх шиг хандлагатай болоход амархан. Ялангуяа, Хаанчлалын тухай мэдээ тунхаглан айлаар явахдаа хайхрамжгүй, сөргөлдсөн байдлаар, тэр байтугай, дайсагнасан өнгөөр ханддаг хүмүүстэй үргэлж тааралддаг бол бүр ч амархан. Эд юмсын энэхүү ёс бус тогтолцооноос Еховагийн ялган авах хүмүүсийг бид хайхрахаа больж магадгүй юм (Ром 2:4). Өөрийгөө сайтар шалгаад үзтэл Иона ниневечүүдэд эхлээд хэрхэн хандсан шиг хандлага өчүүхэн ч атугай байгааг мэдвэл Еховагийнх шиг үзэл бодолтой болохын тулд туслахыг гуйн, залбирах хэрэгтэй.

13. Ехова өнөөдөр хүмүүст санаа тавьдаг гэж хэлж болохын учир юу вэ?

13 Ехова үйлчлэгч нь хараахан болоогүй хүмүүст ч санаа тавьдаг бөгөөд өөрт нь өөрийгөө зориулсан хүмүүсийн гуйлтыг сонсдог (Матай 10:11). Тухайлбал, залбирлынх нь хариуд «тэдний төлөө шударга ёсыг тогтооно» (Лук 18:7, 8, ШЕ). Түүнээс гадна, Ехова амлалтаа, санаа зорилгоо бүгдийг нь товлосон цаг нь болохоор биелүүлнэ (Хабаккук 2:3). Ингэхдээ Ниневегийн оршин суугчдыг нүгэлт байдалд дахин орсных нь дараа устгасан шигээ дэлхийгээс ёс бус бүхнийг арилгах болно (Нахум 3:5–7).

14. Бид Еховагийн агуу өдрийг хүлээхдээ юу хийх ёстой вэ?

14 Еховагийн агуу өдрөөр эд юмсын энэхүү ёс бус тогтолцоог устгатал бид тэвчээртэй хүлээн, Бурхны хүсэл тааллыг хамаг чадлаараа биелүүлсээр байх уу? Еховагийн өдрийг ирэхээс өмнө дэлгэрүүлэх ажлыг хэдий хэмжээнд хийхийг бид нарийн ширийн мэдэхгүй ч, төгсгөл болохоос өмнө дэлхийн, хүн суудаг хязгаар хүртэл, Еховаг боллоо гэж үзэх хүртэл Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлнэ гэдгийг мэддэг. Гэрээ алдраар дүүргэхээр Еховагийн цуглуулах «үнэтэй зүйлсэд» бид санаа тавих ёстой (Хаггаи 2:7, ШЕ).

Бидний хандлага үйл хэргээр маань илэрдэг

15. Дэлгэрүүлэх ажлын чухлыг улам гүнзгий ойлгоход юу туслах вэ?

15 Манай нутагт хүмүүс дэлгэрүүлэх ажлыг маань нааштай хүлээж авдаггүй, тэгтэл бидэнд дэлгэрүүлэгч дутагдалтай газар нүүх боломж байхгүй байж болох юм. Төгсгөл болохоос өмнө манай нутгаас аравхан хүн олдох учиртай байжээ гэж бодъё. Тэр арван хүнийг хайх хэрэгтэй гэж бид үздэг үү? Есүс «хүмүүсийг... өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Матай 9:36). Библи судалж, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн өгүүллийг анхааралтай уншвал хүмүүст ямар зовлон бэрхшээл тулгардгийг илүү сайн ойлгоно. Энэ нь сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын чухлыг улам гүнзгий ухааруулдаг. Түүнээс гадна, «итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан өгсөн, Библид үндэслэсэн материалыг талархан хүлээн аваад, ашиглавал тогтмол боловсруулдаг хэсэгт дэлгэрүүлэхдээ итгүүлэн үнэмшүүлэх чадвар маань сайжирна (Матай 24:45–47; 2 Тимот 3:14–17).

