Та Еховагийн өдрийг хүлээдэг үү?
Та Еховагийн өдрийг хүлээдэг үү?
«Та нар биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийхдээ ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, Еховагийн өдрийн байх үеийг хатуу санаж, хүлээгтүн!» (2 ПЕТР 3:11, 12, ШЕ).
1, 2. Еховагийн өдрийг хүлээхийг жишээгээр хэрхэн дүрсэлж болох вэ?
НЭГ айл хоолонд урьсан зочдоо хүлээж байх юм. Зочид хариугүй ирэх нь ээ. Эзэгтэй бүх ажлаа амжиж дуусгах гээд зав алга. Нөхөр, хүүхдүүд нь ажлаа жин тан болгоход нь тусалж байна. Бүгд л сэтгэл нь хөдөлчихсөн. Тийм ээ, энэ айлынхан бүгдээрээ зочдоо тэсэн ядан хүлээж, амттай хоол хамтдаа зооглон, андын нөхөрлөлийн сайхныг мэдрэх гэж догдлон байна.
2 Христианууд бид хавьгүй чухал нэгэн зүйлийг хүлээж байна. Юу билээ? Бид бүгдээрээ «Еховагийн өдрийг» хүлээж байна! Энэ өдрийг иртэл, «Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурхныг хүлээнэ» хэмээсэн зөнч Мика шиг байх хэрэгтэй (Мика 7:7). Энэ нь гар хумхиад зүгээр сууна гэсэн үг үү? Үгүй ээ, хийх ажил их байна.
3. 2 Петр 3:11, 12-ын дагуу христианууд Еховагийн өдрийг хэрхэн хүлээх ёстой вэ?
3 Яаж хүлээх ёстойгоо ойлгоход элч Петрийн зөвлөгөө тусалдаг. Тэрээр: «Та нар биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийхдээ ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, Еховагийн өдрийн байх үеийг хатуу санаж, хүлээгтүн!» хэмээжээ (2 Петр 3:11, 12). Энд асуулт биш, анхааруулах өгүүлбэр байгааг анзаараарай. Петр Бурхны онгодоор хөтлүүлэн, хоёр захидал бичихдээ христианууд ямар хүмүүс байх ёстойг тодорхойлжээ. Түүнээс гадна, «биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийдэг» байхыг тэдэнд сануулжээ. Есүс Христ «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үед» (ШЕ) ямар шинж тэмдэг байхыг мэдэгдсэнээс хойш 30 орчим жил өнгөрөөд байсан ч христианууд сонор сэрэмжээ сулруулах учиргүй байв (Матай 24:3). Харин Еховагийн өдрийг «хатуу санаж, хүлээх» ёстой байсан.
4. Еховагийн өдрийг «хатуу санах» гэдэг юу гэсэн үг вэ?
4 «Хатуу санах» гэж орчуулсан грек үгийг шууд утгаар нь «түргэлүүлэх» гэж буулгадаг ажээ. Бид Еховагийн өдрийг «түргэлүүлж» чадахгүй нь ойлгомжтой. Үнэнийг хэлэхэд, Есүс Христ Эцгийнхээ дайснуудыг шүүхээр ирэх «тэр өдрийг ч, цагийг ч» бид мэдэхгүй шүү дээ (Матай 24:36; 25:13). «Түргэлүүлэх» гэдэг үйл үг нь «„яарах“ гэсэн утгатай учраас „ямар нэг зүйлд идэвх зүтгэлтэй байх, идэвх гаргах, санаа зовох гэсэн санаатай нягт холбоотой“» гэж нэгэн лавлах бичигт тайлбарлажээ. Тиймээс «Шинэ ертөнцийн орчуулга»-ын энэ зүйлийн зүүлтэд бичсэнээр, Петр итгэл нэгтнүүдээ Еховагийн өдрийг «оргилсон сэтгэлээр хүсэхийг» уриалжээ. Тэр өдрийг үргэлж санаж байж л тийн хүсэх байв (2 Петр 3:12). Еховагийн «агуу, аймшигт өдөр» улам ойртсон энэ үед бид ч гэсэн тийм л сэтгэлтэй байх ёстой (Иоел 2:31).
«Биеэ ариунаар авч яван» хүлээгтүн
5. Еховагийн өдрийг үзэхийг «оргилсон сэтгэлээр хүсдэгээ» хэрхэн харуулах вэ?
