«Үзэгтүн! Энэ бол бидний Бурхан байна»
«Үзэгтүн! Энэ бол бидний Бурхан байна»
Судлах хоёр өгүүллийг 2002—2003 онд дэлхий дахинд зохион байгуулсан, мужийн чуулганаар гарсан «Еховад ойртогтун» номд үндэслэн бичив. .. хуудсан дахь «Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэсэн» хэмээх богино өгүүллийг үзнэ үү.
«Үзэгтүн! Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН [«Ехова, ШЕ»]» (ИСАИА 25:9).
1, 2. а) Ехова Абрахамд хэрхэн хандсан бэ? Үүнээс үүдэн ямар асуулт урган гарч болох вэ? б) Бурхантай дотно харьцаа тогтоож болдгийг Библи хэрхэн батлан хэлдэг вэ?
«МИНИЙ НАЙЗ». Тэнгэр газрыг бүтээгч Ехова эрт цагийн хүн Абрахамд ийн ханджээ (Исаиа 41:8). Эгэл нэгэн хүн орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний найз болжээ гээд бодоод үз дээ! «Тэгвэл би ч гэсэн Бурхантай тийм дотно харьцаатай болж болох болов уу?» гэж та асууж магадгүй.
2 Бурхантай дотно харьцаа тогтоож болдгийг Библи батлан хэлдэг. «Абрахам Бурханд итгэсэн» учраас тийм дотно харьцаатай болсон ажээ (Иаков 2:23). Өнөөдөр ч гэсэн Ехова «цэх шулуун хүнтэй дотно байдаг» (Сургаалт үгс 3:32). Иаков 4:8-д: «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж уриалдаг. Еховад ойртох алхам хийвэл тэрээр биднийг угтан тосох нь лавтай. Тийм ээ, тэрээр бидэнд заавал ойртоно. Гэхдээ дээр дурдсан үг нүгэлтэй, төгс бус хүмүүс бид өөрсдөө анхны алхмыг хийдэг гэсэн утгатай юу? Үгүй гэдэг нь тодорхой. Халамжит Бурхан маань хоёр чухал алхам хийсний ачаар л бидэнд Еховатай «дотно харьцаа» тогтоох боломж олдсон билээ (Дуулал 25:14, ШЕ).
3. Өөртэй нь анд нөхөр болох боломж бидэнд нээхийн тулд Ехова ямар хоёр алхам хийсэн бэ?
3 Нэгдүгээрт, Ехова Есүсийн «амийг олны төлөө золиос болгон өгөх» арга хэмжээ авсан (Матай 20:28). Тэрхүү золих тахилын ачаар бид Бурханд ойртох боломжтой болсон. Библид: «Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» хэмээсэн байдаг (1 Иохан 4:19). Тийм ээ, «эхлээд [Бурхан] биднийг хайрласан» тул өөртэй нь анд нөхөр болох үндсийг тэр өөрөө тавьсан юм. Хоёрдугаарт, Ехова өөрийгөө бидэнд илчилсэн. Ер нь аливаа нөхөрлөл нөгөө хүнээ сайн танин мэдэж, зан чанарынх нь онцлогийг үнэлж, хүндэтгэхээс эхэлдэг. Энэ юу гэсэн үг болохыг авч үзье. Хэрэв Ехова нуугдмал, таньж мэдэхийн аргагүй Бурхан байсан бол бид түүнд хэзээ ч ойртож чадахгүй байх байсан. Гэтэл Ехова өөрийгөө нууцлалгүй, харин ч өөрийг нь таньж мэдээсэй гэж биднээс хүсдэг (Исаиа 45:19). Бурхан Үгээрээ буюу Библиэр дамжуулан бидний ойлгож чадах хэлээр өөрийгөө илчилдэг. Энэ нь тэрээр биднийг хайрладаг төдийгүй, өөрийг нь тэнгэрийн Эцгээ хэмээн танин мэдэж, хайрлаасай гэж хүсдэгийнх нь баталгаа юм.