16. Дэлгэрүүлэх ажлаа яаж илүү үр дүнд хүргэж болох вэ?

16 Амь өгөх мэдээг маань хүлээж авч магадгүй хүмүүст санаа тавьдаг бол дэлгэрүүлэх ажлын цагийн хуваариа уян хатан байлгаж, хүмүүстэй яриа өрнүүлэхдээ янз бүрийн арга ашиглах хүсэл төрдөг. Айлаар явахад олон хүн гэртээ байдаггүй бол яах вэ? Дэлгэрүүлдэг цаг болон газраа өөрчилснөөр илүү үр дүнд хүрч болно. Загасчид загас баригддаг цагаар л засагчилдаг биз дээ. Тэгэхлээр бид ч мөн адил сүнслэг загас барих ажилдаа тийн хандаж болохгүй юу? (Марк 1:16–18). Оройн цагаар юм уу, эсвэл утсаар дэлгэрүүлэхийг зөвшөөрдөг газар утсаар дэлгэрүүлж яагаад болохгүй гэж? Машины зогсоол, шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо зэргийн газраар «загас» олон байдгийг зарим дэлгэрүүлэгч анзаарчээ. Хэрэв бид хүмүүст Абрахам хэрхэн ханддаг байсан шиг ханддаг бол албан бусаар дэлгэрүүлэх боломжийг алдахгүй.

17. Гадаадад үйлчилдэг миссионер болон бүрэн цагаар үйлчилдэг бусад итгэл нэгтнүүддээ хэрхэн урам хайрлаж болох вэ?

17 Хаанчлалын тухай мэдээ дуулаагүй сая сая хүн байгаа. Дэлгэрүүлэх ажил хийлгүй, гэртээ сууж байхдаа ч тийм хүмүүст санаа тавьж болно шүү дээ. Гадаадад үйлчилдэг миссионер юм уу бүрэн цагийн үйлчлэгч хүмүүсийг таних уу? Таньдаг бол, тэдэнд ажил хөдөлмөрийг нь үнэлсэн захидал бичиж болно. Тэдэнд захидал бичих нь хүмүүст санаа тавихтай ямар холбоотой вэ? Миссионерүүдэд урам хайрласан, магтан сайшаасан захидал бичвэл тэд томилогдсон газраа үйлчлэлээ үргэлжлүүлэн, үнэнийг мэдэхэд нь улам олон хүнд тусалж чадна (Шүүгчид 11:40). Түүнээс гадна, өөр улс оронд байгаа миссионерүүд болон үнэнээр өлсдөг хүмүүсийн төлөө залбирч болно (Ефес 6:18–20). Санаа тавьдгаа харуулах өөр нэг арга бол Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины үйл хэрэгт хандив өргөх явдал юм (2 Коринт 8:13, 14; 9:6, 7).

Та нүүж чадах уу?

18. Зарим Гэрч Хаанчлалын үйл хэргийг нутагтаа өргөжүүлэхийн тулд юу хийдэг вэ?

18 Дэлгэрүүлэгч дутагдалтай газар нүүж очсон Гэрчүүд өөрийгөө золиослон, хүчин чармайлт гаргасныхаа төлөө Еховагаас арвин их ивээл хишиг хүртдэг. Нөгөөтэйгүүр, нутагтаа үлдээд, гадаад хэл сурч, цагаачлан ирсэн хүмүүст туслахыг хичээдэг Гэрчүүд байдаг. Ийм чармайлт ч мөн шагнал авчирдаг. Жишээлбэл, АНУ-ын Техас мужийн нэгэн хотын долоон Гэрч хятад хүмүүст тусалдаг бөгөөд 2001 онд Есүсийн үхлийг Дурсах үдэшлэгт 114 хүн урьж ирүүлжээ. Тийм ээ, харь хэлтэй хүмүүст тусалдаг дэлгэрүүлэгчдийн талбай ургац хураахад бэлэн болжээ (Матай 9:37, 38).

19. Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг өргөжүүлэхээр гадаадад нүүхээр бол яах нь зүйтэй вэ?

19 Та болон танай гэрийнхэн дэлгэрүүлэгч дутагдалтай газар нүүж очих боломжтой гэж үзэж болох юм. Гэхдээ мэдээж, эхлээд «суугаад, зардлыг нь тооцоолох» нь ухаалаг хэрэг болно (Лук 14:28). Ялангуяа, өөр улс уруу нүүх гэж байгаа бол бүр ч тооцоолох хэрэгтэй. Ийм боломж эрэлхийлж байгаа хэн боловч: «Би очсон газраа гэр бүлээ тэжээж чадах уу? Тохирох виз авч чадах уу? Очих улсынхаа хэлээр ярьдаг уу, эсвэл очоод сурч чадах уу? Цаг агаар, соёлыг нь судалж үзсэн үү? Очих газрынхаа итгэл нэгтнүүддээ яршиг төвөг удалгүй, үнэхээр „түшиг тулгуур болж“ чадах уу?» гэх зэргийн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй (Колоссай 4:10, 11, ШЕ). Таны нүүхээр бодож байгаа улсад дэлгэрүүлэгч хэр зэрэг шаардлагатай байгааг мэдэхийн тулд Еховагийн Гэрчүүдийн, тухайн улсыг хариуцдаг салбарт хандаж, захиа бичих нь зүйтэй. *

20. Нэг залуу Гэрч өөр орны итгэл нэгтнүүд болон Гэрч бус хүмүүст туслахын тулд бололцоогоо хэрхэн дайчилсан бэ?

20 Японд Хаанчлалын танхим барих ажилд оролцсон нэг Гэрч Парагвайд танхим барих ажилд туршлагатай хүмүүс хэрэгтэй байгааг дуулжээ. Ганц бие байсны дээр, залуу насныхаа хүч чадлыг ашиглахаар тэр улс уруу нүүж, уг барилга дээр ганцаараа бүрэн цагийн барилгачнаар үйлчлэн, найман сар ажиллажээ. Ажиллах хугацаандаа испани хэл сурч, сонирхогч хүмүүст Библийн хичээл заадаг байв. Тэнд дэлгэрүүлэгч үнэхээр дутагдалтай байгааг ойлгожээ. Япондоо буцаж ирсэн ч, удалгүй дахин Парагвай явж, өөрөө барьсан танхимдаа хүмүүс урьдаг болжээ.

21. Еховагийн агуу өдрийг хүлээхдээ ямар ажилд идэвхтэй оролцож, хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

21 Бурхан хүсэл тааллынхаа дагуу дэлгэрүүлэх ажлыг гүйцэд хийлгэх болно. Өнөөдөр Бурхан сүнслэг ургац хураах ажлын эцсийн үе шатыг хурдасгаж байна (Исаиа 60:22). Еховагийн өдрийг хүлээхдээ ургацын ажилд идэвхтэй оролцож, хүмүүст халамжит Бурхан маань хэрхэн ханддаг шиг хандаж байцгаая.

[Зүүлт]

^ Дэлгэрүүлэх ажлыг хориглосон буюу хязгаарласан улс орон уруу нүүх нь тийм ч тустай хэрэг биш юм. Энэ нь орон нутгийнхаа нөхцөлийг мэддэг хашир дэлгэрүүлэгчдэд харин ч төвөг учруулж магадгүй.

Та санаж байна уу?

Бид Еховагийн өдрийг хүлээхдээ хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?

Содомд байж магадгүй зөвт хүмүүст Абрахам хэрхэн хандсан бэ?

Иона Ниневегийн гэмшсэн хүмүүст хэрхэн хандсан бэ?

Сайн мэдээ дуулаагүй хүмүүст Ехова хэрхэн ханддаг шиг ханддагаа хэрхэн харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]