5 Хэрэв бид Еховагийн өдрийг эсэн мэнд давж гарахыг «оргилсон сэтгэлээр хүсдэг» бол энэ хүслээ «биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийж» харуулах хэрэгтэй. «Биеэ ариунаар авч явах» гэдэг үг нь «дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгний адил бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл: „Би ариун учраас та нар ариун байгтун“ гэж бичигдсэн юм» хэмээн Петрийн захисныг мөн сануулдаг (1 Петр 1:14–16).
6. Ариун байхын тулд яах ёстой вэ?
6 Ариун байхын тулд бие махбод, оюун санаа, ёс суртахуун болон сүнслэгээр үргэлж цэвэр байх ёстой. Еховагийн нэрийг авч явдаг хүмүүсийн хувьд бид ариун байдлаа хадгалж, Еховагийн өдөрт бэлддэг үү? Энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээ хэлбэрэлтгүй уруудсаар байгаа учир Бурхны нүдэнд ариун байх амаргүй болоод байна (1 Коринт 7:31; 2 Тимот 3:13). Бидний баримталдаг ёс суртахууны хэм хэмжээ болон ертөнцийнхний хэм хэмжээний хоорондох зааг улам тодорч байна уу? Хэрэв үгүй бол, санаа зовох хангалттай шалтгаан байна. Баримталдаг хэм хэмжээ маань ертөнцийн хүмүүсийнхтэй харьцуулахад өндөр ч, бас л уруудаж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол Бурханд таалагдахын тулд яаралтай арга хэмжээ авч, засах хэрэгтэй.
7, 8. а) «Биеэ ариунаар авч явахын» чухлыг хэрхэн мартаж болох вэ? б) Залруулах ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
7 Интернэтэд порно сайт бий болж, ганцаараа үзэх нөхцөл бүрдсэнээр өмнө нь тийм садар самууныг сурталчилсан материал үзэх бололцоогүй байсан хүмүүс одоо «сексийн хүслээ хангах шавхагдашгүй боломжтой» болжээ гэж нэгэн эмч хэлжээ. Хэрэв бид Интернэтээс тийм сайт үздэг болсон бол «бузар юманд бүү хүрэгтүн» гэж Библид тушаасныг үл тоомсорлож байгаа нь гарцаагүй (Исаиа 52:11). Тэгвэл бид Еховагийн өдрийг хатуу санаж чадах уу даа? Эсвэл оюун санаандаа хир буртаг суулгасан ч цэвэрлэж амжина гэж үзээд, тэр өдрийг хойшлуулан бодож байгаа юм биш биз? Хэрэв энэ талын бэрхшээл байвал, «Нүдийг маань хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд биднийг сэргээгээч» гэж Еховагаас даруйхан гуйх нь хичнээн чухал бэ! (Дуулал 119:37).
8 Хөгшин залуу гэлгүй, Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь Бурхны ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлан, энэ ертөнцийн садар самуунтай холбоотой, хорхой хүрэм зүйлээс зайлсхийдэг. Тэд амьдарч буй цаг үеийнхээ эгзэгтэйг болон Еховагийн өдөр нь «хулгайч мэт ирэх болно» хэмээн Петрийн анхааруулсныг ухамсарлаж, үргэлж «биеэ ариунаар авч явдаг» (2 Петр 3:10). Ийнхүү Еховагийн өдрийг «хатуу санаж, хүлээдгээ» үйл хэргээрээ баталдаг. *
«Бурханд үнэнч байдлын үйлс хийн» хүлээгтүн
9. Бурханд үнэнч байдал бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
9 Еховагийн өдрийг саная гэвэл «Бурханд үнэнч байдлын үйлс хийх» нь амин чухал. «Бурханд үнэнч байх» гэдэг нь Еховаг сүсэглэн хүндэтгэх буюу түүнд таалагддаг үйл хийхийг хүсэх явдал юм. Еховад үнэхээр хайртай бол тийн үнэнч байж болдог. Бурхан «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тимот 2:4). Мөн, «хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг» (2 Петр 3:9). Тиймээс, бид Бурханд үнэнч байхыг хүсдэг учраас Еховаг танин мэдэж, дуурайхад нь хүмүүст туслахыг илүү чармайдаг (Ефес 5:1).
10. «Эд баялгийн хуурамч байдлаас» болгоомжлох ёстойн учир юу вэ?