4. Еховагийн чанаруудыг илүү сайн мэдвэл түүнд хэрхэн ханддаг болох вэ?
4 Найзууддаа аавыгаа заагаад, хүүхдийн цагаахан сэтгэлээр баярлан хөөрч, тун ч бардмаар: «Энэ манай аав» гэж хэлж зогсох жаал хүүг та ер нь харсан биз дээ? Еховаг шүтдэг хүмүүст ч яг ийм сэтгэл төрөх бүрэн үндэс бий. Бурхны үнэнч үйлчлэгчид: «Үзэгтүн! Энэ бол бидний Бурхан байна» гэж хэлэх цагийн тухай Библи зөгнөдөг (Исаиа 25:8, 9). Еховагийн чанаруудыг хэдийчинээ гүнзгий мэддэг болно, бид хүнд олдох хамгийн сайн Эцэгтэй, хамгийн дотно Анд нөхөртэй гэдгээ төдийчинээ мэдрэх болно. Тийм ээ, Еховагийн чанаруудыг ойлгохоор түүнд улам ойртох хүсэл төрдөг. Иймээс бүгдээрээ Еховагийн үндсэн дөрвөн чанар буюу хүч, шударга ёс, мэргэн ухаан, хайрыг Библи хэрхэн илчилдгийг дэлгэрэнгүй ярилцъя. Энэ өгүүллээр эдгээр чанарын эхний гурвыг хэлэлцье.
«Хүч дотор өргөмжлөгдсөн» Бурхан
5. Ганцхан Еховаг «Төгс хүчит» гэх нь ямар учраас зөв бэ? Бурхан бишрэм хүчээ юуны тулд ашигладаг вэ?
5 Ехова «хүч дотор өргөмжлөгдсөн» билээ (Иов 37:23). Иеремиа 10:6-д: «ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм» гэж бичсэн байдаг. Бүх бүтээлээс ялгаатай нь, Ехова хязгааргүй хүчтэй. Ийм ч учраас ганцхан Еховаг «Төгс хүчит» гэдэг (Илчлэлт 15:3). Ехова бишрэм хүчээ бүтээж, устгаж, хамгаалж, сэргээн босгохын тулд ашигладаг. Бүтээх болон хамгаалах хүчнийх нь тухай ердөө хоёр жишээ авч үзье.
6, 7. Нар хэр зэрэг хүчтэй вэ? Ямар чухал зүйлийг бидэнд заадаг вэ?
6 Та зуны нарлаг сайхан өдөр гадаа зогсохдоо юу мэдэрдэг вэ? Нарны дулаан илчийг. Нарийн яривал, та Еховагийн бүтээх хүчний үр дүнг үзэж байгаа хэрэг. Нар хэр зэрэг хүчтэй вэ? Нарны төвийн температур Цельсийн 15 сая градуст хүрдэг ажээ. Хэрэв Нарнаас сүлбээр зүүний толгойн чинээ өчүүхэн хэлтэрхийг аваад газар тавилаа гэхэд 140 километрийн дотор ойртох ямар ч аргагүй! Нар секунд тутамд олон зуун сая цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулдаг. Гэхдээ Дэлхий болоод Нар гэдэг халуун цөмийн сүрдэм «зуухны» хооронд яг тохирсон зай байдаг. Хэтэрхий ойр байсан бол дэлхийн ус ууршиж, харин хол байвал Дэлхий дээрх бүх юм хөлдөх байсан. Аль нь ч байсан, манай гаригийн амьдрал устах байв.
7 Уг чанартаа, хүний амьдрал Нарнаас шалтгаалдаг атал хүмүүс энэ тухай огт боддоггүй. Тиймээс Нар Еховагийн тухай юу заадгийг тэд олж хардаггүй. Дуулал 74:16-д Еховагийн тухай: «Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн» гэж байдаг. Тийм ээ, «тэнгэр ба газрыг... бүтээсэн» Еховаг Нар алдаршуулдаг (Дуулал 146:6). Гэхдээ Нар бол Еховагийн агуу хүчийг бидэнд ойлгуулдаг олон олон бүтээлийн ердөө л ганц нь юм. Еховагийн бүтээх хүчний тухай ихийг мэдэх тусам Бүтээгчээ бишрэх сэтгэл улам лавширдаг.
8, 9. а) Үйлчлэгчдээ хамгаалж, халамжлах Еховагийн чин хүслийг хэрхэн сэтгэл уярам дүрсэлсэн бэ? б) Эртний Израильд хоньчин хүн хонио яаж хариулдаг байсан бэ? Энэ нь Агуу Хоньчны маань тухай юу ойлгуулдаг вэ?
8 Түүнээс гадна, Ехова үйчлэгчдээ хамгаалж, халамжлахын тулд агуу хүчээ ашигладаг. Еховагийн хамгаалахаар амласныг Библид хурц тод хэрнээ сэтгэл уярам дүрсэлжээ. Жишээ нь: Исаиа 40:11-д Ехова өөрийгөө хоньчинтой, ард түмнээ хонин сүрэгтэй зүйрлэсэн байдаг. Тэнд: «Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан, цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө» гэж бичсэн байна. Энэ дүрслэлийг төсөөлөөд бодохоор танд юу бодогдож байна вэ?
9 Хонь шиг номхон амьтан ховорхон. Эртний Израильд хоньчин хүн хонь хариулахдаа чоно, баавгай, арслангаас хамгаалан, эр зоригтой байх шаардлага гардаг байв (1 Самуел 17:34–36; Иохан 10:10–13). Гэхдээ эвтэй, зөөлөн хандах хэрэгтэй үе ч бас байсан. Жишээлбэл, хонь хотноосоо хол хургалбал дөнгөж төрсөн нялх хургыг хоньчин яах вэ? Хургаа «цээжиндээ тэврээд» буюу өвөртөө хийгээд хотондоо хүртэл, магадгүй, хэдэн өдрөөр явах байсан биз ээ. Гэхдээ хурга яаж хоньчны цээжинд тэврүүлэх билээ? Хурга эзэндээ очоод, хөлийг нь шөргөөж мэднэ. Гэвч хоньчин л бөхийж, гараа сунган, хургаа тэвэрч аваад өвөртөлнө шүү дээ. Агуу Хоньчны маань үйлчлэгчдээ хамгаалж, халамжлах чин хүслийг юутай сэтгэл уярам дүрслээ вэ!
10. Ехова биднийг яаж хамгаалдаг вэ? Ямар учраас тэр хамгаалалт нэн чухал бэ?
10 Ехова хамгаалахаа амлаад л болчихсон хэрэг биш ээ. «Бурханлаг хүмүүсийг сорилтоос... ангижруулах» чадалтайгаа дээр үед гайхамшгаар үзүүлдэг байсан (2 Петр 2:9). Тэгвэл өнөөдөр яадаг вэ? Бурхан биднийг бүх зовлонгоос хамгаалахын тулд хүчээ ашигладаггүй ч, илүү чухал хамгаалалт буюу сүнслэг хамгаалалт өгдөг. Халамжит Бурхан маань бидэнд сорилтыг тэвчиж, өөртэй нь тогтоосон харьцаагаа хадгалахад хэрэгтэй бүхнийг өгч, сүнслэг хор хөнөөлөөс хамгаалдаг. Жишээ нь, Лук 11:13-т: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж бичсэн байдаг. Ариун сүнс буюу Бурхны агуу хүчний ачаар бид ямар ч сорилт, бэрхшээлийг тэвчиж, даван туулж чадна (2 Коринт 4:7). Иймээс Ехова бидний амийг хэдхэн жилээр бус, мөнхөд хадгалахын төлөө байдаг. Үүнийг санаж явбал бид энэ тогтолцооны аливаа зовлонг үнэхээр «цаг зуурын ялихгүй» юм гэж үздэг болно (2 Коринт 4:17). Төчнөөн хайрын сэтгэлээр хүчээ бидний төлөө ашигладаг тийм Бурханд ойртох сэтгэл төрөхгүй гэж үү?