10 Хэрэв бид Хаанчлалыг эн тэргүүнд хайдаг бол амьдралд маань Бурханд үнэнч байдлын үйлс арвин их байх болно (Матай 6:33). Үүний тулд материаллаг зүйлд дүн нуруутай ханддаг байх хэрэгтэй. Есүс: «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» хэмээн анхааруулсан (Лук 12:15). Мөнгийг хайрласнаас болоод сүнслэгээр харалган болжээ гэж өөрийгөө төсөөлөхөд санаанд нэг л буухгүй байлаа ч «дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь [Бурхны] үгийг шахан зайлуулж» чадна гэдгийг анхаарах нь зүйтэй (Матай 13:22). Амьдралаа залгуулахад амаргүй байж болох юм. Тийм учраас, зарим газар амьдралаа сайжруулахын тулд гэр бүлээ орхиод, баян чинээлэг оронд хэдэн жил ажиллах хэрэгтэй гэж олон хүн үздэг. Бурхны ард түмний дунд ч тийм хүмүүс байдаг. Хүний нутагт очиж ажиллаад, гэрийнхнийгээ орчин цагийн боловсон байдлаар амьдруулж болох юм. Гэхдээ гэр бүлийнх нь сүнслэг байдал ямар болох вэ? Гэр бүлийн тэргүүний зөв удирдлага байхгүй бол тэд Еховагийн өдрийг эсэн мэнд давахад шаардлагатай сүнслэг байдлаа хадгалж чадах уу?
11. Ажил хийхээр гадаад явсан нэг хүн Бурханд үнэнч байдлын үйлс эд баялгаас илүү чухал гэдгийг хэрхэн харуулсан бэ?
11 Японд ажил хийхээр явсан нэгэн филиппин хүн Еховагийн Гэрчүүдийн тусламжтайгаар Библийн үнэнийг мэджээ. Судрын дагуу гэр бүлийн тэргүүн ямар хариуцлага хүлээдгийг, Еховаг таньж мэдэхэд нь гэрийнхэндээ туслах хэрэгтэйг ойлгосон байна (1 Коринт 11:3). Гэртээ үлдсэн эхнэр нь түүний шинэ итгэл үнэмшлийг эрс эсэргүүцэн, Библийн үнэнийг заах гэж харьж ирэхийн оронд ажлаа хийгээд, мөнгө явуулж байхыг хүсжээ. Гэсэн ч тэр эр цагийн байдлыг ойлгон, дотнын хүмүүстээ санаа тавихаар гэртээ харив. Гэрийнхэнтэйгээ сайн харьцах гэж тэвчээртэй байсан нь эцэстээ том шагнал болжээ. Хожим нь тэднийх гэр бүлээрээ Еховаг шүтдэг болж, эхнэр нь бүрэн цагийн үйлчлэгч болсон байна.
12. Сүнслэг асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавих ёстойн учир юу вэ?
12 Бидний байдлыг шатаж буй байшинд байгаа хүнийхтэй зүйрлэж болно. Юу юугүй нурах гэж байгаа шатаж буй байшингаас эд хогшлоо гаргая гэж сандран гүйх нь ухаалаг хэрэг байх уу даа? Үүний оронд, өөрсдийнхөө, гэрийнхнийхээ, бас байшинд байгаа бусад хүний амийг аврах нь хавьгүй чухал биш үү? Эд юмсын энэхүү тогтолцоо юу юугүй «нурах» гэж байгаа бөгөөд хүний амь дээсэн дөрөөн байна. Бид үүнийг ойлгоод, сүнслэг асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьж, Хаанчлалын тухай дэлгэрүүлэн, амь аврах ажилд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх нь гарцаагүй (1 Тимот 4:16).
Бид «толбогүй» байх хэрэгтэй
13. Еховагийн өдрийг ирэхэд бид ямар байхыг хүсэх ёстой вэ?
13 Еховагийн өдрийг үргэлж хүлээхийн чухлыг Петр тэмдэглэн: «Хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр [Бурханд] олдохыг хичээгтүн» гэж хэлсэн (2 Петр 3:14). Петр биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийхийг сануулаад зогсохгүй, эцэст нь Еховагийн нүдэнд, Есүсийн үнэтэй цусаар цэвэрлэгдсэн хүмүүс байхын чухлыг онцлон тэмдэглэжээ (Илчлэлт 7:9, 14). Үүний тулд Есүсийн золих тахилд итгэн, Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх шаардлагатай.