Ехова «шударга ёсыг хайрладаг»
11, 12. а) Еховагийн шударга чанар биднийг ямар учраас татдаг вэ? б) Еховагийн шударга чанарыг Давид юу гэж дүгнэсэн бэ? Бурхны онгодоор хөтлүүлэн бичсэн үг нь биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
11 Ехова нүүр тал харалгүй, зөв бөгөөд шударгыг үргэлж үйлддэг. Бурхны шударга чанар нь цэрвэж хөндийрмөөр хүйтэн, харгис чанар биш, харин ч биднийг Еховад ойртуулдаг сэтгэл булаам чанар юм. Шударга ёсны мөн чанарыг Библид тодорхой дүрсэлдэг. Ингээд бүгдээрээ Ехова шударга чанараа ямар гурван байдлаар илэрхийлдгийг авч үзье.
12 Нэгдүгээрт, Ехова шударга учраас үйлчлэгчдэдээ үнэнч ханддаг. Дуулалч Давид үүнийг биеэрээ амсаад мэддэг болжээ. Тэрээр Бурхан шударга чанараа хэрхэн илэрхийлдгийг судлахын зэрэгцээ үзэж туулсандаа үндэслээд юу гэж дүгнэсэн бэ? «ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулах... болно» хэмээн тунхаглажээ (Дуулал 37:28). Юутай тайвшрам үг вэ! Бидний Бурхан өөрт нь үнэнч хүнийг хормын төдийд ч орхидоггүй. Тиймээс түүнд найдаж, бидэнд санаа тавина гэдэгт эргэлзэхгүй байж болно. Бурхны шударга чанар ийн найдахын баталгаа болдог! (Сургаалт үгс 2:7, 8).
13. Ехова гачигдалтай хүмүүст санаа тавьдаг нь израильчуудад өгсөн Хуулиар хэрхэн илэрдэг вэ?
13 Хоёрдугаарт, Бурхан шударга чанартаа хөтлөгдөн зовж зүдэрсэн хүмүүст наанатай цаанатай ханддаг. Ехова гачигдалтай хүмүүст санаа тавьдаг нь эртний израильчуудад өгсөн хуулиас илэрхий харагддаг. Жишээ нь, Хуульд өнчин хүүхэд болон бэлэвсэн эмэгтэйд ямар тусламж үзүүлэхийг заасан байна (Дэд хууль 24:17–21). Тэдэнд амьдрал хичнээн хүнд байдгийг Ехова мэддэг бөгөөд эцгийн ёсоор Шүүгч, Хамгаалагч нь болсон (Дэд хууль 10:17, 18). Хэрэв израильчууд харж хандах хүнгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг дарлавал Бурхан тэдний хашхирахыг сонсож, Египетээс гарсан нь 22:22–24-д тэмдэглэснээр: «Миний уур хилэн дүрэлзэнэ» хэмээн сануулжээ. Уур хилэн Бурхны гол чанаруудын нэг биш ч гэлээ, шударга бус хэрэг санаатай үйлдвэл, ялангуяа, ядарсан болон харж хандах хүнгүй хүмүүсийг хохироовол тэрээр зүй ёсоор зэвүүцдэг (Дуулал 103:6).
14. Ехова нүүр тал хардаггүйн хамгийн тод жишээ юу вэ?
14 Гуравдугаарт, Ехова «хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй» гэж Дэд хууль 10:17-д Библи батлан хэлдэг. Бурхан өнгө, мөнгөнд автдаггүй. Үүгээрээ эрх мэдэл, нэр нөлөө бүхий олон хүнээс ялгардаг. Тэрээр тал тохой татахаас ангид байдаг. Нүүр тал хардаггүйнх нь хамгийн тод жишээ гэвэл, Бурхныг шүтэж, ирээдүйд мөнх амьдрах боломжийг зөвхөн цөөн тооны шилдэг хүнд бус, харин бүгдэд нь өгдөг явдал юм. Тиймээс, Үйлс 10:34, 35-д: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» хэмээжээ. Энэхүү боломж нь хүний нийгмийн байдал, арьсны өнгө, амьдардаг улс орноос нь огт шалтгаалахгүй. Энэ бол жинхэнэ шударга ёсны хамгийн дээд илрэл биш гэж үү? Бид Еховагийн шударга чанарыг илүү сайн ойлгохоороо түүнд ойртдог!
«Аяа, Бурхны мэргэн ухаан... ямар гүн гүнзгий вэ!»
15. Мэргэн ухаан гэж юу вэ? Ехова мэргэн ухаанаа хэрхэн гаргадаг вэ?
15 Элч Паул Ром 11:33-т: «Аяа, Бурхны мэргэн ухаан болон мэдлэг... ямар гүн гүнзгий вэ!» хэмээн сэтгэл хөдлөн бичжээ. Тийм ээ, Еховагийн асар гүн мэргэн ухааныг олон талаас нь эргэцүүлэн бодохоор өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрдөг. Энэ чанарыг хэрхэн тодорхойлж болох вэ? Мэргэн ухаан бол хүссэн үр дүндээ хүрэхийн тулд мэдлэг, хэрсүү ухаан, ойлгох чадварыг хамтатган, ажил хэрэг болгох чадвар юм. Ехова өргөн мэдлэг, гүнзгий ойлголтдоо үндэслэн, үргэлж хамгийн зөв шийдвэр гаргаж, түүнийгээ хамгийн оновчтой аргаар хэрэгжүүлдэг.
16, 17. Еховагийн бүтээлүүд мэргэн ухааныг нь хэрхэн гэрчилдэг вэ? Жишээ татна уу.
16 Еховагийн асар гүн мэргэн ухааны тодорхой жишээ юу вэ? Дуулал 104:24-т: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэр бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» гэж байдаг. Тийм ээ, Еховагийн бүтээлийн тухай ихийг мэдэх тусам мэргэн ухааныг нь улам биширдэг. Эрдэмтэд Еховагийн бүтээлүүдийг судлаад хичнээн ихийг мэдсэн гэж санана! «Биомиметик» гэдэг инженерчлэлийн ухааны нэгэн салбар байдаг бөгөөд энэ салбар биологийн биетийн хийцийг дуурайхыг оролддог.
17 Жишээ нь, та аалзны торны уран хийцийг гайхаж байсан байж болох юм. Тийм ээ, үнэхээр гайхамшигтай бүтээл мөн. Харахад хэврэг мэт боловч зарим нэхээс нь гангаас бат, сум нэвтэрдэггүй хантааз хийдэг материалын ширхгээс ч бөх байдаг ажээ. Энэ юу гэсэн үг болж таарах вэ? Хэрэв аалзны торыг загасны торны дайтай том болговол тийм тороор хамаг хурдаараа нисэж яваа зорчигч тээврийн онгоцыг ч зогсоож болно гээд бод доо! Тийм ээ, Ехова бүхнийг «мэргэн ухаанаар» бүтээжээ.
18. Ехова Үгээ буюу Библийг хүнээр бичүүлсэн нь мэргэн ухааныг нь хэрхэн харуулдаг вэ?
18 Бурхны Үг буюу Библи бол Еховагийн мэргэн ухааны хамгийн том баримт юм. Библийн мэргэн зөвлөгөө бидэнд хамгийн ухаалаг амьдрах замыг заадаг (Исаиа 48:17). Библийг бичүүлсэн арга нь Бурхны хосгүй мэргэн ухааныг бас харуулдаг. Яаж? Ехова Үгээ бичүүлэхээр хүнийг сонгосон нь мэргэн хэрэг байлаа. Хэрэв тэнгэр элч Библийг бичсэн бол тэр нь бидний зүрхэнд хүрэх байсан болов уу? Тэнгэр элч Еховаг өөрийнхөө өндөр байр сууринаас дүрсэлж, түүнд үнэнч ханддагаа бичих байсан нь гарцаагүй. Тэгтэл бид өөрсдөө хамаагүй илүү мэдлэгтэй, чадвартай, хүчтэй, төгс сүнсэн бүтээлийн хэрхэн бодож сэтгэдгийг ойлгож хүч хүрэх байсан болов уу? (Еврей 2:6, 7).