14. «Толбогүй» байх гэж юу гэсэн үг вэ?
14 «Толбогүй» байхын төлөө хамаг чадлаараа хичээхийг Петр уриалжээ. Бид биеэ авч явах байдал болон зан чанараа ертөнцөөр бузарлуулалгүй, христиан бэлэгдлийн хувцсаа толбогүй байлгадаг уу? Жишээ нь, хувцас маань толбо болбол бид тэр дор нь арилгадаг. Хэрэв дуртай хувцсанд маань толбо суусныг үзвэл бүр ч хянамгай ханддаг. Тэгвэл бидний христиан «хувцсанд» зан чанар болон биеэ авч явах байдлын дутагдлаас болоод толбо суухад дээрхтэй адил ханддаг уу?
15. а) Израильчууд хувцасныхаа өнцгүүдэд цацаг хийх ёстой байсан нь ямар учиртай вэ? б) Еховагийн орчин үеийн үйлчлэгчид ертөнцийнхнөөс ямар учраас ялгардаг вэ?
15 Израильчууд «хувцасныхаа өнцгүүдэд цацаг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийх» ёстой байсан. Ямар учраас? Еховагийн бүх тушаалыг санаж, биелүүлж, Бурхандаа «ариун байхын» тулд ажээ (Тооллого 15:38–40). Еховагийн орчин үеийн үйлчлэгчид бид Бурхны хууль, зарчмуудыг баримталдаг учраас ертөнцийнхнөөс ялгардаг. Жишээлбэл, ёс суртахууны хувьд цэвэр байж, цусыг ариун гэж хүндэтгэн, бүх төрлийн шүтээн шүтэхээс зайлсхийдэг (Үйлс 15:28, 29). Бузартахгүй байх хатуу шийдвэрийг маань олон хүн хүндэтгэдэг (Иаков 1:27).
Бид «гэм зэмгүй» байх хэрэгтэй
16. «Гэм зэмгүй» байхын тулд яах хэрэгтэй вэ?
16 Биднийг «гэм зэмгүй» байхыг Петр бас зөвлөжээ. Ийм боломж байдаг уу? Ер нь, хувцсанд тогтсон толбыг арчаад, угаагаад арилгаж болдог. Гэтэл хувцсаа «гэмтээх» буюу урвал нөхөхөд тийм ч амархан биш ээ. Элч Паул Филиппой хотын итгэл нэгтнүүддээ: «Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээ. Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн, дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй, Бурхны хүүхдүүд гэдгээ батлах юм» хэмээн сануулжээ (Филиппой 2:14, 15). Хэрэв бид энэхүү сануулгыг дагадаг бол гоморхол, маргаанаас зайлсхийн, Бурханд чин сэтгэлээсээ үйлчилнэ. Еховаг болон бусдыг хайрлах хайрандаа хөтлөгдөн, Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлнэ (Матай 22:35–40; 24:14). Түүнээс гадна, Бурхан болон Бурхны Үг Библийн тухай мэдэхэд нь хүмүүст туслах гэж сайн дураараа цаг заваа зориулдгийг маань ихэнх хүн ойлгохгүй байсан ч бид сайн мэдээг тунхагласаар байх болно.
17. Бид христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болохыг зорьж байгаа бол ямар сэтгэлтэй байх ёстой вэ?
17 Нэгэнт бид «гэм зэмгүй» байх хүсэлтэй болохоор аливаад хэрхэн ханддагаа магадлах нь зүйтэй. Эд хөрөнгө, эрх мэдэлтэй болох гэх зэргийн амин хувийн хүслээр бүхнийг хийдэг, ертөнцийн хүний хандлагыг бид орхисон билээ. Хэрэв бид христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болохыг зорьж байгаа бол сэтгэлээ цэвэр хэвээр нь хадгалж, Еховаг болон бусдыг хайрлах хайрандаа үргэлж автаж байцгаая. Сүнслэгээр төлөвшсөн эрчүүд Еховад болон итгэл нэгтнүүддээ баяр хөөртэйгээр, даруу сэтгэлээр үйлчлэхийг хүсэн, «харгалзагч болохыг эрмэлзэхийг» харахад сайхан байдаг (1 Тимот 3:1; 2 Коринт 1:24). Үнэхээр ч, ахлагчаар үйлчлэх шаардлага хангасан хүмүүс «сайн дураараа, ...хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, ...ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон», «Бурхны хонин сүргийг хариулдаг» (1 Петр 5:1–4).