19. Библийг хүн бичсэн учраас энэ ном бидэнд их ойр тусаж, сэтгэлийн гүнд нэвтэрдгийг ямар жишээ харуулдаг вэ?
19 Библийг хүн бичсэн учраас энэ ном бидэнд их ойр тусаж, сэтгэлийн гүнд нэвтэрдэг билээ. Бичсэн хүмүүс нь бидэн шиг л сэтгэж мэдэрдэг, жирийн хүмүүс байв. Төгс бус байсан болохоор тэд бидний л адил сорилт, хэцүү байдалд орж байжээ. Тэд заримдаа өөрт төрсөн сэтгэл, тохиолдсон явдлаа нэгдүгээр биеэс бичдэг байсан (2 Коринт 12:7–10). Тиймээс тэнгэр элчийн хэзээ ч хэлэхгүй тийм үгийг бичсэн юм. Жишээлбэл, 51-р дуулалд байдаг Давидын үгийг авч үзье. Тэрээр ноцтой нүгэл үйлдсэнийхээ дараа уг дууллыг зохиосон болохыг өмнөх үгэнд нь бичжээ. Давид гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, Бурхнаас өршөөл гуйж, сэтгэл зүрхээ уудалсан. 2, 3-р зүйлд: «Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд миний нүгэл үргэлж миний өмнө байдаг» гэжээ. Мөн 5-р зүйлд: «Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд эх минь намайг олж тээсэн» гэж бичсэнийг анхаараарай. Цааш нь 17-р зүйлд: «Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй» гэж өгүүлжээ. Дуулалчийн сэтгэлийн шаналлыг та мэдэрч байна уу? Төгс бус хүнээс өөр хэн ийм уярам үг хэлэх билээ дээ?
20, 21. а) Библийг хүн бичсэн ч Еховагийн мэргэн ухааныг тусгадаг гэж хэлж болохын учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
20 Ехова Библийг төгс бус хүнээр бичүүлсэн нь бидэнд яг хэрэгтэй зүйлийг өгсөн гэсэн үг. Тийм ээ, Библи «Бурхны амьсгалснаар байгаа» боловч хүний хэрхэн бодож сэтгэдэгт яг тохирсон ном болжээ (2 Тимот 3:16). Өөрөөр хэлбэл, бичсэн хүмүүст нь Бурхан ариун сүнсээрээ онгод оруулсан. Иймээс тэд өөрсдийнхөө бус, Бурхны мэргэн ухааныг бичжээ. Еховагийн мэргэн ухаан бидэнд гуйвшгүй итгэл төрүүлдэг. Энэ мэргэн ухаан хүнийхээс өчнөөн агуу учраас Бурхан хайрын сэтгэлээс бидэнд: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж уриалдаг (Сургаалт үгс 3:5, 6). Энэхүү мэргэн зөвлөгөөг дагавал бүхнээс илүү мэргэн ухаантай Бурхандаа бид улам ойртох болно.
21 Еховагийн бүх чанарын дотроос хамгийн сэтгэл татам, хамгийн сайхан чанар бол хайр билээ. Ехова хайраа хэрхэн илэрхийлдгийг дараагийн өгүүллээс үзэцгээе.
Та санаж байна уу?
• Өөртэй нь дотно харьцаа тогтоох боломж бидэнд нээхийн тулд Ехова ямар ямар алхам хийсэн бэ?
• Еховагийн бүтээх болон хамгаалах хүчийг ямар ямар жишээ харуулдаг вэ?
• Ехова шударга чанараа ямар ямар байдлаар илэрхийлдэг вэ?
• Еховагийн мэргэн ухааныг бүтээл болон Библи хэрхэн тусган харуулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]