Бид «амар амгалан дотор» байх хэрэгтэй
18. Еховагийн Гэрчүүд ямар ямар чанараараа алдартай вэ?
18 Эцэст нь Петр биднийг «амар амгалан дотор» байхыг зөвлөжээ. Энэ шаардлагын дагуу амьдрахын тулд Еховатай болон бусадтай эвтэй байх хэрэгтэй. «Бие биеэ халуунаар хайрлах» хийгээд итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байхын чухлыг Петр онцлон тэмдэглэсэн (1 Петр 2:17; 3:10, 11; 4:8; 2 Петр 1:5–7). Эвтэй байхын тулд бие биеэ хайрлах ёстой (Иохан 13:34, 35; Ефес 4:1, 2). Бидний хайр болон эв найр олон улсын чуулганы үеэр илэрхий байдаг. Жишээлбэл, 1999 онд Коста Рика улсад болсон чуулганы үеэр, онгоцны буудалд лангуун дээр худалдаа хийдэг нэг хүн орон нутгийнхаа Гэрчүүдэд дургүйцжээ. Учир нь тэндхийн Гэрчүүд зочид угтаж авахдаа лангууг нь санаандгүй хаагаад зогсчихож. Гэсэн ч хоёр дахь өдөр нь тэрээр нутгийн Гэрчүүд зочдыг танихгүй хэрнээ хайрын сэтгэлээр, эвтэй найртай, элгэмсэг халуунаар хүлээн авч буйг ажиглажээ. Зочин угтах сүүлийн өдөр өнөөх худалдаачин өөрөө ч зочдыг угтаж, Библийн хичээл хийх хүсэлтэйгээ хэлжээ.
19. Итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байх нь ямар учраас амин чухал бэ?
19 Сүнслэг ах эгч нартайгаа эвтэй байхыг чин сэтгэлээсээ хичээх нь Еховагийн өдөр болон амласан шинэ ертөнцийг хэр зэрэг хүлээдгийг маань харуулдаг (Дуулал 37:11; 2 Петр 3:13). Итгэл нэгт хэн нэгтэй эвтэй байж чаддаггүй гээд бодоод үзье. Тэгвэл тэр хүнтэйгээ Диваажинд эвтэй амьдарч байна гэж төсөөлж чадах уу? Хэрэв итгэл нэгтэнд маань бидний эсрэг ямар нэг юм байвал даруйхан «ах дүүтэйгээ эвлэрэх» ёстой (Матай 5:23, 24). Энэ нь Еховатай эвтэй байхад амин чухал юм (Дуулал 35:27, ШЕ; 1 Иохан 4:20).
20. Еховагийн өдрийг хүлээдгээ хэрхэн харуулж болох вэ?
20 Бид дор бүрдээ Еховагийн өдрийг «хатуу санаж, хүлээдэг» үү? Ёс бус бүхний төгсгөлийг үзэхсэн гэж «оргилсон сэтгэлээр хүсдэгээ» Сатаны ертөнцөд ч ариун байгаагаараа харуулж болно. Түүнээс гадна, Еховагийн өдрийг ирээсэй, Хаанчлалын засаглал дор амьдрахсан гэсэн чин хүсэл Бурханд үнэнч байдлын үйлсээр мөн харагддаг. «Амар амгалангийн» шинэ ертөнцөд амьдарна гэж хүсэн хүлээдэг учраас итгэл нэгтнүүдтэйгээ одоо ч эвтэй байхыг хичээдэг. Ийнхүү бид Еховагийн өдрийг «хатуу санаж, хүлээдгээ» харуулна.
[Зүүлт]
^ Жишээ болгон «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны нэгдүгээр сарын 1-ний дугаарын 16-р хуудас (англи), «Еховагийн Гэрчүүдийн 1997 оны жил тутмын ном»-ын 51-р хуудсыг (англи) үзнэ үү.
Та санаж байна уу?
• Еховагийн өдрийг «хатуу санах» гэж юу гэсэн үг вэ?
• Еховагийн өдрийг хүлээх нь биеэ авч явах байдлаар хэрхэн илэрдэг вэ?
• «Бурханд үнэнч байдлын үйлс хийх» нь ямар учраас амин чухал бэ?
• Еховад «амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр олдохын» тулд бид яах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]